| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмонгэрэл |
| Хэргийн индекс | 101/2024/01175/И |
| Дугаар | 101/ШШ2024/02532 |
| Огноо | 2024-05-09 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 101/ШШ2024/02532
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг ***** хаягт байрлах, ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, ****** хаягт оршин суух, Ба*******гийн Т******* /РД:*******/-д холбогдох,
Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 2,019,700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ч******* нар оролцов.
Хариуцагч Б.Т******* нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шйидвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ шүүх хуралдаанд дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Б.Т******* нь манай "Үйлчилгээний нөхцөл"-ийг хүлээн зөвшөөрч MobiZone үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган 2016 оны 02 сарын 19-ний өдөр ******* тоот гэрээ байгуулж ******* дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт багцын үйлчилгээ ашиглаж эхэлсэн. 2022 оны 12 сарын 20-ны өдөр үйлчилгээгээ MyMobi үйлчилгээнд шилжүүлж мөн гар утас, төхөөрөмж зээлээр болон хөнгөлттэй нөхцлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээ байгуулж 3,299,000 төгрөгний үнэтэй Samsung Galaxy S22 128GB Green гар утасны төлбөрийг 24 сар хуваан төлөхөөр зээлээр авсан.
2021 оны 12 сарын 08-ны өдөр Hybrid 9900 үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган тоот гэрээ байгуулан дугаартай үүрэн холбооны хосолсон төлбөрт багцын үйлчилгээ ашиглаж эхэлсэн.
Б.Т******* нь хууль болон гэрээнд заасан үүргээ үл биелүүлэн ******* дугаарын үйлчилгээний төлбөр, зээлээр авсан гар утасны 2023 оны 03, 04, 05-р сарын төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон гэрээний дагуу төлөх нийт төлбөр 3,375,259 төгрөг төлөхийг сануулж анхааруулсан.
Тэрээр төлбөрөөс 1,315,259 төгрөг төлсөн, барьцаа 60,000 төгрөгийг төлбөрийн үлдэгдлээс хассан боловч үлдэх 2,000,000 төгрөг, дугаарын үйлчилгээний 2023 оны 01, 02-р сарын төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон гэрээний дагуу төлөх нийт төлбөр 19,700 төгрөг төлөхийг тус тус сануулсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна.
Мөн түүнд шүүхээс нэхэмжлэлийг гардуулан өгсөн боловч хариу тайлбарыг хуульд заасан хугацааны дотор ирүүлээгүй байхаас гадна шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэлтэй байна.
Иймд Б.Т*******аас зээлээр авсан Samsung Galaxy S22 128GB Green гар утасны төлбөрийн үлдэгдэл 2,000,000 төгрөг, дугаарын үйлчилгээний төлбөр 19,700 төгрөг, нийт 2,019,700 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хангажйгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү.
2. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:
2.1. Нэхэмжлэгчээс ирүүлсэн: нэхэмжлэл, төлбөрийн даалгавар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, нэхэмжлэгчээс 2022.04.22-ны өдөр Ц.А*******олд олгосон 1/2571 дугаартай итгэмжлэл, талуудын хооронд байгуулагдсан *******, 43545390 дугаартай үйлчилгээний гэрээ, хэрэглэгчийн хувийн мэдээлэл, гар утас, төхөөрөмж зээлээр болон хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээ, харилцагчийн гүйлгээ /хх 1-16/,
2.2. Хариуцагчаас ирүүлсэн: Б.Т*******ын иргэний үнэмлэхийн хуулбар /хх 24/ зэргийг бүхэлд нь шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Б.Т*******д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 2,019,700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
2. Хариуцагч нь 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр нэхэмжлэлийг гардан авсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй. /хх 24
3. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
4. ******* ХХК-ийн, худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 2,019,700 төгрөг гаргуулах тухай, Б.Тшвшинжаргалд холбогдох нэхэмжлэлийг 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгчийн 101/ШЗ2024/03627 дугаар захирамжаар 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэсэн, 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШЗ2024/05500 дугаар захирамжаар хариуцагч Б.Т*******ыг шүүхэд албадан ирүүлэхийг Цагдаагийн байгууллагад даалгасан, түүнд 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр нэхэмжлэлийг гардуулан өгч, түүнд зохигчийн эрх, үүргийг тайлбарлан өгч, хэрэгт авагдсан баримтуудтай танилцуулсан. /хх 24-27/
4.а. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар хариуцагч Б.Т******* нь нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш уг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг 2024 оны 05 дүгээр сарын 03-ны өдөр шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй, түүнээс хойш хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүртэлх хугацаанд ирүүлээгүй байхаас гадна тэрээр товлосон шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй болох нь тогтоогдож байна. /хх 28,30,32/
4.б. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т:Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, мөн хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж зааснаас үзэхэд хариуцагч Б.Т******* нь хуульд заасан дээрх үүргээ биелүүлээгүй нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох, түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлийг бий болгосон гэж үзэв.
5. Нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5а. Талуудын хооронд 2016 оны 02 сарын 19-ний өдөр ******* тоот гэрээ байгуулагдаж, хэрэглэгч нь ******* дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт багцын үйлчилгээ ашиглах, 2022 оны 12 сарын 20-ны өдөр үйлчилгээг MyMobi үйлчилгээнд шилжүүлэх,
гар утас, төхөөрөмж зээлээр болон хөнгөлттэй нөхцлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээгээр 3,299,000 төгрөгний үнэтэй Samsung Galaxy S22 128GB Green гар утасны төлбөрийг 24 сар хуваан төлөх,
2021 оны 12 сарын 08-ны өдөр байгуулагдсан тоот гэрээгээр, Hybrid 9900 үйлчилгээний, дугаартай үүрэн холбооны хосолсон төлбөрт багцын үйлчилгээ ашиглах, гэрээнд заасны дагуу зохих төлбөрийг төлөх,
Нийлүүлэгч нь үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг үзүүлэх, мөн үйлчилгээний үнэ тарифийн талаар тохиролцсон байна.
5б. Зохигч гэрээний талаар маргаагүй тул зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т:Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.
6. Нэхэмжлэгч нь гэрээнд заасны дагуу үйлчилгээг үзүүлсэн, ******* дугаарын үйлчилгээний төлбөр, зээлээр авсан гар утасны 2023 оны 3,4,5 сарын төлбөрийг төлөөгүй тул үйлчилгээг зогсоон төлбөр 3,375,259 төгрөгийг төлөхийг сануулахад 1,315,259 төгрөгийг төлж, үлдэх төлбөрөөс барьцаа 60,000 төгрөгийг хассан боловч үлдэх 2,000,000 төгрөг,
дугаарын үйлчилгээний 2023 оны 1,2 сарын төлбөрийг төлөөгүй тул үйлчилгээг зогсоон төлбөр 19,700 төгрөгийг төлөхийг сануулсан боловч төлөөгүй тул гэрээний үүрэгт 2,019,700 төгрөг шаардсан гэж тайлбарласан.
7. Талуудын хооронд 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр байгуулагдсан ******* тоот үйлчилгээний гэрээний 6 дугаар зүйлийн 6.1, 6.4, 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр байгулагдсан 43545390 тоот үйлчилгээний гэрээний 8 дугаар зүйлийн 8.1, 8.4-т Хэрэглэгч нь сонгосон идэвхжүүлсэн үйлчилгээний барьцаа, бүртгэл, суурилуулт, үйлчилгээний үнэ, хэрэглээний төлбөрийг төлөх үүрэгтэй, Хэрэглэгч нэхэмжилсэн төлбөрийг төлөөгүй 3 сар болсон тохиолдолд үйлчилгээ үзүүлэгч нь барьцаа төлбөрийг суутгах эрхтэй,
******* тоот гэрээний 7 дугаар зүйлийн 7.1., 7.1.1,7.1.2, 43545390 тоот гэрээний 10 дугаар зүйлийн 10.1., 10.1.1, 10.1.2-т үйлчилгээ үзүүлэгч хэрэглэгчийн үйлчилгээг урьдчилан сануулалгүйгээр хязгаарлах, цуцлах, гэрээг дуусгавар болгох эрхтэй, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн, төлбөрөө тогтоосон хугацаанд төлөөгүй гэж тус тус заасан үндэслэлээр үйлчилгээг зогсоожээ
7а. Нэхэмжлэгчээс ирүүлсэн, Б.Т*******ын 2022.12.01-2024.01.02-ны өдрийн төлбөрийн нэхэмжлэхийн /гэрээний дугаар *******/ хэрэглээний хураангуй дээрх төлбөрийн үлдэгдэл 1,999,999.94 төгрөг,
Мөн дээрх хугацааны төлбөрийн нэхэмжлэхийн /гэрээний дугаар 4354390/ хэрэглээний хураангуй дээрх төлбөрийн үлдэгдэл 19,699.51 төгрөг гэснээс үзэхэд дээрх хугацааны төлбөрийг Б.Т******* төлөөгүй гэж үзэх үндэслэлтэй. /хх 10,14/
8. Иймд хариуцагч Б.Т*******аас гэрээний үүрэгт 2,019,700 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэв.
9. Нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-тХариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэж заасныг баримталсан болохыг дурдах нь зүйтэй.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага хангасан хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг хариуцах үүрэгтэй тул Б.Т*******аас улсын тэмдэгтийн хураамжид 47,266 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 47,266 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан хариуцагч Б.Т*******аас 2,019,700 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Т*******аас улсын тэмдэгтийн хураамжид 47,266 төгрөг аргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47,266 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.8, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг тус тус баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ