Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 43

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Л.Одончимэг даргалж

Нарийн бичгийн дарга Г.Нямаа

Улсын яллагч Г.Хаш-Эрдэнэ

Шүүгдэгч А.Мөнх-Эрдэнэ нарыг оролцуулан, тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх  хуралдаанаар

 

   Дундговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Тайж нар овогт Алтанцэцэгийн Мөнх-Эрдэнэд холбогдох эрүүгийн 201712000098 дугаартай хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

    Шүүгдэгчийн биеийн байцаалт:

    Монгол Улсын иргэн, 1984 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр Дундговь аймгийн Луус суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Дундговь аймгийн Луус сумын 1 дүгээр баг, Шарх хад гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Тайж нар овогт Алтанцэцэгийн Мөнх-Эрдэнэ /регистрийн дугаар ЗЗ84040115/

 

    Шүүгдэгч А.Мөнх-Эрдэнэ нь 2017 оны 6 дугаар сарын 1-нээс 6 дугаар сарын 2-нд шилжих шөнө Дундговь аймгийн Сайнцагаан сумын 8 дугаар баг, Айрагийн 3 дугаар гудамжны 13 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэр Т.Болор-Эрдэнийг зодсоны улмаас биед нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ./ яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

ТОДОРХОЙЛОХ  нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүгдэгч А.Мөнх-Эрдэнэ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөн прокуророос оногдуулсан ялын саналыг хүлээн зөвшөөрч байгаа гэв.

 

Хохирогч Т.Болор-Эрдэнэ хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэгтээ “Би 2017 оны 6 дугаар сарын 1-ний өдөр ажлаасаа тараад 23 цагийн үед гэртээ харьсан. Найз Өлзиймаагийн хамт 1 том “нийслэл” нэртэй  пиво уугаад найзыгаа явуулсан...манай нөхөр А.Мөнх-Эрдэнэ шөнө 02 цагийн үед хөдөөнөөс ирээд “яах гэж пиво уудаг юм, хэнтэй уусан” гээд миний нүүрлүү 2 удаа гараараа цохиод, газар татаж унагаад зүүн талын хавирга руу 2 удаа өшиглөсөн...би баруун орон дээр очоод сууж байтал ирээд миний нүүрлүү 1 удаа цохисон...” гэжээ /хх-ийн 10-11/

 

Гэрч Ц.Батбилэг хэрэг бүртгэлтийн  шатанд өгсөн “...2017 оны 6 дугаар сарын 2-ны өглөө ажил дээр ирэхэд яаралтай тусламжийн төвд хүн үзүүлье гэж дуудсан. Очиход 30 орчим насны эмэгтэй сууж байсан ба зүүн нүд нь хөхөрч хавдсан  байсан. Т.Болор-Эрдэнийг үзэхэд зүүн нүд зовхи хавдаж, чээжний зүүн талаар суганы урд шугамаар 6, 7-р хавирганы орчимд эмзэглэл ихтэй байсан...Зовиур, өвчний түүхийн талаар асуухад “тэр өдөр ажлынхаа газрын хүмүүстэй уулзаж сууж байгаад 01 цагт гэртээ оройтож ороод нөхөртөө зодуулсан” гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 12/

 

Шинжээч эмч М.Баттүвшингийн “...Т.Болор-Эрдэнийн биед 2017 оны 6 дугаар сарын 5-ны 170200160 дугаартай шинжээчийн дүгнэлтэд дурдсан гэмтлүүд учирсан. Дээрх гэмтлүүд тус бүрдээ нэг удаагийн үйлчлэлээр үүссэн, шинэ гэмтлүүд байсан. Хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ...”гэх мэдүүлэг /хх-ийн 15/

 

- Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017.06.05-ны өдрийн 170200160  дугаартай дүгнэлтэд

“1. Т.Болор-Эрдэнийн биед баруун 7, 8-р хавирганы далд хугарал, тархи доргилт, хамар ясны хугарал, духанд шарх, зовхи, хамар, чамархай, мөр, шуу, чээж, гуянд цус хурсан зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь бусдад зодуулсан гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл болно.

2. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.

3. Баруун 7, 8-р хавирганы далд хугарал нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Тархи доргилт, хамар ясны хугарал нь гэмтлийн хөнгөн зэрэгт, цус хурсан зөөлөн эдийн гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэжээ /хх-ийн 17/

 

- Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 18-19/

- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 32/

- Гэрлэлтийн баталгаа /хх-ийн 41/

- Аюулын зэргийн үнэлгээний маягтад “эрсдлийн түвшин өндөр” гэжээ /хх-ийн 5-6/

 

   Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

    Шүүгдэгч А.Мөнх-Эрдэнэ нь 2017 оны 6 дугаар сарын 1-нээс 6 дугаар сарын 2-нд шилжих шөнө Дундговь аймгийн Сайнцагаан сумын 8 дугаар баг, Айрагийн 3 дугаар гудамжны 13 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэр Т.Болор-Эрдэнийг зодож биед нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1-д заасан 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэх санал гаргаж, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа болон сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хохирогч хохирлын талаар маргахгүй байх тул хэргийг хялбаршуулан журмаар шийдвэрлэж шүүгдэгчийг гэм буруутайд тооцон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

            Хохирогч Т.Болор-Эрдэнэ нь хэрэг бүртгэлтийн шатанд тус аймгийн Прокурорын газарт “..бид 2 хоорондоо эвлэрсэн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх хүсэлт гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

           Шүүгдэгч А.Мөнх-Эрдэнэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч А.Мөнх-Эрдэнэ нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлүүлсэн хөрөнгөгүй болно. 

 

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

           1. Шүүгдэгч Тайж нар овогт Алтанцэцэгийн Мөнх-Эрдэнийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч А.Мөнх-Эрдэнийг 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

          

         3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Мөнх-Эрдэнэд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих ангийн энгийн зэрэглэлд эдлүүлсүгэй. 

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан шүүгдэгч А.Мөнх-Эрдэнэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

5. Шүүгдэгч А.Мөнх-Эрдэнэ нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлүүлсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.  

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй. 

 

        

 

                                                                                                                                     

                              ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ