Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 0036

 

 

 

 

 

 

 

 

 

Ж.Б, Н.Р нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Цэцэгмаа даргалж, Ерөнхий шүүгч З.Хосбаяр, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор                                                      Н.Д

Шүүгдэгч                                                       Ж.Б, Н.Р

Шүүгдэгчийн өмгөөлөгч                            А.Т

Нарийн бичгийн дарга                             Э.Булгантамир нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж, ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг, шүүгч Ц.Алтангадас нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 57 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Р болон шүүгдэгч Ж.Бын өмгөөлөгч А.Т нарын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Ж.Б, Н.Р нарт холбогдох эрүүгийн хэргийг 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 Н-н Р, 

Ж-н Б, 

Н.Р, Ж.Б нар нь 2019 оны 08 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө согтуурсан үедээ бүлэглэн      аймгийн       сумын       багийн нутаг дэвсгэрт “Х” зоогийн газрын орчим иргэн Б.П-г зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан, улмаар хүч хэрэглэн зодож LG-K-10 загварын гар утас болон бэлэн 2.000 төгрөг, мөнгөн бөгж зэргийг нь дээрэмдэн авч 202.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймгийн Прокурорын газраас: Ж.Б, Н.Р нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

            Шүүгдэгч И овогт Н-н Р, шүүгдэгч Ч овогт Ж-ны Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “бүлэглэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон, дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

   Шүүгдэгч Н.Рг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 3 жил 5 сар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар, шүүгдэгч Ж.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 5 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар тус тус шийтгэж,

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Рд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 3 жил 5 сар хорих ялаас 2 жил хорих ялыг өршөөн хасаж, эдлэх ялыг 1 жил 5 сарын хугацаагаар тогтоож, 

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Рд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил хорих ялыг 1 жилийн хугацаагаар Булган аймаг Бугат сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч Ж.Бод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил хорих ялыг 2 жилийн хугацаагаар Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус дүйцүүлэн сольж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Рд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйл, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 1 жил 5 сар хорих ялаас тусад нь, шүүгдэгч Ж.Бод Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 5 жил хорих ялаас тусад нь, тэдний хорих ялаа эдэлж дууссан өдрөөс эхлэн эдлүүлэхээр тогтоож,

             Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Рд оногдуулсан 1 жил 5 сар хорих ял, шүүгдэгч Ж.Бод оногдуулсан 5 жил хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

             Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бын 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 11 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 30 хоног, 2022 оны 2 дугаар сарын 10-ны өдрөөс 2 дугаар сарын 17-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 7 хоног нийт 37 хоногийг,  шүүгдэгч Н.Ргийн 2021 оны 2 дугаар сарын 22-ны өдрөөс 2 дугаар сарын 24-ний өдөр хүртэл шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан  2 хоног, 2022 оны 2 дугаар сарын 10-ны өдрөөс 2 дугаар сарын 17-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 7 хоног нийт 9 хоногийг тэдний эдлэх ялд оруулан тооцож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасныг баримтлан шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Р, Ж.Б нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Р зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт,  Ж.Б зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгаж,

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.П нь эрүүл мэндэд хүнд хохирол учирснаас үүссэн эмчилгээ хийлгэхтэй холбоотой гарсан зардлын талаарх баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ж.Боос 52.000 төгрөг гаргуулж хохирогч Б.П-д олгож,

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Ж.Бын хос пүүзийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Н.Р давж заалдах гомдолдоо:

 

“... Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Дахин хэрэг хийхгүй, архи уухгүй амьдарна. Ээж маань өөд болж одоо би ганц бие амьдардаг. Амьдралын боломж муу. 2020 онд          аймгийн      сумын     багт байдаг “Н” ХХК-д ажилд орж архи уухгүй тэндээ суурьшиж амьдарч байгаа. Хохирогчийн өр төлбөр гомдлыг бүрэн барагдуулсан. Уушиг муу, сүрьеэгийн эмчийн хяналтад байдаг. Удаан хугацаагаар хэвтэж эмчлүүлж эм уудаг. Эмчдээ тогтмол үзүүлж байсан. Сүүлд 2022 оны 02 дугаар сарын 08-нд үзүүлэхэд Улаанбаатар хот явж сүрьеэгийн эмчид үзүүлж нарийн шинжилгээ өгч онош тодруулах шаардлагатай гэсэн. Одоо уух эм минь тасарсан. Биеийн байдал муу. Маш их сульдаж цээж өвдөж зовиур их байна. Зүрх дотор эрхтэн өвддөг. Цаашид эмчлүүлэх шаардлагатай байна. Эрүүл мэндийн хувьд шалтгаантай байгаа тул миний ялыг хорихоос бусад ялаар сольж өгч тусална уу” гэжээ.

 

Шүүгдэгч Ж.Бын өмгөөлөгч А.Т давж заалдах гомдолдоо:

 

“... Ж.Б эхнээсээ үйлдлийг хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд тухайн хэргийг шалгаж байсан ажилтан “Та нар эхнээсээ үйлдлээ тохирчих, учраа олчих” гэсний дагуу Ж.Б “утсыг би авсан” гэсэн утгаар мэдүүлгийг өөрчилсөн бөгөөд явцын дунд уг мэдүүлгээс буцсан байдаг. Үүнээс хойш мөрдөн байцаалтын явцад хохирогч Б.П-г зодоогүй, гар утсыг аваагүй гэж тогтвортой мэдүүлсээр ирсэн. Мөн шүүхийн хэлэлцүүлгийн явцад энэ мэдүүлгээ өгсөн. Тэрээр “Би хүний утсыг дээрэмдэж авсан бол мэдээж тэр дор нь алга хийнэ. Гэвч би аваагүй учир Цагдаагийн байгууллагаас намайг олж баривчлах хүртэл уг утсыг барьж хэрэглэж явсан” гэж мэдүүлдэг. Хэргийн материалыг судлан үзэхэд хохирогч Б.П хэнд зодуулснаа мэддэггүй, шүүгдэгч Н.Р мөн тухайн үед ямар үйл явдал болсныг мэддэггүй, гэрчээр асуугдсан хүмүүс Ж.Б хохирогчийг зодож байсан талаар үзсэн харсан тухай мэдүүлээгүй.

 

Хэрэгт анх нотлох баримтаар авагдсан гудамжны камерын бичлэгт эдгээр хүмүүс хамт явж байсныг бичсэн болохоос болсон үйл хэргийн талаар бичигдээгүй. /камерын бичлэг алга болсон/, Хэрэгт авагдсан гэм хорын хохирол бүрэн нотлогдоогүй байгаа юм. Энэ хэргийн хувьд Ж. Б-н гэм бурууг нотолсон шууд нотлох баримт байхгүй, зөвхөн урьд өмнө дээрмийн хэрэгт шийтгэгдэж байсан, тодорхой хугацаагаар ял эдэлж байсан гэдэг утгаар гэм буруутайд тооцон ял шийтгэсэн гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Шүүх хуралдааны явцад Ж.Б ”...Миний хувьд том алдаа боллоо. Тэр өдөр ажлаасаа буугаад Р-тэй таараад нэг шил архи авч өгсөн, бас О нэг шил 0,75 граммын “Хараа” архи авч ирсэн. Тэгэхэд хохирогч тамхи зардаг авгай нарын хажууд зогсож байсан. Р-с хүүхэн асуусан гэсэн. Би хүн зодоогүй дээрэмдээгүй байж хоёр жил гаран ажил ч хийж чадахгүй явж байна” гэж мэдүүлсэн. Түүнчлэн Ж.Б нь 4 жилийн өмнө өндрөөс унаж эмчилгээний алдааны улмаас хөл муутай болж хөгжлийн бэрхшээлтэй болсон иргэн юм. Мөн шүүхээс гэм буруутайд тооцохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “нотлогдвол зохих байдлууд нотлогдоогүй” байхад гэм буруутайд тооцсон нь учир дутагдалтай, гэм буруутайд тооцох боломжгүй юм. Иймд Ж.Бод холбогдох хэргийг тал бүрээс нь хянан үзэж, түүнд холбогдох үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

            Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Ж.Б тайлбартаа: “... хэрэгт зарим гэрчүүдээс мэдүүлэг аваагүй дутуу шалгасан. Бичлэг алга болсон. Миний оролцоо байхгүй, би хохирогчийг зодож цохиогүй” гэв.

            Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Н.Р тайлбартаа: “Би өөрийн буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний эрүүл мэндийн байдал муу, байнгын эмчийн хяналтанд байдаг. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч А.Т тайлбартаа: “”Давж заалдах гомдлоо дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна. Ж.Бын хувьд хөл нь хугарсан. Хохирогчийг зодож эрхэнд нь халдсан гэдэг нотлох баримт хэрэгт байхгүй тул үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Н.Д дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй. Р хохирол төлбөрөө төлсөн. Б хохирогчийн биед хохирол учруулсан гэдэг нь хохирогчийн мэдүүлэг, гэрч С-н мэдүүлэг, Б-н мэдүүлэг, О-н мэдүүлэг зэргээр нотлогддог. Цуг байсан, гар утсыг Б авсан байдаг. Бүлэглэн зодсон нотлох баримт байдаг. Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Н.Р болон шүүгдэгч Ж.Бын өмгөөлөгч А.Т нарын давж заалдах гомдлыг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзвэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дурьдсан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлаас үзвэл Н.Р, Ж.Б, О.Б, М.О нар нь 2019 оны 08 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө         аймгийн        сумын      багийн нутаг дэвсгэрт байрлах “Х” зоогийн газрын орчим архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж байх үед хохирогч Б.П ирж тэдэнтэй хамт архи уусан, ...  хохирогчийг босч явахад шүүгдэгч Н.Р араас нь очиж маргалдан улмаар түүнийг цохих, өшиглөх зэргээр зодсоны улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, ... шүүгдэгч Ж.Б тэдэн дээр очих үед хохирогч Б.П нь газар хэвтсэн байсан ... Ж.Б буцаад О.Б, М.О нар дээр очсон ... үйл баримт тогтоогдож байна.

Гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирогчид хор уршиг шууд учирсан, тийм хор уршиг учрах бодит боломж бүрдүүлсэн бол шалтгаант холбоотой гэж үзэх бөгөөд гэмт этгээдийн нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хор уршиг учирсан нь нотлох баримтаар бүрэн тогтоогдсон тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэх учиртай.

Хохирогч Б.П-н эрүүл мэндэд учирсан “хавсарсан гэмтэл, хэвлийн битүү гэмтэл, дэлүүний задрал, зүүн талын 6-9-р хавирганы далны шугамаар далд зөрөөтэй хугарал, 7 ба 9 дүгээр хавирганы хоёрлосон хугарал, баруун зүүн тохойд олон тооны зулгаралт, цээжинд зөөлөн эдэд цус хуралт” бүхий гэмтэл нь олон удаагийн үйлчлэлээр, нэг цаг хугацаанд үүссэн, шинэ гэмтэл болох нь шинжээчийн 570 дугаартай дүгнэлтээр хөдөлбөргүй тогтоогджээ.

Дээрх дүгнэлтийг гаргасан шинжээч Ж.Г “... хайс хашааг хүчтэй мөргөх, мөргөгдөх, энэ талаар хайс хашааг хүчтэй мөргөж унасны улмаас дээрх гэмтлүүд үүсч болно. Өөрийн биеийн жингээр унах хүчээс давсан хүчний үйлчлэлийн улмаас үүссэн байх боломжтой...” гэж мэдүүлсэн байх бөгөөд хохирогчийн биед учирсан энэхүү гэмтэл нь шүүгдэгч Н.Ргийн гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж үзэх үндэслэлтэй байна.

Харин хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтуудыг судалж үзэхэд шүүгдэгч Ж.Быг хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл санаатай учруулсан, мөн хохирогчид хүч хэрэглэж дээрэмдэх гэмт хэрэгт хамтран оролцсон буюу гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэж үзэхэд эргэлзээ бүхий нөхцөл байдал үүсч байна.

Тодруулбал: Шүүгдэгч Ж.Быг тухайн үед хохирогч Б.П-н биед халдаж, гэмтэл учруулсныг нотолж тогтоосон баримт хэрэгт авагдаагүй, хохирогч Б.П нь хэргийн үйл баримтын талаар 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр анх удаа гэрчээр мэдүүлэхдээ “ ... хоёр залуу ирээд нэг нь миний зүүн талын хавирга хэсэг рүү цохиж авсан бөгөөд би газар унасан чинь дахиад намайг өшиглөж цохиод байх шиг байсан. Тэгээд би ухаан балартаад нилээн удаан газар хэвтсэн ... ” гэсэн бөгөөд энэ мэдүүлэгт  Н.Р, Ж.Б нарыг өөрийг нь бүлэглэн цохиж, өшиглөсөн талаар тодорхой мэдүүлээгүй байна.

Хохирогч Б.П нь түүнээс хойш удаа дараа өгсөн мэдүүлэгтээ “...тухайн үед нилээн согтуу байсан болохоор яг юу болсон, хэнтэй уулзсан, хэнтэй маргалдсан гэдгээ санахгүй байна” гэсэн ба шүүгдэгч Н.Р, гэрч О.Б нар нь архи ууж согтуурсны улмаас болсон үйл явдлыг бодитой сэргээн санаагүй талаар мэдүүлдэг боловч гэрч М.О нь “ ... намайг очиход П гэдэг хүн газар хэвтэж байсан. Ер нь бол маргалдсан шинжтэй Р чанга чанга хашгираад нөгөө ах газар атиралдсан байдалтай хэвтэж байсан ... Б-г очиход нөгөө ах хэвтсэн байдалтай Р хажууд нь маргалдсан байдалтай байсан. Тэгээд тухайн үед би Б-г очоод салгах гэж байна гэж бодоод нээх тоогоогүй, тэгсэн чинь чанга чанга хашгираад байхаар нь би Б-г дуудсан. Яг цохиж зодож байхыг нь хараагүй ...” гэж тодорхой мэдүүлжээ.

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Ж.Б нь “...П түрүүлээд явсан. Р очсон. Халааснаасаа утас гаргаж ирээд 20.000 төгрөг болгочих санаа байна гэхээр нь би гар утсыг авсан. 0.75 литрийн Ерөөл шагаас авч архийг өгөөд би утсыг авсан. Р тэр ахтай уулзаад ирэхдээ гар утас, мөнгөтэй ирсэн. Би хажууд нь байгаагүй ... тамхи 1.600 төгрөгөөр авсан байх ... ” гэж, 

дахин мэдүүлэхдээ “... Р, П нар Төгөл дэлгүүрийн зүг рүү явсан. П нь газар эвхэрсэн Р дээр нь суучихсан байсан. П-г цохиж зодсон мэт үйлдэл гаргаж байхад би очиж салгасан. Р нь ирээд утас гаргаж ирээд архиар зарчих уу гэхээр нь би архи авч өгөөд утсыг авсан. П дахин ирээгүй, Р миний утас гэсэн ... ” гэж удаа дараа мэдүүлсэн байна.

Харин дээрх мэдүүлгийг өгөхөөсөө өмнө буюу 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр “... Р цээж рүү нь өшиглөсөн байдалтай байсан. Утас нь газар унасан байсан. Би аваад явсан, нөгөө ах эвхэрсэн шинжтэй байсан ... ” гэсэн, мөн түүнээс гар утсыг хураан авч, хохирогчид хүлээлгэн өгсөн байх боловч шүүгдэгч Ж.Б нь анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт энэ талаар “... Р-с 0.75 граммын архи авч өгөөд утас авсан нь үнэн. Тэгээгүй байсан бол энэ утсыг цаг тухайд нь үгүй хийгээд өөр утас худалдаж аваад явах байсан, би тэгээгүй буцаад буух эзэн, буцах хаягтай байсан учраас өөртөө байлгаад байсан ... О төлөөлөгч сайн мэдэж байгаа, бид нарыг бүгдийг нь зогсоож байгаад та нар хоорондоо нүүрэлдээд учраа ол гэсэн. Хэргийг хөнгөлөх юм болов уу гэж тухайн үедээ бодсон ... ” гэж тодорхой мэдүүлжээ.

Түүнээс гадна хохирогч Б.П-н эхнэр Д.С нь “ ... ил харагдах шархгүй байсан. Ягаан подволктой , хар хөх өнгийн өмдтэй, хөх пүүзтэй байсан. Хоёр өөр хэлбэрийн хээтэй гутлаар бүх талаар нь тойруулж өшиглөсөн байсан. Нэг нь хөндлөн хээтэй, нөгөө нь дөрвөлжин ултай байсан ...” гэж мэдүүлсэн байх боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад тухайн хэрэгт ач холбогдол бүхий баримт буюу хохирогчийн хувцас болон камерын бичлэг зэрэгт хуульд заасан журмын дагуу үзлэг хийж бэхжүүлээгүй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч Ж.Бын хос гутлын мөр нь гэрч Д.С-н мэдүүлэгт дурдагдсан хохирогчийн хувцсан дээр гарсан байсан гутлын мөртэй тохирч байгаа эсэх нь тодорхойгүй зэрэг хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх шаардлагатай байх боловч мөрдөгч нотлох баримт цуглуулж бэхжүүлэхдээ тэдгээрийг устах, гэмтэх, үрэгдэхээс хамгаалах арга хэмжээ аваагүй, мөрдөн шалгах ажиллагааг хуульд заасан журмын дагуу хийж гүйцэтгээгүй зэргээс шалтгаалан хэрэгт ач холбогдол бүхий үйл баримтыг дахин сэргээн тогтоолгох боломжгүй гэж үзлээ.

Шүүх тухайн хэрэгт хамааралтай нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалж, тэдгээрийг цуглуулж, бэхжүүлэх ажиллагаа хуульд нийцсэн, агуулга нь нотолгооны ач холбогдолтой эсэхийг өөрийн дотоод итгэлээр үнэлж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг эргэлзээгүйгээр тогтоох үүрэгтэй бөгөөд харин шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээтэй нөхцөл байдал үүссэн тохиолдолд шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх учиртай.

Гэтэл анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэхэд нөлөөлсөн ноцтой зөрүүтэй, тухайлбал тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Ж.Бын хамтран оролцсон хэлбэр, оролцоог прокурорын яллах дүгнэлтэд тодорхой дурдаагүй байхад анхан шатны шүүх тэдгээрийг “...согтуурсан үедээ бүлэглэн, үйлдлээрээ нэгдэн иргэн Б.П-г зодож ... эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан, улмаар хүч хэрэглэн зодох үедээ ... эд зүйлийг нь дээрэмдэн авсан...” гэж хэт ерөнхийд нь дүгнэж хэргийг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчмыг баримтлан Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ж.Бод холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч Н.Рд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэж, түүнд оногдуулсан ялыг Өршөөл үзүүлэх тухай 2021 оны хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт хамруулах үндэслэлтэй байна.

Мөн Н.Р нь         аймгийн       сумын        багт оршин суух бүртгэлтэй болох нь түүний иргэний үнэмлэхний хуулбараар тогтоогдсон болно.

Гэмт хэрэг үйлдэгдэх үед хохирогчийн 50.000 төгрөгийн үнэлгээ бүхий мөнгөн бөгж алдагдсан талаар хохирогч Б.П, гэрч Д.С нар  мэдүүлдэг бөгөөд хохирогчийн бөгж нь гэмт хэрэг үйлдэгдэх тухайн цаг хугацаанд алдагдсан байхыг үгүйсгэхгүй юм.

Шүүгдэгч Н.Р нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчид 1.000.000 төгрөг төлсөн байх ба анхан шатны шүүх түүнд ял шийтгэл оногдуулахдаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн гэж дүгнэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан хуульд заасан хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулсныг буруутгах боломжгүй байна.

Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгах, нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд шүүгдэгч Ж.Бод холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул шүүгдэгч Н.Ргээс бөгжний үнэ 50.000 төгрөг, дээрэмдүүлсэн бэлэн мөнгө 2.000 төгрөг, нийт 52.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.П-д олгох, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хос пүүзийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ж.Бод буцаан олгохоор шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Н.Ргийн гаргасан “ ... хорих ялыг өөрчилж өгнө үү ...” гэсэн давж заалдах гомдол, шүүгдэгч Ж.Бын өмгөөлөгч А.Т-ны гаргасан “...хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлыг тус тус хүлээн авах нь зүйтэй байна.

Хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд хүнд хохирол учирснаас үүссэн эмчилгээ хийлгэхтэй холбоотой гарсан зардлын талаарх баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг шийтгэх тогтоолд дурдсан байх тул хохирогч Б.П дээрх хохирлоо нэхэмжлэх эрх нь нээлттэй юм. 

Давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Н.Р, Ж.Б нар нь өөр хоорондоо эсрэг тэсрэг сонирхолгүй гэснээс гадна шүүгдэгч Ж.Бын өмгөөлөгч А.Т нь “шүүгдэгч нарыг эсрэг тэсрэг сонирхолтой гэж үзэх үндэслэлгүй” гэсэн, мөн шүүгдэгч Х.Р нь өмгөөлөгч Р.Б-г оролцуулахгүйгээр шүүх хуралдаанд оролцоно гэсэн тул шүүх хуралдаанд шүүгдэгч Н.Ргийн өмгөөлөгч Ж.Б-г оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.

Мөн шүүгдэгч Ж.Б нь энэ хэргийн улмаас 92 хоног, шүүгдэгч Н.Р нь 64 хоног тус тус цагдан хоригдсон болохыг дурдах нь зүйтэй байна.

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгтээ хуулийн нэр томьёог дутуу бичсэн, өөрөөр хэлбэл “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн” гэхийг “Эрүүгийн ерөнхий ангийн” гэж удаа дараа алдаатай бичиж техникийн шинжтэй алдаа гаргасан байх боловч энэ нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдалд хамаарахгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн бөгөөд анхан шатны шүүх үүнийг цаашид анхаарвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 57 дугаар шийтгэх тогтоолын 1 дэх заалтын  “Шүүгдэгч И овогт Н-н Р, шүүгдэгч Ч овогт Ж-ны Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “бүлэглэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон, дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай” гэснийг

“Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ж.Бод холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч И овогт Н-н Р-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д гэснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрчилж, шүүгдэгч Н.Рг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай” гэж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Шүүгдэгч Н.Рг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 3 жил 5 сар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар, шүүгдэгч Ж.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 5 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар тус тус шийтгэсүгэй” гэснийг

Шүүгдэгч Н.Рг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 2 жилийн  хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар тус тус шийтгэсүгэй” гэж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Рд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 3 жил 5 сар хорих ялаас 2 жил хорих ялыг өршөөн хасаж, эдлэх ялыг 1 жил 5 сарын хугацаагаар тогтоож,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Рд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил хорих ялыг 1 жилийн хугацаагаар Булган аймаг Бугат сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч Ж.Бод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил хорих ялыг 2 жилийн хугацаагаар        аймаг         сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус дүйцүүлэн сольсугай” гэснийг

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Рд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялаас 2 жилийг өршөөн хасаж, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар        аймгийн        сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсугай” гэж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Р нь 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүхийн шийтгэх тогтоолын  биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай” гэж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 10 дахь заалтын “...шүүгдэгч Ж.Боос 52.000 төгрөг...” гэснийг “...Н.Ргээс 52.000 төгрөг...” гэж,

            шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 11 дэх заалтын “... хос пүүзийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай” гэснийг “ ... хос пүүзийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ж.Бод буцаан олгосугай” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Шүүгдэгч Ж.Б нь энэ хэргийн улмаас 92 хоног, шүүгдэгч Н.Р нь 64 хоног тус тус цагдан хоригдсон болохыг дурдсугай.

3. Шүүгдэгч Н.Р болон шүүгдэгч Ж.Бын өмгөөлөгч А.Т нарын давж заалдах гомдлыг тус тус хүлээн авсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Р, Ж.Б нарыг сулласугай.

5. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

              

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.ЦЭЦЭГМАА

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      З.ХОСБАЯР

 

ШҮҮГЧ                                                           С.УРАНЧИМЭГ