| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Одончимэг |
| Хэргийн индекс | 139/2017/00049/Э |
| Дугаар | 45 |
| Огноо | 2017-09-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Баянмөнх |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 45
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,
Нарийн бичгийн дарга Г.Нямаа
Улсын яллагч Д.Баянмөнх
Хохирогч Э.Уранбаяр
Шүүгдэгч Ш.Зоригт нарыг оролцуулан, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дундговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Шонхорцагааны Зоригтод холбогдох эрүүгийн 1722000010005 дугаартай хэргийг 2017 оны 8 дугаар сарын 25 -ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1954 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн, 63 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, малчин, ам бүл 2, эхнэрийн хамт Дундговь аймгийн Сайнцагаан сумын 3 дугаар баг, Мандалын 18-2 тоотод оршин суух, 1985 онд “онц тээвэрчин” цол тэмдэгээр шагнагдаж байсан, ял шийтгэлгүй, Боржигон овогт Шонхорцагааны Зоригт /регистрийн дугаар ЗЮ54040675/
Шүүгдэгч Ш.Зоригт нь 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 1 дүгээр багийн “Улаан дэл” гэх газарт иргэн Э.Уранбаяртай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж эрүүл мэндэд нь халдан, биед нь тархи доргилт, толгойн орой болон нуруу хэсгийн зөөлөн эдийн гэмтэл буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд дурдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ш.Зоригт шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр энэ явдал болсон. Болорынх аймгаас хойш 4-5 километрт байдаг. Манайх 2 километрт буусан. Тэр өдөр манай 2 айлын мал нийлсэн юм. Болорын эхнэр Д.Гандулам завгүй байхад хонио харахгүй нийлүүлээд гэж уурласан. Ингээд 14 цагаас 19 цаг хүртэл хонио ялгасан. Мал ялгаад дуусаж байтал Д.Гандулам бас өөр хүүхэн, Э.Уранбаяр нар ирсэн. Малаа ялгасны дараа ахиад хонь шүүж байтал тэд хэрэлдээд байхаар нь очтол миний хүүг загнаад уйлуулчихсан, эд нар баруун зүүн талаас нь загнаад байж байсан. Би хүүхдээ өмөөрсөн. Тэгээд хэрэлдэж байтал миний унаж байсан морь хавираад Э.Уранбаярын гэзгэнд нь байсан хавчаарыг хагалсан байсан. Эвгүй зүйл боллоо цагдаа дууд, асуудлаа энд нь шударгаар шийдүүлье гэж би хэлсэн. Тэр өдөр миний уурга Э.Уранбаярын толгойд хүрсэн гэдгийг би хүлээн зөвшөөрч байна. Намайг 100000 төрөг, хонь, ямаа өг гэхээр нь өгсөн. Бид эв зүйгээ олсон. Харин намайг Э.Уранбаярыг 2-3 удаа цохьсон гэж байгааг зөвшөөрөхгүй. Би хохирол өгсөн. Над шиг настай хүн ийм хүнийг 2-3 удаа цохих нь тохиромжгүй асуудал. Энэ хүний толгой хавдаад шинжээчийн дүгнэлт гаргуулсан. Ийм л зүйл болсон гэв.
Хохирогч Э.Уранбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Манайх цөөхөн малтай. Тэр мал маань Болор-Эрдэнийд байдаг юм. 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр мал маань өөр айлын малтай нийлчихлээ ирээд мал ялгахад туслаад өгнө үү гэж надад утсаар хэлсэн. Би аймгаас очоод малыг нь ялгалцсан. Ш.Зоригтын хүүд манай бууц энд байдаг юм, малаа харж байхгүй дээ гэхэд өдрөөс хойш юу гээд байгаа юм вэ гэхэд нь чи том хүний өөдөөс юу яриад байгаа юм бэ, ямар цадиггүй юм бэ гэж Д.Гандулам хэлсэн. Ш.Зоригоо гуай бас “та нарт энэ хангай дэлхийг аймгийн Засаг дарга, багийн засаг дарга өмчлөөд өгсөн үү” гэж хэлсэн. Тэгээд барьж байсан уургаараа миний толгойд 2 цохиод, миний хүзүүгээр уурганыхаа хувийг хийгээд татаж, мотоциклиос унагасан. Би цагдаа дуудсан боловч очих боломжгүй, маргааш өглөө өргөдлөө бариад цагдаа дээр хүрээд ир гэсэн. Ш.Зоригт гуай хөгшин толгойгоо залуу толгойгоор солино гэж уурлаж байсан. Хүү нь цадиггүй хүүхэд байсан учраас бид муудсан. Хохирол төлөгдсөн, гомдол саналгүй гэв.
Гэрч Д.Гандуламын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “...2017 оны 6 дугаар сарын 12-нд ...Ш.Зоригт гуайн хонь манай хоньтой нийлсэн байсан. …Би найз Э.Уранбаяртай хамт очсон...Ш.Зоригт гуай морьтойгоо ирээд ...Э.Уранбаярын толгойн тус газар 2 удаа уургаад цохиж, дараа нь уургаараа Э.Уранбаярын хүзүүгээр нь уургалж татаж унагаад “хөгшин толгойгоор залуу толгой солино” гэх мэтээр айлган сүрдүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/
- Дундговь аймгийн Шүүхийн Шинжилгээний Албаны шинжээчийн 2017.06.14-ний өдрийн 170200173 дугаартай дүгнэлтэд
“1. Э.Уранбаярын биед тархи доргилт, толгойн орой болон нуруу хэсгийн зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.
2. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.
3. Тархи доргилт нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зөөлөн эдийн гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэжээ /хх-ийн 19/
- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 29-30/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Ш.Зоригт нь 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 1 дүгээр багийн “Улаан дэл” гэх газарт иргэн Э.Уранбаяртай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Ш.Зоригт нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогч Э.Уранбаяр гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мөн шүүгдэгчийн хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинж чанарыг харгалзан түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Хохирогч Э.Уранбаяр нь хэрэг бүртгэлтийн шатанд тус аймгийн Прокурорын газарт “...Ш.Зоригт нь эмчилгээ болон зардалд 100000 төгрөг, нэг хонь, нэг ямаа өгсөн. Ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, бид 2 эвлэрсэн” гэх хүсэлт, мөн шүүхийн хэлэлцүүлэгт “...хохирол төлөгдсөн, гомдол саналгүй...” гэх тайлбарыг тус тус гаргаж байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Ш.Зоригт нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн тул Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Ш.Зоригт нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, битүүмжлүүлсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Шонхорцагааны Зоригтыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ш.Зоригтыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгож шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т шүүгдэгч Ш.Зоригтод оногдуулсан торгох ялыг 1 /нэг/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Ш.Зоригт нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг тайлбарласугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Зоригтод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шүүгдэгч Ш.Зоригт нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлүүлсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ОДОНЧИМЭГ