Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 2022/ДШМ/364          

 

 

 

 

 

 

    2022            4              6                                         2022/ДШМ/364                                  

 

 

А.А-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            прокурор Г.Намжил,

            шүүгдэгч А.А, түүний өмгөөлөгч М.Алтанцэцэг,

            нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 2022/ШЦТ/81 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.Аын өмгөөлөгч М.Алтанцэцэгийн гаргасан давж заалдах гомдлоор А.А-д холбогдох эрүүгийн 2105 01640 1837 дугаартай хэргийг 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

И овгийн А.А, .....оны ... дугаар сарын ...-ны өдөр .............. төрсөн, .... настай, эмэгтэй, дээд боловсролтой, програмисст мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ...., .............-ийн хамт ............... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:................................/;

А.А нь 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийг 6 дугаар хороо, 45 дугаар байрны 1 дүгээр орцны 2 давхарт Г.Ш-тай “байрны подваль руу дураараа хүн оруулж ээжийг доромжиллоо” гэх шалтгаанаар маргалдан, үснээс нь зулгаах гараараа цохих зэргээр зодсоны улмаас эрүүл мэндэд нь “...тархи доргилт, баруун нүдний зовхи, цээж, баруун өвдөгт цус хуралт, баруун сарвууны дунд хуруунд зулгаралт...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Баянгол дүүргийн прокурорын газраас: А.А-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч А.А-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож шүүхэд ирүүлсэн бичлэг бүхий СиДи 1 ширхэгийг хэргийн хугацаа дуустал хавсарган үлдээж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-аас 260.000 төгрөгийг гаргуулан хохирогч Г.Ш-д олгохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч А.А-ын өмгөөлөгч М.Алтанцэцэгийн давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний бие нь мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан, шинжээчийн дүгнэлтүүд хоорондоо зөрүүтэй эргэлзээтэй, томографт дурдаагүй зүйлийг дүгнэлтдээ оруулсан гэсэн үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх шаардлагатай гэж үзэж урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргасан. Гэтэл шүүхээс яллагдагчийг шүүхэд шилжүүлж анхан шатны шүүхээр А.А-ыг гэм буруутай гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 8489  дугаартай шинжээчийн дүгнэлтээр А.Аын биед гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт гарсан байхад 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн бүрэлдэхүүнтэй 784  дугаартай “Шинжээчийн дүгнэлт эргэлзээгүй үнэн зөв байх ёстой мөн хэргийн бодит байдалтай тохирч байх ёстой" гэснийг зөрчиж хууль бусаар дүгнэлт гаргасан гэж үзэж байна. 8489 дугаартай дүгнэлтээр 9 дүгээр сарын 9-ний өдрийн үзлэгээр мэдрэлийн ерөнхий эмгэг шинж болох дагзны булчингийн хөшингө илэрсэн, хүүхэн хараа хөндлөн чичирхийлэлтэй, дагзанд хаван зөөлөн эдийн няцрал, онош нь тархи доргилт хуйхны зөөлөн эдийн няцрал гэснийг КТГ хийлгэж түүнийг үндэслэж шинжээч эмч Ганцэнгэлийн дүгнэлт гаргасан.Тархины доргилтыг эмчилгээ хийлгэхгүй бол яваандаа үлдэц үлдэж уналт таталттай болж хүндрэл бий болох эрсдэлтэй. Гэтэл 784 дугаартай дүгнэлт урьд гаргасан дүгнэлтээс хоорондоо зөрчилтэй гарсан. Ялангуяа 3,4 дүгээр зүйлд нь тархины доргилт 7-14 хоногийн өмнө үүсээгүй, 1-5 хоногийн өмнө үүссэн гэж үзээд яагаад 1-5 хоногийн өмнө үүссэн гэж юуг үндэслэж байгаагаа дурдаагүй бөгөөд баруун зулай хэсэгт зөөлөн эдэд бага зэргийн хаван хавдартай гэж дурдсан мөртлөө тархи доргилт байхгүй байна гэж үзсэн нь үндэслэлгүй юм. Тодруулбал, шинжээч гэмтэл авсан цаг хугацааг яаж тогтоогоод байгаа нь тодорхойгүй, энэ талаар дүгнэлтдээ тодорхойлж бичиж чадаагүй. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 7916 дугаартай дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно. Шинжээчийн дүгнэлтийг авч үзэхэд дүгнэлтийн үндэслэл болсон шинжилгээний материалыг үнэлэх явдал чухал ач холбогдолтой байдаг. Үүнд,  шинжилгээний материалыг шинжээч бүрэн дүүрэн шинжилсэн эсэх, материал хүрэлцээтэй байсан эсэхийг, материал шинжилгээ хийж дүгнэлт гаргахад тэнцэхүйц тодруулах ёстой. Шинжилгээний материалд дээрх шаардлага хангагдаагүй байвал буруу дүгнэлт гаргахад хүргэдэг. Гэтэл хохирогч Г.Ш нь 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн үзлэгээр ямар нэг өөрчлөлтийн шинж байхгүй, зөвхөн дагзны булчингийн хөшингө илэрсэн, тархины доргилт гэж үзэх үндэслэлээ батлах гэж КТГ хийлгэсэн боловч түүнд ямар нэг өөрчлөлт илрээгүй байна. Биеийн бусад хэсгүүдэд зулгаралт цус хуралт гэж гэмтлийн зэрэг тогтоожээ. Шинжээч эмч тархины доргилт батлагдаагүй байхад онош тавьж гэмтлийн зэрэгт багтаан оруулсан нь гэмтлийн зэрэг тогтоох журамтай зөрчилдөж байна. Иймд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүд эргэлзээтэй хоорондоо зөрүүтэй байхад хэргийг шийдвэрлэсэн нь шүүгдэгч А.Аын эрхийг зөрчсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 2022/ШЦТ/81 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, А.А-д холбогдох эрүүгийн хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. ...” гэв.

Прокурор Г.Намжил тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...энэ хэрэгт 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 7916 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогч Г.Ш-ы биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон. Хэргийн үйл явдал 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдөр болсон бөгөөд шинжээч томилуулж, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч нарт хандаж, хувийн эмнэлэгт үзүүлсэн, төлбөр төлсөн баримтаа оношийн хамт үзүүлэхэд тухайн үед ямар онош илэрсэн талаар дүгнэлт гаргасан. Тиймээс шинжээчийн дүгнэлт нь цаг хугацаа алдаагүй. А.А-ын хувьд гэмт хэрэг гарсан өдрөөс хойш 14 хоногийн дараа буюу 2021 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр эмнэлэгт үзүүлж, КТГ шинжилгээ хийлгэж, баримт бүрдүүлэн шинжээч томилуулсан. Улмаар 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр шинжээчийн дүгнэлт гаргахад тархи доргилт гэх гэмтлийг гаргасан байдаг. Өөрөөр хэлбэл, хэрэг гарснаас 20 хоногийн дараа тархи доргилт, хөнгөн зэргийн гэмтэл гарсан тул үүнд эргэлзээтэй нөхцөл байдал байна гэж үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар прокурор өөрийн санаачилгаар дахин шинжээч томилсон. Ингэхдээ Ганцэнгэл гэх эмчийн гаргасан дүгнэлтээр тухайн гэмтлийг 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдөр үүссэн гэж дурдсан байсан. 14 хоногийн дараа эмнэлэгт үзүүлсэн баримтад үндэслэж 20 хоногийн дараа хөнгөн зэргийн гэмтэл гаргасан шинжээчийн дүгнэлтэд эргэлзээтэй нөхцөл байдал үүссэн учир Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргуулсан. Уг дүгнэлтээр “тухайн А.А-ын биед Гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан тархи доргилт гэмтэл байна. Уг гэмтэл нь 7-14 хоногийн өмнө үүсэх боломжгүй, 1-5 хоногийн өмнө үүссэн байна” гэх дүгнэлт хийсэн. Гарт нь үүссэн сорви хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Харин тархи доргилт нь нь 7-14 хоногийн өмнө үүссэн байх боломжгүй гэж тодорхой дурдсан. Ийм учраас А.А-ын хохирогчоор тогтоогдсон тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүхэд шилжүүлсэн. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

            Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

            Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

            Шүүгдэгч А.А нь 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийг 6 дугаар хороо, 45 дугаар байрны 1 дүгээр орцны 2 давхарт Г.Ш-тай “байрны подваль руу дураараа хүн оруулж ээжийг доромжиллоо” гэх шалтгаанаар маргалдан, үснээс нь зулгаах гараараа цохих зэргээр зодсоны улмаас эрүүл мэндэд нь “...тархи доргилт, баруун нүдний зовхи, цээж, баруун өвдөгт цус хуралт, баруун сарвууны дунд хуруунд зулгаралт...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

            Хохирогч Г.Ш нь: “...2021 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 45 дугаар байрны 1 тоотод хүмүүсээр засвар хийлгээд байж байхад 15 цагийн үед манайд засвар хийж байсан сантехникийн хоёр эрэгтэй хүний нэг нь 45 дугаар байрны подвал руу орж ус хаах гээд орсон юм. Тэгтэл нэг эмэгтэй хүн “Энэ юун хүмүүс подвалаар яваад байна” гээд хашхирах чимээ гарахаар нь би гэрээсээ гүйж гараад “Манайх засвар хийлгэх гээд усаа түр хаах гэсэн юм аа” гэхэд настай эмэгтэй хүн “Чи муу хулгайч яах гээд подвалаар яваад байгаа юм бэ” гэхээр нь би “Та одоо юундаа хүнийг хулгайч гээд байгаа юм, битгий солиор” гэж хэлчхээд гэр лүүгээ орсон. Гэртээ орж ирээд байж байтал хаалга тогшихоор нь онгойлготол нэг эмэгтэй хүн миний нүүр лүү зүүн гараараа шууд цохисон. Намайг цохисон эмэгтэй нэг гартаа утсаараа бичлэг хийгээд байсан. Би нүүр лүүгээ цохиулсны дараа тэр эмэгтэйг гар утсаараа бичлэг хийж байна гэж мэдсэн. Тэгтэл манайд засвар хийж байсан нэрийг нь мэдэхгүй /тухайн үед цэнхэр өнгийн цамц өмссөн байсан/ эгч гүйж ирээд “Чи яагаад зүгээр байгаа хүүхдийг цохиж байгаа юм” гээд миний урдуур ороод намайг цохисон эмэгтэй болон түүнтэй хамт явсан /ээж нь бололтой анх гадаа надтай хальт маргалдсан настайвтар/ эмэгтэй хоёрыг түлхсэн боловч дийлэхгүй байсан тул гэрт засвар хийж байсан хүмүүс бүгд нийлээд хамжиж түлхсэн. Тэгтэл намайг цохисон эмэгтэй дайрч байгаад манай гэрт орж ирээд миний үснээс зулгаагаад толгой руу 10-аас олон удаа цохиж, миний тухайн үед өмсөж байсан хувцсыг урсан. Тэгээд тэр хүмүүсийг арай гэж түлхэж гаргаад хаалгаа хаасан чинь манай гэрийн хаалганы гадна байсан барилгын материалуудыг нураагаад хаалга руу өшиглөж жийгээд байсан. Би ч тоохгүй орхисон. Тэгээд хэсэг чимээгүй болохоор нь би орцны үүд рүү ганцаараа гарсан чинь нөгөө эмэгтэй дахиад гар утсаараа бичлэг хийж байгаа бололтой гартаа утсаа барьчхаад миний толгой руу үгийн зөрүүгүй 1 удаа цохисон. Энэ үед манай хамгийн том ах Бат-Өлзий манайхаас гараад автомашинаа асаагаад явах гэж байтал нөгөө эмэгтэй ахын автомашины ард очоод “Энэ хүн намайг дайрах гэлээ” гээд юм яриад байсан. Энэ үед би цагдаад дуудлага өгсөн. ...” /хх 9-13/ гэж тухайн цаг хугацаанд болсон үйл явдал, өөрийн биед халдсан этгээдийг тодорхой мэдүүлсэн бөгөөд түүний мэдүүлэг нь:

            гэрч Г.Б-н: “...тэр өдөр би төрсөн дүү Шүрэнчулууны байранд сантехникийн ажилчдаар засвар хийлгэхээр хоёр хүн авч очсон. Би нэг ажилчинтай нь 00-ийн өрөөнд юм хийгээд нөгөө ажилчин нь манай дүү Шүрэнчулуунтай хамт подвал руу орж ус хаах гээд явсан. Би 00-ийн өрөөнд нөгөө хүнтэй нь хамт юм хийж байтал манай дүүгийн гэрийн хаалгыг хүн нүдээд байх шиг байсан. Удалгүй байж байтал бөөн орилоон шуугиан болохоор нь би 00-ийн өрөөнөөс гараад ирсэн чинь нэг нь настайвтар, нөгөө нь 30 гаруй насны хоёр эмэгтэй хүн ороод ирсэн манай дүү Шүрэнчулуунтай хэрэлдэж маргалдаад 30 гаруй насны эмэгтэй нь манай дүү Шүрэнчулууны үснээс зулгаасан байж байхаар нь би салгах гээд очтол нөгөө эмэгтэй манай дүүгээс салахгүй байсан. Арай гэж тэр хоёрыг салгаад нөгөө хоёр хүнийг цаашлуулаад хаалгаа хаасан. Тэгтэл манай дүү Шүрэнчулуун миний түлхүүрийг булаагаад авсан байна гэж хэлж байсан. Энэ үед хаалганы гадна байсан хоёр хүний алийг нь гэдгийг нь мэдэхгүй байна, манай дүүгийн гэрийн хаалгыг нүдээд байсан. Би энэ үед нь буцаад 00-ийн өрөө рүү юм хийх гээд орсон. 00-ийн өрөөнд байж байтал дахиад шуугиан болохоор нь гараад ирсэн чинь манай дүү Шүрэнчулууныг арай залуухан эмэгтэй нь үсдээд байсан энэ үед тэр хөгшин залуу хоёр хүн гартаа утсаа барьсан бичлэг хийгээд байх шиг байсан. Би болон манай дүүгийн гэрт засвар хийж байсан хүмүүс хэдэн талаас нь барьж байгаад  салгачихаад байж байтал манай дүү Шүрэнчулуун түлхүүрээ авъя гэж охин нь бололтой эмэгтэйгээс нэхсэн чинь өгөхгүй гэсэн. Энэ үед гаднаас нэг эрэгтэй хүн орж ирээд нөгөө эмэгтэйг аваад гарсан. Хөгшин эмэгтэй хүн үлдсэн байж байхаар нь манай дүү “Түлхүүрээ авъя” гэхэд өгөхгүй гэсэн. Тэгтэл манай дүү тэр хөгшин эмэгтэйн гар утсыг булаагаад авсан, Тэгээд гэр рүүгээ ороод хаалгаа хаасан. Удалгүй охин нь бололтой манай дүүгийн гэрт орж ирээд “Утсаа авъя” гэж хашхирсан. Дахиад манай дүү Шүрэнчулуунтай маргалдаж манай дүүг үсдэж аваад толгой руу нь 2-3 удаа цохихоор нь би очиж барьж аваад салгасан. Тэгтэл тэр эмэгтэйн нөхөр нь бололтой залуу ирээд тэр эмэгтэйг аваад гарсан. Удалгүй засварын материал дутаад байхаар нь би гараад барилгын материалд явах гээд автомашиндаа суусан чинь манай дүүг зодоод байсан залуухан эмэгтэй нь миний автомашины ард зогсоод “Хүн зодчихоод зугтаах гэж байна, явуулахгүй чамайг” гээд зогсоод байсан. Энэ үед цагдаа ирсэн. ...” /хх 80-83/,

            гэрч Д.Ц-ийн: “...би тэр байрны 2 давхарт байдаг айлд эхнэр Чулуунцэцэг, зээ хүү Мөнхбилэг, хүү Баян-Эрдэнэ нарын хамт засварын ажил хийж байсан юм. Тухайн өдөр бид дөрөв тэр байранд 10 цагийн үед очсон. Би тэр байрны 00-д хар замаск татах ажил хийж байсан. Хүү Мөнхбилэг, Баян-Эрдэнэ хоёр жижиг өрөөнд нь цагаан замаск татаж байсан. Эхнэр бид гуравт ойр зуурын юм авч өгөөд тусалж байсан. Тэр айлд бид дөрвөөс гадна тэр байрны эзэн эмэгтэйн ах нь гээд нэг залуу сангийн юм хийнэ гээд хоёр залуу бас байсан. Бүгд тус тусын ажлаа хийж байсан. Тэгтэл өдөр, хэдэн цаг гэдгийг санахгүй байна, үд өнгөрч байхад байрны эзэн эмэгтэй шуугилдаад хэрэлдээд байхаар нь би очоод харсан чинь байрны эзэн эмэгтэй Шүрээтэй нэг эмэгтэй хэрэлдэж маргалдаж байсан. Байрны эзэн Шүрээг энгэрээс заамдаж байгаад хацар толгой руу нь 2-3 удаа алгадаж байгаа харагдсан. Энэ хоёрын цаана нь настайвтар эмэгтэй хүн утсаа барьсан зогсож байсан. Шүрээг тэр эмэгтэй хүнтэй зууралдаад цохиулаад байж байхад хажууд нь ах нь гэх залуу болон манай эхнэр Чулуунцэцэг хоёр байхаар нь би үргэлжлүүлээд угаалгын өрөөнд орж ажлаа хийсэн. Хэрүүл маргаан ойролцоогоор 30 гаруй минут хэрэлдэцгээгээд байсан. Тэгж байгаад чимээгүй болцгоосон. ...” /хх 90-91/,

            гэрч Ш.Чу-ийн: “...45 дугаар байрны 2 давхарт байдаг Шүрэнчулуун гэж хүний гэрт нөхөр Цэдэвдорж, хүү Баян-Эрдэнэ, зээ хүү Мөнхбат нарын хамт засварын ажил хийж байсан. Өдөр хэдэн цаг гэдгийг сайн санахгүй байна, нэг мэдсэн чинь байрны эзэн эмэгтэй гэрийнхээ хаалгыг онгойлцон гэрийнхээ хаалган дээр зогсоод “Ус хаалаа гуйлгачин” энэ тэр гээд нэг эмэгтэй хүнтэй маргалдаад “Бид нар сангийн юм хийлгэж байна” гэж байсан. Энэ үед би хувцсаа өмсөөд гарах гэж байтал Шүрэнчулуунтай маргалдаж байсан 30 гаруй насны эмэгтэй Шүрэнчулууны толгой руу нь гараараа 2-3 удаа цохисон. Хажууд нь байсан настай эмэгтэй Шүрэнчулууныг хөлөөрөө өшиглөж байсан. Би хажуугаар нь гараад явах гэснээ болиод “Яаж байгаа юм та нар чинь нэгнийгээ” гэж хэлтэл настай эмэгтэй хүн миний баруун нүд рүү цохиод баруун зүүн хоёр хөл рүү өшиглөсөн. Тэр настай эмэгтэй хүн мөн намайг хэл амаар доромжилсон. Тэгтэл тэр арай залуухан эмэгтэйгийн нөхөр нь бололтой залуу ирээд тэр эмэгтэйг татаад холдуултал настай эмэгтэй нь ирээд Шүрэнчулууны нуруу руу нь гараараа 2 удаа цохисон. Мөн 1 удаа өшиглөсөн. Дотор юм хийж байсан манай хүү Баян-Эрдэнэ гүйж гарч ирээд яагаад миний ээжийг цохиж байгаа юм гээд нөгөө залуухан эмэгтэйгийн нөхөр нь бололтой эрэгтэй рүү гараа далайгаад цохих гэж байсан. Би тэр үед нь бишээ миний хүү энэ эмгэн цохисон гэхэд манай хүү Баян-Эрдэнэ та яагаад миний ээжийг цохиж байгаа юм гэхэд нөгөө настай эмэгтэй хохино яадгийн гэсэн. Энэ үед Шүрэнчулууныг цохиж зодож байсан эмэгтэй шууд Шүрэнчулууны гэр рүү дайрж орж ирээд Шүрэнчулууныг заамдаад үснээс зулгаагаад толгой руу нь маш олон удаа цохиж, нүүр рүү нь алгадсан. Энэ үед хажуунаас нь хараад зогсож байсан миний зээ хүү Мөнхбилэгийг тэр эмэгтэй ямар ч шалтгаангүйгээр 2 удаа алгадсан. Энэ үед нь би хүү Баян-Эрдэнийг миний хүү нэг утсаар бичлэг хий гээд бичлэг хийлгэсэн. Гаднаас дайрж орж ирж Шүрэнчулууныг зодсон эмэгтэй Шүрэнчулууныг заамдаад ерөөсөө тавихгүй хэрэлдэж байгаад цохичоод дахиад хэрэлдээд салахгүй зогсоод байсан. Тэр эмэгтэйгээс Шүрэнчулуун түлхүүрээ авъя гээд байсан. Нөгөө эмэгтэй нь өгөхгүй гээд байсан. Ингээд байж байтал Шүрэнчулууны ах нь надад манай дүүг зодоод байна туслаач эгчээ гэхээр нь намайг өмнө нь шалтгаангүй цохиж зодсон болохоор миний бага зэрэг дургүй хүрээд тэр дайраад байсан эмэгтэйг Шүрэнчулууны гэрээс нь гаргая гэж бодоод түлхсэн чинь тэр эмэгтэй намайг алгадаад, үснээс зулгаагаад миний үснээс тавихгүй байсан. Гэтэл манай хүү Баян-Эрдэнэ тэр эмэгтэйн гарыг татаж байж тавиулаад түлхэж гаргасан. Тэр эмэгтэйг түлхэж гаргасан боловч буцаж орж ирээд Шүрэнчулуун руу дайрч хэл амаар доромжилж дахиж цохиж зодож үснээс нь зулгаасан. ...” /хх 94-96/ гэсэн мэдүүлгүүд,

            - хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 7916 дугаартай дүгнэлт /хх 129-130/,

            - тухайн цаг хугацаанд болсон үйл явдлыг харуулсан дүрс бичлэг, түүнийг нотлох баримтын ач холбогдолтой гэж үзэн хэрэгт эд мөрийн баримтаар тооцож, үзлэг хийсэн тэмдэглэл /хх 20-37/ зэргээр давхар нотлогджээ.

            Шүүгдэгч А.А-ын өмгөөлөгч М.Алтанцэцэгээс “...шинжээчийн дүгнэлтээр түүний биед учирсан гэмтлийг зөв тогтоож чадаагүй, анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн шаардлагыг хангаагүй...” гэх утга агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргасан байна.

             Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 8489 дугаартай “...А.А-ын биед тархи доргилт зүүн сарвууны цус хуралт, баруун сарвуунд сорви гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, хуучин гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Уг гэмтэл нь 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдөр үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...” /1хх 100-101/ гэсэн дүгнэлт гарсан бөгөөд 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр дахин шинжилгээ хийлгэх тухай прокурорын тогтоол гарсан. /хх 97-99/

            Үүний дагуу Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 784 дугаартай “... А-д 2021 оны 9 дүгээр сарын 8-ны үзлэгээр тархи доргилт, баруун зулай хэсэгт зөөлөн эдийн няцрал, зүүн сарвуунд цус хуралт, баруун сарвуунд сорви гэмтэлтэй байжээ. А.А-ын биед учирсан дээрх гэмтлүүд нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. А.Аын биед учирсан тархи доргилт, баруун зулай хэсэгт зөөлөн эдийн няцралаас бусад гэмтэл нь 2021 оны 9 дүгээр сарын 8-ны өдрөөс урагш 7-14 хоногийн өмнө үүсгэгдсэн байх боломжтой, зүүн сарвууны цус хуралт, баруун сарвуунд сорви гэмтэл 14 хоногийн өмнө буюу хэрэг болох цаг хугацаанд үүссэн байхыг үгүйсгэхгүй. Харин тархи доргилт, баруун зулай хэсэгт зөөлөн эдийн няцрал нь 14 хоногийн өмнө үүсгэгдсэн байх боломжгүй, 1-5 хоногийн өмнө үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл байна. Хамар яс, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал хэзээ үүсгэгдсэнийг тогтоох боломжгүй хуучин гэмтэл байна. 2021 оны 9 дүгээр сарын 8-ны үзлэгээр А.Ад тогтоогдсон зүүн сарвууны цус хуралт, баруун сарвууны сорви нь шүүх эмнэлэгт гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэг тогтоогдохгүй гэмтэл байна. Тархи доргилт баруун зулай хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлэгт гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг болно. Гэмтлүүд нь цаашид эрүүл мэнд, энгийн хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. Шинжээч эмч Ж.Ганцэнгэл 2021 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр А.Аын биед үзлэг хийж дүгнэлт гаргах үед түүний биед тогтоогдсон тархи доргилт болон зүүн сарвууны цус хуралт, баруун сарвууны сорви нь өөр өөр цаг хугацаанд үүсгэгдсэн байхаар байгаа тул 8489 дугаартай дүгнэлт үндэслэлгүй байна. ...” гэсэн тусгай мэдлэг бүхий шинжээч нарын дүгнэлтийг няцаан үгүйсгэх боломжгүй байна.

             Өөрөөр хэлбэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоосон шинжээчийн дүгнэлтэд эргэлзээ бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй тул нэмэлт ба дахин шинжилгээ хийлгэх, шинжээчээс мэдүүлэг авах шаардлагагүй гэж үзэв.

            Түүнчлэн, шүүхийн шийдвэрийн хэлбэр, бүтцэд тавигдах шаардлагыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Гучин зургадугаар бүлэгт хуульчилсан бөгөөд шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй нөхцөлд хуулийн ноцтой зөрчил гэж үзэхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан.

            Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй ба шийтгэх тогтоол нь зохих хуулийн шаардлагыг хангаж гарчээ.

            Иймээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны асуудлаар маргасан шүүгдэгч А.А-ын өмгөөлөгч М.Алтанцэцэгийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

            Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээрийг үндэслэн шүүгдэгч А.А-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон байна.

            Анхан шатны шүүх шүүгдэгч А.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, гэм буруу, хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэгт заасан ялын хамгийн төрөл болох торгох ялыг сонгон, доод хэмжээнд оногдуулахаар шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцохоор хуульчилсан бөгөөд бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар гэм хорыг арилгах үүрэгтэй.

            Нөхөн төлөгдөх эрүүл мэндийн хохирол нь хохирогчийн эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварыг сайжруулахтай холбогдон гарсан бодит зардлын хэмжээгээр тодорхойлогддог.

            Анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой зардлыг нэхэмжилсэн хохирогч Г.Ш-ы шаардлагыг баримтаар нотлогдсон хэмжээнд, хамаарал бүхий байдлаар хангаж, гэм буруутай этгээдээс гаргуулж олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгийн зохицуулалттай тус тус нийцсэн гэж үзлээ.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Аын өмгөөлөгч М.Алтанцэцэгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 2022/ШЦТ/81 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.А-ын өмгөөлөгч М.Алтанцэцэгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

                        ШҮҮГЧ                                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

                        ШҮҮГЧ                                                            М.АЛДАР