Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 0035

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                         Б.У, Н.Э нарт

                                        холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

                                             

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч С.Цэцэгмаа, Ерөнхий шүүгч З.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Шүүгдэгч                                                       Б.У, Н.Э

Шүүгдэгч нарын өмгөөлөгч                      Т.Э /цахим/, С.Б, Х.О

Нарийн бичгийн дарга                              Э.Булгантамир нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 51 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Эийн гаргасан  давж заалдах гомдлоор шүүгдэгч Б.У, Н.Э нарт холбогдох эрүүгийн хэргийг 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч З.Хосбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б-н овогт Б-н У,

 

М овогт Н-н Э,

 

 Шүүгдэгч Б.У нь 2021 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр       аймаг     сум         байранд үйл ажиллагаа явуулдаг “Н” салонд иргэн Н.Эийн нүүрэн тус газарт гар утсаараа цохиж, “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт,

 шүүгдэгч Н.Э нь 2021 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр        аймаг       сум       байранд үйл ажиллагаа явуулдаг “Н” салонд иргэн Б.У-н толгойн тус газарт нь гараараа цохиж, “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймгийн Прокурорын газраас: Б.У, Н.Э нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  тус тус яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

            Шүүгдэгч Б овогт Б-н У, шүүгдэгч М овогт Н-н Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У, шүүгдэгч Н.Э нарыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.У, шүүгдэгч Н.Э нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд анхааруулж,

         Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.У, шүүгдэгч Н.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

         Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Н.Эээс 376.100 төгрөг гаргуулж, Б.Уд олгож, шүүгдэгч Б.У-с 397.900 төгрөг гаргуулж Н.Эт  олгож,

Н.Эийн нэхэмжлэлийн шаардлагаас 217.350 төгрөгийн шаардлагыг, мөн түүний олох байсан орлого 4.500.000 төгрөгийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, хохирогч Н.Э нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэмтлийг эмчлүүлж мэс ажилбар хийлгэсэн тохиолдолд холбогдох нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар бүрдүүлж нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн болохыг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Б.У-н тархины гавлын яс, хүзүүний нугаламын рентген зургийг хэрэгт хавсарган үлдээж,  энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

            Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 176 дугаар захирамжаар:

   Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 2022/ШЦТ/51 дугаар шийтгэх тогтоолын 16, 17 дахь талын Бусад асуудал хэсэгт “...Хохирогч Б.У нь шүүгдэгч Н.Эээс “Баян-Өндөр” мед эмнэлэгт толгой /тархи, гавлын яс/, хүзүүний нугаламын зурагны үнэ 30.000 төгрөг...” гэснийг “...Хохирогч Б.У нь шүүгдэгч Н.Эээс “Баян-Өндөр” мед эмнэлэгт толгой /тархи, гавлын яс/, хүзүүний нугаламын зурагны үнэ 60.000 төгрөг...” гэж, “...шүүгдэгч Н.Эээс 320.000 төгрөгийг гаргуулж Б.Уд олгохоор...” гэснийг “...шүүгдэгч Н.Эээс 350.000 төгрөгийг гаргуулж Б.Уд олгохоор...” гэж, 

Н.Эийн нэхэмжлэлийг тооцсон хэсэгт “...нийт 397.900 төгрөгийн шаардлагыг хангаж...” гэснийг “...нийт 398.500 төгрөгийн шаардлагыг хангаж...” гэж, Н.Эийн нэхэмжлэлээс хэрэгсэхгүй болгосон хэсэгт “...нэхэмжлэлээс 217.350 төгрөгийн шаардлагыг...” гэснийг    “...нэхэмжлэлээс 216.750 төгрөгийн шаардлагыг...” гэж,    

мөн Тогтоох нь хэсгийн 6 дахь заалтад; Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар “...шүүгдэгч Н.Эээс 376.100 төгрөг гаргуулж, Б.Уд олгож...” гэснийг “...шүүгдэгч Н.Эээс 350.000 төгрөг гаргуулж, Б.Уд олгож...” гэж, “...шүүгдэгч Б.У-с 397.900 төгрөг гаргуулж Н.Эт олгож...” гэснийг “...шүүгдэгч Б.У-с 398.500 төгрөг гаргуулж Н.Эт  олгож...” гэж, “...Н.Эийн нэхэмжлэлийн шаардлагаас 217.350 төгрөгийн шаардлагыг...” гэснийг “...Н.Эийн нэхэмжлэлийн шаардлагаас 216.750 төгрөгийн шаардлагыг...” гэж залруулж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Н.Э давж заалдах гомдолдоо:

... миний бие нь У-н толгой тус газар огт цохиогүй бөгөөд тухай үйл явдал болох үед хамт байсан гэрч З.У \хх 47-50 хуудас\ Э гэх эмэгтэйг буйдан луу түлхээд шууд гар утсаараа баруун хөмсөг хавьцаа цохих шиг болсон. Намайг харж байхад тийм асуудал болсон Э гэх эмэгтэй цохих үйлдэл огт хийгээгүй, харин замыг нь хаагаад байсан гэх мэдүүлэг, гоо сайханч Э \хх 41\.... Э эгч тэр хоёр цуг шахуу орж ирсэн, Б эгч Б-д хандаад яриад байсан, сүүлдээ Б өрөөнөөс гармаар байна гэхэд болохоор Б уурлаад байсан тэр хоёрын эсрэг зүгт байсан болохоор юу болсныг хараагүй ... Б Б эгчийн толгой хэсэг рүү цохиход утас нь унасан ... манай өрөөнд ямар нэг доромжилсон асуудал гараагүй гарна гарахгүй гээд байсан гэх мэдүүлэг, мөн Э.Э-н \хх-200\ дахин гэрчээр өгсөн мэдүүлэгт ... манай өрөөнд Э У-н толгой хэсэг рүү цохисон асуудал бол болоогүй гэж бодож байна гэсэн мэдүүлгүүд өгдөг.

Гэтэл хохирогч болон түүний ар гэрийнхний дам мэдүүлэг, Шинжээчийн 88 тоот дүгнэлтээр Н.Э намайг буруутган яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлээд шүүхээс гэм буруутайд тооцсонд гомдолтой байна.

Мөн тус 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 88 дугаар дүгнэлтэд Уламжлалтын эмчийн болон гэмтлийн эмчээр тархи доргилт гэж оношлогдсоныг үндэслэн У-н биед тархи доргилт бүхий гэмтэл тогтоогдлоо, .... гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэж үзэж шинжээч дүгнэлтээ гаргажээ.

2021 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр үзүүлсэн Уламжлалтын эмнэлгийн бичлэг нь өөрөө эргэлзээтэй учир нь Б.У нь 01 дүгээр сарын 09-ний өдөр Н.Э надтай хамт явж байсан бөгөөд 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хурал дээр 09-нд үзүүлээгүй, 11-нд эмнэлэгт үзүүлсэн гэж мэдүүлдэг, мөн У-г эх гэрч У... хх-25 дугаар хуудсанд... би маргааш нь ажилтай байсан тул охиныгоо аав нь эмнэлэгт үзүүлж явсан юм шиг байгаа юм гэж мэдүүлдэг.

Гэтэл шүүх Эийг буруутгаж нотлох баримт үнэлж дүгнэхдээ шийтгэх тогтоолын 12 хуудас ... 1 дэх хавтаст хэргийн 197-200 дахь талд авагдсан хэрэг учрал болсны маргааш буюу 2021 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Б.У эмчид үзүүлсэн байх бөгөөд .... эдгээр авагдсан баримтаар няцаагдаж байна гэжээ. Гэтэл 09-ний өдөр У нь ээжтэйгээ хамт намайг үзүүлээд ямар ч зовиургүй зүгээр утсаа үзээд явж байсан энэ талаар би удаа дараа мэдүүлэг өгсөн.

Б.У 09-ний өглөө ээжтэйгээ намайг үзүүлж яваад үдээс хойш авга ахтайгаа утсаа хугалсан эмнэлэг дээр ирээд дараа нь манайд очиж хоол идээд 5 өнгөрч байхад манайхаас явсан . Мөн шүүхийн шийтгэх тогтоолын 12 дугаар хуудсанд эмнэлэг рүү хэн яагаад дагуулж явсан зэргийг шүүгдэгч Б.У-н эцэг эх болох Б У нар гэрчилдэг тул дээрх мэдүүлгийг шүүх үнэлж дүгнэж гэм буруутайд тооцсон болно гэжээ.

Энэ дүгнэлт нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг зөрчиж байна гэж үзэж байна. Мөн Б.У-н гар утас нь хэзээ ямар шалтгаанаар эвдэрсэн болох эргэлзээтэй нөхцөл байдлын талаар гэрчүүд өөр өөр мэдүүлсэн байдаг. Б.У-н утас хэзээ ямар шалтгаанаар эвдэрсэн болох хэрэгт ач холбогдолтой байдлыг хэрхэн дүгнэж байгаагаа шийтгэх тогтоолд дурдсангүй.

Мөн миний бие ажилгүй байх үеийн олох байсан орлогоо нэхэмжилсэн боловч шүүхээс шийдэж өгөхгүй байна миний бие эрүүл мэндээрээ хохирын хамт эдийн засгийн хүнд байдалд орж, ажил хийж олох ёстой байсан орлого олж чадаагүй олон сар байсан үүнийг харгалзаж үзэж шийдвэрлэж өгнө үү. Иймд 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 51 тоот шийтгэх тогтоолын Н.Э надад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.У тайлбартаа: ...  У хөмсгөө шивүүлж байсан. Э хөмсөг шивж байсан. Э эгч тэр үед нэлээн согтуу байсан. Утас тэр өдөр эвдрээгүй, утсаа таксинд хаясан. Бичлэг хийсэн байсан ... гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Н.Э тайлбартаа: ... Хоёр гэрч У, Э нар байгаа. Намайг цохиогүй гэдгийг харсан. 10-14 цаг хүртэл хамт байсан. Ажлын чадвар муудсан. Ажил хийх чадваргүй болсон гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Э тайлбартаа: ...Эийн үйлдэл нь тогтоогдоогүй. У, Э нар мэдүүлдэг. 51 дүгээр шийтгэх тогтоолд хохирлын талаар зөрүүтэй тогтоосон гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч С.Б тайлбартаа: ... Давж заалдах гомдлыг дэмжиж байна ... гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Х.О тайлбартаа: ... У-н хувьд 01 дүгээр сарын 09-ний өдөр эмнэлэгт үзүүлсэн. Гэмтэл учирсан байгаа. Гэрч нарын мэдүүлэг эргэлзээтэй. Утас шидэгдсэн гэдэг. Нүүрэлдүүлэн байцаах гэтэл ирсэн гэрч нар бүрэн харсан байх боломжгүй гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

              Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

              Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаж тодруулсан, хэргийг үйл баримт, шүүгдэгч нарын гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

              Шүүгдэгч Б.У нь 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр         аймгийн          сумын       байранд үйл ажиллагаа явуулдаг “Н” салонд Н.Эийн нүүрэн тус газарт нь гар утсаараа цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Н.Э нь тухайн үед Б.У-н толгойн тус газарт нь гараараа цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь

 

              хохирогч Н.Эийн ... тэр өдөр энэ талаар тайлбарлаж хэлэх гээд очоод хэлж чадаагүй юм, тэгээд амьдрал яриад араас нь өөрийнх нь анхаарлыг татах гээд бэлхүүсэнд барихад эргэж хараад гар утсаараа миний баруун талын нүд хөмсөг хэсэг рүү цохичихсон. Тэгээд гар утасныхан ард байсан бондгор төмөр нь ухархайн хэсэг рүү цохиод миний ухархайн яс цөмөрсөн, нүдний булчин татагдсан, хамрын таславч s хэлбэрийн муруйсан, нүдний ар хана хэсгийн зөөлөн эднүүдэд хаван үүссэн, тэгээд хагалгааны заалттай гэж гарсан ... гэх мэдүүлэг /1 дүгээр хх- 6-7 дахь тал/,

 

              хохирогч Б.У-н ... намайг Э эгч “Чи ер нь баян айлын тэнэг, омголон, их зантай хүүхэд” гэх мэтээр намайг согтуудаа хэл амаар доромжилсон, тэгээд би  “За би баян айлын хүүхэд байлаа гээд яахав дээ” гээд хоёулаа гаръя гэтэл огт гаргахгүй, урдаас л түлхээд байсан. Тэгээд надаас муухай үнэртээд байна уу? чи ямар зэвүүн юм бэ? Э эгч намайг өдөөд л байсан. Тэгээд би холд гэтэл “Чи намайг холд гэдэг хэн бэ? тэнэг бацаан гээд миний малгайг авч шидээд газарт унахад нь санаатайгаар миний малгайн дээр гишгэсэн, тэгээд би малгайгаа авах гээд тонгойход миний толгой хэсэг рүү Э эгч гараараа нэлээн хэдэн удаа удаа цохисон, тэгээд би “Та яагаад байгаа юм бэ” гээд хоёр гараа дээш нь өргөөд босоод ирсэн, тэгтэл миний гаранд нэг юм мэдрэгдсэн, миний гартай Э эгчийн нүүр, гарны аль нэг хэсэгт нь мөргөлдчихсөн юм ... гэх мэдүүлэг /1 дүгээр хх- 10-11 дэх тал/,

 

              гэрч Б.У-н ... би жорлон орчихоод гараад иртэл Эийн баруун хөмсөг нь сэтэрчихсэн байна гэж харсан, тэгээд цус гарч байсан, тэгээд Б “Уучлаарай, эмнэлэг явъя гээд Эт хандаж хэлэхэд Э Би эмнэлэг явахгүй, миний буруу, би залуу хүүхэд өдөж байгаад ийм асуудал боллоо, миний буруу гээд байсан ... ” гэх мэдүүлэг /1 дүгээр хх- 31-32 дахь тал/,

 

              гэрч А.О-н ... Э эгч У-г хөмсөг шивдэг өрөөнөөс гаргахгүй хаалгыг нь дарчихаад хаалганаас нь холдохгүй байсан, тэгээд гэнэт юу болсныг мэдэхгүй Б эгч цус болоод гараад ирсэн юм ... гэх мэдүүлэг /1 дүгээр хх- 37 дахь тал/,

 

              гэрч З.У-н... эхлээд Б.У нэлээн сонсож байгаад сүүлдээ бүүр уурлаад чи одоо ямар ядаргаатай юм бэ гэсэн зүйл ярьсан. Тэгээд нөгөө охин гарах гэсэн чинь Э гэх эмэгтэй хашаад гаргахгүй гээд байх шиг байсан. Тэгээд нөгөө эгч амьдрал ярих гээд байсан. ... Э гэх эмэгтэйг буйдан рүү түлхээд шууд гар утсаараа баруун хөмсөг хавьцаа нь цохих шиг болсон. Намайг харж байхад тийм асуудал болсон. Тэгээд утсаараа цохиход нөгөө охин шууд гараад явчихсан ... гэх мэдүүлэг /1 дүгээр хх- 47-50 дахь тал/

 

              гэрч Э.Э-н “...Б “гармаар байна” гэхээр нь гаргахгүй байсан болохоор Б жаахан уурласан, би тэр хоёроос эсрэг зүгт байсан болохоор яг юу болсныг хараагүй...гэнэт Билгээ эгч суучихсан “гар” гээд орилоод байсан, Б хальт Б эгчийн толгой хэсэг рүү цохиход доошоо Б-н гар утас нь унасан, Б гар утсаа аваад гарсан. ...Б эгчийн нүүр нь цус болсон байсан. ...Б эгч хойшоо суусан, Б малгайгаараа хальт цохиж байгааг би хальт эргэж харахдаа харсан ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх- 41 дэх тал/

 

              Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Ч.Б-н 2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 85 дугаартай; “... Н.Эийн биед баруун нүдний ухархайн дотор хананы хугарал, баруун нүдний зовхи, баруун нүдний алиманд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны доргилт, хамрын таславчийн муруйлт үүсчээ. Баруун нүдний ухархайн дотор хананы хугарал, баруун нүдний зовхи, баруун нүдний алиманд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны доргилт нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, цохих цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Баруун нүдний ухархайн дотор хананы хугарал, баруун нүдний зовхи, баруун нүдний алиманд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны доргилт нь шинэ гэмтэл байна. Уг гэмтэл нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Хамрын таславчийн муруйлт нь хуучин гэмтэл ба эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /1 дүгээр хх 58-60 дахь тал/

 

              Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Э.Г-н 2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 88 дугаартай “... Б.У-н биед тархи доргилт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Шинэ гэмтэл байна” гэх дүгнэлт /1 дүгээр хх 69-70 дахь тал/

 

              яллагдагч Б.У-н  ... Э эгч намайг өдөөд л байсан. Тэгээд би холдолдоо гэтэл “Чи намайг холд гэдэг хэн бэ? тэнэг бацаан гээд миний малгайг авч шидээд газарт унахад нь санаатайгаар миний малгайн дээр гишгэсэн, тэгээд би малгайгаа авах тонгойход миний толгой хэсэг рүү Э эгч гараараа нэлээн хэдэн удаа цохисон, тэгээд би та яагаад байгаа юм бэ? гээд хоёр гараа дээш нь өргөөд босоод ирсэн, тэгтэл миний гаранд нэг юм мэдрэгдсэн, миний гартай Э эгчийн нүүр гарны аль нэг хэсэгт нь мөргөлдчихсөн юм, би яг аль хэсгийг мөргөснийг мэдэхгүй байна ... /1 дүгээр хх 89-90 дэх тал/ гэх мэдүүлэг

 

              яллагдагч Н.Эийн “...Би тухайн эмэгтэйг огт цохиогүй, гарах гэхээр нь “гаргахгүй” гээд хаалгыг нь хааж зогссон, толгойн хэсэг рүү нь цохисон асуудал огт байхгүй. ...“та яасан ядаргаатай юм бэ” гээд гар утсаараа намайг цохисон ...У малгайтай байсан, би малгайг нь газар унагаагүй ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх 79 дэх тал/ болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

              Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолсон байна.

 

              Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт ... шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно ... гэж зааснаар гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, тайлбар, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.У, шүүгдэгч Н.Э нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, тэдэнд ял хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Шүүгдэгч Н.Э нь ... хохирогч болон түүний ар гэрийнхний дам мэдүүлэг, Шинжээчийн 88 тоот дүгнэлтээр Н.Э намайг буруутган яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлээд шүүхээс гэм буруутайд тооцсонд гомдолтой байна. ... Н.Э надад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ... гэх агуулгатай давж заалдах гомдлыг гаргажээ.

 

Хэрэг учралын газар байгаагүй ч гэрч Д.Б-н ... тухайн өдрийн оройхон 20, 21 цагийн алдад миний охин У над руу залгаад “Ааваа та гараад ирээч, Н салонд очсон чинь манай ажлынхан уучихсан байна, тэгээд миний толгой руу Б гэх эгч цохичихлоо, миний толгой өвдөөд явж чадахгүй байна та ирээд аваач гэсэн тэгээд цагдаа дуудмаар байна” гэсэн зүйл утсаар ярьсан. ... Эийг би өөрөө дагуулж яваад чих хамар хоолой, нүдний эмч мөн эмриа зурагны мөнгө гээд 320.000 төгрөг өгсөн баримтыг нь манай охин гаргаж өгсөн байх ... гэх мэдүүлэг /1 дүгээр хх- 32-33 тал/

 

гэрч Ц.У-н ... тэндээс ирэхдээ хүнд толгойгоо цохиулчихаад гараад ирсэн юм шиг байгаа юм. Тэгээд манай охин гэртээ ирэхдээ толгой өвдөөд байна гээд, дотор муухай оргиод байна гээд өвчин намдаах эм өгсөн юм ... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-25 тал/-үүд өөр хоорондоо ямар нэгэн зөрүүгүй, тууштай мэдүүлсэн бөгөөд гэрч нарын дээрх мэдүүлгүүд болон хохирогч Б.У-н биед учирсан гэмтлийг тогтоосон Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 88 дугаартай дүгнэлт зэргийг няцаан үгүйсгэх үндэслэлгүй гэж үзлээ. 

 

              Мөрдөн шалгах ажиллагааны явцад тухайн үйл баримтын талаар шүүгдэгч Б.У-с хохирогчоор мэдүүлэг авахдаа хуульд заасан журмын дагуу хууль сануулж мэдүүлэг авсан байх бөгөөд хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтуудыг харьцуулан судалж дүгнэвэл хохирогч Б.У-н биед учирсан хөнгөн хохирол нь өөр бусад хүчин зүйлийн үйлчлэлийн улмаас үүссэн гэж үзэх, өөрөөр хэлбэл шүүгдэгч Н.Эийг энэ хэрэгт гэм буруугүй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Түүнээс гадна гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлын талаарх нотлох баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар бүрдүүлж нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн байх тул шүүгдэгч Н.Эийн энэхүү эрх нь нээлттэй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Эийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

              Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 51 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Эийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.УРАНЧИМЭГ

          ШҮҮГЧ                                                    С.ЦЭЦЭГМАА

          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  З.ХОСБАЯР