Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 46

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс:114/2016/0053/3

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Энхтуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Дархан сум, 5 дугаар хороолол, 1”а” байрны 36 тоотод оршин суух, *******  нэхэмжлэлтэй

Хариуцагч  Дархан-Уул аймгийн Сонгуулийн хороонд холбогдох

Нэхэмжлэлийн  “Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 04 тоот тогтоолын 1 дүгээр хавсралтын 17-д бүртгэгдсэн Л.Нарантуяаг нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасах” шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

            Нэхэмжлэгч Ж.*******

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Цагаандарь, Н.Баттунсаг

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Б.Идэржавхлан

Гуравдагч этгээд Л.Нарантуяа

Гэрч Б.Цэцэгсүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.******* шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан нэхэмжлэлдээ:- Миний бие Дархан-Уул аймгийн Монгол Ардын намын 10 дугаар үүрийн даргаар 2012 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэл ажиллаж байна. 2012 оны 02 дугаар сарын 28-ны өдөо Лүндэгийн Нарантуяа Монгол Ардын намд гишүүнээр элсэж манай 10 дугаар үүрийн гишүүн болсон. Гэтэл Монгол Ардын намаас гишүүнээс албан ёсоор гараагүй байж Ардчилсан намаас орон нутгийн сонгуульд өрсөлдөхөөр сонгуулийн 10 дугаар тойрогт нэрээ дэвшүүлсэн байна.  Л.Нарантуяаг  манай  намын  гишүүн  Р.*******  гэдэг хүн анх элсүүлсэн байдаг.

Л.Нарантуяа нь Монгол Ардын намын үндсэн дүрмийн 6 дугаар заалтын 6.2 дахь хэсэгт “Монгол Ардын намаас гарч байгаагаа бичгээр илэрхийлж харъяалагдах намын үүр анхан шатны хооронд мэдэгдэж Монгол Ардын намын гишүүний бат илэрхийлэл эгүүлэн өгнө” гэсэн заалтыг зөрчиж Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6-д “Нэг намын гишүүнийг өөр намаас нэр дэвшүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж Монгол Ардын намын гишүүнээс албан ёсоор гараагүй атлаа Ардчилсан намаас орон нутгийн сонгуульд нэр дэвшсэн байна. Мөн Намын дүрмийн 6 дугаар заалтын 6.3-т “Энэ дүрмийн 6.2-т заасан шаардлагыг биелүүлээгүй бол намын гишүүнээс хасаагүйд тооцно” гэсэн заалтын дагуу одоог хүртэл Монгол Ардын намын гишүүн хэвээр байна. Л.Нарантуяагийн намд элсэх өргөдөл байдаггүй, анкет, зурагтайгаа байсан, манай үүр байрны подвалд байдаг, ус алдаад анкет нь үрэгдсэн. Намын гишүүдийн бүртгэл бүгд цахимжсан, Л.Нарантуяагийн бүртгэл байгаа. Бид энэ талаар аймгийн Сонгуулийн хороонд мэдэгдсээр байтал Л.Нарантуяаг аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 4 тоот тогтоолын 1 дүгээр хавсралтын 17-д нэр дэвшигчээр бүртгэсэн нь Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6 дахь заалтыг зөрчиж байна.

Иймээс аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 4 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтын 17-д бүртгэгдсэн Л.Нарантуяаг нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасаж өгнө үү гэв.

 

Хариуцагч Дархан-Уул аймгийн Сонгуулийн хороо шүүхэд гаргасан болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Идэржавхлан шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:- Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Төлөөлөгчдийн 2016 оны ээлжит сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигчээр бүртгүүлэхээр ирүүлсэн жагсаалтаас 10 дугаар тойрогт нэр дэвшигч Л.Нарантуяад холбогдох асуудлаар аймгийн Монгол Ардын намаас нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзаж өгнө үү гэсэн утга бүхий мэдээлэл ирүүлсэн байсан.

Аймгийн Сонгуулийн хороо нь дээрх асуудлаар холбогдох нэр дэвшигч Л.Нарантуяагаас тайлбар авч нягтлан шалгахад 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Монгол Ардын намын 10 дугаар үүрд  хүсэлт өгсөн нь үнэн гэж тайлбар бичээд, бичсэн өргөдөл нотариатаар батлуулан манайд ирүүлснийг үндэслэн олонхийн саналаар бүртгэхээр шийдвэрлэсэн болно.

Аймгийн Сонгуулийн хороо нь энэ асуудлаар Монгол Ардын намын 10 дугаар үүрээс дахин тодруулга, тайлбар авч нягтлан шалгаж шийдвэрлэх ёстой гэсэн саналтай 2 гишүүн байсан гэв.

 

Гуравдагч этгээд Л.Нарантуяа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:- Ж.*******ы нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь 2012 оны 10 дугаар багийн Засаг дарга Р.******* нь Монгол Ардын намын батлахыг манай сургалтын төв дээр орхисон байдаг. Тухайн үед миний бие тус намд элсэх тухай хүсэлтээ албан ёсоор бичгээр гаргаагүй, анкет бүртгэл хийгээгүй ба Монгол Ардын намд гишүүнээр элсэхтэй холбоотой ямарваа нэгэн баримт бичигт гарын үсэг зураагүй болно. Намын бат илэрхийлэх нь зураггүй, гишүүний гарын үсэг зурагдаагүй байсан. Надад хүчээр намын батлах бичиж өгсөн Р.******* энэхүү батлахаа эгүүлэн өгөх талаар 2013 оноос хойш удаа дараа хэлж байсан ба учир нь миний бие АШУҮИС-д багшаар орсон бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6-д зааснаар төрийн албан хаагч төрийн албан тушаал эрхлэх хугацаандаа улс төрийн аливаа нам хөдөлгөөний үйл ажиллагаанд ямар нэгэн хэлбэрээр оролцохгүй байх, хэрэв улс төрийн гишүүн бол түдгэлзэх талаар хэлж байсан.

2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр албан ёсоор баталгаажуулсан өргөдлөө батлахын хамт буцаан өгөхөөр намын анхан шатны үүрийн дарга Ж.*******ы гэрт 1А байрны 36 тоотод 12 удаа очиж өөртэй нь холбогдох гэсэн боловч хүсэлтийг ямар нэгэн аргаар хүлээн авахгүй, цааргалсан байдалтай хариу өгдөг, өнөө, маргааш уулзая, хөдөө байна гэсэн хариултуудыг өгч байсан. Иймээс би намын дэд дарга П.Ариундалайтай утсаар холбогдож хэлэхэд намын байран дээр маргааш уулзая гэсэн боловч маргааш нь ажил дээрээ ирэхгүй, утсаа авахгүй байсан. Ингээд хүлээж суусаар байгаад  улс төрийн ажилтан Цэцэгсайханг гаднаас орж ирэхэд намын бат илэрхийлэлийг өгөх гэхэд бас л хүлээн авахгүй байсан тул арга буюу намын байранд орхиод гарсан билээ.

Миний хүсэл зорилгоос гадуур иргэний эрх болон Монгол Ардын намын батлахыг хуурамчаар бичиж Үндсэн хуулиар олгогдсон эрх чөлөөг миний зөрчиж байна. Мөн энэ нь эмэгтэй хүний сонгогдох эрхийг бүдүүлгээр хааж боосон хэрэг гэж үзэж болох талтай.  Р.******* ах тухайн үед утсаар хэлэхдээ МАН-аас 1+1 хөтөлбөр явагдаж байна, ах  нь чамайг намдаа элсүүлмээр байна, ажил дээр намын үнэмлэх орхисон талаар ярьсан, үүнээс хойш үнэмлэхээ авах талаар ярьж байсан. Утсаар ярьсан бичлэг байгаа .

Би намд элсэх талаар нэг ч удаа өргөдөл гаргаж байгаагүй, анкет байсан гэж байна, би өөрөө бичээгүй, нэг ч удаа хуралд оролцож байгаагүй, гишүүний татвар төлж байгаагүй, ганц удаа хуралд суусан оролцсон тохиолдол байдаг юм бол гаргаад ир, тэгвэл би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрнө.

Иймд Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр гаргасан 4 дүгээр тогтоол хууль ёсны үндэслэлтэй, тогтоолыг хэвээр үлдээж Ж.*******ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Гэрч Б.Цэцэгсүрэн шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ:- миний бие нь 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдөр намын байрандаа гаднаас орж ирээд байтал Л.Нарантуяа гэх эмэгтэй асууж орж ирсэн. Тэрээр Монгол Ардын намын гишүүний бат илэрхийлэл буцаан өгөх зорилготой яваагаа хэлэхэд нь Намын анхан шатны байгууллагад өгч бүртгүүлэн хасалт хийлгэж баталгаажуулах ёстой гэдгийг хэлсэн юм. Гэтэл намын анхан шатны байгууллагын дарга олдохгүй байна, та нарт өгнө гэх мэтээр яриа эхэлсэн,  цуг явсан эмэгтэйн зураг бичлэг хийх мэтээр ажлын байранд зохисгүй үйлдэл гаргахад би утсыг нь авч зургийг устгасан. Намын анхан шатны үүр өргөдлийг авна гэсээр байхад миний ширээ дээр орхиод гарсан гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, мэдүүлэг хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэлээ. Үүнд:

1. Нэхэмжлэлийн “Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 04 тоот тогтоолын 1 дүгээр хавсралтын 17-д бүртгэгдсэн Л.Нарантуяаг нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасах” шаардлагын тухайд:

 

Хариуцагч Дархан-Уул аймгийн Сонгуулийн хороо 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор аймгийн иргэдийн Төлөөлөөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигчдийг 1 дүгээр хавсралтаар бүртгэж, уг хавсралтын 17 дугаарт  “ Лүндэгийн Нарантуяа, Ардчилсан нам, 10 дугаар тойрог” гэж бүртгэсэн нь дээрх тогтоол, тогтоолын хавсралт, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн тайлбараар нотлогдож байна.

Нэхэмжлэгч Ж.******* нь Дархан-Уул аймгийн Монгол ардын намын хорооны 10 дугаар үүрийн даргаар сонгогдон ажилладаг болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Дархан-Уул аймгийн Монгол ардын намын хорооны 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 94 тоот албан бичиг зэргээр нотлогдож байх боловч аймгийн Сонгуулийн хорооны дээрх маргаан бүхий актаар нэхэмжлэгчийн ямар эрх, ашиг хөндөгдөж байгаа нь тогтоогдохгүй байна. Учир нь нэхэмжлэгч нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуульд нэр дэвшээгүй, нэхэмжлэгч нь гуравдагч этгээд Л.Нарантуяаг Монгол ардын намын гишүүн, Монгол ардын намын дүрэм, Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6-д “Нэг намын гишүүнийг өөр намаас нэр дэвшүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн гэж тайлбарлаж байгаа боловч шүүх Л.Нарантуяаг намын гишүүн мөн эсэхэд дүгнэлт хийх боломжгүй юм.

 

Харин хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар Дархан-Уул аймгийн Монгол ардын намын хороо Л.Нарантуяагийн талаар аймгийн Сонгуулийн хороонд гомдол гаргаж байсан нь нотлогдож байна. Харин нэхэмжлэгч Ж.*******д шүүхэд Дархан-Уул аймгийн Монгол ардын намын хороог төлөөлөн нэхэмжлэл гаргах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх болон итгэмжлэлийг олгоогүй болох нь Дархан-Уул аймгийн Монгол ардын намын хорооны дарга С.Насанбатаас 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр гаргасан 83 тоот албан бичгээр үгүйсгэгдэж байна.

 

Иймд хариуцагч Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 04 тоот тогтоолын 1 дүгээр хавсралтын 17-д  Л.Нарантуяаг нэр дэвшигчээр бүртгэсэн бүртгэл нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

            1.Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 145.6, 159 дүгээр зүйлийн 159.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Ж.*******ы нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 5.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч Ж.*******аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73, 81 дүгээр зүйлүүдэд зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш  14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            З.ЭНХТУЯА