Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 128/ШШ2016/0222

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж тус шүүхийн хуралдааны А танхимд хийсэн хуралдаанаар Б******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга, Уул уурхайн яамны дэргэдэх Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд тус тус холбогдох захиргааны хэргийг хэлэлцэв.

Нэхэмжлэгч: Б******* ХХК

Хариуцагч: Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга

Хариуцагч: Уул уурхайн яамны дэргэдэх Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл

Нэхэмжлэлийн шаардлага: Ашигт малтмалын хайгуулын 9******* тусгай зөвшөөрлийг 2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүчин төгөлдөр хугацааг дуусгавар болгосныг сэргээхийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргад даалгах, тус тусгай зөвшөөрлийн талбайд 2005-2013 онд хийж гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайланг Эрдэс баялагийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэхийг Уул уурхайн яамны дэргэдэх Эрдэс баялагийн мэргэжлийн зөвлөлд даалгуулах

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ц*******, хариуцагч Уул уурхайн яамны дэргэдэх Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*******, Уул уурхайн яамны дэргэдэх Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл болон Ашигт малтмалын газрын кадастрын хэлстийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б******* шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Акмарал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Б*******, итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ц******* нар шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б******* ХХК нь Төв аймгийн Бүрэн сумын нутагт орших 9304 тусгай зөвшөөрлийг 2009 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр 66 тоот Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын шийдвэрээр Н ХХК-аас шилжүүлж авсан. Уг тусгай зөвшөөрлийг шилжүүлж авснаас хойш үйл ажиллагаа явуулж байгаад хүчинтэй хугацаа дуусахаас өмнө буюу 2014 оны 2 дугаар сарын 17-ны өдөр, 2014 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр 01 тоот албан бичгээр ...2005-2013 онуудад хийж гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайланд шинжээч томилуулж, Эрдэс баялгийн зөвлөлийн мэргэжлийн хурлаар хэлэлцүүлэх хүсэлт гаргасны дагуу Ашигт малтмалын тухай хуулийн 48 дүгээр зүйлийн 48.4-т зааснаар Төрийн захиргааны байгууллага нь энэ хуулийн 48.3-т заасан тайлан, 48.6.1-д заасан техник-эдийн засгийн үндэслэлд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс мэргэшсэн мэргэжилтнийг шинжээчээр 30 хоногт багтаан томилуулж,  90 хоногт багтаан хэлэлцүүлж дүгнэлт гаргуулсны үндсэн дээр уг нөөцийг ашигт малтмалын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэх, хүлээн авах, тайлан, техник, эдийн засгийн үндэслэлийг анхдагч материалын хамт мэдээллийн санд бүртгэх тухай шийдвэр

Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дарга нь 2014 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн тушаалаар нэхэмжлэгч компанийн 9304 дугаартай тусгай зөвшөөрлийн 2005-2013 оныг хүртэлх хийж гүйцэтгэсэн хайгуулын ажлын тайланд дүгнэлт гаргаж Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэхээр Уул уурхайн яамны мэргэжилтэн Б.Э, Б.Б******* нарыг шинжээчээр томилсон байдаг. Шинжээч нь 2015 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр буюу бүтэн нэг жил 4 сарын дараа дүгнэлтийг танилцуулсан.

Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс тус тусгай зөвшөөрлийн талбайд 2005-2010 онд гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайланд шинжээч томилуулж, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэхээр тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацааг түр түдгэлзүүлсэн байгааг мэдсээр байж Геологийн албанд мэдээлэл ирээгүй үндэслэлээр тус албаны тодорхойлолтыг үндэслэн кадастрын хэлтсийн даргын тушаалаар 2015 оны 4 дүгээр сарын 9-ны өдөр кадастрын бүртгэлийн системд дуусгавар болсноор бүртгэсэн байна. Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө ордын нөөц, эрэл, хайгуулын үр дүнгийн тайланг ашигт малтмал эрэх, хайх үйл ажиллагааны журам, ашигт малтмалын баялаг, ордын нөөцийн ангилалд нийцүүлэн боловсруулж, шинжээчийн дүгнэлт гаргуулан төрийн захиргааны байгууллагад хүлээлгэн өгнө гэж зааснаар хайгуулын ажлын үр дүнгийн тайланд шинжээч томилуулах асуудлын талаар 2014 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр буюу тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө гаргаж өгсөн нь нотлох баримтуудаар тогтоогддог.

Ашигт малтмалын хайгуулын XV0******* тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг 2014 оны 02 дугаар сарын 14-ны өдөр дуусгавар болгосныг Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасны дагуу сэргээж, 2005-2013 онд гүйцэтгэгдсэн хайгуулын ажлын тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэхийг Уул уурхайн яамны дэргэдэх Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст тус тус даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга Н.Чинбаатар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

...Төв аймгийн Бүрэн сумын нутагт Ө нэртэй талбайд ашигт малтмалын хайгуулын 9******* дугаартай тусгай зөвшөөрлийг иргэн М.Д*******т Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2004 оны 1758 тоот шийдвэрээр олгосон бөгөөд иргэн М.Д*******аас уг тусгай зөвшөөрлийн талбайг бүхэлд нь Н ХХК-д шилжүүлснийг 2007 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 1115 тоот шийдвэрээр, мөн Н ХХК-аас Б******* ХХК-д шилжүүлж 2009 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 66 тоот шийдвэрээр тус тус бүртгэсэн байна.

Б******* ХХК нь тусгай зөвшөөрлийг шилжүүлж авснаас хойш уг талбайд үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд Ашигт малтмалын тухай хуульд 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр нэмэлт өөрчлөлт орохоос өмнө мөрдөгдөж байсан хуулийн дагуу 21 дүгээр зүйлийн 21.1.5 дахь хэсэгт заасан тусгай зөвшөөрлийн хугацааг 2 удаа сунгаж, нийт 9 жилийн хугацаагаар тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа 2014 оны 02 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл бүртгэлтэй байжээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт /2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хууль гарахаас өмнө/ Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийнх нь хугацаа дуусахаас өмнө ордын нөөц, эрэл, хайгуулын үр дүнгийн нэгдсэн тайланг батлагдсан маягт, шаардлагад нийцүүлэн боловсруулж анхдагч материалын хамт төрийн захиргааны байгуулагад хүлээлгэн өгнө гэж заасан байна.

Гэтэл нэхэмжлэгч Б******* ХХК нь ашигт малтмалын хайгуулын 9******* дугаартай тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсны дараа хайгуулын ажлын үр дүнгийн нэгдсэн тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр ирүүлсэн нь дээр дурьдсан Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн.

Хэдийгээр тусгай зөвшөөрлийн хугацаа дууссанаас хойш Б******* ХХК нь уг үр дүнгийн нэгдсэн тайланд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх ажил удааширсан нь нэхэмжлэгч нь шинжээчийн дүгнэлтээ дутуу гаргасанаас болсон байна. Кадастрын хэлтэс нь шинжээч томилуулсан байдлыг харгалзан үзэж тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгох ажиллагааг түр түдгэлзүүлсэн бөгөөд Геологийн албанаас тайландаа гүйцэд шинжээчийн дүгнэлт гаргаж хурлаар хэлэлцүүлэхийг шаардсан боловч үр дүнгийн тайлангаа ирүүлээгүй тул Кадастрын хэлтэс 2015 оны 04 дүгээр сарын 09-ний адар ашигт малтмалын хайгуулын 9******* дугаартай тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосныг бүртгэсэн.

Б******* ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахт хэсэгт заасан үүргээ биелүүлж ажиллагаагүй тул мөн хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасны дагуу уг тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосон Кадастрын хэлтсийн үйлдэл үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Анх тус талбайг Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2004 оны 1758 тоот шийдвэрээр иргэн М.Д*******т олгосон бөгөөд 2006 онд Ашигт малтмалын тухай шинэ хууль батлагдсанаар ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг хуулийн этгээд эзэмших ёстой байсан учраас 2007 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Н ХХК-д шилжүүлсэн. Үүний дараа 2009 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 66 тоот шийдвэрээр Б******* ХХК-д шилжүүлснийг бүртгэсэн байдаг.

Б******* ХХК нь уг тусгай зөвшөөрлийг шилжүүлж авснаас хойш тусгай зөвшөөрлийн талбайд үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд 2014 оны 2 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл бүртгэлтэй байсан. Уг тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр бус болохоос өмнө Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө ордын нөөц, эрэл, хайгуулын үр дүнгийн тайланг ашигт малтмал эрэх, хайх үйл ажиллагааны журам, ашигт малтмалын баялаг, ордын нөөцийн ангилалд нийцүүлэн боловсруулж, шинжээчийн дүгнэлт гаргуулан төрийн захиргааны байгууллагад хүлээлгэн өгнө гэж зааснаар хайгуулын ажлын үр дүнгийн тайлангаа тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсноос хойш 1 хоногийн дараа ирүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбай дээр тайлангаа ирүүлэх, ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл ирүүлэх гэсэн хуулийн заалт зөрчсөн бөгөөд шинжээч зарим ажиллагаа нэмэлтээр хийх шаардлагатайг дурдсан байсан бөгөөд тайлангаа зааврын дагуу боловсруулж ирээгүйтэй холбоотой. Иймд тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан нь Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийг буруутгах үндэслэлгүй. Тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсноос жил гаруй хугацаанд уг тусгай зөвшөөрлийг хүчингүй болсныг бүртгээгүй байсан.

Тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болох үндэслэлд хуучин хуульд дээрх 30 хоног, 90 хоног гэсэн хугацаа байгаагүй бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасны адилаар тайланг ирүүлнэ л гэж хугацааг заагаагүй байсан. Гэтэл тус хуулийн шинэ өөрчлөлтөөр хугацааг нарийвчлан ...Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс мэргэшсэн мэргэжилтнийг шинжээчээр 30 хоногт багтаан томилуулж, 90 хоногт багтаан хэлэлцүүлж дүгнэлт гаргуулна гэж зааж өгсөн. Хуулийг хэрхэн хэрэглэх нь шүүхийн бүрэн эрхийн асуудал гэв.

 

Хариуцагч Уул уурхайн яамны дэргэдэх Эрдэс Баялгийн мэргэжлийн зөвлөлийн дарга Б.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

... Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, 48.4 дэх хэсэгт заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө тусгай зөвшөөрлийн талбайд гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайланг, шинжээчийн дүгнэлтийн хамт төрийн захиргааны байгууллагад хүлээлгэн өгсөн тохиолдолд төрийн захиргааны байгууллага 90 хоногийн дотор Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэх ёстой юм.

Нэхэмжлэгч нь эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс томилогдсон шинжээч дүгнэлтээ гаргаагүй байхад үр дүнгийн тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр төрийн захиргааны байгууллагад хүргүүлсэн нь хуульд нийцэхгүй байх бөгөөд өөрөөр хэлбэл, хуульд заасан хугацаанд шаардлага хангасан тайланг төрийн захиргааны байгууллагад ирүүлээгүй учир тус тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцэх боломжгүй байсан байна гэжээ.

 

Хариуцагчийн Уул уурхайн яамны дэргэдэх Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б******* шүүхэд гаргасан тайлбартаа:

... 2014 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр буюу тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болохоос 1 сарын өмнө Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд хандаж, үр дүнгийн тайланд шинжээч томилуулахаар хүсэлт гаргасан гэж байна. Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар ашигт малтмалын баялаг, ордын нөөцийн ангилалд нийцүүлэн боловсруулж, шинжээчийн дүгнэлт гаргуулсны дараа төрийн захиргааны байгууллага 90 хоногт багтаан хариу өгөх ёстой байсан. Гэтэл нэхэмжлэгч хайгуулын ажлын тайлангаа гүйцэд хийгээгүй байсан учраас шинжээч дүгнэлт гаргах боломжгүй байсан учраас хайгуулын ажлыг нэмж хийх шаардлага гаргасан байдаг. Үүний дагуу шинжээч дүгнэлтээ гаргалгүй удсан бөгөөд тухайн үед дутуу тайлан болон шинжээчийн дүгнэлт ирүүлээгүй тул нэхэмжлэгч компанийн тусгай зөвшөөрлийг цуцалсан байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б******* ХХК нь 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Ашигт малтмалын хайгуулын XV0******* тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг 2014 оны 02 дугаар сарын 14-ны өдөр дуусгавар болгосныг Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасны дагуу сэргээж, 2005-2013 онд гүйцэтгэгдсэн хайгуулын ажлын тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэхийг Уул уурхайн яамны дэргэдэх Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст тус тус даалгаж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа Тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, 48.4-т зааснаар ашигт малтмалын хүчин төгөлдөр хугацааг сэргээхийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргад даалгах, ... тус тусгай зөвшөөрлийн талбайд 2005-2013 онд гүйцэтгэгдсэн хайгуулын ажлын тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлж өгөхийг Уул уурхайн яамны дэргэдэх Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд тус тус даалгаж өгнө үү[1] гэж тодруулсан болно.

 

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, нэхэмжлэгч хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн гаргасан тайлбарт дүгнэлт хийж дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

 

Төв аймгийн Бүрэн сумын нутаг Ө нэртэй газарт 689 гектар талбай дахь хайгуулын 9******* дугаартай тусгай зөвшөөрөлийг Н ХХК-аас Б******* ХХК-д шилжүүлсэн байх бөгөөд уг тусгай зөвшөөрлийн хүчинтэй байх 9 жилийн хугацаа нь 2014 оны 02 дугаар сарын 17-ны өдөр дуусгавар болсон нь хэрэгт авагдсан тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хавсралт[2], нэхэмжлэгчийн ... 2009 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 66 тоот шийдвэрээр шилжүүлж авсан гэх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ... Б******* ХХК нь Төв аймгийн Бүрэн сумын нутагт орших 9304 тусгай зөвшөөрлийг 2009 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр 66 тоот Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын шийдвэрээр Н ХХК-аас шилжүүлж авсан гэх тайлбараар тогтоогдож байх бөгөөд 9******* дугаартай Төв аймгийн Бүрэн сумын нутаг Ө нэртэй газарт хайгуул хийх тусгай зөвшөөрөл нь нэхэмжлэгч Б******* ХХК-ийн мэдэлд байгаа тухайд талууд маргаагүй болно.

Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ... тухайн хайгуулын ажлын үр дүнгийн нэгдсэн тайланд өгөх шинжээчийн дүгнэлт гараагүй хүлээгдэж байгаа гэдгийг хариуцагч байгууллагаас мэдэж байсан бөгөөд үүнийг хүлээн зөвшөөрч тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацааг дуусгавар болгохгүй байсан атлаа 2015 оны 04 дүгээр сарын 09-ны өдөр тусгай зөвшөөрлийг хугацааг дуусгавар болгож шинжээчийн дүгнэлт гарсны дараа сэргээхгүй байгаа тул төрийн албан хаагчийн буруутай үйл ажиллагаанаас манай байгууллага хохирч байна гэж, хариуцагч нараас Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт ... хугацаа дуусахаас өмнө шинжээчийн дүгнэлт гаргуулж төрийн захиргааны байгууллагад хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй гэж тус тус маргаж байна.

 

1. Төв аймгийн Бүрэн сумын нутагт дахь Ө нэртэй газарт 9******* болон ... хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайнуудад 2005-2013 онуудад гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайлан/ цаашид хайгуулын ажлын үр дүнгийн тайлан гэх/-г Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл/цаашид ЭБМЗ гэх/-ийн хуралдаанаар хэлэлцүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч Б******* ХХК нь 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр буюу 9******* хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө Ашигт малтмалын газрын Геологийн албанд Шинжээч томилуулах тухай хүсэлтээ[3] гаргаж Уул уурхайн яамны дэргэдэх Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн даргын 2014 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Б.Э, н.Б******* нарыг шинжээчээр томилсон[4] байна.

Мөн нэхэмжлэгч Б******* ХХК-аас 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Төв аймгийн Бүрэн сумын нутагт дахь Ө нэртэй газарт 9******* болон ... хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайнуудад 2005-2013 онуудад гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайланг ЭБМЗ-ийн хуралдаанаар хэлэлцүүлэх тухай хүсэлтээ[5] гаргасан байх бөгөөд Ашигт малмалын газрын геологийн албаны даргын 2015 оны 09 дүгээр сарын 23-ны 4/7385 албан бичгээр ... тайланг ЭБМЗ-ийн хуралдаанаар хэлэлцүүлэх боломжгүйг мэдэгье[6] гэсэн хариу өгчээ.

Шинжээчээр томилогдсон Б.Э нь дээрх хайгуулын ажлын үр дүнгийн тайланд 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр шинжээчийн дүгнэлт гаргажээ. Тэрээр дүгнэлт удааширсан талаарх тайлбараа Ашигт малтмалын газарт гаргаж өгсөн байх бөгөөд энэ нь нэхэмжлэгч байгууллагын буруутай үйлдлээс болоогүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна.

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хууль батлагдахаас өмнө Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө ордын нөөц, эрэл хайгуулын үр дүнгийн нэгдсэн тайланг батлагдсан маягт, шаардлагад нийцүүлэн боловсруулж, анхдагч материалын хамт төрийн захиргааны байгууллагад хүлээлгэн өгнө, 48.4-т Төрийн захиргааны байгууллага нь энэ хуулийн 48.3-т заасан тайланд дурьдсан ашигт малтмалын ордын нөөцийн талаар шинжээчийн дүгнэлт гаргуулсны үндсэн дээр уг нөөцийг улсын нэгдсэн бүртгэлд бүртгэх тухай шийдвэр гаргана гэж тус тус заасан байжээ. Харин дээрх нэмэлт өөрчлөлтөөр Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсгийн Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө ордын нөөц, эрэл, хайгуулын үр дүнгийн тайланг ашигт малтмал эрэх, хайх үйл ажиллагааны журам, ашигт малтмалын баялаг, ордын нөөцийн ангилалд нийцүүлэн боловсруулж, шинжээчийн дүгнэлт гаргуулан төрийн захиргааны байгууллагад хүлээлгэн өгнө, 48.4 дэх хэсгийг Төрийн захиргааны байгууллага нь энэ хуулийн 48.3-т заасан тайлан, 48.6.1-д заасан техник-эдийн засгийн үндэслэлд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс мэргэшсэн мэргэжилтнийг шинжээчээр 30 хоногт багтаан томилуулж,  90 хоногт багтаан хэлэлцүүлж дүгнэлт гаргуулсны үндсэн дээр уг нөөцийг ашигт малтмалын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэх, хүлээн авах, тайлан, техник, эдийн засгийн үндэслэлийг анхдагч материалын хамт мэдээллийн санд бүртгэх тухай шийдвэр гаргана гэж тус тус өөрчлөн найруулсан байна.

 

Дээрхээс үзвэл нэхэмжлэгч Б******* ХХК нь тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийн хүрээнд шинжээч томилуулах хүсэлтээ гаргасан байх бөгөөд хариуцагч байгууллага нь шинжээчийн дүгнэлт гаргуулах үүрэг хүлээж байсан тул хариуцагч байгууллага нь шинжээчийн дүгнэлт гаргаагүй байгааг харгалзан хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацааг дуусгавар болголгүй хүлээж байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон нэхэмжлэгч хариуцагчийн тайлбараар тогтоогдож байна.

Гэвч Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2014 оны 07 дугаар сарын 01-ний хууль хүчин төгөлдөр болж мөрдөгдөж эхэлснээс хойш буюу 2015 оны 04 дүгээр сарын 09-ны өдөр хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгосон хариуцагчийн ... тусгай зөвшөөрлийн хүчинтэй байх хугацаа дуусахаас өмнө хайгуулын ажлын нэгдсэн тайлангаа ЭБМЗ-ийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр ирүүлээгүй гэсэн тайлбар үндэслэлгүй байх бөгөөд нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулж хайгуулын ажлын үр дүнгийн тайлан ЭБМЗ-ийн хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж байгаа нь үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл, хуульд 2014 оны 07 дугаар сарын 01-ний нэмэлт өөрчлөлтийг оруулаагүй байх үед шинжээчийн дүгнэлт гаргах хугацааг нарийвчлан зохицуулаагүй байсан бөгөөд шинжээчийн дүгнэлт гаралгүй удааширсан нь нэхэмжлэгч байгууллагын буруутай үйл ажилагаанаас шалтгаалаагүй нь шинжээч Б.Эгийн Ашигт малтмалын байгууллагад гаргасан ... 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр эцэслэн гарсан нь шинжээч болон тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагын буруутай үйл ажиллагаанаас бус процессын ажиллагаануудын хугацаанаас үүдэлтэй юм... гэх тайлбараар[7] тогтоогдож байх бөгөөд үүнийг хариуцагч байгууллага ч бас хүлээн зөвшөөрч хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсныг бүртгэлгүй хүлээж байсан нь Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 05 дугаар сарын 14-ны өдрийн 6/3617 тоот[8] албан бичгээр нотлогдож байна.

Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуулийн 4 дүгээр зүйлд Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5 дахь хэсэгт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 удаа сунгаж болохоор өөрчлөлт оруулсан байх бөгөөд нэхэмжлэгч Б******* ХХК нь 9******* дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмшиж байсан 2005-2013 оны хооронд 507,260,460.0 төгрөгийн хайгуулын ажлын зардал гаргасан, хариуцагчаас 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 4/7385 албан бичгээр ... хайгуулын ажлын үр дүнгийн тайланг ЭБМЗ-ийн хуралдаанаар хэлэлцүүлэх боломжгүйг мэдэгдье гэсэн эс үйлдэхүй тогтоогдож байх тул хайгуулын ажлын үр дүнгийн тайланг ЭБМЗ-ийн хуралдаанаар хэлэлцүүлэхийг даалгаж шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ.

 

 

2. ...ашиг малтмалын хайгуулын 9******* тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, 48.4-т зааснаар ашигт малтмалын хүчин төгөлдөр хугацааг сэргээхийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргад даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр  байх хугацаа дууссан гэж заасан байх бөгөөд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсныг сэргээх талаар хуулийн нарийвчилсан зохицуулалт байхгүй байна.

Харин Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага (цаашид энэ хуульд төрийн захиргааны байгууллага гэх) дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ, 11.1.15-д ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл шинээр олгох, дахин олгох, цуцлах, шилжүүлэх, барьцаалах, талбайг хэсэгчлэн болон бүхэлд нь буцаан өгөх, шилжүүлэх ажиллагааг олон нийтийн хяналтын дор явуулах нөхцөлийг бүрдүүлэх, 11.2-т Төрийн захиргааны байгууллагын геологийн асуудал хариуцсан нэгж нь энэ зүйлийн 11.1.1 11.1.7, уул уурхайн асуудал хариуцсан нэгж нь энэ зүйлийн 11.1.8 11.1.12, кадастрын асуудал хариуцсан нэгж нь энэ зүйлийн 11.1.13 11.1.23-т заасан асуудлыг эрхэлнэ, 21 дүгээр зүйлийн 21.1.5-д энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд цацраг идэвхт ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах, 22 дугаар зүйлийн 22.1.4-д хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт гэж тус тус заасан байх тул нэхэмжлэгч Б******* ХХК-ийн 9******* дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг хугацааг сунгах эсэх асуудал нь Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын бүрэн эрхэд хамаарахаар байна.

Өөрөөр хэлбэл, Б******* ХХК нь хайгуулын ажлын үр дүнгийн тайланг ЭБМЗ-ийн хуралдаанаар хэлэлцүүлээгүй тул манай байгууллагаас хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгуулах, ашиглалтын өмнөх гэрээ байгуулах зэрэг үйлдэл хийх боломжгүй байсан гэж тайлбарлаж байх бөгөөд нэмэлт өөрчлөлт орсон хуулийн дагуу хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаагаа сунгуулах хүсэлтээ Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст гаргаж байгаагүй байх тул нэхэмжлэгчийн ... ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг сэргээхийг ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргад даалгах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

Иймд Ашигт малтмалын газрын даргын 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 6/3617 тоот албан бичгээр өгсөн ... 2015 оны 04 дүгээр сарын 09-нд кадастрын бүртгэлийн системд дуусгавар болгон бүртгэсэн гэсэн шийдвэрийг хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргаас шинэ акт гаргатал түдгэлзүүлэх нь зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.4, 70.2.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, 48.4 дэх хэсэгт заасныг баримтлан Б******* ХХК-ийн Төв аймгийн Бүрэн сумын нутаг дахь Ө нэртэй 9******* хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд 2005-2013 онуудад гүйцэтгэдсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэхийг Уул уурхайн яамны дэргэдэх Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд даалгасугай.

2. Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2, 21 дүгээр зүйлийн 21.1.5, 22 дугаар зүйлийн 22.1.4 дэх хэсэгт заасныг баримтлан Ашигт малтмалын газрын даргын 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 6/3617 тоот албан бичгээр өгсөн ... 2015 оны 04 дүгээр сарын 09-нд кадастрын бүртгэлийн системд дуусгавар болгон бүртгэсэн гэсэн шийдвэрийг хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргаас шинэ акт гаргатал түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг тус тус орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Уул уурхайн яамны дэргэдэх Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ