Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 39

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Л.Одончимэг даргалж

Нарийн бичгийн дарга Г.Нямаа

Улсын яллагч Г.Хаш-Эрдэнэ

Хохирогч Д.Нямдаваа

Шүүгдэгч З.Өсөхбаяр нарыг оролцуулан, тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх  хуралдаанаар

 

   Дундговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Сайнцагаан овогт Загдын Өсөхбаярт холбогдох эрүүгийн 1722000100007 дугаартай хэргийг 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

    Шүүгдэгчийн биеийн байцаалт:

    Монгол Улсын иргэн, 1976 оны 7 дугаар сарын 4-ний өдөр Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Дундговь аймгийн Сайнцагаан сумын 1 дүгээр баг, Дэлийн шанд гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Сайнцагаан овогт Загдын Өсөхбаяр /регистрийн дугаар ЗК76070412/

 

    Шүүгдэгч З.Өсөхбаяр нь 2017 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Д.Нямдавааг зодож, биед нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

ТОДОРХОЙЛОХ  нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүгдэгч З.Өсөхбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 6 дугаар сарын 25-ны өдөр манайх нүүх гэхэд хохирогч Д.Нямдаваа ирээд “танайх нүү” гэсэн. Тэгэхэд нь “манайх нүүж чадахгүй, би буух газраа бууна, энэ миний төрж өссөн нутаг. Одоо дөнгөж 6 сар гарч байгаа, 10 сар болоогүй байхад айлыг нүү гэж хөөж болохгүй, чи яв” гэж хэлэхэд “танайх хойшлоод буу, танайхыг энд буулгамааргүй байна” гэсэн. Тэгээд хоорондоо маргалдаж, би Д.Нямдавааг мотоцикль дээрээс нь түлхэхэд Д.Нямдаваа намайг бариад авсан. Би зөрүүлээд футволк дээрээс нь барьж аваад дугтарахад миний толгой хохирогчийн нүдэнд нь хүрч, давхарлаж унаад биед нь хөнгөн гэмтэл учруулсан. Дараа нь харахад нүд нь хөхөрсөн, тохой болон чээж нь шалбарсан байсан гэсэн гэв.

 

Хохирогч Д.Нямдаваа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 13 цагийн үед би гэрээсээ гараад харахад манай хойд талд айл буух гэж байхаар нь би очоод “манайхыг арай шахаад байна, жоохон цаашлаад цаад дээрээ гараад буучих” гэхэд “чи намайг хөөлөө” гэсэн. Намайг явах гээд байж байтал мотоцикльтой түлхэж унагаад, нүдрүү гараараа цохиж, хоолойноос боогоод газраар чирсэн. Одоо миний бие зүгээр болсон, гомдол санал байхгүй, З.Өсөхбаяртай эвлэрсэн гэв.

 

Гэрч Б.Мядагбадамын хэрэг бүртгэлтийн  шатанд өгсөн “...2017 оны 6 сарын 25-ны өдөр 13 цагийн үед нөхөр Д.Нямдаваагийн хамт гэртээ байж байтал манай хойд ар дээр айл буух гэж байсан. Тэгтэл манай нөхөр “хол очиж буу” гэж хэлчихээд ирнэ гэж яваад эргэж ирэхдээ хүнд зодуулчихаад ирсэн. “Хэнд зодуулсан юм бэ” гэхэд “Өсөхбаяр гэх хүнд зодуулсан” гэж хэлсэн..Манай нөхрийн өвдөг нь урагдсан, нүд нь хөхөрсөн байсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12/

 

Гэрч С.Болормаагийн хэрэг бүртгэлтийн  шатанд өгсөн “..Манайх 2017 оны 6 сарын 25-ны өдөр нүүж Дундговь аймгийн Сайнцагаан сумын 3-р баг Сүүж /Ширүүн гүвээ/ гэх газар буух гээд зогсож байтал нэг мотоцикльтой залуу ирээд ..“танайхыг энд буулгамааргүй байна, та нар хамаг ногоо идчихээд явчихдаг биздээ” гэхээр нь манай нөхөр З.Өсөхбаяр бид 2 “буудаг газраа буух гэж байна, айлын хороо, бууц бишдээ” гэж хэлсэн. Тэр залуу юм ойлгохгүй эндээс нүү гээд зогсоод байхаар нь “энд бууна, цаг болоогүй байна, дахиад ногоо ургана” гэж зөв талаас нь их тайлбарласан боловч нөгөө залуу нүү гээд л байсан...Би З.Өсөхбаяр, Д.Нямдавааг цохиж зодож байхыг хараагүй, нэг хартал  газар давхралдаад унасан байсан. Маргааны дараа Д.Нямдаваагийн нэг нүдний доод талд шалбарчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13/

 

- Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017.06.28-ны өдрийн 170200197дугаартай дүгнэлтэд

“1. Д.Нямдаваагийн биед тархи доргилт, нүдний алимны эвэрлэгийн цус харвалт, нуруу, өвдөг, эгэм орчим зулгарсан, зовхинд цус хурсан зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.

4. Тархи доргилт, нүдний алимны эвэрлэгийн цус харвалт Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зулгарсан, цус хурсан зөөлөн эдийн гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэжээ /хх-ийн 15/

 

- Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 16/

 

- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 26/

 

- Хохирогч Д.Нямдаваад учирсан хохирлын талаархи баримтууд /хх-ийн 38-41/ зэрэг болно.

 

   Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

    Шүүгдэгч З.Өсөхбаяр нь 2017 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Д.Нямдавааг зодож, биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан торгох ял шийтгэх санал гаргаж, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа болон сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хохирогч хохирлын талаар маргахгүй байх тул хэргийг хялбаршуулан журмаар шийдвэрлэж шүүгдэгчийг гэм буруутайд тооцон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

   

            Хохирогч Д.Нямдаваа нь хэрэг бүртгэлтийн шатанд тус аймаг дахь Цагдаагийн газарт “..2017.06.25-ны өдөр З.Өсөхбаяртай муудалцаж маргалдсаны улмаас биедээ хөнгөн гэмтэл авсан. Одоогоор миний биеийн байдал зүгээр болсон. З.Өсөхбаяр нь миний эмчилгээний зардал болон бусад зардлыг нөхөн төлсөн. Иймд З.Өсөхбаярт ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх хүсэлт гаргасан, мөн шүүхийн хэлэлцүүлэгт “...гомдол санал байхгүй, З.Өсөхбаяртай эвлэрсэн” гэх тайлбарыг тус тус гаргаж байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

           Шүүгдэгч З.Өсөхбаяр нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн тул Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан торгох ялыг сонгон хэрэглэхээр шүүх шийдвэрлэв.

 

Шүүгдэгч З.Өсөхбаяр нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлүүлсэн хөрөнгөгүй болно.  

 

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

           1. Шүүгдэгч Сайнцагаан овогт Загдын Өсөхбаярыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч З.Өсөхбаярыг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгож шийтгэсүгэй.

 

         3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т шүүгдэгч З.Өсөхбаярт оногдуулсан торгох ялыг 1 /нэг/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч З.Өсөхбаяр нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол  хорих ялаар солихыг тайлбарласугай. 

 

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Өсөхбаярт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Шүүгдэгч З.Өсөхбаяр нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлүүлсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.  

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй. 

 

        

 

                                                                                                                                     

                              ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ