Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 111

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж Улсын яллагч: Н.Цогтбаяр Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Н.Энхжаргал, С.Алтантуяа Шүүгдэгч: Ц.П, Э.Б Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Дуламсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ц.П, Б овогт Э.Б нарт холбогдох 201703000183 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ..... оны ... дүгээр сарын ...-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 02 дугаар баг Арсланцохионы 08-14а тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Б овогт Ц.П /РД:................../ Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ...... оны .... дугаар сарын .....-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 14 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Хүмүүн цогцолбор 03 дугаар сургуулийн 8 дугаар ангийн сурагч, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 01 дүгээр баг Цагаандавааны 22-16 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Б овогт Э.Б /РД:............../ Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Шүүгдэгч Ц.П, Э.Б нар нь бүлэглэн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нутаг Цагаан давааны 21-07 тоотод оршин суух иргэн Э.С-н өмчлөлийн амбаарын цоожийг эвдэн нэвтэрч, эрэгтэй хүний монгол гутал 1 хос, эмэгтэй хүний монгол гутал 1 хос, аньс жимс 4кг, тарвага 5 ширхэг, 1 литр сүү зэрэг эд зүйлийг шунахайн сэдэлтээр хулгайлж, Э.С-д 546.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Мөрдөн байцаалтын шатанд 201703000183 дугаартай эрүүгийн хэргээс: Хохирогч Э.С-н мэдүүлсэн: ...2017 оны 01 дүгээр сарын 10-ны үеэр би одоо цаг хугацааг нь сайн санахгүй байна, манай гэр болох Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг Цагаан давааны 21-07 тоотод хулгай орсон байсан. Намайг өглөө босоход манай амбаарын үүд нь онгорхой дэлгээстэй байсан, үүдэнд нь манай хүүхдийн хар өнгийн ууттай байсан эсгий гутлыг шидчихсэн байсан юм. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан юм. Манай гэрээс монгол гутал эрэгтэй хүний нэг хос цоо шинэ, би цагаан сараар шинийн нэгэн шинийн хоёрны өдрүүдэд өмссөн, угалзан хээтэй их бие нь хар өнгөтэй, угалз нь бор савхиндуу угалз байсан, 500.000 төгрөгөөр авсан гутал бөгөөд 500.000 төгрөгөөр үнэлнэ. Одоо би энэ гутлаа харсан, энэ гутлыг өмсөж хэрэглэсэн байна, ийм гутал, манай бэр Г-ын гутал байгаа юм. Би үнийг нь сайн мэдэхгүй байна, өөрөө үнийг нь мэдэх байх. Мөн аньс жимс байгаа юм, 4кг алдагдсан байгаа, нэг кг 5000 төгрөг, гялгар уутанд 4 тасдаад хийсэн байсан. Содон гэхээр зүйл байхгүй. Тарвага 4 ширхэг тулам байсан юм. Манай гэрт яг хэзээ хулгай орсон болохыг нь би мэдэхгүй байна. Миний санаж байгаагаар 2017 оны 01 дүгээр сарын 10-ны шөнө л хулгай хийсэн байсан. Өглөө нь би хулгайч амбаарт орсон болохыг мэдсэн юм. Манай амбаарт энэ тарвага байсан бөгөөд түүнийг шарж байгаад тос гаргадаг. Би хиймэл судастай учраас түүнийг даавуунд ороож байгаад түрхэх гэж байсан. Энэ тарвагыг өөрөө агнаагүй, үр хүүхдээрээ агнуулаагүй. Харин зах дээр сураглаад явж байгаад нэг танихгүй залуугаас авсан. Өгийнуурын хүн байгаа юм гэж хэлсэн. Манай амбаараас болон гэрээс өөр ямар нэгэн эд зүйл алдагдаагүй. Манай гэрийн ханан дээр янз бүрийн зүйлүүд бичсэн байсан. Өвгөн минь секс хиймээр байна, тэтгэврээ өг гээд бичсэн байсан. Манай хашаа нохой болон камер байхгүй. П, Б гэх хүүхдүүдийг би танихгүй. Надад гомдол санал байна, би өөрт учирсан хохирлыг барагдуулмаар байна...гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 хуу/ Гэрч Б.Г-ын мэдүүлсэн: ...Би П, Б нарыг танихгүй. С миний хадам аав. Эрэгтэй монгол гутлыг манай хадам аав С цагаан сараар өмсөж байсан. Манай хадам аав хиймэл судастай. Тиймээс тарвагыг шарж, гарсан өөхийг нь биедээ түрхдэг байсан. Аньс жимс, сүү зэрэг хүнсний бүтээгдэхүүнийг байнга аав маань хэрэглэдэг. Эдгээр эд зүйлс манай аавын гэрт байдаг. 2017 оны 01 сарын 10-ны өдөр алдагдсан эмэгтэй хүний монгол гутлыг би өмсөж хэрэглэдэг байсан бөгөөд аавын амбаарт нь үлдээгээд хөдөө явсан байсан. Хулгайд алдагдсан монгол гутал жижгэвтэр, 38-39 размерын гэмээр, ногоон эмжээртэй гутал байсан бөгөөд би 500.000 төгрөгөөр авч байсан учраас 500.000 төгрөгөөр үнэлнэ гэж аав С-д хэлсэн. Энэ хэрэгт манай хадам аав Самданпэрэнлэй хохирогчоор оролцож байгаа. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 хуу/ Гэрч Б.Э-ын мэдүүлсэн: ...Миний ач хүү Б нь миний төрсөн хүү Э-ын ууган хүү нь байгаа юм. Багаас нь өдийг хүртэл би сурган хүмүүжүүлж байна. Миний хүү Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар сургуульд суралцаж эхэлсэн. Одоо Архангай аймагт надтай хамт хоёулаа байдаг. Аав нь Улаанбаатар хотод Төмөр замд ажилладаг. Ээж нь хувийн компанид борлуулагчийн ажил хийдэг. Сүүлийн үед П гэх хүүхэдтэй хулгай хийж, ааш зан нь хувирч байгаа юм. Зан харилцааны хувьд эвдрээгүй. Хүүхэд зангаа алдаагүй хүүхэд байгаа юм. Сурлага хүмүүжил гайгүй, Б өмнө нь гэмт хэрэг үйлдэж байсан талаар бас сайн мэдэхгүй байна. Манай ач хүү өмнө нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 хуу/ Гэрч Ж.Ц-ийн мэдүүлсэн: ...2017 оны 01 дүгээр сарын эхээр шиг санагдаж байна. Нэг орой унтах гэж байхад П өөрийн найз Б гээд нэг хүүхэдтэй, эрэгтэй хүний гэмээр монгол гутал бас жижиг эмэгтэй хүний монгол гутал аваад ирсэн. Тэгэхээр нь би энэ юун гуталнууд вэ гээд хулгай хийгээд хүн амьтнаас аваад ирсэн үү гэж асуутал Б нь манай өвөөгийн гуталнууд байгаа юм гэсэн. П надад бид хоёр хөдөө мал маллахаар болсон бөгөөд шинэ гутлыг нь морин дээр өмсөхөд арай томдоод байна гэж хэлсэн. Тэгээд би хулгайн гутал байх гээд Б болон П-г нарыг хагалсан түлээ шидээд, гар гээд хөөсөн. Тэгээд тэр хоёр гутлаа хаяад гараад гүйсэн. Маргаашнаас нь би за үүнийг мал маллахдаа өмсөх юм бол би хөлөө даруулж байхаар том гутлыг нь өмсье гээд өмссөн. Би дотроо хулгайн гутал байж магадгүй гэж бодсон. Манай хүү Г мөн өмнө хулгай хийж байсан. Тэгээд одоо бас энэ нь хулгай хийж байгаа юм байна гэж бодсон. Тэгээд бас арай ч хулгай хийхгүй байх гээд үгэнд нь итгээд тэр гутлыг өмссөн. П-ийн ээж нь байхгүй, анхаарал халамж тавих хүн байхгүй учраас хулгай хийсэн байх. Эмэгтэй монгол гутал нь хуучирсан ногоон эмжээртэй гутал байсан. Эрэгтэй гутал нь бараг шинэ гутал байсан. Б, П нарын хулгайлсан гэх жимс болон тарвага, сүүг харсан. Энэ 2 тарвагыг надад миний хүү П зараад өг, Б-ийн өвөөгийн тарвага байгаа юм гэж хэлэхээр “Кактус” төвийн гадаа зогсож байгаад гараа өргөөд нэг жип машинтай залуу зогсож байхаар нь тарвага авах уу гэсэн чинь авна гэхээр нь 2 ширхэг тарвагыг зарсан. Жимс, сүү 5 ширхэг тарвага аваад ирсэн байсан. Тэгэхээр нь би буцалгаж уугаад П, Б нар элсэн чихэр хийгээд идсэн. Хулгайн эд зүйл болохыг би мэдээгүй, 3 ширхэг тарвагыг нь би танихгүй хүнд өгсөн. Гудамжинд явж байхаар нь тарвага авах уу гээд асуутал тэгье гэхээр нь гэртээ оруулж ирээд өгөөд явуулсан. Би П, Бнарыг хулгай хийгээд ир гэж хэлээгүй. Би үр хүүхдээ сайн сайхан яваасай л гэж бодож байдаг болохоос хулгай хийгээсэй гэж боддоггүй. Миний хүү өмнө нь хэрэг хийж байгаагүй, даруу төлөв зантай сайн хүү байсан. Юм хэлэхэд их чих зөөлөнтэй үг дуугүй л хийчихдэг. Ээж нь нас бараад хагас өнчин хоцорсон юм. Түүнээс хойш эхийн хайр халамжаар дутсан...гэх мэдүүлэг /хх-ийн 30-32 хуу/ Насанд хүрээгүй сэжигтэн Э.Б-ийн мэдүүлсэн: ...Би 2016 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн орой 22 цагийн үед би П-ийн гэр болох Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг Арслан цохионы 8-14а тоотод П-ийн гэрт байж байтал П тарвага үнэтэй байгаа 50.000 төгрөг гэж байгаа, хоёулаа Очко гэж дууддаг О-ийн өвөө С-н гэрт орж тарвага хулгайлъя гэж ярьсан. Тэгээд алх, аптерк, урт төмөр, том сэрээ зэргийг аваад, шуудай авахаар нь би лай лай гэсэн. Тэгтэл П наадуул чинь цагдаад мэдэгдэж чадахгүй, наадуул чинь өөрсдөө баларна гэж хэлсэн. Би тэгээд за за гээд гэрээс нь гараад, О-н амьдардаг гэрт очихоор явсан. Архангай аймгийн Цагаан даваанд байх О-д иртэл хашааных нь хаалга цоожтой байсан. Тэгтэл П намайг дав гээд би давах гээд чадахгүй байсан. Тэгээд хашааны ногоон өнгийн хаалгыг П давж ороод хашааг дотроос нь онгойлгон намайг оруулсан. Хашаанд ортол хаалганы тэнд усны тэрэг байсан, цааш хартал амбаарын хаалга нь ертөнцийн зүгээр чанх урагш харсан, байшин нь цагаан өнгөтэй цонх нь урагш харсан байсан. П намайг цоожийг нь эвдэл, чи аптерк тавьж байгаад цохь тэгэхээр онгойно гэсэн. Тэгээд би цохитол онгойлгож чадаагүй. П за за би өөрөө онгойлгоно гээд амбаарын хаалганы цоожийг алхаараа доош нь цохиод онгойлгосон. Намайг эхлээд ор гэхээр нь би түрүүлээд орсон. Би орохгүй гэтэл намайг орооч гээд өшиглөсөн. Би тэр амбаарт гэрэл бариад түрүүлж орсон. Араас П орж ирээд хөлдөөгчинд тарвага байгаа гэж хэлээд надад зааж өгөхөөр нь бид 2 очоод онгойлготол 10 ширхэг тарвага байсан. Эхлээд би 2 тарвага авсан чинь наадах чинь 100.000 төгрөг болно. Аавд мөнгө өгнө тэгэхээр чинь бидэнд мөнгө үлдэхгүй гээд дахиад 2 тарвагыг нэмж авсан. Тэгээд тэрүүгээр юм байна уу гээд үзтэл нэг цагаан цэнхэрдүү, шилэндүү, хөргөгч байхаар нээтэл дотор нь 4 ууттай улаан өнгийн аньс жимс байсан. Үүнийг аваад тарвага хийсэн байсан цагаан өнгийн шуудайнд хийсэн. Мөн хөргөгчний хажууд 6 савтай сүү байхаар нь түүнээс 1 савтай сүүг нь аваад, шуудайнд хийсэн. Тэгээд эхлээд хулгайлсан 4 ширхэг тарвагыг сүү жимстэй манай гэр болох Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Цагаан давааны 22-16 тоотод гэрт хогийн функер дотор оруулаад тавьсан. Дараа нь хоёулаа очиж хаалгыг нь цоожилъё гээд очиж нэг тарвага П авсан. Би хаалгыг нь онгойлгоод авахад нь хараад гэрэл тусгаад байж байсан. Тэгээд хаалгыг нь цоожоор нь түгжээд гараад явсан. Хулгайлсан нийт 5 ширхэг тарваганы 3 ширхэг, сүү, жимсийг Арслан цохионд П- гэрт аваачиж, байшин дотор нь түүний аавд үзүүлж зуухны хажууд гэсгээж тавьсан. Бид хоёр хоол идэж байхад П толиныхоо араас цаас аваад урд нь одоо мань нь хөдөө явах юм чинь монгол гутал хэрэгтэй, дулаахан гэж бичээд өгсөн. Тэр цаасаа гарахдаа гал руу хийж шатаасан. Тэгээд П-н гэрээс гараад нэг монгол гутлыг авахаар О-н гэр рүү дахин явсан. Гаднах хаалгыг нээж дотогшоо амбаарт нь орж, тэнд байсан авдрыг ухаад О энд монгол гутал байгааг харуулсан гээд авдрыг ухсан. Надад тэр гутлаа харуулахад угалзтай, гар хийцийн монгол гутал байсан. Тэгэхээр нь би гаръя гэтэл энд энд нэг монгол гутал байна, үүнийг авч үзье, Хотонт суманд монгол гутал үнэтэй байдаг юм гээд тэр монгол гутлыг П авсан. Тэгээд хартал цаана нь эсгий гутал байхаар нь энэ гоё юм байна гээд эсгий гутлыг авсан. Би монгол гутлыг нь эсгий гуталтай хамт бариад, П нэг монгол гутлыг аваад амбаараас гартал миний хөл даараад өмссөн чинь орохгүй, эсгий гутал жижигдээд орохгүй байсан. Тэгээд би за за энэ багтахгүй юм байна гээд хашаанд амбаарынх нь гадаа шидсэн. Тэгээд бид хоёр П-н гэр рүү би хоёр монгол гутлыг барьж, П миний хажууд алхаад явж байсан. Тэгээд П-н гэрийн амбаарт нь тавьж байгаад, гэрт нь ороод, би хөдөө явлаа Б-д өмсдөггүй монгол гутал байгаа юм гээд 23 цагийн орчимд худлаа ярьж манайд очно гэж гараад П таамбарт байгаа хуучин монгол гутлаа өвөө нь өмсдөггүй гэнэ гэж хэлээд аавдаа өгсөн. Хоёулаа гарч бие засъя гэж хэлээд Хотонт сум руу явахдаа би авч яваад зарна гэсэн. Орой нь тэр миний очих гэж байгаа айл мянгат малчин гэсэн гэж хэлээд, намайг дагуулаад Цагаан сарын өмнөхөн аваад явсан. Хулгай хийхдээ тээврийн хэрэгсэл ашиглаагүй бөгөөд хулгай хийхийг П санаачилсан. Мөн багаж хэрэгслийг П бэлдсэн. Намайг хулгай хийхэд уруу татсан хүн байхгүй. Би өөрөө хулгай хийхэд хамт явсан. Хэн нэгэн захиалга өгсөн хүн байхгүй. Хулгай хийхэд ашигласан багаж, хэрэгсэл одоо П-н гэрт байгаа. С-н байшингийн гадаа би хар өнгийн будгаар багсаар нь өвгөн минь гээд бичиж байтал П лалар өвгөн минь тэтгэврээ өг гээд эрэгтэй хүний бэлэг эрхтэн зураад өвгөн минь секс хиймээр байна уу гээд бичсэн. Би эдгээр үгсийг бичээгүй ихэнхийг нь П дармалдаж бичсэн. Би дунд хуруу зураад нэг гар зурсан. Тэгтэл наадах чинь эрэгтэй хүний боов шиг харагдаж байна гээд П боов зурсан. Гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсон нь П бөгөөд өөр намайг хулгай хий хэмээн захиалсан, хатгасан хүн байхгүй. Намайг хулгай хийхэд амьдралын нөхцөл байдал нөлөөлөөгүй. Би эмээтэйгээ амьдардаг, эмээгийн тэтгэврийг хэрэглэдэг, дутагдах зүйл байхгүй. Би хулгай хийсэн эд зүйлсээ өөрийн гэртээ аваачиж тавиад дараа нь мэдэгдэхгүйгээр тэр оройдоо аваад П-н гэрт аваачиж тавьсан. С гуайн гэрт өмнө нэг удаа П-ай хамт орж байсан. Очир-Эрдэнэтэй уулзаж байсан. Хулгайлсан эд зүйлсийг П аавд нэг юм зохиож хэлсэн гээд “Кактус” төвийн гадаа нэг эзэн нь гээд дунд зэргийн нуруутай ахад 50.000 төгрөгөөр зарсан. Тэр хүнийг харвал би одоо танихгүй. 2 тарвага зарсан. 3 ширхгийг нь П-н аав хүнд өртэй гээд хүнд өгсөн. Нэг эмэгтэй хүний монгол гутлыг П Хотонт сум руу өмсөөд явсан. Нөгөө эрэгтэй хүний монгол гутлыг П-ийн аав нь өмссөн. Жимс болон сүүг хулгай хийснийхээ маргааш нь хэрэглэсэн. Жимсийг П-тай хуваагаад идсэн. П-н аав нь буцалгаад идсэн. П бид хоёр мөнгө олох зорилготой хулгай хийсэн. Манай гэрт манай эгч байсан бөгөөд хулгайн эд зүйлсийг эхлээд оруулахад мэдээгүй. П бид хоёр найз нөхөрлөөд 2 жил болж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 48-51 хуу/ Яллагдагч Э.Б-н мэдүүлсэн: ...Би энэ зүйл ангийг зөвшөөрч байна. Би бусдын орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг авсан. Сэжигтнээр өгсөн мэдүүлэг дээр бүх хулгайлсан эд зүйлсийг тодорхой ярьсан. Өөр ярих зүйл байхгүй. П-ай хамтарч хохирогч С гуайд 546.000 төгрөгийн хохирол учруулсан. Үүнээс би 200.000 төгрөгийг төлж барагдуулна. Би өөрийн гэм буруутай үйлдэлдээ маш их гэмшиж байна. Би одоо цаашид сургуульдаа сурна, ямар нэгэн зөрчил гаргахгүй. Эмээгээ дахиж зовоохгүй. Бусдын үгэнд орж, дахин гэм буруутай үйлдэл гаргахгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 53-54 хуу/ Сэжигтэн Ц.П-н мэдүүлсэн: ...2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр шиг санагдаж байна, 22 цаг өнгөрсөн байсан санагдаж байна, би өөрийн найз Б-тэй байж байгаад хулгай хийхээр үгсэн тохиролцоод Архангай аймгийн Цагаан даваанд байх нэг ногоон өнгийн хаалгатай банзан хашаатай, нохойгүй байшинд орж хулгай хийхээр болсон. Би өмнөх мэдүүлэг дээр Арслан цохионоос хулгай хийсэн байна гэж буруу мэдүүлсэн байна. Тэгээд би уг хашааг давж хашааны хаалгыг нь онгойлгоод Б-г өөрийнхөө араас оруулаад хулгай хийхээр болсон. Байшингийн цонх гэрэлгүй байсан. Тэгэхээр нь тэр өвөөг хүүтэйгээ хамт унтаж байгаа гэж бодоод амбаараас нь хулгай хийхээр болсон. Тэгээд амбаарын хаалга цоожтой байхаар нь амбаарын хаалганы цоожин дээр төмөр тавьж байгаад алхаар цохисон. Тэгээд бид 2 байшинд нэвтэрч ороод зүүн тийшээ эргээд цаасан хайрцагтай зүйл байхаар нь ухтал эрэгтэй хүний нэг хос монгол гутал, эмэгтэй хүний нэг хос монгол гутал байсан. Түүнийг авч шуудайндаа хийсэн. Тухайн амбаар дотор хөргөгч байсан. Би түүнийг уудалтал аньс гэх жимс гялгар уутанд жижигхэн, жижигхэн хийчихсэн 4 хэсэг байсан. Тухайн амбаар дотор бид 2 асаагуурын гэрэл асааж эд зүйлсийг хайсан юм. Тэр хөргөгчинд ундааны савтай сүү байсныг 4 хэсэг жимсний хамт өөрийн авч явсан шуудайндаа хийсэн. Бас 4 ширхэг тарвага байсан. Дээрх эд зүйлсийг тус тус хулгайлсан. Бид хоёр эдгээр эд зүйлсийг шуудайнд хийсэн. Би хөргөгчнөөс аваад Б шуудайндаа хийсэн. Тэр амбаараас бид хоёр ойролцоогоор 30 минут хэртэй эд зүйл хайж, мөн хулгайлсан зүйлсээ шуудайндаа хийсэн. Бидний авч явсан цагаан өнгийн гурилын шуудай байсан. Бид хоёр хулгай хийхдээ тээврийн хэрэгсэл ашиглаагүй. Миний хулгай хийсэн болохыг манай найз Б мэднэ. Хулгай хийсний дараа би эдгээр эд зүйлийг өөрийн гэр болох Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Арслан цохионы 08-14 тоотод авч ирэхэд манай аав мэдсэн. Аав Ц юун эд зүйл вэ гэхээр би олсон эд зүйл байгаа юм, та монгол гутлыг нь ав гэсэн. Тэгсэн чинь битгий худлаа ярь гэхээр нь би за гээд авч гараад хулгай хийсэн эд зүйлсээ урд талынхаа амбаарт хийчихсэн. Манай аав тэнд хийсэн болохыг мэдээгүй. Би хулгай хийх санааг гаргасан бөгөөд гол санаа зорилго маань хулгай хийж мөнгөтэй болох. Надтай хулгай хийхэд Б хамт байсан. Өөр хэн нэгэн хүн захиалаагүй. Хулгай хийсэн эд зүйлс болох 4 ширхэг тарвагыг 25.000 төгрөгөөр зарсан. Би хулгай хийсэн болон хулгай хийсэн эд зүйлс хаана байгаа газруудыг зааж өгч чадна. Би хулгай хийсний дараа 04 дүгээр сарын 19-ний орой 19 цагийн үед ханан дээр улаан өнгийн будгаар би эрэгтэй хүний бэлэг эрхтэн зурж тэтгэврээ өг өвгөн минь секс хиймээр байна уу гэж бичсэн. Б хар өнгийн будгаар эрэгтэй хүний бэлэг эрхтэн зурсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 64-65 хуу/ Яллагдагч Ц.П-ийн мэдүүлсэн: ...Бид хоёр тэр орой 5 ширхэг тарвага хулгайлсан юм. 2017 оны 01 дүгээр сарын 10-ны шөнө 4 ширхэг тарвага хулгайлсан байж байгаад дараа нь дахин үйлдлээр 1 ширхэг тарвагыг бид 2 хулгайлаагүй. Бид хоёр тэр оройдоо хулгай хийхээр нэг удаа орсон, тэгж орохдоо 5 ширхэг тарвагыг хулгайлсан юм. Бид нэг удаа ороод гарсан, дахиж ороогүй нэг үйлдлээр хулгай хийж дуусгасан. Өмнө нь би С-н хүү О-той уулзах гэж нэг удаа орж байсан. Тэр хүүхэд нь одоо хөдөө байгаа гэсэн. Тэгээд амбаараас нь хулгай хийхээр болсон. Би хохирлоо нөхөн төлж барагдуулаагүй байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 68 хуу/ Мөнгө хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 08 хуу/ 2017 оны 06 сарын 01-ний өдрийн 90 дугаартай хохирлын үнэлгээний тайлан /хх-ийн 35 хуу/ Э.Б-н зан байдлын тодорхойлолт /хх-ийн 55 хуу/ Сургуулийн хувийн хэрэг /хх-ийн 56-59 хуу/ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 72-736 хуу/ Шинээр өгсөн хохирол төлсөн тухай баримт зэрэг болно. Шүүхээс шүүх хуралдаанаар тогтоогдсон 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нутаг Цагаан давааны 21-07 тоотод оршин суух иргэн Э.С-н өмчлөлийн амбаарын цоожийг эвдэн нэвтэрч, эрэгтэй хүний монгол гутал 1 хос, эмэгтэй хүний монгол гутал 1 хос, аньс жимс 4кг, тарвага 5 ширхэг, 1 литр сүү зэрэг эд зүйлс хулгайлагдаж, Э.С-д 546.000 төгрөгийн хохирол учирсан нөхцөл байдал нь гэмт хэрэг мөн гэж дүгнэв. Шүүгдэгч Ц.П, Э.Б нар нь 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нутаг Цагаан давааны 21-07 тоотод оршин суух иргэн Э.С-н өмчлөлийн амбаарын цоожийг эвдэн нэвтэрч, эрэгтэй хүний монгол гутал 1 хос, эмэгтэй хүний монгол гутал 1 хос, аньс жимс 4кг, тарвага 5 ширхэг, 1 литр сүү зэрэг эд хөрөнгийг шунахайн сэдэлтээр хулгайлж, Э.С-д 546.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь 2017 оны 01 дүгээр сарын 10-ны үед манай гэр болох Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг Цагаан давааны 21-07 тоотод хулгай орсон байсан. Манай гэрээс монгол гутал эрэгтэй хүний нэг хос, эмэгтэй хүний монгол гутал нэг хос, аньс жимс 4кг, тарвага 4 ширхэг зэрэг эд зүйлс алдагдсан гэж мөрдөн байцаалтын шатан хохирогч Э.С-н мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 23-24/, манай хадам аавын гэрээс эрэгтэй монгол гутал, аньс жимс, сүү зэрэг хүнсний бүтээгдэхүүн, эмэгтэй хүний хүний монгол гутал, мөн тарвага зэрэг эд зүйлс алдагдсан гэж мэдүүлсэн мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Г-н мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 25-26/, 2017 оны 01 дүгээр сарын эхээр шиг санагдаж байна, нэг орой унтах гэж байхад П өөрийн найз Б гээд нэг хүүхэдтэй, эрэгтэй хүний гэмээр монгол гутал бас жижиг эмэгтэй хүний монгол гутал аваад ирсэн. Б, П нарын хулгайлсан гэх жимс болон тарвага, сүүг харсан. Энэ 2 тарвагыг надад миний хүү П зараад өг, Б-н өвөөгийн тарвага байгаа юм гэж хэлэхээр “Кактус” төвийн гадаа зогсож байгаад гараа өргөөд нэг жип машинтай залуу зогсож байхаар нь тарвага авах уу гэсэн чинь авна гэхээр нь 2 ширхэг тарвагыг зарсан. Жимс, сүү 5 ширхэг тарвага аваад ирсэн байсан гэж мөрдөн байцаалтын шатанд гэрч Ж.Ц-н мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 30-32/, 2016 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн орой 22 цагийн үед би П-н гэр болох Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг Арслан цохионы 8-14а тоотод П-ийн гэрт байж байтал П тарвага үнэтэй байгаа 50.000 төгрөг гэж байгаа, хоёулаа Очко гэж дууддаг О-ийн өвөө С-н гэрт орж тарвага хулгайлъя гэж ярьсан. Тэгээд алх, аптерк, урт төмөр, том сэрээ зэргийг аваад, Архангай аймгийн Цагаан даваанд байх О-д ирээд амбаарын хаалганы цоожийг алхаараа доош нь цохиод онгойлгоод, 4 ширхэг тарвага, аньс жимс, сүү, монгол гутал 2 ширхэг зэргийг хулгайлсан. Би энэ зүйл ангийг зөвшөөрч байна. Би бусдын орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг авсан гэж мөрдөн байцаалтын шатанд гэм буруугаа хүлээж мэдүүлсэн Э.Б-ийн сэжигтнээр мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 48-51, 53-54/, 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр шиг санагдаж байна, 22 цаг өнгөрсөн байсан санагдаж байна, би өөрийн найз Б-тэй байж байгаад хулгай хийхээр үгсэн тохиролцоод Архангай аймгийн Цагаан даваанд байх нэг ногоон өнгийн хаалгатай банзан хашаатай, нохойгүй байшинд орж хулгай хийхээр болсон. Тэгээд амбаарын хаалга цоожтой байхаар нь амбаарын хаалганы цоожин дээр төмөр тавьж байгаад алхаар цохисон. Тэгээд бид 2 байшинд нэвтэрч ороод зүүн тийшээ эргээд цаасан хайрцагтай зүйл байхаар нь ухтал эрэгтэй хүний нэг хос монгол гутал, эмэгтэй хүний нэг хос монгол гутал байсныг авч шуудайндаа хийгээд, хөргөгчнөөс аньс жимс, ундааны савтай сүү, бас 4 ширхэг тарвага зэрэг эд зүйлсийг тус тус хулгайлсан гэж мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Ц.П-ийн гэм буруугаа хүлээж мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 64-65/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Энэ хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авсан байх бөгөөд хэрэгт хамааралтай, эх сурвалж нь тодорхой нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцсэн үндэслэл журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн байх тул тэдгээр нотлох баримтыг үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол, хамааралтай байна гэж үзэв. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б, Ц.П нарт тэдгээрийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн буюу 2002 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх нь зүйтэй байна. Шүүгдэгч Б овогт Ц.П, Б овогт Э.Б нарыг бүлэглэж, бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгө хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Ц.П, Э.Б нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Ц.П, Э.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан аптерк 1 ширхэг, шуудай 1 ширхэг, алх 1 ширхэг, сэрээ 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. Шүүгдэгч Э.Б нь 2003 оны 06 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, насанд хүрээгүй байх тул түүнд хорих ял оногдуулахгүйгээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх, шүүгдэгч Э.Б нь хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлж байгаа, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа байдал, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүй байх боломжтой, шүүгдэгчийн ар гэрийн амьдарлын байдлыг харгалзан нэмэгдэл ял оногдуулах шаардлагагүй гэж тус тус үзэв. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 1.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Шүүгдэгч Б овогт Ц.П , Б овогт Э.Б нарыг бүлэглэж, бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 2. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Ц.П-г эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 3. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.П-ийн эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 4. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 69 дүгээр зүйлийн 69.1.1-т зааснаар шүүгдэгч Э.Б-д 1 /нэг/ жилийн хугацаагаар засарч хүмүүжихийг даалгах хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй. 5. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Ц.П-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Архангай аймгийн Цагдаагийн газарт даалгасугай. 6. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар шүүгдэгч Э.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 69 дүгээр зүйлийн 69.1-т заасан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсаны дараа засарч хүмүүжихгүй байвал шүүх уг албадлагын арга хэмжээг насанд хүрээгүй хүмүүсийн сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад явуулах арга хэмжээгээр солих болохыг мэдэгдсүгэй. 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдсан шуудай 1 ширхэг, аптерк 1 ширхэг, алх 1 ширхэг, сэрээ 1 ширхэг зэргийг устгуулахаар шүүхийн эд хөрөнгө устгах комисст шилжүүлсүгэй. 8. Шүүгдэгч Ц.П, Э.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай. 9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.П, Э.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 10. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгчид, хохирогч эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНЦЭЦЭГ