| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 101/2023/05468/И |
| Дугаар | 101/ШШ2024/00961 |
| Огноо | 2024-02-21 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 101/ШШ2024/00961
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******** *******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ********* тоотод оршин суух, Боржигон овогтой *******ийн ******* /РД:*******/ -д холбогдох,
73,117,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тогтуунжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, зуслангаа барьцгаая ХХК-тай 2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр №2-1 36 тоот *******, зуслангаа барьцгаая төсөл орон сууц захиалан бариулах гэрээг байгуулсан.
Гэрээний дагуу захиалагч ******* *******,*******-ийн **** нутаг дэвсгэрт баригдах *******, зуслангаа барьцгаая төсөл талбайтай газар бүхий талбайтай 20 ширхэг таримал модтой, гараж терасс, бассейнтай амины орон сууцыг 189,000,000 төгрөгөөр захиалсан.
Гэрээний дагуу төлбөрт нийт 66,450,000 төгрөгийг дараах журмаар шилжүүлсэн. Үүнд:
1. 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр гэрээний урьдчилгаа 32,500,000 төгрөг, 20,000,000 төгрөг, 12,500,000 төгрөгийг Хаан банкны тоотдансанд шилжүүлсэн.
2. 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдөр 13,500,000 төгрөгийг Хаан банкны тоот дансанд шилжүүлсэн.
3. 2023 оны 3 дугаар сарын 05-ны өдөр УНӨ улсын дугаартай цагаан өнгийн приус 30 маркын автомашиныг 14,000,000 төгрөгөөр тооцон *******,*******-ийн борлуулалтын ажилтан Д.Соёл-Эрдэнэд шилжүүлсэн.
4. 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 6,450,000 төгрөгийг Хаан банкны тоот дансанд тус тус шилжүүлсэн.
Амины орон сууцыг хариуцагч *******,******* нь 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр №2-1 36 тоот *******, зуслангаа барьцгаая төсөл орон сууц захиалан бариулах гэрээний 4-р зүйлийн 1.1-д зааснаар Ажил гүйцэтгэгч нъ гэрээнд заасан тапбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг барилгын ажлын 90-120 хоногийн дотор гүйцэтгэж Захиалагчид хүлээлгэн өгнөгэж заасан боловч гэрээний хугацаанд амины орон сууц ашиглалтад оруулах үүргээ зөрчсөн.
2023 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр №2-1 36 тоот *******, зуслангаа барьцгаая төсөл орон сууц захиалан бариулах гэрээг цуцлах саналыг захиалагч ******* гаргасныг *******,*******-ийн гүйцэтгэх захирал Б. хүлээн зөвшөөрч гэрээг цуцалсан тул нийт шилжүүлсэн төлбөрийг буцаан олгохоор 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдөр *******,*******- ийн гүйцэтгэх захирал Б. гэрээ цуцалсан тул гэрээний дагуу төлсөн 66,450,000 төгрөгийг 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн дотор эргүүлэн төлөх бөгөөд хугацаа хэтэрсэн хоног тутамд өдрийн 0,5 хувийн хүүг бодож олгох болно гэсэн агуулга бүхий бичгийг өөрийн гараар гэрээнд бичиж өгсөн.
2023 оны 7 дугаар сарын 21-ний өдөр *******,*******-иас 1,450,000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн.
Улмаар 2023 оны 7 дугаар сарын 26-ны өдөр *******,*******- ийн 23/05 тоот тодорхойлолт гаргах нь албан бичгээр гэрээ цуцалсантай холбогдуулан захиалгын гэрээнд тусгагдсан урьдчилгаа төлбөр болох 66,450,000 төгрөгөөс 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдөр 1,450,000 төгрөгийг буцаан авсан бөгөөд үлдэгдэл 65,000,000 төгрөгийг захиалагчид буцаан олгох нь үнэн болно гэж бичиж өгсөн.
Үүний дараа *******,*******-иас 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 10,000,000 төгрөг шилжүүлсэн.
Гэвч өнөөдрийг хүртэл гэрээний үлдэгдэл 55,000,000 төгрөг болон нийт хүүгийн төлбөр төлөх үүрэг үүссэн байна. Үүнд:
1. 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хүртэл 66,450,000 төгрөгийн 30 хоногийн хугацааны хүү /1 хоногийн 0,5 хувийн хүү 322,250 төгрөг/ 9,967,500 төгрөг,
2. 2023 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хүртэл 65,000,000 төгрөгийн 20 хоногийн хугацааны хүү /1 хоногийн 0,5 хувийн хүү 325,000 төгрөг/ 6,500,000 төгрөг,
3. 2023 оны 8 дугаар сарын 11-ний өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хүртэл 55,000,000 төгрөгийн 7 хоногийн хугацааны хүү /1 хоногийн 0,5 хувийн хүү 275,000 төгрөг/ 1,650,000 төгрөгийн хүү төлөх үүргийг биелүүлээгүй.
Иймд Иргэний хуулийн 39-42 дугаар зүйл, 243 дугаар зүйлийн 243.1, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэг, 205 дугаар зүйлийн 205.1, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэг, 282 дугаар зүйлийн 282.1 хэсэг, 2022 оны 01 сарын 30-ны өдөр №2-1 36 тоот *******, зуслангаа барьцгаая төсөл орон сууц захиалан бариулах гэрээг тус тус үндэслэн орон сууцны үнэнд шилжүүлсэн 55,000,000 төгрөг, орон сууцны үнийг буцаан олгох хүртэлх хугацаанд бодож олгох хүү 18,117,500 төгрөг нийт 73,117,500 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэв.
Хариуцагч хариу тайлбар гаргаагүй.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, *******,*******-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, *******аас *******д олгосон 2023.08.12-ны итгэмжлэл, 2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн №2-1 36 дугаартай *******, зуслангаа барьцгаая төсөл орон сууц захиалан бариулах гэрээ, ...66,450,000 төгрөгийг 2023.06.23-ны дотор эргүүлэн дансанд төлнө. Хугацаа хэтэрсэн хоног тутамд өдрийн 0,5 хувийн хүүг бодож олгох болно. гэх *******,*******-ийн захирал Б.Цогт-Эрдэнийн бичсэн 2023.06.19-ний өдрийн бичиг, ...захиалгын гэрээг 2023.01.30-ны өдөр байгуулж, захиалагчийн хүсэлтээр 2023.07.01-ний өдөр гэрээ цуцалсан. Гэрээ цуцалсантай холбогдуулан захиалгын гэрээнд тусгагдсан урьдчилгаа төлбөр 66,450,000 төгрөгөөс 2023.07.21-ний өдөр 1,450,000 төгрөгийг буцаан авсан бөгөөд үлдэгдэл 65,000,000 төгрөгийг захиалагчид буцаан олгох нь үнэн болно. гүйцэтгэх захирал Ц. гэх *******,*******-ийн 2023.07.26-ны өдрийн №23/05 тоот албан бичиг (тодорхойлолт), Бадрах Пүрэвсүрэн эзэмшдэг Хаан банк дахь тоот дансны 2023.01.30, 2023.03.16, 2023.04.26, 2023.07.21, 2023.08.10 өдрийн хуулга, *******,*******-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, Б.Цогт-Эрдэнийн иргэний үнэмлэхийн лавлагаа;
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын 55,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хангаж, 18,117,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******,*******-д холбогдуулан, 73,117,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.
- 2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр №2-1 36 дугаартай *******, зуслангаа барьцгаая төсөл орон сууц захиалан бариулах гэрээг байгуулж, гэрээнд заасны дагуу 64,450,000 төгрөгийг төлсөн ба гүйцэтгэгч *******,******* гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдөр дээрх гэрээг цуцлах саналыг захиалагч ******* гаргасныг тус компанийн захирал Б. хүлээн зөвшөөрч, захиалагчийн шилжүүлсэн 66,450,000 төгрөгийг 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн дотор эргүүлэн буцаан олгох, хугацаа хэтэрсэн хоног тутамд өдрийн 0,5 хувийн хүү бодож олгох тухай бичгийг 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдөр бичиж өгсөн.
Улмаар 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдөр 1,450,000 төгрөг, 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 10,000,000 төгрөг авсан тул үлдэгдэл 55,000,000 төгрөгийг хүүгийн хамт нийт 73,117,500 төгрөг гаргуулна хэмээн шаардсан.
3. Хариуцагч нь 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр нэхэмжлэлийн хувийг шүүхээс гардан авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох хэргийн орлоцогчийн эдлэх эрх, хүлээх үүрэгтэй танилцсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2.-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй. гэж заасны дагуу эрх, үүргээ хэрэгжүүлээгүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын талаар хариу тайлбар гаргаагүйд хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдоогүй.
4. Зохигчийн тайлбар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдолтой бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.-д Зохигчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна.,
42.2.-т Зохигч нэг талын гаргасан тайлбар, нотлох баримтын талаар эсрэг тал өөрийн тайлбараа холбогдох нотлох баримтын хамт гаргаж болно.,
42.3.-т Энэ хуулийн 42.2-т заасан тайлбарыг зохигч тал гаргахдаа нөгөө талын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн буюу түүний зарим хэсгийг хүлээн зөвшөөрч болно.,
42.4.-т Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно. гэж заасан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3.-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ. гэж заасан.
5. Дээр дурьдсан үндэслэлүүдээр, хэрэгт авагдсан нотлох баримт, нэхэмжлэгчийн тайлбарт үндэслэн хэргийг хэлэлцэж шийдвэрлэлээ.
6. Талууд 2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр №2-1 36 дугаартай *******, зуслангаа барьцгаая төсөл орон сууц захиалан бариулах гэрээг байгуулсан байх ба захиалагч ******* гэрээнд заасны дагуу 64,450,000 төгрөгийг төлсөн, гүйцэтгэгч *******,******* гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдөр дээрх гэрээг цуцлах саналыг захиалагч ******* гаргасныг тус компанийн захирал Б. хүлээн зөвшөөрч, захиалагчийн шилжүүлсэн 66,450,000 төгрөгийг 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн дотор эргүүлэн буцаан олгох, хугацаа хэтэрсэн хоног тутамд өдрийн 0,5 хувийн хүү бодож олгохоор тохиролцсон болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан 2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр №2-1 36 дугаартай гэрээ, ...66,450,000 төгрөгийг 2023.06.23-ны дотор эргүүлэн дансанд төлнө. Хугацаа хэтэрсэн хоног тутамд өдрийн 0,5 хувийн хүүг бодож олгох болно. гэх *******,*******-ийн захирал Б.Цогт-Эрдэнийн бичсэн 2023.06.19-ний өдрийн бичиг, ...захиалгын гэрээг 2023.01.30-ны өдөр байгуулж, захиалагчийн хүсэлтээр 2023.07.01-ний өдөр гэрээ цуцалсан. Гэрээ цуцалсантай холбогдуулан захиалгын гэрээнд тусгагдсан урьдчилгаа төлбөр 66,450,000 төгрөгөөс 2023.07.21-ний өдөр 1,450,000 төгрөгийг буцаан авсан бөгөөд үлдэгдэл 65,000,000 төгрөгийг захиалагчид буцаан олгох нь үнэн болно. гүйцэтгэх захирал Ц. гэх *******,*******-ийн 2023.07.26-ны өдрийн №23/05 тоот албан бичгээр гаргасан тодорхойлолт зэргээр тогтоогдож байна.
7. Дээрх 2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр №2-1 36 дугаартай *******, зуслангаа барьцгаая төсөл орон сууц захиалан бариулах гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасантай нийцжээ.
8. Нэхэмжлэгч ******* нь дээр дурьдсанаар гэрээний үүргээ гүйцэтгэсэн үйл баримт тогтоогдсон тул гэрээнээс таталзаж, төлсөн төлбөрөө буцаан гаргуулахаар шаардаж буй нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1.-д Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй. гэж заасантай нийцэж байх бөгөөд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй. гэж заасантай нийцэж байх бөгөөд хариуцагч нь урьдчилгаа төлбөр авсан 66,450,000 төгрөгөөс 11,450,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгосон байх тул үлдэгдэл 55,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна.
9. Харин ...66,450,000 төгрөгийг 2023.06.23-ны дотор эргүүлэн дансанд төлнө. Хугацаа хэтэрсэн хоног тутамд өдрийн 0,5 хувийн хүүг бодож олгох болно. гэх *******,*******-ийн захирал Б.Цогт-Эрдэнийн бичсэн 2023.06.19-ний өдрийн бичигт дурьдсаны дагуу хүү тооцох үндэслэлгүй.
Тодруулбал, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. 282 дугаар зүйлийн 282.1.-д Нэг удаагийн шинжтэй, эсхүл ашиг олох зорилгогүй зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно., 282.3.-т Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана. гэж тухайлан заасан зээлийн харилцаа талуудын хооронд үүсээгүй, хүү төлөх үүрэг ногдуулсан харилцаа огт үүсээгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1, 282 дугаар зүйлийн 282.1-д тус тус заасныг баримтлан, хариуцагч *******,*******-ийн 55,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 18,117,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус заасныг баримтлан, улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 523,537 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******,*******-иас улсын тэмдэгтийн хураамж 432,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******ад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА