Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 107

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж, Улсын яллагч: Б.Батсайхан Шүүгдэгч: П.Э Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Мөнгөнтуяа нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт П-ийн Э-д холбогдох эрүүгийн 201703000210 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Дугаар /С% Цэцэрлэг Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ...... оны ..... дүгээр сарын .....-ны өдөр Архангай аймгийн Өлзийт суманд төрсөн, эрэгтэй, 28 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Алаг-Уул багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Б овогт П-ийн Э /РД: ........./ Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Яллагдагч П.Э нь 2016 оны 10 дугаар сарын 20-ны орчим мод бэлтгэх эрхийн бичиг, зөвшөөрөлгүйгээр Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Алаг-Уул багийн нутаг дэвсгэр “Хэсгийн мод” гэх газраас мод бэлтгэж ойн санд 809.431.92 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шүүх хуралдаанд шүүгдэгч П.Э-ын мэдүүлсэн: ...Би Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Алаг-Уул багийн нутаг дэвсгэр “Хэсгийн мод” гэх газраас өвөлжөөгөө сэргээх гээд нойтон мод унагааж, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн юм. Намар өвөлжөөнд буух үед байсан тул зөвшөөрөл авах гэсэн боловч эрх нь дууссан байсан учир зөвшөөрөл авч чадаагүй. Зайлшгүй малынхаа хашаа саравчийг янзлах шаардлагатай байсан тул зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн. Өөр ярих зүйл байхгүй гэв. Эрүүгийн 201703000210 дугаартай хэргээс: Хохирогч М.М-ийн мэдүүлсэн: ...2016 оны 10 дугаар сарын үед Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Алаг-Уул багийн иргэн П.Э гэх хүн нь мод бэлтгэх эрхийн зөвшөөрөлгүй мод бэлтгэж бэлтгэсэн модоороо өөрийнхөө малын байрыг засч сэлбэсэн гэж мэдсэн. 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Засаг дарга Э.Б-ын захирамжаар уг хэрэгт хохирогчоор тогтоож, уг хэрэгт байгууллагыг төлөөлж хохирогчоор оролцох болсон. Би хэргийн талаар нарийн ширийн зүйлийг нь мэдэхгүй байна. П.Э мод бэлтгэх үедээ эрхийн бичгийн зөвшөөрөл авсан эсэх талаар би мэдэхгүй. П.Э хэнтэй хамт, ямар газраас мод бэлтгэсэн талаар би мэдэхгүй. Би энэ ажилд ороод 10 гаруй хонож байна. П.Э-ын ойн санд учруулсан бодит хохирлыг 3 нугалж, сумын төрийн сангийн 100010600914 дансанд тушаах ёстой. П.Э-ын хууль бусаар бэлтгэсэн модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 809431.92 төгрөгөөр үнэлэгдсэн байсан. Уг үнэлгээг П.Э нь 3 нугалж сумын төрийн санд тушааж, хохирол барагдуулах шаардлагатай. П.Э-д гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Хохирлыг төлүүлэхийг хүсч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 хуу/ Гэрч Д.М-ийн мэдүүлсэн: ...Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Алаг-Уул багийн иргэн П.Э нь 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Алаг-Уул багийн “Хэсгийн мод“ гэх газраас нойтон шургааг бэлтгэсэн байна гэж сонсож мэдсэн. Түүнээс хойш 2017 оны 05 дугаар сарын эхээр би Эрдэнэмандал сумын хэсгийн төлөөлөгч Н.Т, байгаль орчны байцаагч Р.Б, жолооч Ц нарын хамтаар Алаг-Уул багийн иргэн П.Э-ынд очсон юм. Тэр үед мод бэлтгэх эрхийн бичиг зөвшөөрөлгүй бэлтгэсэн шургаагаараа малын хашаагаа сэлбэж засч барьсан байсан. Бид сэлбэж барьсан хашааны шинэ шургааганд хэмжилт хийж үзэж тоо ширхгийг нь тооцоолж гаргасан. Бид П.Э-аас ямар учраас эрхийн бичиггүй мод бэлтгэсэн талаар асуухад манай малын хашаа өвөл нурж уначих гээд байхаар нь хашаагаа сэлбэж барих хэрэг гараад эрхийн бичиг зөвшөөрөл авалгүй шургааг бэлтгэсэн гэж хэлж байсан. П.Э Алаг-Уул багийн “Хэсгийн мод” гэх газраас 4м урттай 25 ширхэг шургааг, 2м 14 ширхэг шонг бэлтгэсэн байсан, дээрх мод бүгд нойтон байсан. П.Э модыг хэнтэй хамт, хэрхэн бэлтгэсэн талаар би мэдэхгүй байна. П.Э-ыг эрхийн бичгийн зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн талаар нь манай байгаль хамгаалагч Алтансүх ажлаар явж байгаад шалгаж үзээд мэдсэн байсан. П.Э модыг хэрхэн яаж зөөж тээвэрлэсэн талаар би мэдэхгүй. П.Э-ын мод бэлтгэсэн газар тусгай хамгаалалттай газарт хамаарахгүй. П.Э мод бэлтгэх эрхийн бичгийн зөвшөөрөл авах гэж надтай ирж уулзаж байгаагүй. Тэр үед мод бэлтгэх эрхийн бичиг, зөвшөөрлийг П гэх ойн ангийн мэргэжилтэн өгдөг байсан. П.Э мод бэлтгэх үедээ П ахтай уулзаж зөвшөөрөл авах талаар хэлж байсан гэсэн харин тухайн үед мод бэлтгэх хэмжээ хэтэрсэн байсан учир эрхийн бичгийн зөвшөөрөл олгох боломжгүй байсан гэж ярьж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 хуу/ Гэрч Р.Б-ын мэдүүлсэн: ...2016 оны 10 дугаар сарын 20-ны үед байгаль хамгаалагч А хяналт шалгалт хийж яваад Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Алаг-Уул багийн иргэн П.Э гэх хүн мод бэлтгэх эрхийн бичгийн зөвшөөрөлгүй нойтон мод бэлтгэсэн байна гэх мэдээллийг авч энэ талаар Засаг даргын тамгын газарт танилцуулж байсан. Тухайн үед мод бэлтгэсэн газар нь очиж үзээгүй үүнээс хойш П.Э-ыг удаа дараа дуудуулсан боловч Улаанбаатар хот руу явсан гээд ирээгүй, тэгээд 2017 оны 05 дугаар сард санагдаж байна, би өдрийг нь санахгүй байна би хэсгийн төлөөлөгч Н.Т, ойн ангийн инженер Д.М нарын хамтаар очиж П.Э мод бэлтгэсэн гэх хэргийн газарт очиж мод бэлтгэсэн газрыг үзсэн мөн бэлтгэсэн модоор барьсан хашааг нь үзэж хэмжилт хийж материалжуулж ирсэн. Тухайн үед П.Э хууль бусаар бэлтгэсэн модоороо малынхаа хашааг сэлбэж янзалсан байсан. Тухайн үед П.Э би малын хашаа сэлбэх гэж л мод бэлтгэсэн юм гэж ярьж байсан. Мод бэлтгэх эрхийн бичиг авах гэхэд зөвшөөрлийн эрхийн бичиг дууссан байсан юм. П.Э нь мод бэлтгэх эрхийн бичиг, зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн. Мод бэлтгэх үед заавал эрхийн бичгийн зөвшөөрөл авсан байх ёстой, зөвшөөрөл аваагүй бол хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ. П.Э Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Алаг-Уул багийн “Хэсгийн мод” гэх газраас нойтон мод бэлтгэсэн байсан, хичнээн ширхэг мод бэлтгэсэн байсан талаар мартсан байна. П.Э-ын бэлтгэсэн мод нь 4м урттай 25 ширхэг шургааг, 2м урттай 14 ширхэг шонг бэлтгэсэн байсан. П.Э хэнтэй хамт мод бэлтгэсэн талаар би мэдэхгүй. П.Э надад хэлэхдээ би ганцаараа цахилгаан хөрөө, сүх ашиглаж, мод бэлтгэсэн гэж ярьж байсан. П.Э модыг хэрхэн, юугаар, яаж зөөж тээвэрлэсэн талаар би мэдэхгүй. Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Алаг-Уул багийн “Хэсгийн мод” гэх газар нь тусгай хамгаалалттай газарт орохгүй. Би мод бэлтгэх эрхийн бичгийн зөвшөөрөл олгодоггүй юм. Мод бэлтгэх эрхийн бичгийн зөвшөөрөл олгодог холбогдох хүмүүстэй эрхийн бичгийн зөвшөөрөл авах талаар уулзаж байсан гэсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 хуу/ Гэрч Э.Н-ын мэдүүлсэн: ...Би 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хот руу биеэ үзүүлэх зорилгоор яваад 2016 оны 1 дүгээр сарын 20-ны үед хөдөө гэртээ ирсэн. Тэгсэн манай нөхөр малын хашааныхаа зарим хэсгийг сэлбэж янзалсан байсан. Үүнээс хойш манай сумын ойн хамгаалагч А гэх хүн ирээд нойтон модоор хашаагаа сэлбэж барьсан байна гэж хэлж байсан. Тэгээд би Э-ыг нойтон мод бэлтгэж малын хашаагаа сэлбэж янзалсныг мэдсэн. Тухайн үед би мэдээгүй байсан, сүүлд нь мэдэхэд манай нөхөр П.Э ганцаараа “Хэсгийн мод” гэх газраас мод бэлтгэсэн байсан. П.Э мод бэлтгэх үедээ эрхийн бичгийн зөвшөөрөл аваагүй байсан. Манай нөхөр цахилгаан хөрөө, сүх ашиглаж модоо бэлдээд, үхэр тэргээр модоо зөөж тээвэрлэж авчирч ирээд хашаагаа сэлбэж барьсан байсан. П.Э-ыг нийт хичнээн ширхэг, ямар мод бэлтгэсэн талаар би мэдэхгүй. Манай нөхөр архи, дарс уудаггүй, үг дуу цөөнтэй, томоотой, хүнд тусархуу, нөхөрсөг, хүмүүжил сайтай хүн байгаа юм. Бид 2 гэр бүл болоод 5 жил болж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 43-45 хуу/ Гэрч Д.А-ийн мэдүүлсэн: ...Би 2016 оны 11 дүгээр сарын үед санагдаж байна, албан ажлаар явж байгаад П.Э гэх айлд очсон. Тэр үед П.Э гэх айл гэрийнхээ гадаа нойтон мод бэлтгэж авч ирсэн байсан. Би тэр үед нь хяналт шалгалт хийчихээд сумын төвд ирж улсын байцаагчид мэдэгдэж байсан. Үүнээс хойш би мөн Алаг-Уул багаар явж байгаад Э-ынд очиход тэр үед бэлтгэж байсан нойтон модоороо малынхаа хашааг сэлбэж барьсан байсан. Тэгээд 2017 оны 05 дугаар сарын эхээр хэсгийн төлөөлөгч Н.Т, байгаль орчны улсын байцаагч Б, ойн инженер М нар Э гэх айлд очиж миний хэлсэн мэдээллийн дагуу хууль бусаар бэлтгэсэн модонд үзлэг хэмжилт хийж материалжуулж ирсэн байсан. Би урьд өмнө Э-тай уулзаж ямар учраас эрхийн бичгийн зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн талаар асуухад хүйтэн орохоос өмнө хашаагаа сэлбэж барих шаардлагатай болоод эрхийн бичиг олдохгүй болохоор нь эрхийн бичиггүй мод бэлтгэж хашаагаа сэлбэж янзалсан гэж хэлж байсан. П.Э мод бэлтгэх үедээ эрхийн бичгийн зөвшөөрөл аваагүй байсан. Мод бэлтгэх үедээ эрхийн бичгийн зөвшөөрөл авах ёстой. П.Э нь энэ модыг ганцаараа бэлтгэсэн гэж ярьж байсан. П.Э нь Алаг-Уул багийн “Хэсгийн мод” гэх газраас нийт 25 ширхэг 4м урттай шургааг, 14 ширхэг 2м урттай шонгийн модыг эрхийн бичиггүй бэлтгэсэн байсан. П.Э модоо хэрхэн яаж юугаар зөөж тээвэрлэсэн талаар би сайн мэдэхгүй. П.Э хэлэхдээ би тухайн үед бэлтгэсэн модоо үхэр тэргээр тээвэрлэж цагаалж авч ирсэн гэж ярьж байсан. Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Алаг-Уул багийн “Хэсгийн мод” гэх газар нь тусгай хамгаалалттай газарт хамаарахгүй. П.Э гэх хүний аав л нэг удаа эрхийн бичгийн зөвшөөрөл авах гэж байгаа гэж ирж уулзаж байсан. Тэр үед нь эрхийн бичгийн зөвшөөрлийн хугацаа дууссан байсан тул эрхийн бичиг олгох боломжгүй байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 46-47 хуу/ П.Э-ын сэжигтнээр мэдүүлсэн: ...Би 2016 оны 10 дугаар сарын 20-ны үед ганцаараа Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Алаг-Уул багийн “Хэсгийн мод” гэх газраас мод бэлтгэх эрхийн бичгийн зөвшөөрөлгүй 5 ширхэг нойтон мод унагааж түүнийгээ цагаалж гэртээ авч ирсэн. Үүний дараа 3-4 хоногийн дараа 4 ширхэг нойтон мод унагааж түүнийгээ цагаалж гэртээ авч ирсэн. Тэгээд дараа нь бас 2-3 хоногийн дараа 3 мод унагааж мөн адил түүнийгээ цагаалж гэртээ авч ирсэн үүний дараа бас л 2-3 хоногийн дараа 2 ширхэг нойтон мод унагааж гэртээ авч ирсэн. Би уг нь моднуудыг өөрийнхөө үхэр тэргээр зөөж цагаалж гэртээ авч ирсэн. Би нийт 14 ширхэг нойтон мод унагааж түүнийгээ 2м 60см-ээр 14, 4м-ээр 25 ширхгийг тайрч бэлдсэн. Модоороо малын хашааны нурууны шонг сольсон бөгөөд 14 ширхэг орсон. 4м 25 ширхэг модоор нь малын байрны ялзарч муудсан модыг сольж нэг болон 2 үеэр давхарлаж малынхаа байрыг янзалсан юм. 2016 оны 10 дугаар сарын 10-ны үед мод бэлтгэх эрхийн бичгийн зөвшөөрөл авах гээд сум руу очих үед зөвшөөрөл байхгүй гэж байсан юм. Тэгээд цас орж хүйтрэх гээд байсан учир өөрийн хэрэгцээ шаардлагын улмаас мод бэлтгэх малынхаа байрыг барих болсон юмаа. Би мод бэлтгэх үедээ эрхийн бичгийн зөвшөөрөл аваагүй байсан. Би тухайн үед ганцаараа бэлдсэн. Би цахилгаан хөрөө, сүх ашиглаж модоо бэлтгэсэн. Мод бэлтгэх үедээ ашигласан хөрөө, сүх гэрт байгаа. Би мод бэлтгэх эрхийн бичиг авах ёстой талаар мэднэ. Тийм учраас сумын төв рүү зөвшөөрөл авах гээд орох үед зөвшөөрөл олдоогүй юм. Тэр үед цас орчих гээд хүйтэрч байсан учраас хэрэгцээ шаардлагын улмаас л мод бэлтгэж малынхаа байрыг янзалсан юм. Би Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Алаг-Уул багийн “Хэсгийн мод” гэх газраас мод бэлтгэсэн. Би дан нойтон шинэс мод бэлтгэсэн. Хамгийн том нь ойролцоогоор л 25-30 см хэмжээтэй мод байсан. Би модоо өөрийн үхэр тэргээр 3 өдөр зөөж цагаалж малын байран дээрээ авч ирсэн. Миний мод бэлтгэсэн газраас малын байр хүртэл ойролцоогоор 500-600м орчим зайтай байдаг юм. Намайг хууль бусаар мод бэлтгэсэн талаар манай гэрийнхэн мэднэ...гэх мэдүүлэг /хх-ийн 60-61 хуу/ Яллагдагч П.Э-ын мэдүүлсэн: ...Би зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Би 2016 оны 10 дугаар сарын 20-ны үед Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Алаг-уул багийн нутаг дэвсгэр “Хэсгийн мод” гэх газраас мод бэлтгэх эрхийн бичиг, зөвшөөрөлгүй хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн. Би сэжигтнээр өгсөн мэдүүлэг дээрээ хэргийн талаар үнэн зөв дэлгэрэнгүй мэдүүлэг өгсөн. Би ойн санд учирсан хохирлыг холбогдох газар нь бүрэн төлж барагдуулах болно. Би хийсэн хэрэгтээ гэмшиж маш их харамсаж байна. Надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...гэх мэдүүлэг /хх-ийн 63-64 хуу/ Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 03-04 хуу/ Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 05-07, 09-11 хуу/ Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл/ хх-ийн 08 хуу/ 2017 оны 05 сарын 14-ний өдрийн 10 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 49-50 хуу/ 2017 оны 06 сарын 18-ны өдрийн 96 дугаартай хохирлын үнэлгээний тайлан /хх-ийн 54 хуу/ Шинээр өгсөн хохирол төлсөн баримт Эвлэрлийн баталгаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шүүхээр хэлэлцэн тогтоогдсон 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Алаг-Уул багийн нутаг дэвсгэр “Хэсгийн мод” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр мод хууль бусаар мод бэлтгэсэн нөхцөл байдал нь гэмт хэрэг мөн гэж дүгнэв. Тухайн хэрэгт шүүгдэгч П.Э нь гэм буруутай ба 2016 оны 10 дугаар сарын 20-ны орчим мод бэлтгэх эрхийн бичиг, зөвшөөрөлгүйгээр Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Алаг-Уул багийн нутаг дэвсгэр “Хэсгийн мод” гэх газраас мод бэлтгэж ойн санд 809.431.92 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: 2016 оны 10 дугаар сарын үед Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Алаг-Уул багийн иргэн П.Э гэх хүн нь мод бэлтгэх эрхийн зөвшөөрөлгүй мод бэлтгэж бэлтгэсэн модоороо өөрийнхөө малын байрыг засч сэлбэсэн гэж мэдсэн. П.Э-ын хууль бусаар бэлтгэсэн модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 809431.92 төгрөгөөр үнэлэгдсэн байсан гэж мэдүүлсэн хохирогч М.М-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 35-36/, Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Алаг-Уул багийн иргэн П.Э нь 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Алаг-Уул багийн “Хэсгийн мод“ гэх газраас нойтон шургааг бэлтгэсэн байна гэж сонсож мэдсэн. 2017 оны 05 дугаар сарын эхээр би Эрдэнэмандал сумын хэсгийн төлөөлөгч Н.Т, байгаль орчны байцаагч Р.Б, жолооч Ц нарын хамтаар Алаг-Уул багийн иргэн П.Э-д очсон юм. Тэр үед мод бэлтгэх эрхийн бичиг зөвшөөрөлгүй бэлтгэсэн шургаагаараа малын хашаагаа сэлбэж засч барьсан байсан. П.Э Алаг-Уул багийн “Хэсгийн мод” гэх газраас 4м урттай 25 ширхэг шургааг, 2м 14 ширхэг шонг бэлтгэсэн байсан, дээрх мод бүгд нойтон байсан гэж мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.М-ийн мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 39-40/, 2016 оны 10 дугаар сарын 20-ны үед байгаль хамгаалагч А хяналт шалгалт хийж яваад Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Алаг-Уул багийн иргэн П.Э гэх хүн мод бэлтгэх эрхийн бичгийн зөвшөөрөлгүй нойтон мод бэлтгэсэн байна гэх мэдээллийг авч энэ талаар Засаг даргын тамгын газарт танилцуулж байсан. Би хэсгийн төлөөлөгч Н.Т, ойн ангийн инженер Д.М нарын хамтаар очиж П.Э-ын мод бэлтгэсэн гэх хэргийн газарт очиж мод бэлтгэсэн газрыг үзсэн мөн бэлтгэсэн модоор барьсан хашааг нь үзэж хэмжилт хийж материалжуулж ирсэн. Тухайн үед П.Э хууль бусаар бэлтгэсэн модоороо малынхаа хашааг сэлбэж янзалсан байсан. П.Э-ын бэлтгэсэн мод нь 4м урттай 25 ширхэг шургааг, 2м урттай 14 ширхэг шонг бэлтгэсэн байсан гэж мөрдөн байцаалтын шатанд гэрч Р.Б-ын мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 41-42/, тэгээд би Э-ыг нойтон мод бэлтгэж малын хашаагаа сэлбэж янзалсныг мэдсэн. Тухайн үед би мэдээгүй байсан, сүүлд нь мэдэхэд манай нөхөр П.Э ганцаараа “Хэсгийн мод” гэх газраас мод бэлтгэсэн байсан. П.Э мод бэлтгэх үедээ эрхийн бичгийн зөвшөөрөл аваагүй байсан гэж мөрдөн байцаалтын шатанд гэрч Э.Н-ын мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 43-45/, тэгээд 2017 оны 05 дугаар сарын эхээр хэсгийн төлөөлөгч Н.Т, байгаль орчны улсын байцаагч Б, ойн инженер М нар Э гэх айлд очиж миний хэлсэн мэдээллийн дагуу хууль бусаар бэлтгэсэн модонд үзлэг хэмжилт хийж материалжуулж ирсэн байсан. Би урьд өмнө Э-тай уулзаж ямар учраас эрхийн бичгийн зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн талаар асуухад хүйтэн орохоос өмнө хашаагаа сэлбэж барих шаардлагатай болоод эрхийн бичиг олдохгүй болохоор нь эрхийн бичиггүй мод бэлтгэж хашаагаа сэлбэж янзалсан гэж хэлж байсан гэж мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.А-ийн мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 46-47/, би 2016 оны 10 дугаар сарын 20-ны үед ганцаараа Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Алаг-Уул багийн “Хэсгийн мод” гэх газраас мод бэлтгэх эрхийн бичгийн зөвшөөрөлгүй 5 ширхэг нойтон мод унагааж түүнийгээ цагаалж гэртээ авч ирсэн. Би нийт 14 ширхэг нойтон мод унагааж түүнийгээ 2м 60см-ээр 14, 4м-ээр 25 ширхгийг тайрч бэлдсэн. Модоороо малын хашааны нурууны шонг сольсон бөгөөд 14 ширхэг орсон. 4м 25 ширхэг модоор нь малын байрны ялзарч муудсан модыг сольж нэг болон 2 үеэр давхарлаж малынхаа байрыг янзалсан юм. Би мод бэлтгэх үедээ эрхийн бичгийн зөвшөөрөл аваагүй байсан гэж мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт П.Э-ын мэдүүлсэн мэдүүлэг, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 03-04/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 05-07, 09-11/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр нотлогдон тогтоогдож байна. Энэ хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авсан байх бөгөөд хэрэгт хамааралтай, эх сурвалж нь тодорхой нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцсэн үндэслэл журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн байх тул тэдгээр нотлох баримтыг үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол, хамааралтай байна. Иймд шүүгдэгч П.Э-ыг хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзэв. Шүүгдэгч П.Э нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч П.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 809.431 /найман зуун есөн мянга дөрвөн зуун гучин нэг/ төгрөг төлсөн, хохирогч байгууллагаас өөр хохирол төлбөр нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц мөрдөн байцаагчийн 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-ийн 15, 19, 23, 28/-уудыг хүчингүй болгож, шүүгдэгч П.Э-ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий улаан хүрэн зүсмийн шар үхэр 1 ширхэг, 30.000 /гучин мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий үхэр тэрэг 1 ширхэг, гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн 50.000 /тавин мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан хөрөө 1 ширхэг, 15.000 /арван таван мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий сүх 1 ширхэг, гэмт хэрэг үйлдэж бэлтгэсэн 112.500 /нэг зуун арван хоёр мянга таван зуу/ төгрөгийн үнэлгээ бүхий 4 метрийн урттай шургааг 25 ширхэг, 30.800 /гучин мянга найман зуу/ төгрөгийн үнэ бүхий 2 метрийн урттай шургааг 14 ширхэг зэргийг улсын орлого болгож, битүүмжлэгдсэн 143.000 /нэг зуун дөчин гурван мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий малын хашааг шүүгдэгч П.Э-ын эзэмшилд шилжүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 1.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Шүүгдэгч Б овогт П-ийн Э-ыг хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Э-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Э-д оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Э нь шүүхийн тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй. 5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц мөрдөн байцаагчийн 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-ийн 15, 19, 23, 28/-уудыг хүчингүй болгож, шүүгдэгч П.Э-ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий улаан хүрэн зүсмийн шар үхэр 1 ширхэг, 30.000 /гучин мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий үхэр тэрэг 1 ширхэг, гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн 50.000 /тавин мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан хөрөө 1 ширхэг, 15.000 /арван таван мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий сүх 1 ширхэг, гэмт хэрэг үйлдэж бэлтгэсэн 112.500 /нэг зуун арван хоёр мянга таван зуу/ төгрөгийн үнэлгээ бүхий 4 метрийн урттай шургааг 25 ширхэг, 30.800 /гучин мянга найман зуу/ төгрөгийн үнэлгээ бүхий 2 метрийн урттай шургааг 14 ширхэг зэргийг улсын орлого болгож, битүүмжлэгдсэн 143.000 /нэг зуун дөчин гурван мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий малын хашааг шүүгдэгч П.Э-ын эзэмшилд шилжүүлсүгэй. 6. Шүүгдэгч П.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай. 7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Э-д хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй. 8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНЦЭЦЭГ