Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 2092

 

МАГАДЛАЛ

2019.12.13                                                 Дугаар 2092                                    Улаанбаатар хот

 

 

 

 

Б.А-гийн нэхэмжлэлтэй                                                                                             иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ш.Оюунханд, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,                                                      2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 184/ШШ2019/02446 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Б.А-гийн нэхэмжлэлтэй,                                                              

Хариуцагч Г.О-д холбогдох,

2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн “Үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах” гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, Зээлийн гэрээний үүрэгт 63 600 000 төгрөг гаргуулах, Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 22А байр 216 тоот орон сууцаар зээлийн үүргийг хангуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:Т.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Надад 20 000 000 төгрөгний шаардлага гарч өөрийн өмчлөлийн УБ хот БЗД 18 хороо, 13 хороолол 22А байр 216 тоотод байрлах 18 м.кв талбай бүхйи үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Ү-2204000166 дугаартай нэг өрөө орон сууцыг барьцаанд тавих шаардлага гарч, уг байраа барьцаалан 20 000 000 төгрөгийг Г овогтой О-аас байраа барьцаалан зээл авах гэтэл Г.О болон түүний нөхөр Т.О нар нь орон сууц барьцаалж зээл олгохдоо заавал бид байрыг чинь нэр дээрээ болгож байж 20 000 000 төгрөгийг чинь өгнө гээд байхаар нь нотариатч дээр очиход нотариатч Н.О нь 20 000 000 төгрөгөөр Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж болохгүй, 30 000 000 төгрөгнөөс дээш бол болно гэсэн. Тэгтэл О  нь та нарт мөнгө хэрэгтэй байгаа юм чинь 30 000 000 төгрөг авчихгүй юу даа, үндсэн мөнгө хүүгээ төлөөд хугацаандаа авахад болно ш дээ. Байрыг чинь зарж үрэхгүй бусдад шилжүүлэхгүй битгий санаа зов гэсэн. Аргагүй эрхэнд Г.О тай 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулж 30 000 000 төгрөг авсан. Тэгээд 20 000 000 төгрөгийг 2 жилийн хугацаатай 8 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцохоор амаар тохирсон.Тэгээд 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Г.О нь манай эхнэр Д.Г-гийн Хаан банкны 5020854842 тоот данс руу 20 000 000 төгрөг болон 10 000 000 төгрөгөөр нийт 30 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Мөн тэр дор нь 2018 оны 06 болон 07 сарын хүү гээд 4 800 000 төгрөг , мөн "Үл хөдлөх хөрөнгө борлуулсаны орлогын татвар" гээд 740 000 төгрөгийг нэмээд хийчих , би өөрөө тушаагаад нэр дээрээ болгочихно гээд нийт 5 540 000 төгрөгийг Г.О нь өөрийн нөхөр Т.О-гийн Хаан банкны 5018071001 тоот данс руу хйилгэсэн. Үүнээс хойш байрны зээлийн үндсэн хүү болох 2 400 000 төгрөг, 1 өдрийн алданги 60 000 төгрөг хий гэсний дагуу 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 2 460 000 төгрөгийг шилжүүлсэн. 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр үндсэн хүүнд 2 400 000 төгрөг, 4 хоногийн алданги 240 000 төгрөг нийт 2 640 000 төгрөгийг тус тус хүү, алданги бодож Г.О гийн нөхөр Т.О-гийн Хаан банк 5018071001 данс руу шилжүүлсэн. Миний бие нийт 10 640 000 төгрөгийг орон сууц барьцаалсан зээлд төлсөн. Үүнээс хойш төлж чадахгүй байсан тул Г.О болон түүний нөхөр Т.О нар нь удаа дараа утсаар болон биечлэн уулзаж 2019 оны 03 дугаар сарын 01 гэхэд байраа суллаж өг, өгөхгүй бол хэдэн залуус явуулж байрыг чинь хүчээр суллуулна гээд байнга загнаж дарамтлаж байна. Уг байранд миний эмэг эх 87 настай Б.Ш амьдардаг болно. Миний бие нь анхнаасаа өөрийн өмчлөлийн орон сууцаа Г.О-д худалдах хүсэл зорилго байгаагүй. Зөвхөн орон сууц барьцаалж 20 000 000 төгрөг зээлэх хүсэлтэй байсан. 30 000 000 төгрөгийн зээл авах хүсэл зорилго байгаагүй. Иймд бидний байгуулсан 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах , худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.О шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Б.А-аас 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн зээлийн үүрэгт нийт 63 600 000 төгрөгийг гаргуулах, Б.А-гийн 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн зээлийн үүргийн гүйцэтгэлийг зээлийн эргэн төлөлтийн баталгаа болгон Г.О гийн нэр дээр шилжүүлсэн БЗД-ийн 18-р хороо 22 А байр 216 тоот байраар зээлийн үүргийг хангуулах; Б овогтой А-аас  болон эхнэр Д  овогтой Г  нар нь анх нөхөр Т.О-гийн фэйсбүүк рүү Байраа барьцаалж 30 сая төгрөгний зээл авах гэсэн юм гэж холбогдсоны дагуу нөхөр Т.О 13-р хороололд байх байрыг нь очиж үзээд Танай байран дээр 15 сая төгрөгийн зээл гарах юм байна гэхэд А-аас  болон Г  нар Солонгос руу 50 гаруй хүн гаргах гээд 30 сая төгрөг дутчихаад байна. 2 юмуу 3 сарын дотор төлөөд дуусчихна. Хүү, алданги үндсэн мөнгөн дээр санаа зоволтгүй эргэн төлөлт бол найдвартай. Итгэхгүй байгаа бол байраа нэр дээр чинь шилжүүлчихье. А-аас  Г  нар нь харин мөнгөний гүйлгээний утга дээрээ “зээл” гээд биччихээрэй гэсэн. Ингээд Б.А-аас  нь 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 30 сая төгрөг 1 сарын 8 хувийн хүүтэй 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 01-ний хугацаатай буюу нэг жилийн хугацаатай харилцан тохиролцож зээлийн гэрээ бичгээр байгуулж өгсөн. Харин хүү болон үндсэн мөнгөн хугацаандаа өгөхгүй бол өдрийн 60 000 төгрөгний алданги тооцохоор амаар харилцан тохиролцсон. Б.А-аас  2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр бичгээр бичсэн гар бичмэлдээ “Б  овогтой А-аас  миний бие БЗД-ийн 18-р хороо 22 А байр 216 тоот байраа барьцаалж 30 сая төгрөг зээлж байгаа бөгөөд сарын 8 хувийн хүү болох төлбөр 2 400 000 төгрөг үндсэн төлбөрөө харилцан тохиролцсон хугацаа болох 2019 оны 05 дугаар сарын 01 хүртэлх цаг хугацаанд төлөх болно. Хэрвээ хугацаандаа төлж барагдуулахгуй тохиолдолд байраа хүлээлгэж өгөхөд гомдолгүй” гэж өөрийн хүсэл зоригийг тодорхой, ойлгомжтой бичиж өгсөн учраас миний бие хүлээн зөвшөөрсөн. Ингээд Б.А-гийн эхнэр Г гийн дансанд О  миний бие О гаас зээл гэсэн гүйлгээний утгатайгаар нийт 30 000 000 төгрөг шилжүүлсэн. Б.А-аас  түүний эхнэр Г  нар 2018 оны 06, 07-р сарын хүүг урьдчилаад шилжүүлчихье гээд нөхөр О  хаан банкны 5018071001 тоот дансанд 4 800 000 төгрөг болон Үл хөдлөх эд хөрөнгө борлуулсаны татварын 2 хувь болох 600 000 төгрөг, үл хөдлөхийн гэрчилгээний үнэ болох 40 000 төгрөг, нийт 5 440 000 төгрөгийг шилжүүлсэн. 2018 оны 08 дугаар сарын 02-нд А-аас  нь 8 сарын хүү болох 2 400 000 төгрөгийг 1 өдрийн алданги болох 60 000 төгрөгийн хамт нийт 2 460 000 төгрөгийг нөхөр О-ын данс руу шилжүүлсэн. 2018 оны 09 дүгээр  сарын 05-нд 9 сарын хүү болох 2 400 000 төгрөгийг 4 өдрийн алданги болох 240 000 төгрөгийн хамт нийт 2 640 000 төгрөгийг мөн нөхөр О-ын данс руу шилжүүлсэн. 2018 оны 10 сараас хойш одоог хүртэл А-аас  нь тохирсон ёсоор хүү, алданги огт шилжүүлээгүй, үндсэн зээлээ ч төлөөгүй бөгөөд А-аас  болон Г  нар луу утасдаж авсан мөнгөө төлөхийг шаардахад 7 хоног хүлээчих, дараа сар зээлээ нэг мөсөн хаана гэж ярьсаар өдийг хүрсэн. Бидний зүгээс утсаар л мөнгөө төлөхийг шаардаж байснаас биш ямар нэгэн дарамт шахалт үзүүлсэн тохиолдол байхгүй болно. Сүүлдээ манай нөхөр О-ын утас руу 80941227 гэсэн дугаараас А-аас  Г  нарын ах үл таних хүн яриулж дарамталдаг болсон бид энэ дарамталсан асуудал дээр гомдолтой байна. Б.А-гийн 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр бичгээр бичсэн гар бичмэлд дурдсаны дагуу зээлийн үүргийг хангах баталгаа болгон Б.А-гийн өмчлөлийн БЗД-ийн 18-р хороо 13-р хороолол, 22 а байр 216 тоот байрлах 18 м.кв 1 өрөө байрыг Б.А-аас тай харилцан ярилцаж 30 000 000 төгрөгөөр байрыг үнэлж хэрэв зээлийн гэрээний үүргээ Б.А-аас  хугацаандаа биелүүлэхгүй үүргээ зөрчсөн бол байрны өмчлөх эрхийг Г.О надад шилжүүлэх нөхцөлтэйгээр шилжүүлэн авахаар тохиролцож 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулан улмаар улсын бүртгэлд бүртгүүлж байрны өмчлөх эрхийн гэрчилгээ Г.О миний нэр дээр шилжсэн болно. 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг үндэслэн эрх шилжүүлэн авч буй миний гаргасан бүртгүүлэх тухай мэдүүлгийг БЗД-ийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар хүлээн авч, уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулж, шинэ өмчлөгчийн эрхийг бүртгэж, мэдүүлэг гаргасан огноогоор өмчлөх эрхийн гэрчилгээг надад олгосон нь хуулийн дээрх зохицуулалтад нийцсэн, эд хөрөнгийн өмчлөх эрхээ улсын бүртгэлд бүртгүүлэхээр гаргасан миний мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй тул миний нэр дээр тус байрны өмчлөх эрхийн гэрчилгээ 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр миний нэр дээр бичигдсэнээр үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болсон. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д заасны дагуу тус байрны өмчлөгчөөр намайг бүртгэсэн улсын бүртгэл хүчин төгөлдөр тул байрыг миний бие өмчлөх эрхтэй гэж үзэж байна. Түүнчлэн өнөөдрийн байдлаар А-аас  болон түүний эхнэр Г  нараас авах ёстой үндсэн зээл 30 000 000 төгрөг, хүүнд 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн хүртэлх нийт 8 сарын хүү болох 2 400 000 төгрөг 8 сар=19 200 000 төгрөг, алдангид 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн хүртэлх нийт 8 сарын алданги өдрийн 60 000 төгрөгөөр тооцоход 60х240 000=14 400 000 төгрөг, нийт үндсэн зээл 30 000 000 төгрөг+хүү 19 200 000 төгрөг+ алданги 14 400 000 = 63 600 000 төгрөгийн үүрэгтэй байна. Б.А-аас  болон Д.Г  нар дээрх 63 600 000 төгрөгийг төлөөгүй зээлийн гэрээний үүргээ зөрчсөн тул тухайн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний зүйлээ буцаан шаардах эрхгүй, өөрөөр хэлбэл зээлсэн мөнгө тогтоосон хугацаанд төлж чадаагүй тул зээлийн гэрээнд заасан байрны өмчлөх эрх Г.О миний нэр дээр хүчин төгөлдөр үргэлжлэх болзолт нөхцөл бүрдсэн хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэтэл Б.А-аас  нь 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хууль зүйн үндэслэлгүй хүчин төгөлдөр бус болгох нэхэмжлэл гаргаж байгаа тул бид сөрөг нэхэмжлэл гаргаж өөрсдийн эрх ашиг сонирхолыг хамгаалж байна гэжээ.

Нэхэмжлэгч Б.А-аас  шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбарт: Б.А-аас  надад холбогдуулан 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн зээлийн үүрэгт 63 600 000 төгрөг гаргуулах буюу Г.О гийн нэр дээр шилжүүлсэн Б.А-аас  миний БЗД-ийн 18 хороо 22-а байр 216 тоот байраар зээлийн үүргийг хангуулахаар тус шүүхэд Г.О нь сөрөг нэхэмжлэл гаргасныг эс зөвшөөрч байна. Миний бие нь 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр О , Г.О нарт 20 000 000 төгрөг хэрэгтэй байна. Байраа барьцаалж мөнгө зээлмээр байна гэхэд Г.О болон түүний нөхөр Т.О нар нь бид орон сууц барьцаалж зээл олгохдоо заавал байрыг чинь өөрийн нэр дээрээ болгож байж 20 000 000 төгрөг өгнө гээд байхаар нь нотариатч дээр очиход нотариатч Н.О нь 20 000 000 төгрөгөөр Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулж болохгүй, үнийн дүн нь хэт бага байна. 30 000 000 төгрөгөөс дээш байвал болно гэсэн. Тэгээд заавал орон сууцаа Г.О гийн нэр дээр болгож байж мөнгө зээлэх юм байна гэж ойлгоод аргагүй эрхэнд 20 000 000 төгрөг бус Г.О гийн хүсэлтээр 30 000 000 төгрөгийг түүнээс зээлсэн. Тэр даруйдаа 06, 07 дугаар сарын хүү болох 4 800 000 төгрөг, мөн Үл хөдлөх хөрөнгө борлуулсаны орлогын татвар гээд 740 000 төгрөгийг нэмээд хийчих би өөрөө тушаагаад нэр дээрээ болгочихно гээд нийт 5 540 000 төгрөгийг Г.О нь өөрийн нөхөр Т.О-гийн Хаан банкны 5018071001 тоот данс руу хийлгэсэн. Үндсэн хүү болох 2 400 000 төгрөг, 1 өдрийн алданги 60 000 төгрөг хий гэсний дагуу 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 2 460 000 төгрөг шилжүүлсэн. 2018 оны 09 дугаар сарын 05-ны өдөр үндсэн хүүнд 2 400 000 төгрөг, 4 хоногийн алданги 240 000 төгрөг нийт 2 640 000 төгрөгийг тус тус хүү алданги бодож Г.О гийн нөхөр Т.О-гийн Хаан банкны 5018071001 данс руу шилжүүлсэн. Миний бие нийт 10 640 000 төгрөгийг орон сууц барьцаалсан зээлд төлсөн. Г.О-д анх байраа барьцаалаад 20 000 000 төгрөгийн зээлийг 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүсэхэд зээлийн гэрээ байгуулахгүй, зүгээр тодорхойлолт бичээд өгчих гэхэд эхнэр Д.Г  нь тодорхойлолт бичиж миний бие нь гарын үсэг зурсан. Тэгээд уг тодорхойлолтыг Г.О нь авсан. Надад уг тодорхойлолтын 1 хувь нь байхгүй болно. Дээрх тодорхойлолтонд Хэрвээ цаг хугацаандаа төлж барагдуулахгүй тохиолдолд байраа хүлээлгэж өгөхөд гомдолгүй гэж заавал бич гэж Г.О нь хэлж өгсөний дагуу бичсэн. Миний бие нь анхнаасаа өөрийн өмчлөлийн орон сууцаа Г.О-д 30 000 000 төгрөгөөр худалдах хүсэл зорилго байгаагүй. Зөвхөн орон сууц барьцаалж, зээлийн гэрээ байгуулж 20 000 000 төгрөг л зээлэх зорилготой байсан. Хэрэв Г.О нь надтай хуулийн дагуу орон сууц барьцаалсан зээлийн гэрээ байгуулсан бол миний бие нь 30 000 000 төгрөг бус 20 000 000 төгрөг л авах байсан. Үүнийг Г.О , Т.О нар мэдэж байгаа. Миний бие нь 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж ойлгож байгаа бөгөөд хууль бусаар Г.О гийн өмчлөлд шилжсэн УБ хот БЗД-ийн 18 хороо 13 хороолол 22-а бйр 216 тоотод байрлах 18 м.кв талбайтай Ү-2204000166 дугаартай орон сууцаа өөрийн өмчлөлдөө авах хүсэлтэй байна. Түүнчлэн Г.О эхнэр Д.Г  бид хоёроос 63 600 000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэж ойлгож байна. Миний бие нь үндсэн зээл 30 000 000 төгрөгөөс 10 640 000 төгрөгийг өгсөн бөгөөд үлдэгдэл 19 360 000 төгрөгийг төлөх болно гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Тодорхойлолт дээр 30 000 000 төгрөгийг авлаа, 8% хүүтэй 2 400 000 төгрөгийг сард төлөх 2019 оны 05 дугаар сард зээлийг төлөхгүй байвал байраа хүлээлгэж өгнө гэсэн байдаг. Тухайн өдөртөө 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээг байгуулаад 6, 7 сарынхаа хүүг хийгээд тэр өдөртөө нийт 5 540 000 төгрөгийг О гийн нөхрийн гэх Хаан банкны дансруу шилжүүлсэн байдаг. Үүнээс хойш 2 удаа, хүү алданги төлсөн байдаг. Үндсэндээ 30 000 000 төгрөг аваад 10 640 000 төгрөгийг хариуцагчид өгсөн. Ингээд О  нь 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр гэхэд байраа суллаж өг, байрыг чинь авна гэсэн зүйл яригддаг. Ингээд нэхэмжлэгч нь 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэл гаргасан, талуудын хооронд байгуулсан гэрээ нь Иргэний тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасныг зөрчсөн. Яагаад гэвэл нэхэмжлэгч нь хариуцагчтай үл хөдлөх худалдах худалдан авах гэрээг байгуулъя гэсэн санаа зорилго анхнаасаа байгаагүй, аргагүйн эрхэнд 30 000 000 төгрөгөөс дээш төгрөг авбал байрыг нь барьцаалахгүйгээр зээл олгоно гэж байсан учраас өөрийн хүсэл зоригоос өөрөөр зөвшөөрч гэрээ байгуулсан. Мөн Иргэний хуулийн 156 дугаар зүйлд барьцааны гэрээг бичгээр байгуулахаар тусгасан. Мөн 156 дугаар зүйлийн 156.3-т зааснаар шаардлага хангаагүй бол хүчин төгөлдөр бусд тооцно. Энэ шаардлагуудын дагуу 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн талуудын хооронд байгуулсан үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ нь анхнаасаа хүчин төгөлдөр бус байсан, барьцааны гэрээ нотлох баримтыг шаардлага хангаагүй, худалдах худалдан авах гэрээг шууд хариуцагчийн хүсэлтээр байгуулсан байдаг. Иймд дээрх үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан. Хүү, алдангийн хувьд харилцан тохиролцож байгаа бол аль аль тал нь гарын үсэг зурах ёстой. 1 тал нь гарын үсэг зурсан, энэ зөвхөн тодорхойлолт, ийм зээлийн гэрээ гэж хуульд байхгүй. 2 тал хоёулаа зурах байгаа. Манайх бол 20 000 000 төгрөгөө авна гэж байсан гэтэл 30 000 000 төгрөг авах болоод явчихсан байгаа энэ бол хуулиар тогтоосон хэм хэмжээ зөрчсөн байгаа Манайх үл хөдлөх хөрөнгөө анхнаасаа худалдах санаа зорилго байгаагүй, зээлийн гэрээ гэдгээр амаар тодорхойлолт л байгуулсан. Шууд худалдах худалдан авах гэрээ байгуулаад хүний өмчид халдаад байна, үнэхээр хүү алданги тооцох байсан бол гэрээгээ байгуулаад л явах байсан. Энэ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.2-т заасан шаардлага хангахгүй байгаа учраас хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. 30 000 000 төгрөгт маргаагүй, үндсэн зээл 30 000 000 2019 оны 5 дугаар сард 8 сарын хүү 19 200 000 гэж байгаа, зээл, барьцааны гэрээ бол төлөх үндэслэлтэй худалдах худалдан авах гэрээгээр хүү, алданги нэхэх боломжгүй, тодорхойлолтод алданги гэж юм байхгүй, зээлийн гэрээ угаасаа биш тодорхойлолт гэх дээр тусгагдаагүй, амаар л хүү, алданги гэж ярьсан нь талуудын тайлбараас харагдаад байгаа, мөн дансны хуулгаар харагддаг бөгөөд зээлээ өгөнгүүтээ нэхэж байгаа учраас Б.А-аас  өгөхгүй гээд яах вэ, байр нь барьцаанд байгаа учраас аргагүйн эрхэнд төлж байгаа гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Б  овогтой А-аас  болон эхнэр Д  овогтой Г  нар нь анх нөхөр Т.О-гийн фэйсбүүк рүү Байраа барьцаалж 30 000 000 төгрөгний зээл авах гэсэн юм гэж холбогдсоны дагуу нөхөр Т.О 13-р хороололд байх байрыг нь очиж үзээд Танай байран дээр 15 000 000 төгрөгийн зээл гарах юм байна гэхэд А-аас  болон Г  нар Солонгос руу 50 гаруй хүн гаргах гээд 30 000 000 төгрөг дутчихаад байна. 2 юмуу 3 сарын дотор төлөөд дуусчихна. Хүү, алданги үндсэн мөнгөн дээр санаа зоволтгүй эргэн төлөлт бол найдвартай. Итгэхгүй байгаа бол байраа нэр дээр чинь шилжүүлчихье. А-аас  Г  нар нь харин мөнгөний гүйлгээний утга дээрээ Зээл гээд биччихээрэй гэсэн. Ингээд Б.А-аас  нь 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 30 000 000 төгрөг 1 сарын 8 хувийн хүүтэй 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 01-ний хугацаатай буюу нэг жилийн хугацаатай харилцан тохиролцож зээлийн гэрээ бичгээр байгуулж өгсөн. Харин хүү болон үндсэн мөнгөн хугацаандаа өгөхгүй бол өдрийн 60 000 төгрөгний алданги тооцохоор амаар харилцан тохиролцсон. Б.А-гийн 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр бичгээр бичсэн гар бичмэлдээ Б  овогтой А-аас  миний бие БЗД-ийн 18-р хороо 22 А байр 216 тоот байраа барьцаалж 30 000 000 төгрөг зээлж байгаа бөгөөд сарын 8 хувийн хүү болох төлбөр 2 400 000 төгрөг үндсэн төлбөрөө харилцан тохиролцсон хугацаа болох 2019 оны 05 дугаар сарын 01 хүртэлх цаг хугацаанд төлнө. Хэрвээ цаг хугацаандаа төлж барагдуулахгүй тохиолдолд байраа хүлээлгэж өгөхөд гомдолгүй гэж өөрийн хүсэл зоригийг тодорхой бичиж өгсөн байгаа. Ингээд Г.О нь Б.А-гийн эхнэр Г гийн дансанд О гаас зээл гэсэн гүйлгээний утгатайгаар нийт 30 000 000 төгрөг шилжүүлсэн. Б.А-аас  түүний эхнэр Г  нар 2018 оны 06, 07 дугаар сарын хүүг урьдчилаад шилжүүлчихье гээд нөхөр О-ын хаан банк 5018071001 тоот дансанд 2018 оны 06, 07-р саруудын хүү 4 800 000 төгрөг болон Үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны татварын 2 хувь болох 600 000 төгрөг, үл хөдлөхийн гэрчилгээний үнэ болох 40 000 төгрөг, нийт 5 440 000 төгрөгийг шилжүүлсэн. 2018 оны 08 дугаар сарын 02-нд А-аас  нь 8-р сарын хүү болох 2 400 000 төгрөгийг 1 өдрийн алданги болох 60 000 төгрөгийн хамт нийт 2 460 000 төгрөгийг нөхөр О-ын данс руу шилжүүлсэн. 2018 оны 09 дүгээр сарын 05-нд 9-р сарын хүү болох 2 400 000 төгрөгийг 4 өдрийн алданги болох 240 000 төгрөгийн хамт нийт 2 640 000 төгрөгийг мөн нөхөр О-нх  нь данс руу шилжүүлсэн. 2018 оны 10 сараас хойш одоог хүртэл А-аас  нь тохирсон ёсоор хүү, алданги огт шилжүүлээгүй, үндсэн зээлээ ч төлөөгүй бөгөөд А-аас  болон Г  нар луу утасдаж авсан мөнгөө төлөхийг шаардахад 7 хоног хүлээчих, дараа сар зээлээ нэг мөсөн хаана гэж ярьсаар өдийг хүрсэн. Бидний зүгээс утсаар л мөнгөө төлөхийг шаардаж байснаас биш ямар нэгэн дарамт шахалт үзүүлсэн тохиолдол байхгүй болно.Б.А-гийн 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр бичгээр бичсэн гар бичмэлд дурьдсаны дагуу зээлийн үүргийг хангах баталгаа болгон Б.А-гийн өмчлөлийн БЗД-ийн 18-р хороо 13-р хороолол, 22 а байр 216 тоот байрлах 18 м.кв 1 өрөө байрыг Э.А-аас тай харилцан ярилцаж 30 000 000 төгрөгөөр байрыг үнэлж хэрэв зээлийн гэрээний үүргээ Б.А-аас  хугацаандаа биелүүлэхгүй үүргээ зөрчсөн бол байрны өмчлөх эрхийг Г.О надад шилжуулэх болзолт нөхцөлтэйгээр шилжүулэн авахаар тохиролцож 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулан улмаар улсын бүртгэлд бүртгүүлж байрны өмчлөх эрхийн гэрчилгээ Г.О гийн нэр дээр шилжсэн. Нийт 63 600 000 төлөх зээлийн гэрээний үүргийг зөрчсөн тул, иргэний хуульд заасан үүргийн харилцаа харилцан солигдсон гэж үзэж байгаа. 1 үүргийг зөрчсөн учраас нөгөө үүргийн болзолт хэлцэл бий болсон гэж үзэж байгаа. Иргэний хуулийн 56 дугаар 56.1.8, 56.1.1-т заасан хэлцэл биш бөгөөд хуулийн дагуу худалдах худалдан авах гэрээний дагуу нөхцөл байдал үүссэн хуулийн дагуу шаардлага хангасан хэлцэл хийсэн учраас нэхэмжлэгчийн хэлж байгаа тайлбарт хамаарахгүй гэж үзэж байгаа. А-аас гийн гар бичмэл дээрээ бичээд өгсөн байгаа. Тэрийг зээлийн гэрээний хүсэл зоригоо илэрхийлсэн, зээлийн гэрээний шинжтэй хэлцэл гэж үзэж байгаа. Гэрээг бичгээр байгуулсан бөгөөд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар шаардаж байгаа. Нэхэмжлэгч нь урьд нь 6, 7 сарын хүү төлсөн. Өнөөдрийн байдлаар А-аас  болон түүний эхнэр Г  нараас авах ёстой үндсэн зээл 30 000 000 төгрөг, хүүнд 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн хүртэлх нийт 8 сарын хүү болох 2 400 000 төгрөг 8 сар=19 200 000 төгрөг, алдангид 2018 оны 10 дугаар сарын      01-ний өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн хүртэлх нийт 8 сарын алданги өдрийн 60 000 төгрөгөөр тооцоход 60х240,000 төгрөг=14 400 000 төгрөг, нийт үндсэн зээл 30 000 000 төгрөг+хүү 19 200 000 төгрөг+ алданги 14 400 000 төгрөг =63 600 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.А-аас , хариуцагч Г.О нарын хооронд байгуулсан 2018 оны 5 дугаар сарын 01-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд хэлцэлд тооцож, Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.3, 281 дүгээр зүйлийн 281.1,282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.А-аас 29 360 000 төгрөгийг гаргуулж, хариуцагч Г.О-д олгож, сөрөг шаардлагаас үлдэх 34 240 000 төгрөгийг, мөн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг Баянзүрх дүүргийн 18 хороо 22 А байр 216 тоот орон сууцаар хангуулах тухай шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1,7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.А-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 308 000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Г.О гаас улсын тэмдэгтийн хураамжид 308 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох, хариуцагч Г.О гаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 304 750 475 950=780 700 төгрөгнөөс 542 950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.А-аас улсын тэмдэгтийн хураамжид 304 750 төгрөгийг, илүү төлсөн 237 750 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж Г.О-д тус тус олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч С овогт Б ын А-аас гийн /РД: УУ89120531/ нэр дээр бүртгэлтэй 55-41 УББ NISAAN маркын болон 89-03 УНИ HUINDA автомашинуудыг битүүмжлэх мөн түүний нэр дээр бүртгэлтэй Төрийн банкны 381000075467, Хас банкны 5000674878 тоот данснуудыг 30 000 000 төгрөгийн хэмжээнд зарлагын хөдөлгөөнийг зогсоож, шүүхээс гарах шүүхийн шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсан шүүгчийн 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 184/ШЗ2019/08538 дугаар захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Г.О тай байгуулсан зээлийн гэрээ нь 1 сарын 8 хувийн хүүтэй 1 жилийн хугацаатай байгуулсан, хуү төлөх тухайгаа хүлээн нэхэмжлэлдээ тодорхой бичиж хүлээн зөвшөөрсөн байдаг. Тодруулбал, Б.А-гийн 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн бичгээр баримт үйлдэж зээлдэгч гарын үсэг зурж “Г.О гаас 30 000 000 төгрөгийг 2018 оны 05 дугаар сарын 01-нээс 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай, сарын 08 хувийн хүүтэйгээр зээлдэж, төлбөрөө хугацаандаа төлж барагдуулаагүй тохиолдолд байраа хүлээлгэн өгөх талаар” бичиг үйлдэж гарын үсэг зурснаар 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 30 сая төгрөг 1 сарын 8 хувийн хүүтэй 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 01-ний хугацаатай буюу нэг жилийн хугацаатай харилцан тохиролцож зээлийн гэрээ бичгээр байгуулсан гэж үзэх бөгөөд 2018 оны 06-09 сарын хүүгээ төлж барагдуулсан байгаа нь талуудын хооронд зээлийн хүүгийн тохиролцоо байсан бичгээр баталгаажсан гэж үзэх үндэслэлтэй тул 2018 оны 10 дугаар сарын 01-нээс 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн зээлийн хүүнд      19 200 000 төгрөг хариуцагч гаргуулах эрхтэй юм. Талуудын хооронд байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хуулиар тогтоосн хэлбэрийн шаардлагыг зөрчөөгүй. Б.А-гийн 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр бичгээр бичсэн гар бичмэлд дурьдсаны дагуу зээлийн үүргийг хангах баталгаа болгон Б.А-гийн өмчлөлийн БЗД-ийн Ц 18-р хороо 13-р хороолол, 22 а байр 216 тоот байрлах 18 м.кв 1 өрөө байрыг Б.А-аас тай харилцан ярилцаж 30 000 000 төгрөгөөр байрыг үнэлж хэрэв зээлийн гэрээний үүргээ Б.А-аас  хугацаандаа биелүүлэхгүй үүргээ зөрчсөн бол байрны өмчлөх эрхийг Г.О-д шилжүүлэх болзолт нөхцөлтэйгээр шилжүүлэн авахаар тохиролцож 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулж улсын бүртгэлд бүртгүүлж байрны өмчлөх эрхийн гэрчилгээ Г.О гийн нэр дээр шилжсэн болно. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэг 19.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэг, 24.3 дах хэсэг,18 дугаар зүйлийн 18.5 дах хэсэгт тус тус зааснаар Г.О үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн газар холбогдох журмын дагуу худалдах, худалдан авах гэрээ, мэдүүлэг, татвар төлсөн баримтыг тус тус бүрдүүлж байрны өмчлөх эрхийг шилжүүлэн авсан. 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г үндэслэн эрх шилжүүлэн авч буй миний гаргасан бүртгүүлэх тухай мэдүүлгийг БЗД-ын үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар хүлээн авч, уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын, бүртгэлд өөрчлөлт оруулж, шинэ өмчлөгчийн эрхийг бүртгэж, мэдүүлэг гаргасан огноогоор өмчлөх эрхийн гэрчилгээг надад олгосон нь хуулийн дээрх зохицуулалтад нийцсэн, эд хөрөнгийн өмчлөх эрхээ улсын бүртгэлд бүртгүүлэхээр гаргасан миний мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй тул миний нэр дээр тус байрны өмчлөх эрхийн гэрчилгээ 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр миний нэр дээр бичигдсэнээр үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болсон. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дах хэсэгт заасны дагуу тус байрны өмчлөгчөөр бүртгүүлсэн тул зээлийн гэрээний үүргийг тухай үл хөдлөх эд хөрөнгөөр хангах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Үндсэн зээлийн үүргээс 640 000 төгрөг төлөгдсөн гэж үзэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь үл хөдлөх эд хөрөнгийн гэрээ нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн дагуу худалдагч талаас, худалдан авагчид шилжсэн тул үл хөдлөх эд хөрөнгийн газарт төлсөн 640 000 төгрөгийг үндсэн зээлээс хасч тооцох үндэслэлгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

            Нэхэмжлэгч Б.А-аас  нь хариуцагч Г.О-д холбогдуулан 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах” гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, зээлийн гэрээний үүрэгт 63 600 000 төгрөг гаргуулах, Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 22А байр 216 тоот орон сууцаар зээлийн үүргийг хангуулахаар сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа “...30 000 000 төгрөгийг хариуцагчаас зээлсэн, зээлээ төлж дуустал орон сууцаа худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлчих, орон сууцыг зарж үрэхгүй, бусдад шилжүүлэхгүй гэснээр 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр гэрээ байгуулж, хариуцагчийн нэр дээр өөрийн орон сууцыг шилжүүлсэн.., хариуцагчид орон сууцаа худалдах хүсэл зориг байгаагүй гэж үндэслэсэн.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэх үндэслэлээ “...зээлийн төлбөрийн баталгаа болгож, зээлийн үүргээ гүйцэтгэхгүй бол орон сууцыг хариуцагчийн өмчлөлд шилжүүлэх болзолтой гэрээ байгуулагдсан, Б.А-аас  нь зээлээ төлж дуусаагүй байгаа...” гэж тайлбарласан.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл талуудын хооронд 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр нэхэмжлэгч Б.А-аас  нь өөрийн өмчлөлийн, Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 22а байрны 216 тоот, 18 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг хариуцагч Г.О-д 30 000 000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон, энэ гэрээний зүйлийн үнэ болох 30 000 000 төгрөгийг нэхэмжлэгч хүлээн авсан байна.

Дээрх гэрээг талууд орон сууцыг 30 000 000 төгрөгийн зээлийн барьцаа болгох зорилгоор байгуулсан, зээлийн төлбөрт нэхэмжлэгч нь 10 640 000 төгрөг төлсөн зэрэг үйл баримт тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас хүү, анзыг хариуцагч шаардах эрхгүй гэж дүгнэсэн нь зөв байна.

Учир нь талууд зээлийн хүү, анзын талаар амаар тохиролцсон талаар маргаагүй тохиолдолд талуудын тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 282 дугаар зүйлйин 282.3 дах хэсэгт заасан хэлбэрийн шаардлага хангаагүй гэж үзэх үндэслэлтэй.

Түүнчлэн талууд зээлийн гэрээгээр шилжүүлсэн 30 000 000 төгрөгийн үүргийн гүйцэтгэлд дээрх орон сууцыг барьцаалах хүсэл зоригоо худалдах, худалдан авах гэрээ байгуулснаар илэрхийлснийг шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-т заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж дүгнэсэн нь зөв байна.

Тодруулбал, талууд Иргэний хуулийн 231 дүгээр зүйлд заасан үүргийн гүйцэтгэлийн хангах аргын нэг болох барьцааны гэрээ байгуулалгүй, худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байна.

Харин шүүх талуудын хооронд 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж зөв дүгнэсэн боловч тухайн хэлцлийн үр дагавар буюу нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлээгүй орхисон нь буруу байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд нэхэмжлэгчээс гаргасан тайлбараас үзвэл Б.А-аас  нь хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, орон сууцыг хариуцагчаас буцаан шаардсан, хариуцагч нь зээлийн үүргийг бүрэн гүйцэтгэсэн тохиолдолд орон сууцыг буцаан өгөхөд татгалзахгүй гэжээ.

Иймд дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт    оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

            1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09         дүгээр сарын 27 -ны өдрийн 184/ШШ2019/02446 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5 дахь хэсэгт зааснаар Б.А-аас , Г.О нарын хооронд 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэж, Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 22а байрны 216 тоот, 18 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг Б.А-гийн нэр дээр шилжүүлэхийг хариуцагч Г.О-д даалгасугай.” гэж өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 327 350 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                 Ц.ИЧИНХОРЛОО

                            ШҮҮГЧИД                                                   Ш.ОЮУНХАНД

                                                                   М.НАРАНЦЭЦЭГ