Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 128/ШШ2016/0131

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: У******* ТӨХК 

Хариуцагч: Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газар 

Нэхэмжлэлийн шаардлага:

Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагчийн 2012 оны 210183 тоот актанд холбогдох 570.229.500 төгрөгийн нөхөн татвар, 319.594.020 төгрөгийн торгууль, 137.315.900 төгрөгийн алданги, 217.218.700 төгрөгийн хүү нийт 1.244.358.120 төгрөгийн төлбөрийг Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу чөлөөлүүлэх болон Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан батлагдсан өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу өршөөлд хамруулах,

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч У******* ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч У******* ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газраас У******* ТӨХК-ийн 2007 оноос 2011 оны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, татварын улсын байцаагчийн 2012 оны 210183 тоот актаар 43,241,411.4 мянган төгрөгийн зөрчилд 930,638.4 мянган төгрөгийн нөхөн татвар, 456,506.0 мянган төгрөгийн торгууль, 217,262.6 мянган төгрөгийн алданги, 488,115.5 мянган төгрөгийн хүү, нийт 2,092,522.5 мянган төгрөгийн төлбөрийг ногдуулсан.

Улсын Их Хурлын 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийг тус тус баталсан.

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар энэ хуулийн зорилт нь хувь хүн, хуулийн этгээд бусдын нэр дээр бүртгүүлсэн, нуун дарагдуулсан өөрийн өмчлөлийн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй адилтгах бусад хөрөнгө, олсон орлого, үзүүлсэн үйлчилгээгээ ил тод болгон үнэн зөв, шударгаар санхүү, татварын болон нийгмийн даатгалын тайланд тусгаж, шинээр тайлагнасан, гаалийн байгууллагад нөхөн мэдүүлсэн, улсын бүртгэлд шинээр бүртгүүлсэн байх ба эдгээр үйл ажиллагаа нь хувь хүн, хуулийн этгээдийн зүгээс сайн дурын үндсэн дээр хийгдсэн тохиолдолд тэдгээрийг хуульд заасан хариуцлага болон албан татвараас нэг удаа чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино. Тус хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-т зааснаар Татварын ерөнхий хууль, тухайн төрлийн татварын хууль болон Нийгмийн даатгалын тухай хуулийн дагуу албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөр, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай болон Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн дагуу эд хөрөнгө, үйл ажиллагаагаа улсын бүртгэлд бүртгүүлэхээр, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн дагуу санхүүгийн тайлан гаргахаар заасан хуулийн зохицуулалтад хамаарах хувь хүн, хуулийн этгээдэд энэ хууль үйлчилнэ.

Тус хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар Албан татвар ногдох орлого, орлогоос бусад албан татвар ногдох зүйл, нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогыг 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх хугацаанд нуун дарагдуулсан боловч энэ хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасан хугацаанд сайн дурын үндсэн дээр ил болгож, санхүүгийн болон албан татварын, нийгмийн даатгалын шимтгэлийн тайланг шинээр гаргаж харьяалах татварын алба, нийгмийн даатгалын байгууллагад сайн дурын үндсэн дээр мэдүүлсэн бол тухайн хувь хүн, хуулийн этгээдийг энэ хуулийн 4.1-д заасан хуульд заасан хариуцлагаас нэг удаа чөлөөлнө гэжээ.

Дээрх хуулийн заалтын дагуу У******* төрийн өмчит хувьцаат компани нь 570.229.500 төгрөгийн татварт хамааралтай нуусан орлогыг Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу тайлангаас тайлагнаж, 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр татварын албанд мэдүүлээд байна.

Мөн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт зааснаар Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ гэжээ. Тус хуулийн 8 дугаар зүйлд Энэ хуулийн 4.1, 4.2-т заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэх, энэ хуулийн 7.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох нь тухайн гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг нөхөн төлөхөөс чөлөөлөхгүй бөгөөд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмын дагуу нэхэмжлэл гаргах эрхтэй. Мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т зааснаар Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан өршөөлд хамааруулах үндэслэл нь 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө шүүхийн хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоол, шийдвэр, төрийн эрх бүхий байгууллагын захиргааны шийтгэл ногдуулах шийдвэр зэргээр тогтоогдсон байна.

Мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т зааснаар Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан өршөөлд хамааруулах үндэслэл нь 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө шүүхийн хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоол, шийдвэр, төрийн эрх бүхий байгууллагын захиргааны шийтгэл ногдуулах шийдвэр зэргээр тогтоогдсон байна. Үүнээс харахад бусдад учруулсан хохирлыг нөхөн төлбөр үүрэг нь энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2-т заасан этгээдэд хамааралтай бөгөөд 4.3-т заасан этгээд буюу захиргааны хариуцлага хүлээсэн этгээд хамааралгүй байгаа тул ус актаар тогтоогдсон нөхөн татвар чөлөөлөгдөхөөр байна.

Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын улсын байцаагчийн 2012 оны 210183 дугаартай акт нь Татварын ерөнхий хуулийн /1992 он/ 13 дугаар зүйл, 74 дүгээр зүйл, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн холбогдох заалтын дагуу татварын зөрчилд нөхөн татвар, торгууль, алданги, хүү тооцон хариуцлага ногдуулсан ба эдгээр зөрчилд нь Татварын улсын байцаагчийн акт үйлдэж, тэр нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон байх тул тус хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т заалтыг хангаж байна.

У******* төрийн өмчит хувьцаат компани нь 100 хувийн төрийн өмчийн компани ба санхүүгийн хувьд алдагдалтай ажилладаг, компанийн үйл ажиллагааг санхүүжүүлэх мөнгөн урсгалыг жил бүр Эрчим хүчний зохицуулах хорооноос баталдаг. Тухай жилийн үйл ажиллагаанд хамааралгүй их хэмжээний мөнгөн урсгал нь Монгол Улсын эрчим хүчний системийн хэвийн ажиллагаанд шууд нөлөөлдөг тул дээрх хэмжээний татварыг төлбөрийг төлөх нь хүндрэлтэй байна.

Иймд Татварын улсын байцаагчийн 210183 дугаар акт, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 154 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 04-ны өдрийн 237 дугаар магадлалаар 570,229,550 төгрөгийн нөхөн татвар, холбогдох 319,594,020 төгрөгийн торгууль, 137,315,900 төгрөгийн алданги, 217,218,700 төгрөгийн хүү, нийт 1,244,358,120 төгрөгийн төлбөрийг Эдийн засгийн ил тод байдлын дэмжих тухай хууль, Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу төлбөрийг чөлөөлж, өршөөлд хамруулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Гааль, татварын ерөнхий газрын улсын төсвийн орлого хяналтын газрын хууль, эрх зүйн хэлтсийн татварын улсын байцаагч С.Б******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Татварын ерөнхий газрын даргын 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 1/3562 тоот чиглэл өгөх тухай албан тоотоор ..2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс өмнө хүчин төгөлдөр болсон Татварын маргаан таслах зөвлөл болон шүүхийн шийдвэр гараагүй татварын албадад бүртгэлтэй татварын улсын байцаагчийн актаар ногдуулсан хяналт шалгалтын өрөөс нөхөн татвараа төлсөн болон татвар төлөгчийн хүсэлтийг харгалзан Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д зааснаар тухайн татварын албаны даргын тушаалаар актаар ногдуулсан хариуцлагыг өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан шийдвэрлэнэ гэжээ.

Маргаан таслах зөвлөлөөс татвартай холбоотойгоор шүүхээр маргаж байгаа иргэн, хуулийн этгээдүүдийн асуудлыг шүүхийн байгууллагаар шийдвэрлүүлж, харин маргаан таслах зөвлөлд хандаагүй иргэн, хуулийн этгээдийг хүү, торгуулийг хүчингүй болгохоор чиглэл өгсөн.

Өнөөдрийг байдлаар дээрх өгсөн чиглэлээсээ татгалзаж байгаа. Одоогийн байдлаар тушаал, шийдвэр нь гараагүй байна. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуульд заасны дагуу өршөөлд хамрагдаж байгаа асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэхээр чиглэл өгсөн. Өршөөлийн тухай хуульд хүү, торгууль, алданги яригдах байх. Харин Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуульд өршөөх тухай асуудал яригдахгүй байх. Үүнтэй холбоотойгоор шүүхэд анх удаа маргаж байна.

Татварын байгууллагаас аж ахуй нэгжээс ирүүлсэн тайланг хүлээн авч баталгаажуулж байгаа. Үүнтэй холбоотойгоор материал шаардах, хяналт шалгалт явуулахыг Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулиар хориглосон. Тус баримтуудыг нууцын ажилтан авч, архивлаж байгаа гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт өгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэгч У******* ТӨХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагчийн 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 210183 тоот актаар[1] У******* ТӨХК-д шалгалтаар илэрсэн 43,241,411.4 мянган төгрөгийн зөрчилд 930,638.4 мянган төгрөгийн нөхөн татвар, 456,506.0 мянган төгрөгийн торгууль, 217,262.6 мянган төгрөгийн алданги, 488,115.5 мянган төгрөгийн хүү, нийт 2,092,522.5 мянган төгрөгийн төлбөрийг ногдуулж, Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 19 дүгээр тогтоолоор дээрх төлбөрийн хэмжээг багасгаж, 16,581,737.2 төгрөгийн зөрчилд ногдох 255,491.4 мянган төгрөгийн нөхөн татвар, 270,896.8 мянган төгрөгийн хүү, 105,436.7 мянган төгрөгийн торгууль, 42,322.7 мянган төгрөгийн алдангийг хасч 26,659,674.2 мянган төгрөгийн зөрчилд 1,418,374.8 мянган төгрөгийн төлбөр төлүүлэхээр өөрчлөн тогтоожээ.[2]

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 154 дүгээр шийдвэрээр[3] У******* ТӨХК-ийн төлбөрийн хэмжээг 1,244,358.1 мянган төгрөгөөр тогтоосон байх ба Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 237 дугаар магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээн[4] шийдвэрлэж хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

 

Нэхэмжлэгч Улаанбаатар цахилгааны түгээх сүлжээ ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ...Манай компани зөрчил гаргасан гэдгийг хүлээн зөвшөөрч, хуулиар олгосон боломжийн дагуу 570,229,500 төгрөгийн татварт хамааралтай нуусан орлогыг Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хүрээнд тайлагнаж, 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр татварын албанд мэдүүлсэн бөгөөд 1,244,358.1 мянган төгрөгийн төлбөр нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон байх тул Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т заалтын дагуу өршөөгдөх үндэслэлтэй байхад хуулийг бус хууль зөрчиж гарсан Засгийн газрын 2015 оны 348 дугаар тогтоолоор батлагдсан Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэх журам-ын нэр томъёоны тодорхойлолтыг үндэслэж өршөөлд хамруулахгүй байгаа нь аж ахуйн нэгж байгууллагуудад тэгш бус хандаж байна хэмээн маргаж байна.

 

2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хууль (цаашид Өршөөл үзүүлэх тухай хууль гэх)-ийн 1 дүгээр зүйлийн 1.1-д Энэ хуулийн зорилт нь ... зарим этгээдийг захиргааны шийтгэлээс чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино, 4 дүгээр зүйлийн 4.3-д Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ, 10 дугаар зүйлийн 10.2-т Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан өршөөлд хамруулах үндэслэл нь 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө шүүхийн хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоол, шийдвэр, төрийн эрх бүхий байгууллагын захиргааны шийтгэл ногдуулах шийдвэр зэргээр тогтоогдсон байна, Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т Хууль тогтоомжийн дагуу хувь хүн, хуулийн этгээдийн орлого, эд хөрөнгө, бараа, ажил, үйлчилгээнд тодорхой хугацаанд тогтоосон хувь, хэмжээгээр ногдуулж, хариу төлбөргүйгээр улс, орон нутгийн төсөвт оруулж байгаа мөнгөн хөрөнгийг албан татвар гэнэ, 74 дүгээр зүйлийн 74.2-т Татварыг хугацаанд нь төлөөгүй бол төлөгдөөгүй татварын дүнд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.1 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна 74.3Энэ хуулийн 74.1, 74.2-т заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхээргүй байна хэмээн тус тус заажээ.

Дээрхээс үзвэл У******* ТӨХК-д шүүхийн шийдвэрээр төлүүлэхээр тогтоосон 319,594,020 төгрөгийн торгууль, 137,315,900 төгрөгийн алданги, 217,218,700 төгрөгийн хүү нь татварын зөрчилд ногдуулсан захиргааны шийтгэл байна. Харин 570,229,500 төгрөгийн нөхөн татвар нь ... хариу төлбөргүйгээр улс, орон нутгийн төсөвт оруулж байгаа мөнгөн хөрөнгө байх тул захиргааны шийтгэл гэж үзэх боломжгүй байна.

Мөн Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн зорилт нь ... нуун дарагдуулсан өөрийн өмчлөлийн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй адилтгах бусад хөрөнгө, олсон орлого, үзүүлсэн үйлчилгээгээ ил тод болгон үнэн зөв, шударгаар санхүү, татварын болон нийгмийн даатгалын тайланд тусгаж, шинээр тайлагнасан ... байх ба эдгээр үйл ажиллагаа нь хувь хүн, хуулийн этгээдийн зүгээс сайн дурын үндсэн дээр хийгдсэн тохиолдолд тэдгээрийг хуульд заасан хариуцлага болон албан татвараас нэг удаа чөлөөлөхөд оршиж байна. Гэтэл нэхэмжлэгч байгууллагын хувьд нуун дарагдуулсан орлогоо сайн дурын үндсэн дээр тайлагнасан бус татварын байцаагч нь хяналт шалгалтын явцад илрүүлсэн байх бөгөөд шийдвэрээр төлүүлэхээр тогтоосон байх тул нэхэмжлэгч У******* ТӨХК-ийн хувьд ... 570,229,500 төгрөгийн татварт хамааралтай нуусан орлогыг Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хүрээнд тайлагнаж, 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр татварын албанд мэдүүлсэн нь хуулийн зохицуулалтад хамаарахгүй юм.

Дээрх хуулийн зорилт нь нуун дарагдуулсан орлогыг ил болгоход чиглэсэн байх тул нэхэмжлэгчээс тайлбарлаж буй хууль зөрчиж гарсан Засгийн газрын 2015 оны 348 дугаар тогтоолоор батлагдсан Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэх журам-ын нэр томъёоны тодорхойлолтыг үндэслэж өршөөлд хамруулахгүй байгаа нь аж ахуйн нэгж байгууллагуудад тэгш бус хандаж байна гэх тайлбар үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрыг хариуцагчаар тодорхойлсон хэдий ч Гааль, татварын ерөнхий газрын эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д гааль, татварын алба гэж энэ хуульд заасны дагуу Гааль, татварын ерөнхий газар буюу Гаалийн тухай хуульд заасан гаалийн байгууллага, Татварын ерөнхий хуульд заасан татварын албыг, 4 дүгээр зүйлийн 4.1-д Гааль, татварын ерөнхий газар нь Монгол Улсын гаалийн болон татварын тухай хууль тогтоомжийг улсын хэмжээнд нэг мөр дагаж мөрдөх нөхцөлийг бүрдүүлэх, биелэлтийг хангах, улс, орон нутгийн төсвийн орлого бүрдүүлэх үндсэн чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага мөн гэж зааснаар хариуцагч Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын эрх үүрэг нь Гааль, татварын ерөнхий газарт шилжсэнийг дурьдах нь зүйтэй.

Иймд нэхэмжлэгч У******* ТӨХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас 319,594,020 төгрөгийн торгууль, 137,315,900 төгрөгийн алданги, 217,218,700 төгрөгийн хүү, нийт 674,128,620 төгрөгийн төлбөрийн өршөөлийн хуульд хамруулж, үлдэх 570,229,550 төгрөгийн нөхөн татварыг Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих болон Өршөөл үзүүлэх хуульд хамруулах нэхэмжлэлийн шаардлагыг нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.5, 70.2.8-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 10.2-т заасныг тус тус баримтлан Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 154 дүгээр шийдвэрээр У******* ТӨХК-аар төлүүлэхээр тогтоосон 319,594,020 төгрөгийн торгууль, 137,315,900 төгрөгийн алданги, 217,218,700 төгрөгийн хүү нийт 674,128,620 төгрөгийн төлбөрийг өршөөн хэлтрүүлсүгэй.

2. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 10.2-т заасныг тус тус баримтлан Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 154 дүгээр шийдвэрээр У******* ТӨХК-аар төлүүлэхээр тогтоосон 570,229,500 төгрөгийн татварыг Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн дагуу чөлөөлүүлэх болон Анхны ардчидсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан батлагдсан өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу өршөөлд хамруулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

4. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ