Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 254

 

“Т х” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Дорнод аймгийн Засаг дарга, Дорнод аймгийн иргэдийн

Төлөөлөгчдийн Хурал, Дорнод аймгийн Баяндун сумын

иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:   Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:                                     Д.Мөнхтуяа

                                                    П.Соёл-Эрдэнэ

                                                    Ч.Тунгалаг

Илтгэгч шүүгч:                           Х.Батсүрэн

Нарийн бичгийн дарга:             Г.Гантогтох    

Нэхэмжлэлийн шаардлага: “Дорнод аймгийн Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 134, 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 48 тоот “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгөх санал”-ууд, Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 02 тоот тогтоол, Баяндун сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 05 тоот тогтоолын “Т х” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах”

Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 15 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 221/МА2018/0042 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогчид:   

Хариуцагч Дорнод аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, хариуцагч Дорнод аймгийн Баяндун сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Б нарыг оролцуулж,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.  

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 15 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4, 19.5, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.12, 30 дугаар зүйлийн 30.1.13 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Т х” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Дорнод аймгийн Засаг дарга, Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Баяндун сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тус тус холбогдох, Дорнод аймгийн Засаг даргын Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгөх 48, 134 дүгээр “Дэмжихгүй” санал, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 02, Баяндун сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 05 дугаар тогтоолын “Т х” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 221/МА2018/0042 дугаар магадлалаар: Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 15 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисон байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол    

3. “Т х” ХХК-ийн зүгээс Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 15 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 42 дугаар магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд:

4. Шүүх Захиргааны ерөнхий хуулийн 4.2.8-ийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 42 дугаар магадлалын хянавал хэсэгт “сумын болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс гаргасан дэмжихгүй санал нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д зааснаар хуульд заасан үндэслэлээр татгалзах гэдэгт хамаарч байгаа эсэх, түүнчлэн нэхэмжлэгчийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн талбай нь Баянгол, Түргэн голуудын усны сан бүхий газрын энгийн болон онцгой хамгаалалтын бүстэй хэсэгчлэн давхцалтай эсэхэд тус тус дүгнэлт өгөх байдлаар, магадгүй дэмжихгүй санал нь хуульд нийцээгүй гэж дүгнэн маргаан бүхий захиргааны актуудыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн зөрчигдсөн гэх эрх сэргэх үр дагаварт хүргэхгүй.” гэжээ.

5. Ийнхүү хууль тогтоомж өөрчлөгдсөнөөр нэхэмжлэгчийн эрх сэргэхгүй гэж дүгнэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 4.2.8-ийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүхийн хуралдааны явцад энэ асуудал хөндөгдөхөд бид Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийг хүчин төгөлдөр байхад манай компани өргөдөл гаргасан тул Захиргааны ерөнхий хуулийн 4.2.8-д заасан “Хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим”-ын дагуу хүчингүй болсон ч гэсэн 19 дүгээр зүйлийг хэрэглэнэ” гэдгийг тайлбарласан. Хэрвээ энэ зарчим үйлчлэхгүй гэвэл төрийн ямар ч байгууллагад иргэд өргөдөл, хүсэлт гаргах явцад хууль тогтоомж өөрчлөгдөн түүний өргөдөл, хүсэлт гаргах эрх шинэчилсэн хуулиар үгүй болсноор хууль хүчин төгөлдөр үед гаргасан өргөдлийг татгалзаж шийдээд байвал төрд итгэх итгэл үгүй болно. Ийм ч учраас дээрх зарчим Захиргааны ерөнхий хуульд шинээр орж ирсэн.

6. Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг буруу хэрэглэсэн. Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4.3-д “хилийн заагийг Засгийн газар тогтооно” гэж заасан. Анхан шатны шүүхээс манай компанийн өргөдөл гаргасан талбайг давхцалтай эсэхийг Онон-Улз голын сав газрын захиргаанаас лавлагаа авч, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д заасан хуульд заасан үндэслэлд хамаарч байгаа эсэхэд тодорхой дүгнэлт хийлгүй, энэ нь аливаа үр дүнд хүргэхгүй гэж үзсэн.

7. Гэтэл Ашигт малтмалын тухай хуульд 2014 онд өөрчлөлт орж, 2014 оны 239 дүгээр тогтоолоор тогтоосон солбилцол манай компани хайгуулын тусгай зөвшөөрлийн өргөдөл гаргасан.

8. Нэгэнт усан сан бүхий газрын хамгаалалтын бүсийг ч, хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгох боломжтой талбайг ч Засгийн газар тогтоодог. Тэгэхээр ямар ч логикоор Засгийн газрын 2 тогтоол хоорондоо зөрчилддөг байх боломжгүй. Мөн манай өргөдлийг хүлээн аваад Ашигт малтмалын газар шүүлт хийж үзээд ямар нэг давхцалгүй гэдгийг тогтоож, улмаар аймгийн Засаг даргаас санал авахаар хүргүүлсэн байдаг.

9. Иймд Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 15 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 42 дугаар магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

10. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр магадлал хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан хэрэглэвэл зохих Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох зүйл, заалтуудыг зөв тайлбарлан хэргийг хуулийн дагуу үндэслэлтэй шийдвэрлэсэн байна.

11. Нэхэмжлэгч “Т х” ХХК-иас “...тухайн өргөдлийн талбай нь холбогдох хуулийн дагуу хориглосон, хязгаарласан, нөөцөд болон тусгай хэрэгцээнд авагдсан зүйл огт байхгүй атал дэмжихгүй санал өгсөн нь Ашигт малтмалын тухай хуулийн 19.5 дахь хэсгийг зөрчсөн...” гэж, хариуцагч Дорнод аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “Ашигт малтмалын тухай хуулийн 19.4-д зааснаар ...Баяндун сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас санал авахад хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн тус талбай нь малчдын зуслан, намаржаа, хадлангийн талбай, Баянгол, Түргэн голуудын сав газартай давхцалтай үндэслэлээр дэмжихгүй гэсэн ...05 дугаар тогтоол ирсэн”, хариуцагч Дорнод аймгийн Баяндун сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас “...хүссэн газар нь усан сан бүхий газар усны онцгой хамгаалалт, энгийн хамгаалалтын бүсүүдэд давхцалтай...”, хариуцагч Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас “...Баяндун сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг үндэслэн тус компанид хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг “дэмжихгүй” гэж шийдвэрлэн...02 тоот тогтоолыг гаргасан...” гэж тус тус маргажээ.

12. Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.3-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх...” гэж заасан байна. Тухайн тохиолдолд хариуцагч хуульд заасан журмын дагуу холбогдох байгууллагаас зохих саналыг авсан болох нь Дорнод аймгийн Баяндун сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн “Санал татгалзах тухай” 05 дугаар тогтоол, Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлд санал өгөх тухай” 02 дугаар тогтоолоор тус тус нотлогдож байх бөгөөд нутгийн өөрөө удирдах байгууллагын шийдвэрийг үндэслэн аймгийн Засаг дарга “тусгай зөвшөөрөл олгохыг дэмжихгүй” өгснийг Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д заасан “Аймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно” гэснийг зөрчсөн гэж үзэх боломжгүй юм.

13. Нэхэмжлэгч компаниас хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хүссэн Дорнод аймгийн Баяндун сумын нутаг “Баяндун-1” нэртэй, 121.06 гектар талбай бүхий газар нь тус сумын Түргэн голын онцгой хамгаалалтын бүстэй 16.0 га, энгийн хамгаалалтын бүстэй 6.0 га, Баян голын энгийн хамгаалалтын бүстэй 0.18 га газар тус тус давхцалтай болох нь Онон-Улз голын сав газрын захиргааны 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 101 дугаар албан бичиг, кадастрын зураг зэрэг  баримтуудаар тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй байна. Дорнод аймгийн Засаг дарга нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-ын е-д “нутаг дэвсгэрт нь ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход хууль тогтоомжид заасны дагуу санал өгөх”, Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга нь зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно” гэж заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг “Дэмжихгүй” саналыг хүргүүлсэн нь хууль зөрчөөгүй гэх шүүхүүдийн дүгнэлт зөв байна.

14. Ашигт малтмалын тухай хуульд тусгайлан заасан журмыг хэрэгжүүлэхдээ хариуцагч хууль зөрчсөн болох нь тогтоогдоогүй тухайн тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан “хууль ёсны итгэлийг хамгаалах” зарчим хэрэгжих хуулийн үндэслэлгүй тул “Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйл хүчин төгөлдөр байхад манай компани өргөдөл гаргасан ...хүсэлт гаргах явцад хууль тогтоомж өөрчлөгдөн хүсэлт гаргах эрх шинэчилсэн хуулиар үгүй болсноор хууль хүчин төгөлдөр үед гаргасан өргөдлийг татгалзаж шийдээд байвал төрд итгэх итгэл үгүй болно” гэх хяналтын гомдлыг хангах боломжгүй болно.

15. Дээрх үндэслэлээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 15 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 221/МА2018/0042 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

                        ШҮҮГЧ                                                                 Х.БАТСҮРЭН