Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 102/ШШ2024/02652

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 102/ШШ2024/02652

Улаанбаатар хот

 

           

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

                

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:* дүүрэг* дугаар хороо * дугаар хороолол *байр * ХХК

Хариуцагч: * дүүрэг * дугаар хороо * дүгээр хороолол * дугаар байр* тоотод оршин суух, *

Хариуцагч: * дүүрэг *дугаар хороо *дүгээр хороолол * дугаар байр* тоотод оршин суух, *

Зээлийн гэрээний үүрэгт 30,806,962.97 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангах нэхэмжлэлийг 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч *, хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч *, өмгөөлөгч *, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямсүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч * ББСБ ХХК нь хариуцагч * нарт холбогдуулж зээлийн гэрээний үүргийн биелэлт 30,806,962.97 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

1.1. Нэхэмжлэгч * ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгч *шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагч * нар нь * ББСБ ХХК-тай 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр зээлийн гэрээ байгуулж эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 50,000,000 төгрөгийг жилийн 40,8 буюу сарын 3,4 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдэж, зээлийн барьцаанд * аймгийн* сумын *баг аргал сүжиг * хэсэг 7 гудамжны * тоот*мкв гэр бүлийн хэрэгцээний газрыг барьцаалсан. Зээлдэгч нар зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарьт заасан хугацаанд зээлийг төлж барагдуулах үүрэгтэй боловч 2023 оны 11 дүгээр сараас зээлийн гэрээний үүргийг зөрчиж эхэлсэн. Гэрээний үүргээ биелүүлэхийг зээлдэгч нарт удаа дараа гар утсаар холбогдох, гэрээнд заасан хаягаар очиж уулзах, хугацаа тогтоох, мэдэгдэх хуудас хүргүүлэх зэргээр арга хэмжээ авч байсан ч зээлдэгч нар гэрээний үүргээ биелүүлээгүй. Зээлийн гэрээний 5.1-т зээлдэгч нь гэрээний хавсралтад заасан эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар заасан. Мөн 5.2.1-т зээлийн гэрээний хавсралт буюу эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн тохиолдолд зээлийн гэрээг нэг талын санаачлагаар цуцлах талаар зохицуулсан. Банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагааны тухай хууль буюу хүчингүй болсон хууль тогтоомжийг хэрэглэж зээлийн гэрээ байгуулсан, хүчингүй болсон хуулийн заалтыг баримтлаад нэмэгдүүлсэн хүүг шаардаж байна гэх хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлгүй бөгөөд хуулийн шинэчилсэн найруулга батлагдаад гарчихсан. Хариуцагч нар зөвшөөрч зээлийн гэрээ байгуулж гарын үсэг зурсан, гэрээний 4.2.3-т зааснаар нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. Нэхэмжлэгч Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар зээлийн үндсэн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй. Хариуцагч нар гэрээнд заасан үүрэг, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн тул зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, үндсэн зээл 26,244,758.25 төгрөг, зээлийн хүү 4,224,470.40 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 337,734.40 төгрөг нийт 30,806,962.97 төгрөгийг хариуцагч * нараас гаргуулж, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

2. Хариуцагчийн өмгөөлөгч * шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Талуудын хооронд 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр зээлийн болон ипотекийн гэрээ байгуулагдаж 50,000,000 төгрөгийг зээлсэн. Зээлээс 32,435,281 төгрөг төлж зээлийн үлдэгдэл 17,564,361 төгрөг үлдсэн. Зээлийн гэрээг Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль, банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийг үндэслэж хийсэн. Уг хууль 2021 оны 06 дугаар сард хүчингүй болж 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийг дагаж мөрдөн хэрэглэж эхэлсэн. Нэхэмжлэгч хүчингүй болсон хуулийг үндэслэж зээлдэгч нартай гэрээ байгуулсан. Хүчингүй болсон хуулиар гэрээ байгуулж хүү, алданги шаардаж байгаа нь үндэслэлгүй. Зээлийн гэрээний үүргийг ипотекийн гэрээгээр хангадаггүй. Хуульд барьцаа хөрөнгөөр хангана гэж тодорхой заасан. Ипотекийн гэрээ нь төрөөс санхүүжүүлэгдэж арилжааны банкаар дамждаг, үл хөдлөх хөрөнгийн урьдчилгаа төлбөр төлүүлэх нөхцөлөөр иргэнд олгогддог гэрээ. Нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээл 17,564,361 төгрөгийг төлнө гэв.

3. Нэхэмжлэгчээс 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, ипотекийн гэрээ, зээлийн дансны хуулга зэргийг баримтаар гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн 30,806,962.97 төгрөг гаргуулах шаардлагыг хангаж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангах шаардлагыг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй.

2. Нэхэмжлэгч Зээлдэгч нар зээлийн гэрээний нөхцөлийг зөвшөөрч гэрээ байгуулж гарын үсэг зурсан. Зээлийн гэрээний хавсралт буюу эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн тохиолдолд зээлийн гэрээг нэг талын санаачлагаар цуцлах талаар зохицуулсан. Хуульд зааснаар үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.

3. Хариуцагч нь зээлийн гэрээг хүчингүй болсон хуулийг үндэслэж байгуулсан тул хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй. Ипотекийн гэрээгээр үүргийн гүйцэтгэл хангадаггүй гэх үндэслэлээр үгүйсгэсэн.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1. Зохигчийн хооронд 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 50,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 3,4 хувийн хүүтэй, зээлийн барьцаанд *ий өмчлөлийн Төв аймгийн *сумын * баг аргал сүжиг* хэсэг* гудамжны 9 тоот * мкв гэр бүлийн хэрэгцээний газрыг барьцаалж гэрээ байгуулагдсан болох нь зээл болон ипотекийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь гэсэн баримтуудаар тогтоогдож байна.

Зээл болон ипотекийн гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-д заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна.

4.2. Нэхэмжлэгч * ББСБ ХХК Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар мөнгийг зээлдэгчид шилжүүлэх, хариуцагч гэрээнд зааснаар мөнгө болон хүүг буцаан төлөх үүрэг хүлээжээ.

Хариуцагч нар нь хүчингүй болсон хуулийг үндэслэл болгож зээл олгосон тул хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй, үндсэн зээл 17,564,619 төгрөг төлнө гэсэн тайлбар гаргадаг боловч Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т зааснаар зээлдүүлэгчээс мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар шилжүүлж авсан, гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хуулиар хүлээсэн тул энэ үндэслэлээр хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй.

Зээлийн гэрээний 2.4, 2.5 2.11, 3.4, 4.2.3-т зааснаар зээлийн үндсэн төлбөр, хүүгийн төлбөрийг зээлийн гэрээний хавсралтын дагуу ББСБ-д төлөх графикт хугацаанд зээлийг төлөөгүй бол дараах өдрөөс нь эхлэн хүүг үргэлжлүүлэн төлөхөөс гадна нэмэгдүүлсэн хүү төлөх, зээлээ хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд тухайн төлөлт хийх өдөр хүртэлх нэмэгдүүлсэн хүү, хүү, зээлийн үндсэн төлбөр гэсэн дарааллаар төлнө, эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн тохиолдолд зээл хуваарьт өдрөөс эхлэн зээлийн хүүг үргэлжлүүлэн төлөхөөс гадна үндсэн хүүний 20%-тай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг зээлийн эргэн төлөлтийн хуваарьт хугацаанд нийцүүлэх хүртэл хугацаанд төлөхөөр тус тус үүрэг хүлээсэн тул тайлбар нь үндэслэлгүй.

4.3. Нэхэмжлэгч нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах шаардлага гаргасан боловч энэ шаардлагад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй тул энэ шаардлагыг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх эрхтэй боловч дээрх хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.3-т зааснаар бие даасан хэдэн хэдэн шаардлагыг нэг нэхэмжлэлд бичсэн бол бүх шаардлагын үнийн нийлбэрээр улсын тэмдэгтийн хураамж төлөх шаардлагатай.

5. Иймд хариуцагч * нараас үндсэн зээл 26,244,758.25 төгрөг, зээлийн хүү 4,224,470.40 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 337,734.40 төгрөг нийт 30,806,962.97 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч * ББСБ ХХК-нд олгох нь зүйтэй.

6. Хэргийг шийдвэрлэхтэй холбогдуулж нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч нараас хангасан үнийн дүнд ногдох төлбөрийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч * нараас 30,806,962.97 төгрөг гаргуулж нэхэмжлэгч * ББСБ ХХК-нд олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-т зааснаар үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангах нэхэмжлэгч * ББСБ ХХК-ийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 357,477 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч * нараас 357,477 төгрөг гаргуулж нэхэмжлэгч * ББСБ ХХК-нд олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА