Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 38

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Л.Одончимэг даргалж,

Шүүгчийн туслах Г.Нямаа

Улсын яллагч Г.Хаш-Эрдэнэ

Шүүгдэгч С.Болдбаатар нарыг оролцуулан, тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх  хуралдаанаар

 

   Дундговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Еншөөбүү овогт Сумъяагийн Болдбаатарт холбогдох эрүүгийн 1722000130004 дугаартай хэргийг 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

    Шүүгдэгчийн биеийн байцаалт:

    Монгол Улсын иргэн, 1980 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Дундговь аймгийн Хулд сумын 2-р багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Еншөөбүү овогт Сумъяагийн Болдбаатар /регистрийн дугаар ЗД80043011/

 

    Шүүгдэгч С.Болдбаатар нь 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Дундговь аймгийн Хулд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн С.Батжаргалыг зодож биед нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

ТОДОРХОЙЛОХ  нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч С.Болдбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, ямар нэг маргаан байхгүй. Хохирогчид хохирол төлсөн, мөн сайн дураараа эвлэрсэн гэв.

 

Хохирогч С.Батжаргалын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “...2017 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Хулд сумын жоншин дээр Ж.Пунцагдорж гэх залуугийн гэрт байж байтал 23 цагийн үед С.Болдбаатар орж ирэхээр нь мэндэлсэн чинь “чамтай мэндлэхгүй“ гээд шууд шанаа хэсэгт нэг удаа цохихоор нь “чи яагаад намайг цохиж байгаа юм” гэсэн чинь өөдөөс “яадаг юм” гээд ахиад нэг удаа цохиход Ж.Пунцагдорж С.Болдбаатарыг “манай гэрт зодолдлоо” гээд гэрээс аваад гарсан. С.Болдбаатар гэрээс гарсан үедээ “чи хүрээд ир” гэхээр нь би гараад очиход өөдөөс толгойгоороо мөргөсөн...Миний толгой өвдөөд, шилэн хүзүү халуу оргиод, шөнө унтахгүй байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10/

 

Гэрч Ж.Пунцагдоржийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “..2017 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 23 цагийн үед Хулд сумын зүүн хэсэгт байх гэртээ С.Батжаргалын хамтаар байж байтал гаднаас С.Болдбаатар согтуу орж ирээд “Сайн байна уу” гэж мэндэлж байсан. С.Батжаргал хариуд нь “сайн” гэж мэндлэхэд С.Болдбаатар “чамтай мэндлэхгүй” гээд толгой хэсэгт нь 2 удаа цохисон..”та нар гэрт битгий муудалц, гэрээс гар” гэсэн чинь ахиад С.Батжаргалын толгой хэсэгт С.Болдбаатар толгойгоороо мөргөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 11/

 

- Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017.07.18-ны өдрийн 170200212 дугаартай дүгнэлтэд

“1. С.Батжаргалын биед гэмтэл тогтоогдсонгүй. Анх үзлэг хийсэн эмчийн үзлэгээр тархи доргилт гэсэн онош тавьсан байна.

2. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.

3. Тархи доргилт нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хх-ийн 14/

- Яаралтай тусламжийн хуудас, эмчийн тодорхойлолт /хх-ийн 15-18/

- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 29/ зэрэг болно.

 

   Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

     Шүүгдэгч С.Болдбаатар нь 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Дундговь аймгийн Хулд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн С.Батжаргалыг зодож биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан торгох ял шийтгэх санал гаргаж, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа болон сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хохирогч хохирлын талаар маргахгүй байх тул хэргийг хялбаршуулан журмаар шийдвэрлэж шүүгдэгчийг гэм буруутайд тооцон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

   

            Хохирогч С.Батжаргал нь хэрэг бүртгэлтийн шатанд тус аймаг дахь Прокурорын газарт “..С.Болдбаатараас эмчилгээнд зориулж хохирлоо бүгдийг гаргуулж авсан. Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй..бид 2 сайн дураараа эвлэрсэн..” гэх хүсэлт гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

           Шүүгдэгч С.Болдбаатар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн тул Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан торгох ялыг сонгон хэрэглэхээр шүүх шийдвэрлэв.

 

Шүүгдэгч С.Болдбаатар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлүүлсэн хөрөнгөгүй болно.  

       

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

           1. Шүүгдэгч Еншөөбүү овогт Сумъяагийн Болдбаатарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч С.Болдбаатарыг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгож шийтгэсүгэй.

 

         3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т шүүгдэгч С.Болдбаатарт оногдуулсан торгох ялыг 1 /нэг/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч С.Болдбаатар нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг тайлбарласугай. 

 

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Болдбаатарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Шүүгдэгч С.Болдбаатар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлүүлсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.  

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй. 

 

 

        

 

                                                                                                                                     

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Л.ОДОНЧИМЭГ