| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхбаярын Алдар |
| Хэргийн индекс | 2106 00000 1553 |
| Дугаар | 2022/ДШМ/235 |
| Огноо | 2022-03-01 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Н.Ганчимэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 03 сарын 01 өдөр
Дугаар 2022/ДШМ/235
2022 3 1 2022/ДШМ/235
Г.Г-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ, даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Н.Ганчимэг,
шүүгдэгч Г.Г, түүний өмгөөлөгч Ц.Даваажаргал,
нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 2021/ШЦТ/1374 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Г-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2106 00000 1553 дугаартай хэргийг 2022 оны 2 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овгийн Г.Г, .... оны .... дүгээр сарын ....-ны өдөр .... төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ..., эхнэр, хүүхдүүдийн хамт ................ тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: .....................;
Баянзүрх дүүргийн шүүхийн 2007 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 392 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 457 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 502 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлсэн;
Шүүгдэгч Г.Г нь 2021 оны 7 дугаар сарын 6-наас 7-нд шилжих шөнө 03 цаг 30 минутын орчим Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Их тэнгэр төвийн гадна дуудлагын жолоочоор ажиллахдаа “Тоёота приус 30” загварын тээврийн хэрэгслээс иргэн Г.С-ын эзэмшлийн “Iphone XR” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Г.Г-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Г.Г-ыг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Г-д оногдуулсан 8 сарын хорих ял дээр өмнөх Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 502 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын нэг хоногоор тооцож, 31 хоног буюу 1 сар 1 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялын хэмжээг 9 сар 1 хоногийн хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Г.Г давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие шүүхийн шийдвэрт гомдол гаргах учир нь эрх зүйн байдлыг дордуулсан. Прокурор надад хэлэхдээ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө гэж ял тохиролцоод шүүх хуралд орсон. Хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Г.Г-ын өмгөөлөгч Ц.Даваажаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч Г.Г-ын хууль ёсны эрх ашгийг хамгаалж өмгөөлөгчөөр оролцож байна. Шүүгдэгч Г.Г-ын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. Сая шүүгч асууж байна. Та хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр эхний хүсэлтээ гаргасан. Дараа нь ердийн журмаар хэргийг шийдвэрлүүлэх санал ирүүлснээс хойш хүсэлт гаргасан уу гэж асуусан. Хавтаст хэргийн 76 дугаар хуудсанд шүүгдэгч Г.Г нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр өмгөөлөгч авах хүсэлтээ бичгээр гаргасан байдаг. Гэтэл өмгөөлөгч авах эрхээр хангагдаагүй байж байгаад хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх анхны хүсэлтээ хэвээр гэж ойлгож хууль зүйн туслалцаа аваагүйн улмаас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх прокурорын санал хэвээрээ байгаа гэж ойлгосон. Ингээд анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Г.Г өмгөөлөгчгүй оролцсон байдаг. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгч ирцийн талаар асуухад шүүгдэгч санал байхгүй гэж хариулсан байдаг. Хүсэлт бичгээр гаргасан байхад хүсэлтийг хангахаас татгалзсан эсхүл өмгөөлөгч авах эрхээр хангасан гэсэн ямар нэгэн хууль зүйн акт гаргаагүй. Мөн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт та өмгөөлөгч авах хүсэлтээсээ татгалзаж байна уу гэж асуух боломжтой байсан. Шүүгдэгч Г.Г өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд намайг оролцуулж миний эрх зүйн байдлыг дордуулсан гэсэн давж заалдах гомдол нь үндэслэлтэй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүгдэгчийн өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээр хангаагүй. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар хууль зүйн туслалцаа авах эрхийг эдлүүлэлгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр хэргийг буцааж өгнө үү. ...” гэв.
Прокурор Н.Ганчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хавтас хэрэгт анхнаас нь хяналт тавьж 2 удаа яллах дүгнэлт үйлдсэн байгаа. 2021 оны 9 дүгээр сарын 13-ны шүүх хуралдаанд өвчний улмаас оролцож чадаагүй. Томилолтоор прокурор оролцсон байдаг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага руу албан бичиг хүргүүлсэн. Албан бичгийн хариу нь хавтас хэрэгт авагдсан байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шүүгдэгч Г.Г нь 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн талаарх мэдээлэл бүртгэгдээгүй гэсэн албан бичиг авагдсан байдаг. Улмаар хэрэг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэгдсэн. Хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн хэргийг саналын дагуу шүүх хуралдаан явагдсан. Уг саналд өмнө нь авсан 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял биелэгдсэн эсхүл биелэгдээгүй эсэх нь тодорхойгүй нөхцөл байдлын үүссэн учраас анхан шатны шүүхээс хэргийг прокурорт буцаасан. Хялбаршуулахдаа энэ талаар дурдаагүй байна гэсэн үндэслэлээр хэргийг буцаасан. 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр нэмэлт ажиллагаа хийлгэхээр мөрдөн байцаалтад буцаасан. 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хэргийг ердийн журмаар хэлэлцэх тогтоол үйлдсэн. Шүүгдэгч Г.Г-д энэ талаар танилцуулсан. Хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлэхэд шүүгдэгчийн байгаа газар тогтоогдохгүй байсан учраас хэргийг шүүхэд шилжүүлэх ажиллагаа удааширсан. Шүүгдэгч Г.Г-ыг мөрдөгчөөр олуулж байгаад хэргийн материалтай танилцуулж, ердийн журмаар шийдвэрлүүлэх талаар танилцуулсан байгаа. Шүүгдэгч өөрөө өмнөх ял шийтгэлээ өршөөлд хамрагдсан гэж ойлгож байгаа талаараа мэдүүлдэг. Шийтгэх тогтоолын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа нээсэн, явагдсан эсэх, анхан шатны шүүхээс шийтгэх тогтоолыг хүргүүлсэн эсэх ажиллагааг тодруулах зорилгоор албан бичиг хүргүүлсэн. Гагцхүү энэ ажиллагааны явцад шүүхийн ажилтны буруутай үйл ажиллагаанаас болсон эсэх нь тодорхой болоогүй байсан. Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхлээгүй байсан. Шүүгдэгч Г.Г нь 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэлийг эдэлсэн эсэх нь тогтоогдоогүй нөхцөл байдал үүссэн учраас 2 дахь удаагийн анхан шатны шүүхэд хэргийг шилжүүлэхдээ хялбаршуулах боломж байгаагүй. Яллах дүгнэлтийг танилцуулахдаа шүүгдэгч Г.Г-д энэ талаар танилцуулсан. Шүүгдэгч уншиж танилцаад гарын үсэг зурж нэг хувийг нь гардан авсан байгаа. Хэрэг шүүхэд шилжих ажиллагааны явцад шүүгчийн туслахаас өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох талаар санал гаргаагүй гэсэн байдаг. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд энэхүү ирцээр шүүх хуралдааныг явуулахад татгалзах зүйлгүй гэсэн байдаг. Шүүх хуралдааны тэмдэглэлд энэ талаар авагдсан байгаа. Шүүгдэгч Г.Г нь өмгөөлөгчтэй ажиллагаанд оролцох, 2 дахь удаагаа хэрэг шүүх рүү шилжихэд ял тохиролцох хүсэлтийг прокурорт гаргаж байгаагүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан үйл баримт тогтоогдохгүй байна. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 1374 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Г.Г нь 2021 оны 7 дугаар сарын 6-наас 7-нд шилжих шөнө 03 цаг 30 минутын орчим Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Их тэнгэр төвийн гадна дуудлагын жолоочоор ажиллахдаа “Тоёота приус 30” загварын тээврийн хэрэгслээс иргэн Г.С-ын эзэмшлийн “Iphone XR” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 800.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
хохирогч Г.С-ын “...2021 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн шөнийн 03 цагийн үед ...машин барих хүн байхгүй болохоор би дуудлагын жолооч дуудахад Энх-Одмаа, Жаргалмаа бид гурав байж байтал нэг ах хүрч ирээд “би хүргээд өгье” гээд машинд суусан. Манай найз Одмаа “танай утас хаана байгаа юм” гээд намайг дуудахаар нь би утсаа хайтал байхгүй байсан. Тэгэхээр нь манай нөхрийн найз болох Анхбаяр цагдаа дуудсан. Удалгүй цагдаа ирээд Их тэнгэрийн хяналтын камерыг шүүхэд утас авсан гэх зүйл харагдаагүй. Тэгээд би мэдүүлэг өгч байхад Их тэнгэрийг хариуцсан гэх 2, 3 залуу гарч ирээд “дуудлагын жолооч хаана байна, наад нөхөр чинь утсыг чинь авсан” гээд цагдаа нартай цаана ярилцаж байгаад цагдаа миний утсыг аваад ирсэн. Надад гомдол, санал байхгүй. Би утсаа бүрэн бүтэн авсан. ...” /хх 6-7/,
гэрч Б.Д-ын “... Би 2021 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 08 цаг 30 минутаас 7 дугаар сарын 7-ны өдрийн 08 цаг 30 минут хүртэл 24 цагийн авто эргүүлийн үүргийг Баянзүрх дүүргийн 10,11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үүрэг гүйцэтгэж ажиллаж байсан... 7 дугаар сарын 7-ны өдрийн шөнийн 03 цаг 30 минутад Маршлын гүүрнээс зүүн тийш Уулын замаар 200м яваад “клаб хаусад гар утас алга болсон” гэх дуудлага ирсэн. Би цагдаа, дэд ахлагч Тэмүүлэнгийн хамт очиж шалгахад дуудлага өгсөн иргэн Г.С нь машиныхаа гадна эмэгтэй найз, дуудлагын жолооч гэх хүний хамт байсан. Би хамт байсан дуудлагын жолооч гэх Гантулга болон эмэгтэй найз хоёрын биед камерын бичлэгийн дор үзлэг хийхэд уг алдсан гэх утас байхгүй байсан. Их тэнгэр хашааны гадна талын хяналтын камерыг шүүж үзэхэд дуудлагын жолооч гэх Гантулга нь замын эсрэг талаас зам хөндлөн хохирогч Г.С-ын машин руу ирж байгаа харагдсан. Тэгээд би жолооч Гантулгаас “камерын бичлэгт чи ганцаараа замын хаялаг руу алхаж харагдаж байна. Ямар зорилгоор замын хаялаг руу алхаж явсан бэ, чи гар утсыг авсан юм уу, гар утсыг нь хаана нуусан бэ, нуусан газраа хэлж өг, асуудал хүндрэхээс өмнө гаргаж өг” гээд хэлтэл Г.Г нь намайг дагуулж яваад Их тэнгэр клаб хаусын эсрэг талд ертөнцийн зүгээр зүүн тийш 150 метр орчим зайд замын хаялаг руу жалганд өвсөн дунд нуусан байсныг гаргуулж, хохирогч Г.С-ыг хохиролгүй болгож явуулсан. ...” /хх 20-21/,
шүүгдэгч Г.Г-ын яллагдагчаар өгсөн: “...жолооч талын суудлын хажууд iphone маркийн гар утас унасан байсан. Би гар утсыг аваад халаасандаа хийтэл нэг эмэгтэй “миний найзын гар утас байхгүй байна” гээд бүгдээрээ машинаас буугаад утсыг хайсан. Би тэр үед машинаас буухдаа өвс рүү шидчихсэн. Тэгтэл тэр хэд цагдаа дуудаад цагдаа ирсэн. Нэг цагдаа нь тусдаа уулзаад “чи утсыг нь авсан бол зүгээр өгчих” гээд хэлэхээр нь би “утсыг нь машины хажуу талын өвсөн дунд хийсэн байгаа” гэж хэлээд утсыг нь гаргаж өгсөн. ...” /хх 32-33/ гэсэн мэдүүлгүүд, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 24-25/ зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.
Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад тулгуурлаж, шүүгдэгч Г.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэргийг үйлдсэн хэмээн дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүгдэгч Г.Г-ын “...эрх зүйн байдлыг дордуулсан. Прокурор надад хэлэхдээ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө гэж ял тохиролцоод шүүх хуралд орсон. Хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.
Учир нь, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан өмчлөх эрх ашгийн эсрэг чиглэсэн, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан хулгайлах үйлдэлд эрүүгийн хариуцлага оногдуулж байхаар хуульчилсан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж шударга ёсны зарчмыг заажээ.
Эрүүгийн шүүн таслах ажиллагаанд хууль ёсны зарчим нь Үндсэн хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтууд болон бусад хуульчилсан хэм хэмжээг чанд сахих, тэдгээрт бүрэн захирагдаж, өчүүхэн ч хазайхгүй, биелүүлснээр нэг мөр дагаж мөрдөх явдлыг хангах байдлаар илэрдэг.
Мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд эрх үүргийг танилцуулсан. Өмгөөлөгч авах талаар 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдөр яллагдагчаар мэдүүлэг авахад “өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө” /хх 32-33/ мөн шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан /хх 78-81/ байх ба шүүгдэгчийн өмгөөлөгч авах эрхийг нь зөрчсөн гэх зөрчил тогтоогдохгүй байна.
2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 2203 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцааж /хх 82-87/, 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 8 дугаартай прокурорын тогтоолоор хэргийг ердийн журмаар шийдвэрлэхээр тогтоол гаргаж, түүнд танилцуулан улмаар хэргийг шүүхэд /хх 99/ шилжүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “... анхан шатны журмаар хэрэг хэлэлцэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана...” гэж зааснаар анхан шатны шүүх яллагдагчийг шүүхэд шилжүүлж, 2021 оны 12 дугаар сарын 9-ний өдөр хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэж шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.
Түүнчлэн, анхан шатны шүүх шүүгдэгч Г.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын төрөл хэмжээнд буюу 8 сарын хорих ял оногдуулж, түүний өмнөх шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож, 31 хоног буюу 1 сар 1 хоног хорих ялыг нэмж нэгтгэн 9 сар 1 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосон нь үндэслэлтэй байна.
Нөгөөтэйгүүр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж хариуцлагын зорилгыг тодорхойлон хуульчилжээ.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн үйл баримтыг тогтоож хууль зүйн дүгнэлт хийжээ.
Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина.” гэж заасантай нийцэж байгаа болно.
Мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн талаар прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлд заасан хянавал зохих асуудлуудыг бүрэн хянасан, шүүхийн шийтгэх тогтоол нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.
Иймд шүүгдэгч Г.Г-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Шүүгдэгч Г.Г нь 2021 оны 12 дугаар сарын 9-ний өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл нийт 82 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нэмж оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 2021/ШЦТ/1374 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Г-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г нь 2021 оны 12 дугаар сарын 9-ний өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл нийт 82 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ О.ЧУЛУУНЦЭЦЭГ
ШҮҮГЧ М.АЛДАР