Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 01 өдөр

Дугаар  2022/ДШМ/234                 

 

 

 

 

 

 

   2022            3               1                                       2022/ДШМ/234                                                

 

Б.Ш-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Цогтгэрэл,

шүүгдэгч Б.Ш, түүний өмгөөлөгч О.Аззаяа,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 2022/ШЦТ/22 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Г.Цогтгэрэлийн бичсэн 2022 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 11 дугаартай эсэргүүцлийг үндэслэн Б.Ш-д холбогдох эрүүгийн 2006 02512 0412 дугаартай хэргийг 2022 оны 2 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Б.Ш, .... оны ... дүгээр сарын ...-ны өдөр ...... төрсөн, ....настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ...., .................-ийн хамт .............. тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:............../

Б.Ш нь Монгол Улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн бичиггүйгээр 2019 оны 5 дугаар сарын дундуур Оросын Холбооны Улсаас Хэнтий аймгийн нутаг дэвсгэрээр дамжин боомт бус газраар зорчих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилийг нэвтэрсэн,

2019-2020 оны хооронд байлдааны зориулалттай галт зэвсгийг хууль бусаар олж авсан, 2020 оны 9 дүгээр сар хүртэлх хугацаанд хадгалсан, 2020 оны 9 дүгээр сарын дундуур Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт бусдад шилжүүлсэн,

Б.Ш, Ч.Б нар нь бүлэглэн 2020 оны 5 дугаар сарын сарын 18-19-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Скай” их дэлгүүрийн гадна автомашины зогсоол дээр нийтийн хэв журмыг зөрчиж, байлдааны гар хийцийн галт зэвсэг хэрэглэн бусдад хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлэн хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан,

2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд 2020 оны 5 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Скай” их дэлгүүрийн гадна автомашины зогсоол дээр нийтийн хэв журмыг зөрчиж, байлдааны гар хийцийн галт зэвсэг хэрэглэн бусдад хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлэн хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэх үйлдлийн талаар цагдаагийн байгууллагад гэрч Х.Сыг мэдүүлэг өгөхдөө өөрөө үйлдсэн мэтээр зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор өөрт нь хүч хэрэглэсэн, ойр дотны хүнд нь хүч хэрэглэхээр заналхийлсэн гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Б.Ш-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогтой Б.Ш-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Монгол Улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр Монгол Улсын хилийг нэвтрэх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан байлдааны, хууль сахиулах зориулалттай галт зэвсэг, галт хэрэгсэл хууль бусаар олж авсан, хадгалсан, шилжүүлсэн буюу галт зэвсэг хууль бусаар эзэмших, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй, чөлөөтэй байх, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийг 1 дэх хэсэгт заасан Гэрч, хохирогчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор өөрт нь, ойр дотны хүнд нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, ятгасан буюу гэрчид хууль бусаар нөлөөлөх гэмт хэрэг үйлдсэн тус тус гэм буруутайд тооцож, шүүгдэгч Б.Шд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 15000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 6 сар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийг 1 дэх хэсэгт зааснаар 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийг тус тус баримтлан шүүгдэгч Б.Ш-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 жил 6 сар хорих ялаас 2 жилийг өршөөн хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялуудыг нэмж нэгтгэн 23.000.000 төгрөг, 6 сар хорих ялыг тус тусад нь эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ш-ын цагдан хоригдсон 37 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ш нь торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх, шүүхээс тогтоосон хугацааанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар  солихыг мэдэгдэж, Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар 2015 оны 10 дугаар сарын 31-ний өдөр төрсөн 6 настай хүү Ш.А-ыг /РД: УО15303135/-д асран хамгаалагч тогтоохыг харьяа дүүргийн Засаг даргад даалгаж, шүүгдэгч Б.Ш-д урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ талаар холбогдох эрх бүхий байгууллагад мэдэгдэхийг шүүгчийн туслахад даалгаж, шүүгдэгч Б.Ш-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Ш нь бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг баримтлан эд мөрийн баримтаар хураагдсан Тагнуулын Ерөнхий газрын мөрдөн шалгах газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа их бие TBO 5786 дугаартай, замагны дугаар арилсан Иж 79-8 загварын хийн буу 1 ширхэг, Макаров маркийн замаг, их биеийн 1944202785 дугаартай гар буу 1 ширхэг, 19 см урттай арагш сойх зориулалт бүхий үргээлгэний буу 1 ширхэг, 44 ширхэг улаан толгой бүхий сум, “Renington cases” гэх бичиг бүхий саарал өнгийн хуванцар хайрцагтай, зэс шаргал өнгөтэй малгайн хэсэгт “3882” гэсэн тэмдэглэгээтэй ган зүрхэвчтэй сум 12 ширхэг, 2670 дугаартай шинжилгээний дагавар хонгио 1 ширхэг, 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн д/х Б.Хос-Эрдэнэ гэж хаягласан шар бор өнгийн цаасан уутанд хийсэн хонгио 1 ширхэг, хар өнгийн арьсан материал бүхий сум хийх зориулалттай бууны гэр 1 ширхэг зэргийг тус тус шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлж, 1920 Макаров маркийн гар бууны гол төмрийн арчдас, замаг их бие дугаар 19442020785 гэж хаягласан бууны арчдас зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Тагнуулын Ерөнхий газрын мөрдөн шалгах газрын эд мөрийн баримт устгах комисст даалгаж, энэ талаарх баримтыг шүүхэд даруй ирүүлэхийг прокурорт даалгаж шийдвэрлэжээ.

Прокурор Г.Цогтгэрэл бичсэн эсэргүүцэлдээ: “...Шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд, шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо прокурорын яллах дүгнэлтэд дурдсан, шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнээс хальж, тухайн зүйл хэсэгт заасан гэмт хэргийн бүх шинжийг тоочин бичсэн нь шүүх Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарна. Тухайлбал, прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “байлдааны зориулалттай галт зэвсгийг хууль бусаар олж авсан, хадгалсан, бусдад шилжүүлсэн” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн байхад шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...Байлдааны, хууль сахиулах зориулалттай галт зэвсэг, галт хэрэгсэл...” гэж 3 төрлийн галт зэвсгийг бичсэн;

мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “бүлэглэн нийтийн хэв журмыг зөрчиж, галт зэвсэг хэрэглэн бусдад хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлэн, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн байхад шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...зэвсэг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн” гэж 2 төрлийн зүйлийг хэрэглэсэн мэтээр бичсэн.

мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...цагдаагийн байгууллагад гэрч Х.Сыг мэдүүлэг өгөхдөө өөрөө үйлдсэн мэтээр зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор өөрт нь хүч хэрэглэсэн, ойр дотны хүнд нь хүч хэрэглэхээр заналхийлсэн, ятгасан” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн байхад шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “гэрч, хохирогчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор өөрт нь, ойр дотны хүнд нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, ятгасан” гэмт хэрэгт гэж бичсэн.

Өөрөөр хэлбэл, шүүх шүүгдэгч Б.Ш-д холбогдох дээрх 3 хэрэгт гэм буруутайд тооцохдоо прокурорын яллах дүгнэлтээс хальж, шүүхэд ирээгүй, шүүхээр хэлэлцэгдээгүй хэрэгт гэм буруутайд тооцсон нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан, Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарна.

Прокуророос шүүгдэгч Б.Ш-д 4 төрлийн гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, эрүүгийн хариуцлагын талаар санал гаргахдаа шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан үзэж, хуульд зааснаар хорих ял оногдуулах санал гаргасан. Гэтэл шүүх шүүгдэгч Б.Шд нь хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан гэж, мөн Б.Ш-ын 6 настай, бага насны хүүхэд түүний эцэг н.Баяртсайханы асрамжид үлдсэн байгаа байдлыг харгалзан үзлээ гэж тус тус дүгнээд шүүгдэгчид 3 зүйл ангид торгох ял оногдуулж, 1 зүйл ангид хорих ял оногдуулж эдлэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй буюу тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалтай тохироогүй гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Б.Ши-ын хувьд тодорхой эрхэлсэн ажилгүй, цалин хөлс, бусад орлого олох боломжтойг нотолсон нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд тухайн торгох ял нь биелэгдэх боломжгүй юм. Хэдийгээр гэм буруутайд тооцсон хүн, хуулийн этгээдэд оногдуулах ялын төрөл, хэмжээг тогтоох нь шүүх, шүүгчийн бүрэн эрхэд хамаарах боловч ялын хэмжээг тогтоохдоо Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эсэхийг шүүх заавал харгалзаж, эрх зүйн ухамсрыг удирдлага болгож шийдвэрлэх учиртай. Гэтэл шүүгдэгч Б.Ш-д оногдуулсан торгох ялын хэмжээг 23.000.000 төгрөгөөр тогтоож, биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 6 сараар тогтоож, оногдуулсан ялыг тус тусад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэх “Шударга ёсны зарчим”-д үл нийцнэ.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1 2 дахь заалтад заасан шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 2022/ШЦТ/22 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Ш тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие энэ гэмт хэрэгт холбогдсондоо маш их харамсаж байгаа. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Би Оросын холбооны улсын Санкт-Петербургын хуулийн их сургуулийг тэтгэлгээр 2016 онд төгссөн. Орос улсад урилгаар ажиллаж байхдаа аавынхаа нэр дээр 2 ширхэг орон сууц худалдан авсан байгаа. Тэдгээр орон сууцаа худалдаж анхан шатны шүүхийн торгуулийн ялыг барагдуулах гэсэн боловч Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааны дараа нь төлж барагдуул гэж манай өмгөөлөгч надад хэлсэн. 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр намайг хоригдож байхад миний хүүхэд нас барсан. 2021 оны 12 дугаар сарын 12-ны өдөр эхнэрээ алдсан. Маш их гэмшиж байна. Би энэ гэмт хэрэгт холбогдоогүй байсан бол эхнэр, хүүхэд маань амьд байх байсан. Эхнэр, хүүхдийнхээ ажил явдлыг олигтой хийж чадаагүй. Одоо надад ганц үлдсэн хүү байгаа. Хүүхдийнхээ асран хамгаалагч, аав нь байх боломжийг надад олгож өгнө үү. Хүүгийн минь ирээдүйг бодож өгөөч. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр нь үлдээж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Ш-ын өмгөөлөгч О.Аззаяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн зүгээс хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн асуудал дээр маргадаггүй. Прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудал дээр давж заалдах шатны шүүхээс зөвтгөж шийдвэрлэх боломжтой. Энэ нь хэргийн зүйлчлэл, гэм бурууд нөлөөлөхгүй гэж үзэж байна. Шүүгдэгчийн цалин хөлс, орлогын талаар прокуророос эсэргүүцсэн байр сууриа илэрхийлж байна. Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар эрхэлсэн тодорхой ажилгүй гэж байгаа боловч хувиараа автомашины бизнес эрхэлдэг. Мөн Оросын холбооны улсад эрх зүйч мэргэжилээр төгссөн. Орос хэлтэй байгаа. Энэхүү хэлний мэдлэгээ ашиглан хил гаалиар гаалийн мэдүүлэг гаргах, орчуулагч хийдэг орлоготой хүн байгаа. Цалин хөлс орлогыг нотолж байгаа баримт хавтас хэрэгт авагдсан байгаа. Тухайлбал хэрэгт хамтран оролцсон Ч.Болдбаатар, гэрч Х.С гэсэн хүмүүс байгаа. Шүүгдэгч Б.Ш нь автомашин оруулж ирж, худалдан борлуулдаг бизнестэй Ч.Болдбаатар, Х.С нарыг ажилтнаараа авч, цалин хөлс олгож байсан. Энэ хэрэгт гэрч Ч.Тэнгис гэж хүн байгаа. Шүүгдэгч Б.Ш нь үйлчилгээний газартаа дуучнаар авах, ажил олгогчийн нөхцөл байдлууд байгаа. Тэгэхээр, цалин хөлс орлогогүй торгох ялыг төлөх боломжгүй гэдэг нь үндэслэлгүй байна. Мөн шүүхээс торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр хугацаа тогтоож өгсөн. Эрүүл чийрэг залуу хүний хувьд 3 жилийн хугацаанд цалин хөлс хөдөлмөрийн орлогоороо энэхүү торгуулийн ялыг төлж барагдуулах бүрэн боломжтой. Мөн прокурорын эсэргүүцэлд дурдсан алдаатай зүйл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлд зааснаар яллах дүгнэлт үйлдсэн гэж бичсэн. Энэ зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэгдээгүй байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хорих ял оногдуулсан мэтээр бичсэн байгаа. Шүүгдэгч Б.Ш-д 2 жил 6 сарын хорих ял оногдуулж, Өршөөлийн хуульд хамрагдаж 6 сарын хорих ялыг биечлэн эдлэхээр заасан. Анхан шатны шүүхийн шийдвэр нь ял шийтгэл оногдуулахдаа үндэслэл бүхий гарсан. Шударга ёсны зарчимд нийцсэн. Хуульд зааснаар шүүгдэгчийн хувийн байдал нь өр толгойлсон эцэг болсон байгаа. 6 настай хүүхдийн хамт үлдсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед эхнэр нь төрөхийн хүндрэлээр дутуу төрсөн. Дутуу төрсөн хүүхэд нь гарч ирээд 10 хоногийн дараа нас барсан. Мөн энэхүү хүндрэлээ даахгүй байсан эхнэр нь 10 хоногийн дараа нас барсан нөхцөл байдал тогтоогдсон. Энэ бүх нөхцөл байдлуудыг харгалзан үзээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

1. Шүүгдэгч Б.Ш нь Монгол Улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн бичиггүйгээр 2019 оны 5 дугаар сарын дундуур Оросын Холбооны Улсаас Хэнтий аймгийн нутаг дэвсгэрээр дамжин боомт бус газраар зорчих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилийг нэвтэрсэн болох нь:

гэрч Ү.Баяртсайханы “...2020 оны 11 эсхүл 12 сард Б.Штой уулзсан. Тэр үед би ажил хийлгэхээр “машин бариад яв” гэсэн чинь Б.Ш нь “би бичиг баримтаа хаячихсан. Хилийн зөрчилтэй байгаа. Би улсын хилээр албан ёсоор штамб даруулж орж ирээгүй” “битгий худлаа яриад бай” гэхэд “би Орос улсын хилээр Монгол улс руу Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт их уул хадтай газраар явсаар орж ирсэн, гайгүй юм шиг байна лээ” гэж хэлсэн. Би Б.Ш-д тухайн үед “чи визнийхээ хугацаандаа багтаад орж ирэхгүй яасан юм бэ” гэхэд “би Оросод ойр зуурын зүйл худалдаж авдаг байсан хүнтэйгээ маргалдсан. Мөнгө өгөх ёстой Орос хүн өгөхгүй гэсэн. Тэгээд тэр Орос хүний хүмүүс намайг зодож нүдсэн, би зугтаасан. Мөн бичиг баримтаа хаясан, нэг сар гаруй тэнд биеийн байдлаа дээрдүүлэхээр айлд хэвтсэн. Бие тэнхэрмэгц Монгол улсдаа буцаж орж ирсэн” гэж ярьсан. ..” /1хх 231-233/,

гэрч Б.Б-ын “...Би Б.Ш ахаас хийх ажил байгаа эсэхийг асуухад “ажил байгаа, чи ахдаа машин бариад өг” гэж хэлсэн. Б.Ш нь Орос Улсад Монгол ноолууран хувцас хунар авч явж зардаг гэж ярьж байсан. Б.Ш нь өөрийгөө хүмүүст танилцуулахдаа “миний нэрийг Ананд, Аношка, Александр, Амар” гэх зэргээр танилцуулж байсан. 2020 оны 11 дүгээр сарын дундуур Б.Ш нь хэлэхдээ “би 2019 оны 5 дугаар сард Орос улсад байсан. Тухайн үед ах нь бүх бичиг баримтаа хаяад гадуур хэсэг явсан. Тэгээд Монгол руугаа буцах хэрэг гарсан. Оросын Улаан-Үүд хүртэл Самданцоодолын бичиг баримтаар явж ирсэн. Улаан-Үүд хүртэл Оросын Монголтой хил залгаа жижиг тосгон дээр очсон. Менза гэх тосгон байдаг. Хилээр гарч Монгол улс руу орохоор хүмүүс судалж эхэлсэн. Тэгээд Хэнтийн тайга орчмоор хилээр хүн оруулж гаргадаг хүмүүстэй холбогдож байгаад 9 хоног ой мод хөвч уулаар явсаар Монгол улсдаа орж ирсэн ба Хэнтий аймгийн нутаг дэвсгэрээр дамжин орж ирсэн. Хэнтийд байхдаа машин олоод Улаанбаатар хот руу шууд ирсэн. Менза тосгонд байхдаа Монгол улсын хилээр орж ирэх гэж хэд хэдэн удаа оролдож байсан. Оросын хилийн хүмүүст баригдаж байсан ба ахин нэг хүн олоод Монгол улсдаа орж ирсэн” гэж ярьж байсан. ...” /1хх 235-237/,

гэрч Г.Б-ийн “...2020 оны сүүлээр надад Б.Ш нь намайг Орос улсад очсон чинь “хамтран ажиллаж байсан хүмүүс бичиг баримт булааж аваад шатаасан. Мөн намайг зодож биед гэмтэл учруулсан. Би найзындаа нэг сар орчим байсан ба нөгөө хүмүүс намайг хайж бас хөөж байсан. Тийм учраас найздаа хүндрэл учруулахгүй гэж шийдээд өөр хотуудаар явахаар шийдсэн. Жижиг ажил хийж хоол ойр зуурын мөнгө цуглуулж эхэлсэн ба ямар нэгэн аргаар Монгол улс руугаа буцахаар шийдсэн. Тэгээд биеэ тэнхэртэл хөгшин настай 2 хүний гэрт нэг сар орчим амьдарсан. Монгол улс руугаа бага багаар дөхөж явсан. Тэгээд Менза тосгоны орчимд очсон. Мензо тосгон дээр очоод Монголд байдаг ан хийдэг хүнтэй холбогдсон. Тэр хүн надад тусалж Монгол улс руу оруулна. Тэгээд би тэр хүнтэй уулзахаар тохирсон газраа очиж 7 хоног ой модон дунд хүлээсэн. Уулзаад 2019 оны 5 дугаар сарын сүүл хэсгээр Монгол улсын хилээр морьтой ой, модон дундуур 6, 7 хоног морьтой явсаар орж ирсэн. Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт байрлах Орос улстай залгаа хилийн хэсгээр орж ирсэн гэж надад хэлсэн. ...” /1хх 239-241/,

гэрч Х.С-ын “...2019 оны 5 дугаар сарын сүүлээр фейсбүүк чатаар Ижилцэцэг эгчийн А.Ижилцэцэг гэх фейсбүүк хаягаар video call буюу дүрс бичлэгээр дамжуулан Б.Ш ахтай холбогдож ярихад “Ах нь Монгол Улсад ирчихсэн байна” гэж хэлсэн. 2019 оны 6 дугаар сард Монгол Улсад эргэж ирсэн. 2019 оны 7 дугаар сарын дундуур буюу наадмын дараа Б.Ш нь “Ах нь бүх бичиг баримтаа хаячихсан, чи ахдаа бичиг баримтуудаа өгчих” гэж хэлсэн. …” /2хх 36-38/,

Шүүгдэгч Б.Ш-ын яллагдагчаар өгсөн: “...Яллагдагчаар татсан тогтоолтой уншиж танилцсан. Ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Яллагдагчаар татагдаж буй зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. ...”/2хх 33-34/ гэсэн мэдүүлгүүд,

Тагнуулын ерөнхий газрын Хилийн тагнуулын газраас 2021 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 06/39 дугаартай албан бичиг /1хх 217/, Хил хамгаалах ерөнхий газрын 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 2-5а/1195 дугаартай албан бичиг, хавсралтын хамт /1хх-249-250/ зэрэг нотлох баримтуудаар,

2. Б.Ш нь 2019-2020 оны хооронд байлдааны зориулалттай галт зэвсгийг хууль бусаар олж авсан, 2020 оны 9 дүгээр сар хүртэлх хугацаанд хадгалсан, 2020 оны 9 дүгээр сарын дундуур Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт бусдад шилжүүлсэн болох нь:

гэрч С.Мөнх-Очирын “...Б.Ш нь халзан толгойтой гэзэгтэй залуутай ирээд “ахаа энийг өгөх гэсэн юмаа” гээд ПМ макаро маркийн гар бууг ногоон хайрцагтай 16 сумны хамт өгөхөөр нь “энэ чинь болж байгаа юм уу” гэхэд “зүгээрээ ахаа бичиг баримтыг нь дараа нь өгье” гэхээр нь би Баянзүрх дүүргийн 18 хороо,  94 байрны 8 тоот буюу гэртээ очоод саарал шкафын дээд талд байрлах тоос сорогчийн хайрцганд бууг сумны хамт гэртээ хадгалсан. Би уг бууг гэртээ авч ирсэн цагаас хойш ямар нэгэн хүнд дамжуулаагүй өнөөдрийг хүртэл гэртээ хадгалж байтал цагдаагийн албан хаагч ирж хурааж авсан. Би он, сарыг нь санахгүй байна, 10 сарын дундуур байх аа, машин угаалгахад гадаа хөлдөөд байсан үе түүнээс биш уг бууг худалдах, хадгалуулах журмаар өгөөгүй. Би уг бууг огт ажиллуулаагүй.” /1хх 180-182/,

гэрч Б.Ө-ийн “...Б.Ш нь хар өнгийн гар буу, бууны хантааз, сугандаа зүүдэг бууны гэр биедээ авч явдаг байсан. Байнга бол авч яваад байдаггүй. Надтай хэд хэдэн удаа уулзахдаа авч явж байхыг харсан. Болдбаатар харин гарын шуу шиг хэмжээтэй, хар өнгийн, төмөр цахилгаан бороохой биедээ хааяа авч явдаг байсан. ...” /2хх 199/,

Шинжээч Ч.Алтангэрэлийн “...Шинжилгээнд ирүүлсэн хэрэгсэл нь “ПМ-411-02” загварын дуу чимээ гаргах зориулалт бүхий хэрэгсэл мөн. Гол төмрийг сольсноор буудах боломжтой болсон байсан. Иймээс гар хийцийн галт зэвсэг гэж үзнэ. Галт зэвсгийн хуульд зэвсгийн төмрийг заасан байдаг бөгөөд гар хийцийн буу нь эдгээр төрлийн алинд ч хамаардаггүй юм. ...” /2хх 225/ гэсэн мэдүүлгүүд,

Цагдаагийн Ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвийн 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 21/857 дугаартай албан бичиг /2хх-64-65/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол Макаров маркийн замаг, их биеийн 1944202785 дугаартай гар буу, 14 ширхэг сум /1хх 188/ зэрэг нотлох баримтуудаар,            

3. Б.Ш, Ч.Болдбаатар нар нь бүлэглэн 2020 оны 5 дугаар сарын сарын 18-19-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Скай” их дэлгүүрийн гадна автомашины зогсоол дээр нийтийн хэв журмыг зөрчиж, байлдааны гар хийцийн галт зэвсэг хэрэглэн бусдад хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлэн хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан болох нь:

хохирогч Х.С-ын “... 2020 оны 5 дугаар сарын 18-ны шөнө цагийг нь санахгүй байна 23:00 цагийн орчимд Болдбаатарын дүү Тэнгис гэх хүүхэд залгаад “ахаа энд намайг хүмүүс зодох гээд байна” гэхэд Болдбаатар Б.Ш-д утсаа өгч яриулсан. Тэгээд бид гурав Баянзүрх дүүргийн 3 хороо, “Скай” их дэлгүүрийн гадна очиж уулзсан. Бид гурвыг очиход Ч.Тэнгис найзуудтайгаа байсан. Бид нарыг очсоны дараа Тэнгистэй маргалдсан гэх 3-4 машин хүмүүс ирсэн. Тэгтэл Тэнгисийн найз гэх залуу нь машинтай ирсэн хүмүүсийн 1 залуутай нь зодолдсон. Тэгэхээр нь бид нар салгаад тойроод зогсож байхад Б.Ш нь хойноо буу гаргаж ирээд дээшээ буудсан. Тэгтэл Болдбаатар машинаас цахилгаан бороохой аваад үл таних залууг Сэлбэ гол дагуулаад араас нь хөөгөөд явсан. Болдбаатарт хөөгдөж байгаа залуу “цагдаа дуудлаа” гэсэн. Тэгэхээр нь бүгд тараад бид гурав машиндаа суугаад Б.Ш бид хоёрыг Сансарт буулгаад цааш явсан. ...” /1хх 22-25/,

гэрч Б.Г-н “...Бид нарыг машинаас буухад тэнд байсан хүмүүс тойроод ирсэн бөгөөд үсээ хойш самнасан, ямаан сахалтай, 170см орчим өндөртэй, махлагдуу, баруун хацартаа мэнгэтэй эрэгтэй “чи юугаа хараад байгаа юм” гэсэн. Би хариу дуугараагүй. Энэ үед 190 см орчим өндөртэй махлаг эрэгтэй цахилгаан бороохой гаргаж ирээд миний баруун хөлийн гуя хэсэгт цахилгаан бороохойгоор цохиулсан. Энэ үед эхний надад хандаж “чи юугаа хараад байгаа юм” гэж хэлсэн залуу энгэрийн халааснаасаа гар буу гаргаж ирсэн. Буу гаргаж ирээд над руу чиглүүлээд гохоо хоёр удаа дарахад буу нь буудаагүй. Би бууг нь ажилладаггүй юм байна гэж бодсон бөгөөд нөгөө залуу нь намайг цахилгаан бороохойгоор цохиулах гээд хөөгөөд байсан. Энэ үед гар буугаа цэнэглээд дээш буудсан. Миний араас хөөгөөд байсан бөгөөд би цааш зугтсан. Би Сэлбэ гол руу зугтаад эргээд “Скай” их дэлгүүрийн шат руу зугтсан. Би зугтаж явахдаа цагдаад дуудлага өгсөн. Цагдаад дуудлага өгсөн гэдгийг мэдээд тэр хүмүүс зугтсан. Сүүлд Бат-Эрхэм надтай хамт гүйж байсныг нь мэдсэн. Тэр үед Баянтулга, Бат-Эрхэм, Билгүүн нар хамт байсан. Би тэр хүмүүсээс зугтаж яваад эргээд ирэхэд тэр хүмүүс салаад явсан байсан. Энэ үед хэргийн газарт сумны хонгио байсныг бичлэг хийж аваад цагдаад авч ирж өгсөн. Тэнд байсан хүмүүс над руу хонгио нь үсэрсэн гэхээр нь би хайж үзэхээр шийдсэн. Намайг буудаж, цахилгаан бороохойгоор цохиулсан хоёр хүн тэнд байсан бөгөөд бас тэр үед хүнтэй маргалдаад байсан тул би сайн санаж байна. ...” /1хх 26-29/,

...Цагдаа нь хонгиог нь аваад ир гэж хэлсэн. Би маргааш нь муудалцсан газраа ирээд гар утсаараа бичлэг хийж сумны хонгиог нь авсан. Тэгээд цагдаад хүлээлгэж өгсөн.” /2хх 105/,

гэрч Г.Б-ын “... Бид нарыг очиход тэнд 2-3 машинтай их олон эрэгтэй хүмүүс байсан. Анх маргалдсан гурван залуу хамт байсан. Мөн Туулын найз гэх эмэгтэй хамт байсан. Бид нарыг машинаас буугаад 30 орчим секунд болж байхад тэнд байсан хоёр залуугийн нэг буюу 190 орчим өндөртэй махлаг хар өнгийн хувцастай залуу цахилгаан бороохой гаргаж ирээд манай найз Гүн-Эрдэмийн баруун гуяны гадна хэсэгт цохиулсан. Тэгтэл Гүн-Эрдэм, Бат-Эрхэм нар хойшоо ухраад зугтсан. Энэ үед тэр хүнтэй хамт байсан 170 см орчим өндөртэй хууз сахалтай эрэгтэй энгэрээсээ буу гаргаж ирсэн. Би бодохдоо айлгаж байна гэж бодсон. Энэ үед гэнэт буун дуу гарсан бөгөөд тэр хоёр залуу манай хоёр найзыг хөөгөөд “суу сөгд” гээд байсан. Манай хоёр найз хойш зугтаад тэр хоёр залуу араас нь хөөгөөд байсан. Би юу болоод байгааг ойлгохгүй байж байхад анх маргалдсан гурван залуугийн нэг нь миний араас цохиод намайг газарт унагасан. Би тэр залуутай ноцолдож байхад тэнд байсан нэг залуу намайг салгаад “за одоо дахин зодолд” гэж хэлсэн. Би тэр залуутай харилцан зодолдсон. Би тэр залуутай хэсэг хугацаанд зууралдаж байсан бөгөөд нөгөө залуучууд нь тойроод зогсоод үзэж байсан. Би болон тэр залуу их ядарсан байсан бөгөөд болиод салсан. Намайг босоод ирэхэд буутай болон бороохойтой залуу байхгүй болсон байсан. Бид хоёр баримтжуулахаар гар утсаараа бичлэг хийж байсан. Бидний байсан газарт тухайн сумны хонгио байсан. ...” /1хх 30-32/,

гэрч З.С-ын “... Тэнгисийн дуудаж ирсэн нэг хүн цахилгаан бороохой гаргаж ирээд миний зодолдсон залуутай хамт явсан нэг залууг цохиулсан. Энэ үед Тэнгисийн дуудаж ирсэн нэг залуу тэнгэр рүү нэг удаа буудсан. Тэгээд хоёр тийшээ салаад явсан. ... Би тэр хүнийг танихгүй. Тухайн хүнийг Тэнгис дуудан авч ирсэн. Тэр эрэгтэй нь хар өнгийн ямар нэгэн бичиглэлгүй биеийн тамирын хувцастай байсан. Царайг нь харж чадаагүй. Тэр хүн нүүрээ халхалсан багтай байсан. ...” /1хх 33-34, 2хх 123-124/,

гэрч Ч.Т-ийн “... Бид нарыг тэнд очоод байж байхад Гүнээ гэх залуу баахан хүмүүсийн хамт 3 машинтай ирсэн. Тэд нар машинаасаа бууж ирсэн бөгөөд бид нар учраа олох гээд ярилцах гээд байж байсан. Энэ үед Самданцоодол ах хамт ирсэн хүмүүсийнхээ хамт машиндаа сууж байгаад машинаасаа бууж ирсэн бөгөөд нэг нь агаар руу нэг удаа буудсан. Мөн Сумъяабазар Баянаа гэх залуутай харилцан зодолдоод байсан. Тэр буудсан хүн өөр нэг залуугийн хамт цахилгаан бороохой бариад тэнд байсан нэг залууг хөөгөөд байсан. Тэгээд хоёр талаасаа тарцгаая гээд тарсан. ...” /1хх 35-36/,

гэрч Б.Б-ийн “... Тэр үед том биетэй өндөр залуу том цахилгаан бороохой дугаргаад бид нар руу ухасхийж Гүн-Эрдэмийн баруун гуяны ар хэсэгт цахилгаан бороохойтой залуу нэг удаагийн үйлдлээр цохиулсан. Яг тэр үед нь Гүн-Эрдэм бид 2 зай бариад хойшоогоо алхсан. Тэр үед үсээ лакдсан 175 см орчим өндөртэй махлаг залуу энгэрийнхээ халааснаас гар буу гаргаж ирээд баруун гартаа барьсан. Буутай залуу доош нь болгож цэнэглээд дээш нь чиглүүлж байгаад нэг удаа буудсан. Буудах үед чих дүнгэнээд дарь үнэртэж эхэлсэн ба буутай залуу, цахилгаан бороохойтой залуу шууд хөөж эхэлсэн. Гүн-Эрдэм бид 2 ертөнцийн зүгээр хойшоо чиглэлтэй гүйсэн. Бид хоёрын араас 10 метр орчим газар гүйж байгаад хөөхөө больсон. Гүн-Эрдэм утсаа гаргаж ирээд цагдаа дуудсан. ...” /2хх 108-110/,

гэрч Б.Б-ийн “... Өөр нэг залуу хувцасныхаа халааснаас буу гаргаж ирээд манай найз болох Гүн-Эрдэм рүү чиглүүлж гох дарсан. Чаг гэж дуу гарсан гэхдээ буудаагүй. Тэгээд ахин бууныхаа замгийг татаж дээшээ чиглэлтэй нэг удаа буудсан. Харин манай найз Гүн-Эрдэм урдаас хойшоо чиглэлээ гүйсэн. Харин буутай залуу араас нь хөөсөн. Гүн-Эрдэм нь зугтааж байхдаа цагдаад дуудлага өгсөн байсан. Тэнгис, Төөгөө нар нь зүгээр хараад л зогсож байсан. Ямар нэгэн үйлдэл гаргаагүй. Орилж маргалдаагүй. ...” /2хх 114-116/,

гэрч Б.А-ийн “... Цахилгаан бороохой ашиглаж хүний биед гэмтэл учруулаагүй. Харин машинаасаа бууж ирэхдээ баг зүүчихсэн байсан ба шууд буу гаргаж ирээд буудсан. Буу нь гар буу байсан. Миний харснаар тэр залуу машиныхаа урд талын суудлаас бууж ирсэн ба буугаа энгэрээсээ гаргаж ирээд дээшээ нь чиглүүлж байгаад нэг удаа буудсан, хүн рүү чиглүүлээгүй санагдаж байна. ...” /2хх 128/,

гэрч Б.Х-ын “... Удалгүй буун дуу бололтой чанга чимээ гаргахаар нь хартал нэг эрэгтэй хүн буутай байсан. Би тэр хүнийг дээшээ буудаад гараа буулгаж байх үед нь харсан. ...” /2хх 128/,

гэрч Э.Чингүнбатын “... Приус машинд сууж байсан 3 ахын 2 нь бууж ирээд нэг нь буу гаргаж ирээд шууд дээшээ нэг удаа буудсан. Тэр хаанаас буу гаргаж ирсэн болохыг мэдээгүй. Ямар буу болохыг нь ч мэдээгүй их чанга дуутай буу байсан. Гэтэл нэг залуу нь цахилгаан бороохой гаргаж ирээд нөгөө залуучуудын хоёр гуравыг нь хөөгөөд хойшоо гүйсэн. ...” /2хх 130-131/,

гэрч А.Х-ны “... Саарал өнгөтэй Приус байсан. Машиныхаа дугаарыг нэг юмаар дараад нуучихсан байсан. Машины баруун талаас хүн буугаад дээшээ буудсан. Тэр хүний царай харагдахгүй байсан. Царайгаа нуусан байсан. Цахилгаан бороохой барьсан хүнийг нь машины аль талаас буусныг анзаараагүй, мөн л царайгаа дарж нуусан байсан. Хоёулаа махлаг биетэй. Буудсан хүн нь бороохойтой байсан хүнээс арай өндөр байсан санагдаж байна. Тэр 2 хүн орилоод л байсан. Ална шүү гэж хэлж байсан. Хүн рүү буу тулгаж, чиглүүлсэн зүйл байгаагүй, бороохойгоор хүн цохиогүй. ...” /2хх 136-137/, 

шүүгдэгч Б.Ш-ын яллагдагчаар өгсөн: “... Би 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтыг хүлээн зөвшөөрч байна. ...” /1хх 139-142/,

шүүгдэгч Ч.Б-ын яллагдагчаар өгсөн: “...Тогтоолд дурдсан зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. ...” /Зхх З6/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 2670 дугаартай “...Хэргийн газраас хураан авсан гэх хонгио нь 9х18мм-ийн сумны хонгио байна. Дээрх хонгио нь буудагдсан цаг хугацааг тогтоох боломжгүй. Дээрх хонгио нь байлдааны сумны буудагдсан хонгио байна. Дээрх сумны хонгионы бялтан дээр цохигч төмрийн мөр үүссэн байна. Шинжилгээнд ирүүлсэн хонгио ШШҮХ-ийн хошуу хонгионы нэгдсэн санд бүртгэлгүй байна. ...” /1хх 57-60/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2021 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 1920 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн Макаров маркийн замаг, их биеийн 1944202785 дугаартай гар буугаар буудлага үйлдсэн байна. ...” /1хх 68/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2021 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 1134 дугаартай “...Шинжилгээнд гар хийцийн галт зэвсэг ирүүлсэн байна. Шинжилгээнд ирүүлсэн гар хийцийн галт зэвсэг нь буудлага үйлдэж байна. Шинжилгээнд ирүүлсэн сумны хонгио нь шинжилгээнд ирүүлсэн гар хийцийн галт зэвсгээр буудагдсан хонгио мөн. Шинжилгээнд ирүүлсэн 16 ширхэг сумны 4 ширхэг сумыг авч буудлага хийхэд буудлага хийж байна. Шинжилгээнд ирүүлсэн сумнууд нь 9x18 мм-ийн сумаар буудлага үйлддэг бүх төрлийн буунд зориулагдсан. Шинжилгээнд ирүүлсэн сумнууд нь үйлдвэрийн тэмдэглэгээ, загвар, зориулалт, хэлбэр, хэмжээ, өнгө, үйлдвэрлэгдсэн оноороо шинжилгээнд ирүүлсэн сумны хонгиотой ижил байна. ...” /1хх 70-78/ гэсэн дүгнэлтүүд,

  1. оны 5 дугаар сарын 19-ний өдөр Б.Гүн-Эрдэмээс шаргал өнгийн бууны сумны хонгио 1 ширхэг хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /1хх-79/, 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Ч.Болдбаатараас 34.5 см урттай НҮ-Х8 гэсэн бичиглэлтэй хар өнгийн цахилгаан гүйдлээр цохиулах зориулалт бүхий цахилгаан бороохой 1 ширхэг хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /1хх 81-82/ зэрэг нотлох баримтуудаар,

4. Б.Ш нь 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд 2020 оны 5 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан үйлдлийн талаар цагдаагийн байгууллагад гэрч Х.С-ыг мэдүүлэг өгөхдөө өөрөө үйлдсэн мэтээр зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор өөрт нь хүч хэрэглэсэн, ойр дотны хүнд нь хүч хэрэглэхээр заналхийлсэн болох нь: 

хохирогч Х.С-ын “... Энэ бууг Б.Ш-той хамт 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдөр буюу хэрэг үйлдэгдсэний маргааш нь Найман шарга валют арилжааны төвийн орчим явж байхдаа ангийн дэлгүүрээс орж худалдан авч байсан. Уг үргээлгээний бууг надад өгөөд “ чи энэ буугаар буудсан, зодооныг тараах маягтай буудсан гэж хэлээрэй” гэж хэлээд надад өгсөн. Мөн Батбаяр гэх өмгөөлөгчийг надад авч өгөөд 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдөр би анхны мэдүүлгийг өгсөн. 2 дахь буу болох хийн бууг надад 2020 оны 8 дугаар сарын 26-ны орой надад гаргаж өгсөн. Хэрэг болсноос хойш би Б.Ш-той 3 сарын хугацаанд цуг байсан. Хөдөө гэр лүүгээ явъя гэхээр “бууныхаа асуудлыг шийдчихээд яв” гэж хэлээд намайг явуулсан. Бааранд очоод Б.Ш-той хамтран ажилладаг залуу болох Өнөмөнхтэй таарсан. Өнөмөнх ахтай уулзаж “Б.Ш нь гэртээ хүүхэн дуудаад ууж байгаа, намайг бааранд ирж хоно” гэсэн гэж хэлсэн. Мөн хэргийн талаар хэлсэн. Тэр үед надад Өнөмөнх ах зөвлөсөн “чи цагдаа дээрээ очиж үнэн зөвөөр нь мэдүүлгээ өгөөд хөдөө гэр лүүгээ аав, ээж рүүгээ яв, ах нь тусалъя” гэж хэлсэн. Шувуун фабрикт очиж ээж, эмээ нарынхаа гэрт Б.Ш нь намайг зодсон. Зодсон шалтгаан нь “чи Өнөмөнх гэх луйварчинтай хамт явлаа, яах гэж байгаа юм, чи муу надаас хаа холддог юм, би чамайг хаанаас ч олно ш дээ” гэж байсан. 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Б.Ш нь надад “Би цагдаагийн даргатай нь ярьсан байгаа, одоо наад асуудал чинь шийдэгдэх гэж байгаа, буугаа өгөөд торгуулиад сална, чи өөрөө буудсанаараа яв, жинхэнэ буугаа гаргаж өгье, Болдбаатар, бид хоёрыг байхгүй байсан гэж хэлээрэй” гэсэн. Тэгээд би 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдөр цагдаа дээр очиж болсон асуудлыг үнэн зөвөөр мэдүүлсэн. Харин цагдаа нар “бууг нь олж чадах уу” гэхээр би “олж чадна” гэж хэлээд буцаж Хан-Түшээ хотхонд ирээд Б.Ш-д “таны хэлснээр болсон, буун дээр чинь зөрчлийн хуулиар торгоод өнгөрье, буугаа аваар ир гэж байна гэж хэлсэн”. Тэр орой нь Ч.Болдбаатар надад хэлэхдээ бууг хаана байгааг нь зааж өгсөн ба гэрийн шкафт байгаа шүү гэж хэлээд зааж өгсөн. Маргааш нь буюу 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдөр цагдаа нар ирсэн ба гэрийн шкафаас бууг гаргаж ирээд хүлээлгэж өгсөн. Хүлээлгэж байх үедээ уг бууг хэрэг болох үед буудлага үйлдсэн буу мөн байна гэж би бодож байсан. Болдбаатар нь болсон асуудлын талаар үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн. Харин тэр Б.Шос холбоо тасарсан. Уг буунд /Хан-Түшээ хотхоноос гарган өгсөн буу/ шинжилгээ хийхэд хэргийн газраас олдсон хонгиогоор буудсан буу биш, хийн буу байна гэж таарсан. Ингээд би Б.Ш-ын хэргийн газарт ашигласан буу биш байна гэдгийг нь мэдсэн. Үүнээс хойш одоо хүртэл холбогдоогүй байна. Анхандаа Б.Ш бид 2 сайн харилцаатай байсан. “Скай” их дэлгүүрийн гадна хэрэг болсноос хойш ааш зан нь өөрчлөгдөж намайг зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр шаардаж эхэлсэн. Шаардахдаа “чи өөрөө буудсан гэж хэлээрэй, намайг гөрөх юм бол сайндаа үзэхгүй шүү хөл гарыг чинь хугална шүү, цагаан сараар эцэг, эхтэй чинь тахир дутуу золгуулна шүү. Намайг ямар хүмүүстэй танил гэдгийг мэднэ биз дээ нутагт чинь хулгайч явуулаад хөл гарыг чинь хугална, гэрийнхнийг чинь дарамтална шүү” гэж айлгаж сүрдүүлж, цохиж зоддог байсан. ...” /1хх 22-23, 2хх 97-101/,

 ... 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдөр буюу хэрэг гарсны маргаашаас 2020 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд чи энэ хэргээ даагаад гарчих, энэ хэргийг асуудалгүй шийдүүлчих, хэрвээ чадахгүй бол хөдөө гэр лүүгээ явна гэж байхгүй шүү энэ хэргээ шийдүүл янз бүрийн ааш авир гаргаж зугтах юм бол таньдаг хулгайч нараасаа дарамтлуулна голомтоор чинь самарна шүү гэж айлгах болсон. Ингээд би анхны мэдүүлгээ Б.Ш-ын хэлсний дагуу өгсөн. 2020 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэс дээр очиж өгсөн. Худал мэдүүлэг өгчих юм бол надад ямар нэгэн эд зүйл, төгрөг өгнө гэж Б.Шийоовнинбо нь надад амлаагүй зүгээр өг гэж хэлж байсан учраас анхны мэдүүлгийг өгсөн. Ингээд 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хүртэл намайг ийш тийш явуулахгүй хажуудаа байлгаж гэрээсээ гаргадаггүй, хааяадаа цоожилж явдаг байсан... өмгөөлөгч Ганбаатар гэгч нь миний мэдүүлэг өгөх ажиллагаанд ямар нэгэн байдлаар нөлөөлөл үзүүлээгүй. Мэдүүлэг өгөхөд л хамт байлцсан. ... зодсон гэх асуудал нь намайг хэргээ шийдүүлэхгүй алга болсон, Өнөмөнхтэй хуйвалдаж зугтаасан гэх шалтгаанаас болж 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Шувуун фабрик эсхүл био хавьцаа эмээ юм уу ээжийнх нь хашаанд миний нүүр хэсэгт 3 удаа гараараа цохиж, нүүр лүү өшиглөсөн. ...” /2хх 242-243/,

гэрч Ч.Т-ийн “...Самданцоодол гэх залуу нь машинаасаа буулгүй сууж байсан. Энэ асуудлын дараа би Ананд, Болдбаатар, Самданцоодол нартай 13 дугаар хорооллын орчим уулзсан. Ч.Болдбаатар надад хандаж “цагдаагаас дуудвал үргээлгийн буу байсан, Самданцоодол буудсан гэж хэлээрэй. Ананд бид хоёрыг байсан талаар битгий хэлээрэй. Хэрвээ хэлбэл дараа нь асуудалтай шүү” гээд байсан. Самданцоодол нь надад хандаж “намайг буудсан гэж хэлээрэй. Би буудсан шүү. Үргээлгийн буугаар буудсан гэж хэлээрэй” гээд байсан. “Биднийг багтай байсан болохоор хэн хэн байсан гэж мэдэхгүй гэж хэлээрэй” гээд байсан. Тухайн үед Ананд, Болдбаатар нар нүүрний хамгаалалт шиг хар өнгийн хуванцар баг өмссөн байсан. Тухайн үед Ананд буудсан юм. Учир нь Ананд нь Ч.Болдбаатараас намхан. Харин Ч.Болдбаатар нь цахилгаан бороохой барьсан байсан. Самданцоодол хамт ирсэн ч гэсэн машинаас буугаагүй. ...” /1хх 45-46/,

гэрч Б.Ө-ийн “... Нийт 120.000.000 төгрөгийн гэрээг 2020 оны 6 дугаар сард Зайсан Стар төвийн 2 давхарт Нотариатын газарт байгуулж байсан. Тэгээд Б.Ш намайг дарамтлах, айлгах үйлдлүүд гаргаж байсан. Мөн 2020 оны 7 дугаар сард /өдрийг нь санахгүй байна/ хар өнгийн гар буугаар намайг буудна гэж айлгаж байсан. Болдбаатар нь Ананд /Б.Ш/-той байнга хамт явж байдаг. Надад танилцуулахдаа миний баруун гар байгаа юм гэж байсан. Болдбаатар, Самданцоодол нартай хэд хэдэн удаа уулзаж байсан. ...Ананд надтай уулзахдаа “хөгшин нь хэд хоногийн өмнө нь алсан. Хэдэн залуучуудыг айлгаж хөөсөн. Барьж авсан бол алах байсан юм, буу барьж араас нь хөөсөн, миний хөгшин өөрийгөө ийм байдалд битгий оруулаарай” гэж ярьж байсан. Б.Ш нь Болдбаатартай бол найз нөхдийн холбоотой адилхан том биетэй учир маргалдах үе байх ч хүч, хэрэглэж зодож байсан эсэхийг мэдэхгүй байна. Харин Самданцоодолтой бол их дээрэнгүй харьцдаг, үйлдэл болгон дээр цохиж зоддог /алгадах, өшиглөх/ үйлдэл гаргадаг. Байнгын дээрэнгүй шинжтэй, харьцдаг байсан. Б.Ш нь Х.С-ыг “хоол хий” гэж алгадаж зодно, “амтгүй хоол хийлээ” гэж нэг алгадаж цохино, “удаан хоол хийж байна” гэж зодно, “гэр цэвэрлэ” гэж зодно байнгын дарамталдаг. Би тухайн үед гэрт нь 2 хонохдоо л энэ үйл явдлыг нүдээр харсан. ...” /2хх 196-199/ гэсэн мэдүүлгүүд,

            хохирогч Х.С-ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /2хх-244-250/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хоорондоо ноцтой зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба эдгээрийг үндэслэн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Шгийн гэм буруутай үйлдлийг бодитой тогтоосон бөгөөд өмнө нь энэ хэргийн хувьд дээр дурдсан асуудлуудаар хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж хангалттай шалгагдсан, одоо нэмэлт ажиллагаа хийх шаардлагагүй.

Шүүгдэгч Б.Ш-г Монгол улсад орох, гарах, хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр Монгол Улсын хилийг нэвтрэх буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, “Байлдааны зориулалтттай галт зэвсгийг хууль бусаар олж авсан, хадгалсан, бусдад шилжүүлсэн” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, “Бүлэглэн нийтийн хэв журмыг зөрчиж, галт зэвсэг хэрэглэн бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах”  буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, “Цагдаагийн байгууллагад гэрч Х.С-ыг мэдүүлэг өгөхдөө өөрөө үйлдсэн мэтээр зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор өөрт нь хүч хэрэглэсэн, ойр дотны хүнд нь хүч хэрэглэхээр заналхийлсэн, ятгасан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон.

Ийнхүү ял оногдуулахдаа шүүх Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн ерөнхий ангид заасан шүүхэд үүрэг болгосон хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон хэм хэмжээг хэрэглэх эсэхээ энэ хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг болно.

Шүүгдэгч Б.Ш-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 15000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 6 сар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийг 1 дэх хэсэгт зааснаар 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийг тус тус баримтлан шүүгдэгч Б.Ш-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 жил 6 сар хорих ялаас 2 жилийг өршөөн хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялуудыг нэмж нэгтгэн 23.000.000 төгрөг, 6 сар хорих ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.

Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр баталж, мөн оны 7 дугаар сарын 6-ны өдрөөс дагаж мөрдөж буй “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 9 дүгээр зүйлд өршөөлд хамааруулахгүй гэмт хэрэг, эрүүгийн хариуцлагын төрлийг зааснаас гадна, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2, 7.3 дахь хэсэг, 6 дугаар зүйлийн зарим хэсэгт Өршөөл үзүүлэх тухай хуулийг хязгаартай хэрэглэхээр хуульчилсан.

Шүүгдэгч Б.Ш-ын /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/ гэмт хэргүүд нь эдгээрийн алинд ч хамаараагүй байна.

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан  “гэмт хэрэгт үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хасна” гэж заасан.

Дээрхээс үзвэл, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргээс хамаарч түүнд Өршөөлийн хуулийн аль зүйл, заалтыг хэрэглэх эсэх талаар дүгнэлт хийх учиртай.

Анхан шатны шүүх Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.10 дахь хэсэгт заасны дагуу түүний гэм буруутай эсэхийг шийдвэрлэсний эцэст гэм буруугийн хэлбэр, үйлдсэн гэмт хэргийн шинж байдлыг харгалзаж, энэ хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь заалтыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар ногдуулсан ялыг өршөөн хасаж шийдвэрлэснийг Өршөөл үзүүлэх тухай хуулийг зөв хэрэглэсэн гэж үзлээ.

Харин прокурорын эсэргүүцлийн дурдсан шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо прокурорын яллах дүгнэлтэд дурдсан, шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнээс хальж, тухайн зүйл хэсэгт заасан гэмт хэргийн бүх шинжийг тоочин бичсэн гэх 1 дэх үндэслэлийг хүлээн авч, шүүгдэгчид оногдуулсан хорих ял болон тусад нь эдлүүлэхээр заасан торгох ялыг төлөх төлбөрт асуудлыг нь чадвартай, чадамжтай асуудлыг тогтоогоогүй байна гэх асуудлыг хүлээн авах боломжгүй байна.

Учир нь, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Б.Ш-ын эхнэр болон төрсөн хүүхэд нь өвчний хүндрэлийн улмаас нас барсан, бага насны хүүхэд ар гэрт нь үлдсэн зэрэг хувийн байдал, мөн орон сууцаа худалдан борлуулж, торгуулийн ялыг биелүүлэхээ тодорхой илэрхийлсэн буюу бусад орлого олох боломж зэргийг харгалзан үзэхэд анхан шүүхээс оногдуулсан торгох ял түүний гэм буруутай үйлдэлд тохирсон.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэх хуулийн заалтад харшлаагүй гэж үзэв.

Нөгөөтэйгүүр, анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг ерөнхийд нь түүвэрлэн бичсэнийг найруулгын хувьд зөвтгөн өөрчлөх боломжтой бөгөөд ийнхүү өөрчилсөн нь хэргийн зүйлчлэл, гэм буруу болон шүүгдэгчийн эрх зүйн байдалд сөргөөр нөлөөлөхгүй болно.

Харин анхан шатны шүүх дээр дурьдсан гэмт хэргийн шинжийг хэргийн үйл баримтад нийцүүлэн оновчтой, зөв дүгнэж байхыг цаашид анхаарвал зохино.

Иймд прокурор Г.Цогтгэрэлийн бичсэн 2020 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 11 дугаартай эсэргүүцлийн зарим хэсгийг хүлээн авч, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулж, тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Ш нь 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл нийт 67 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4  дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 22 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

1 дэх заалтын “...байлдааны, хууль сахиулах зориулалттай галт зэвсэг, галт хэрэгсэл хууль бусаар олж авсан, хадгалсан, шилжүүлсэн буюу галт зэвсэг хууль бусаар эзэмших. ...” гэснийг, “...Байлдааны зориулалттай галт зэвсгийг хууль бусаар олж авсан, хадгалсан, бусдад шилжүүлсэн. ...” гэж,

“...Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлэн, хүний халдашгүй, чөлөөтэй байх, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн. ...” гэснийг “...бүлэглэн нийтийн хэв журмыг зөрчиж, галт зэвсэг хэрэглэн бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан. ...” гэж,

“...гэрч, хохирогчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор өөрт нь, ойр дотны хүнд нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, ятгасан буюу гэрчид хууль бусаар нөлөөлөх. ...” гэснийг, “...гэрчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор өөрт нь, ойр дотны хүнд нь хүч хэрэглэсэн, ятгасан буюу гэрчид хууль бусаар нөлөөлөх. ...” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалт хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ш нь 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл нийт 67 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

             3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

                        ШҮҮГЧ                                               О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                        ШҮҮГЧ                                               М.АЛДАР