Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 182/ШШ2024/02756

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 06 12

182/ШШ2024/02756

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Аззаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Хүсэлт гаргагч: К ББСБ ХХК /РД:2875985/-ийн хүсэлттэй,

Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******-ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бадамцэцэг оролцов. (Нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.)

 

Тодорхойлох нь:

 

1.Хүсэлт гаргагч Кибернетик ББСБ ХХК нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Кибернетик ББСБ ХХК нь ******* /РД: АЭ84051003/-тэй 2022 оны 01-р сарын 27-ны өдөр SS1-04 тоот зээлийн гэрээ байгуулсан. Гэвч зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ зөрчсөний улмаас зээлийн гэрээний үүрэгт 2,986,621.34 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан боловч 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 181/ШЗ2024/08587 дугаартай шүүгчийн захирамжаар Иргэний хэргийн шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д заасан хариуцагчдийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд хариуцагч Б.Булган-Эрдэнийн оршин суугаа хаяг, утасны дугаар тодорхойгүй байх тул Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлд заасны дагуу эрэн сурвалжлуулж өгнө үү гэжээ.

 

2. Нэхэмжлэгч Кибернетик ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батбаяраас шүүх хуралдааныг нэхэмжлэгчийн эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийг ирүүлсэн байна.

 

3. Нэхэмжлэгчээс 2022 оны 01 дугаар сарын 27-ны өдрийн SS1-04 дугаартай Барьцаат зээлийн гэрээ, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 181/ШЗ2024/08587 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжийн хуулбар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

Үндэслэх нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

Хүсэлт гаргагч Кибернетик ББСБ ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******-ийг эрэн сурвалжлуулах хүсэлт шүүхэд гаргажээ.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр хүсэлтээ тодорхойлсон. Үүнд:

2.1 Кибернетик ББСБ ХХК нь *******тэй 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн SS1-04 дугаартай Барьцаат зээлийн гэрээ байгуулж, 2,302,000 төгрөгийн зээл олгосон.

2.2 Зээлдэгч *******эс зээлийн гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлийг Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргахад тус шүүхийн 2024 оны 04 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШЗ2024/08587 дугаар захирамжаар ******* нь Сүхбаатар дүүрэг, 9-р хороо, Чингэлтэйн 16 гудамжны 389 тоот хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болох нь тус хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон гэж хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Б.Булган-Эрдэнийн хаяг тодорхойгүй гэнэ.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2 дахь хэсэгт Энэ хуулийн 155.1-д заасан хүсэлтийг өөрийн оршин суух газрын шүүхэд гаргана гэж зааснаар тус шүүхэд эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан нь дээрх хуулийн зохицуулалтад нийцсэн гэж үзнэ.

 

4. Энэхүү иргэний хэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлд заасан шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх маргааны төрөлд хамаарах тул хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход шаардлагатай баримт, лавлагааг шүүхийн журмаар гаргуулах эрхтэй.

 

Шүүхээс 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 182/ШЗ2024/09071 дугаар шүүгчийн захирамжийн дагуу Улсын бүртгэлийн газраас Б.Булган-Эрдэнийн оршин суугаа газрын лавлагааг гаргуулсан ба лавлагаанд Сүхбаатар дүүрэг, 9-р хороо, чингэлтэйн 16 гудамж 389 тоот гэжээ.

 

5. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Булган-Эрдэнийн оршин суух газар нь мэдэгдэхгүй байгаа болох нь хүсэлт гаргагчийн тайлбар болон оршин суугаа хаягийн лавлагаа, дээрх баримтуудаар тогтоогдож байх тул Кибернетик ББСБ ХХК-ийн гаргасан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд *******-ийг эрэн сурвалжлуулах хүсэлтийг хангах үндэстэй. 

 

6. Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч Кибернетик ББСБ ХХК нь нэхэмжлэгчийг байлцуулахгүйгээр, нотлох баримтын хүрээнд шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн байх тул нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******-ийг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* /РД: АЭ84051003/-ийг эрэн сурвалжлах, түүний амьдарч байгаа газрыг тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргагч Кибернетик ББСБ ХХК, түүний төлөөлөгч С.Батбаяр /утас:94098303/, Л.Шинэцэцэг/утас:99077140/, Б.Оргилсайхан /утас:95088303/ нарт мэдэгдэхийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Кибернетик ББСБ ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДаргалагЧ шҮҮГЧ О.АЗЗАЯА