Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 42

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Л.Одончимэг даргалж

Нарийн бичгийн дарга Г.Нямаа

Улсын яллагч Д.Баянмөнх

Хохирогч Б.Ганбаатар

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Лхам

Шүүгдэгч Т.Цэвэгсүрэн нарыг оролцуулан, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх  хуралдаанаар

 

   Дундговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Рааш овогт Төмөр-Очирын Цэвэгсүрэнд холбогдох эрүүгийн 201712000108 дугаартай хэргийг 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

    Шүүгдэгчийн биеийн байцаалт:

    Монгол Улсын иргэн, 1988 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр  Дундговь аймгийн Цагаандэлгэр суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 1, Дундговь аймгийн Баянжаргалан сумын 3 дугаар баг, Чулуутын 1 дүгээр гудамжны 6 тоотод түр оршин суух, Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 2 дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй гэх Рааш овогт Төмөр-Очирын Цэвэгсүрэн /регистрийн дугаар ЗН88111010/

 

    Шүүгдэгч Т.Цэвэгсүрэн нь 2017 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Дундговь аймгийн Баянжаргалан сумын 2 дугаар багийн “Баянхошуу” гэх газарт иргэн Б.Ганбаатартай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний эрүүл мэндэд санаатай халдаж, бүсэлхийн 1 дүгээр нугалмын хугарал гэмтэл буюу хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

ТОДОРХОЙЛОХ  нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүгдэгч Т.Цэвэгсүрэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Б.Ганбаатар, Ц.Дуйнхоржав ах 2 ирээд хамт айлд адуу хүргэж өгөх гээд явсан. Айлд очоод 1 шил архи уусан. Би Ц.Дуйнхоржав ахтай тоглоод “та хаашаа хараад байгаа юм бэ” гэхэд Б.Ганбаатар ах намайг шалдан банди гэх мэтээр хэлэхээр нь айлд муудалцаад яахав гээд гэрээс гарцгаасан. Гараад миний уруулруу нэг цохисон, уруулаа дараад эргэтэл чихрүү цохисон. Чихнээс цус гарахаар нь зөрүүлээд цохисон. Ц.Дуйнхоржав ах гарч ирээд бид 2-ыг салгасан. Намайг машины хажууд тамхи татаад сууж байхад эргээд надруу дайрахаар нь би нэг өшиглөхөд газар унасан, миний буруугаас нуруу нь гэмтсэн тул цаашид гарах эмчилгээний зардлыг төлөх болно гэв.

 

Хохирогч Б.Ганбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 10 цагийн үед хөдөө явсан. Очоод нэг шил архи задлаад амссан. Т.Цэвэгсүрэн Ц.Дуйнхоржавыг “хаашаа хараад байгаа юм” гэхээр нь “чи ингэж болохгүй” гэж хэлтэл намайг цохисон. Газар ойчиход нуруун дээр дэвссэн. Босч ирээд “Чи яаж байгаа юм” гэхэд “өш хонзонгоо авч байна” гэж хэлсэн. Тэгээд хүүгийндээ хүргүүлж түргэн дуудсан. Хохиролд баримтаар нэхэмжилсэн 531607 төгрөгөөс одоо шүүх хуралд 352000 төгрөгийг хүлээж авч байна, харин 180000 төгрөгийг би хүлээж аваагүй. Мөн цаашид гарах эмчилгээний зардалд 3790000 төгрөг /эмчийн үзлэг 20000, ор хоног 1360000, эмэн эмчилгээ 120000, дүрс оношилгооны шинжилгээний төлбөрт 450000, сэргээн засах эмчилгээ 760000/, шатахууны зардал 70400 төгрөгийг нэхэмжилж байна.  Мөн хувиараа хөдөлмөр эрхэлж орлого олдог байсан. Гэмтэл авснаас хойш ажил хийгээгүй тул хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож 4 сар олох байсан орлогоо нэхэмжилж байна. Хот явахад зарцуулсан гэх шатахууны зардал 180000, шүүх хуралдааны үед 352000 төгрөгийг бэлнээр хүлээлгэж өгсөнийг тус тус нэхэмжилсэн хохирлоос хасч тооцно гэв.

 

Гэрч Б.Даваасүрэнгийн хэрэг бүртгэлтийн  шатанд өгсөн “...2017 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Баянжаргалан сумын төвд явж байхад Ц.Дуйнхоржав, Б.Ганбаатар, Т.Цэвэгсүрэн нар ачааны машин дээр адуу ачиж авч яваад над дээр ирж “хөдөө ойрхон Баянхошуу гэдэг газарт айлд адуу хүргэж өгөөд ирье” гэхээр нь би зөвшөөрөөд хамт Баянжаргалан сумаас зүүн хойш 13 орчим км-т байх Сампил гэх айлд очсон...бид хэд хороон дээр 0.75 литрийн “ерөөл” нэртэй архины талыг уугаад үлдсэн архиа Сампилын илүү гэрт нь уусан. Архи ууж дуусаад байж байтал Т.Цэвэгсүрэн Ц.Дуйнхоржав ахаар тоглоод “та хаашаа хараад байгаа юм” гэж асуухад хажуунаас нь Б.Ганбаатар “чи яах гэж хүн тэгж хэлж байдаг юм бэ” гэж хэлээд хоёулаа гараад явсан… Сампилын эхнэр Б.Ганбаатар, Т.Цэвэгсүрэн хоёрыг муудалцаад байна гэж хэлэхээр нь гараад хартал Б.Ганбаатар ахын хамраас цус гарсан, Т.Цэвэгсүрэнгийн зүүн талын чихнээс нь цус гарсан байхаар нь Т.Цэвэгсүрэнг машины хажууд суулгасан…эргээд гэрээс гарч ирэхэд Б.Ганбаатар ах нуруу өвдөөд байна гэхэд нь С.Пүрэвмаа “Б.Ганбаатар ахыг Б.Ундрахбаярынд хүргэж өгөөд түргэн дууд” гэхээр нь хүргэж өгсөн. Б.Ганбаатар ах сумын төвөөс гарч яваад Сампилынд очихдоо бие өвдөж байна гэж хэлээгүй… Т.Цэвэгсүрэнтэй муудалцсанаас дараа нуруу өвдөөд байна гэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/

 

Гэрч Г.Ундрахбаярын хэрэг бүртгэлтийн  шатанд өгсөн “…2017 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Баянжаргалан сумын 1 дүгээр баг “Улаан-Овоо” гэх газар гэртээ байхад Ц.Дуйнхоржав, Б.Даваасүрэн нар аав Б.Ганбаатарыг машинтай хүргэж ирсэн...аав хэлэхдээ Т.Цэвэгсүрэнтэй муудалцаад нуруу эвгүй болчихлоо гэхээр нь түргэн тусламж дуудсан, өмнө нь нуруу өвдлөө гэж юм ярьдаггүй байсан…” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23/

 

Гэрч С.Сампилноровын хэрэг бүртгэлтийн  шатанд өгсөн “..2017 оны 6 дугаар сарын 3-ны өдөр 12 цагийн үед Баянжаргалан сумын 2 дугаар багийн нутаг ‘Баянхошуу’’ гэх газарт гэртээ байхад Ц.Дуйнхоржав, Б.Ганбаатар, Б.Даваасүрэн, Т.Цэвэгсүрэн нар ачааны машинтай адуу ачиж ирсэн…тэр үед 0.75 литрийн “ерөөл” нэртэй архи надад өгөхөөр нь би амсчихаад адуугаа холбох гээд орсон. Тэр хэд манай гэрлүү явсан. Би адуугаа холбож дуусаад гэртээ очиход Б.Ганбаатар ахын хамраас нь цус гарсан, муудалцсан бололтой байхаар нь гэрт ороод хазаар, ногт, чөдөр аваад гарч ирэхэд нуруугаа дараад ёолоод сууж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24/

 

Гэрч С.Пүрэвмаагийн хэрэг бүртгэлтийн  шатанд өгсөн “...2017 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн үдээс өмнө Баянжаргалан сумын 2-р баг “Баянхошуу” гэх газарт гэртээ байхад Б.Ганбаатар, Ц.Дуйнхоржав, Б.Даваасүрэн, Т.Цэвэгсүрэн нар ачааны машинтай адуу ачиж ирээд хороон дээр буулгаад, манай нөхөр С.Сампилноровын хамт тэр адуунуудыг тамгалсан. Т.Цэвэгсүрэн Б.Ганбаатарыг “намайг гуйлгачин гэсэн биздээ” гэсэн чинь Б.Ганбаатар Т.Цэвэгсүрэнг “гарч уулзъя” гээд хамтдаа гарсан. Удалгүй гадаа түчигнэхээр нь гараад хартал Б.Ганбаатар ах бөгсөөрөө газар суусан хамраас нь цус гарсан байхаар нь гэрт байсан хүмүүст тэр хоёр муудалцаад байна гэж хэлсэн...Б.Ганбаатар нуруугаа дараад суусан, Т.Цэвэгсүрэнгийн зүүн талын чихнээс цус гарсан байсан…” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26/

 

Гэрч Ц.Дуйнхоржавын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “2017 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Б.Ганбаатар, Б.Даваасүрэн, Т.Цэвэгсүрэн нарын хамт Баянжаргалан сумын 2-р баг “Баянхошуу” гэх газарт С.Сампилноровынд адуу хүргэж өгөхөөр явсан...намайг гэрээс гарч ирэхэд Б.Ганбаатарын нүүр нь цус болсон, хоёр гарыг нь Т.Цэвэгсүрэн бариад гэдсэн дээр сууж байсан...Т.Цэвэгсүрэнгийн зүүн талын чихнээс цус гарсан байсан...Б.Ганбаатар нуруу өвдөөд байна гээд намайг түшээд угаалтуур дээр очоод “зогсож чадахгүй байна” гээд явган сууж гар нүүрээ угаагаад босох гэсэн чинь чадахгүй “нуруу өвдөөд байна” гэхээр нь Б.Даваасүрэнтэй хамт хажуунаас нь дэмжээд машинд суулгаад Г.Ундрахбаярынд хүргэж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 27/

 

 Гэрч Г.Амарын  хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “..2017 оны 6 дугаар сарын 3-ны өдөр...Б.Ганбаатар гэх хүн машинаасаа бууж чадахгүй, бүсэлхий нуруугаараа хөдөлж чадахгүй байдалтай ирсэн...үзлэг хийгээд нурууны гэмтэл гэж үзсэн учраас хотруу онош нарийвчлах шаардлагатай гээд Гэмтэл согогийн төв эмнэлэгрүү явуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 28/

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн  7554 дугаартай дүгнэлтэд:

1. Б.Ганбаатарын биед бүсэлхийн 1-р нугалмын хугарал, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой” гэжээ /хх-ийн 30/

- Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 53/

 

Дундговь аймгийн Баянжаргалан сумын үнэлгээний комиссын эд зүйлд үнэлгээ хийсэн актад “Ишигтэй эм ямаа 3 ширхэг тус бүр 70000 төгрөг, хургатай хонь 5 ширхэг тус бүр нь 120000 төгрөг” гэжээ /хх-ийн 35/

 

- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 55/

 

- Хохирогч Б.Ганбаатарт учирсан хохирлын талаархи баримтууд /хх-ийн 64-77/ зэрэг болно.

 

   Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

    Шүүгдэгч Т.Цэвэгсүрэн нь 2017 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Дундговь аймгийн Баянжаргалан сумын 2 дугаар багийн “Баянхошуу” гэх газарт иргэн Б.Ганбаатартай маргалдаж, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хохирогч Б.Ганбаатар нь шүүх хуралдаанд шүүгдэгч Т.Цэвэгсүрэнгээс цаашид гарах эмчилгээний зардалд 3790000 төгрөг /эмчийн үзлэг 20000, ор хоног 1360000, эмэн эмчилгээ 120000, дүрс оношилгооны шинжилгээний төлбөрт 450000, сэргээн засах эмчилгээ 760000/, шатахууны зардал 70400 төгрөгийг болон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож 4 сар олох байсан орлогоо нэхэмжилж, “хот явахад хэрэглэсэн шатахууны зардал 180000 төгрөг болон шүүх хуралдаанд бэлнээр хүлээлгэж өгсөн 352000 төгрөгийг хохирлоос хасч тооцно” гэж мэдүүлж байна.

 

Иймд шүүгдэгч Т.Цэвэгсүрэн нь хохиролд хохирогч Б.Ганбаатарт 532000 төгрөг төлснийг дурдаж, хохирогчийн нотлох баримтаар нэхэмжилсэн 70400 төгрөгийг шүүгдэгч Т.Цэвэгсүрэнгээс гаргуулж хохирогчид олгон, хохирогч Б.Ганбаатар нь цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэлээ.

 

     Шүүгдэгч Т.Цэвэгсүрэн нь хохирогчид учирсан бодит хохирлыг нөхөн төлсөн байх тул мөрдөгчийн 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгохоор шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Т.Цэвэгсүрэн нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч Т.Цэвэгсүрэн нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.  

 

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

           1. Шүүгдэгч Рааш овогт Төмөр-Очирын Цэвэгсүрэнг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Т.Цэвэгсүрэнг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгож шийтгэсүгэй.

 

         3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Т.Цэвэгсүрэнд оногдуулсан 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг 1 /нэг/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Т.Цэвэгсүрэн нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол  хорих ялаар солихыг тайлбарласугай. 

 

5. Шүүгдэгч Т.Цэвэгсүрэн нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2, Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Цэвэгсүрэнгээс 70400 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Ганбаатарт олгож, хохирогчийн нэхэмжилсэн цаашид гарах эмчилгээний зардал 3790000 төгрөг, олох байсан орлоготой холбогдох хэсгийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг хохирогч Б.Ганбаатарт тайлбарласугай.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т.Цэвэгсүрэнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй. 

 

        

 

                                                                                                                                     

                              ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ