| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмонгэрэл |
| Хэргийн индекс | 101/2022/04492/И |
| Дугаар | 101/ШШ2024/02266 |
| Огноо | 2024-04-25 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 101/ШШ2024/02266
2024 04 25 101/ШШ2024/02266
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.Т-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: С ХХК холбогдох,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Э ХХК ,
Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардагдах баримт бичгийг гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийг 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид :
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг нар оролцов.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч Ч.Б нь өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн тул түүнийг байлцуулахгүйгээр хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Тын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ шүүх хуралдаанд дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Нэхэмжлэгч Б.Т нь С" ХХК-ийн захиалан бариулж буй Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэсвгэрт байрлах "С 2Д хотхонд байр захиалж 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 11111111 дугаартай "Орон сууц захиалан бариулах тухай гэрээ-г байгуулсан бөгөөд төлбөрийг 100 хувь төлсөн.
Б.Т нь "Э ХХК-ийн захирлаар ажилладаг, тэрээр нийгмийн хариуцлагын хүрээнд өөрийн компанид олон жил үр бүтээлтэй, тогтвор суурьшилтай /13 жил/ ажилласан ажилтнаа шагнан урамшуулах зорилгоор С 2Д" хотхоны 6666666тоот байрыг захиалсан. Энэхүү байрыг өөрийн компанийн ажилтан Д.Э /РД:00000000/-д бэлэглэх зорилгоор захиалсан билээ.
Маргаан бүхий орон сууцыг Б.Тд "С" ХХК-нд борлуулалтын албанд менежер ажилтай Х.Бь анх танилцуулсан. Мөн орон сууц захиалан бариулах гэрээний нэг тал буюу "С" ХХК-ийг төлөөлж тухайн компанийн менежер ажилтай М.Б гарын үсэг зурж, компанийн тамга даран баталгаажуулсан.
Ингээд С ХХК-д итгэн орон сууцны төлбөр болох 78,583,500 /далан найман сая таван зуун наян гурван мянга таван зуу/ төгрөгийг 100 хувь бүрэн төлсөн. Орон сууцны төлбөрийг хариуцагч талын санал болгосноор борлуулалтын менежер Х.Бийн дансанд шилжүүлсэн.
Гэрээнд үнийг 93,136,000 төгрөг гэж тусгасан боловч төлбөрийг 100 хувь төлсөн тохиолдолд мкв-ыг 1,350,000 төгрөг болж хямдарна гэсэн тул төлбөрийг 100 хувь төлсөн. Үүнийг тухайн үед компанийг төлөөлж байсан М.Б, Н.Б нартай тохиролцсон. Н.Б гэдэг хүнийг эдний компанийн борлуулалтын менежер гэж танилцуулж байсан. Өмчлөх эрхийн гэрчилгээг авахаар компани дээр очиж уулзахад байр чөлөөлөх мэдэгдэл өгсөн. Төлбөр төлсөн учраас байрыг хүлээлгэн өгсөн учир эзэмшиж, ашиглаж байсан.
Тухайн байр ашиглалтанд орж Д.Э нь амьдарч эхэлсэн боловч 2022 оны 02 сарын 11-ний өдөр С ХХК-с ...Манай байгууллагын зүгээс танай одоогийн амьдран сууж байгаа /ашиглаж байгаа/ орон сууцны өмчлөх эрхийг та бүхний нэр дээр гаргаж өгөх боломжгүй байдал үүсээд байна... гэх утга бүхий мэдэгдлийг хүргүүлсэн.
Уг мэдэгдэлтэй холбоотойгоор бид тодруулахад С ХХК нь Э" ХХК-тай цахилгаан шат нийлүүлэх гэрээ байгуулсан бөгөөд тус гэрээнд зааснаар цахилгаан шатны төлбөрийг С 2Д" байрнаас 100 хувь бартераар Э" ХХК-д төлөхөөр талууд харилцан тохиролцсон бөгөөд Б.Тын авсан байр нь "С ХХК болон Э ХХК нарын хооронд байгуулагдсан гэрээний дагуу Э" ХХК-д олгогдох байр байсан талаар мэдээлэл олж авсан.
Мөн тухайн байрыг зарсан Х.Бь нь уг бартерийн байрнуудыг зарж, борлуулахаар Э ХХК-тай аман хэлбэрээр тохиролцож, уг тохиролцооны дагуу Б.Тын орон сууцны төлбөрт төлсөн мөнгийг С ХХК-нд бус Э" ХХК руу шилжүүлсэн гэх тайлбарыг гаргадаг.
"С ХХК болон Э" ХХК нарын хооронд байгуулагдсан гэрээний үүрэгтэй холбоотой маргаанаас болж Б.Тын орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг олгохоос татгалзаж буйг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.
Х.Бь нь С ХХК-нд борлуулалтын менежер ажил эрхэлдэг, мөн талуудын хооронд байгуулагдсан гэрээнд мөн л "С ХХК-нд менежер ажилтай М.Б гарын үсэг зурж, компанийн тамга даран баталгаажуулсан тул С ХХК-нд итгэн гэрээний үүргээ биелүүлж тухайн компанийн ажилтан Х.Бийн дансанд төлбөрийг төлсөн.
Талуудын хооронд байгуулагдсан Орон сууц захиалан бариулах тухай гэрээ-ний 4.1 Ажил гүйцэтгэгчийн үүрэг, 4.1.2 дох хэсэгт "Захиалагч тал төлбөрөө бүрэн төлсөн тохиолдолд байрыг захиалагч талын эзэмшил, өмчлөлд шижүүлнэ гэж зааж өгсөн байдаг. Гэтэл "С" ХХК нь өнөөдрийг хүртэл гэрээгээр хүлээсэн дээрх үүргээ биелүүлэлгүй Б.Тыг хохироож байна гэж үзэж байна.
Энэ бүгдийг нэгтгэн үзэхэд нэхэмжлэгч Б.Т нь анхнаасаа "С ХХК-тай "орон сууц захиалан бариулах гэрээ байгуулах хүсэл зоригоо илэрхийлж төлбөрөө бүрэн төлж гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн байх тул "С ХХК болон "Э" ХХК нарын хооронд байгуулагдсан гэрээний үүрэгтэй холбоотой маргаанаас болж ийнхүү өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөх бичиг баримтыг бүрдүүлж өгөхөөс татгалзаж буйг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Иймд Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Б.Д, "С 2Д хотхоны 6666666тоот байрны өмчлөгчөөр Б.Тыг / РД:777777777/-ыг тогтоож, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардагдах бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагч С ХХК-д даалгаж өгнө үү гэв.
2. Хариуцагч С ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б нь татгалзлын үндэслэлийг шүүх хуралдаанд дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Нэхэмжлэгч Б.Тын Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Б.Д, "С 2Д хотхоны 6666666тоот байрны өмчлөгчөөр Б.Тыг / РД:777777777/-ыг тогтоож, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардагдах бичиг баримтыг гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.
Б.Ттай байгуулсан орон сууц захиалгын гэрээний 3.1-т байр 100 хувь "Э" ХХК-ийнх гэдгийг мэдсэн. Тухайн үед С ХХК нь "Э" ХХК-тай өмнө нь хамтарч ажиллаж байсан учир тухайн үедээ эднийд итгээд тэднийхээс явуулсан хүмүүстэй нь шууд гэрээ байгуулсан.
Гэтэл "Э" ХХК нь сүүлдээ залилах болж, манайх цагдаагийн байгууллагад гомдол гаргаснаар эрүүгийн журмаар шалгуулах хүсэлт гаргасан, ингээд гэрээ байгуулсан С.Ат холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Гэвч С.А хаана байгаа болох нь тодорхойгүй, олдохгүй ийм нөхцөл байдалтай эрүүгийн хэрэг түдгэлзсэн байна. Энэ хэрэгт манайх өөрт учирсан хохирлоо шаардаж байгаа, маргаж байгаа******* тооттой холбоотой үнийн дүн багтсан. Хэдийгээр С.А гэрээнд гарын үсэг зурсан боловч түүнд "Э" ХХК-иас компанийн эрх, үүргийг хэрэгжүүлэх эрх олгосон байдаг.
Б.Тын зүгээс С" ХХК-д төлбөр төлсөн зүйл байхгүй, хэрэгт 78,583,500 төгрөг төлсөн баримтыг гаргаж өгсөн боловч мөнгийг Н.Б гэх хүн рүү шилжүүлсэн байсан. Энэ байдлыг Н.Биас тодруулах гэсэн боловч асууж чадахгүй нөхцөл үүссэн. Түүнээс гадна Н.Биас уг мөнгийг хэн рүү шилжүүлсэн талаарх банкны хуулгыг гаргуулж үзэхэд уг данс эзэмшигч нь С.А байх ба түүнд мөнгийг шилжүүлсэн байсан.
Б.Тын төлсөн гэх мөнгөнөөс С" ХХК-д төлбөрт тооцуулахаар шилжүүлээгүй. Мөн нэхэмжлэгч нь гэрээгээр тохирсон төлбөрийг төлсөн гэж байгаа гэдэг боловч дээрх баримтаар төлбөрөө төлөөгүй болох нь харагддаг.
Орон сууц захиалан бариулах гэрээний 2.2-т байрны үнийг 93,136,000 төгрөг гэж тохиролцсон байтал хямдралтай нөхцлөөр буюу 1 мкв-ыг 1,350,000 төгрөгөөр тооцсон гэх боловч гэрээнд ийнхүү тохиролцсон зүйл байхгүй. 1,600,000 төгрөгийг 1,350,000 төгрөг болгож тохиролцоогүй бөгөөд захиалагч төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй бол байр захиалагчийн өмчлөл, эзэмшилд байна, төлбөрийг төлснөөр өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон. Гэвч төлбөрийн зөрүү 14,552,500 төгрөг нь хэрхсэн нь тодорхойгүй, өөрөөр хэлбэл захиалагч нь төлбөрөө 100 хувь төлсөн гэх баримтгүй байна.
Маргаж буй орон сууцыг өмчлөх эрхийн гэрчилгээ гараагүй, уг гэрчилгээг авахад шаардагдах баримт бичгийг манай компани гаргаж өгнө.
Иймд Б.Тын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Э ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
Б.Тын нэхэмжлэлтэй С ХХК-д холбогдох иргэний хэрэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцож буй Э" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хэргийн материалтай танилцаад дараах тайлбарыг хүргүүлж байна.
Нэхэмжлэгч нь С ХХК-д холбогдуулан Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Д******* "С 2д" хотхоны 192Б байрны 16 давхрын******* тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардагдах баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагч С" ХХК-д даалгуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
"С ХХК нь "Э" ХХК-тай гэрээ байгуулан тус компаниас цахилгаан шат авах, угсруулах ажлыг гүйцэтгүүлж байсан бөгөөд уг гэрээний төлбөрт тооцон тодорхой тооны орон сууцуудыг шилжүүлэн өгсөн. Ингэхдээ тухайн орон сууцуудыг өөрийн нэрээр бусдад Орон сууц захиалан бариулах гэрээ-ний дагуу худалдан борлуулж мөнгийг нь Э ХХК-д олгосны нэг нь нэхэмжлэгч Б.Тын худалдан авч амьдарч буй дээрх орон сууц юм.
Иймд нэхэмжлэлд дурдсан орон сууцыг "С ХХК-аас ажлын төлбөрт тооцон худалдан борлуулж Э ХХК-д мөнгийг нь олгосон, Э ХХК нь хүлээн авсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхэд гуравдагч этгээдийн эрх хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхгүй.
Харин "Э ХХК болон С ХХК-ийн хооронд байгуулагдсан цахилгаан шат нийлүүлэх, угсрах ажил гүйцэтгэх гэрээний үүрэгтэй холбоотой аливаа маргаан байгаа бол уг асуудлаа тусдаа зохих журмын дагуу шийдвэрлүүлэх нь зүйтэй юм гэжээ. /хх ....../
4. Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримт болох:
4.1. Нэхэмжлэгчээс ирүүлсэн: Нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Б.Таас 2022.03.04-ний өдөр Б.Лид олгосон итгэмжлэл, 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн №11111111 дугаар орон сууц захиалан бариулах гэрээ, төлбөрийн баримт, С ХХК-ийн 2022.02.11-ний өдрийн мэдэгдэл, тус шүүхийн шүүгчийн 2022.03.17-ны өдрийн 99999999 дугаар, 2022.04.12-ны өдрийн 3333333 дугаар Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж /хх 1-13/,
4.2. Хариуцагчаас ирүүлсэн: С ХХК-ийн захирал И.Мөнхдоржоос 2022.07.20-ны өдөр П.Тамирт олгосон итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 20,27,31-2020.08.28-ны өдөр С ХХК болон Э ХХК-ийн хооронд байгуулагдсан а дугаартай Барилгын туслан гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээ, тус шүүхийн 2022.05.06-ны өдрийн 88888888 дугаар тогтоол, тус шүүхийн шүүгчийн 2022.04.13-ны өдрийн 444444444 дугаар захирамж, Г.Таас татгалзсан мэдэгдэл, 2022.12.28, 2024.02.20-ны өдөр Э.Бд тус тус олгосон итгэмжлэл, өмгөөлөгч Т.Цатай байгуулсан хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх гэрээ, Х.Бийн Хаан банк ХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын прокурорын 2021.12.17-ны өдрийн Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол, С" ХХК-ийн өргөдөл, хохирогч М.Бын мэдүүлэг, Б.Гад олгосон итгэмжлэл, хохирогч Б.Гагийн мэдүүлэг /хх 20,27,31, 61-73,172, 184-186/
4.3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс ирүүлсэн: 2024.03.12-ны өдөр Ч.Бд олгосон итгэмжлэл, 2019.11.12-ны өдөр С.Ат олгосон итгэмжлэл, хариу тайлбар, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлт, Дорноговь аймгийн сум дундын шүүхийн мэдэгдэх хуудас, галт тэрэгний тасалбарын баримт зэрэг /хх 189, 203-207/
4.4. Шүүхийн журмаар бүрдүүлсэн: Э" ХХК-ийн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа, Я.Дгийн оршин суугаа хаягийн лавлагаа, цагдаагийн байгууллагын тэмдэглэл, 44444444 дүгээр хорооны засаг даргын тодорхойлолт, Г ХК-ийн данс эзэмшигчийн тодорхойлолт, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт, /124-126, 144-159, 199-200/ зэрэг баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Т нь хариуцагч С ХХК-д холбогдуулан, Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардагдах баримт бичгийг гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч зөвшөөрөхгүй маргасан.
2. Тус шүүхийн шүүгчийн 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 33333333 дугаартай захирамжаар хариуцагч С ХХК-ийн хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Э ХХК-ийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулсан. /хх 86-95/
3. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
4. Хэрэгт, нэхэмжлэгч Б.Т, хариуцагч С ХХК нарын хооронд 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр №11111111 дугаартай Орон сууц захиалан бариулах тухай гэрээ,
Хариуцагч С ХХК, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Э ХХК нарын хооронд 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 444444444дугаартай Барилгын туслан гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээ,
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын прокурорын 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 8888888 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол тус тус авагдсан.
5. Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5а. Б.Т болон С ХХК нь 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн №11111111 дугаартай Орон сууц захиалан бариулах тухай гэрээ-ээр захиалагч нь 22222222 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй А тип хаягт байрлах, 58,21 мкв талбайтай, 2 өрөө орон сууцыг захиалан бариулах, гүйцэтгэгч нь барилгыг 2021 оны 2 дугаар улиралд багтаан гүйцэтгэхээр тохирсон /хх 7-8/,
5б. С ХХК болон Э ХХК нь 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 444444444дугаартай Барилгын туслан гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээ-ээр 33333333333 блок барилгын 4 ширхэг, Sky residence-3С блок барилгын 2 ширхэг, Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдах АААААА блок барилгын 4 ширхэг цахигаан шат нийлүүлэх, суурилуулах, зүгшрүүлэх ажлыг олгосон зураг төслийн дагуу чанарын өндөр түвшинд гүйцэтгэхээр, нийт захилгат ажлын хөлс 600,000,000 төгрөг ба төлбөрийг 22222222 байрнаас 100 хувь бартерлаж барагдуулахаар, 44444444444444444 дугаартай гэрээнд үлдэгдэл төлбөр болох 66,678,000 төгрөгийг ажлын гүйцэтгэлээс хамааран олгохоор талууд тохирсон гэрээнүүд /хх 34-46/,
5в. Э ХХК-д холбогдуулан 600,000,000 төгрөгийг гэрээгээр халхавчлан залилсан гэх гомдолтой хэрэг бүртгэлтийн 8888888 дугаар хэрэгт С ХХК нь хохирогчоор тогтоосон Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 8888888 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол, хохирогчоор авсан мэдүүлэг зэрэг баримт тус тус авагдсан. /хх 61-71/
6. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг, орон сууц захиалгын гэрээнд үнэ 93,136,000 төгрөг гэж тусгасан боловч төлбөр бүрэн төлөгдсөн нөхцөлд 1 мкв-ийн үнийг 1,300,000 төгрөгөөр тооцож, 78,583,500 төгрөг байхаар тохиролцсон тул борлуулалтын албаны менежер Х.Бийн Хаан банкны дансанд төлбөрийг шилжүүлсэн, ийнхүү төлбөрийг төлснөөр орон сууцыг хүлээн авч эзэмшиж, ашиглаж байсан, хариуцагчийн, "Э" ХХК-тай байгуулсан гэрээний маргаан хамааралгүй тул шаардах эрхтэй гэж тайлбарласан.
7. Хариуцагч нь гэрээний дагуу орон сууцны төлбөр бүрэн төлөгдөөгүй, Э ХХК-иас төлбөрийг шилжүүлж өгөөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа гэж татгалзлын үндэслэлийг тодорхойлсон.
8. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-т:Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна, 198.2-т :Гэрээний аль нэг нөхцөлийн утга нь ойлгомжгүй бол түүний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлно гэж заасны дагуу талууд гэрээг Орон сууц захиалан бариулах гэрээ гэж нэрлэсэн боловч тэдний тайлбар, гэрээний агуулгаас үзэхэд хариуцагчийн барьж ашиглалтад оруулах орон сууцнаас 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгч сонгон авч, үнийг төлөх, уг орон сууцыг хариуцагч хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцсон зэргээс үзэхэд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзнэ.
8а. Талуудын хооронд байгуулагдсан гэрээнд төлбөр төлөх дансны дугаар тусгагдаагүй байх ба Б.Т нь гэрээний үүрэгт 75,583,500 төгрөгийг 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр С ХХК-ийн борлуулалтын албанд менежер ажилтай гэх Х.Бийн Хаан банк ХК-ийн 555555555555 тоот дансанд байрны үнэ гэх утгаар,
Х.Бь нь 73,500,000 төгрөгийг 2021.04.09-2021.04.12-ны өдрийн хооронд SUURI гэх утгаар С.Аийн Г ХК-ийн 1111111 тоот дансанд шилжүүлсэн болох нь Х.Бийн Хаан банк ХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Г ХК-ийн 2024.04.09-ний өдрийн 8888888888 тоот албан бичгээр тус тус тогтоогдож байна. /хх 9, 184-186, 199/
8б. Б.Т, С ХХК-ийн хооронд 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр байгуулагдсан №11111111 дугаартай гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-т Уг байр нь 100 хувь Э ХХК-ийн бартерын байр бөгөөд төлбөр тооцоо болон НӨАТ-тэй холбоотой бүх асуудлыг Э ХХК бүрэн хариуцах болно гэж тусгасан.
9. Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-т Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө гэж, 211.2-т Үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн бол гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн буюу ийнхүү гүйцэтгэснээр үүрэг гүйцэтгүүлэгч ашиг олсон нөхцөлд уул үүргийг гүйцэтгэсэнд тооцно гэж тус тус заасан.
9а. С ХХК-тай 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан гэрээг Э ХХК-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал Я.Дгийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ..гэрээ байгуулах, гэрээнд төлөөлж гарын зурах, төлөөлөх эрх...олгосон итгэмжлэлийн үндсэн дээр С.А байгуулсан болох нь тогтоогдсон. /хх 203/
9б. Хариуцагч С ХХК нь 2022.02.11-ний өдөр Б.Тд ...Э ХХК нь дээрх гэрээний үүргийг зохих ёсоор биелүүлээгүй тул орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөх боломжгүй нөхцөл байдал үүссэн, цаашид энэ байдал үргэлжлэх тохиолдолд орон сууцыг чөлөөлөх хүртэл арга хэмжээ авах... болсныг мэдэгдсэн мэдэгдлийг хүргүүлсэн байна./хх 10/
9в. Дээр дурдсан тогтоогдож буй үйл баримтыг нэгтгэн дүгнэвэл, С ХХК-ийн барьж гүйцэтгэсэн орон сууцыг Б.Т худалдан авч, үнийг С ХХК-д төлсөн, С ХХК нь уг төлбөрийг Э ХХК-тай байгуулсан гэрээний үүрэгт шилжүүлэн өгсөн, орон сууцны төлбөр төлөгдсөн тул С ХХК нь орон сууцыг Б.Тын эзэмшил, ашиглалтад шилжүүлэн өгсөн, Э ХХК-д холбогдуулан 600,000,000 төгрөгийг гэрээгээр халхавчлан залилсан гэх хэрэг бүртгэлтийн хэрэгт С ХХК хохирогчоор тогтоогдсон болох нь тогтоогдож байна. /хх 61-71/
9г. Үүнээс үзэхэд Б.Т болон С ХХК-ийн хооронд байгуулагдсан орон сууц захиалгын гэрээтэй холбоотой эрүүгийн журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй, харин Скай вип консктракшн ХХК болон Э ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээтэй холбоотой маргаан эрүүгийн журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа гэх үндэслэлтэй.
10. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж заасан.
10а.Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.6-т Гүйцэтгэгч захиалагчид байрыг ашиглалтад орсны дараа эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ гарахад шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлж өгнө гэж заасан, С ХХК нь гэрээний зүйлийг 2021 оны 02 дугаар улиралд багтаан хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн ба талууд орон сууцыг улсын комисс хүлээн авсан болон орон сууцны хаягжилт /дугаарлалт/-ыг 22222222 дугаар хороо, Д*******,*******,*******,******* тоот, 58.21 мкв талбайтай гэдэгтэй маргаагүй.
10б.Нэхэмжлэгч нь дээрх орон сууцыг бодитоор эзэмшиж, амьдарч байгаа боловч хариуцагч нь Э ХХК-тай байгуулсан гэрээний үүрэгтэй холбогдуулан орон сууцны өмчлөх эрхийг холбогдох бичиг баримтын хамт хүлээлгэн өгөх үүргээ биелүүлэхээс татгалзаж байгааг үндэслэлгүй гэж үзнэ.
11. Иймд хариуцагч С ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн болох нь тогтоогдож байх Б.Тыг, 22222222 дугаар хороо, тоот хаягт байрлах 58.21 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, нэхэмжлэгч Б.Тд өмчлөх эрхийг бүртгэхтэй холбоотой баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагч С ХХК-д даалгах нь зүйтэй.
12. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-т заасныг баримтлан хэргийг шийдвэрлэхдээ түүний урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтгаж үзсэн болохыг дурдах нь зүйтэй.
13. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага хангасан хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг хариуцах үүрэгтэй тул улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч С ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 621,070 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 621,070 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Тыг 22222222 дугаар хороо, хаягт байрлах 58.21 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, нэхэмжлэгч Б.Тд өмчлөх эрхийг бүртгэхтэй холбоотой баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагч С ХХК-д даалгасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан хариуцагч С ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 621,070 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Тд олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 621,070 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т заасныг баримтлан мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд тус шүүхийн шүүгчийн 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 33333333 дугаар захирамжаар авсан Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай арга хэмжээ нь хэвээр үйлчлэх болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.8, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг тус тус баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ