Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 31 өдөр

Дугаар    2022/ДШМ/355

 

 

 

 

 

 

     2022           3            31                                       2022/ДШМ/355

 

                                                           

О.У-т холбогдох эрүүгийн

                                                                   хэргийн тухай                       

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Ц.Оч, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Т.Баянмөнх,

шүүгдэгч О.У-ын өмгөөлөгч Т.Анхцэцэг, Б.Цэцэнбилэг,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо даргалж, Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу, шүүгч С.Болортуяа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2022 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 2022/ШЦТ/77 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч О.У-ын өмгөөлөгч Т.Анхцэцэг, Б.Цэцэнбилэг нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоор О.У-т холбогдох эрүүгийн 2105000001504 дугаартай хэргийг 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

            Т овгийн О.У, ........ оны ......дүгээр сарын ..-ны өдөр ...... аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ..., ............-ийн хамт .......... тоотод оршин суух, /РД:............................../;

            О.У нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 11 цагийн үед Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр,  Бичил орон сууцны хорооллын урд байрлах автобусны буудлын орчимд “данснаас мөнгө авсан хүний нэрийг хэлээгүй” гэх шалтгаанаар амь хохирогч Ш.С-ийг онц харгис хэрцгийгээр, биеэ хамгаалах чадваргүй болохыг мэдсээр байж түүний цээж, хэвлий тус газарт нь олон удаа гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж, дэвсэж биед нь “элэгний баруун дэлбэнгийн 4, 5 дугаар сегментийн задрал, дэлүүний язрал, өвчүү ясны хөндлөн хугарал, дух, зүүн өвдөгт зулгаралт, цээжинд цус хуралт” бүхий олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгаж, тарчилган зовоож зодож алсан гэмт хэрэгт холбогджээ.

            Баянгол дүүргийн прокурорын газраас: О.У-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч О.У-ыг хүнийг алах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “онц харгис хэрцгийгээр”, “хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж” алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7 дахь заалтад зааснаар 12 жилийн хорих ялаар шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.У-ын цагдан хоригдсон 110 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг СиДи-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шүүгдэгч О.У-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч О.У-ын өмгөөлөгч Т.Анхцэцэг, Б.Цэцэнбилэг нар хамтран гаргасан давж заалдах гомдол болон өмгөөлөгч Б.Цэцэнбилэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...шүүгдэгч О.У нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа тогтвортой хүлээн зөвшөөрч, үнэн санаанаасаа гэмшиж, гэм буруугийн асуудлаар маргадаггүй. Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс “онц харгис хэрцгийгээр”, “хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж” хүнийг алсан гэж үзсэн хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

1. Хүнийг онц харгис хэрцгийгээр алах гэдэгт зөвхөн хохирогчид олон тооны шарх, гэмтэл учруулсан нөхцөл байдлыг дангаар ойлгохгүй бөгөөд гэмт этгээд уг үйлдэлдээ хандсан сэтгэхүйн харьцаа, хохирогчийг тарчлааж, зовж шаналгаж үхэлд хүргэх зорилго бүхий хүсэл зоригийн элементийг зайлшгүй давхар харгалзан тогтоох ёстой.

Шүүгдэгч О.У нь амь хохирогч Ш.С-ийг алах гэсэн санаа зорилго байгаагүй бөгөөд картаас мөнгө хулгайлсан найзынх нь нэрийг хэлүүлэх зорилгоор зодсон байдаг. О.У нь амь хохирогчийг алах зорилгогүй байсан болох нь /хэргийн 1 дүгээр хавтас 40-51 дүгээр хуудсанд авагдсан тэмдэглэл ... Тэгээд би Өргөө тал руу уруудаад явж байхад манай найз Лутаа машинтайгаа явж таараад би суугаад явсан. Машины цонхоор харахад Ш.С босоод цаашаа алхаад явж байсан” гэх, хэргийн 1 дүгээр хавтас 143 дугаар хуудсанд авагдсан “Ш.С надад зодуулсаныхаа дараа зүгээр босоод явсан, хаагуур, яаж явсныг тодруулах хүсэлтэй байна” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбар зэргээр тогтоогддог. Хүнийг алах санаа зорилго шүүгдэгчид байгаагүй учраас амь хохирогчийг босоод цаашаа явж байхыг нь харчихаад гэр лүүгээ явсан байдаг.

Шүүгдэгч О.Ут хохирогчийг тарчлааж, зовж шаналгаж үхэлд хүргэх зорилго бүхий хүсэл зоригийн элемент байгаагүй, хохирогчийг амьдаар нь тарчлаан зовоох хүсэлдээ хөтлөгдөн өсөрхөх, үзэн ядах сэдэлтээ хэрэгжүүлсэн зүйл байхгүй.

Онц харгис хэрцгийгээр гэдэгт хүнийг алахын өмнө буюу алах явцдаа хохирогчид олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгож, гэмт этгээд өөрийн сонгосон аргынхаа харгис хэрцгий шинжийг ухамсарлаж, өөрийн үйлдлийн харгис хэрцгий үр дагаврыг урьдчилан харж, хүсч санаатайгаар үйлдсэн байдаг. Шүүгдэгч О.У-ын “хүнийг алах” үйлдэл нь гараар болон хөлөөр цохих аргаар үйлдэгдсэн. Хэрэг учрал гарах үед амь хохирогчийн биед ил шарх үүсээгүй, амь хохирогчид дотор гэмтлүүдийг учруулсан гэдгээ гаднаас нь хараад шүүгдэгч мэдээгүй, мэдэх боломжгүй байсан тул учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгож, гэмт этгээд өөрийн сонгосон аргынхаа харгис хэрцгий шинжийг ухамсарлаж, өөрийн үйлдлийн харгис хэрцгий үр дагаврыг урьдчилан харж, хүсч санаатайгаар үйлдсэн үйлдэл огт биш, шүүгдэгч О.У нь гараар болон хөлөөр олон удаа цохисны улмаас хохирогч нас барсан боловч хохирогчийг зориуд зовж зүдрэх, тарчлахаар нөхцөл байдалд хүргэн амь насыг нь хохироох хүсэл зорилгоор уг гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэх нөхцөл байдал тогтоогдохгүй байхад шүүх зөвхөн хохирогчид учруулсан гэмтлийн тоог үндэслэн түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хүндрүүлэн зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

2. Хүнийг алах гэмт хэргийн хүндрүүлэх шинж болох хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй гэдэгт гэмт этгээд хохирогчийг бие махбодийн болон сэтгэцийн хувьд өөрийгөө хамгаалах, түүнчлэн гэмт этгээдэд идэвхтэй эсэргүүцэл үзүүлж чадахгүй болохыг ухамсарлан ойлгосон байхыг хэлдэг бөгөөд шүүгдэгч О.У нь хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Хэргийн 1 дүгээр хавтас 74 дүгээр хуудас гэрч Отгоны мэдүүлэг /...Сайнбилэг босоод зугтсан/, 95 дугаар хуудас гэрч Эрдэнэбатаас авсан мэдүүлэг /доороосоо 3 дахь мөр ... Ш.С тийм ч их согтоогүй, хэвийн байсан/ гэх мэдүүлгээс харахад хэрэг учрал гарах үед Ш.С нь хүнд зэргийн согтолтгүй, хэвийн байсан байх боломжтой, босоод зугтах үйлдэл 2 удаа хийснээс үзэхэд биеэ хамгаалах чадваргүй байдалд байсан гэж үзэхээргүй байна. Шинжээчийн дүгнэлтээр амь хохирогч Ш.С нь хүнд зэргийн согтолттой гэжээ.

Хэргийн 1 дүгээр хавтас 10 дугаар хуудаст цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /доороосоо 5 дугаар мөрнөөс: хараа гэсэн бичиглэлтэй 0.5 литрийн архины шил 1 ширхэг, зэргийг хураан авч, 11 дүгээр хуудсанд Цогцост үзлэг хийсэн тэмдэглэлийн зураг 6, зураг 7/6 дугаартай зурагт “Хараа” архины шил авагдсан. Зураг 7 дугаарт хувцас, эд зүйлтэй хамт архины шил байдаг/ Эдгээрээс үзэхэд амь хохирогч Ш.С нь орцонд нас барахаасаа өмнө “Хараа” архийг уусан байх магадлалтай бөгөөд хэрэг учрал гарсны дараа уусан архинаас үүдэлтэй хүнд зэргийн согтолттой болсон байх боломжтой, эргэлзээтзй нөхцөл байдал тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү. Хүнийг санаатай алах гэмт хэргийг шийдвэрлэхдээ гэм буруугийн хэлбэр, сэдэлт, зорилго, арга хэрэгсэл, зэргийг тал бүрээс нь бодитой нягтлан тогтоох зайлшгүй шаардлагатай тул гомдлыг ханган, зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч О.У-ын өмгөөлөгч Т.Анхцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэмж хэлэх тайлбар байхгүй. ...”  гэв.

Прокурор Т.Баянмөнх тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгчийн өмгөөлөгч нараас О.У нь хохирогчийг үхэлд хүргээгүй, биед нь халдсан ч алах зорилго байгаагүй гэж байна. Хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих бүхий л ажиллагааг хийж, нотлох баримтыг үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсний үндсэн дээр шүүхэд хэргийг шилжүүлсэн. Шинжээчийн дүгнэлтээр амь хохирогчийн эрүүл мэндэд нэлээдгүй тооны шарх, гэмтлүүд үүссэн. Тухайн гэмтлүүдийг шүүгдэгч учруулсан гэх үйл баримтууд нь хэрэгт хангалттай авагдсан. Амь хохирогч нас барах хүртлээ өвдөлтийн улмаас шаналсан нөхцөл байдлууд үүссэн болохыг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэж тухайн зүйл ангиар зүйлчилсэн. Эд мөрийн баримтыг хэрэгт ач холбогдолтой гэсэн баримтыг хавсаргаж, шаардлагатай гэж үзвэл камерын бичлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, мөн хэрэг учрал болсон үйл баримтыг харуулсан бичлэг хэрэгт авагдсан. Мөн дээрх үйл  баримтыг шүүх харсан гэрч Эрдэнэтуул, Ц.Отгоны мэдүүлгүүд байх бөгөөд тухайн хүмүүсийн мэдүүлгээр “нэлээдгүй зодсон, 10-20 минут зодоход наад хүн чинь үхлээ шүү дээ, болиоч гэхэд нөгөө хүн нь салахгүй ална гэдэг байдлаар зодоод байсан” гэдэг. Энэ мэтчилэн яллах талын нотлох баримтууд хэрэгт цугларсан учраас гэм буруутай эсэхийг нь тогтоолгохоор шүүхэд шилжүүлсэн. Шүүгдэгчийн зүгээс өөрөө тухайн гэмт хэргийг хүсэж, ухамсарлаж үйлдсэн, нэг, хоёр удаа цохиод салах боломжтой байхад 25 минут орчим амь хохирогчийн хэвлий, цээж хэсэг рүү өшиглөх, зодох хэлбэрээр үргэлжилж байгаа. Иймд анхан шатны шүүх шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй. Шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл нь түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал зэрэгт нийцсэн, хууль ёсны дүгнэлт болсон байх тул өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгчийн өмгөөлөгч нарын давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч О.У нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 11 цагийн үед Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, Бичил орон сууцны хорооллын урд байрлах автобусны буудлын орчимд “данснаас мөнгө авсан хүний нэрийг хэлээгүй” гэх шалтгаанаар амь хохирогч Ш.С-ийг онц харгис хэрцгийгээр, биеэ хамгаалах чадваргүй болохыг мэдсээр байж түүний цээж, хэвлий тус газарт нь олон удаа гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж, дэвсэж биед нь “элэгний баруун дэлбэнгийн 4, 5 дугаар сегментийн задрал, дэлүүний язрал, өвчүү ясны хөндлөн хугарал, дух, зүүн өвдөгт зулгаралт, цээжинд цус хуралт” бүхий олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгаж, тарчилган зовоож зодож алсан болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Э-ийн “...Хамгийн сүүлд 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 10 дугаар сарын 14-ний өдөр манай гэрт ирж хоночихоод өглөө эрт гараад явсан ба тэр үед биеийн байдал хэвийн байсан. Би дүүгээ нас барсан хойно нь Бичил орон сууцны хорооллоор хүмүүстэй уулзаж болсон асуудлын талаар асуухад Отгон гэх хүн “такси Амраа гэх хүн Сайнбилэгийг дэвсэж, зодож байхыг харсан” гэж надад ярьсан ба буу Гантулга зодож байхад нь салгаад шатаар дээш нь гаргасан гэж ярьж байсан. Тэгээд тэндээсээ алхаад манай хуучин амьдарч байсан 5Б байрны 2 дугаар орцны үүдэнд өнгөрсөн гэж сонссон. ...” /1хх 112-113/,

гэрч С.Ж-ийн “...2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 5Б байрны 3 дугаар орцонд айлуудаар “СӨХ-ийн төлбөрөө төл” гэх утгатай мэдэгдэл тараагаад явж байгаад 2 дугаар орц руу 11 цаг өнгөрч байхад ороход орцны үүдний хэсэгт шатны доор хэсэгт эрэгтэй хүн хэвтэж байсан. Тэгэхээр нь “согтуу хүн хэвтэж байна” гэж бодоод цагдаагийн байгууллагад дуудлага өгөөд яваад өгсөн. Тэгтэл эргээд над руу цагдаагийн байгууллагаас залгаад “нас барсан хүн байна” гэдгийг хэлсэн. ...Амьсгалж байсан эсэхийг нь анзаарч хараагүй, ойртож хүрээгүй. ...” /1хх 67-68/,

гэрч Ц.О-ны “...Сайнбилэг гараад буудал дээр зогсож байсан чинь араас нь нэг залуу /такси Амраа/ гүйж ирээд “миний картанд байсан мөнгийг чи авсан” гээд Сайнбилэгийг Бичилийн аркны автобусны буудал дээр баруун гараараа 2-3 удаа цохиж элэгдэхэд газар суусан. Тэгээд нэмээд цээж рүү нь хэд хэдэн удаа цохиод байсан чинь уначихсан ба газарт хэвтэж байхад нь “би чамайг ална” гээд дээрээс нь цээж хэсэгт нь хөлөөрөө олон удаа дэвсээд байсан. Ер нь л дандаа элэг хэвлий орчмоор нь гараараа цохиод байсан. Тэгэхээр нь би болиоч ээ, үнэхээр юм аа алдсан юм бол цагдаа дууд” гэж хэлсэн. Тэгэхэд “та нарыг бүгдийг чинь ална  шүү, миний картнаас 6.000.000 төгрөг авсан байна” гээд байсан. 6.000.000 төгрөгөөс болж хүн алах нь уу гэхэд “намайг такси Амраа гэдэг чамайг бас ална шүү” гээд Сайнбилэгийг дахин энгэр, цээж хэсэг рүү нь өшиглөөд байсан. Тэр үед буудал дээр байсан хүмүүс “боль” гээд салгахад Сайнбилэг босоод “Говийн наран” цайны газрын тийшээ зугтахад нөгөө хар залуу араас нь хөөж очоод зодоод байсан. Сайнбилэгийг босоод зугтах үед нүүр, ам нь хөхөрч хавдсан, цус гарсан зүйл байгаагүй. Тэгээд би тоолгүй түцэнд ороод хоол идээд суусан. 1 цаг орчмын дараа цагдаа намайг дуудаад хүн таниулах гээд аваад явсан ба 5 дугаар байрны голын орцонд намайг аваачаад “энэ хүнийг таних уу гэхэд Сайнбилэг нас барсан байдалтай хэвтэж байсан. ...Би такси Амраа гэх залууг харж байгаагүй. Тухайн үед цэнхэр куртик, саравчтай малгайтай, хар бор царайтай, бага зэрэг гүзээтэй залуу байсан. Өөр ямар нэгэн хүн Сайнбилэгийн биед нь гар хүрээгүй. ...” /1хх 79-80/,

гэрч Б.Б-ын “...2021 оны 10 дугаар сарын 19- ний орой 17-18 цагийн үед Сайнбилэг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай үл таних 2 хүнтэй явж байсан ба биед нь ямар нэгэн шарх сорви, ил харагдах гэмтэл шарх байхгүй хэвийн явж байсан. Тэр 2 үл таних 40 орчим насны эрэгтэйн нэг нь хар өнгийн куртиктэй, 185 см орчим өндөртэй залуу, нөгөөх нь нэг бараан өнгийн хувцастай, 170 см орчим өндөртэй байсан. Тэр 2 үл таних залуу бас согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай явж байсан. Тэрнээс хойш дахиж тааралдаагүй. 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр найз Отгон, Сайнбилэгийн дүү Өлзий нараас Сайнбилэгийг нас барсан талаар мэдсэн. Отгон надад хэлэхдээ “Сайнбилэгийг цэнхэр куртиктэй, 40 орчим насны шар үстэй залуу 6.000.000 төгрөг нэхээд Баянгол дүүргийн 12 дугаар хорооны 5А байрны орчим гадаа зодож байсан” гэж хэлсэн. Би Сайнбилэгийг хэнтэй зодолдсоныг хараагүй бөгөөд энэ талаар сайн мэдэхгүй байна. ...” /1хх 91/,

гэрч Б.Э-ын “...2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 09 цагийн үед Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Таац дэлгүүрийн гадна би Баяраатай хамт явж байхад Сайнбилэг ганцаараа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай явж байсан ба биед нь ил харагдах шинэ шарх байхгүй, хэвийн явж байсан бөгөөд Сайнбилэг, Баяраа бид 3 тэндээсээ Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бичилийн хойд талын автобусны буудал дээр байрлах ногоон дэлгүүр лүү явж байтал үл таних цэнхэр куртик, ногоон эрээн десант өмдтэй, 30 гаран насны, 180 см орчим өндөртэй залуу бид 3 дээр хүрч ирээд “хамт архи уух уу гээд тэр залуу дэлгүүрээс 0.75 литртэй “Их Монгол” нэртэй архи аваад ирсэн. Тэгээд Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бичилийн хойд талын автобусны буудал дээр бид 4 хувааж ууж байхад тэр үл таних залуутай Сайнбилэг “архи бага хийж өглөө гэх шалтгаанаас болоод маргалдаад байсан. Тэгээд би тасраад унтаад өгсөн бөгөөд нэг сэрээд хартал тэр үл таних куртиктэй залуу Сайнбилэгийг “чамайг ална шүү” гэж хэлээд дайраад байх шиг харагдсан бөгөөд тэр хоёр хөөцөлдөөд Бичилийн арктай байрнууд руу яваад өгсөн. Тухайн үед Баяраа хаана байсан талаар сайн мэдэхгүй байна. Тэрнээс хойш Сайнбилэгтэй таараагүй. ...Сайнбилэгийн цээж хэсэг рүү тэр цэнхэр куртиктэй залуу цохиж байх шиг харагдсан. ...” /1хх 100-102/,

гэрч Д.У-ийн “...ТҮЦ-ний урд найз Сайнбилэг, цэнхэр куртик, ногоон эрээн десант өмдтэй залуутай хамт архи уугаад байсан ба удаагүй хоорондоо маргалдаад нөгөө залуу Сайнбилэгийг зодоод байсан. Цээж гэдэс рүү нь л маш олон удаа өшиглөөд байсан. Тэгээд би “Отгоог очиж салга, зодоод алчих вий” гэхэд Отгон очсоноо “Ундармаа эгчээ та хүрээд ирээч” гэхээр нь би очоод “болиоч, хүн аллаа" гэхэд цэнхэр куртиктэй залуу намайг ална шүү гэхээр нь би орхиод ТҮЦ-ндээ ороод суусан. Тэгээд тэр залуу 30 орчим минут Сайнааг зодсон ба “миний карт алга болсон” гээд зодоод байсан. Ингээд байж байхад буу Гантулга гэж дууддаг залуу ирээд Сайнааг салгаж аваад шатаар дээш нь гаргаад цааш нь ганцааранг нь явуулсан байсан. Тэгээд тэр зодоод байсан залууг Гантулга “чи цаашаа яв” гээд явуулсан. ...Тэгээд Сайнбилэг хуучин амьдарч байсан байрныхаа орцонд дөнгөж ороод нас барсан байсан. ...” /1хх 105-106/,

Шүүгдэгч О.У-ын яллагдагчаар өгсөн “...2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 6 цагт би Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүннарангийн 13-158Б тоот гэрээсээ архи уух зорилгоор гарсан ба “Таац” дэлгүүрийн ойролцоо 2 эрэгтэй, 1 эмэгтэй нартай таарсан ба би тэдгээр хүмүүсийг танихгүй, тэр өдөр л анх таарсан. Тэгээд таягтай эрэгтэйд нь бэлэн мөнгө өгч явуулаад дэлгүүрээс нэг том ундаа, 0.75 литрийн архи авхуулсан ба тэрийгээ Бичилийн байрны голд ууж дуусгаад дахиад таягтай нөхөрт том хүү Сүхбатын картыг өгч явуулаад “нэг шил архи, нэг ундаа аваад ир” гээд өгсөн боловч эргэж ирээгүй 30 орчим минут болсон. ...Сайнбилэг гараад ирэхээр нь би “карт авч явсан нөхрийн нэр хэн бэ” гэж асуухад мэдэхгүй гээд зугтаад байсан. Тэгэхээр нь би Бичилийн автобусны буудлын хажууд барьж аваад баруун гараараа гэдэс рүү нь цохиход Сайнбилэг бөгсөн биеэрээ газар унасан. Тэгэхээр нь би нэмээд баруун хөлөөрөө гэдэс, хэвлий хэсэг рүү нь 3-4 удаа өшиглөсөн ба тэгэхэд Сайнбилэг доошоо тонгойсон. Тэгээд би Өргөө тал руу уруудаад явж байхад манай найз Лутаа машинтайгаа явж таараад би машинд нь суугаад цонхоор нь хойшоо харахад Сайнбилэг босоод цаашаа алхаад явж байсан...” /1хх 165-166/ гэсэн мэдүүлгүүд,

Эд зүйлд үзлэг хийсэн “...2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 9 цаг 40 минутад хэрэг үйлдсэн гэх этгээд нь “Минжгоо” гэх дэлгүүрээс архи, ундаа авч гарч байв. Уг этгээд нь 175-180 см өндөртэй, ногоон өнгийн саравчтай малгайтай, малгайн дээр цагаан бичиглэлтэй, баруун чихэндээ тамхи хавчуулсан, хар өнгийн үстэй, ногоон өнгийн куртиктай, ногоон эрээн өнгийн өмдтэй, хар өнгийн түрийтэй гуталтай явж байв. ... 11 цаг 20 минутад “Хур” зочид буудлын урд автобусны буудлын ард явган хүний зам дээр амь хохирогч Ш.С бусдад зодуулж байгаа нь бичигдсэн байв. Тухайн бичлэгт “Минжгоо” гэх дэлгүүрээс архи ундаа авсан гэх эрэгтэй амь хохирогчийн толгой дээр гишгэх, толгойн хэсэгт өшиглөх, цээж хэвлий хэсэгт нь баруун гараараа олон удаагийн давтамжтайгаар цохиж байгаа харагдав. ...11 цаг 31 минут 51 секундэд Бичил хорооллын 56 байрны 2 дугаар орцны үүдэнд ирээд орцны хаалга онгойлгох гэж байгаад унаад босож байгаа нь харагдав. 11 цаг 32 минут 10 секундэд хаалга налан унаж байгааг, 11 цаг 32 минут 59 секундэд орц руу орж байгааг харуулав” /1хх 12-16/,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “...12:16:44 саарал өнгийн саравчтай малгайтай, цэнхэр өнгийн куртик, ногоон өнгийн өмдтэй, бараан өнгийн гуталтай эрэгтэй /О.У/ гараараа хэд хэдэн удаа буюу 12 цаг 21 минут 48 секунд хүртэл цохиж байгаа харагдах ба хажуугаас нь хар бараан өнгийн хувцастай эрэгтэй О.Уыг салгахад дахин хохирогч руу очиж газар суусан байхад нь гараараа хэд хэдэн удаа цохиж, хөлөөрөө хэд хэдэн удаа өшиглөж, хохирогч газар хэвтсэн байгаа харагдав. Газар унасан байхад нь О.У хохирогчийг татаж буцаан газар хаяж хөлөөрөө хэд хэдэн удаа өшиглөж дээшээ харуулан дээрээс нь дэвсэлж байгаад татан босгон суулгаад хөлөөрөө цээж хэсэг рүү нь хэд хэд өшиглөөд газар унагааж өшиглөж, дэвсэж байгаад О.У нь татаж босгож суулгахад буцаж газар унан газар хэвтэж, газар суусан байдалтай байж байгаад зам хөндлөн урагшаа гарч байв. ...О.У Ш.Сийн куртикнээс татаж барьсан байдалтай замын урдаас дагуулан буцаж автобусны буудал дээр ирэн газар суулгаж хажууд нь зогсож байгаад татаж дээшээ харуулан хэвтүүлээд дээрээс нь хэд хэдэн удаа гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж байхад нь хажуугаас бор өнгийн куртиктэй эрэгтэй түлхэн салгахад О.У дахин цохиж, өшиглөж байгаа. ...О.У дэлгүүр лүү ороод буцаж гараад бараан өнгийн хувцастай эрэгтэйтэй цаана зогсож байсан автомашинд сууж явав...” /1хх 28-35/,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “...2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 9 цаг 39 минут 39 секундэд цэнхэр өнгийн куртиктэй, саарал саравчтай малгайтай, ногоон эрээн өмдтэй, хар өнгийн гуталтай эрэгтэй дэлгүүрт орж ирэн нэг шил архи, нэг ундааны хамт худалдан авав...” гэх тэмдэглэлүүд /1хх 36-39/,

Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 856 дугаартай “...О.У нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. О.У нь өөрийнхөө хийж буй үйлдлийг зөвөөр ойлгон мэдэж удирдан жолоодох чадвартай байна. О.У нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. О.У нь гэмт хэргийн үйлдлийн үед сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. О.У нь өөрийнхөө үйлдлийг удирдан мэдэн чадаж байсан байна. О.У нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. О.У нь өөрийн үйлдсэн хэргийн талаар тусган авах, мэдүүлэг өгөх чадвартай байна. О.У нь хэрэг хариуцах чадвартай байна. О.Ут эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. .../1хх 124-125/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 2253 дугаартай “...Талийгаач Ш.Сийн цогцост элэгний баруун дэлбэнгийн 4,5-р сегментийн задрал, дэлүүний язрал, өвчүү ясны хөндлөн хугарал, зүүн 3,4,5 баруун 4,5,6,7-р хавиргануудын шууд бус хугарал, дух, зүүн өвдөгт зулгаралт, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ. Цогцост учирсан элэгний баруун дэлбэнгийн 4,5-р сегментийн задрал, дэлүүний язрал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1,12-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Өвчүү ясны хөндлөн хугарал, зүүн 3,4,5 баруун 4,5,6,7-р хавиргануудын шууд бус хугарал гэмтлүүд нь хүндэвтэр зэргийн гэмтэлд хамаарна. Дух, зүүн өвдөгт зулгаралт, цээжинд цус хуралт гэмтэл нь нийлээд хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. Уг гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Талийгаачийн цусанд 3.7 промилли, ходоодны шингэнд 6.0 промилли, шээсэнд 3.3 промилли спиртийн зүйл илэрсэн нь согтолтын хүнд зэрэгт хамаарна. Талийгаач нь 1-р бүлгийн цустай байна. Талийгаач нь элэгний задралын улмаас цус алдаж, цус алдалтын шокд орж нас баржээ. Талийгаачид эмнэлгийн тусламж үзүүлсэн ч амь насыг аврах боломж муутай байжээ. Талийгаач нь 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 18 цаг 40 минутын байдлаар” гэх дүгнэлтүүд, түүний гэрэл зургийн үзүүлэлт /1хх 129-138/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.  

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх үүргийг хэрэгжүүлэгч субьектүүдийг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч О.У-ыг хүнийг алах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “ону харгис хэрцгийгээр” “хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж” алсан гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч О.У-ыг хүнийг алах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “ону харгис хэрцгийгээр” “хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж” алсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн  үндэслэлтэй болжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч О.У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7 дахь заалтад заасан хорих ялын хамгийн доод хэмжээгээр буюу 12 жилийн хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад биечлэн эдлүүлэхээр тогтоосон нь түүний үйлдсэн гэмт хэргийн хэр хэмжээ, гэм бурууд тохирсон байна.

Шүүгдэгч О.У-ын өмгөөлөгч Т.Анхцэцэг, Б.Цэцэнбилэг нарын хамтран “...Хүнийг санаатай алах гэмт хэргийг шийдвэрлэхдээ гэм буруугийн хэлбэр, сэдэлт, зорилго, арга хэрэгсэл, зэргийг тал бүрээс нь бодитой нягтлан тогтоох зайлшгүй шаардлагатай тул гомдлыг ханган, зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 “Онц харгис хэрцгийгээр” гэх шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар “Хүнийг алах” гэмт хэргийн хүндрүүлэх шинж болгон хуульчилсан. 

Хүнийг онц харгис хэрцгийгээр алах гэмт хэргийн тухайд, гэм буруутай этгээд хохирогчид олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан, уг учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдалд хүргэсэн байдгаараа энгийн бүрэлдэхүүнтэй хүнийг алах гэмт хэргээс ялгагддаг.

Тухайлбал, шүүгдэгч О.У-ын хувьд тодорхой үргэлжилсэн хугацаанд амь хохирогч Ш.С-ийг гараар болон хөлөөр түүний цээж хэсэг рүү цохиж, өшиглөн элэгний баруун дэлбэнгийн 4, 5 дугаар сегментийн задрал, дэлүүний язрал, өвчүү ясны хөндлөн хугарал, зүүн болон баруун 7 хавирганы хугарал бүхий энэхүү гэмтлийг учруулсан үйлдэл нь үхэлд хүргэх зорилго бүхий хүсэл зоригийн илэрхийлэлгүй байсан гэж үзэх боломжгүй.

Нөгөөтээгүүр, амь хохирогч Ш.С цусанд 3.7 промилли, ходоодны шингэнд 6.0 промилли, шээсэнд 3.3 промилли спиртийн зүйл илэрсэн нь согтолтын хүнд зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлтээр тогтоогдох бөгөөд энэ тухай хүний бие, физиологийн онцлог зэргээс хамаарах ойлголт.

Уг дүгнэлтэд тусгагдсан дээрх үндэслэл болон шинжээч эмч Г.Ханхүүгийн “Ийм төрлийн хэвлий нь битүү гэмтэл авсан хүний хувьд хүчтэй өвдөлт мэдэрдэг. Хэвийн хүн шиг үйлдэл хийх боломжгүй. Талийгаачийн хувьд хүнд зэргийн согтолттой байсан учраас зовуурь шаналгаа харьцангуй бага илэрч тодорхой хугацаанд үйлдэл хөдөлгөөн хийж байсан байж болно. Талийгаачийн хэвлийн хөндийгөөс 2200 миллетр буюу 2.2 литр хэмжээний цус алдсан. Алдаж байгаа цусны хэмжээ нь гэмтсэн судасны хэмжээтэй шууд хамааралтай. Элэг задарч, няцарсан байдлыг харах юм бол харьцангуй богино хугацаанд 2.2 литр цусыг алдах боломжтой байна. Харьцангуй богино гэдэг нь 1-2 цаг гэж ойлгож болно ...” гэсэн шүүх хуралдааны тэмдэглэл /2хх 104/ зэргээс үзэхэд амь хохирогч нь согтолтын хүнд зэргийн улмаас шүүгдэгч О.Уын эсрэг хариу үйлдэл үзүүлээгүй, биеэ хамгаалах чадваргүй байсаныг тодорхойлох гол үндэслэл болох бөгөөд харин тэрээр зодуулсаныхаа дараа босч тодорхой орон зайг туулан орцонд орж нас барсан байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.7 дахь хэсэгт заасан “биеэ хамгаалж чадахгүй” шинжийг үгүйсгэх үндэслэл болохгүй гэж үзнэ.

Дээрх нөхцөл байдал нь гэрч Ц.О-ны “...Сайнбилэг гараад буудал дээр зогсож байсан чинь араас нь нэг залуу /такси Амраа/ гүйж ирээд “миний картанд байсан мөнгийг чи авсан” гээд Сайнбилэгийг Бичлийн аркны автобусны буудал дээр баруун гараараа 2-3 удаа цохиж элэгдэхэд газар суусан. Тэгээд нэмээд цээж рүү нь хэд хэдэн удаа цохиод байсан чинь уначихсан ба газарт хэвтэж байхад нь “би чамайг ална” гээд дээрээс нь цээж хэсэгт нь хөлөөрөө олон удаа дэвсээд байсан. ...Сайнбилэгийг дахин энгэр, цээж хэсэг рүү нь өшиглөөд байсан. ...” /1хх 79-80/,

гэрч Б.Э-ын “...Бичилийн хойд талын автобусны буудал дээр бид 4 хувааж ууж байхад тэр үл таних залуутай Сайнбилэг “архи бага хийж өглөө гэх шалтгаанаас болоод маргалдаад байсан. ...Сайнбилэгийн цээж хэсэг рүү тэр цэнхэр куртиктэй залуу цохиж байх шиг харагдсан. ...” /1хх 100-102/,

гэрч Д.У-ийн “...ТҮЦ-ний урд найз Сайнбилэг, цэнхэр куртик, ногоон эрээн десант өмдтэй залуутай хамт архи уугаад байсан ба удаагүй хоорондоо маргалдаад нөгөө залуу Сайнбилэгийг зодоод байсан. Цээж гэдэс рүү нь л маш олон удаа өшиглөөд байсан. ...” /1хх 105-106/ гэх мэдүүлгүүд, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 28-35/ зэрэг нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул О.У-т оногдуулсан ял шийтгэл, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх хууль зүйн үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч О.У-ын өмгөөлөгч Т.Анхцэцэг, Б.Цэцэнбилэг нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч О.У нь 2022 оны 2 дугаар сарын 9-ний өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл нийт 50 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 2022/ШЦТ/77 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.У-ын өмгөөлөгч Т.Анхцэцэг, Б.Цэцэнбилэг нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.У нь 2022 оны 2 дугаар сарын 9-ний өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл нийт 50 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ш.БАТ-ЭРДЭНЭ

           

                               ШҮҮГЧ                                                        Ц.ОЧ

 

                   ШҮҮГЧ                                                        М.АЛДАР