Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 128/ШШ2016/0229

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Х******* ХХК

Хариуцагч: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын барилгын техникийн хяналтын улсын байцаагч Ц.А*******

Нэхэмжлэлийн шаардлага:

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын барилгын техникийн хяналтын улсын байцаагч Ц.А*******ийн гаргасан Барилгын ашиглалтын төлөв байдлын тухай 2014 оны 06 сарын 02-ны 02-07-******* тоот улсын байцаагчийн дүгнэлтийг хянаж, илт хүчин төгөлдөр болохыг хүлээн зөвшөөрүүлэх шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Э*******, хариуцагч Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын барилгын техникийн хяналтын улсын байцаагч Ц.А*******, гуравдагч этгээд Я******* ХХК-ийн захирал Д.Б*******, итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Пүрэвдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х******* ХХК-ийн захирал Ч.Х*******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Э******* нар шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Х******* ХХК буюу хуучин нэрээр К******* ХХК байхдаа үйлчилгээний чиглэлийн үйл ажиллагаа эрхлээд Я******* ХХК-тай 2012 оны 01 сарын 01-ний өдөр Түрээсийн гэрээ байгуулсан. Тус гэрээний дагуу Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Я******* ХХК-ийн үйлчилгээний барилгын зоорийн 1 дүгээр давхарт караоке лаунжийн үйл ажиллагаа гэрээнд зааж үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Караоке лаунжийн үйл ажиллагааны чиглэлд зориулж дотоод тохижилтын ажлыг гүйцэтгэж эхэлсэн. Дотоод тохижилтын ажлын явцад Я******* ХХК мэдэж байсан. Я******* ХХК-ийн зүгээс К******* ХХК-иас түрээсийн мөнгөө авч байвал ямар үйл ажиллагаа явуулах нь хамаагүй гэсэн хандлагаар хандаж байсан. Караокений үйл ажиллагаа эрхлэхийг зөвшөөрч өрөө тасалгаа хувааcныг мэдэж байсан ба Я******* ХХК-ийн зүгээс засварын ажлын үед өдөр тутам танилцаж байсан.

Караокений үйл ажиллагаа эрхэлж эхлээд, ашиг орлого төдий тогтворжоогүйн улмаас гэрээнд заасан түрээсийн гэрээний төлбөрөө хугацаа хэтрүүлсэн асуудал байдаг. 1 сарын төлбөр хожимдсоноос Я******* ХХК-ийн захирал гэрээгээ цуцаллаа гэж хэлээд бидний явуулж байсан караоке лаунжны үйл ажиллагааг зогсоосон. Түгжсэн учраас дотор нэвтрэх боломж бидэнд олгоогүй.

Дээрх байдлаас үүдээд 2 байгууллага шүүхээр маргалдсан. Шүүхээр маргалдсаны эцэст шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр гэрээ цуцлагдсаны улмаас салгаж болох эд хөрөнгийг Х******* ХХК өөрсдөө салгаж авах, салгаж авах боломжгүй эд хөрөнгө болох засвар үйлчилгээний хөлсийг гаргуулж авах гэсэн шийдвэр гарсан байгаа. Үүний дагуу 2013 оны 1 дүгээр сараас тухайн обьектоос салгаж болох караокений тоног төхөөрөмж, тавилга болон засварт зарцуулсан 46 сая төгрөгийг Я******* ХХК-иас гаргуулж авах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явсан.

Үүнээс үүдээд Я******* ХХК сөрөг арга хэмжээ авч тухайн барилгын засвар үйлчилгээний үнэлгээг хийсэн Хөрөнгийн үнэлгээний төв гэдэг байгууллагыг хариуцагчаар татан шүүхэд нэхэмжлэл гаргаж, дараа нь улсын байцаагч Ц.А*******ийн захиргааны актыг гаргуулж, түүнд үндэслээд Х******* ХХК-ийг хариуцагчаар татан Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Иргэний хэргийн шүүхээр маргааныг шийдвэрлэж байх явцад бид Барилгын ажлын төлөв байдлын тухай гэсэн 2014 онд улсын байцаагч Ц.А*******ийн гаргасан маргаан бүхий актыг олж мэдээд тухайн акт үндэслэлгүй, илт хууль бус, Х******* ХХК-ийн эрх, ашиг сонирхлыг зөрчсөн акт байгаа учраас Захиргааны хэргийн шүүхэд хандаж байгаа юм.

2014 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн улсын байцаагч Ц.А*******ийн актыг илт хууль бус болох нь байдлаар тогтоогддог.

1. Х******* ХХК 2012 оны 08 сар хүртэл тухайн обьектоо түгжүүлснээс хойш нэвтрээгүй. Шүүхээр маргалдсаны эцэст 2013 оны 01 дүгээр сард нэвтэрч өөрийн салгаж болох эд хөрөнгөө салгаж авч хоёр байгууллагын хоорондох асуудал дууссан бөгөөд тухайн обьект 2012 оны 08 дугаар сараас хойш түрээслүүлэгч Я******* ХХК-ийн эзэмшил, ашиглалтад байсан.

2013 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Я******* ХХК Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраар дүгнэлт гаргуулсан байдаг. Дүгнэлтэд Я******* ХХК өөр компаниар засвар үйлчилгээ хийлгэж, зоорийнхоо 1 дүгээр давхрыг Ү ХХК-д түрээслэсэн. 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Стандарт, эрүүл ахуйн төлөв байдал хангаж байгаа тухай Б.Х, Б.Ө гэдэг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын байцаагч нарын 31-02-341/1118 тоот дүгнэлт гарсан.

Үүнээс хойш Ү ХХК тухайн обьектыг караокений зориулалтаар түрээслэж үйл ажиллагаа явуулсан. Я******* ХХК-ийн эзэмшилд шилжээд 3-н жилийн дараа, Ү ХХК-ийн эзэмшилд шилжээд 1 жил орчмын дараа 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 23 дугаар тоот албан бичгээр Я******* ХХК-иас Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт хүсэлт илгээсэн байдаг. Хүсэлтийг шийдсэн талаар хариу байхгүй. Хүсэлтийг үндэслэж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас байцаагч ажиллуулах тухай удирдамж гараагүй. Хавтаст хэрэгт хариуцагчаас авчирсан нотлох баримтаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 0202/235 дугаарт Төлөвлөгөөт хяналт шалгалтын тухай удирдамжийг үзүүлсэн. Я******* ХХК-ийн Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт илгээсэн хүсэлт 2 хоногийн дараа байдаг.

2. Мөн дээрх Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын удирдамжид Я******* ХХК-ийн эсхүл иргэн Д.Б*******гийн хүсэлтээр тухайн барилгад хяналт шалгалт хийх талаар тусгаагүй байдаг. Тэгэхээр Я******* ХХК-ийн барилгад хяналт шалгалт хийх талаар шийдвэр гараагүй гэж үзэж байна. Гэтэл 2014 оны 06 дугаар сарын 02-ны өдөр улсын байцаагч Ц.А******* дүгнэлт гаргасан байдаг. Дүгнэлтэд 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 02-02/235 дугаарт удирдамжийг үндэслэлээ гэж дурдсан, тухайн удирдамжид Я******* ХХК-ийн барилгыг дурдаагүй байгаа. Доторх агуулгын үзэхээр Барилгын ашиглалтын төлөв байдал-ын талаар биш байгаа.

Гэтэл өмнө нь 2013 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 3102345/128 тоот улсын байцаагч н.Х гэж хүний зөрчилтэй байгаа талаарх албан шаардлага, мөн түүний гүйцэтгэлийг хянасан 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 31-02-341/1118 дугаартай Б.Х, Б.Ө нарын тухайн үеийн барилгын ашиглалтын төлөв байдлын талаарх дүгнэлтэд хэрэглэгчид зориулсан үйлчилгээ, хоолны стандартыг хангаж, нийцэж байна гэснийг Ү ХХК үндэслээд үйл ажиллагаа явуулж эхэлсэн.

Ү ХХК үйл ажиллагаа явуулснаас хойш 8-н сарын дараа барилгын ашиглалтын төлөв байдлын талаар дүгнэлт хэрэгтэй гэж үзсэн. Гэтэл Ц.А******* байцаагчийн гаргасан дүгнэлт нь Барилгын ашиглалтын төлөв байдлын тухай биш 2 жилийн өмнө хийсэн засварын ажлын талаар нөхөн дүгнэлт хийсэн гэж үзэхээр байдаг. Улсын байцаагч Ц.А*******ийн дүгнэлтэд, К******* ХХК-ийн түрээслэн ажиллуулж байх үед гэж байгаад Барилгын зураг төслийг зөрчиж зохион байгуулалтыг дур мэдэн өөрчилж хийсэн байна. Хийгдсэн засварын ажлаас: шатны чулуун гишгүүр хагарсан, шатыг гишгүүрээс дараагийн шат хүртэл битүүлсэн, төсөл зохиож, компанийн боловсруулсан магадлалаар хийгдсэн халуун дулааны нөхцөлийг өөрчилсөн, цахилгааны монтажын хайрцаг байхгүй, таазны уналт хийсэн, зоорийн давхарт өөрчлөлтийн зураггүй засвар хийсэн, өөрчлөлтийн зураггүй хийсэн нь хоёр компанийн хооронд байгуулсан 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн гэрээний 2 дугаар заалтыг 2.4-ийг зөрчсөн, 5 дугаар заалтын 5.15-д түрээслэгчийн бичгээр өгсөн зөвшөөрлөөр түрээсийн байранд эх засвар болон зохион байгуулалтыг өөрчлөлтийг хийхгүй гэж заасныг зөрчсөн, барилгыг тусгай зөвшөөрөлгүй компаниар засвар хийсэн нь Барилгын тухай хуулийг зөрчсөн, дээрх зөрчлүүдээс үүдэлтэй өмнөх 2013 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 3102345/128 дугаартай албан шаардлага гарсан. Нэгтгэн дүгнэж үзэхэд энэ барилга, Барилгын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-т заасныг хангахгүй байна. Цаашид барилгыг түрээслэгчийн зөвшөөрөлгүй дур мэдэн хийгдсэн ажлуудыг барилгын норм, дүрэм, стандартад нийцүүлж, засварлаж хэвийн байдалд оруулах засвар үйлчилгээ хийхэд шаардагдах барилгын засварын ажлыг зөвшөөрөлгүй хийгдсэн ажлын талаар материалаа мэргэжлийн байгууллага, аж ахуйн нэгжээр хянан шалгуулж барилгын засварын ажил, дүн үнэлгээний талаар маргаантай асуудлыг шүүхийн байгууллагаар хянан шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн дүгнэлт гаргасан.

3. Дээрх дүгнэлтэд дурдсан зүйлүүд бүхэлдээ барилгын улсын байцаагчийн хуульд заасан эдлэх эрх, үүргээс давсан, барилгын ашиглалтын тухайн үеийн төлөв байдлын талаар бус өмнөх нөхцөл байдлын тухай, тэр байтугай хоёр компанийн хооронд байгуулсан гэрээгээ хэн нь зөрчсөн, зөвшөөрөл авсан эсэх, шүүхийн шинж чанартай дүгнэлтүүд хийгээд К******* ХХК буруутай тул баримтаа бүрдүүлээд шүүхэд нэхэмжлэлээ гарга гэсэн зөвлөгөө өгсөн байдаг. Улсын байцаагч тухайн үеийн нотлох баримтаа дүгнэж хяналт шалгалт хийдэг болохоос өнгөрсөн цаг хугацааны асуудлаар дүгнэлт гаргахгүй юм. Улсын байцаагчийн удирдамжгүй хийсэн хяналт шалгалт холбогдох байгууллагаас олдохгүй байгаа.

Улсын байцаагч Ц.А*******ийн гаргасан актын агуулга хэсгээс дурдахад: Барилгын зоорийн давхар болон 1 дүгээр давхарт үйл ажиллагаа явуулж байхдаа К******* ХХК зураг төслийг зөрчиж зохион байгуулалтыг дур мэдэн өөрчилж засвар хийсэн гэж дүгнэсэн нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.1-т зааснаар хууль тогтоомжоор болон түүнийг үндэслэн төрийн эрх бүхий байгууллагаас удирдлагын тодорхой салбарт нийтээр дагаж мөрдөхөөр тогтоосон тусгай журмын биелэлтэд хяналт тавих, мөн Барилгын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т заасан эрх, үүргүүдээс хэтрүүлж дүгнэлт гаргасан. Тухайн үеийн ашиглалтын бус, өмнөх байгууллагуудын хоорондох асуудлаар дүгнэлт гаргасан акт юм. Тухайн акт нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.11-т зааснаар улсын байцаагч хийсэн хяналт шалгалт, гаргасан дүгнэлт, бичсэн танилцуулга, албан шаардлага, тоо, баримтын үндэслэл, нотолгооны үнэн зөвийг бүрэн хариуцна гэж байгаад нийцдэггүй. Учир нь өөрийн дүгнэлтэд хавсралтаар хэдэн зураг хийсэн байдаг боловч Ц.А******* байцаагчийг тухайн үед газар дээр нь авсан зураг гэж үзэхгүй байгаа.

4. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн дагуу хяналт шалгалтын явцад хөндлөнгийн гэрч байлцуулах ёстой гэж байхад гэрч байлцуулсан талаар тэмдэглэл байхгүй. Нураагдсан, буугдсан ханын зургуудыг авсан байдаг, уг зургууд Ү ХХК-д түрээслэхийн тулд Я******* ХХК 2013 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр М ХХК-иар гүйцэтгүүлсэн ажлын явцад авсан зургууд юм. К******* ХХК-ийн түрээслэж байгаад хүлээлгэж өгсөн үед улсын байцаагч очиж дүгнэлт хийгээгүй. Тйимээс 10.9.11-т заасан нотолгооны үнэн зөвийг бүрэн хангаж чадахгүй байна. Мөн Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-г зөрчиж байна гэж үзэж байна. Төрийн хяналт шалгалтыг давхардуулахгүй бөгөөд төрийн эрх бүхий байгууллагаас хийсэн шинжилгээний дүн, дүгнэлтийг хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага харилцан хүлээн зөвшөөрнө, өмнө нь эрх бүхий байгууллага холбогдох журам, удирдамжийнхаа дагуу дүгнэлтээ хийсэн байхад дүгнэлт хийснээс өмнөх үеийн процессийг дүгнэнэ гэдэг нь үндэслэлгүй юм.

Ц.А******* байцаагчийн дүгнэлт ерөнхийдөө бүхэлд нь К******* ХХК-ийг буруутгах шинжтэй дүгнэлт байдаг. Энэ үйлдэл нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-г зөрчсөн, учир нь төрийн хяналт шалгалтыг холбогдох асуудлын талаар урьдчилсан дүгнэлт гаргаж, түүнийгээ батлах замаар хийхийг хориглоно гэж заасан байгаа. Мөн Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т заасан хяналт шалгалтын зарчим нь хуульд заасан үндэслэлийн дагуу явуулах, шалгалт нь хараат бус шударга байх, 4 дүгээр зүйлийн 4.1.4-т шалгуулагч этгээдэд адил тэгш хандаж, түүний хууль ёсны эрх, ашиг сонирхол, нэр төрийг хүндэтгэн харилцах гэснийг зөрчсөн. Улсын байцаагч Ц.А*******ийн дүгнэлт нь өөрөө шүүхийн шийдвэрийн хэмжээнд хүрсэн акт байгаа. Ямар тохиолдолд иймэрхүү байдлаар дүгнэлт хийж болох уу гэхээр шүүхээс томилогдсон шинжээч байсан тохиолдолд. Гэтэл төлөвлөгөөт бус хяналт шалгалт гэж нэг компаниас ирсэн дүгнэлт гаргуулах хүсэлтийг үндэслээд удирдамжгүйгээр дур мэдэн, нотолгоогүйгээр К******* ХХК-ийг буруутгах гэж нотлох зорилгоор өмнө гаргасан үндэслэл бүхий дүгнэлтүүд байсаар байтал нэмэлт байдлаар дүгнэлт гаргасан актыг илт хууль бус гэж дүгнэхээс өөр үндэслэл алга. Тиймээс эрхээ хэтрүүлж гаргасан улсын байцаагчийн дүгнэлтийг буюу захиргааны актыг илт хууль бус актад тооцож өгнө үү. гэв.

Хариуцагч Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын хяналтын улсын байцаагч Ц.А******* шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Мэргэжлийн хяналт шалгалтын ерөнхий шаардлага, стандартад улсын байцаагчийн дүгнэлт нь тэмдэглэх, тодорхойлох, дүгнэх гэсэн 3 хэсгээс бүрддэг.

Дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх удирдамж, Я******* ХХК-аас ирүүлсэн хүсэлт, хяналт шалгалт хийсэн обьект, огноо, хяналт шалгалт хийх үед байлцуулсан аж ахуйн нэгжийн төлөөллийг тусгасан.

Тодорхойлох хэсэгт Барилгын зураг төсөл зохиосон аж ахуйн нэгжийн нэр, он, зургийн шифр, барилгын гүйцэтгэгч аж ахуйн нэгжийн нэр, байнгын ашиглалтад оруулсан. Эрх зүйн баримт бичгийг ойлгохгүй байх магадлалтай гэж ойлгож байна. 2013 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 3102345/1128 гэсэн албан шаардлага байгаа юм. н.Х хүнсний чанар, аюулгүй байдлын хяналтын улсын байцаагч, харин миний хувьд гэвэл Барилгын техникийн хяналтын улсын байцаагч юм. Барилгын техникийн хяналтын улсын байцаагч анхны барилга байгууламж батлагдсан зураг төслийн дагуу байх ёстой, батлагдсан зураг төслийн дагуу баригдсан барилга өөрчлөгдсөн тохиолдолд гүйцэтгэлийн зургийг баталгаажуулж архивт хадгалуулсан байх ёстой байдаг. Миний гаргасан эрх зүйн баримт анхны барилгын зураг төслөөс зөрсөн байдлыг зааж өгч байгаа юм. Барилгын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2, 20.3-т ашиглагч, өмчлөгч нь барилга байгууламжийн зориулалт төлөвлөлтийг дур мэдэн өөрчлөхийг хориглоно гэсэн заалтууд байдаг. Иргэний өгсөн гомдлын дагуу газар дээр нь очиж нөхцөл байдалтай танилцсан байдлыг тухайн архивын материал мөн Я******* ХХК-иас нэмэлтээр ирүүлсэн материалуудад үндэслэсэн байгаа. Үүнийг би үгүйсгэхгүй. Шатанд хана хийсэн нь барилгын анхны норм, дүрэм зөрчсөн асуудал мөн. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын байгууллагаас төлөвлөгөөт бус удирдамжийг боловсруулж гаргадаг, төлөвлөгөөт бус удирдамжийг 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 0202235 дугаартай удирдамжийг боловсруулсан байдаг. Я******* ХХК-иас 2014 оны 05 дугаар сарын 16-нд буюу 2 хоногийн дараа хүсэлт ирүүлсэн байдаг. Удирдамжийн шийдвэр болон даалгаварыг үндэслээд удирдамждаа хамруулаад хяналт шалгалтыг хийсэн. Я******* ХХК-д хяналт шалгалт хийхэд надад гаргаж өгсөн материалууд бүгд К******* ХХК-ийн материалууд байсан. Маргаан бүхий барилга анх ашиглалтад орсон үеэс орсон өөрчлөлтийн талаарх К******* ХХК-ийн материалуудыг Үндэсний архивт байгаа анхны зургуудтай харьцуулж дүгнэлтээ гаргасан. Анхны зургийг үндэслэж барилгыг барихад ямар байсан тэр хэвээрээ байх ёстой байдаг. Хэрэв өөрчлөх шаардлагатай гэвэл мэргэжлийн хүмүүс хийц дээр нь тооцоо хийж шийдвэрлэдэг юм. Барилгын тухай хуулиар зориулалт, төлөвлөлтийг мөн дурдах ёстой. Дур мэдэн өөрчлөхийг хориглоно гэсэн заалт байгаа. Төрийн хяналт шалгалтын хууль болон Барилгын хуулийг зөрчиж эрх мэдлээ хэтрүүлж дүгнэлт гаргасан гэж байна.

Барилгын төлөв байдалд гаргасан дүгнэлт нь тухайн барилгад юунаас болж хана өрөгдсөн, юунаас болж барилгын норм дүрмийг зөрчөөд байгаа талаар дүгнэлт гаргасан юм. Энэ асуудлаар тодорхой байгаа гэдэгт итгэлтэй байна. Барилгын анхны үндсэн хийц, бүтэц, зураг төсөлтэй эсэх талаас хяналт шалгалтаа хийдэг. Барилгын агааржуулалтын систем зураг төслийн дагуу байна уу, агааржуулалтын систем хэвийн ажиллаж байгаа эсэх, барилгад байх ёстой галын систем байна уу, ашиглах нөхцөл хангагдсан эсэх гэх мэт асуудлаар анхны зурагтайн тулгуурлаж хяналт шалгалтаа хийж дүгнэлт гаргахаас биш өөрчлөлт оруулсны дараа шаардлага хангаж байгаа тухай дүгнэлт гаргадаггүй юм.

2013 оны 02 сард энэ 2 аж ахуйн нэгжийн шүүхийн маргааныг урьд нь сонсож байгаагүй. Давхардуулж хяналт шалгалт хийсэн талаар асуудал байхгүй. Барилгын техникийн болон эрүүл ахуйн хяналт шалгалт хоёр өөр процедурын асуудал. Барилга ашиглалтад ороод хэвийн үйл ажиллагаатай үргэлжилж байхад эрүүл ахуйн байцаагч нар өөрийн хяналт шалгалтын чиглэлээр шаардлагаа тавьдаг. Миний зүгээс барилгын техник талаас дүгнэлт гаргасан.

Гуравдагч этгээд Я******* ХХК-ийн захирал Д.Б******* шүүхэд гаргасан тайлбартаа:

Гуравдагч этгээдийн зүгээс нотлох баримтаар гаргасан улаан зураастай зургийг өглөө. Улаан зураасаас тэмдэглэгдсэн хэсэг нь К******* буюу Х******* ХХК-ийн хийсэн өөрчлөлтүүд байгаа. Өмнөх барилгын зургийг архиваас гаргаж мөн хэрэгт авагдсан байгаа. Х******* ХХК-д түрээслүүлсэн, түрээслэхэд зоорийн давхар болон 1 дүгээр давхарыг батлагдсан зургийн дагуу ашигла, үйлчилгээ эрхлэх боломжгүй гэж заагдсан. Х******* ХХК-ийн тодорхой хэмжээний хөрөнгө орсон 20 гаруй сая төгрөгийн тийм учраас би үүнд хүрж болохгүй 1 жил гаруй түгжсэн. Шүүхийн шийдвэр гарсаны дараа дараагийн түрээслэгчид түрээслэх гэтэл түрээслэх боломжгүй гэсэн. Мэргэжлийн хяналтын газар хүсэлтээ явуулсан, түрээслэх боломжгүй байгаа учраас засаж өг гэсэн Ү ХХК. Х.Б гэж хүний Архиваас ирсэн саналын хуудсанд Караокений өрөөнүүд салхивч шаардлага хангахгүй, бөгчим байна гэв.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Эрхлэх үйл ажиллагаанаас хамаарч улсын байцаагчийн дүгнэлт гаргуулж ашигладаг юм байна. Х******* ХХК дүгнэлтгүй ашиглаж байсан. Дараагийн түрээслэгч Ү ХХК ашиглах гэтэл шаардлага ирсэн. Шаардлагын дагуу барилгыг буцааж хэвийн байдалд оруулсан. Ү ХХК-ийн захирал н.Эд эрүүл ахуйн стандартын төлөв байдлын тухай дүгнэлт бий. Уг дүгнэлтэд шаардлагуудыг биелүүлсэн талаар байгаа.

Нэхэмжлэгч талаас шүүхийн шийдвэр, мэдэгдсэн мэдэгдээгүй гэх мэт зүйл ярилаа. Тэгвэл яагаад гомдол гаргах болсон шалтгаан, гомдлыг хаана гаргасан, гаргасан дүгнэлтүүд яаж гарсан талаар яригдах хэрэгтэй. К******* ХХК-д түрээсэлсэн үү, гэвэл түрээсэлсэн нь үнэн. Түрээсийн гэрээнд заагдаагүй засварын ажлууд өдөржин, шөнөжин хийгдсэн. Ингэж явж байгаад нэг хэсэг талбайг нь ашиглалтгүй болгож бүтэн жил ашиглалтгүй болгож нөгөө хэсгийн хагас дутуу ашиглаж түрээсийн төлбөрөө ч төлөхгүй явсаар маргаан үүссэн. Гэтэл шинжээч нар засварыг стандарт дурдаж байгаад, нэхэмжлэгчийн талаас хуурамч 90 сая төгрөгийн гэрээ үзүүлж байгаад шүүхээр 58 сая төгрөгийн шийдвэр гаргуулсан.

Я******* ХХК тухайн барилгад ашиглаж болох зүйл байгаа эсэх талаар холбогдох аж ахуй нэгж, байгууллагуудад үзүүлсэн тэгсэн 58 сая төгрөгний ажил биш 20 гаруй сая төгрөгний ажил байна гэсэн. Мөн дээрээс ашиглалт байхгүй болсон зүйлийг К******* ХХК-д төлөх болоод байгаа. Тийм учраас Я******* ХХК-ийн зүгээс К******* ХХК-ийн хийсэн засварын ажлууд барилгын норм, дүрэм, стандартад нийцэж хийгдсэн эсэх талаар гомдол, хүсэлт гаргаад явсан. Өөрөөр хэлбэл барилгын төлөв байдлын талаар шалгуулсан. Ингээд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас нэг албан шаардлага тавьсан мөн нэг дүгнэлт гаргасан. Эрүүл ахуйн стандартын албан шаардлага нь зүгээр Хуушуур хийж болох эсэх талаарх асуудал байгаа, энэ тухай Я******* ХХК-д мэдэгдээгүй. Өөрөөр хэлбэл 10 дугаар сарын 23-ны өдрийн Ү ХХК-ийн захирал н.Эд гаргуулсан байцаагчийн гаргасан дүгнэлт байгаа. Энэ нь нэхэмжлэгчийн яриад байгаа маш сайн гэж байсныг дараа нь үгүйсгэсэн байна гэж байгаа нь, тухайн 10 дугаар сарын 23-ны эрүүл ахуйн төлөв байдлын дүгнэлтэд Я******* ХХК гэж нэг ч үг байхгүй, Д.Б******* гэж мөн адил нэг ч үг байхгүй. Тухайн дүгнэлт бол Я******* ХХК-тай холбоогүй, Ү ХХК-ний хүсэлтээр хийсэн эрүүл ахуйн төлөв байдлын дүгнэлт юм. Янгир ХХК-ийн зүгээс 2 удаа гомдол гаргасан байдаг. 2013 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 1128 дугаартай дүгнэлт, мөн 2014 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 981 дугаартай дүгнэлт гаргасан байдаг. 1128 дугаартай дүгнэлтийг нэхэмжлэгчийн зүгээс хүлээн зөвшөөрч байгаа гэж ойлголоо.

Улсын байцаагчийн ашиглалтын төлөв байдлын тухай дүгнэлт өөр дүгнэлт юм. Өөрөөр хэлбэл К******* ХХК-ийн засварын ажил стандартад нийцсэн үү, үгүй юу гэдэг асуудлын талаарх дүгнэлт. Дүгнэлтэд дурдсан 4 зөрчлийг нэхэмжлэгч тал үгүйсгэхгүй. Зөрчил байсан уу, байсан. Фото зургаар баталгаажсан байсан уу, байсан. К******* ХХК-ийн засварын талаар олон байгууллагуудаар дүгнэлт гаргуулж шалгуулсан. Тэгсэн засвар хийсэн компани нь тавилга угсардаг яг барилгын мэргэжлийн компани биш байсан. Мэргэжлийн бус хүмүүсээр хийсэн засвар 26 гаруй сая төгрөгийн засвар байгаа. Гэтэл шүүхийн шийдвэрээр Я******* ХХК К******* ХХК-д 58 сая төгрөг төлөхөөр гарсан. Дүгнэлтүүд хавтаст хэрэгт авагдасан байгаа. Худлаа үнэлгээ хийсэн компани шүүхээр явж л байгаа. Нэхэмжлэгч талаас актыг хүчингүй болгох гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа. Тэгвэл тухайн актын дэд бүлгүүдийг тус бүрээр нь үгүйсгэх ёстой. Хана өрсөн, гишгүүр өрөмдөж цоолсон, өнцөг ирмэгийг хагалж эвдэлсэн гээд эд бүгд үнэн. Фото зургаар баталгаажсан байгаа.

Гүйцэтгэлийн зургийг боловсруулж баталгаажуулна гэж байгаа, ямар ч боловсруулсан зураггүй хийгдсэн. Засвар өөрчлөлтийн ажлын зураггүй хийгдсэн нь мөн үнэн. Сүүлийнх нь 4 дэх нь мөн адилхан. Дээрх 4-өөс ганц нь эвдэлж сүйтгэсэн гээд бусад нь зураг шаардлагатай гэсэн байгаа бүгд үнэн. Тэгээд төгсгөлд нь зөрчлүүдийг дурдаад 100 айлын Би чадна гэдэг хүмүүсээр хийлгэсэн тухай нотолсон байна. Ер нь мэргэжлийн байгууллагаар хийгдэх ёстойг мэргэжлийн байгууллагаар хийгээгүй тухай нотлогдлоо. Иргэний хэргийн шүүхэд гуравдагч этгээдийн зүгээс нэхэмжлэл гаргасан байгаа. Хариуцагчаар нөгөө үнэлгээний компаниуд мөн л тэнд Х******* ХХК байгаа. Нэхэмжлэгчийн үйлдлээс хуульд нийцсэн нэг ч зүйл байхгүй. Ядаж мөнгөн дүнгээ үнэн зөвөөр тавья. Яг бодитоор хэдэн сая төгрөг авах гэж байгаа юм бэ, тэрийгээ ав гэж байгаа. Тэгэхгүй 90 сая төгрөгийн нэхэмжлэл гаргаад түүний дагуу шүүхэд хуурамч нотлох баримт бүрдүүлж, нөгөө компани нь татварын, нийгмийн даатгалын өрөнд орлоо гэж байгаа нь үнэн.

Гуравдагч этгээдийн зүгээс нэг ч төгрөг хүнд илүү өгөхгүйн төлөө тэмцэж байна. Хариуцагч Ц.А*******ийн гаргасан дүгнэлт бол үнэн дүгнэлт юм. Хариуцагч өөрөө ч хэллээ ...хуулийн дагуу өгөгдсөн нотлох баримтын хүрээнд... хяналт шалгалтаа хийсэн гэж. Нэхэмжлэгч талын зүгээс гаргасан актыг үгүйсгэж болно, үгүйсгэж нотлож актыг хүчингүйд тооцуулах гэж байгаа бол ядаж барилгын зургаа хавтаст хэрэгт өгөх ёстой. Маргаан бүхий барилгад барилгын өөрчлөлт хийхийн тулд зөвшөөрөл байх ёстой мөн шүүхэд нотлох баримтаар өгчих. Түрүүн хэлж хариуцагч өөрөө нотлох баримтаа өгөх үүрэгтэй гэж, нэхэмжлэгч тэгвэл өөрөө нэхэмжлэлийн шаардлагаа нотлож нотлох баримтаа өгөх үүрэгтэй. Нэхэмжлэгчид мэдэгдээгүй дүгнэлт гаргасан гэж ярьж байсан түрүүн нэхэмжлэгчийн зүгээс. Мэдэгдэх үүрэггүй юм.

Я******* ХХК шалгуулж дүгнэлт гаргуулъя гэж өргөдөл гаргасан уу, гаргасан, өргөдөлийн дагуу төрийн байгууллага хяналт шалгалтаа явуулж дүгнэлт гаргасан уу, гаргасан. Харин өргөдөл гаргаагүй байхад хяналт шалгалтыг хийсэн бол өөр асуудал юм гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч болон гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд гаргасан тайлбарт үнэлэлт өгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэгч Х******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Х******* ХХК нь Баянгол дүүргийн 17 дугаар хороонд байрлах Я******* ХХК-ийн барилгын 1 дүгээр давхар болон подвалын 2 давхарыг 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн түрээслэх гэрээ[1] байгуулж өөрийн үйл ажиллагаанд тохируулан засвар хийж үйл ажиллагаагаа эхэлсэн ба 2012 оны 07 дугаар сараас түрээслэгч Х******* ХХК нь түрээсийн төлбөрөө төлж чадахгүй болсноос түрээсийн гэрээ цуцлагдсан байна.

Үүний дараа 2013 онд гуравдагч этгээд Я******* ХХК нь өөрийн эзэмшлийн барилгаа Үйлст болд ХХК, захирал Б.Эд түрээслэсэн нь нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын хүнсний чанар, аюулгүй байдлын хяналтын улсын байцаагч Б.Х 2013 оны 09 дүгээр сарын 03-нд Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 89 дүгээр байрны 2-9 тоотод байрлах караоке баарны ажил үйлчилгээнд шалгалт хийж Байгалийн болон зохиомол гэрэлтүүлгийг нэмэгдүүлэх, өрөө тасалгаануудыг стандартад нийцүүлэх, агааржуулалтыг нэмэгдүүлэх, шатны хонгил руу орсон орц, гарцыг чөлөөлөх, хаягны байршлыг өөрчлөх тухай 31-02-345/1128 тоот албан шаардлага[2]-ыг хүргүүлж биелэлтийг 2013 оны 09 дүгээр сарын 10-ны дотор Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэст хүргүүлэхийг мэдэгдсэн байна.

Улмаар 2013 оны 10 дугаар сарын 23-нд хүнсний чанар, аюулгүй байдлын хяналтын улсын байцаагч Б.Х, эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Б.Ө нараас Баянгол дүүргийн 17 дугаар хороо, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж 89/2 тоот караоке баар-нд хяналт шалгалт хийж Тус караоке баар нь Хэрэглэгчдэд зориулсан үйлчилгээ, хоолны газрын ангилал зэрэглэл, үндсэн шаардлага MNS 4946:2005 стандартын шаардлага хангаж байна гэсэн 31-02-341/1118 тоот дүгнэлт[3] гаргажээ.

Я******* ХХК-аас 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт Дүгнэлт гаргуулах тухай хүсэлт[4] гаргаж нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын барилгын техникийн хяналтын улсын байцаагч Ц.А******* нь 2014 оны 05 дугаар сарын 19-ний өдөр шалгалт хийж 2014 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Барилга ашиглалтын төлөв байдлын тухай 02-07-91/891 дугаартай дүгнэлтийг гаргасан байна.

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчөөс Улсын байцаагч Ц.А*******ийн дээрх дүгнэлт нь Я******* ХХК-ийн эзэмшилд шилжээд 3-н жилийн дараа зохих Ү ХХК-ийн эзэмшилд шилжээд 1 жил орчмын дараа удирдамжгүйгээр хийгдсэн, агуулгын хувьд барилга ашиглалтын төлөв байдлын тухай гэхээсээ илүү К******* ХХК-ийн хийсэн засварын ажилд буюу өнгөрсөн цаг хугацааны асуудалд дүгнэлт өгсөн шинжтэй байгаа нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.4, 4.1.7, 5 дугаар зүйлийн 5.4, 10 дугаар зүйлийн 10.9.1, Барилгын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.4, 25 дугаар зүйлийн 25.1 дэх заалтуудыг зөрчсөн тул учир илт хууль бус акт юм гэж, хариуцагчаас Барилга байгуулмж нь анхныхаа зургийн дагуу байх ёстой. Дур мэдэн өөрчлөхийг хориглодог. 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн удирдамжид хамруулан шалгасан. Миний зүгээс барилгын техник талаас нь барилгын норм, дүрмийн дагуу дүгнэлтээ гаргасан гэж маргажээ.

 

Хариуцагч нь хяналт шалгалтын явуулахдаа 2014 оны 05 дугаар сарын 14-ны өдөр батлуулсан удирдамж[5]-ийн дагуу явуулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байх бөгөөд тухайн удирдамжид Я******* ХХК-ийн обьектод шалгалт хийх талаар тусгагдаагүй байх тул хариуцагч нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т хяналт шалгалтыг хуульд заасан үндэслэлийн дагуу явуулах бөгөөд энэхүү хяналт шалгалт нь хараат бус, шударга, хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагын үйл ажиллагаа нээлттэй, ил тод байх, 4.1.6-д хяналт шалгалтыг зөвхөн хууль болон  нийтээр дагаж мөрдөхөөр бүртгэгдсэн эрх зүйн актыг үндэслэн явуулах..., 5 дугаар зүйлийн 5.2-т Төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг эрх бүхий албан тушаалтны баталсан удирдамжийн дагуу хийх ..., 52 дугаар зүйлийн 523-т Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг гагцхүү түүнийг явуулах болсон үндэслэл, удирдамжид заасан асуудлын хүрээнд хийнэ, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2012 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 207 дугаар тушаалаар батлагдсан Мэргэжлийн хяналт шалгалтын ерөнхий шаардлага, стандарт-ын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Байгууллагын стандарт-ын 11 дүгээр зүйлийн 11.1-д Удирдамж-Хяналт шалгалтыг хийж гүйцэтгэхэд удирдлага болгох баримт бичиг. Улсын байцаагч төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх бүрт удирдамж батлуулна гэж заасныг тус тус зөрчсөн байх тул Жил болгоны эхэнд төлөвлөгөөт хяналт шалгалтын удирдамж батлагддагийн адил төлөвлөгөөт бус хяналт шалгалтын удирдамж батлагдаж гардаг байсан. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын тушаал, шийдвэрт үндэслээд манай байгууллагын дэд дарга болон газрын дарга нар Байнгын удирдамж-ийг баталдаг байсан. Иймд байнгын удирдамжийн дагуу шалгалт хийсэн гэсэн хариуцагчийн тайлбарыг зөвтгөх боломжгүй байна.

Өөрөөр хэлбэл, Төрийн үйл ажиллагааны хууль дээдлэх зарчим нь хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд хуульд заасан журмын дагуу бүрэн эрхээ хэрэгжүүлэх байдлаар хэрэгждэг тул Я******* ХХК-ийн хяналт шалгалт хийлгэх хүсэлтийг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын эрх бүхий албан тушаалтнаас барилга, техникийн хяналтын улсын байцаагч Ц.А*******эд цохож шилжүүлсэн нь тухайн обьект дээр хийх шалгалтыг удирдамжгүйгээр хийх эрхийг олгож байна гэж үзэх үндэслэл болохгүй юм.

Мөн хариуцагчаас Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан чиглэлээр Байнгын удирдамж гэж манайд гардаг байсан. Тэгээд 2014 оны 04 дүгээр сараас эхлээд Байнгын удирдамж хуульд нийцэхгүй байна гэж дүгнээд, эхний ээлжид Байнгын удирдамж-ийг дурдаж хяналт шалгалтаа хийхээ больж шийдсэн. Үүний оронд тухайн бүрт ирсэн өргөдөл, гомдлын хүрээнд нийлүүлж удирдамж гаргаж байя гэсэн шийдэлд хүрсэн гэж тайлбарлаж байгаа нь дээрх тайлбартайгаа зөрчилдөж байгааг дурьдах нь зүйтэй.

Түүнчлэн Я******* ХХК-ийн захирал Д.Б*******гээс 2015 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт гаргасан хүсэлтдээ И ХХК-г шалган дүгнэлт гаргаж өгнө үү гэсэн байхад хариуцагч Ц.А******* нь тухайлсан удирдамжгүйгээр хяналт шалгалтын ажлыг гүйцэтгэж, улмаар Байгууллагын стандартын 10 дугаар зүйлийн 10.3.1 дэх хэсэгт Хяналт шалгалтанд байгууллага, аж ахуйн нэгжийн эрх бүхий албан тушаалтныг байлцуулах бөгөөд хяналт шалгалтыг удирдамж, хяналтын хуудсанд заасан асуудлын хүрээнд ....хийх гэж заасныг зөрчиж тухайн барилгад засвар хийсэн гэх И ХХК-ийн холбогдох албан тушаалтныг оролцуулалгүй хийснээс ... түрээслэгч талбайд түрээслүүлэгчийн зөвшөөрлөөр засвар үйлчилгээ хийх эрхтэй, түрээслүүлэгчийн бичгээр өгсөн зөвшөөрөлгүйгээр түрээсийн байранд их засвар болон зохион байгуулалтын өөрчлөлт хийхгүй гэж заасан байгааг зөрчиж зохион байгуулалтыг өөрчлөн засвар хийх зөвшөөрөл авалгүйгээр тусгай зөвшөөрөлгүй И ХХК-аар хийлгэсэн зэрэг нь Барилгын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь заалтыг зөрчсөн гэж дүгнэсэн нь хүсэлтэд дурьдсан асуудлуудад хөтлөгдөж Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-т Хяналт шалгалтыг холбогдох асуудлын талаар урьдчилсан дүгнэлт гаргаж, түүнийгээ батлах замаар хийхийг хориглоно гэснийг зөрчсөн гэсэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар гэж үзэх үндэслэлтэй байна.

Учир нь Баянгол дүүргийн 17 дугаар хороонд байрлах Я******* ХХК-ийн барилгад 2012 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комисс ажилласан байх бөгөөд тус комиссын гишүүн тус бүр тэмдэглэл[6] үйлдэж үүрэг даалгавар өгч, санал гаргасан байх ба 2014 оны 07 дугаар сарын 21-ны өдөр Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын акт[7] нь тус барилгад Х******* ХХК-аас засвар хийсний дараа гарсан байх тул тухайн актаар тогтоогдсон нөхцөл байдал нь Х******* ХХК-ийн хийсэн засвартай холбоотой үүссэн нөхцөл байдал болох нь тогтоогдохгүй байна.

2008 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Барилгын тухай хуулийн 25 дугаар зүйлд барилгын техникийн хяналтыг барилгын улсын байцаагч хэрэгжүүлэхээр зохицуулсан байсан бөгөөд тус зүйлийн 25.2.4-т барилга байгууламжийн ашиглалт гэсэн чиглэлээр хяналт хэрэгжүүлэхээр эрх олгосон байна. Мөн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2012 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 207 дугаар тушаалаар батлагдсан Мэргэжлийн хяналт шалгалтын ерөнхий шаардлага, стандарт/цаашид Байгууллагын стандарт гэх/-ын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Байгууллагын стандарт-ын 11 дүгээр зүйлийн 11.8-д Дүгнэлт-Барилга байгууламж, ...чанар аюулгүй байдал нь хууль тогтоомж, норм, дүрэм, стандартын шаардлага хангаж байгаа эсэхийг тодорхойлоход үйлдэх баримт бичиг гэж заажээ.

Гэтэл Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Ц.А******* нь нь Тус барилгын зоорийн давхар болон 1 дүгээр давхрыг KTL ХХК түрээслэн ажиллуулж байсан ба ажил үйлчилгээг явуулж байхдаа барилгын зураг төслийг зөрчиж зохион байгуулалтыг дур мэдэн өөрчилж засвар хийсэн байна. ... тус барилгад хийгдсэн засварын ажил нь анхны зураг төслийн төлөвлөлт, зохион байгуулалтыг өөрчлөн стандарт, барилгын норм дүрмийг зөрчсөн байгаа нь Барилгын тухай хуулийн 9.1.1 дэх заалтыг хангахгүй байна гэж дүгнээд ...зөвшөөрөлгүй хийгдсэн засварын ажлын талаар баримт материалаа мэргэжлийн байгууллага, аж ахуйн нэгжээр шалгуулж, барилгын засварын ажил, түүний үнэлгээний талаарх маргаантай асуудлыг шүүхийн байгууллагад хандан шийдвэрлүүлэх нь зүйтэй хэмээн зөвлөсөн нь тухайн актын өөрийнх нь нэр/Барилга ашиглалтын төлөв байдлын тухай/-тэй зөрчилдөж байна гэж шүүх үзлээ.

Өөрөөр хэлбэл, Барилгын техникийн хяналтын улсын байцаагч нь барилгын ашиглалт, төлөв байдал нь хууль тогтоомжид нийцэхгүй байгаа тухай дүгнэлт гаргасан бол тогтоогдсон нөхцөл байдлыг хэрхэн засаж залруулах, хууль тогтоомж, барилгын стандарт, норм дүрэмд нийцүүлэх талаар зөвлөмж өгөх боломжтой байхад өөрийн эрх хэмжээнд хамаарахгүй асуудлаар дүгнэлт зөвлөмж гаргасан байна.

Иймээс Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын техникийн хяналтын улсын байцаагч Ц.А******* нь 2015 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 02-07-91/891 дугаартай дүгнэлт нь Төрийн хяналт шалгалтын тухай болон 2008 оны Барилгын тухай хууль, Байгууллагын стандартыг тус тус зөрчиж гарсан байх тул илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6, 5 дугаар зүйлийн 5.2, 52 дугаар зүйлийн 523, 5.4, Барилгын тухай хууль/2008/-ийн 25 дугаар зүйлийн 25.2.4, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.9 дэх хэсгүүдэд заасныг баримтлан Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2014 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 02-07-******* дугаартай дүгнэлтийг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрсүгэй.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг тус тус орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ