| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхбаярын Алдар |
| Хэргийн индекс | 1911 00418 0453 |
| Дугаар | 2022/ДШМ/321 |
| Огноо | 2022-03-24 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Д.Оюунгэрэл |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 2022/ДШМ/321
2022 3 24 2022/ДШМ/321
Ц.М-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Д.Оюунгэрэл,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батжаргал даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 2022/ШЦТ/58 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, прокурор Д.Оюунгэрэлийн бичсэн 2022 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 03 дугаартай эсэргүүцлээр Ц.М-д холбогдох эрүүгийн 1911 00418 0453 дугаартай хэргийг 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овгийн Ц.М, ... оны ... дугаар сарын ....-ны өдөр ....... төрсөн, ......настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлч мэргэжилтэй, .................... ажил эрхэлдэг гэх, ам бүл ....., эхнэр, хүүхдүүдийн хамт ..................... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч ............................ тоотод оршин суух, /РД:.........................../;
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 355 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, согтууруулах ундаа мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосон,
Шүүгдэгч Ц.М нь иргэн Ч.Мягмардоржоос “Хямд үнээр зөөврийн компьютер худалдан авч өгнө” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Улсын Их дэлгүүр дотор бэлнээр 300.000 төгрөгийг, мөн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “IPhone Center” дэлгүүр дотор бэлнээр 300.000 төгрөгийг тус тус авч, нийт 600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Ц.М-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ц.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгэж, 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар уг ялыг өршөөн хэлтрүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.М-ээс 600.000 төгрөгийг гаргуулан хохирогч Ч.М-д олгож, шүүгдэгч Ц.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгохоор шийдвэрлэжээ.
Прокурор Д.Оюунгэрэл бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэрэг нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт хамаарч байхад мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийг баримтлан Ц.М-д оногдуулсан 1 жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн нь үндэслэлгүй байна.
2. Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “...Шүүгдэгч Ц.М-ийн үйлдсэн гэмт хэрэг нь цаг хугацааны хувьд 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдөр үйлдэгдсэн болох нь хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр нотлогдож байна...” гэж гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааг буруу бичсэн нь шүүхийн шийдвэрийн хэлбэр, бүтцэд тавигдах шаардлагыг хангаагүй байна.
3. 2022 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанд Ц.М-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд шийтгэх тогтоол уншиж сонсгохдоо “Шүүгдэгч Ц.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай” гэсэн атлаа гардуулсан шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3 дахь заалтад “...Ц.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай. Өршөөл үзүүлэх тухай /2021 оны 07 дугаар сарын 2-ны өдрийн/ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар Ц.М-д оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг өршөөн хэлтрүүлсүгэй...” гэж зөрүүтэй бичсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж байна.
Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэхэд, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Ц.М-д холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шийдвэр гаргахдаа Өршөөл үзүүлэх тухай хуулийг буруу хэрэглэсэн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдлоо.
Прокуророос Ц.М-ийг иргэн Ч.М-оос “Хямд үнээр зөөврийн компьютер худалдан авч өгнө” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Улсын Их дэлгүүр дотор бэлнээр 300.000 төгрөгийг, мөн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “IPhone Center” дэлгүүр дотор бэлнээр 300.000 төгрөгийг тус тус авч, нийт 600.000 төгрөгийн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх 2022 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж 2022/ШЦТ/58 дугаартай шийтгэх тогтоолыг гаргасан байх бөгөөд уг шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “...шүүгдэгч Ц.М-ийн үйлдсэн гэмт хэрэг нь цаг хугацааны хувьд 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдөр үйлдэгдсэн болох нь хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр нотлогдож байна...” гэж гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааг буруу тодорхойлж дүгнэн, улмаар шүүгдэгч Ц.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэлтрүүлж шийдвэрлэснийг Өршөөл үзүүлэх тухай хуулийг буруу хэрэглэсэн гэж үзлээ.
Учир нь, Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр баталж, мөн оны 7 дугаар сарын 6-ны өдрөөс дагаж мөрдөж буй Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлд өршөөлд хамааруулахгүй гэмт хэрэг, эрүүгийн хариуцлагын төрлийг зааснаас гадна, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2, 7.3 дахь хэсэг, 6 дугаар зүйлийн зарим хэсэгт Өршөөл үзүүлэх тухай хуулийг хязгаартай хэрэглэхээр хуульчилсан.
Өөрөөр хэлбэл, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ.” гэж заасан бөгөөд энэ хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор ... 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан ... Залилах /Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/, ... гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино.” гэж тусгайлан зохицуулжээ.
Шүүгдэгч Ц.М-ийн холбогдсон “Залилах” /Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/ гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт нэрлэн заасан гэмт хэрэгт багтсан тул түүнд тухайн зүйл, хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэлтрүүлэх хууль зүйн үндэслэлгүй байна.
Нөгөөтэйгүүр, шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааг буруу тодорхойлж бичсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн шаардлагад нийцээгүй гэж үзнэ.
Түүнчлэн, 2022 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн шүүх хуралдааны дуу, дүрс бичлэг буюу шүүх хуралдаан даргалагчаас шийтгэх тогтоолын тогтоох хэсгийг уншиж сонсгосон байдлаас үзвэл “...2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож, мөн зүйлийн 5.2 хэсэгт зааснаар өмнөх шийтгэх тогтоолын тэнссэн хугацааны үлдэгдэл болох 1 жил 1 сар 17 хоногийг өршөөн хэрэгсэхгүй болгохоор...” шийдвэрлэсэн нөхцөл байдал тогтоогдож байна.
Гэтэл дээрх шүүх хуралдааны тэмдэглэл болон шийтгэх тогтоолыг бүрэн эхээр нь бичгээр үйлдэхдээ “...шүүгдэгч Ц.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар уг ялыг өршөөн хэлтрүүлэхээр...” шийдвэрлэсэн мэтээр тусгажээ.
Үүнээс үзвэл, шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийтгэх тогтоолын тогтоох хэсэг нь шүүх хуралдааны тэмдэглэл, гардуулсан шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгагдсанаас илтэд зөрүүтэй буюу шүүгдэгч Ц.М-д хүлээлгэсэн эрүүгийн хариуцлага, түүнд өршөөл үзүүлсэн хэлбэр өөр өөр байна.
Шүүхийн шийдвэрийн хэлбэр, бүтцэд тавигдах шаардлагыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Гучин зургадугаар бүлэгт хуульчилсан бөгөөд шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй нөхцөлд болон 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад “шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй бол”, мөн хэсгийн 1.9 дэх заалтад “анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл, дуу-дүрсний бичлэг зөрүүтэй бол” тус тус хуулийн ноцтой зөрчилд тооцохоор хуульчилсан.
Дээрх нөхцөл байдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь заалтуудад зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарах ба давж заалдах шатны шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд эдгээр асуудлыг зөвтгөн шийдвэрлэх боломжгүй тул энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолын хүчингүй болгон Ц.М-д холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгч уншиж сонсгосноор хүчинтэй болсон шийдвэрээ бичгийн хэлбэрт оруулахдаа өөрчлөх хууль зүйн ямар ч үндэслэлгүй бөгөөд анхан шатны шүүх шийдвэрээ ийнхүү өөрчилсөн нь зөвлөлдөх тасалгаанд шүүх хуралдаанаар хэлэлцсэн бүхий л баримтыг судалсны эцэст шийдвэр гаргах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах хууль ёсны зарчим ноцтой зөрчсөн байх агаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан бүхий л ажиллагааг зөрчиж, талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоосон шийдвэрээ өөрчлөн гаргаж хуульд заагдаагүй эрх хэмжээг хэрэгжүүлсэн тул цаашид ийм хайнга, хариуцлагагүй алдаа давтан гаргахгүй байхыг анхааруулав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 2022/ШЦТ/58 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ц.М-д холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
2. Хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцэх хүртэл шүүгдэгч Ц.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧ О.ЧУЛУУНЦЭЦЭГ
ШҮҮГЧ М.АЛДАР