| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 101/2023/05953/И |
| Дугаар | 101/ШШ2024/01722 |
| Огноо | 2024-03-29 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 03 сарын 29 өдөр
Дугаар 101/ШШ2024/01722
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* тоот хаягт байрлах ******* /хуулийн этгээдийн регистрийн дугаар: РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *** тоот хаягт оршин суух ******* овогтой *******ийн ******* /РД:*******/-т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 15,910,322 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тогтуунжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Зээлдэгч Э.******* нь Фин Экспресс ББСБ ХХК-тай 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдөр ******* дугаартай Зээлийн гэрээ болон ******* дугаартай Үүргийн гүйцэтгэлийг хангуулах фидуцийн гэрээ тус тус байгуулан 10,500,000 төгрөгийн зээлийг сарын 2,5 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай зээлсэн. Э.******* нь зээл авснаас хойш зээлийн хуваарийн дагуу төлбөр төлж байгаад 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс хойш төлбөрөө төлөхгүй байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргах болсон.
2023 оны 7 дугаар сарын 03-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дууссан тул хариуцагчаас зээлийн гэрээний дагуу зээлийн гэрээний үүрэг шаардах эрхтэй болно. Фидуцын гэрээний тухайд Фин Экспресс ББСБ ХХК нь зээлдэгчтэй үүргийн гүйцэтгэл хангуулах гэрээ байгуулсан хэдийч хариуцагчтай холбогдох боломжгүй, удаа дараа фидуцын зүйлийг худалдан борлуулж гэрээний үүргээ биелүүлэхийг шаардсан, хариуцагчийн бүртгэлтэй хаягаар удаа дараа уулзах гэж очсон боловч тухайн хаяг дээрээ байдаггүй. Хариуцагч нь зээлийн гэрээний үүргийг биелүүлхэгүй байх тул хариуцагчийн оршин суугаа хаягаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.
Иймд хариуцагчаас 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлийн үлдэгдэл 9,025,532 төгрөг, зээлийн хүү 5,610,399 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 842,714 төгрөг нийт 15,910,322 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын талаар хариу тайлбар гаргаагүй.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгчээс 2023.09.05-ны өдөр *******т олгосон итгэмжлэл, нэхэмжлэгч хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, Үүргийн гүйцэтгэлийг хангуулах 2020.07.09№FX/2020/298 дугаартай фидуцийн гэрээ, 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдөр FX/2020/298 дугаартай Суудлын автомашин худалдан авах зээлийн гэрээ, Э.*******ийн иргэний үнэмлэхийн хуулбар, Э.Цэмэгийн оршин суугаа хаягийн тодорхойлолт 2020.07.08, *******УАН улсын дугаартай Toyota corolla fielder маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, зээлдэгчийн бүртгэл, зээлийн гэрээний мэдээлэл,
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Э.*******т холбогдуулан, үндсэн зээлийн үлдэгдэл 9,025,532 төгрөг, үндсэн хүү 5,610,399 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 842,714 төгрөг, нийт 15,910,322 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
3. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл эс зөвшөөрсөн хариу тайлбарыг шүүхэд гаргаагүй.
Зохигчийн тайлбар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдолтой бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.-д Зохигчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна.,
42.2.-т Зохигч нэг талын гаргасан тайлбар, нотлох баримтын талаар эсрэг тал өөрийн тайлбараа холбогдох нотлох баримтын хамт гаргаж болно.,
42.3.-т Энэ хуулийн 42.2-т заасан тайлбарыг зохигч тал гаргахдаа нөгөө талын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн буюу түүний зарим хэсгийг хүлээн зөвшөөрч болно.,
42.4.-т Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно. гэж заасан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3.-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ. гэж заасан.
Дээр дурдсанаар, хэрэгт авагдсан нотлох баримт, нэхэмжлэгчийн тайлбарт үндэслэн хэргийг хэлэлцэж шийдвэрлэлээ.
4. Талууд харилцан тохиролцож, 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдөр FX/2020/298 дугаартай Суудлын автомашин худалдан авах зээлийн гэрээ байгуулан, зээлдүүлэгч Фин экспрес ББСБ ХХК нь зээлдэгч Э.*******т 10,500,000 төгрөийг сарын 2,5 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай, зээл эргэн төлөх хуваарийн дагуу зээлийн төлбөрөө төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү тооцох нөхцөлтэйгээр зээлдүүлсэн байна.
5. Нэхэмжлэгч ******* нь банк бус санхүүгийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд болох нь хэрэгт авагдсан ны дугаартай гэрчилгээгээр тогтоогдож байх ба талуудын байгуулсан зээлийн гэрээ нь хуульд нийцсэн хүчин төгөлдөр байна.
6. Тухайлбал, Иргэний хуулийн Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ., 451.2.-т Хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. 452 дугаар зүйлийн 452.2.-т Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй., 453 дугаар зүйлийн 453.1.-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. гэж тус тус заасан.
7. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Зээлдэгчийн бүртгэл-ээр зээлдэгч нь нэхэмжлэл гаргах үеийн буюу 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар үндсэн зээл үндсэн зээлийн үлдэгдэл 9,025,532 төгрөг, үндсэн хүү 5,610,399 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 842,714 төгрөг, нийт 15,910,322 төгрөгийн төлбөртэй болох нь тогтоогдож байна.
8. Талууд 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдөр №FX/2020/298 дугаартай Үүргийн гүйцэтгэлийг хангуулах фидуцийн гэрээг байгуулж Э.*******ийн худалдан авч буй *******УАН улсын дугаартай Toyota corolla fielder маркийн тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг *******-д шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээ, фидуцийн гэрээ зэргээг тогтоогдож байна.
9. Талуудын байгуулсан фидуцийн гэрээний тухайд, дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор Иргэний хуулийн 235 зүйлийн 235.1-д зааснаар фидуцийн гэрээ байгуулсан нь хуульд нийцсэн, хүчин төгөлдөр байна.
10. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д зааснаар, үүрэг хүлээсэн этгээд нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаандаа гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.
11. Дээр дурдсанаар, үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор өмчлөх эрхийг түр зуурын хугацаанд шилжүүлэхдээ талуудын тохиролцсон гэрээний хугацаанд түр шилжүүлнэ. Гэхдээ үүрэг гүйцэтгэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ гэрээнд заасан хугацаанд биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийн баталгаа болж түр шилжүүлэгдсэн эд хөрөнгө нь үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд бүрмөсөн шилждэг.
12. Гэвч нэхэмжлэгчийн шаардаж буй мөнгөн дүнг хариуцагчаас бүхэлд нь гаргуулж шийдвэрлэсэн тул Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ/фидуци/ гэрээний дагуу өмчлөх эрх нь нэхэмжлэгчид шилжсэн *******УАН улсын дугаартай Toyota corolla fielder маркийн тээврийн хэрэгслээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэсэлгүй байна.
13. Хариуцагч нь зээл төлөлтийн дансны хуулгад тусгагдсан зээлийн гэрээний дагуу төлбөрийн үүргээ хэрхэн биелүүлж байсан үйл баримтын талаар тодорхой тайлбар, нотлох баримт гаргаагүй, нэхэмжлэлийн шаардлагын талаар мэтгэлцээгүй.
14. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар, шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргийг хэргийн оролцогч хүлээдэг бөгөөд хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй үндэслэлээ нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.
15. Хариуцагч нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа тул шүүх хуралдааныг 2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл хугацаагаар хойшлуулаыг шүүхээс хүссэн боловч хүсэлтэд хавсаргасан эмнэлгийн магадлагаанд ******* овогтой ******* 2024 оны 3 дугаар сарын 14-ний өдрөөс 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл өвчтэй хэмээн тусгасан байх тул хариуцагч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүйд хүндэтгэх шалтгаангүй байна.
16. Хариуцагч нь шүүх хуралдааны товыг мэдсэн боловч шүүхэд хүрэлцэн ирээгүйд хүндэтгэн үзэх шалтгаангүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ. гэж заасныг баримтлан, хариуцагчийн эзгүйд хэргийг хэлэлцэж шийдвэрлэсэнийг дурдаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453.1-д тус тус заасныг баримтлан, хариуцагч Э.*******ээс 15,910,322 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Фин экспрес ББСБ ХХК-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус заасныг баримтлан, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 237,501 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.*******ээс улсын тэмдэгтийн хураамж 237,501 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА