| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Цэнд-Аюуш |
| Хэргийн индекс | 182/2023/02985/И |
| Дугаар | 182/ШШ2024/01865 |
| Огноо | 2024-04-25 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 182/ШШ2024/01865
2024 04 25 182/ШШ2024/01865
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: .......-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: .....-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах худалдан авах гэрээ цуцалсны улмаас учирсан хохиролд 180,462,300 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Оюунцэнгэл, Э.Эрхбилгүүн
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Өнөрбаяр
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Эрдэнэцогт, С.Мандахтуяа
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Жаргалсайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Чо тр ХХК нь хариуцагч Э ХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Чо тр ХХК нь 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Коронавируст халдварын эсрэг эмчилгээнд нэн шаардлагатай Умифеновир, Ремдесивир, Фавипиравир зэрэг вирусын эсрэг эм, түргэвчилсэн болон ПГУ шинжилгээний оношлуурыг худалдан авах ТХААГ/202107004/ЕГ/01/10 дугаартай Ерөнхий гэрээг төрийн худалдан авах ажиллагааны газартай байгуулсан.
Энэхүү Ерөнхий гэрээний дагуу Э ХК-иас 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Төрийн худалдан авах ажиллагааны газрын цахим дэлгүүрт ирүүлсэн Ковид-19 халдварт өвчний түргэвчилсэн оношлуур худалдан авах захиалгаар явагдсан худалдан авах ажиллагааны хоёрдугаар шатны сонгон шалгаруулалтад манай компани хамгийн бага үнийн саналаар шалгарч, улмаар 25,000 ширхэг AG Covid-19 Rapid Test нэртэй түргэвчилсэн оношлуурыг захиалагчид нийлүүлэх..... дугаартай худалдан авах гэрээг 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдөр нэг жилийн хугацаатай байгуулсан.
Гэрээгээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу манай тал 25,000 ширхэг AG Covid-19 Rapid Test нэртэй түргэвчилсэн оношлуурыг 2023 оны 7 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд нийлүүлэх, захиалагч тал болон Э ХК тухайн барааг хуваарийн дагуу тоо хэмжээгээр хүлээн авч, төлбөр төлөх үүргийг тус тус харилцан хүлээсэн.
Э ХК нь 2022 оны эцсийн байдлаар 10,000 ширхэг оношлуурыг хуваарийн дагуу захиалан авсан. Манай компаниас 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 407/22а тоот албан бичгээр үлдэгдэл 15,000 ширхэг оношлуурыг худалдан авах хуваарийг гаргаж өгөх тухай албан бичгийг тус компанид хүргүүлсэн. Тус албан бичгийн дагуу Э ХК-ийн Хөдөлмөрийн Эрүүл мэндийн албаны дарга Т.Даваадорж 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр ......цахим шуудангийн хаягаас өөрийн компанийн ажилтан Б.Намжилмаагийн ...... хаягт илгээсэн ...дараагийн татан авалтыг 2 дугаар сард 2000 ширхэг, 5 дугаар сард 2000 ширхгийг тус тус татан авах хүсэлтэй байна." гэсэн дотооддоо харилцсан цахим шууданг Б.Намжилмаа Чо тр ХХК-ийн ерөнхий менежер М.Болорцэцэгийн .....цахим шуудангийн хаягт дамжуулан /forward/ ирүүлсэн байдаг.
Улмаар 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ...Тандалтын шинжилгээг авахгүй буюу шаардахгүй болж байгаа тул Чо тр ХХК-иас түргэвчилсэн тест татан авах тухай 2 удаагийн хуваарийг хүчингүй болгох санал хүргүүлж байна гэсэн тухайн байгууллага дотооддоо харилцсан цахим шууданг мөн дээрх байдлаар манай компанид ирүүлсэн.
Манай компаниас 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 015/23а тоот албан бичгээр дээрх гэрээгээр худалдан авахаар тохирсон барааны үлдэгдэл 15,000 ширхэг оношлуурыг хүлээн авч, барааны үнэ болох 180,000,000 төгрөгийг гэрээний үлдэгдэл хугацаанд төлж гэрээний үүргээ биелүүлэхийг урьдчилан сануулсан.
Гэвч Э ХК-иас өнөөдрийг хүртэлх хугацаанд бидэнд хариу өгөөгүй байгаа юм. Гэрээний хугацаа удахгүй дуусахын зэрэгцээ тус компанид гэрээний дагуу нийлүүлэхээр импортолж авсан 15,000 ширхэг түргэвчилсэн оношлуурын үйлдвэрийн баталгаат хугацаа дуусахаар байна. Ийнхүү Э ХК нь гэрээний үүргээ зөрчсөнөөс буюу гэрээгээр худалдаж авахаар тохирсон оношлуураа зохих ёсоор, хугацаандаа аваагүйгээс үүдэж 15,000 ширхэг AG Covid-19 Rapid Test түргэвчилсэн оношлуурын үнэ болох 180,000,000 төгрөгийн хохирол манай компанид учраад байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс нэхэмжлэгч талын гаргасан хүсэлтийн хангаж, 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Чо тр ХХК-ийн агуулахад үзлэг хийн, худалдах, худалдан авах гэрээгээр нийлүүлэх ёстой байсан ковид-19 халдварт өвчний түргэвчилсэн оношлуурын хугацаа дууссан үйл баримтыг баримтжуулж, тэмдэглэл үйлдэн баталгаажуулсан.
Маргаж буй гэрээний зүйл болох ковид-19 халдварт өвчний түргэвчилсэн оношлуурын хугацаа дууссанаас үүдэн тухайн барааг эмнэлгийн хог хаягдал устгадаг тусгай компанид өгч устгалд оруулах шаардлага үүсэж түргэвчилсэн оношлуурыг 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр "Элемент медикал ХХК-д өгч устгалд оруулсан байдаг. Тухайн оношлуурыг устгалд оруулахад нийт 462,300 төгрөгийн зардал гарсан.
Хариуцагч компани нь гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлсэн бол ийм зардал үүсэхгүй бөгөөд энэхүү зардал нь гэрээний үүргээ зөрчсөн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.
Иймд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2 дахь хэсгийг үндэслэн Э ХК-тай 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан ЭЭТХК/002/001 дугаар бүхий худалдах худалдан авах гэрээг цуцалж, гэрээг цуцалсантай холбогдон учирсан хохирол буюу тухайн этгээдийн гэрээгээр худалдаж авахаар тохирсон 25,000 ширхэг Ковид-19 халдварт өвчний түргэвчилсэн оношлуурын үлдэгдэл болох 15,000 ширхэг оношлуурын үнэ 180,000,000 төгрөг, түргэвчилсэн оношлуурыг устгалд оруулсан 462,300 төгрөг нийт 180,462,300 төгрөгийн хохирлыг мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Э ХК-иас гаргуулж өгнө үү гэв.
2.Хариуцагч Э ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Э ХК-ийн 2022 оны худалдан авалтын төлөвлөгөөнд нийт 7 хоногийн 450 ширхэг, 1 жилд буюу 53 долоо хоногт 24,000 ширхэг түргэвчилсэн оношлуурыг хэрэглэх тооцоолол урьдчилсан байдлаар хийгдсэн бөгөөд Дотоодын цэргийн 810 дугаар ангийн алба хаагч нарын тандалтын шинжилгээг давхар хийж байсан тул 2022 онд авах боломжтой түргэвчилсэн оношлуурын дээд хэмжээг нийт 25,000 ширхэг гэж үзэж, 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн..... дугаартай ерөнхий гэрээг байгуулсан.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.23-д "ерөнхий гэрээ" гэж захиалагч нь байнгын хэрэгцээтэй бараа, үйлчилгээг нэг ба түүнээс дээш нийлүүлэгч, үйлчилгээ үзүүлэгчтэй 3 хүртэл жилийн хугацаанд үнэ болон бусад нөхцөлийг тохирч байгуулсан гэрээг хэлэхээр заасан бөгөөд дээрх ерөнхий гэрээгээр 1 жилийн хугацаанд 25,000 ширхэг түргэвчилсэн оношлуурыг гүйцэтгэлээр авахаар тохирч, гэрээний үнэ болох 300,000,000 төгрөг нь санхүүжилтийн нийт үнэ байхаар тусгасан.
Компанийн Хөдөлмөрийн аюулгүй байдлын зөвлөлийн хурлаар ажилчдын төлөөллөөс гаргасан саналын дагуу, коронавируст халдварыг илрүүлэх түргэвчилсэн шинжилгээний арга хэмжээг цуцлан зөвхөн ээлж татах үед нэг удаа шинжилгээ хийгдэж, 7 хоногт 150 орчим, 1 сард 600 ширхэг түргэвчилсэн оношлуурыг зарцуулахаар байсан тул түргэвчилсэн оношлуурын хэрэгцээ шаардлага багассан.
Улмаар хилийн боомтын захиргаа Гашуун сухайт дахь шуурхай штабаас 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Иргэд, аж ахуйн нэгжүүдээс үндсэн болон тандалтын шинжилгээг авахгүй буюу шаардахгүй тухай мэдэгдэл ирүүлж, бүх төрлийн тандалтын шинжилгээг зогсоосон учир дахин оношлуурын нөөц бүрдүүлэх хэрэгцээ шаардлага үүсээгүй тул захиалга өгөөгүй, татан авалт хийгээгүй болно. Ерөнхий гэрээнд заасны дагуу барааг гүйцэтгэлээр нийлүүлэхээр тохиролцсон бөгөөд 15,000 ширхэг түргэвчилсэн оношлуурыг авах захиалгыг "Э " ХК-ийн зүгээс гаргаагүй байхад нэхэмжлэгчээс "...хугацаандаа аваагүйгээс үүдэж 15,000 ширхэг түргэвчилсэн оношлуурын үнэ болох 180,000,000 төгрөгийн хохирол манай компанид учраад байна..." гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм.
Мөн түргэвчилсэн оношлуурыг устгалд оруулсан зардал болох 462,300 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй.
Иймд нэхэмжлэгч Чо тр ХХК-ийн Э ХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3.Нэхэмжлэгч талаас дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:
3.1. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-6/
3.2 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн гэрээ /хх-8-9/
3.3 Ерөнхий гэрээний дагуу худалдан авах гэрээ /хх-12-14/
3.4 Э ХК-д хүргүүлсэн албан бичгүүд /хх-15-18/
3.5 Зарлагын падаан /хх-19-20/
4. Хариуцагч талаас дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:
4.1 Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-31/
4.2 Э ХК-ийн компанийн дүрэм /хх-32-34/
4.3 Монгол Улсын Засгийн газрын 385 дугаар тогтоол /хх-35/
4.4 Монгол Улсын Их хурлын 28 дугаар тогтоол /хх-36/
4.5 Ерөнхий гэрээний дагуу худалдан авах гэрээ /хх-37-38/
4.6 Мэдэгдэл /хх-39/
5. Шүүхээс зохигч талуудын хүсэлтээр 2023 оны 12 дугаар сарын 16-ны өдөр, 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр тус үзлэг хийсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Чо тр ХХК нь хариуцагч Э ХК-д холбогдуулан худалдах худалдан авах гэрээг цуцалж, гэрээг цуцалсантай холбогдон учирсан хохиролд 180,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд анх гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлээ дэмжиж, хохиролд 462,300 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч Чо тр ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, Э ХК нь 2022 оны эцсийн байдлаар 10,000 ширхэг оношлуурыг хуваарийн дагуу захиалан авсан боловч үлдэх 15,000 ширхэг оношлуурыг худалдан аваагүй.
Гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг хариуцагч талд удаа дараа мэдэгдэж байсан боловч үүргээ биелүүлээгүйн улмаас оношлуурын үйлдвэрийн баталгаат хугацаа дуусаж, 180,000,000 төгрөгийн хохирол учирсан.
Мөн 462,300 төгрөгөөр уг хугацаа дууссан түргэвчилсэн оношлуурыг эмнэлгийн хог хаягдал устгадаг тусгай компанид өгч устгалд оруулсан.
Иймд талуудын хооронд байгуулсан худалдах худалдан авах гэрээг цуцалж, учирсан хохирлоо арилгуулна гэж тайлбарлав.
3. Хариуцагч Э ХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, Компанийн 2022 оны худалдан авалтын төлөвлөгөөнд нийт 7 хоногийн 450 ширхэг, 1 жилд буюу 53 долоо хоногт 24,000 ширхэг түргэвчилсэн оношлуурыг хэрэглэх тооцоолол урьдчилсан байдлаар хийгдсэн бөгөөд Дотоодын цэргийн 810 дугаар ангийн алба хаагч нарын тандалтын шинжилгээг давхар хийж байсан тул 25,000 ширхэг гэж үзэн ерөнхий гэрээг байгуулсан.
Компанийн Хөдөлмөрийн аюулгүй байдлын зөвлөлийн хурлаар ажилчдын төлөөллөөс гаргасан саналын дагуу, коронавируст халдварыг илрүүлэх түргэвчилсэн шинжилгээний арга хэмжээг цуцлан зөвхөн ээлж татах үед нэг удаа шинжилгээ хийгдэж, 7 хоногт 150 орчим, 1 сард 600 ширхэг түргэвчилсэн оношлуурыг зарцуулахаар байсан тул түргэвчилсэн оношлуурын хэрэгцээ шаардлага багассан.
Улмаар хилийн боомтын захиргаа Гашуун сухайт дахь шуурхай штабаас 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Иргэд, аж ахуйн нэгжүүдээс үндсэн болон тандалтын шинжилгээг авахгүй буюу шаардахгүй тухай мэдэгдэл ирүүлж, бүх төрлийн тандалтын шинжилгээг зогсоосон учир дахин оношлуурын нөөц бүрдүүлэх хэрэгцээ шаардлага үүсээгүй тул захиалга өгөөгүй, татан авалт хийгээгүй.
Ерөнхий гэрээнд заасны дагуу барааг гүйцэтгэлээр нийлүүлэхээр тохиролцсон бөгөөд 15,000 ширхэг түргэвчилсэн оношлуурыг авах захиалгыг "Э " ХК-ийн зүгээс гаргаагүй байхад хохирол нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэж татгалзан, маргажээ.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Чо тр ХХК нь Төрийн Худалдан авах ажиллагааны газраас зарласан ТХААГ/202107004 Коронавируст халдвар (Ковид-19)-ын эсрэг эмчилгээнд нэн шаардлагатай умифеновир, ремдесивир, фавипиравир зэрэг вирусийн эсрэг эм, түргэвчилсэн болон ПГУ шинжилгээний оношлуурыг ерөнхий гэрээгээр худалдан авах төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн ажилд шалгарч гэрээ байгуулах эрхийг авсан байх бөгөөд Чо тр ХХК болон Төрийн Худалдан авах ажиллагааны газрын хооронд 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Коронавируст халдвар (Ковид-19)-ын эсрэг эмчилгээнд нэн шаардлагатай умифеновир, ремдесивир, фавипиравир зэрэг вирусийн эсрэг эм, түргэвчилсэн болон ПГУ шинжилгээний оношлуурыг худалдан авах ерөнхий гэрээ нэртэй, ТХААГ/202107004/ЕГ/01/10 дугаартай гэрээ байгуулагджээ.
Дээрх гэрээг үндэслэн нэхэмжлэгч Чо тр ХХК, хариуцагч Э ХК нь 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Ерөнхий гэрээний дагуу худалдан авах гэрээ нэртэй,..... дугаартай гэрээг байгуулж, худалдагч нь 1 ширхэг нь 12,000 төгрөгийн үнэ бүхий 25,000 ширхэг Ковид-19 рапид тестийг гэрээ байгуулагдсанаас хойш 1 жилийн хугацаанд худалдан авагчаас захиалга өгснөөс хойш 7 хоногийн дотор нийлүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнэ болох 300,000,000 төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээж харилцан тохиролцсон байна.
Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.
Талууд хэн аль нь гэрээ байгуулсан талаар маргаагүй байх тул тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзлээ.
5. Зохигч талууд худалдах худалдан авах гэрээний дагуу нэхэмжлэгч Чо тр ХХК-аас 10,000 ширхэг түргэвчилсэн оношлуурыг хариуцагч Э ХК-д нийлүүлсэн талаар маргаагүй.
Гэрээний үүргийн зөрчил үүссэн эсэх, нэхэмжлэгчид хохирол учирсан эсэх нь талуудын маргааны зүйл болсон байна.
6.Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт заасан үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх зарчмыг зөрчсөн нь гэрээний үүргийн зөрчил болно.
Хариуцагч талаас 15,000 ширхэг түргэвчилсэн оношлуурыг авах захиалгыг Э ХК-ийн зүгээс гаргаагүй байхад нэхэмжлэгчид 15,000 ширхэг түргэвчилсэн оношлуурын үнэ болох 180,000,000 төгрөгийн хохирол учирсан гэж тайлбарласан нь үндэслэлгүй гэж татгалзжээ.
ЭТТХК/002/001 дугаартай худалдах худалдан авах гэрээний 2.4-т талууд гэрээ байгуулагдсанаас хойш 1 жилийн хугацаатай гүйцэтгэлээр нийлүүлэх ба захиалагч захиалга өгснөөс хойш 7 хоногийн дотор барааг нийлүүлнэ гэж харилцан тохиролцсон байна.
Хариуцагч талаас 15,000 ширхэг түргэвчилсэн оношлуурыг нийлүүлэх захиалгыг нэхэмжлэгч талд хүргүүлээгүй байх хэдий ч талууд гэрээний хугацааг 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс 1 жилийн хугацаатай байгуулсан, нэхэмжлэгч 2023 оны 7 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан зэргээс үзвэл хариуцагч талыг гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.
Шүүх хариуцагч талын хүсэлтээр ...... цахим хаягт үзлэгийн ажиллагаа явуулсан байх ба үзлэгийн тэмдэглэлээс үзвэл 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хариуцагч Э ХК-ийн Хөдөлмөрийн Эрүүл мэндийн албаны дарга Т.Даваадоржийн ......цахим шуудангийн хаягаас өөрийн компанийн ажилтан Б.Намжилмаагийн ...... хаягт илгээсэн ...дараагийн татан авалтыг 2 дугаар сард 2000 ширхэг, 5 дугаар сард 2000 ширхэгийг тус тус татан авах хүсэлтэй байна, 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ...Тандалтын шинжилгээг авахгүй буюу шаардахгүй болж байгаа тул Чо тр ХХК-иас түргэвчилсэн тест татан авах тухай 2 удаагийн хуваарийг хүчингүй болгох санал хүргүүлж байна, Хилийн боомтын захиргаа Гашуунсухайт дахь шуурхай штабын мэдэгдлийг тус тус Б.Намжилмаагаас нэхэмжлэгч талд цахим шуудангаар хүргүүлсэн байна.
Талууд дээрх байдлаар цахим шуудангаар харилцахдаа тэдгээрийн хооронд байгуулсан гэрээг дуусгавар болгох эсэх талаар хэн аль нь мэдэгдээгүй байхаас гадна хариуцагч талаас 2 удаагийн хуваарийг хүчингүй болгох санал хүргүүлснийг гэрээг дуусгавар болгохоор мэдэгдэл хүргүүлсэн гэж үзэхгүй.
Нэхэмжлэгч нь 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Нийлүүлэлтийн тухай, 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Гэрээ биелүүлэх тухай, 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Шаардлага хүргүүлэх тухай албан бичгийг тус тус хариуцагчид хүргүүлж 15,000 ширхэг түргэвчилсэн оношлуурыг худалдан авах хуваарийг гаргаж өгөх, оношлуурыг хүлээн авч гэрээний үүргээ биелүүлэхийг шаардсан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2 дахь хэсэгт заасан үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацааг нэхэмжлэгчээс тогтоосон гэж үзэхээр байна.
Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3 дахь хэсэгт Гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал зөвхөн энэ хуулийн 219.3, 225.2-т заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцалж болно, мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.2 дахь хэсэгт Үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ. гэж тус тус заажээ.
Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн..... дугаартай худалдах худалдан авах гэрээг хариуцагчийн үүргийн зөрчилтэй холбоотойгоор хугацаанаас нь өмнө цуцалж, дуусгавар болгосон нь хууль зөрчөөгүй гэж үзэх үндэслэлтэй байна.
7. Гэрээний үүргийн зөрчил ба хохирлын хооронд шалтгаант холбоотой байж, хариуцагчийн гэм буруу тогтоогдсон нөхцөлд хохирлыг нөхөн төлүүлнэ.
Энэ талаар Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.2-т зааснаар гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй, харин гэрээнээс татгалзсан явдалд нөгөө тал нь буруугүй бол энэхүү хохирол шаардах үндэслэл хамаарахгүй гэж зохицуулсан.
Хариуцагч талаас түргэвчилсэн оношлуурыг хүлээн аваагүй нэг үндэслэлээ Хилийн боомтын захиргаа, Гашуунсухайт дахь шуурхай штабаас ХӨСҮТ-ийн ПГУ шинжилгээг зогсоохоор шийдвэрлэсэн, өөрөөр хэлбэл нүүрс тээвэрлэх жолооч нарт түргэвчилсэн шинжилгээний арга хэмжээ шаардахаа больсон гэж тайлбарласан.
Хэрэгт авагдсан 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн үзлэгийн тэмдэглэлд Э ХК-ийн Хөдөлмөрийн Эрүүл мэндийн албаны дарга Т.Даваадоржийн цахим шуудангийн хаягаас өөрийн компанийн ажилтан Б.Намжилмаагийн цахим хаягт илгээсэн ...Хөдөлмөрийн аюулгүй байдлын зөвлөлийн 3 дугаар улирлын хурлаар ажилчдын төлөөллөөс гаргасан саналын дагуу Коронавируст халдварын үеийн авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээний төлөвлөгөөнд 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдөр өөрчлөлт оруулсан, салбарт 7 хоног бүрийн бямба гарагт хийгддэг байсан короновируст халдварыг илрүүлэх түргэвчилсэн шинжилгээний арга хэмжээг цуцлан зөвхөн ээлж татах үед нэг удаа шинжилгээ хийгдэж байгаа тул түргэвчилсэн оношлуурын хэрэглээ багассан.
Тиймээс долоо хоногт Цагаан хад болон төв оффис дээр хийж буй шинжилгээний явцыг дүгнэхэд 7 хоногт 150 орчим, 1 сард 600 ширхэг түргэвчилсэн оношлуурын хэрэглээ багассан... гэх цахим шуудан болон хариуцагчийн хариу тайлбараас үзвэл Монгол Улсын хилээр нэвтэрч буй ажилчдаас гадна тус компанийн төв оффисийн ажилчдад түргэвчилсэн оношлуурыг хэрэглэж байсан үйл баримт тогтоогдож байх тул энэ талаарх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.
Иймд хариуцагч гэрээнд заасан хугацаанд үүргээ биелүүлээгүй нь үүргийн зөрчил болох ба уг зөрчил нь гэрээг цуцлахад хариуцагчийг буруутай гэж үзэх үндэслэл болох тул нэхэмжлэгч нь ийнхүү гэрээг цуцлахад учирсан хохирлыг хариуцагчаас шаардах эрхтэй.
8. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар дагуу үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцохоор байна.
2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн үзлэгийн тэмдэглэлээс үзвэл тухайн үзлэг хийх өдрийн байдлаар нэхэмжлэгч Чо тр ХХК-ийн агуулахад AG Covid-19 Rapid Test 8500 ширхэг байх ба 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр түргэвчилсэн оношлуурын хугацаа дууссан байна.
Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч талаас 6500 ширхэг түргэвчилсэн оношлуурыг бусад этгээдэд өгсөн талаар тайлбарласан.
Дээрх хуульд зааснаар нэхэмжлэгчид учирсан хохирлыг 8500 ширхэг түргэвчилсэн оношлуурын хэмжээнд тооцон хариуцагчаас 102,000,000 /8,500 ширхэг* 12,000 төгрөг/ төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.
9. Түүнчлэн хариуцагч гэрээний үүргийн зөрчил гаргаснаар түргэвчилсэн оношлуурын хугацаа дуусаж, 462,300 төгрөгөөр оношлуурыг Элемент медикал ХХК-аар устгуулсан болох нь хэрэгт авагдсан Нэхэмжлэх, Эмийн хог хаягдлын устгалын акт, барааг актлав гэх нэхэмжлэгч компанийн Зарлагын баримт зэргээр тогтоогдож байна.
10. Иймд хариуцагч Э ХК-аас худалдах худалдан авах гэрээ цуцалсны улмаас учирсан хохиролд нийт 102,462,300 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Чо тр ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 78,000,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.
11.Нэхэмжлэгч Чо тр ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 1,072,469 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э ХК-аас 670,261 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Чо тр ХХК-д олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Э ХК-аас худалдах худалдан авах гэрээ цуцалсны улмаас учирсан хохиролд 102,462,300 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Чо тр ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 78,000,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар Нэхэмжлэгч Чо тр ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 1,072,469 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э ХК-аас 670,261 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Чо тр ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ