Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 46

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Л.Одончимэг даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Нямаа

Улсын яллагч Г.Хаш-Эрдэнэ

Шүүгдэгч Д.Даваасүрэн нарыг оролцуулан, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх  хуралдаанаар

 

   Дундговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Гүнсэн овогт Даваадоржийн Даваасүрэнд холбогдох эрүүгийн 1722000270011 дугаартай хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

    Шүүгдэгчийн биеийн байцаалт:

    Монгол Улсын иргэн, 1970 оны 5 дугаар сарын 30-ны өдөр  Дундговь аймгийн Цагаандэлгэр суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бага боловсролтой, малчин, ам бүл 1, Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын 3 дугаар баг, “Зүүн шорвог” гэх газар оршин суух, 1986 онд Хөдөлмөрийн алтан медалиар шагнагдаж байсан, ял шийтгэлгүй гэх, Гүнсэн овогт Даваадоржийн Даваасүрэн /регистрийн дугаар ЗН70053011/

 

    Шүүгдэгч Д.Даваасүрэн нь 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдөр Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Д.Хэрлэнхүүтэй маргалдаж, нүүрэн тус газар нь өшиглөж, хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

ТОДОРХОЙЛОХ  нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч Д.Даваасүрэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, миний буруу гэв.

 

Хохирогч Д.Хэрлэнхүүгийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн:

 “...2017 оны 7 дугаар сарын 1-ний өдөр Д.Доржмандал, Д.Даваасүрэн бид гурав 2.5 литрийн пиво, 0.5 литрийн “ерөөл” нэртэй архи нэг шилийг хувааж уусан... Д.Даваасүрэнгийн гэрийн гадна дахин 2.5 литрийн пиво уугаад сууж байхад Д.Даваасүрэн ах намайг “чи надаас морь гуйж унадаг байсан” гэхээр нь би “та ч гэсэн надаас морь гуйж унадаг байсан биз дээ” гээд хэрэлдэж, хажууд савтай хуушуур байхаар нь аваад цацсан. Тэгтэл эгч “боль яагаад байгаа юм бэ” гэж хэлэхэд нь би газарт байсан стикантай пиво автал эгч Д.Пүрэврагчаа хажуу талаас босч ирээд нүүрэнд нь стикан хүрээд хацар нь урагдсан. Д.Пүрэврагчаа нүүр гараа угаах гээд явсаны дараа Д.Даваасүрэн ах “20 гаран жил ханилахдаа би гар хүрч үзээгүй ханиас минь цус гаргалаа” гээд миний шанааруу нэг удаа өшиглөсөн, би ухаан алдсан байсан. 2017 оны 7 дугаар сарын 2-ны өдөр Говьсүмбэр аймагт очиж эмнэлэгт үзүүлсэн чинь зүүн талын эрүү хугарсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 5-6/

 

Гэрч Н.Түмэндэмбэрэлийн хэрэг бүртгэлтийн  шатанд өгсөн

 “...2017 оны 7 дугаар сарын 1-ний өдөр Д.Доржмандал, Д.Хэрлэнхүү, Д.Даваасүрэн гуай бид хэд Говьсүмбэр аймгийн Баянтал суманд хонины ноосоо тушаачихаад буцах замдаа нэг шил архи, 2 том пиво уучихаад Д.Даваасүрэн гуайн хөдөө гэрт очоод дахиж нэг пиво уугаад байж байхдаа Д.Даваасүрэн гуай манай нөхөр Д.Хэрлэнхүүтэй муудалцаад нүүрлүү нь өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 8/

 

Гэрч Д.Доржмандалын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн

“...Д.Хэрлэнхүү, Д.Даваасүрэн 2 мориноос болж маргалдаж байснаа хоорондоо барилцаад авахад нь би салгасан. Рагчаа эгч гэрээс гарч ирээд Д.Хэрлэнхүүг авч яваад боль гэж хэлсэн. Би Д.Хэрлэнхүүд стиканаар пиво аягалаад өгөхөд Рагчаа эгч Д.Хэрлэнхүүг хорьж зогсож байгаад стиканаар нүүрэндээ санамсаргүй цохиулсан. Рагчаа эгчийн хамарнаас цус гарахад Д.Даваасүрэн гуай босч ирээд “чи эгчийгээ зодлоо” гээд Д.Хэрлэнхүүг өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12/

 

Гэрч Д.Пүрэврагчаагийн хэрэг бүртгэлтийн  шатанд өгсөн

 “...Манай нөхөр 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдөр Говьсүмбэр аймгийн Баянтал сумын төвд ноос тушаачаад Д.Доржмандал, Д.Хэрлэнхүү, Н.Түмэндэмбэрэл нарын хамт 17 юм уу 18 цагийн үед Цагаандэлгэр сумын 3-р баг “Зүүн шорвог” гэх газарт байх гэртээ ирсэн. Д.Даваасүрэнгийн мотоциклийн дугуй хагарсан гээд машин дээр ачиж ирсэн байсан. Тэгээд тэр хэд манай том гэрийн зүүн талд сүүдэрт сууцгаасан. Би илүү  гэрт хуушуур хийж байгаад тэр хэдэд хоол авчирч өгөхөд нэг том пиво задалсан Д.Доржмандал аяглаад сууж байсан. Тэр үед Д.Хэрлэнхүү “Та хоёр намайг юугаар тэтгэсэн юм” гээд агсамнаад байхаар нь би “Д.Хэрлэнхүүг боль гээд хориод байж байхад төмпөнд байсан хуушуур авч чулуудаад байсан” тухайн үед Д.Хэрлэнхүүд Д.Доржмандал стиканд пиво аягалж өгсөн байсан. Тэр үед стикантай пивыг аваад Д.Хэрлэнхүү босож ирэх гээд байхаар нь би тонгойгоод суу гээд подволкноос нь татаад доош нь дарж байхад стикантай пиво нь цалгиад миний нүүр рүү цацагдахаар нь би эргэж хараад нүүрээ арчсан. Тэгээд би Д.Хэрлэнхүүг босох гээд байхаар нь суу гээд подволкноос нь доош татаад тонгойтол стикантай пиво нь цохиод хамрын баруун талд жоохон газар урагдсан. Тэгэхээр би цусаа арилгах гээд угаагаад цаашаа хараад сууж байхад Д.Даваасүрэн Д.Хэрлэнхүүд хандаж чи эгчийнхээ цусыг яагаад гоожуулж байгаа юм бэ гэж хэлж байгаа сонсогдсон. Намайг цусаа угаачаад ирэхэд Д.Хэрлэнхүү амнаасаа цустай шүлс гаргаад хаяж байсан. Д.Хэрлэнхүү эхнэр хүүхдүүдтэйгээ харих гээд явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/

 

Дундговь аймгийн Шүүхийн Шинжилгээний Албаны шинжээчийн 2017 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн  170200238 дугаартай дүгнэлтэд:

1. Д.Хэрлэнхүүгийн биед эрүүний зөрөөтэй хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээнээс хамаарна” гэжээ /хх-ийн 16/

 

  • Хохирогч Д.Хэрлэнхүүгийн амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хх-ийн 25-30/

 

- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37/

 

- Хохирогч Д.Хэрлэнхүүд учирсан хохирлын талаархи баримтууд /хх-ийн 46-91/ зэрэг болно.

 

   Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

    Шүүгдэгч 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдөр Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Д.Хэрлэнхүүтэй маргалдаж, нүүрэн тус газар нь өшиглөж, хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх санал гаргаж хэрэгт хавсаргаж ирсэн ч /хх-ийн 106/ шүүх хуралдаанд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох санал гаргаж, түүнийг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, мөн шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогч Д.Хэрлэнхүү нь хэрэг бүртгэлтийн шатанд тус аймаг дахь Цагдаагийн газарт “...Д.Даваасүрэнтэй сайн дураар эвлэрсэн. Миний эмчилгээ болон бусад зардалд 1779000 төгрөг өгсөн. Үлдсэн эмчилгээний зардлыг 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор барагдуулахаар харилцан тохиролцсон, санал гомдолгүй” гэх хүсэлт гаргасан, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд шүүхээс торгох ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Д.Даваасүрэн нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

     Шүүгдэгч Д.Даваасүрэн нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, битүүмжлүүлсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно. 

 

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

           1. Шүүгдэгч Гүнсэн овогт Даваадоржийн Даваасүрэнг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Даваасүрэнд 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

         3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Д.Даваасүрэнд оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг 1 /нэг/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Д.Даваасүрэн нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол  хорих ялаар солихыг тайлбарласугай. 

 

         5. Шүүгдэгч Д.Даваасүрэн нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, битүүмжлүүлсэн хөрөнгөгүй,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Даваасүрэнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй. 

 

        

 

 

                                                                                                                                     

                              ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ