Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Мянгаагийн Наранцэцэг |
Хэргийн индекс | 183/2019/01985/и |
Дугаар | 2091 |
Огноо | 2019-12-13 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 2091
МАГАДЛАЛ
2019.12.13 Дугаар 2091 Улаанбаатар хот
ЭӨ СӨХ-ны нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ш.Оюунханд, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,
2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 183/ШШ2019/01985 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч ЭӨ СӨХ-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч “БДХ ” ОСНААК-д холбогдох,
“Тохижилт үйлчилгээний төв” ОНӨААТҮГазартай байгуулсан хог хаягдал ачиж тээвэрлэх гэрээ, цахилгаан болон дулаантай холбогдох гэрээ, Биллер байгууллагын гэрээ зэрэг баримт бичгүүд, тайлан тооцоо, СӨХ-ийн дундын өмчлөлийн эд хөрөнгө, СӨХ-д холбогдох ажлыг ЭӨ -48 СӨХ-д хүлээлгэж өгөхийг даалгах, оршин суугчдаас хууль зөрчиж давхардуулан ашиглалт, лифт, хог зэрэг хураамж хэлбэрээр авсан 25 095 000 төгрөгийг гаргуулах, орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгөд учирсан доголдол эвдрэл гэмтлийг арилгуулах тухай иргэний хэргийг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Ж,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Р.П,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Одонтуяа нар оролцов.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: ЭӨ орон сууцны барилгыг “А ” ХХК барьж 2016 оны 10 сард байнгын ашиглалтад оруулсан. Барилгыг байнгын ашиглалтад хүлээлгэн өгсөний дараа орон сууцны дунд өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдох асуудлыг “БДХ ” ОСНААК-д хариуцуулсан гэх боловч ямар гэрээ хэлэлцээр юуг үндэслэн хариуцуулсан нь тодорхой бус. “БДХ ” ОСНААК нь 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс оршин суугчдаас ямар ч гэрээ хэлцэлгүйгээр ашиглалтын зардал, хог, лифтний мөнгө гэж сар бүр хууль зөрчиж мөнгө хурааж байгаа бөгөөд зарим айл өрхийг мөнгө төлөөгүй гэх үндэслэлээр алданги тооцож байна. Орон сууцны барилга ашиглалтад ороод удаагүй хэдий ч дундын өмчлөлийн эд хөрөнгө эвдэрч хэмхэрсэн, гэмт хэрэг, зөрчил удаа дараа гарсан, цэвэрлэгээ үйлчилгээ маш муу хийгддэг, байнгын хогон дунд амьдардаг гэх мэтээр оршин суугчдын эрүүл, аюулгүй, тав тухтай амьдрах нөхцөл алдагдаж СӨХ болон оршин суугчдын хууль ёсны эрх ашиг зөрчигдсөөр байна. ЭӨ байрны оршин суугчид 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр албан ёсоор хуралдаж, 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр гэрчилгээг авч Сууц өмчлөгчдийн холбоог байгуулсан. Хууль ёсны дагуу байгуулагдсан ЭӨ СӨХ байгуулагдсан үеэсээ “БДХ ” ХХК-ийг оршин суугчдаас хууль бусаар мөнгө хураахгүй байх, СӨХ-д холбогдох дундын өмчлөлийн эд хөрөнгө, ажлыг хүлээлгэн өгөхийг удаа дараа шаардаж, шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч дээрх зөрчил дутагдал арилахгүй оршин суугчдаас хууль бусаар мөнгө хурааж хохирол учруулсаар байгаа болно. Иймд орон сууцны барилгад холбогдох ажлын зураг, СӨХ-д холбогдох бусад бичиг баримтууд, дундын өмчлөлийн эд хөрөнгө, үйлчилгээ үзүүлэгч мэргэжлийн болон бусад байгууллагатай хийсэн гэрээ хэлцэл зэрэг СӨХ-д холбогдох ажлыг ЭӨ СӨХ-д хүлээлгэн өгөхийг даалгаж, оршин суугчдаас хууль зөрчиж давхардуулан ашиглалт, лифт, хог зэрэг хураамж хэлбэрээр авсан 25 095 000 төгрөгийг гаргуулж, орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгөд учирсан доголдол эвдрэл гэмтлийг арилгуулахыг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Барилга ашиглалтад орж улсын комисс хүлээн авсны үндсэн дээр ус, дулаан, цахилгаантай холбоотойгоор тусгай зөвшөөрөл бүхий хангах байгууллагууд буюу ОСНААК-т тухайн барилгын захиалагчийн зүгээс хүлээлгэн өгдөг. Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд орших 48 дугаар байр нь 2016 оны 10 дугаар сард ашиглалтад орж барилгын захиалагч болон оршин суугчдын зүгээс хүсэлт тавьсаны үндсэн дээр манай компани тухайн байрны ус, дулаан дамжуулах төв болон гадна доторх инженерийн шугам сүлжээг өмчлөлдөө шилжүүлэн авч, 2017 оны 02 дугаар сараас оршин суугчдыг ус, дулаан, цахилгаанаар хангаж эхэлсэн. Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, 14.6 дахь хэсэгт заасан 1+3 жилийн хугацааны хүрээнд барилгын захиалагч болох “А ” ХХК-тай 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр нийтийн эзэмшлийн талбайн ашиглалт үйлчилгээг шилжүүлэх гэрээг байгуулсан. “А ” ХХК нь дээрх үйл ажиллагааг өөрсдөө явуулах боломжгүй гэж манай компанид хүсэлт тавьснаар “БДХ ” ОСНААК нь гэрээний үндсэн дээр нийтийн эзэмшилтэй холбоотой асуудлууд нийт оршин суугчдын аюулгүй байдал, харуул хамгаалалтын асуудал хотхоны гадна доторх тохижилт, эвдрэл гэмтэл, засвар үйлчилгээг хариуцах, нийтийн эзэмшлийн камержуулалт, лифтийг хариуцах зэргийг тусгасан байх бөгөөд энэхүү үйл ажиллагааг өнөөдрийг хүртэлх хугацаанд хэрэгжүүлэн явж байна. 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр тухайн байрны оршин суугчдаас хэсэг бүлэг хүмүүс хууль бус СӨХ байгуулан явж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэсэн мэдэгдлийг хэд хэдэн оршин суугч албан ёсоор бүх оршин суугчдын гарын үсгийн хамт өгсөний дараа Н.Ж гэх хүн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр “А ” ХХК-д хаягласан ЭӨ СӨХ-ны бланк бүхий албан бичгийг манай компанид өөрийн биеэр хүргэж ирсэн. Манай компани уг албан бичгийн хариуг 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр өгсөн бөгөөд тухайн хугацаанаас хойш ямар нэгэн байдлаар дээрх СӨХ-ийн үйл ажиллагааг өөрсдөө хүлээн авах талаар нэг ч удаа манайд хандаагүй. Учир нь үнэхээр дээрх ЭӨ СӨХ нь хууль ёсны болсон бол нийтийн эзэмшлийн цахилгаан, хог, ус, дулаан, лифт зэргийн төлбөрийг СӨХ-ийн нэр дээр эрх бүхий байгууллагуудад албан ёсоор хүсэлт гарган хандаж дээрх төлбөр тооцооны гэрээг шилжүүлэн авах ёстой байсан боловч ийм үйлдлийг хийгээгүйн улмаас одоо хүртэл манай компани дээр төлбөр нь гарсаар байна. Манай компани нэгэнт СӨХ-ны үйл ажиллагааг эрхэлж байгаа тул ус, дулаан, цахилгаан, лифт, үйлчлэгч, харуул хамгаалалт, хогны төлбөрийг тухайн зохих байгууллагуудад сар бүрийн 10-ны өдрийн дотор тушааснаар оршин суугчдын хэвийн амьдрах боломж бүрддэгээс гадна хугацаандаа төлөгдөхгүй тохиолдолд алданги тооцож, хязгаарлалт хийгддэг. Хугацаандаа төлөхгүй бол цахилгаан хязгаарлагдсанаас орц гэрэлгүй болох, лифт зогсох, орц дулаангүй болох, орц, гарааш зэргийг цэвэрлэх ус хаагдах, хог хэт их хэмжээгээр бөөгнөрөх зэрэг нөхцөл байдлууд үүснэ. Энэ хугацаанд ийм нөхцөл байдал огт үүсч байгаагүй болно. Нэхэмжлэгчийн гаргасан хууль бусаар олсон орлого 7 340 000 төгрөг, хариуцагчаас хууль бусаар хураасан гэм хорын хохирол 25 095 000 төгрөг гаргуулах шаардлагыг огт ойлгохгүй байгаа бөгөөд хэн гэдэг оршин суугчаас ямар байдлаар яаж хууль бус орлогыг хураасан талаар огт дурдаагүй байдаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан нотлох баримтыг өөрөө бүрдүүлж нэхэмжлэлээ нотлох үүргээ биелүүлээгүй. Мөн ЭӨ СӨХ нь хууль ёсны дагуу үйл ажиллагаа явуулдаг эсэх нь эргэлзээтэй бөгөөд СӨХ-ны үйл ажиллагааг явуулахад хамгийн наад захын дундын өмчлөлийн ус, дулаан, цахилгаан, хог, лифтны төлбөр тооцоотой асуудлын хүрээнд эрх бүхий байгууллагатай гэрээ хийж улмаар дундын өмчлөлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон үйл ажиллагааг актаар хүлээн авах ёстой байтал ийм үйл ажиллагаа хийхгүй байгаа нь оршин суугчдыг төлөөлж байгаа гэж үзэхэд учир дутагдалтай байна. Манай компанид эд хөрөнгийн доголдол эвдрэл гэмтэлтэй холбоотой асуудал хамааралгүй, Барилгын тухай хуульд зааснаар “А ” ХХК 3+1 баталгаат хугацаанд хариуцах юм. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн ЭӨ СӨХ-д 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр олгогдсон гэрчилгээний хугацаа дууссан байгааг шүүх анхаарч үзнэ үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгч ЭӨ СӨХ-ийн хариуцагч “БДХ ” ХХК-д холбогдуулан гаргасан СӨХ-д холбогдох ТҮТ ОНӨААТҮГазартай байгуулсан хог хаягдал ачиж тээвэрлэх гэрээ, цахилгаан болон дулаантай холбогдох гэрээ, Биллер байгууллагын гэрээ зэрэг баримт бичгүүд, тайлан тооцоо, СӨХ-ийн дундын өмчлөлийн эд хөрөнгө, СӨХ-д холбогдох ажлыг ЭӨ СӨХ-д хүлээлгэж өгөхийг даалгах, оршин суугчдаас хууль зөрчиж давхардуулан ашиглалт, лифт, хог зэрэг хураамж хэлбэрээр авсан 25 095 000 төгрөгийг гаргуулах, орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгөд учирсан доголдол эвдрэл гэмтлийг арилгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 450 100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий биш, хэт нэг талыг барьж нэхэмжлэгчийн эрх ашгийг ноцтой зөрчсөн, хэрэгт авагдсан нотлох баримтууд болон нэхэмжлэгчээс гаргасан тайлбар, удаа дараагийн хүсэлтийг хүлээж авахаас татгалзаж (1-р хавтасны- 28х;34х; 43х; 48х; 69х; 91х; 45; 94; 166; 2-р хавтасны 5, үзлэг хийлгэх тухай шүүх хурал дээр удаа дараа гаргасан хүсэл), бодит байдалд үндэслэлтэй дүгнэлт хийхгүйгээр шударга бус шийдвэр гаргасан гэж үзэж дараах гомдлыг гаргаж байна. “БДХ ” ОСНААК, “А ” ХХК нарын хооронд байгуулсан 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Хамтран ажиллах гэрээг үндэслэн сууц өмчлөгчдийн холбооны үүргийг “БДХ ” ОСНААК гүйцэтгэж байсан нь хэрэгт авагдсан баримтаас харагдана. ХУД-ийн 3 хороо ЭӨ орон сууцны байрны оршин суугчид 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр ЭӨ СӨХ-г оршин суугчдын хүсэлтийн дагуу байгуулж 18/03 тоот гэрчилгээг авсан. Өмнө СӨХ-ийн үүрэг гүйцэтгэж байсан гэх “БДХ ” ОСНААК нь оршин суугчдын эрүүл аюулгүй амьдрах нөхцөлийг хангах, дундын өмчлөлийн эд хөрөнгийн эвдрэл гэмтлийг засах, засвар үйлчилгээ хийх, нийтийн эрх ашгийг хамгаалах талаар ямар ч ажил хийхгүй мөртлөө ашиглалт, хог, лифт нэрээр оршин суугчдаас үндэслэлгүйгээр мөнгө авсаар байна. Үүнийг оршин суугчид эсэргүүцэж өөрсдийн хууль ёсны эрхээ хамгаалахаар СӨХ байгуулж, байгуулагдсан цагаас эхэлж “БДХ ”-аас ажил үүргээ хүлээлгэж өгөхийг шаардсан. Оршин суугч өөрийг нь төлөөлөн нэхэмжлэл гаргах эрхийг ЭӨ СӨХ-д хууль заасны дагуу олгоогүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Дундын өмчлөлийн эд хөрөнгөд учирсан хохирлыг арилгуулах шаардлагын хүрээнд холбогдох нотлох баримтуудыг гаргаж мөн энэ асуудлаар шинжээч томилох, үзлэг хийлгэх хүсэлтүүдийг удаа дараа гаргасныг шүүх хүлээж аваагүй аталаа дундын өмчлөлийн эд хөрөнгөд хохирол учирсан нь тогдоогдохгүй байна гэсэн нь үндэслэлгүй дүгнэлт юм. Шүүгч нь шүүхийн шийдвэрийн агуулгыг танилцуулахдаа ЭӨ сууц өмчлөгчдийн холбоонд олгосон гэрчилгээний хугацаа дууссан, сунгасан талаарх баримт байхгүй, “ЭӨ ” СӨХ нь нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж тайлбарлан нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ гэж танилцуулсан аталаа бичгийн хэлбэрт оруулахдаа “...ЭӨ ” СӨХ-д олгосон гэрчилгээний хугацаа 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр дууссан, нэхэмжлэгч сунгасан талаарх баримтыг гаргаж өгөөгүй болохыг дурьдах нь зүйтэй.” гэж үндэслэлгүй бөгөөд худал дүгнэсэн байна. (Шүүх хурлын аудио бичлэгийг гаргуулахаар анхан шатны шүүхийн тамгын газарт хүсэлт гаргасан болно.) Иймд нотлох баримт, нэхэмжлэгчийн тайлбар, хүсэлт болон бодит байдалд тулгуурлаагүй хэт нэг талыг барьсан шударга бус шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Нэхэмжлэгч ЭӨ СӨХ нь хариуцагч “БДХ ” ОСНААК-д холбогдуулан СӨХ-д холбогдох ТҮТ ОНӨААТҮГазартай байгуулсан хог хаягдал ачиж тээвэрлэх гэрээ, цахилгаан болон дулаантай холбогдох гэрээ, Биллер байгууллагын гэрээ зэрэг баримт бичгүүд, тайлан тооцоо, СӨХ-ийн дундын өмчлөлийн эд хөрөнгө, СӨХ-д холбогдох ажлыг ЭӨ СӨХ-д хүлээлгэж өгөхийг даалгах, оршин суугчдаас хууль зөрчиж давхардуулан ашиглалт, лифт, хог зэрэг хураамж хэлбэрээр авсан 25 095 000 төгрөгийг гаргуулах, орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгөд учирсан доголдол эвдрэл гэмтлийг арилгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Хэрэгт цугларсан нотлох баримт болон талуудын тайлбараас үзэхэд Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо,19 дүгээр хороолол, С.Ш-ын гудамж хаягт байх, орон сууцны зориулалттай 15 давхар байрыг “А ” ХХК захиалан бариулсан, нэхэмжлэгч “ЭӨ ” СӨХ нь 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдаж уг байранд үйл ажиллагаа явуулдаг, хариуцагч нь “А ” ХХК-тай 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан гэрээний дагуу орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээг хариуцаж байгаа зэрэг үйл баримт тогтоогдсон байна.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтууд, зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь зөв гэж үзнэ.
Тодруулбал, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа баримтаар нотолж чадаагүй байх ба хариуцагчаас гаргуулахаар шаардсан 25 095 000 төгрөг нь хэнээс, ямар хугацаанд хураасан мөнгө болох, нэхэмжлэгч нь энэ мөнгийг шаардах эрхтэй эсэх нь тодорхойгүй байна.
Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО
ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД
М.НАРАНЦЭЦЭГ