Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Отгон Аззаяа |
Хэргийн индекс | 182/2024/02019/И |
Дугаар | 182/ШШ2024/02239 |
Огноо | 2024-05-17 |
Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 182/ШШ2024/02239
2024 05 17 | 182/ШШ2024/02239 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Аззаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Ц.Ө-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б ХХК -д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 19,050,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч *******,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бадамцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Бизнес кластер групп ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 19,050,000 гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. ******* миний бие 2022 оны 11 сарын 01-ний өдөр *******-ийн хэрэгжүүлж байсан Можо хөүм мини хаус хотхоноос С хэсгийн 19 тоот 24.29м2 хэмжээтэй 70 сая төгрөгийн үнийн дүн бүхий амины орон сууц захиалж гэрээ байгуулсан. Гэрээ байгуулахдаа нийт 20 сая төгрөгийн урьдчилгааг дараах хуваариар шилжүүлсэн. Үүнд: 2022.11.01-ний өдөр 9,000,000 төгрөг, 2022.11.18-ны өдөр 4,000,000 төгрөг, 2022.12.01-ний өдөр 3,500,000 төгрөг, 2022.12.30-ны өдөр 3,500,000 төгрөг.
Гэрээнд зааснаар захиалсан амины орон сууцыг 2022 оны 4-р улиралд багтаан хүлээлгэж өгөх заалттай байсан. Гэвч орон сууцыг хүлээлгэж өгөх хугацааг гүйцэтгэгчээс сунгаж явсаар эцэст нь 2023 оны 8 сард энэ төсөл бүрэн зогссон, хүлээлгэж өгөх боломжгүй болсныг гүйцэтгэгч талаас утасдаж мэдэгдсэн. Гүйцэтгэгч нь надад захиалсан орон сууцныхаа оронд шинээр хэрэгжүүлж байгаа өөрсдийн Грийн хаус гэх хотхоноосоо амины орон сууц сонгохыг санал болгосон. Миний хувьд оронд нь санал болгож байгаа хотхоноос сонголт хийх хүсэлгүй байсан тул гэрээгээ цуцалж өгсөн урьдчилгаагаа буцааж авах шийдвэр гаргаснаа мэдэгдсэн. Үүнээс хойш мөнгөө буцааж авах хүсэлтээ утсаар байнга тавьсан боловч мөнгө буцааж шилжүүлэхгүй байсан тул *******-ийн гүйцэтгэх захирал Д.Дэлгэрсайхантай 2023 оны 9 сарын 8-ны өдөр биечлэн очиж уулзсан. Уулзалтаар дараах хуваариар төлж барагдуулах тохиролцоо хийсэн. 2023 оны 9 сард багтаан 5 сая, 2023 оны 10 сард багтаан 10 сая, 2023 оны 11 сард багтаан 5 сая. Үүнээс 9 сард шилжүүлэх 5 саяыг энэ тохирсон хугацаандаа шилжүүлсэн. Үлдсэн 15 саяыг нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл шилжүүлэхгүй байгаа тул энэ мөнгийг гэрээнд заасан алданги 4,005,000 төгрөгийн хамт нийт 19,050,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Гэрээний Гүйцэтгэгч нь ашиглалтанд орон хугацаанаас хойшилсон тохиолдолд энэ гэрээгээр гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.05 хувьтай тэнцэх алдангийг төлнө гэсэн заалтын дагуу 5 сая төгрөгийг 2023.01.01-2023.09.29-ний хугацааны хооронд хоцроосон нийт 270 хоногт ноогдох алданги 675,000 төгрөг, 15 сая төгрөгийг 2023.01.01-2024.03.25 хугацааны хооронд хоцроосон нийт 450 хоногт ноогдох алданги 3,375,000 төгрөг нийт 4,050,000 төгрөг болно. Миний бие *******-ийн гүйцэттэх захирал Д.Дэлгэрсайхантай 7 хоногт 1 удаа цаг заваа үрэн байж биечлэн очиж уулзаж мөнгөө асуудаг ба уулзах бүрт ирэх 7 хоногт яг мөнгө орж ирнэ гэх мэтээр худал хэлсээр 6 сар болж байна. Надад энэ мөнгийг ашиглаж хийх олон ажил байсан боловч бүх ажил саатаж, хугацааны болон мөнгөний багагүй хохирол хүлээгээд байна гэв.
2. Хариуцагч Бизнес кластер групп ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Талуудын хооронд 2022.11.01-ний өдөр МН-01 дугаартай захиалгын гэрээ байгуулагдсан. Уг гэрээний дагуу ******* нь 20,000,000 төгрөгийн урьдчилгааг төлсөн. Гэрээ хэрэгжих хугацаанд манай компаниас үл шалтгаалах нөхцөл буюу газрын маргаан үүсч төслийг цааш үргэлжлүүлэх боломжгүй болсон. ******* нь 2022 онд Баянзүрх дүүрэг, гачууртын агуйд орон сууц, хаусын хороолол барих төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Тухайн үед төслийг Өсөхбаяр гэх хүнтэй хамтарч хэрэгжүүлсэн. Өсөхбаяр гэдэг хүн хамтран ажиллах гэрээний үндсэн дээр газраа гаргаж, ******* нь барилга барих техник тоног төхөөрөмж, хүн хүчнийхээ бусад бүх хөрөнгө оруулалтуудыг хариуцаж ажилласан юм. Төслийн хүрээнд ажил эхлээд явж байхад Өсөхбаяр гэдэг хүн үндэслэлгүйгээр мөнгө нэхэж, хамтран ажиллахаас татгалзаж шүүхэд маргаан үүсгэсэн. Улмаар төсөл цааш үргэлжлэх боломжгүй нөхцөл байдалд орж зогссон. Тухайн үед нэхэмжлэгч Өнөржаргал гэрээнээс татгалзаж, мөнгөө авъя гэдэг байдлаар бизнес кластер групп ХХК-д хандсан. Ингээд урьдчилгаа 20 сая төгрөгийг буцааж өгөхөөр талууд харилцан тохиролцоод эхний 5 сая төгрөгийн төлөлт хийгдчихсэн. Үлдэгдэл 15 сая төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байгаа. Шүүхийн маргаантай асуудлууд байсан учраас энэ хугацаанд төлбөр санхүүгийн хувьд тодорхой асуудлууд байсан. Гэрээнээс татгалзаж байгаа тохиолдолд талууд өгсөн, авснаа буцаадаг. Хуульд заасны дагуу өгсөн, авснаа буцаах харилцаа үүсэж байгаа учраас 15 сая төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Алдангид заасан 4,050,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
3. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар дараах баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:
3.1. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 2/
3.2. 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн №МН-01 дугаар Можо Хөүм Миний Хаус Хотхоны захиалгын гэрээ, хавсралтын хамт /хх 3-12/.
4. Хариуцагчаас нотлох баримтаар итгэмжлэл, хариу тайлбар, мөнгөн шилжүүлгийн баримт / хх 15, 22, 26/ зэрэг баримтыг шүүхэд өгсөн байна.
Талуудын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан гэрээний үүрэгт 19,050,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч нь Можо Хөүм Миний хаус хотхоны захиалгын гэрээнд зааснаар захиалсан амины орон сууцыг 2022 оны 4-р улиралд багтаан хүлээлгэж өгөх заалттай байсан. Гэвч орон сууцыг хүлээлгэж өгөх хугацааг сунгаж явсаар эцэст нь 2023 оны 8 сард энэ төсөл бүрэн зогссон, хүлээлгэж өгөх боломжгүй болсныг гүйцэтгэгч талаас мэдэгдсэн учир урьдчилгаа төлбөрт төлсөн 20,000,000 төгрөгийн үлдэгдэл 15,000,000 төгрөг, гэрээнд заасны дагуу алданги 4,050,000 төгрөг, нийт 19,050,000 төгрөгийг шаардах эрхтэй гэж тодорхойлсон.
2. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас урьдчилгаа төлбөрийн үлдэгдэл 15,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, талууд гэрээнээс татгалзсан учир алданги 4,050,000 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж маргасан.
3. Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Зохигчид 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр №МН-01 дугаар Можо Хөүм Мини Хаус хотхоны захиалгын гэрээ/цаашид Гэрээ гэх/ болон Зээл, зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарь Захиалгын МН-01 тоот гэрээний хавсралтыг байгуулсан болох нь гэрээний болон гэрээний хавсралт, талуудын тайлбараар тогтоогдож байна.
Гэрээний 2 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3, 4 дүгээр зүйлийн 4.1-т зааснаар хариуцагч нь Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Можо Хөүм мини хаус хотхоны С хэсэгт байрлах, нийт 39.97 м2 талбайтай, 1 өрөө амины орон сууцыг дотор засал болон тохижилтийг бүрэн хийж, 2022 оны 4 дүгээр улиралд багтаан хүлээлгэн өгөх,
гэрээний 3 дугаар зүйлийн 3.2 дах хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч нь орон сууцны төлбөрийг гэрээ байгуулсан өдөр 9,000,000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 5,000,000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 7,000,000 төгрөгийг, үлдэгдэл 49,000,000 төгрөгийг Зээл, зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарь Захиалгын МН-01 тоот гэрээний хавсралтын дагуу төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.
Тодруулбал, худалдагч нь гэрээний зүйлийг аливаа эрхийн болон биет байдлын доголдолгүйгээр худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээх бол худалдан авагч тал үнийг нь тохирсон хугацаанд бүрэн төлсөн тохиолдолд тэдгээрийг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж үзнэ.
Нэхэмжлэгч нь гэрээ байгуулснаар урьдчилгаа төлбөрт 2022.11.01-ний өдөр 9,000,000 төгрөг, 2022.11.18-ны өдөр 4,000,000 төгрөг, 2022.12.01-ний өдөр 3,500,000 төгрөг, 2022.12.30-ны өдөр 3,500,000 төгрөг, нийт 20,000,000 төгрөг төлсөн гэж тайлбарласан.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дээрх үйл баримтыг үгүйсгээгүй, хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж зааснаар уг үйл баримтыг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.
Иймд, талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулагдсан байна гэж дүгнэв.
4. Гэвч нэхэмжлэгчийн гаргасан тайлбараар хариуцагчийн барьж хүлээлгэн өгөх Можо Хөүм мини хаус хотхон төсөл нь хэрэгжиж эхлэхгүй явсаар 2023 оны 8 сард төсөл бүрэн зогсож, хариуцагч орон сууцыг хүлээлгэж өгөх боломжгүй болсны улмаас нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзсан байх ба нэхэмжлэгч нь хариуцагчид төлсөн 20,000,000 төгрөгөөс аваагүй үлдсэн 15,000,000 төгрөгийг буцаан шаардаж байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэгчийн гэрээнээс татгалзсан үйл баримтад маргаагүй бөгөөд хариуцагч ******* нь 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр нэхэмжлэгч *******д 5,000,000 төгрөгийг 01 гэрээний буцаалт гэх утгаар шилжүүлсэн болох нь Хаан банкны төлбөрийн даалгаврын баримтаар тогтоогдож байна. /хх 26/
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж зааснаар гэрээнээс татгалзсан тул мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж зааснаар гэрээний дагуу шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг буцаан гаргуулахаар шаардах эрхтэй.
5. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.3-т гүйцэтгэгч нь ашиглалтанд орох хугацаанаас хойшилсон тохиолдолд энэ гэрээгээр гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.05 хувьтай тэнцэх алдангийг төлнө гэж заасан байна.
Гэрээний хугацаанд хариуцагч нь Можо Хөүм мини хаус хотхон төслийг огт хэрэгжүүлээгүй буюу гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүйн улмаас гэрээний хугацаа дууссаны хойно нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзсан байх тул нэхэмжлэгчийн алданги шаардсаныг буруутгах үндэслэлгүй байна.
Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна гэж, хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагчаар нөхөн төлүүлэхээр зохицуулсан.
Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 253,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 253,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх заалтад заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 205 дугаар зүйлийн 205.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч ******* 19,050,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 253,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* улсын тэмдэгтийн хураамжид 253,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.АЗЗАЯА