| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхбаярын Алдар |
| Хэргийн индекс | 1714 00159 0072 |
| Дугаар | 2022/ДШМ/55 |
| Огноо | 2022-01-11 |
| Зүйл хэсэг | 22.1.3., 22.4.6., |
| Улсын яллагч | Б.Ганбулган |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 2022/ДШМ/55
2022 1 11 2022/ДШМ/55
Г.Б, Д.И, Ц.О,
Д.С, С.М, З.Э
нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Б.Ариунхишиг, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Ганбулган,
шүүгдэгч Г.Б-ын өмгөөлөгч Ц.Цэрэнням,
шүүгдэгч Д.И-ын өмгөөлөгч Т.Багахүү,
шүүгдэгч Ц.О-ын өмгөөлөгч Х.Базаррагчаа,
шүүгдэгч Д.С-ийн өмгөөлөгч Н.Энхжаргал,
шүүгдэгч С.М-ын өмгөөлөгч Э.Ганхөлөг,
шүүгдэгч З.Э-ы өмгөөлөгч Х.Шинэцэцэг,
нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүгч Г.Мөнхбаатар, Ц.Урангуа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2021 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 168 дугаартай шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч прокурор Б.Ганбулганы бичсэн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 64 дугаартай эсэргүүцлийг үндэслэн Г.Б, Д.И, Ц.О, Д.С, С.М, З.Э нарт холбогдох эрүүгийн 1714 00159 0072 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Х овгийн Г.Б, .... оны ... дугаар сарын ...-ний өдөр.............аймагт төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, Усан хангамжийн инженер мэргэжилтэй, ............. аймгийн Засаг даргаар ажиллаж байсан, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ..., ........-ийн хамт ..................... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ......................../,
2. Б овгийн Д.И, :..... оны ::::::: дугаар сарын ..........-ний өдөр ......... аймагт төрсөн, .... настай, эрэгтэй, дээд боловсролтой, Харилцаа холбооны удирдлагын мэргэжилтэй, ................ ............. хэлтсийн даргаар ажиллаж байсан, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ............. тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ..................../,
3. Бовгийн С.М, ....оны .. дугаар сарын ...-ны өдөр ................. төрсөн, ........... настай, эрэгтэй, дээд боловсролтой, Хүнд машин механизмын инженер мэргэжилтэй, ............... ажилтай, ам бүл .., ........-ийн хамт ..................тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй,
Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1999 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 324 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, /РД: ....................../,
4. Б овгийн Д.С, ...... оны ...дугаар сарын .......-ны өдөр ...................аймагт төрсөн, ......... настай, эрэгтэй, дээд боловсролтой, Төрийн захиргааны удирдлага мэргэжилтэй, ................... ажилтай, ам бүл ...., .............-ийн хамт ...............................тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ........................../,
5. Б овгийн Ц.О, ........ оны ...дугаар сарын ...-ний өдөр ..........................аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ....................... ажиллаж байсан, ам бүл ...., ............-ийн хамт .................... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ............................./,
6. Л овгийн З.Э, оны дугаар сарын -ны өдөр ............. аймагт төрсөн, ... настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .., ........-ийн хамт ................................... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ............................../,
1. Г.Б нь Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 79 дугаартай “Нөхөн сэргээлтийн талаар авах арга хэмжээний тухай” тогтоолыг үндэслэн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр А/433 дугаартай “Нөхөн сэргээлт хийх аж ахуйн нэгжүүдийг сонгон шалгаруулах ажлын хэсэг томилох тухай” захирамж гаргасан,
Дээрх захирамжийн дагуу З.Э өөрийн “Эко Грийн Ланд” ХХК-ийн нэр дээр Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын 4 дүгээр багийн нутагт байх “Хөшөөт” гэх газар нөхөн сэргээлтийн тендерт шалгарч, гэрээ байгуулах ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай холбогдуулан 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн 74 дүгээр байрны гадна Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Оаар дамжуулан 100.000.000 төгрөг өгснийг гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийхийн тулд Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ц.О, Засаг даргын тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Д.И нартай хамтран хахуульд авсан,
2. Ц.О нь Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга буюу улс төрд нөлөө бүхий нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Б, Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Д.И нартай хамтран:
2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн нөхөн сэргээлт хийх аж ахуйн нэгжүүдийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн хуралдаанаар “Эко Грийн Ланд” ХХК-д Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын 4 дүгээр багийн нутагт байх “Хөшөөт” гэх газарт нөхөн сэргээлт хийлгэхийг дэмжигдээгүй, харин Тарган гэх газарт нөхөн сэргээлт хийхийг дэмжсэн шийдвэр гарсан байхад тус аймгийн Засаг даргын тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Д.Иаар “Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын 4 дүгээр багийн “Тарган” хэмээх газар нөхөн сэргээлт хийх гэрээ”-ний төсөлд дэмжигдээгүй “Хөшөөт” гэх газрыг нэмж, 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр НС2017/16 дугаартай “Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын 4 дүгээр багийн Тарган, Хөшөөт хэмээх газар нөхөн сэргээлт хийх гэрээ”-г “Эко Грийн Ланд” ХХК-тай байгуулуулан, гэрээг баталж, хахууль авах гэмт хэргийг зохион байгуулсан,
3. Д.И нь Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн даргаар ажиллаж байхдаа Улс төрд нөлөө бүхий нийтийн албан тушаалтан болох Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Б, Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ц.О нартай хамтран
Мөн “Агьхаарвист” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.М-оор “Жамп” ХХК-ийн эзэмшлийн Баянхонгор аймгийн Жаргалант сумын Бөөрөгийн ам хэмээх газарт байрлах 5145А дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй талбайд нөхөн сэргээлт хийлгэхээр 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 02 дугаартай нөхөн сэргээлт хийлгэх гэрээг “Жамп” ХХК-тай байгуулуулсан, тус гэрээг үндэслэн Баянхонгор аймгийн Жаргалант сумын Засаг дарга Д.Стэй нэг талыг төлөөлөн “Агьхаарвист” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.М-той 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр ТГ/01 дугаартай “Байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх тухай гэрээ “Агьхаарвист” ХХК” гэсэн гэрээнд тус тус гарын үсэг зурж, Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Б-аар батлуулан баталгаажуулж, Баянхонгор аймгийн Жаргалант сумын Бөөрөгийн ам гэх газарт байрлах 318 гектар талбайд ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулах эрхийг “Агьхаарвист” ХХК-нд олгох замаар давуу байдал бий болгосон буюу Улс төрд төлөө бүхий нийтийн албан тушаалтан эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдэхэд нь гүйцэтгэгчээр хамтран оролцсон,
4. Д.С нь Баянхонгор аймгийн Жаргалант сумын Засаг даргаар ажиллаж байхдаа Улс төрд нөлөө бүхий нийтийн албан тушаалтан болох Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Б, Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Д.И, “Агьхаарвист” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.М нартай хамтран:
Мөн “Агьхаарвист” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.М-оор “Жамп” ХХК-ийн эзэмшлийн Баянхонгор аймгийн Жаргалант сумын Бөөрөгийн ам хэмээх газарт байрлах 5145А дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй талбайд нөхөн сэргээлт хийлгэхээр 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 02 дугаартай нөхөн сэргээлт хийлгэх гэрээг “Жамп” ХХК-тай байгуулуулсан, тус гэрээг үндэслэн Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Д.Итай нэг талыг төлөөлөн “Агьхаарвист” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Мтой 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр ТГ/01 дугаартай “Байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх тухай гэрээ “Агьхаарвист” ХХК” гэсэн гэрээнд тус тус гарын үсэг зурсан, тус гэрээг Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Б-аар батлуулан баталгаажуулж, Баянхонгор аймгийн Жаргалант сумын Бөөрөгийн ам гэх газарт байрлах 318 гектар талбайд ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулах эрхийг “Агьхаарвист” ХХК-нд олгох замаар давуу байдал бий болгосон буюу Улс төрд төлөө бүхий нийтийн албан тушаалтны эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдэхэд нь гүйцэтгэгчээр хамтран оролцсон,
5. С.М нь “Агьхаарвист” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа Улс төрд нөлөө бүхий нийтийн албан тушаалтан болох Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Б, Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Д.И, Баянхонгор аймгийн Жаргалант сумын Засаг дарга Д.С нартай хамтран:
Мөн “Агьхаарвист” ХХК-ийг төлөөлөн Баянхонгор аймгийн Жаргалант сумын Бөөрөгийн ам хэмээх газарт байрлах 5145А дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй талбайд нөхөн сэргээлт хийхээр “Жамп” ХХК-тай 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 02 дугаартай нөхөн сэргээлт хийлгэх гэрээг байгуулсан, тус гэрээг үндэслэн Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Д.И, Баянхонгор аймгийн Жаргалант сумын Засаг дарга Д.С нартай “Агьхаарвист” ХХК-ийг буюу гүйцэтгэгч талыг төлөөлөн 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр ТГ/01 дугаартай “Байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх тухай гэрээ “Агьхаарвист” ХХК” гэсэн гэрээнд тус тус гарын үсэг зурж, Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Баар батлуулан баталгаажуулж, Баянхонгор аймгийн Жаргалант сумын Бөөрөгийн ам гэх газарт байрлах 318 гектар талбайд ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулах эрхийг “Агьхаарвист” ХХК-нд олгох замаар давуу байдал бий болгосон буюу Улс төрд төлөө бүхий нийтийн албан тушаалтан эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдэхэд нь хатгагчаар хамтран оролцсон,
6. З.Э нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор буюу “Эко Грийн Ланд” ХХК-д Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын 4 дүгээр багийн нутагт байх “Хөшөөт” гэх газар нөхөн сэргээлтийн тендерт шалгарч, гэрээ байгуулах ашиг сонирхлын үүднээс Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Б, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ц.О, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Д.И нарт 100.000.000 төгрөгийн хахуулийг 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн 74 дүгээр байрны гадна Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ц.О-аар дамжуулан өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас: Г.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 2, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 2, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт тус тус зааснаар,
Д.И-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 2, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 2, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт тус тус зааснаар,
Ц.О-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 2, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар,
Д.С-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 2, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар,
С.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 2, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар,
З.Э-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: прокуророос яллаж буй хэргийн зарим үйл баримтыг хууль ёсны нотлох баримтад үндэслэн тогтоох боломжгүй, мөн шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх бололцоогүй мөрдөн шалгах ажиллагаа нэмэлт ажиллагаа хийх шаардлагатай байна гэж үзлээ. Үүнд:
Нэгдүгээрт, өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийн дагуу шүүх бүрэлдэхүүн хэргийн материалыг хянаж үзээд, 1 хх-ийн 187-226 дугаар хуудсанд авагдсан хуулбар баримтыг нотлох баримтаас хасаж шийдвэрлэсэн тул яллах дүгнэлтэд тусгасан “...2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн нөхөн сэргээлт хийх аж ахуйн нэгжүүдийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн хуралдаанаар “Эко Грийн Ланд” ХХК-д Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын 4 дүгээр багийн нутагт байх “Хөшөөт” гэх газарт нөхөн сэргээлт хийхийг дэмжээгүй байхад ... дэмжигдээгүй “Хөшөөт” гэх газрыг нэмж, 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр гэрээ байгуулсан...” гэх үйл баримт хууль ёсны нотлох баримтаар нотлогдохгүй болов.
Нөхөн сэргээлт хийх аж ахуйн нэгжүүдийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаанд оролцсон зарим гишүүдээс гэрчийн мэдүүлэг авсан байх боловч тэдний мэдүүлгийн эх сурвалж нь хэрэгт авагдсан хуулийн шаардлага хангахгүй баримт болох сонгон шалгаруулах ажлын хэсгийн хуралдааны тэмдэглэлийн хуулбар болж байна. Тухайлбал, гэрч Д.Уранчимэг, С.Байгалмаа нарын мэдүүлэг /2 хх-ийн 233, 238-239/-ийн тэмдэглэлд тусгаснаар мөрдөгч асуухдаа “2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн ажлын хэсгийн хуралдааны тэмдэглэлийг танилцууллаа” гэж, харин гэрч нар хариулахдаа “2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн ажлын хэсгийн хуралдааны тэмдэглэлтэй танилцлаа. Би тус хуралдаанд оролцсон байна. Хөшөөт гэх газрын талаар хэлэлцээгүй юм байна” гэсэн байгаагаас үзвэл тэдний мэдүүлгийн эх сурвалж нь нотлох баримтаас хасагдсан хуулбар баримтууд болох нь харагдаж байна. Иймд тэдний мэдүүлэг мөн адил шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй.
Хэдийгээр талуудаас хүсэлт гарган нотлох баримтаас хасуулаагүй боловч улсын яллагчийн шинжлэн судалсан 1 хх-ийн 229-242 дугаар хуудсанд авагдсан баримтын үнэн зөв болохыг Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Засаг дарга баталгаажуулаагүй байх тул мөн л нотлох баримтаар үнэлэх, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй юм.
Мөрдөн шалгах ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж чадаагүйн улмаас зарим нотлох баримтууд нотолгооны чадвараа алдаж, улмаар Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын нутагт байрлах “Хөшөөт” гэх газарт нөхөн сэргээлт хийхийг дэмжсэн, дэмжээгүйн алин болох, сонгон шалгаруулалтын ажлын хэсэг 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр ямар асуудал хэлэлцсэн, ямар шийдвэр гаргасан болохыг хууль ёсны хийгээд үндэслэлтэй тогтоох боломжгүй болов.
Иймд 1 хх-ийн 187-226, 229-242 дугаар хуудсанд авагдсан хуулбар баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хуульд заасан арга хэрэгслээр бэхжүүлэн хэрэгт хавсаргах шаардлагатай байна. Мөн тус аймгийн Баян-Өндөр сумын 4 дүгээр багийн Иргэдийн нийтийн хурлын 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 5/1 дугаар тогтоолыг аймгийн Засаг даргын тамгын газарт хэзээ хүлээн авсан бүртгэлийг шалгах, нөхөн сэргээлт хийх аж ахуйн нэгжүүдийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаанд оролцсон гишүүдээс гэрчийн мэдүүлэг авах байдлаар давхар баталгаажуулах нь зүйтэй.
Хоёрдугаарт, шүүгдэгч Г.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр “Эко Грийн Ланд” ХХК-ийн Төрийн банкин дахь 232100532033 дугаарын данс руу 10.000.000 төгрөг шилжүүлсэн асуудлыг тодруулан шалгуулах шаардлагатай байна. Учир нь, шүүх хуралдааны эхэнд өмгөөлөгч Ц.Цэрэннямаас гаргаж өгсөн хуулбар баримтууд нотлох баримтын шаардлага хангахгүй байна гэсэн үндэслэлээр шүүх шинжлэн судлуулаагүй хэдий ч тэдгээр баримтыг хуульд заасан арга хэрэгслээр цуглуулж бэхжүүлэн хэрэгт авагдсан Б.Батмөнхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...намайг Улаанбаатар хотод хичээлтэй байхад ээж над руу компанийнхаа дансыг шалгаадах гэж хэлсэн. Тэгээд шалгасан чинь 10.000.000 төгрөгийн орлого орсон байсан. Хэнээс ямар учиртай мөнгө орж ирснийг мэдэхгүй байна. Энэ мөнгөний талаар манай ээж Эвлэгсайхан мэдэж байгаа. ...Би энэ мөнгийг өөрийнхөө данс руу шилжүүлээд ээж Эвлэгсайханд авч өгсөн...” гэсэн гэрчийн мэдүүлэг /5 хх 138-139/-тэй харьцуулан шалгах нь хэргийн нөхцөл байдлыг бүх талаас нь бүрэн бодитой тогтооход чухал ач холбогдолтой гэж үзэв.
Гуравдугаарт, энэ хэрэгт Б.Баттулга, Б.Болдбаатар нарын ашиг сонирхол ямар байсан, иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон Б.Баттулга нь ямар зорилгоор 100.000.000 төгрөгийг Д.Б, З.Э нарт бэлнээр шилжүүлэн өгснийг тал бүрээс нь бүрэн бодитой шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоож чадаагүй байна. Тухайлбал, гэрч Б.Б-ийн мэдүүлэг /5 хх 138-139/-ээс үзвэл Б.Баттулга, Б.Болдбаатар нар нөхөн сэргээлт хийх газартай болох сонирхолтой байсан, улмаар өөрсдөө эхэлж санал гаргасан болох нь тогтоогдох бөгөөд Б.Баттулга, Б.Болдбаатар нар мэдүүлэг өгөхдөө анх Б.Батмөнхтэй уулзсан зорилгоо үгүйсгээгүй байна.
Өөрөөр хэлбэл, Б.Баттулга, Б.Болдбаатар нар нь нөхөн сэргээлтийн ажил хийх сонирхлынхоо үүднээс “Эко Грийн Ланд” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Батмөнхөөр дамжуулан түүний эцэг Д.Баярсайхан, эх З.Э нартай танилцсан байх бөгөөд улмаар харилцан ярилцаж тохиролцсоны үндсэн дээр Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын 4 дүгээр багийн нутагт байх “Хөшөөт” гэх газарт нөхөн сэргээлтийн ажил хийх эрх олж авахын тулд 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 100.000.000 төгрөгийг дансанд байршуулах бус, харин бэлнээр өгсөн болох нь тогтоогдож байна. Тэдний хувьд мөрдөн шалгах ажиллагаанд “...тэрхүү мөнгийг албан тушаалтанд хахууль болгон өгөх гэж байна гэдгийг мэдээгүй, нийгмийн хариуцлагын хүрээнд аймаг хөгжүүлэх санд тушаана гэж ойлгосон...” гэсэн агуулгаар мэдүүлдэг боловч 6 хх-ийн 201 дүгээр хуудсанд авагдсан, 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр нотариатаар баталгаажуулсан Б.Баттулгын Баянхонгор аймгийн Цагдаагийн газарт гаргасан “...Миний бие “Эко Грийн Ланд” ХХК-тай хамтран ажиллахаар тохирч, хөрөнгө оруулалтаар 100.000.000 төгрөгийг Д.Баярсайхан, З.Э нарт бэлнээр өгсөн. Гэтэл бидний дунд үл ойлголцол үүсэж, залилан мэхэлсэн гэж ... гомдол гаргасан байсан. Харин тухайн 100 сая төгрөгийг зориулалтын дагуу зарцуулж, биднийг залилан мэхэлсэн зүйлгүй болох нь тодорхой болсон тул дээрх мөнгийг дахин нэхэмжлэхгүй гэдгээ баталж, гомдлоо татаж байгаа болно” гэсэн хүсэлттэй агуулгын хувьд зөрчилдөж байна.
Түүнчлэн, иргэний нэхэмжлэгч Б.Баттулга нь 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Баянхонгор аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөлдөө “...Д.Баярсайхан нь нөхөн сэргээлтийн зөвшөөрөл авч өгнө гэх нэрийдлээр хуурч мэхлэн нэг зуун сая төгрөг авч, ...мөнгөн хохирол учруулчихаад байна...” гэж дурдсан байсан бөгөөд 2 жил 3 сарын дараа миний мөнгийг зориулалтын дагуу зарцуулсан юм байна гомдолгүй гэсэн хүсэлт гаргасан нь 100.000.000 төгрөгийг өгөх ёстой хүнд нь өгсөн байна гэсэн агуулгыг илэрхийлэхээр байх тул эргэлзээтэй нөхцөл байдлыг тодруулах нь зүйтэй.
Иймд энэ хэрэгт хохирогчоор тогтоогдож байсан, иргэний нэхэмжлэгч Б.Баттулга нь ямар учраас 100 сая төгрөгөө нэхэмжлэхгүй, зориулалтын дагуу зарцуулагдсан хэмээн хүсэлт гаргасан шалтгааныг бодитой тогтоож, тэрээр өөрийн ашиг сонирхлын үүднээс өөртөө давуу байдал бий болгох зорилгоор “хахууль өгөх” гэмт хэргийг үйлдэхэд хамтран оролцсон эсэхийг эрүүгийн журмаар шалгах шаардлагатай.
Дөрөвдүгээрт, иргэний нэхэмжлэгч Б.Баттулга нь хэдэн төгрөгийг буцаан авсан болох нь эргэлзээтэй байна. Тэрээр 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр иргэний нэхэмжлэгчээр мэдүүлэг өгөхдөө “...2020 оны 01 дүгээр сарын дундуур нэг танихгүй залуу
Эвлэгсайхан, Баярсайхан нарын хохирлын мөнгө гэж 30.000.000 төгрөгийг бэлнээр эхнэр бид хоёрт авчирч өгсөн. Ингээд нийт 83.000.000 төгрөгийн хохирол барагдуулж авсан. ... Эвлэгсайхан байна гэж яриад нэг танихгүй залуугаар 30.000.000 төгрөг өгч явуулсан. Тэр залууг бол огт танихгүй болно...” /5 хх 88/ гэжээ. Харин шүүгдэгч З.Э шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “...би 3.000.000 төгрөг л дансаар шилжүүлсэн, 30.000.000 төгрөгийг би өгөөгүй...” гэсэн болно.
Иймд иргэний нэхэмжлэгч Б.Баттулга хэнээс 30.000.000 төгрөгийг хүлээн авсан, тэр хүн нь хэнээс мөнгө дамжуулж өгсөн болохыг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоох шаардлагатай. Жишээ нь, иргэний нэхэмжлэгч Б.Баттулга 30.000.000 төгрөг хүлээн авсан өдрөө аль нэгэн дансанд байршуулах, эсхүл шилжүүлэх үйлдэл хийсэн эсэх, тэр өдрөөр нь тооцон үл таних хүн нь Б.Баттулгатай ямар дугаарын утсаар холбогдож ирсэн, хаана уулзсан эсэх зэргийг тодруулан шалгах боломжтой юм. Үүнийг тогтоох нь “хахууль авах” гэмт хэрэгт холбогдсон шүүгдэгч нарын хэнтэй нь 30.000.000 төгрөгийн буцаалт холбоотой болохыг тогтооход чухал ач холбогдолтой.
Тавдугаарт, шүүгдэгч Г.Быг бусадтай бүлэглэн өөрийн найз “Агьхаарвист” ХХК-ийн захирал С.Мод давуу байдал бий болгосон гэх хэргийн тухайд гэмт хэргийн гол шинж болох ямар давуу байдал бий болгосон эсэх нь тодорхойгүй байна. Хэрэгт цугларсан нотлох баримт болох Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын холбогдох албан тушаалтнуудын мэдүүлэг болон албан бичигт Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж буй аж ахуйн нэгжүүд нь зарим чиг үүргээ бусад аж ахуйн нэгжээр туслан гүйцэтгүүлж болох талаар тусгажээ.
Иймд аж ахуйн нэгж байгууллагын хоорондын гэрээ, хэлцэл буюу иргэний эрх зүйн харилцаанд хуулиар хориглоогүй бүхэн зөвшөөрөгдөнө гэсэн зарчим үйлчлэх учиртай. Энэ хэргийн тухайд “Агьхаарвист” ХХК нь боломжгүй байсан ямар давуу байдлыг олж авсан болохыг тогтоохын тулд “Жамп” ХХК нь өөрийн тусгай зөвшөөрөлтэй талбайд орон нутгийн хэдэн аж ахуйн нэгжтэй нөхөн сэргээлтийн асуудлаар гэрээ байгуулж хамтран ажилласан, тэдгээр аж ахуйн нэгжүүд нь нөхөн сэргээлтийн тусгай зөвшөөрөлтэй байсан эсэх, Аймгийн Засаг даргын тамгын газраас хамтарч ажиллах санал бүхий албан бичгийг “Жамп” ХХК-д хүргүүлдэг байсан эсэхийг шалгах шаардлагатай.
Шүүх бүрэлдэхүүн дээрхээс нэгтгэн дүгнээд, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа хийлгэх шаардлагатай гэсэн үндэслэлээр хэргийг Нийслэлийн прокурорын газарт буцаах нь зүйтэй гэж үзэн, шүүгдэгч Г.Б, Д.И, Ц.О, З.Э нарт авсан хувийн баталгаа гаргах, шүүгдэгч Д.Ст авсан барьцаа авах, шүүгдэгч С.Мод авсан хувийн баталгаа гаргах болон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус бүрд нь хэргийг прокурорт очтол хэвээр үлдээж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон нэг ширхэг сиди, нэг ширхэг компакт дискийг хэргийн хамт хүргүүлж, хэрэгт Г.Бын өмчлөлийн Ү-0320000397 дугаартай, Ц.Оын өмчлөлийн Ү-0320004293 дугаартай орон сууцуудыг битүүмжилсэн болохыг, мөн шүүгдэгч Д.С нь шүүхийн шатанд 19 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Прокурор Б.Ганбулган бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн тогтоол үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэж дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын 2018 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 33-3/1722 дугаартай “Материал ирүүлэх тухай” албан бичгийн дагуу Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Д.Иын 2018 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 7/804 дугаартай “Материал хүргүүлэх тухай” албан бичгээр “Эко грийн ланд” ХХК-ийн холбогдолтой тус хэлтэст байгаа баримт материалуудыг мөрдөх байгууллагад ирүүлсэн байдаг. Тус материалуудад байгууллагын хуулбар үнэн дардас дарагдаагүй гэх үндэслэлээр өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу шүүх 1 дүгээр хавтаст хэргийн 187-226 дугаар хуудсанд байх нотлох баримтуудыг нотлох баримтаас хасаж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оролцогчийн хүсэлтийн дагуу шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай харьцуулаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцэж байгааг харгалзан үзэлгүйгээр нэг талыг барьж буюу яллагдагч болон өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, яллагдагчийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүдийг шүүх тогтоолынхоо үндэслэл болгон шийдвэрлэсэн ба онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад нь нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг дурдаагүй байгаа нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэхээр байна.
Иймд мөрдөн шалгах ажиллагааны явцад авагдсан нотлох баримтуудыг шүүх дахин цуглуулах талаар дурдсан нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцэхгүй гэж үзэж байна.
2. Мөрдөн шалгах ажиллагааг хэрэгт авагдаагүй, яллагдагч болон түүний өмгөөлөгч нараас хэрэгт хавсаргах талаар мөрдөгч болон прокурорт албан болон албан бусаар гарган өгч байгаагүй нотлох баримтыг шүүх хуралдаанд өмгөөлөгчөөс гарган өгснийг мөрдөн шалгах ажиллагаагаар нөхөн гүйцэтгүүлж хэрэгт авахуулах талаар дурдсан нь ойлгомжгүй байна. Учир нь, өмгөөлөгчийн гаргаж өгсөн дээрх нотлох баримтыг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон үйл баримт хангалттай үгүйсгэдэг ба тус нотлох баримтуудыг үнэлэлгүйгээр зөвхөн хууль сануулдаггүй хэргийн оролцогч болох шүүгдэгчийн мэдүүлэгт үндэслэн шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдал, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцэхгүй байна.
3. Мөрдөн шалгах ажиллагаагаар З.Э, Б.Баттулга нар нь хамтран ажиллах талаар хэлцэл хийж, Б.Баттулгаас З.Эд хөрөнгө оруулалт хэлбэрээр 100.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн үйл баримт тогтоогддог, тус үйл баримт нь зөвхөн Б.Баттулга, Эвлэгсайхан нарын хооронд үүссэн харилцаа ба мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт З.Э нь Б.Баттулгаас албан тушаалтнуудад хахуульд өгнө гэж тус мөнгийг авсан гэж огт мэдүүлдэггүй ба Б.Баттулгын гэмт хэрэгт хамтран оролцсон эсэхийг шалгах талаарх мөрдөн шалгах ажиллагаа явуулах нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт болон хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна гэж үзэж байна.
4. Иргэний нэхэмжлэгч Б.Баттулгын “... 2020 оны 1 дүгээр сарын дундуур нэг танихгүй залуу Эвлэгсайхан, Баярсайхан нарын хохирлын мөнгө гэж 30.000.000 төгрөгийг бэлнээр эхнэр бид хоёрт авчирч өгсөн... Эвлэгсайхан байна гэж яриад нэг танихгүй залуугаар 30.000.000 төгрөг өгч явуулсан. Тэр залууг танихгүй. ...” гэсэн мэдүүлэг, гэрч С.Должинсүрэнгийн “... 2020 оны 1 дүгээр сарын дундуур 30.000.000 төгрөгийг хэн нь мэдэхгүй танихгүй залуу хохирлын мөнгө гэж бэлнээр авчирч өгсөн. Тухайн үед Эвлэгсайхан, Баярсайхан нар явуулсан гэж хэлж байсан ...” гэсэн мэдүүлгүүд өгсөн байдаг ба эх сурвалж нь тодорхойгүй, үл таних хүнийг тогтоох талаар шүүхийн тогтоолд дурдсан нь ойлгомжгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж заасныг хангаагүй байна.
5. Мөрдөн шалгах ажиллагаагаар Баянхонгор аймгийн Жаргалант сумын Бөөрөгийн ам гэх газарт байрлах 318 гектар талбайд ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулах эрхийг “Агьхаарвист” ХХК-д олгох замаар давуу байдал бий болгосон тодорхой дүгнэсэн байхад шүүх ямар давуу байдал бий болгосныг тогтоох гэсэн нь ойлгомжгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг хангаагүй.
Иймд хэргийг прокурорт буцаах тухай тогтоол хэргийн бодит байдалтай нийцээгүй байх тул шүүхийн тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.
Шүүгдэгч Г.Б-ын өмгөөлөгч Ц.Цэрэнням тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүх 1 дүгээр хавтаст хэргийн 187-226 дахь талд авагдсан нотлох баримтыг нотлох баримтаас хасаж шийдвэрлэсэн. Энэ нь шүүхийн тогтоолд маш тодорхой тусгагдсан бөгөөд улсын яллагч гомдол гаргах хуульд заасан боломж байсан ч ямар нэгэн байдлаар гомдол гаргаагүй. Г.Баас З.Эы компанийн данс руу 10.000.000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд тэрээр “10.000.000 төгрөгийг Баярсайхан, З.Э нарын хүү Баянмөнхөд мотоцикл авахад зориулж өгсөн” гэж тогтвортой мэдүүлдэг. ... Анхан шатны шүүхийн тогтоол хуульд заасан шаардлагад нийцсэн гэж үзэж байна. Тийм учраас шүүх хуралдааны шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүссэн буюу нотлох баримт хасагдсан, 30.000.000 төгрөгийг хэн төлсөн нь тодорхойгүй, яллах дүгнэлтэд Ц.О, Д.И, Г.Б нар 100.000.000 төгрөгийг хахуульд авсан гэдэг ч хэн, хэдэн төгрөг авсныг зайлшгүй тогтоох шаардлагатай гэж үзэж байна. Хэрэв дээр дурдсан хүмүүсээс хэн нэг нь мөнгө аваагүй байвал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг гэж зүйлчлэгдэх үндэслэлгүй буюу эрх зүйн байдал нь дээрдэх боломжтой байна. Иймд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Д.И-ын өмгөөлөг Т.Багахүү тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд нотлох баримтыг хасахад бусад нотлох баримттай харьцуулах талаар зохицуулалт байхгүй. Анхан шатны шүүхийн хассан дээрх нотлох баримтуудыг хуулийн шаардлагад нийцүүлсний эцэст энэ зорилт хангагдана. Энэ нөхцөл байдал тогтоосноор 7 дугаар сарын 18-ны өдрийн ажлын хэсгийн хуралдаанд ирэхээс өмнө Иргэдийн нийтийн хурлын тогтоол ирсэн үү, эсхүл хурлын дараа нь ирсэн үү гэдгийг тогтоож байж Д.Иын үйлдэл гэмт хэргийн субъектив шинжийг хангана. Энэ талаар эсэргүүцэл бичээгүйгээс үзэхэд шүүхийн уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна гэж үзэх үндэслэлтэй. Тиймээс ажлын хэсгийн хуралдааны тэмдэглэлийг зайлшгүй хэрэгт авах шаардлагатай. Шүүгдэгч Д.Иын гаргаж өгсөн баримтуудыг мөрдөгч, прокурор хуулийн шаардлага хангуулж хэрэгт хавсаргах ёстой. Энэ нотлох баримттай холбоотой Д.Иыг гэм буруутай гэж үзэж болохгүй. ... Мөн Д.И 2017 оны 6 дугаар сарын 9-ний өдөр албан бичиг явуулснаараа “Агьхаарвист” ХХК-д эдийн засгийн давуу байдал олгосон гэж үзсэн. Албан бичиг явуулсны дагуу олборлолтын гэрээ бус нөхөн сэргээлтийн гэрээ байгуулж, “Агьхаарвист” ХХК 2017 онд нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулж, 2018 оны 1 дүгээр сард улсад хүлээлгэн өгсөн. “Агьхаарвист” ХХК болон Баянхонгор аймаг хооронд байгуулсан гэрээг олборлолт явуулсан гэж үзэх үндэслэлгүй. 2018 онд “Агьхаарвист” ХХК болон аймаг хоёрын хооронд дахин өөр төрлийн нөхөн сэргээлтийн гэрээ байгуулагдсан. Үүнийг ялгаж ойлгох хэрэгтэй. Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааснаар өмгөөлөгч бид энэ асуудалтай холбоотойгоор олон ажиллагаа явуулах хүсэлт гаргах хүсэлттэй байгаа. Иймд анхан шатны шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Ц.О-ын өмгөөлөгч Х.Базаррагчаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн тогтоолыг үндэслэлтэй гэж үзэж байна. Прокурорын эсэргүүцлийн 1 дэх үндэслэлээс үзэхэд прокурор шүүхийн тогтоолын үндэслэлийг буруу ойлгосон харагдаж байна. Эсэргүүцэлдээ онцгой ач холбогдол бүхий нотлох баримт гэж бичсэн байна. Гэтэл онцгой ач холбогдол бүхий нотлох баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлагыг хангасан байж нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэнэ. Прокурорын эсэргүүцэл шүүхийн тогтоолд тодорхой үндэслэл гаргаж маргаагүй, ерөнхий байдлаар бичигдсэн гэж үзэж байна. Энэ хэрэгт холбогдсон 6 хүн гэм буруутай этгээдүүд мөн эсэх, хуулийн этгээд хамааралтай эсэх, тэдэнд шударгаар ял шийтгэл оногдуулах зэрэг асуудал яригдана. Өмгөөлөгчийн зүгээс хэрэгт компани хамааралтай гэх асуудлыг гаргасан ч энэ талаар шалгаагүй. ... Энэ хэрэг нь 2 зохион байгуулагч, 1 хамжигчтай бөгөөд гүйцэтгэгчгүй хэрэг юм. 100.000.000 төгрөгийн асуудал яригддаг бөгөөд уг мөнгийг прокурор хөрөнгө оруулалт гэдэг. Гэтэл гэрээтэй холбоотой асуудалд хөрөнгө оруулалт гэх зүйл огт яригдахгүй. Аймгийн Засаг даргын 6 дугаар сарын 17-ны өдрийн А3 захирамжийн 2 дугаар хавсралтын 4 дэх заалтад “орон нутагт олгох хандив тусламжийн хэмжээ 100.000.000 төгрөгөөс хэтрэхгүй байна” гэж заасан. Үүний дагуу нөхөн сэргээлтэд шалгарсан аж ахуйн нэгж 100.000.000 төгрөг өгдөг, уг мөнгийг гаргасан гэж ойлгож байгаа. Гэтэл прокурор хоёр компани хооронд нөхөн сэргээлтийн явцад ухах зардлыг шийдвэрлэсэн мэтээр ярьдаг. Уг мөнгө нь аймагт очих мөнгө байсан. Харин шүүхийн тогтоолд дурдсанаар Баттулга, Болдбаатар нар болон Баярсайхан гэх компанийн оролцогч энэ хэрэгт байх ёстой. Эдгээр хүмүүсийн хооронд гэрээ хэлэлцээр байгуулагдсан бөгөөд Хөшөөт гэх газрыг Болдбаатар, Баттулга нар сонгосон байдаг. Хэргийн явцын дунд эдгээр хүмүүс нь иргэний нэхэмжлэгч болсон нь эргэлзээ төрүүлж байна. ... Иймд энэ талаар шалган тогтоох зайлшгүй шаардлагатай. Түүнчлэн Баттулгыг иргэний нэхэмжлэгчээр тогтоон хохирол төлбөрөөс 30.000.000 төгрөгөө авсан байхад уг мөнгийг давхардуулж Ц.О, Д.И, Г.Б нараас гаргуулах боломжгүй. Иймээс энэ талаар шүүх ямар нэг дүгнэлт хийх боломжгүй учраас хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Д.С-ийн өмгөөлөгч Н.Энхжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Д.Стэй холбоотой үйлдлийн тухайд, “Агьхаарвист” ХХК нь “Жамп” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулсны үндсэн дээр Жаргалан суманд нөхөн сэргээлт хийхээр болсон. “Жамп“ ХХК нь ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй, өөр бусад олон компанитай уг асуудлыг шийдвэрлэдэг. Өөрөөр хэлбэл, хоёр компанийн хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. Гэтэл үүнтэй холбоотой бусад зүйлсийг шалган тогтоогоогүй. Иймд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, тухайн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч С.М-ын өмгөөлөгч Э.Ганхөлөг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийн хувьд анхан шатны шүүх хуралдаанд оролцохдоо хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалгах саналтай байсан. Шүүх хэргийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаануудыг харж, хэрэгт нотлох баримтаар авагдаагүй, зарим гэрч асуугдаагүй, мөн хохирогч болон иргэний нэхэмжлэгчийг буруу тогтоосон зэргээр зөв асуудлуудыг хөндөж, хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр прокурорт буцаасан нь үндэслэлтэй. Иймд эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч З.Э-ы өмгөөлөгч Х.Шинэцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүхээс хэргийг хэлэлцээд шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Баттулга, Болдбаатар нар гэмт хэрэгт хамтран оролцсон байж болзошгүй талаарх баримтууд хэрэгт авагдсан. Үүнийг бүрэн шалгаж, эцэслэн тогтоогоогүй гэснийг дэмжиж байна. Мөн 100.000.000 төгрөгийг З.Эаас Ц.О-т өгсөн боловч Баттулгад 83.000.000 төгрөг очсон, 30.000.000 төгрөгийг үл таних залуу авчирч өгсөн гэдэг. Уг мөнгийг хэн буцааж өгсөн, хэнийг буруутгаж байгаа нь тодорхойгүй. Иймд өмгөөлөгч Х.Базаррагчаагийн хэлснээр 30.000.000 төгрөгийг хэн өгсөн болохыг зайлшгүй тогтоох шаардлагатай. Үүний дагуу 100.000.000 төгрөг өгсөн гэх тайлбарыг З.Э, Баттулга нар ярьдаг. Гэтэл үүнийг авлигын гэмт хэрэг гэж үзсэн. Мөнгө авсан үйл баримт тогтоогдохгүй байхад таамаглалаар хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлгүй. Иймд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шүүхийн тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэхэд шүүгдэгч Г.Б, Д.И, Ц.О, Д.С, С.М, З.Э нарт холбогдох хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүхийн тогтоол үндэслэл бүхий болжээ.
Шүүх аливаа эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн объектив болон субъектив талыг зайлшгүй тогтоох ёстой бөгөөд уг хэрэг чухам ямар гэмт хэрэг болох, түүний бүрэлдэхүүн, үндсэн шалгуур шинж зэрэг асуудлыг нягтлан шалгадаг.
Өөрөөр хэлбэл, ямар ч гэмт хэргийн бүрдэл нь эрх зүйн хэм хэмжээгээр урьдчилан тодорхойлсон гэм буруутайд тооцогдох хүн /хуулийн этгээд/-ий нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй, түүнээс учирсан хохирол, хор уршиг бүхий шинжүүдийн нийлбэр юм.
Хууль зүйн ач холбогдлоор нь гэмт хэргийн заавал байх шинж, хөнгөрүүлэх, хүндрүүлэх, эсхүл хариуцлагыг үгүйсгэх нөхцөл байдал, албан тушаалтан, иргэн, хуулийн этгээдэд холбогдох гэх мэт тухайн хуульд заасан нэмэгдэл болон үндсэн шинжийг нэг мөр шалгаж тогтоодог.
Эдгээрийг шалгасны эцэст шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн яллагдагч, хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, бусад бичгийн нотлох баримтад бодитой үнэлэлт өгч, тэдгээрийг хооронд нь харьцуулан дүгнэлт хийж, яллагдагчийн үйлдэл, эс үйлдлийг тогтоож, гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд хариуцлага оногдуулдаг учиртай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нотолбол зохих байдлыг нэг бүрчлэн хуульчлан заасан ба тэдгээрийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолдог хэдий ч шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тохиолдолд хэргийг прокурорт буцаах үндэслэл болдог.
Анхан шатны шүүхээс 1 дүгээр хавтаст хэргийн 187-226, 229-242 дугаар талд авагдсан хуулбар баримтуудыг хуульд заасан арга хэрэгслээр бэхжүүлэн хэрэгт хавсаргах шаардлагатай, Г.Б нь “Эко грийн ланд” ХХК-ийн данс руу 10.000.000 төгрөг шилжүүлсэн асуудлыг шалгуулах, Б.Баттулга, Болдбаатар нарын ашиг сонирхол ямар байсан, иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон Б.Баттулга нь ямар зорилгоор 100.000.000 төгрөгийг Д.Баярсайхан, З.Э нарт бэлнээр өгснийг шалгах, хэрэгт хохирогчоор тогтоогдож байсан Б.Баттулга нь ямар учраас 100.000.000 төгрөгөө нэхэмжлэхгүй, зориулалтын дагуу зарцуулагдсан гэж хүсэлт гаргасан учир шалтгааныг бодитой тогтоох, тэрээр “хахууль өгөх” гэмт хэргийг үйлдэхэд хамтран оролцсон эсэхийг шалгах, мөн Б.Баттулга нь хэнээс 30.000.000 төгрөгийг хүлээн авсан учир шалтгааныг тогтоох, “Агьхаарвист” ХХК нь боломжгүй байсан ямар давуу байдлыг олж авсан болохыг тогтоохын тулд зохих ажиллагааг хийж шалгах шаардлагатай гэсэн үндэслэлүүдээр Г.Б, Д.И, Ц.О, Д.С, С.М, З.Э нарт хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан нь үндэслэлтэй болжээ.
Өөрөөр хэлбэл, Г.Б, Д.И, Ц.О, Д.С, С.М, З.Э нарт холбогдох хэргийн үйл баримтын талаар шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд бүрэн, бодитой дүгнэлт хийх, түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцсэн байна.
Түүнчлэн, прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлүүд нь тухайн хэргийн хувьд шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцэх үндэслэл болж чадахгүй байна дүгнэлээ.
Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 168 дугаартай шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Б.Ганбулганы бичсэн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 64 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 168 дугаартай шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Б.Ганбулганы бичсэн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 64 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ
ШҮҮГЧ М.АЛДАР