Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 102/ШШ2024/02639

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 102/ШШ2024/02639

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: * дүүрэг * дугаар хороо * Дулааны цахилгаан станцын зүүн талд байрлах * ХХК

Хариуцагч: *дүүрэг * дүгээр хороо нарны зам * * тоотод үйл ажиллагаа явуулж байрлах * ХХК

Гэрээний үүрэгт 95,549,880 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч * ХХК-ийн захирал *, өмгөөлөгч *, хариуцагч * ХХК-ийн захирал*, төлөөлөгч *, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 1. Нэхэмжлэгч * ХХК нь хариуцагч * ХХК-нд холбогдуулан бүтээгдэхүүн нийлүүлсэн гэрээний үүрэгт 63,752,070 төгрөг, алданги 31,797,810 төгрөг нийт 95,549,880 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:

1.1. Нэхэмжлэгч * ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон захирал * шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Манай компани бетон зуурмаг үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2019 оны 04 дүгээр сарын 13-наас 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд хариуцагч * ХХК-ийн гүйцэтгэж байсан * зэрэг байршил дахь барилгад харилцан тохиролцсон үнээр нийт * мкуб 127,273,770 төгрөгийн бүтээгдэхүүн нийлүүлсэн. Хариуцагч * ХХК бүтээгдэхүүний үнэд 33,587,500 төгрөг бэлнээр, 29,934,200 төгрөгийн төлбөрийг бэлэн бусаар нийт 63,521,700 төгрөг төлсөн. * ХХК-наас бүтээгдэхүүн нийлүүлсэн ажлын төлбөрөө төлөхийг удаа дараа шаардаж байсан боловч санхүүжилт орж ирэхээр төлнө гэсэн тайлбар хэлж өдий хүрсэн. Тооцоо нийлсэн актад * ХХК-ийн нягтлан Шүрэнцэцэг гарын үсэг зурсан байгаа. 27,000,000 төгрөгийг төлнө гэж байгаа боловч үлдэгдэл төлбөрийг яаж тооцсон нь тодорхойгүй, өөрийн тооцооллыг өнөөдрийг хүртэл танилцуулаагүй. Иймд хариуцагч * ХХК-наас үлдэгдэл төлбөр 63,752,070 төгрөг, алданги 31,797,810 төгрөг нийт 95,549.880 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

2. Хариуцагч * ХХК-ийн захирал * шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Манай компани * ХХК-тай хамтран ажиллаж *т баригдаж буй барилгуудад 2019 оны 04 дүгээр сараас 2019 оны 10 дугаар сар хүртэл хугацаанд бетон зуурмаг авсан. *ын барилгад авсан бетон зуурмагт маргахгүй, тооцоог мэдэж байгаа. Харин *д авсан бетон зуурмагын тооцоо * ХХК-ийн тооцооноос зөрж байгаа. Манай тооцоогоор бетон зуурмагын төлбөр 90,000,000 төгрөг болж байгаа. Бид утсаар бетон зуурмагын захиалга өгөөд авдаг байсан. Бетон хүлээлцсэн баримтад зурагдсан * нь манай нярав. Тооцоо нийлсэн актад гарын үсэг зурсан * тухайн үед манай нягтлангаар ажиллаж байсан. Төлбөрөөс 63,521,700 төгрөгийг төлсөн. Үлдэх 27,000,000 төгрөгийг төлнө гэв.

 

3. Нэхэмжлэгчээс 2019 оны 04 дүгээр сарын 13-наас 2019 оны 10 дугаар сарын 15-ныг хүртэл * ХХК-нд бетон зуурмаг нийлүүлж хүлээлцсэн баримт, нэхэмжлэх, 33,587,500 төгрөг төлсөн төлбөрийн баримт, тооцоо нийлсэн акт, * ХХК-наас бетоны төлбөр шилжүүлсэн баримт,

4. Хариуцагчаас 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн *, *ХХК-ийн хооронд хийгдсэн Орон сууцны барилгын захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ,

5. Нэхэмжлэгчийн хүсэлтээр * дүүргийн *ээс хариуцагч * ХХК-аас төлсөн 33,587,500 төгрөгт * шивсэн баримт, * банк ХХК-наас * ХХК нь * ХХК-ийн дансанд шилжүүлсэн орлогын гүйлгээний мэдээлэл зэргийг гаргуулж баримтыг шүүх бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.

2. Нэхэмжлэгч нь 2019 оны 04 дүгээр сарын 13-наас 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд * бетон зуурмаг нийлүүлж баримтаар нярав нь хүлээн авч, * ХХК-ийн нягтлантай тооцоо нийлсэн. Бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөрийг гаргуулна гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.

3. Хариуцагч нь дээрх хугацаанд бетон зуурмаг авсан. *н барилгад авсан бетон зуурмагт маргахгүй, *д авсан бетон зуурмагын тооцоо нэхэмжлэгчийн тооцооноос зөрж байгаа гэсэн үндэслэлээр үгүйсгэсэн.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1. Хариуцагч * ХХК нь нэхэмжлэгч * ХХК-наас 2019 оны 04 дүгээр сарын 13-наас 2019 оны 10 дугаар сарын 15-ныг хүртэл хугацаанд *баригдаж буй барилгын ажилдаа зориулж бетон зуурмаг худалдан авч төлбөрт 63,521,700 төгрөг төлсөн болох нь шүүх хуралдаанд тайлбарласан талуудын тайлбар, бетон зуурмаг хүлээлцсэн баримт, * ХХК-аас төлсөн 33,587,500 төгрөгт НӨАТ шивсэн баримт, * банк ХХК-наас * ХХК нь * ХХК-ийн дансанд шилжүүлсэн орлогын гүйлгээний мэдээлэл гэсэн баримтуудаар тогтоогдож, энэ үйл баримтад талууд маргаагүй.

4.2. Зохигчийн тайлбар хэрэгт авагдсан баримтаар * ХХК, * ХХК-ийн хооронд бетон зуурмаг нийлүүлэх тухай буюу Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан Худалдах, худалдан авах гэрээ байгуулагджээ.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 Худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээхээр заасан.

Шүүх хуралдаанд хариуцагч Бетон хүлээлцсэн баримтад зурагдсан * нь манай нярав. Тооцоо нийлсэн актад гарын үсэг зурсан * тухайн үед манай нягтлангаар ажиллаж байсан. *н барилгад авсан бетон зуурмагын тооцоо нэхэмжлэгчийн тооцооноос зөрж байгаа. 27,000,000 төгрөг төлнө гэсэн тайлбар гаргасан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар өөрийн татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй, тайлбар нь баримтаар тогтоогдоогүй.

Түүнчлэн 2019 оны 04 дүгээр сарын 13-наас 2019 оны 10 дугаар сарын 15-ныг хүртэл хугацаанд * ХХК нь * чиглэлд * мкуб, дөлгөөн нуур чиглэлд * мкуб, зуслан чиглэлд * мкуб нийт * мкуб барилгын бетон зуурмаг * ХХК-ийн нярав * баримтаар хүлээн авч гарын үсэг зурж, хоёр байгууллагын нягтлан бодогч 2019 оны 10 дугаар сарын 15-наас 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар тооцоо нийлж * мкуб бетон зуурмагын үнэ, үлдэгдэл төлбөрийг тооцож гарын үсэг зурж баталгаажуулж байсан тул тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй.

4.3. Хэрэгт авагсдан баримт, талуудын тайлбараар хариуцагч * ХХК нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар бетон зуурмагыг хүлээн авсан тул хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүрэгтэй.

5. Нэхэмжлэгч * ХХК нь хариуцагчийг үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй гэсэн үндэслэлээр алданги шаардсан боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т зааснаар анзын гэрээг бичгээр байгуулаагүй тул алданги шаардах эрхгүй.

6. Иймд хариуцагч * ХХК-наас гэрээний үүргийн биелэлтэд 63,752,070 төгрөг гаргуулж нэхэмжлэгч * ХХК-нд олгож, үлдэх 31,797,810 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

7. Шүүх хуралдаанд хариуцагчаас ирүүлсэн 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн *, Комплант ХХК-ийн хооронд хийгдсэн Орон сууцны барилгын захиалга, хөрөнгө оруулалтын гэрээний талаар зохигч мэтгэлцээгүй, энэ талаар хариуцагч тайлбар гаргаагүй тул нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй гэж үзэн дүгнэлт өгөх шаардлагагүй байна.

8. Хэргийг шийдвэрлэхтэй холбогдуулж нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж, нэхэмжлэлийн хангасан үнийн дүнд ногдох төлбөрийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч * ХХК-наас 63,752,070 төгрөг гаргуулж нэхэмжлэгч * ХХК-нд олгож, үлдэх 31,797,810 төгрөгний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 635,700 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч * ХХК-наас 476,710 төгрөг гаргуулж нэхэмжлэгч * ХХК-нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА