Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 2090

 

МАГАДЛАЛ

2019.12.13                                                 Дугаар 2090                                    Улаанбаатар хот

 

 

 

У.Г-ийн нэхэмжлэлтэй                                                                                             иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ш.Оюунханд, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 183/ШШ2019/01882 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч У.Г-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “ХФ ББСБ ” ХХК, Б.М , Б.Х , Г.Г нарт холбогдох,

99110963 дугаарыг өөрийн эзэмшилд буцаан шилжүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч У.Г,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б,

Хариуцагч Б.М ,

Хариуцагч Б.Х гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч Б.М ын өмгөөлөгч Ч.Б  нар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: У.Г нь өөрийн хууль ёсны эзэмшлийн 99110963 дугаарыг 2009 оноос эзэмшиж байгаад 2011 онд тус компанитай гэрээ байгуулж албан ёсны шударга эзэмшигч болсон. 2011 оны 11 дүгээр сард Б.М тай харилцан тохиролцсоны дагуу 99110963 дугаараа барьцаалж, 8 000 000 төгрөгийг нэг жилийн хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлсэн. Энэ зээлтэй холбогдуулан Б.М аас шаардсаны дагуу У.Ганхөлөг нь өөрийн эзэмшлийн 99110963 дугаарыг Б.М ын дүү Б.Х гийн нэр дээр шилжүүлсэн бөгөөд зээлийг 2012 оны 6 дугаар сард бүрэн төлж дуусгасан. Улмаар 2012 оны 12 дугаар сард дахин Б.М тай харилцан тохиролцож, 12 000 000 төгрөг зээлж авсан бөгөөд энэ талаар талуудын хооронд бичгийн гэрээ байгуулаагүй барьцаа тохиролцоогүй, уг зээлийг Б.М ын дансаар болон бэлэн мөнгөөр хэсэгчлэн, мөн 2015 оны 6 дугаар сард Б.М ын хүсэлтээр түүнээс авлагатай байсан “БК ” ХХК-ийн захирал Н.Б-т 8 000 000 төгрөгийн үнэ бүхий тоосгыг хүлээлгэн өгч, 12 110 000 төгрөгийг төлж, уг зээлийн гэрээний үүргийг бүрэн биелүүлж дуусгасан. Ингээд 2016 онд Б.М тай уулзаж төлбөр тооцоо дууссан тул 8 000 000 төгрөгийн зээлийн барьцаанд өгсөн миний дугаарыг шилжүүлж өгөөч гэхэд шилжүүлж өгөөгүй тул 2012 оны 9 дүгээр сард Б.М аас зээлсэн 12 000 000 төгрөгийн зээлийн төлбөрт 12 110 000 төгрөг төлсөн болохыг тогтоолгож, мөн зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон тул өөрийн хууль ёсоор эзэмшдэг 99110963 дугаарыг эзэмших эрхийг буцааж шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, зөвхөн дугаарыг буцаан шилжүүлэхийг даалгах болгож өөрчилсөн. 8 000 000 төгрөгийн зээлийг төлж дуусгасан, зээлийн гэрээний харилцаа дуусгавар болсон тул барьцааны зүйлийг буцаан шаардах нь Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт заасны дагуу У.Г-ийн эрхийн асуудал. Яагаад гэвэл У.Г 2009 онд Мобикомын тогтоосон журмын дагуу гэрээ байгуулж 99110963 дугаар хууль ёсны эзэмших эрх нь үүссэн. У.Г-тэй байгуулсан гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт 99110963 дугаарын сим карт нь “МК ” ХХК-ийн өмч, эзэмших, ашиглах эрх нь үйлчлүүлэгч У.Г-т байна гэж заасан. 99110963 болон бусад бүхий л хөдөлгөөн үүрэн операторын дугаар бол эзэмшигчийн эзэмших эрх. Дугаар буюу сим карт нь тухайн үүрэн телефоны операторын өмч. 2016 оны 12 дугаар сарын     08-ны өдөр Б.Х  “ХФ ” ББСБ ХХК-иас зээл авсан бөгөөд Б.Х  зээлээ төлж дуусгасан баримт байна. Гэтэл “ХФ ” ББСБ ХХК яагаад зээлдэгч Б.Х д дугаарыг буцаан шилжүүлэхгүй Б.Х гийн хүсэлтээр Б.Т гэдэг хүн рүү шилжүүлж байгаа нь ойлгомжгүй. Б.Х гийн хүсэлт гэх баримтыг хэрэгт гаргаж өгөөгүй. Энэ дугаар бол үүрэн холбооны өмч. Үйлчлүүлэгч нар бол дугаарын эзэмшигч, үүнийг ялгаж салгах хэрэгтэй. Г.Г шүүхэд гаргасан тайлбартаа энэ дугаарыг 25 000 000 төгрөгөөр худалдаж авсан, тэгээд буцаан өөр этгээд рүү шилжүүлсэн гэсэн. Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч У.Г-т хууль ёсны дагуу эзэмших эрх үүссэн. Энэ эрхээ Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу Б.М тай байгуулсан зээлийн харилцаанд Б.М ын шаардсаны дагуу Б.Х гийн нэр дээр шилжүүлсэн. 8 000 000 төгрөгийг зээлийг 2012 оны 6 дугаар сард бүрэн төлж дуусгасан. Анхдагч зээлийн гэрээний үүрэг биелсэн учраас барьцааны гэрээ дуусгавар болсон. Иймд хууль ёсны дагуу нэхэмжлэгчийн эрх зөрчигдөж байгаа тул хариуцагч нараас эзэмших эрхийг шилжүүлэхийг шаардаж байна гэжээ.

Хариуцагч Б.М ын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: У.Г нь мөнгө зээлэхдээ үүрэн телефоны үйлчилгээг хариуцагч Б.М д бус гуравдагч этгээдэд өөрийн хүсэлтээр хүлээн зөвшөөрч шилжүүлсэн. Гэтэл 2012 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Б.Х д шилжүүлсэн атал Б.М аас 2012 оны 9 дүгээр сард мөнгө зээлж авсан гэж дурдсан нь цаг хугацааны хувьд зөрүүтэй байна. Түүнчлэн одоо хариуцагчийн хэрэглээнд энэ дугаар байхгүй, тэгээд ч хариуцагч гар утасны оператор компанийн үйлчилгээг бусдад шилжүүлэх эрх байдаггүй. Учир гар утасны компанийн үйлчилгээ үзүүлэхдээ ашиглаж байгаа тоон илэрхийлэл нь Монгол Улсын Харилцаа Холбооны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.12 дахь хэсэгт зааснаар Харилцаа холбооны зохицуулах хорооноос баталсан дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөөний дагуу гаргасан дуудлагын чиглэлийг тодорхойлох, хэрэглэгчийг таньж илрүүлэх зориулалттай тоон илэрхийлэл юм. Иймд энэхүү тоон илэрхийлэл нь эд хөрөнгө биш бөгөөд өмчийн харилцааны зүйл болдоггүй. Харин оператор компани нь тухайн дугаарлалтыг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр ашиглаж, гуравдагч этгээдэд хэрэглүүлдэг. МК-ийн хэрэглэгчтэй байгуулсан гэрээнд хэрэглэгч нь үйлчилгээ үзүүлэгчээс олгож байгаа үйлчилгээг зөвхөн гэрээнд заасан нөхцөлөөр ашиглах үүрэг хүлээнэ гэж заасан байдаг. Энэ нь энэхүү гэрээгээр хэрэглэгчийн дараа төлбөрт дугаарыг бусдад худалдах, барьцаалах эрхгүй гэсэн үг юм. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Зээлийн тухайд нэхэмжлэлд хавсаргасан зээлийн төлбөрт төлсөн гэх дансны бэлэн мөнгөний орлогын баримтууд нь хариуцагчаас зээлсэн мөнгөний хүүг хариуцагч Б.М ын шаардлагаар 4 жилийн хугацаанд хэсэгчилж цувуулж өгч байсан баримтууд. Нэхэмжлэгч У.Г-өөс хариуцагч Б.М  төлөх ёстой зээлийн төлбөрийн үлдэгдэл болох 15 000 000 төгрөгөөс “БК ” ХХК-ийн захирал Н.Б-т 8 000 000 төгрөгийн үнэ бүхий тоосгыг өгсөн гэсэн бичгийг нэхэмжлэлд хавсаргасан. Н.Б-т хариуцагч Б.М  нь орон сууц захиалж урьдчилгаа төлбөрөө төлөөд одоо болтол байрандаа ороогүй байгаа бөгөөд өөрөөр хэлбэл Н.Б-ээс авлагатай юм. Нэхэмжлэгч У.Г нь өөрөө хариуцагч дээр хүрч ирэн ийм бичиг хийгээд өгчих, тэгвэл өөрт чинь зээлийн үндсэн төлбөрийн мөнгөө бэлнээр нь Н.Б-ээс авч өгье гэж удаа дараа гуйсны дагуу Б.М  нь энэ бичгийг хийж өгсөн байдаг. Нэхэмжлэгч У.Г нь хариуцагч Б.М д нэг ч төгрөг авчирч өгөөгүй бөгөөд, хариуцагчаас бичиг авч шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа “БК ” ХХК-ийн захирал Н.Б-тэй биеэр уулзаж, учир явдлыг тодруулахад манай компани У.Г-өөс      10 000 ширхэг тоосго, 2 ширхэг гахай авсан болно, эдгээрээс өөр зүйл аваагүй, энэ 10 000 тоосгыг хэрэглээгүй тул буцааж өгөхөд саадгүй гэсэн бичгийг шүүхэд гаргаж өгсөн. Иймд хариуцагч Б.М  нь нэхэмжлэгч У.Г-өөс энэ мөнгөө одоо болтол аваагүй бөгөөд тусад нь шүүхэд хандан нэхэмжлэх болно гэжээ.

Хариуцагч “ХФ ” ББСБ ХХК-ийн шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Хамтран хариуцагчаар оролцуулсныг болон нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасанд манай байгууллага нийцэхгүй учир нь нэхэмжлэгч У.Г-тэй ямар ч холбоогүй, эрх зүйн харилцаанд оролцоогүй, түүний ашиг сонирхолыг хөндөөгүй, түүний өмнө ямар ч үүрэг хүлээгээгүй болно. Харин нэхэмжлэлд дурдсан гар утасны дугаарын хувьд Б.Х тай байгуулсан 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 3 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулж 99110963 дугаарыг нь 5 500 000 төгрөгийн барьцаанд авч, зээлдэгч Б.Х гийн хүсэлтээр 2016 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Б овогтой Т-гийн нэр дээр шилжүүлсэн болно. Хэрвээ Б.Х гийн эзэмшилд байсан дугаарыг бусдын эзэмшилд Б.Х гийн зөвшөөрөлгүй шилжүүлсэн гэж үзвэл “ХФ ” ББСБ ХХК-д холбогдуулж, Б.Х  нэхэмжлэл гаргах ёстой. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь гэрээний үүргийн дагуу эсвэл гэрээний бусаар шаардаад байна уу эсхүл хохирол шаардаад байна уу гэдэг нь тодорхойгүй. 99110963 дугаар нь хариуцагч нарын нэр дээр бүртгэлгүй болох нь тайлбараар нотлогдож байна. Одоо нэгэнт байхгүй дугаарыг хариуцагч нар нэхэмжлэгчийн нэр дээр яаж шилжүүлэх, яаж нэхэмжлэлийн шаардлага хангагдах вэ. Хэрэв буцаан шилжүүлэх боломжгүй бол мөнгөөр тооцож шилжүүлэх хуулийн зохицуулалт байдаг. Нэгэнт биелэгдэхгүй шаардлагыг үндэслэж маргаан үүсгэж байгаа нь ойлгомжгүй байна. Нэхэмжлэгч У.Г-тэй зээлийн гэрээ болон 99110963 дугаартай холбоотой эрх зүйн харилцаа үүсгээгүй тул уг иргэний хэрэгт бид хамааралгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.Г-ийн шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Г.Г нь 99110963 дугаарыг 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс МК тай гэрээ байгуулан ашиглаж байгаад Мобикомын өмчлөлд 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр буцааж өгсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагын зүйл нь Г.Г-д хамааралгүй болсон ба     Г.Г нь хүнд өвчний улмаас удаан хугацаагаар Солонгост эмчлүүлэхээр явсан. Энэ иргэний хэрэгт Г.Г-г хариуцагчаар татах үндэслэл тогтоогдохгүй байх тул Г.Г-д хамаарах хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. 99110963 дугаар нь өмч   мөн үү, хэний өмч вэ гэдэг нь тодорхойгүй. Хэрвээ өмч болно гэвэл гэрээгээр “МК ” ХХК гэж явдаг. Энэ дугаар нь Монголын харилцаа холбооны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.12-т зааснаар тоон илэрхийлэл юм. Тоон илэрхийллийг өмч гэж үзэн буцаан шилжүүлэхийг шаардаад буй дугаар нь өөрөө хэний өмч болох, хэрвээ өмч гэж үзвэл Иргэний хуульд зааснаар өмчлөгч нь бусдад шилжүүлэх эрх байдаг. Хэрвээ өмч биш, дуудлагын чиглэлийг тодорхойлж байгаа тоон илэрхийлэл гэж үзвэл үүнийг шаардах эрх байхгүй. Г.Г 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр У.С гэдэг хүнээс шилжүүлж авсан бөгөөд шилжүүлсэн этгээд нь “МК ” ХХК байдаг. Тэгэхээр “МК ” ХХК өөрөө өөрийнхөө тоон чиглэлийн дугаарыг нэг хүнээс нөгөө хүнд шилжүүлсэн. Хэрэв өмч гэвэл Г.Г шударгаар авсан учраас шударгаар бусдад шилжүүлэх нь энэ хүний өөрийнх нь эрх. Өмч гэдэг зүйлийн ард үнэлгээ байх ёстой. Хэдэн төгрөгийг үнэтэй зүйлийг хэнээс шаардаад байна вэ. Нэхэмжлэгч энэ дугаарыг шаардах эрхтэй эсэх, өмчлөгч нь “МК ” ХХК уу, У.Г үү. Өмчлөгч нь тодорхой байх ёстой атал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан бүх заалтыг зөрчсөн байна. Энэ дугаарын өмчлөгч У.Г мөн гэдгийг тодорхойлсон баримт байхгүй. Г.Г У.Г-тэйгэрээ байгуулж дугаарыг шилжүүлж аваагүй. Ямар гэрээний үндсэн дээр 99110963 дугаарыг шаардаж байгаа нэхэмжлэлийн шаардлага нь тодорхойгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд “МК ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Уг хэрэг маргаан нь иргэд хоорондын зээлийн гэрээний маргаан. Үүнд “МК ” ХХК нь хамааралгүй, бас буруугүй. Хэрэглэгчийн хүсэлтээр талуудыг биеэр байлцуулан дугаарын эзэмших эрхийг шилжүүлдэг. Тухайн үед “МК ” ХХК нь үүргийнхээ хүрээнд талуудыг байлцуулан дугаарын эзэмших гэрээг байгуулан эрхийг шилжүүлсэн тул “МК ” ХХК-д хамааралгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1, 90 дүгээр зүйлийг 90.1, 106 дугаар зүйлийн 106.1, 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасныг баримтлан 99110963 дугаарын эзэмших эрхийн гэрээг буцаан шилжүүлэхийг хариуцагч Б.М , Б.Х , Г.Г , “ХФ ” ББСБ ХХК-д тус тус даалгахыг хүссэн нэхэмжлэгч У.Г-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэгэнт анхдагч гэрээний үүрэг У.Г-ийн хувьд дуусгавар болсон тул салшгүй эрхийн зарчмын дагуу түүний дугаар эзэмших эрхийг барьцаалсан хариуцагч Б.М , Б.Х  нар 99110963 дугаарыг У.Г-ийн эзэмшилд буцаан шилжүүлэх үүрэг бүхий атлаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хариуцагч нар үүргээ биелүүлээгүй, иргэний эрхийг зөрчсөөр байгааг шүүх мөн хүлээн зөвшөөрсөн. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасныг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн илэрхий алдаатай шийдвэр болсон тул гомдолтой. Учир нь нэхэмжлэгч У.Г-ийн эзэмшлийн 99110963 дугаар эзэмших эрх нь өмчийн эрх зүйн институцын эдийн бус хөрөнгийн зохицуулалтад хамаарна. Энэ нь Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.4 дэх хэсэгт тодорхойлсон хөдлөх хөрөнгө буюу эдийн бус хөрөнгө болно. Тиймээс мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар 99110963 дугаарыг эзэмших эрхийг бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхэд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй тул анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй, энэхүү илэрхий бодит алдааг залруулж шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй гэж үзнэ.

Нэхэмжлэгч У.Г нь хариуцагч “ХФ ББСБ ” ХХК, Б.М , Б.Х , Г.Г нарт холбогдуулан 99110963 дугаарыг өөрийн эзэмшилд буцаан шилжүүлэхийг даалгахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Хэргийн баримтаас үзвэл нэхэмжлэгч нь хариуцагч нарт холбогдуулан 99110963 дугаартай өөрийн эзэмшилтэй холбоотой эрх ашгаа зөрчигдсөн талаар нэхэмжлэл гаргаж байгаа эсэх нь тодорхой бус байхад шүүх Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг хэрэглэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь учир дутагдалтай болжээ.

Нэхэмжлэгчийн гаргаж буй нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг шүүх тодруулснаар талуудын нотлох баримт бүрдүүлэх үүргийн хувиарлалтыг тодорхойлох, маргааны үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийх, нотлох баримтыг үнэлэх, зохих хуулийн холбогдох заалтыг тайлбарлан хэрэглэх боломжтой болох юм. Тодруулбал, талуудын хооронд ямар нөхцөл байдлын улмаас дээрх дугаар хэнд, хаана байгаа, эд хөрөнгө шаардаж байгаа эсэх, эрх шаардаж буй эсэх нь тодорхой бус байна. Нэхэмжлэлийн шаардлага тодорхой болсоноор хөөн хэлэлцэх хугацааны асуудлыг дүгнэх шаардлагатай. Талууд энэ талаар мэтгэлцээгүй.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл нь шүүхийн өмнө талуудын эрх тэгш байх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлэх талаар зохицуулсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 6 дугаар зүйл тус бүрийн заалтад нийцэхгүй байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагчийн тайлбар, түүний үндэслэл тодорхой байснаар талууд тухайн маргааны үйл баримтын талаарх нотлох баримтыг гаргаж мэтгэлцэх, улмаар шүүх шаардах эрхийн үндэслэл, түүнийг зохицуулсан хуулийн заалтыг оновчтой, зөв тайлбарлан хэрэглэх боломжтой болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан давж заалдах журмаар шүүх хэрэг хянан шийдвэрлэж буй зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй, хэргийг бүхэлд нь хянан үзэх эрх хэмжээний үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 183/ШШ2019/01882 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ИЧИНХОРЛОО

                    ШҮҮГЧИД                                                        Ш.ОЮУНХАНД

           М.НАРАНЦЭЦЭГ