Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 2122

 

МАГАДЛАЛ

2019.12.16                                      Дугаар 2122                                    Улаанбаатар хот

 

 

 

“ХХБ ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШ2019/02099 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч “ХХБ ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч М.У-д холбогдох,

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж 65/7 дугаар байр, 04 тоот, 400 м.кв талбай бүхий хувийн сууцыг гараашийн хамт бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Д,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: М.У, С.Т нар нь банктай 2013 оны 2 дугаар сарын 06-ны өдөр 17 тоот орон сууцны зээлийн гэрээ, 17/01 тоот үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, мөн 17/02 тоот эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ, 17/03, 17/04, 17/05 тоот батлан даалтын гэрээнүүд болон 17/06, 17/07 тоот зээлийн хувийн батлан даалтын гэрээнүүдийг тус тус байгуулан 500 000 ам.долларыг сарын 1,3 хувийн хүүтэй, орон сууц худалдан авах зориулалтаар, 180 сарын хугацаатай зээлж авсан ба зээлийн барьцаанд зээлдэгч өөрийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2206022722 дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүргийн, 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж 65/7 дугаар байрны 4 тоотод байрлах 400 м.кв талбай бүхий хувийн орон сууц гараашийг, мөн 00-20 УНД улсын дугаартай Lexus, LX 570 маркийн суудлын автомашиныг тус тус барьцаалсан. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байснаас банк зээлийн өр төлбөрийн асуудлаар шүүхэд хандаж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2016/02808 тоот шийдвэрээр 166 520 072.94 төгрөгийг, мөн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 181/Ш32018/07735 тоот шүүгчийн захирамжаар 1 106 202 511.14 төгрөгийг буюу нийт 1 272 722 584.08 төгрөгийг зээлдэгчээс гаргуулж банкинд олгуулахаар шийдвэрлэсэн. Зээлдэгч нь 102/ШШ2016/02808 тоот шүүхийн шийдвэр болон 181/Ш32018/07735 тоот шүүгчийн захирамжийн дагуу төлөх         1 272 722 584.08 төгрөгт тооцон өөрийн өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-2206022722 дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж 65/7 дугаар байрны 4 тоотын 400 м.кв талбай бүхий хувийн сууцыг гараашийн хамт банкны өмчлөлд шилжүүлэн өгөхөөр 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр төлбөр барагдуулж, өмчлөх эрх шилжүүлэх гэрээг байгуулж шилжүүлсэн. Энэхүү гэрээгээр зээлдэгч нь 1 272 722 584.08 төгрөгийг 2019 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж банкны өмчлөлд шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхээ буцаан шилжүүлэн авахаар тохирсон боловч төлбөрөө төлөөгүй. Манай банкнаас үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлж өгөхийг мэдэгдэж, шаардсан боловч хөрөнгийг чөлөөлөхөөс санаатайгаар зайлхийж байгаа тул Иргэний хуулийн 106 дугаар зүйл, талуудын хооронд байгуулсан төлбөр барагдуулж, өмчлөх эрх шилжүүлэх гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.3,4 дүгээр зүйлийн 4.2.2-т тус тус заасны дагуу улсын бүртгэлийн Ү-2206022722 дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж 65/7 дугаар байрны 4 тоотын 400 м.кв талбай бүхий хувийн сууцыг гараашийн хамт бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Тайлбар гаргаагүй байна.

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар ХХБ ны нэхэмжлэлийг хангаж, Хан-уул дүүргийн 11 дүгээр хороо, /17012/ Зайсангийн гудамж 65/7 дугаар байрны 4 тоотод байрлах 400 м.кв талбай бүхий хувийн орон сууц, гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг М.У-ын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч М.У-аас 140 400 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ХХБ инд олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Хариуцагч миний бие шүүх хуралдаанд биеэр оролцоогүй бөгөөд шүүх хурал хэзээ, хаана, хэдэн цагт болох тухай шүүх хуралдааны товыг мэдээгүй мөн шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан шүүх хуралдаанд биеэр оролцох эрхээр хангаагүй, мөн хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлээгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийн оролцогчийн тэгш эрх болон мэтгэлцэх эрхийг минь хангаж хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй гэж үзнэ.

Нэхэмжлэгч “ХХБ ” ХХК нь хариуцагч М.У-д холбогдуулан Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж 65/7 дугаар байрны 4 тоотын 400 м.кв талбай бүхий хувийн сууцыг гараашийн хамт бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргасанд хариуцагч анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тайлбар болон нотлох баримт ирүүлээгүй байна.

Шүүх зохигчдын хооронд үүссэн маргаан бүхий хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэсэн байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарч, хуралдааныг 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 11 цаг 00 минутад товложээ. Шүүх хуралдааны товыг боломжит хугацаанд талуудад мэдэгдээгүй, хариуцагчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу хүргүүлээгүй байна.

Мөн шүүх хариуцагчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх, шүүх хуралдаанд оролцох зэрэг хэргийн оролцогчийн эрхийг хангаагүй байна.

Энэ нь шүүхийн өмнө талуудын эрх тэгш байх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлэх талаар зохицуулсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 6 дугаар зүйл тус бүрийн заалтад нийцэхгүй юм.

Иймд давж заалдах шатны шүүх талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтад үндэслэн тэдгээрийн хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлох, хуулийг хэрхэн хэрэглэсэн талаар дүгнэлт хийх боломжгүй тул шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.2, 168.1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШ2019/02099 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн хариуцагчийн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              А.ОТГОНЦЭЦЭГ

  ШҮҮГЧИД                              Ч.ЦЭНД

                                                                М.НАРАНЦЭЦЭГ