Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 101/ШШ2024/02666

 

 

 

 

 

 

 

 

2024 05 16 101/ШШ2024/02666

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *** хаягт оршин суух, *** *******ийн ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:*** хаягт оршин суух, *** *******ийн ******* /РД:ЕЛ86031815/-д холбогдох,

 

Хууль бус эзэмшлээс автомашиныг гаргуулах тухай үндсэн, 18-63 УАУ улсын дугаартай автомашиныг өмчлөлд шилжүүлж өгөхийг даалах тухай сөрөг нэхэмжлэлийг 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Т.*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Т ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Т.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг өмгөөлөгч Н.Тын хамт шүүх хуралдаанд дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

Иргэн Т. ******* миний бие Тоёота Приус маркийн машиныг хууль ёсны өмчлөгч бөгөөд Жи Эс Би Капитал ББСБ ХХК-ны нэр дээр фидуцийн гэрээгээр сар болгон зээлээ төлдөг байсан.

Гэтэл хариуцагч П. ******* нь 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр манай нөхөр тай наймаа хийсэн гээд хууль ёсоор эзэмшдэг Тоёота Приус маркийн 18-63 УАУ дугаартай машиныг аваад явсан. Манай нөхөртэй наймаа хийсэн гэж хэлснээс биш надтай ямар нэгэн байдлаар ярилцаж тохиролцсон зүйл байхгүй, би түүнд машиныг хүлээлгэж өгөөгүй, ыг жолоодоод явж байхад түүнээс авсан.

П.*******оос машинаа авъя гэж утсаар ярихад "машиныг чинь өгөхгүй" гэж надад хэлсэн.

Миний бие Жи Эс Би Капитал ББСБ ХХК-иас анх автомашиныг авахдаа Хаан банкнаас цалингийн зээл авч урьдчилгааг төлсөн, төлбөрийг цалингаасаа төлдөг. Өөрөр хэлбэл автомашин бол гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгө биш, харин Т.*******гийн хуваарьт хөрөнгө юм.

П.*******той машинаа авъя гэж утсаар ярих үед ББСБ-д төлөх төлбөрөө төлж дуусаагүй байсан, харин одоо бол машины төлбөрийг төлж дуусгасан. Машины гэрчилгээг өөрий нэр дээр солиулах гэхээр гэрчилгээ нь машинтай хамт байгаа болохоор солиулж чадахгүй байна.

Хариуцагч нь талуудын хооронд арилжааны гэрээ байгууулагдсан гэх боловч ийм гэрээ талуудын хооронд хийгдээгүй, амаар хийгдсэн үйл баримт байхгүйгээс гадна уг гэрээг нэхэмжлэгчийн нөхөр тай хийсэн гэх боловч үүнийгээ баримтаар нотлоогүй. Хариуцагчийн хүсэлтээр асуугдсан гэрчүүдийн мэдүүлэгт, талуудын хооронд хэлцэл хийгдсэн баримт байхгүй гэснээс үзэхэд Т.******* болон П.******* нарын хооронд хэлцэл хийгдээгүй болох нь тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь машиныг фидуцийн гэрээгээр авсан тул тэрээр өмчлөгчийн хувьд шаардах эрхтэй учраас хариуцагчийн хууль бус эзэмшлээс машиныг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан.

Зээлийн гэрээний дагуу төлбөл зохих төлбөрийг нэхэмжлэгч нь Жи Эс Би Капитал ББСБ ХХК-д төлж дуусгаад өмчлөлдөө шилжүүлж авах байтал П.******* машиныг дур зоргоор эзэмшиж өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулж байна.

Иймд П.*******ийн хууль бус эзэмшлээс Тоёота Приус маркийн 18-63 УАУ дугаартай машиныг гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч П.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Зол-Эх нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүх хуралдаанд татгалзлын үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

2023 оны 9 сард нэхэмжлэгч Т.*******, түүний нөхөр н.Отгонбаяр нар П.*******той ирж уулзаад, ах нь ачаа зөөх хэрэгтэй байна гээд П.*******ийн эзэмшилд байгаа дугаартай авто машиныг аваад, оронд нь *******гийн нэр дээр байгаа, н.Отгонбаярын эзэмшилд байгаа 1863 УАУ дугаартай Приус маркийн автомашинаар харилцан солилцох тухай санал тавьснаар нэхэмжлэгч, хариуцагч нар амаар арилжааны гэрээ байгуулсан.

Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1-т Арилжааны гэрээгээр талууд тодорхой хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээнэ гэж заасны дагуу бид харилцан автомашинуудаа солилцсон. Мөн талууд арилжааны гэрээндээ автомашин солилцсонтой холбогдуулан үнийн зөрүүгүй байхаар тохиролцсон.

Нэхэмжлэгч Т.*******гийн PRIUS маркийн 1863 УАУ улсын дугаартай автомашин нь Т.******* болон "GSB Capital ББСБ нарын хоорондын 2022 оны 04 сарын 20-ны өдрийн ЗГ,1003220171 дугаартай зээлийн гэрээ түүний хавсралт 2022 оны 04 сарын 20-ны өдрийн 3Б1003220171 дугаартай Үүргийн гүйцэтгэл хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх /фидуци/-ийн гэрээний дагуу GSB Capital ББСБ-ын хууль ёсны өмчлөлд байдаг.

Хариуцагчийн эзэмшил, ашиглалтад байдаг Porter II маркийн 0089 УБА улсын дугаартай автомашин нь миний төрсөн ах *******ийн Хишигтогтохын хууль ёсны өмчлөлд байдаг гэдгээ анх гэрээ байгуулах үедээ харилцан бие биедээ мэдэгдэж байсан.

Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан арилжааны гэрээний дагуу Т.******* нь "GSB Capital"-тай байгуулсан зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлсний дараа миний өмчлөлд PRIUS маркийн 1863 УАУ улсын дугаартай автомашиныг шилжүүлэх, мөн би тухайн үед нь Porter II маркийн 0089 УБА улсын дугаартай автомашиныг нэхэмжлэгч Т.*******гийн өмчлөлд шилжүүлэх талаар харилцан тохиролцсон.

Энэ үйл явдал 2023.09 сард Баянзүрх дүүрэг, Монелын орчимд болсон талаар нэхэмжлэгч *******гийн нөхөр н.Отгонбаярын дүү болох н.Хишигбаяр, П.*******той тухайн үед хамт ажиллаж байсан н.Ариунболд, н.Ганбат нар мэдүүлсэн.

Машиныг солилцоход Т.******* өөрөө хамт явж байсан бөгөөд машин өгсөн, авсан дээр талууд тухайн үед маргахгүй байж байтал хэд хоногийн дараа Т.******* нь Porter II маркийн 0089 УБА улсын дугаартай автомашиныг таньдаг хүндээ зарахаар болсон, нэрийг нь шилжүүлж өгөөч гэхээр нь танайх Приус маркийн авто машиныхаа ББСБ-ын зээлийг төлж дуусгаад, миний нэр дээр Приусыг шилжүүлж өгсний дараа Портер 2 авто машины нэрийг шилжүүлнэ гэдгийг гэсэн.

Харин одоогийн байдлаар нэхэмжлэгч Т.******* нь Porter II маркийн 0089 УБА улсын дугаартай автомашиныг бусдад зарж мөнгийг өөрсдийн хувийн хэрэгцээнд ашигласан гэж үзэж байгаа, машин одоо яг хаана байгааг нь мэдэхгүй байна. Машины гэрчилгээ н.Хишигтогтохын нэр дээр байсан, шүүх дээр маргаан үүсэхэд ах нь өөрийнхөө машиныг ав гээд дүү П.*******ид бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн.

Талууд гэрээ хийгээгүй, хэлцэл хийгээгүй гэж байна. Хэрэв хэлцэл хийгээгүй гээд байгаа бол шууд хулгайн гэмт хэрэг гэж үзэх юм уу сайн ойлгохгүй байна.

Гэтэл нэхэмжлэгч Т.******* нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан эрхийн зөрчилгүй хөрөнгө худалдах үүргээ зөрчин хууль бус наймаа хийж, бусдын эзэмшлийн машин дамнан зарсан байж, PRIUS маркийн 1863 УАУ улсын дугаартай автомашиныг хууль бусаар авсан мэт нэхэмжлэл гаргасан нь огт үндэслэлгүй, хууль бус тайлбар юм.

Нэхэмжлэгчийн шүүхэд өгсөн нотлох баримтаас харахад Т.******* болон "GSB Capital ББСБ нарын хоорондын 2022 оны 04 сарын 20-ны өдрийн ЗГ1003220171 дугаартай Зээлийн гэрээний хавсралт болох 2022 оны 04 сарын 20-ны өдрийн Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх /фидуци/ гэрээний Хоёрт заасан гэрээний ашиглуулахгүй байх" гэж заасан байна. нөхцөл хэсэгт Гүйцэтгэгчийн хөрөнгийг хэрхэн хамгаалах талаар "Бусдад эзэмшүүлж, зарцуулахүй байх гэж заасан байна.

Гэтэл нэхэмжлэгч Т.******* нь надтай автомашинаа солилцох талаар арилжааны гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар хууль зөрчсөн буюу анхнаасаа бидэнтэй машин солилцох талаар арилжааны гэрээ байгуулах эрхгүй этгээд байсан гэдэг нь нотлогдож байгаа тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэх эрхгүй гэж үзэж байна

Иймд нэхэмжлэгч Т.*******гийн бусдын хууль бус эзэмшлээс автомашиныг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Хариуцагч П.******* нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг шүүх хуралдаанд дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд :

Т.******* нь 2023 оны 09 дүгээр сард ачаа зөөх машин хэрэгтэй байна, Prius маркийн 1863 УАУ автомашинаар, миний өөрийн эзэмшил, ашиглалтад байдаг Porter II маркийн 0089 УБА улсын дугаартай автомашиныг солих санал гаргасан.

Тус саналыг хүлээн аваад бид Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасны дагуу Арилжааны гэрээг амаар байгуулж, автомашинаа солилцсон.

Бидний хооронд байгуулсан арилжааны гэрээний дагуу Т.******* нь "GSB Capital ББСБ-тай байгуулсан зээлийн гэрээний үүргээ бүрэн төлж дууссаны дараа харилцан солилцсон автомашинуудыг бие, биеийнхээ нэр дээр шилжүүлж өгөхөөр тохирсон.

Гэтэл Т.******* нь миний ахын өмчлөлд байдаг Porter II 0089 УБА дугаартай автомашиныг цааш нь гуравдагч этгээдэд хууль бусаар зарж, мөнгийг өөрсдийн хэрэгцээнд ашигласан байдаг бөгөөд тус машины өмчлөх эрх нь миний нэр дээр бүртгэлтэй байдаг.

Т.******* нь "GBS Capital" ББСБ-тай байгуулсан ЗГ1003220171 дугаартай зээлийн гэрээний үүргийг бүрэн төлж барагдуулсан байх бөгөөд Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт "Арилжааны гэрээгээр талууд тодорхой хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээнэ гэж заасны дагуу Prius маркийн 1863 УАУ улсын дугаартай автомашиныг П.******* миний өмчлөлд шилжүүлж өгөхийг даалгуулах сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна.

Нэхэмжлэгч П.*******ийн зүгээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай хобогдуулан Prius маркийн 1863 УАУ улсын дугаартай автомашиныг П.*******ийн өмчлөлд шилжүүлж өгсний дараа Porter II 0089 УБА дугаартай автомашиныг нэхэмжлэгч Т.*******гийн өмчлөлд шилжүүлэн өгөх болно гэв.

 

4. Нэхэмжлэгч Т.******* нь өмгөөлөгч Н.Тын хамт шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлийн шааардлагын татгалзлын үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Нэхэмжлэгч Т.******* нь цалингийн зэээл авч урьдчилгаа төлбөрийг төлсний үндсэн дээр банк бусаас зээлээр Тоёота приус маркийн авто машиныг авсан.Хариуцагч нь талуудын хооронд арилжааны гэрээг болзол тавьж хийсэн хэлцэл гэж тайлбарлаж байгаа боловч уг хөрөнгө эрхийн зөрчилгүй байхыг шаардана.

П.*******ийн хувьд Портер 2 уг машиныг бусдад зарж, борлуулах ямар ч эрхгүй, тээврийн хэрэгслийн өмчлгч П.Хшигтогтох байх ба гэрчүүдийн мэдүүлгээр өмчлөх эрхийг тодорхойох боломжгүй.

Хэрэгт авагдсан тээврий хэрэгслийн гэрчилгээгээр П.******* нь Портер 2 маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгч биш байх ба тэрээр машиныг бусдад худалдах эрхгүй этгээд байхаас үзэхэд эрхийн зөрчилтэй хөрөнгө байна.

Түүнээс гадна н.Отгонбаяртай хэлцэл хийсэн гэх боловч тэрээр өмчлөгч биш, арилжааны гэрээг хугацаа тогтоож хийсэн гэх боловч баримтаар тогтоогдохгүй байхаас гадна гэрчүүд харсан учраас арилжааны гэрээ байгуулагдсан гэдэг үндэслэлгүй юм. Мөн эрхийн доголдолтой, өмчлөх эрхгүй этгээд хоорондоо тохиролцсон нь арилжааны гэрээ байгууулагдсан гэж үзэх боломжгүй юм.

Үүнээс үзэхэд Т.******* болон П.******* нарын хооронд арилжааны гэрээ байгуулагдаагүй байтал машиныг сольж авч явснаар хүсэл зоригийн илэрхийлэл байсан гэж тайлбарлагдахгүй.

Иймд талуудын хооронд арилжааны гэрээ байгуулагдсан болох нь тогтоогдохгүй байх тул 00-89 УАУ улсын дугаартай автомашиныг П.*******ийн нэр дээр шилжүүлэхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

5. Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтууд болох:

 

5.1. Нэхэмжлэгчээс ирүүлсэн: Нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Т.******* болон Жи Эс Би капитал ББСБ ХХК-ийн хооронд 2022.04.20-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/, тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ, жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын маягт, жолоочийн хариуцлагын маягт, Т.*******гээс 2024.03.28-ны өдөр Г.Отгонжаргалд олгосон итгэмжлэл, Би Би Эс капитал ББСБ ХХК-ийн 2024.04.18-ны өдрийн 24/463 тоот зээл, хүүгийн төлбөргүй болохыг тодорхойлсон тодорхойлолт, Т.*******гийн Хаан банк ХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 1-10,60, 64-101 /,

5.2. Хариуцагчаас ирүүлсэн: П.*******оос 2023.12.28-ны өдөр Ж.Зол-Эхэд, 2024.03.29-ний өдөр Т.Сумкяабазарт тус тус олгосон итгэмжлэл, хариу тайлбар, 16-72 УНА улсын дугаартай Портер 2 маркийн тэээврийн хэрэгслийнн гэрчилгээний хуулбар, П.Хишигтгтохын Хаан банк ХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга, сөрөг нэхэмжлэлийн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, /хх 18, 21-22,34,38-42, 102-104/

5.3. Шүүхийн журмаар бүрдүүлсэн: Авто тээврийн үндэсний төвөөс ирүүлсэн 18-63 УАУ, 00-89 УБА улсын дугаартай тээврий хэрэгслийн өмчлөгчийн бүртгэлтэй холбоотой баримт, гэрчээр Ж.Хишигбаяр, Б.Ариунболд, Б.Ганбат, Б.Гүенбаатар нарыг асуусан зүйлийн тэмдэглэл, тэдний иргэний үнэмлэхийн хуулбар,

Авто тээврийн үндэсний төвөөс ирүүлсэн 18-63 УАУ улсын дугаартай Приус, 00-89 УБА, 16-72 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөл бүртгэгдсэнтэй холбоотой баримт /хх 28-,107-124, 135-151/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Т.******* нь хариуцагч П.*******ид холбогдуулан 18-63 УАУ улсын дугаартай Toyota Prius маркийн тээврийн хэрэгслийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан.

 

2. Хариуцагч нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч талуудын хооронд арилжааны гэрээ байгуулагдсан тул тээврийн хэрэгслийг өмчлөлд шилжүүлж өгөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж маргасан.

 

3. Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

4. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг Би Би Эс капитал ББСБ ХХК-ийн өмчлөлийн, өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардсан, түүнтэй ямар нэгэн гэрээ хэлцэл байгуулаагүй гэж тайлбарласан.

 

4а. Т.******* болон Жи Эс Би капитал ББСБ ХХК-ийн хооронд 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр №ЗГ/1003220171 дугаартай зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээгээр зээлдүүлэгч нь 16,500,000 төгрөгийг, сарын хугацаатай, автомашин худалдан авах зориулалтаар зээлдүүлэх,

Зээлдэгч нь зээлийг, хүүгийн хамт тогтоосон хугацаанд эргүүлэн төлөх, ... гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулах зорилгоор фидуцийн гэрээнд тодорхойлсон хөрөнгийн өмчлөх эрхийг зээлдүүлэгчийн өмчлөлд шилжүүлэхээр харилцан тохиролцжээ. /хх 3-4/

 

4б. Мөн өдөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ байгуулагдсан, уг гэрээний дагуу Жи Эс Би капитал ББСБ ХХК нь гэрээний зүйл болох Toyota Pius маркийн, 1863 УАУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг шилжүүлэн авсан. /хх 6-7, , 136-142/

 

4в. Дээр дурдсан гэрээнээс үзэхэд, Т.******* болон Жи Эс Би капитал ББСБ ХХК-ийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, үүргийн гүйцэтгэлийг хангах арга болгож үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ байгуулагдсан, гэрээний дагуу Жи Эс Би капитал ББСБ ХХК-ийн өмчлөлд 1863 УАУ улсын дугаартай тээврийн хэрэгсэл бүртгэгдсэн болох нь тогтоогдож байна.

 

5. Хариуцагч нь Toyota Pius маркийн, 1863 УАУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг, 0089 УБА улсын дугаартай Hyundai Porter маркийн тээврийн хэрэгслээр солилцох талаар Т.******* болон түүний нөхөр тай амаар тохиролцож арилжааны гэрээ байгуулагдсан, талууд ийнхүү тохиролцсон болохыг гэрчийн мэдүүлэг нотолно гэж маргасан.

 

5а. Хэрэгт, Авто тээврийн үндэсний төвөөс ирүүлсэн, 0089 УБА, 1672 УНА улсын дугаартай Hyundai Porter маркийн тээврийн хэрэгслийн өмчлөлийг бүртгэсэн баримт авагдсан байх ба энэхүү баримтаар,

0089 УБА улсын дугаартай Hyundai Porter маркийн тээврийн хэрэгсэл нь 2022.05.18-ны өдрөөс 2024.03.28-ны өдрийн хооронд П.Хишигтогтохын өмчлөлд бүртгэгдсэн,

2024.03.28-ны өдрийн Д.Хишигтогтох болон П.******* нарын хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээгээр 1672УНА улсын дугаартай болж Д.*******ийн өмчлөлд шилжин бүртгэгдсэн болох нь тогтоогдож байна. /хх 143-150/

 

6. Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1-т Арилжааны гэрээгээр талууд тодорхой хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээнэ, 274.3-т Арилжааны гэрээнд худалдах-худалдан авах гэрээний талаархи энэ хуулийн холбогдох заалтууд нэгэн адил хамаарна гэж тус тус зааснаас үзэхэд талуудын хооронд байгуулагдсан арилжааны гэрээ нь худалдах, худалдан авах гэрээний шинжийг агуулсан байхыг шаардана.

 

6а.Худалдах, худалдан авах гэрээний онцлог нь нэг этгээдээс нөгөө этгээдэд өмчлөх эрх шилжих учиртай бөгөөд худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүрэг хүлээхээр байна.

 

6б. Авто тээврийн үндэсний төвөөс ирүүлсэн баримтаар, талуудын тээврийн хэрэгслийг солилцсон гэж байгаа цаг хугацаанд буюу 2022 оны 09 сард нэхэмжлэгчийн гэх 1863 УАУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр Жи Эс Би капитал ББСБ ХХК, хариуцагчийн гэх 0089 УБА улсын дугаартай Hyundai Porter маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр П.Хишигтогтох нар бүртгэлтэй байгаагаас үзэхэд талуудын хувьд эдгээр хөрөнгийг эрхийн зөрчилгүй хөрөнгө гэж тооцох үндэслэлгүй.

 

6в.Түүнчлэн гэрч Ж.Хишигбаяр, Б.Ариунболд, Б.Ганбат, Б.Гүенбаатар нарын ... 0089 УБА улсын дугаартай Hyundai Porter маркийн тээврийн хэрэгсэл нь П.*******ийн өмчлөлийнх ...гэх мэдүүлэг нь Иргэний хуулийн 183 дугаар зүйийн 183.1-т заасан улсын бүртгэлийг үгүйсгэх үндэслэл болохгүй юм.

Мөн хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Т.*******гийн нөхөр нь дээрх хөрөнгийг өмчлөх эрхтэй гэдэг нь баримтаар тогтоогдсонгүй.

 

7. Иргэний хуулийн 275 дугаар зүйлийн 275.1Арилжааны гэрээгээр харилцан солилцож байгаа хөрөнгийн үнэ нь тэнцүү биш бол үнийн зөрүүг мөнгөөр тооцож болно гэж заасан байх ба зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар талууд харилцан солилцож байгаа хөрөнгийн үнийн талаар хэрхэн тохиролцсон нь тодорхойгүй байна.

 

7а. Дээрх тогтоогдож буй үйл баримтаас үзэхэд талуудын хооронд 1863 УАУ улсын дугаартай Toyota Prius маркийн тээврийн хэрэгслийг, 0089 УБА улсын дугаартай Hyundai Porter маркийн тээврийн хэрэгслээр харилцан солилцохоор тохиролцсон, эдгээр тээврийн хэрэгслийн эрхийн зөрчил арилсан үед өмчлөх эрхийг шилжүүлэхээр тохиролцсон гэх байдал нь тогтоогдсонгүй гэж үзэв.

 

Үүнээс үзэхэд хариуцагч нь талуудын хооронд арилжааны гэрээ байгуулагдсан гэх татгалзал, шаардлагыхаа үндэслэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлсэнгүй.

 

8. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй, 106.2-т Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй, 106.4-т Энэ хуулийн 106.2, 106.3 нь хууль ёсны эзэмшигчид нэгэн адил хамаарна гэж тус тус заасан.

 

8а. Хэрэгт авагдсан баримтаар, Т.******* болон Би Эс Би капитал ББСБ групп ХХК-ийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүргийг хангах арга болгож, тэдний хооронд 1863 УАУ тээврийн хэрэгслийг зээлдүүлэгчийн өмчлөлд бүртгүүлсэн, зээлийн гэрээний үүрэг бүрэн биелэгдсэн тохиолдолд зээлдэгч нь хөрөнгийг өөрийн өмчлөлд буцаан шилжүүлэн авахаар тохиролцсон байх тул тэрээр Иргэний хууулийн 90 дүгээр зүйлийн 90.1-т зааснаар шударга эзэмшигч, тэрээр бусдын хууль бус эзэмшлээс өөрийн хөрөнгийг шааардах эрхтэй байна.

 

9. Иймд талуудын хооронд арилжааны гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх хариуцагч П.*******ийн хууль бус эзэмшлээс 1863 УАУ улсын дугаартай Toyota Prius маркийн тээврийн хэрэгслийг гаргуулан нэхэмжлэгч Т.*******д олгож,

Т.*******д холбогдох, 1863 УАУ улсын дугаартай Toyota Prius маркийн тээврийн хэрэгслийг өмчлөлдөө шилжүүлж өгөхийг даалгах тухай, П.*******ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

10. Нэхэмжлэлийн шаардлага хангасан хэмжээгээр хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжийг хариуцах үүрэгтэй тул хариуцагч П.*******оос улсын тэмдэгтийн хураамжид 275,650 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.*******д олгож,

хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож байх тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 240,450 төгрөг, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 275,650 төгрөгийг тус тус орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т заасныг баримтлан, хариуцагч П.*******ийн хууль бус эзэмшлээс 1863 УАУ улсын дугаартай Toyota Prius маркийн тээврийн хэрэгслийг гаргуулан нэхэмжлэгч Т.*******д олгосугай.

 

2. Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1-т заасныг баримтлан, Т.*******д холбогдох, 1863 УАУ улсын дугаартай Toyota Prius маркийн тээврийн хэрэгслийг өмчлөлдөө шилжүүлж өгөхийг даалгах тухай, П.*******ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч П.*******оос улсын тэмдэгтийн хураамжид 275,650 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.*******д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 275,650 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 240,450 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.8, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг тус тус баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Б.ЦОЛМОНГЭРЭЛ