Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 2089

 

МАГАДЛАЛ

2019.12.13                                                 Дугаар 2089                                    Улаанбаатар хот

 

 

 

 

Б.О-ийн нэхэмжлэлтэй                                                                                             иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ш.Оюунханд, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,                                                      2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 184/ШШ2019/02289 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Б.О-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: НШШГГ-т холбогдох,

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Г,

Гуравдагч этгээд: Э.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Одонтуяа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Сонгинохайрхан дүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 184/ШШ2017/00528 дугаар захирамжаар Б.О-ээс 37 041 683 төгрөгийг гаргуулж Э.Э-д олгохоор шийдвэрлэж, төлбөр төлөгч Б.О-ийн улсын бүртгэлийн Ү-2201028150 дугаар бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Хилчин хотхон 15 дугаар байрны 64 тоотод байршилтай, 44.59 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг битүүмжилж, 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 4/6664 тоот мэдэгдлээр төлбөр төлөгч Б.О-ээс дээрх хөрөнгийн үнийн саналыг хүргүүлэхийг мэдэгдсэний дагуу 78 000 000 төгрөгөөр үнэлэх санал мэдэгдэхэд төлбөр авагч Э.Э эс зөвшөөрч хөрөнгийн үнэлгээний шинжээч томилуулах хүсэлт гаргасны дагуу 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 100 дугаар шинжээч томилох тогтоолоор "МОТ " ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээчийн дүгнэлтийг 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр шийдвэр гүйцэтгэгч Г.Г-т хүлээлгэн өгсөн бөгөөд төлбөр авагч Э.Э-д 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр дүгнэлтийг танилцуулсан. Харин төлбөр төлөгч Б.О-т 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр мэдэгдлийгхүргүүлснийг Б.О нь 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авсан. Гэтэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дах хэсэг, мөн зүйлийн 55.7 дах хэсэгт тус тус заасны дагуу Б.О нь дээрх мэдэгдлийг 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр авснаараа хуульд заасан гомдол гаргах эрхээ алдсан учраас хууль бус шинжээчийн дүгнэлт хүчин төгөлдөр болсон тул 37 400 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Э.Э-ын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Шүүхийн шийдвэр гарснаас хойш 2 жил 6 сар өнгөрч байхад үүргээ биелүүлэхгүй, хугацаа сунжруулж, улмаар үнэлгээний талаар гомдол гаргаад байгааг зөвшөөрөхгүй. Өөрсдөө 78 000 000 төгрөгөөр зарж болох байсан атал байраа зарж, төлбөрөө төлөөгүй шийдвэр гүйцэтгэхээс зайлсхийж, гэрт нь очихоор оруулахгүй саад учруулсаар ирсэн. Харин ч тухайн орон сууц нь уурын зуухаар халдаг, хотын захад байрлалтай боловч өндөр үнэлэгдсэн байгаа. Иймд түүнийг төлбөрөө төлөхөөс зайлсхийж байгаа гэж үзэж байна. Мөн хуулийн хугацаа хэтрүүлээд шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Тусгай зөвшөөрөлтэй хөрөнгийн үнэлгээний байгууллага үнэлгээг гаргасан бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасныг баримтлан, НШШГГ-ын Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Хилчин хотхон 15 дугаар байрны 64 тоотод байрлах орон сууцыг үнэлсэн үнэлгээ тогтоосон ажиллагааг хүчингүй болгох тухай нэхэмжлэгч Б.О-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: “МОТ ” ХХК нь шинжээчийн дүгнэлтийг 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр шийдвэр гүйцэтгэгч Г.Г-т хүлээлгэн өгсөн бөгөөд төлбөр авагч Э.Э-д 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр дүгнэлтийг танилцуулсан. Харин төлбөр төлөгч Б.О-т 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр хүргүүлсэн мэдэгдлийг Б.О 2019 оны 4 дүгээр сарын   17-ны өдөр хүлээн авсан. Гэтэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт “Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулах, мөн хуулийн 55.7 “Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасны дагуу Б.О нь дээрх мэдэгдэлийг 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр буюу гомдол гаргах хуулийн хугацаа дууссаны дараа хүлээн авсаныг тус шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч Б.О нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан гэж маргажээ.

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь шүүгчийн хүчин төгөлдөр захирамжийн дагуу төлбөр авагч Э.Э-ын 36 956 000 төгрөгийн төлбөр төлөх үүргээ сайн дураар төлж биелүүлээгүйн улмаас хариуцагч байгууллага хугацаа тогтоож үнийн санал авах болон шийдвэр биелүүлэх мэдэгдэл хүргүүлэх, зээлийн үүрэгт барьцаалсан орон сууцыг битүүмжлэх, хураах ажиллагааг явуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.5 дахь хэсэгт заасантай нийцэж байна.

Нэхэмжлэгч нь төлбөр төлөгчийн хувьд шийдвэр гүйцэтгэх байгууллагаас тогтоосон хугацаанд төлбөрийг төлөөгүйн улмаас түүний өмчлөлд бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдах, үүний тулд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч нараас үнийн санал авахад тохиролцоонд хүрээгүй тул шинжээч томилуулан шинжээчийн дүгнэлтээр дээрх үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг 37 400 000 төгрөгөөр үнэлэгдсэн үйл баримт тогтоогдож байна.

Түүнчлэн, нэхэмжлэгч дээрх үл хөдлөх эд хөрөнгийг шинжээч зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргийнхээ дагуу баримтаар нотлож чадаагүй гэж анхан шатны шүүх дүгнэснийг буруутгах үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, дээрх орон сууцыг зах зээлийн ханш нь шинжээчийн тогтоосон үнээс илүү болох талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Дээрхээс дүгнэвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлэгдсэн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл бүхий болжээ.

Иймд хариуцагчийн явуулсан дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 184/ШШ2019/02289 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ц.ИЧИНХОРЛОО

              ШҮҮГЧИД                                    Ш.ОЮУНХАНД

                                                                       М.НАРАНЦЭЦЭГ