Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 41

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Л.Одончимэг даргалж

Нарийн бичгийн дарга Г.Нямаа

Улсын яллагч Д.Баянмөнх

Шүүгдэгч Ц.Батбуян нарыг оролцуулан, тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх  хуралдаанаар

 

   Дундговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Урчууд овогт Цэндоогийн Батбуянд холбогдох эрүүгийн 1722000150009 дугаартай хэргийг 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

    Шүүгдэгчийн биеийн байцаалт:

    Монгол Улсын иргэн, 1959 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Өмнөговь аймгийн Ханхонгор суманд төрсөн, 58 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт амьдардаг, Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Улиастайн хэсэг гудамж, Шарын ам 1 дүгээр гудамжны 12 тоотод хаягтай, Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 4-р хороо, Арцадын 10 дугаар гудамжны 679 тоотод түр оршин суух, Ардын боловсролын тэргүүний ажилтан, Засгийн газрын хөдөлмөрийн хүндэт медаль, “Алтан гадас” одонгоор шагнагдаж байсан, ял шийтгэлгүй гэх Урчууд овогт Цэндоогийн Батбуян /регистрийн дугаар КН59072564/

 

    Шүүгдэгч Ц.Батбуян нь 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Дундговь аймгийн Дэлгэрцогт сумаас урагш 6 километрт байх “Төгсийн хонхор” гэх газарт 3191 УБЧ улсын дугаартай автомашин жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.а-д заасныг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, Я.Цэрэн-Очир, Б.Залуу нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

ТОДОРХОЙЛОХ  нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүгдэгч Ц.Батбуян шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөн ял оногдуулах тухай прокурорын саналыг хүлээн зөвшөөрч байна, ямар нэг маргаан байхгүй гэв.

 

Хохирогч Б.Залуугийн хэрэг бүртгэлтийн  шатанд өгсөн “...2017 оны 7 дугаар сарын 17-ны  өглөө  Өмнөговь  аймгийн  Цогт-Цэций сумаас Улаанбаатар хотруу өглөө  8

цагт гарсан. Машиныг манай эхнэрийн төрсөн дүү Ц.Батбуян жолоодож явсан...Ц.Батбуян үүрэглээд огцом дарах шиг болж замын хажууруу ойчсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/

 

Хохирогч Я.Цэрэн-Очирын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “..2017 оны 7 дугаар сарын 17-ны өглөө 8 цагт Өмнөговь аймгийн Цогт-Цэций сумаас X-Trail маркийн 3191 УБЧ улсын дугаартай машинтай Улаанбаатар хотруу гарсан..машиныг манай эхнэр Ц.Батбуян жолоодож явсан юм...манай гэрийн хүн үүрэглэсэн юм шиг байна лээ, замын хажууруу ойчсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24/

 

- Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2017.08.05-ны өдрийн дүгнэлтэд

1. Уг осол болоход Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн байна.

2. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.а-д согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх гэсэн заалтыг зөрчсөн байна.

3. Уг осол гарсан гол шалтгаан нь тээврийн хэрэгсэл жолоодож явсан Ц.Батбуянгийн буруутай үйлдлээс болж гарсан байна” гэжээ /хх-ийн 39/

 

- Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017.07.20-ны өдрийн 170200217 дугаартай дүгнэлтэд

“1. Б.Залуугийн биед зүүн талын 2, 3, 4, 5, 6, 7-р хавирганы хугарал, хүзүүнд цус хурсан зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй

4. Олон хавирганы хугарал нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэжээ /хх-ийн 26/

 

- Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017.07.20-ны өдрийн 170200214 дугаартай дүгнэлтэд

“1. Я.Цэрэн-Очирын биед эгэм ясны далд хугарсан гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй

4. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэжээ /хх-ийн 28/

 

- Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017.07.20-ны өдрийн 170200216 дугаартай дүгнэлтэд

“1. Ц.Батбуяны биед баруун болон зүүн гуянд 1-2-р зэргийн түлэгдсэн гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь халуун, өндөр хэмийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй

4. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хх-ийн 34/

 

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-9/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 15-16/

 

- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51/

   Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

    Шүүгдэгч Ц.Батбуян нь 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Дундговь аймгийн Дэлгэрцогт сумаас урагш 6 километрт 3191 УБЧ улсын дугаартай автомашин жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.а-д заасныг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, Я.Цэрэн-Очир, Б.Залуу нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д заасан торгох ял шийтгэх санал гаргаж, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа болон сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хохирогч хохирлын талаар маргахгүй байх тул хэргийг хялбаршуулан журмаар шийдвэрлэж шүүгдэгчийг гэм буруутайд тооцон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

   

            Хохирогч Я.Цэрэн-Очир, Б.Залуу нар хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэгтээ “...Ц.Батбуянтай гэр бүл, садангийн холбоотой. Иймд гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй..” /хх-ийн 19-20, 23-24/ гэх тайлбарыг тус тус гаргаж байх ба хохирогч нар нь хэрэг бүртгэлтийн болон шүүхийн шатанд хохирлын талаар баримтыг ирүүлээгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

           Шүүгдэгч Ц.Батбуян нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д заасан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Ц.Батбуян нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлүүлсэн хөрөнгөгүй болно.  

 

     Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

           1. Шүүгдэгч Урчууд овогт Цэндоогийн Батбуянг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.Батбуянг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

         3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т шүүгдэгч Ц.Батбуянд оногдуулсан торгох ялыг 1 /нэг/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Ц.Батбуян нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол  хорих ялаар солихыг тайлбарласугай. 

 

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Батбуянд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Шүүгдэгч Ц.Батбуян нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.  

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй. 

 

 

 

 

              

                              ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ