Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 2022/ДШМ/384

 

Б.Б, А.С нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн  даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Ууганбаатар,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Тэнгис,

шүүгдэгч А.С, Б.Б нарын өмгөөлөгч И.Хонгор,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 2022/ШЦТ/131 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Б, А.С, тэдгээрийн өмгөөлөгч И.Хонгор нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн шүүгдэгч Б.Б, А.С нарт холбогдох 2102 00556 0020 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Х овгийн Б-ын Б, 2002 оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, “И” их сургуулийн оюутан, “Т” ХХК-д гагнуурчны туслах ажилтай гэх, ам бүл 4, эх, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, ... дугаар байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ... /;

Б овгийн А-ийн С, 2000 оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, “Э” ХХК-ийн “Т” бааранд зөөгч ажилтай гэх, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, ... дугаар гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ... /;

А.С, Б.Б нар нь бүлэглэн 2021 оны 10 дугаар сард Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта 9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй 1 килограмм 83,8 грамм цэвэр жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр түүж бэлтгэсэн,

А.С нь үргэлжилсэн үйлдлээр, ганцаараа 2021 оны 10 дугаар сараас 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүртэлх хугацаанд Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, ... тоотод Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта 9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй 650,3 грамм цэвэр жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар хадгалсан,

Б.Б нь үргэлжилсэн үйлдлээр, ганцаараа 2021 оны 10 дугаар сараас 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүртэлх хугацаанд Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, ... дугаар байрны ... тоотод Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта 9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй 433,5 грамм цэвэр жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн Прокурорын газар: Б.Б, А.С нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Х овогт Б-ын Б, Б овогт А-ийн С нарыг ганцаараа болон бүлэглэж, үргэлжилсэн үйлдлээр хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.С-ыг 1 жил 7 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.Б-ийг 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа эд мөрийн баримтаар хураагдсан цэвэр жин нь 1 килограмм 83.8 грамм өвс мэт зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, тэдгээр нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус тэмдэглэж, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Шүүгдэгч А.С давж заалдах гомдолдоо: “...Би эцэг, эх, дүү нарын хамт ам бүл тавуулаа амьдардаг. Сургуульд суралцахын хажуугаар гэр бүлдээ тус дэм болохоор оройн цагаар ажил хийдэг. Өрхийн орлогын дийлэнх хэсгийг би бүрдүүлдэг. ...Тухайн өвсийг би 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр анх удаа сонирхон татаж үзсэн. Үлдэгдэл өвсийг хаях гэж байгаад цагдаад баригдсан. Би сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэснээ бүрэн зөвшөөрч, гэмшиж байна. Гэхдээ байгальд ургадаг өвсийг хориотой, хуультай, хэрэглэж болохгүй ургамал гэдгийг би мэдээгүй. Мөн судлаагүй, мэдээлэлгүй байсны улмаас анх удаа хэрэглэсэн. Анх амралтад явахдаа өвсийг түүх зорилгогүйгээр явсан нь тохиолдлын шинжтэй гэмт хэрэгт холбогдсон. Өөрийн эцэг эх, дүү нар, найз нөхдийнхөө итгэлийг алдаж, хариуцлагагүй үйлдэл гаргасандаа ичиж, гэмшиж байна. Төрийн хууль, дүрэм журам ямар хатуу ял шийтгэлтэй, хариуцлагатай ханддагийг мэдэрч байна. Би одоо дөнгөж 21 настай, цаашид өсөн дэвжих чин эрмэлзэлтэй. Би сэтгэцэд нөлөөт бодисыг цаашид залуу үедээ сурталчлан таниулах, ямар хор хөнөөлтэй болох, ямар үр дагаварт хүрч болохыг зааж зөвлөх зэрэг үйл ажиллагааг хийж чадна. Надад оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү. Би цаашид нийгэмд хэрэгтэй, хууль дүрэмд захирагдаж, хариуцлагатай иргэн байх болно. ...” гэжээ.

Шүүгдэгч Б.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би урьд гэмт хэрэгт холбогдож байгаагүй бөгөөд үл таних хүмүүст итгэж, амралтад хамт явснаас болж ийм хэрэгт тохиолдлоор холбогдож, ийм байдалд хүрсэндээ харамсаж байна. Би эх болон эхнэр, хүүхдийн хамт ам бүл дөрвүүлээ амьдардаг. Хүүхэд минь 1 нас 3 сартай, эхнэр бид хоёр хоёулаа дээд сургуульд суралцдаг. Ээж минь эрүүл мэндийн шалтгаанаар ажил хийх боломжгүй байдаг тул гэртээ ач хүүгээ хардаг. Би сурахын хажуугаар хичээлийн бус цагаар “Т” ХХК-д гагнуурчны туслах ажил хийж эхнэр болон өөрийнхөө сургалтын төлбөрийг олж, гэр бүлээ авч явдаг. Цаашид гэмт хэрэгт холбогдохгүйгээр алхам бүрээ хянаж, гэр бүлийнхээ төлөө ажиллаж, амьдрах болно. Намайг хоригдож байх хугацаанд ар гэрийн амьдралд хүндрэл, асуудал учирч байгаа тул миний хувийн байдал, ар гэрийн минь байдлыг болон манай гэр бүлийн цаашдын ирээдүйг бодолцож, алдааг минь уучилж, гэр бүлийнхээ хажууд сайн эцэг, сайн хань байх боломж олгож, надад оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Б, А.С нарын өмгөөлөгч И.Хонгор давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Зорчих эрхийг хязгаарлах ялыг яагаад оногдуулж болохгүй талаар анхан шатны шүүх шийтгэх тогтоолын үндэслэл хэсэгт огт тусгаагүй. Эрүүгийн хууль, эрүүгийн хариуцлага нь тухайн этгээдийг нийгэмшүүлэх, хүнлэг, энэрэнгүй байх, хорихоос өөр төрлийн ял оногдуулж болох хуулийн зарчмыг зөрчсөн, зохих хуулийг хэрэглээгүй. Эрүүгийн хуулийн шинэчлэгдсэн зорилтуудын нэг нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа хүнд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээг хэрэглэх болох зүйл заалтыг Эрүүгийн хуульд тусгаж өгсөн. Шүүгдэгч Б.Б, А.С нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд идэвхтэй туслалцаа үзүүлсэн. Шүүгдэгч Б.Б нь 1 нас 3 сартай хүүхэдтэй, эхнэртэйгээ хоёулаа дээд сургуульд суралцдаг. Өөрөө сурахын хажуугаар ажил хөдөлмөр эрхэлдэг. Шүүгдэгч А.С нь мөн сургуульд суралцдаг, нийгмийн идэвх сайтай, сурах чин хүсэл сонирхолтой зэрэг хувийн байдлыг харгалзан үзнэ үү. Шүүгдэгч Б.Б, А.С болон өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгчийн гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, шүүгдэгч нар нь анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэгт холбогдсон, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, дахин хэрэг, зөрчилд холбогдохгүй байхаа шүүхэд илэрхийлж, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэргийг харгалзаж шүүгдэгч нарт хорих ял оногдуулахгүйгээр, нийгмээс тусгаарлахгүйгээр, сурч боловсрох, ажил хөдөлмөр эрхлэх, гэр бүлээ тэжээн тэтгэх үүргийг хэрэгжүүлж зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Б-ийн өмгөөлөгч Б.Тэнгис тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шатнаас эхэлж шүүгдэгч Б.Б-ийн өмгөөлөгчөөр ар гэрийнхэн нь хүсэлтийн дагуу шүүх хуралдаанд оролцож байна. ...Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатнаас эхэлж гэм буруугийн асуудал дээрээ маргадаггүй. ...Энэ хүүхдийн ирээдүйн амьдралыг харгалзан үзнэ үү. Хар тамхитай холбоотой асуудлыг дэлхий дахин болон нийгэмд ямар нөлөөлөлтэй гэдгийг бид ойлгож байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт 1-5 жилийн хугацаатай зорчих эрхийг хязгаарлах эрүүгийн хариуцлагатай. Гэм буруугаа ойлгож, гэмшсэн зэрэг хувийн байдлыг нь харгалзан үзнэ үү. Монгол Улсын нутаг дэвсгэрт энэ өвс их хэмжээгээр ургадаг. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зорчих эрхийг хязгаарлах ял нь шүүгдэгч нарт тохирно гэж үзэж байна. ...” гэв.

Прокурор Г.Ууганбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг үндэслэлтэй зөв тогтоож, хэргийн бодит байдалд нийцсэн дүгнэлт гаргасан. Шүүгдэгч Б.Б, А.С нарын хувьд үргэлжилсэн үйлдлээр бүлэглэж болон ганцаараа 2021 оны 10 дугаар сард өвс гэх нэршилтэй бодисыг түүсэн. 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл гэр гэртээ тусдаа хадгалсан үйл баримт мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлогдож тогтоогдсон. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай нотолж тогтоосон. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зүйл байхгүй. Хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдолдоо дурдсан шиг тохиолдлын шинжтэй асуудал байхгүй. Шүүгдэгч нар тухайн өвс гэх нэршилтэй бодисыг түүх цагаасаа эхэлж өөрсдийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлан ойлгож мэдэж байсан. Улмаар тухайн бодисыг гэмт хэрэг төгсөх хүртэлх хугацаанд хадгалж байсан. Энэ нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон. Энэхүү байдлыг тохиолдлын шинж чанартайгаар гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй. Шүүгдэгч нарт 1 жил 6 сар, 1 жил 7 сарын хугацаагаар хорих ял шийтгэсэн нь шүүгдэгч нарын үйлдэл, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдалд нь тохирсон. Энэ гэмт хэргийн нийгмийн хор аюул арилаагүй. Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 131 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Б.Б, А.С нарт холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянахад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Шүүгдэгч А.С, Б.Б нар нь бүлэглэн 2021 оны 10 дугаар сард Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй 1 килограмм 83,8 грамм цэвэр жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр түүж бэлтгэсэн,

шүүгдэгч А.С нь үргэлжилсэн үйлдлээр, ганцаараа 2021 оны 10 дугаар сараас 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүртэлх хугацаанд Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, ... тоотод уг “өвс” гэх нэршилтэй 650,3 грамм цэвэр жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар хадгалсан,

шүүгдэгч Б.Б нь үргэлжилсэн үйлдлээр, ганцаараа 2021 оны 10 дугаар сараас 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүртэлх хугацаанд Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, ... дугаар байрны ... тоотод уг “өвс” гэх нэршилтэй 433,5 грамм цэвэр жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар хадгалсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

шүүгдэгч Б.Б-ийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн: “...Би анх удаа л өвс түүсэн. Урьд өмнө нь мансууруулах бодис хэрэглэж байгаагүй. ...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. ...” /хх 136-137, 189/,

шүүгдэгч А.С-ын гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн: “...Б.Б-ийг аваад Төв аймгийн Батсүмбэр рүү амралтанд явсан. ...Маргааш өглөө нь буцах замдаа бие засах гээд замын хажуу руу буухад мансууруулах үйлчилгээтэй өвс байхаар нь түүж авсан. ...2021 оны 10 дугаар сарын сүүлээр Төв аймгийн Батсүмбэр сумаас түүж ирсэн өвсөө 2021 оны 11 дүгээр сарын 10-ны үеэр гэртээ ганцаараа тамхи шиг цаасанд ороож байгаад татаж үзсэн. ...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. ...” /хх 144-145/ гэсэн мэдүүлгүүд,

шүүгдэгч Б.Б-ийн оршин суудаг Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, ... дугаар байрны ... тоот, шүүгдэгч А.С-ын оршин суудаг Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, ... тоот байшинд тус тус нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 4-13/,

шүүгдэгч Б.Б, А.С нарын тус тусын гэрт нэгжлэг хийн хураан авсан ногоон өнгийн ургамал мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол илэрсэн, уг бодис нь Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн жагсаалтад багтдаг болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 5531, 5529 дугаартай дүгнэлтүүд /хх 71-75, 78-83/ болон хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн үйл баримт, түүний гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүхийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарт нийцүүлэн хуульд зааснаар шүүх хуралдаанд оролцогчдын дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Б, А.С нарыг ганцаараа болон бүлэглэж, үргэлжилсэн үйлдлээр хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Хэргийн үйл баримтын талаар шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтүүд болон нэгжлэг хийсэн тэмдэглэлүүд зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б, А.С нар нь Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дэвсгэрээс “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр түүж бэлтгэсэн, улмаар тус тусын гэртээ худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн үйл баримт хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч нарын энэхүү хууль бус үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

Шүүгдэгч Б.Б, А.С, тэдгээрийн өмгөөлөгч И.Хонгор нар “...гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ...бага насны хүүхэдтэй, ...сургуульд сурдаг, ...анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах сольж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ нь тухайн гэмт хэргийн нийгэмд үзүүлэх нөлөөлөл, үр дагавартай шууд холбоотой ойлголт бөгөөд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд учруулж буй хор уршиг, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээгээр тодорхойлогддог.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг нь олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг бөгөөд энэхүү гэмт хэргийг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа тус гэмт хэргийн онцлог шинж, нийгэмд аюултай, хууль зөрчсөн, гэм буруутай зан үйлийн үр дүнд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан нийгмийн харилцаа болон гадаад ертөнцөд гарсан өөрчлөлтийг зайлшгүй харгалзан үзэх учиртай.

Шүүгдэгч нар нь “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг харьцангуй их хэмжээгээр буюу 1 кг 83,8 граммыг түүж бэлтгэсэн, улмаар оршин суугаа гэртээ хадгалж байснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн хоёр шинжийг хангаж байгаа зэргийг харгалзан анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Б-ийг 1 жил 6 сарын хугацаагаар, шүүгдэгч А.С-ыг 1 жил 7 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэснийг зорчих эрхийг хязгаарлах ялаар солих хууль зүйн үндэслэлгүй байна.

Харин, шүүгдэгч Б.Б, А.С нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, тэдгээрийн зүгээс өөрсдийн үйлдэлдээ гэмшиж буй хандлагаас гадна урьд гэмт хэрэг үйлдэж, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй буюу анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Б-ийг 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэснийг 1 жилийн хорих ял, шүүгдэгч А.С-ыг 1 жил 7 сарын хугацаагаар хорих ял шийтгэснийг 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял болгон тус тус хөнгөрүүлэх боломжтой гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Иймд, шүүгдэгч болон тэдгээрийн өмгөөлөгчийн гаргасан “Хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солих” агуулга бүхий давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 2022/ШЦТ/131 дугаартай шийтгэх тогтоолд дээр дурдсан өөрчлөлт оруулав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 2022/ШЦТ/131 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...шүүгдэгч А.С-ыг 1 жил 7 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.Б-ийг 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.” гэснийг “...шүүгдэгч А.С-ыг 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.Б-ийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.” гэж өөрчилсүгэй.
  2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б, А.С, тэдгээрийн өмгөөлөгч И.Хонгор нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
  3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, А.С нарын 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон тус тусын 44 /дөчин дөрөв/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.
  4. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Л.ДАРЬСҮРЭН

                                    ШҮҮГЧ                                                           Т.ӨСӨХБАЯР

                                    ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ