| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 101/2023/03006/И |
| Дугаар | 101/ШШ2024/00921 |
| Огноо | 2024-02-20 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 101/ШШ2024/00921
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *** тоот хаягт байрлах, ******* /хуулийн этгээдийн регистрийн дугаар:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *** тоот хаягт байрлах, ******* /хуулийн этгээдийн регистрийн дугаар:*******/-д холбогдох
36,962,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тогтуунжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2021 оны 7 дугаар сарын 26- ны өдөр ******* нь Ангар бридж ХХК-тай Машин механизмийн түрээсийн гэрээ-г нэг сарын 17,000,000 төгрөгөөр түрээслүүлэхээр 2 сарын хугацаатайгаар байгуулж, өөрийн эзэмшлийн SFM 921 маркийн УБ ******* улсын дугаартай автогрейдрийг ******* аймгийн ******* сумын нутагт Ангар бридж ХХК-ийн замын ажилд ажиллуулахаар ачилт хийлгэн явуулсан. Гэрээний дагуу Ангар бридж ХХК нь нэг сарын түрээсийн төлбөрийн тавин хувьтай тэнцэх 8,500,000 төгрөгийг урьдчилгаа болгон шилжүүлж түүнээс хойш ажилласан хугацааны түрээсийн төлбөр болох 41,962,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөхгүй зайлсхийсээр байна. Ангар бридж ХХК-ийн захирал Ц.*******төй холбоо барихад удахгүй төлбөр хийнэ гэсээр өнөөдрийг хүрлээ. Төлбөр тооцооны талаар уулзаж ярилцах гэж компани дээр нь очиход анх гэрээ хийсэн хаяг нь хуурамч байсан төдийгүй 2022 оны 3 дугаар сард уулзаж ярилцахад өгсөн хаяг нь ч мөн хуурамч байлаа.
Ангар бридж ХХК-ийн хаяг байршил, хариуцах хүмүүсийг эрэн сурвалжлан хаягийг тогтоосон болно. 2023 оны 7 дугаар сарын 05-нд 5,000,000 төгрөгийг шилжлүүлсэн. Иймд 5,000,000 төгрөгийг хасч, ажилласан хугацааны түрээсийн төлбөр буюу гүйцэтгээгүй үнэ 36,962,000 төгрөгийг Ангар бридж ХХК-иас гаргуулж тус компанийг хохиролгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд бичгээр хариу тайлбар гаргаагүй.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд: нэхэмжлэгчийн нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдөр 07/01 дугаартай Машин механизмын гэрээ, 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн огноотой Ангар бридж ХХК-ийн захирал, *******-ийн механик нарын гарын үсэгтэй, төлбөрийн талаар тооцоо гаргасан бичиг, *******-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Ангар бридж ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Ангар бридж ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.ын иргэний үнэмлэхийн хуулбар, *******-иас Ц.*******д олгосон 2023.10.02№10/01, 2023.11.15№11/02 итгэмжлэл, Ангар бридж ХХК-ийн хаягийг олж тогтоосон тухай Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 2023.04.03№282-2/1457 дугаартай албан бичиг, Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, багасгасан нэхэмжлэл 2023.11.15№11/01, хариуцагчийн дансны зарлагын хөдөлгөөнийг зогсоож, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн өмгөөлөгч А.ын гомдол, Ангар бридж ХХК болон өмгөөлөгч А. нарын хооронд байгуулагдсан Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ;
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Ангар бридж ХХК-д холбогдуулан, Машин механизмын түрээсийн гэрээний төлбөрт 41,912,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж, нийт төлбөр нь 41,912,000 бус 41,962,000 төгрөг бөгөөд үүний 5,000,000 төгрөгийг хариуцагч төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, нийт 36,962,000 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна.
3. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын талаар хариу тайлбар бичгээр гаргаагүй боловч хариуцагчийн өмгөөлөгч нь шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажулах арга хэмжээ авсан шүүгчийн захирамжийг эс зөвшөөрсөн гомдолдоо ...уг нэхэмжлэлийг төлж барагдуулах нь гарцаагүй... эдийн засгийн хүнд нөхцөлтэй ..., ...тендерт оролцож байгаа..., ...дансны зарлагын хөдөлгөөнийг хаавал 36,962,000 төгрөгийг төлж барагдуулах бололцоогоо алдах эрсдэлд орно, ...захирамжийг эргэн харж бололцоо олговол тендерийн урьдчилгаагаар төлж барагдуулах нь дамжиггүй... хэмээн дурьдаж байсан.
4. Зохигч талууд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрэн хэлэлцээгүй буюу хариуцагч нь дээр дурьдсан төлбөр төлөх боломж бололцоо болон маргааны талаар тодорхой байр сууриа шүүхэд илэрхийлээгүй.
5. Зохигчийн тайлбар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдолтой бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.-д Зохигчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна.,
42.2.-т Зохигч нэг талын гаргасан тайлбар, нотлох баримтын талаар эсрэг тал өөрийн тайлбараа холбогдох нотлох баримтын хамт гаргаж болно.,
42.3.-т Энэ хуулийн 42.2-т заасан тайлбарыг зохигч тал гаргахдаа нөгөө талын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн буюу түүний зарим хэсгийг хүлээн зөвшөөрч болно.,
42.4.-т Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно. гэж заасан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3.-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ. гэж заасан.
6. Хариуцагч тал шүүх хуралдааны товыг мэдсэн боловч шүүхэд хүрэлцэн ирээгүйд хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдоогүй тул хариуцагчийн эзгүйд хэргийг хэлэлцэж шийдвэрлэлээ.
7. Талууд 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдөр 07/01 дугаартай Машин механизмын гэрээ-г байгуулж, ******* нь SEM921 маркийн ******* УБ улсын дугаартай авто грейдерийг Ангар бридж ХХК-д 2 сарын хугацаатай, 17,000,000 төгрөгийн төлбөртэйгээр түрээслүүлэхээр харилцан тохиролцжээ.
8. Дээрх түрээсийн гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасантай нийцсэн хүчин төгөлдөр байна.
9. Талууд 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр төлбөрийн талаар тооцоо гаргасан буюу SEM921 маркийн ******* УБ улсын дугаартай авто грейдер нь Ангар бридж ХХК-д нийт 97 хоног ажиллаж, ажил гүйцэтгэл дууссан, нийт түрээсийн төлбөр болох 54,902,000 төгрөгөөс масло, тос, тээвэр урьдчилгаа хасагдаж 41,962,000 төгрөгийг төлж барагдуулах болно, ХХБ-ны Нарангэрэлд дасанд хэмээн Ангар бридж ХХК-ийн захирал, *******-ийн механик нар бичиг үйлдэж, гарын үсэг зурж баталгаажуулжээ.
10. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар, хариуцагч Ангар бридж ХХК нь нэхэмжлэгч *******-д нийт 36,962,000 төгрөгийг түрээсийн гэрээний үүрэгт төлөх үндэслэлтэй болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасныг баримтлан хариуцагч Ангар бридж ХХК-иас 36,962,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас 5,000,000 төгрөгийг төлж барагдуулснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 36,962,000 төгрөг болгон багасгасныг баталж, 5,000,000 төгрөгийн төлбөр төлөгдсөн нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар, нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 367,510 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ангар бридж ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 367,510 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА