Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 2022/ДШМ/385

 

А.Ч, Т.Б нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Ууганбаатар,

шүүгдэгч А.Ч, түүний өмгөөлөгч Т.Дэлгэрбаяр, М.Одбаяр,

шүүгдэгч А.Ч, Т.Б нарын өмгөөлөгч О.Даваажаргал,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 2022/ШЦТ/155 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Г.Ууганбаатарын бичсэн 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 25 дугаартай эсэргүүцэл, шүүгдэгч А.Ч-ийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгдэгч А.Ч, Т.Б нарт холбогдох 2102 00443 0304 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

С овгийн Т-ын Б, 1981 оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Баянзүрх дүүргийн ... дугаар хороо, ... дугаар хороолол, ... дугаар байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ... /,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 1998 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 600 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 20.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан;

Т овгийн А-н Ч, 1987 оны ... дүгээр сарын ...-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эцгийн хамт Баянзүрх дүүргийн ... дүгээр хороо, ... дугаар хороолол, ... дугаар байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ... /,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 431 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2141 дүгээр зүйлийн 2141.1 дэх хэсэг зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 657 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгуулж, уг ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 245 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйл ийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, Баянзүрх дүүргийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 21/334 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон;

А.Ч , Т.Б нар нь бүлэглэн 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Төв аймгийн Бор нуур сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан хориглосон дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, гялгар уутны хамтаар 923.7 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан,

улмаар 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан, хориглосон дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай гялгар уутны хамтаар 923.7 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хх-хх ААА улсын дугаартай Ниссан Дацун загварын тээврийн хэрэгсэлд хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн Прокурорын газар: А.Ч, Т.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч А-н Ч, Т-ын Б нарыг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ч-т 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Т.Б-д 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэж, шүүгдэгч А.Ч-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, шүүгдэгч Т.Б-д Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэж зорчих эрхийг хязгаарлаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ч, Т.Б нараас 6.545.201 төгрөгийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын барьцаа байршуулах 100900005407 дугаар дансанд байршуулсныг улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа гялгар уутны хамтаар нийт 923.7 грамм жинтэй өвс гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг зохих журмын дагуу устгахыг Хар тамхитай тэмцэх газарт даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, мөрдөн шалгах ажиллагааны үр дүнг дүрс бичлэгээр баталгаажуулсан 1 ширхэг дискийг хэргийн хамт хадгалж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч А.Ч-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн түүнийг цагдан хорьж, шүүгдэгч Т.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Прокурор Г.Ууганбаатар бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж хуульчилсан байхад шүүгдэгч Т.Б-д 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь үндэслэлгүй, ял хөнгөдсөн байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлагын зорилго, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршгийн хэмжээг харгалзан үзээгүй байна. Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис нь хүн амын эрүүл мэндийг богино хугацаанд өргөн хүрээ хамруулан сарниулдаг, дахин хэрэглэх зуршлыг бий болгодог, ойр дотны хүмүүсээ хэрэглээндээ татан оруулдаг зэрэг нийгмийн хор аюул ихтэй, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхол, үндэсний аюулгүй байдалд хор уршиг учруулдаг үр дагавартай. Гэтэл шүүгдэгч Т.Б-д анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгтэй тус тус нийцэхгүй байна. Тухайлбал, Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 20.7 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нийгмийн аюулын шинж чанар өндөртэйн дээр прокурорын байгууллага хорихоос өөр төрлийн ял, эрүүгийн хариуцлагаар тохиролцож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхгүй байх, шүүхийн практикт хорихоос өөр төрлийн ял оногдуулахгүй байх ялын бодлогыг тус тус баримталж хэвшээд байгаа юм. Түүнчлэн гэмт хэрэгт оролцсон оролцоо, хэргийн нөхцөл байдлын хувьд ижил хоёр шүүгдэгчийн тухайд нэгэнд нь хорих ял, нөгөөд нь зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, шүүгдэгч Т.Б-ыг ахмад настай төрсөн эхээ асардаг гэх хуульд заагаагүй нөхцөл байдлыг харгалзан хөнгөн ял шийтгэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцэхгүй гэж үзэж Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 155 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Шүүгдэгч А.Ч давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би чин сэтгэлээсээ гэмшиж, харамсаж байгаа бөгөөд анх машинд үзлэг хийх үеэс эхлэн сайн дураар сэтгэцэд нөлөөт бодисыг гарган өгч, мөрдөн байцаалт, шүүхийн шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. ...Би бусдыг энэ төрлийн гэмт хэрэгт холбогдохоос урьдчилан сэргийлэх, таниулах талаар сургалт зохион байгуулж, цаашид төрийн бус байгууллагадаа тогтвортой үйл ажиллагаа явуулах хүсэлтэй байгаа тухай шүүхэд мэдүүлсэн. Мөн тээврийн хэрэгслийн үнэлгээг шүүх хуралдаанаас өмнө бүрэн төлж, учруулсан хохирлыг төлсөн ба шүүхээс төлөх төлбөргүй гэж заасан атал хөнгөрүүлэн үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэсэнд гомдолтой байна. Би өндөр настай аавыгаа харж хандан амьдардаг бөгөөд түүний биеийн байдал тааруу, байнгын асаргаа, сувилгаа шаарддаг тул би дэргэд нь хамт байж түүнийг асрах зайлшгүй шаардлагатай байна. ...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэнсэж болохоор хуульчилсан байна. Заавал хорих ял оногдуулах, хүндрүүлэх үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул тэнсэх бүрэн боломжтой байсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт тус тус зааснаас үзвэл ялын бодлогын хувьд аль болох өөр төрлийн ял оногдуулах бодлогыг хууль тогтоогч баримталж байна. Иймд миний хувийн байдал, өндөр настай эцгээ асардаг, түүний эрүүл мэндийн байдал хүнд байгаа болох би өөрөө нурууны хагалгаа яаралтай хийлгэх шаардлагатай зэргийг харгалзан надад оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солих эсхүл тэнсэж, үүрэг хүлээлгэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч А.Ч, Т.Б нарын өмгөөлөгч О.Даваажаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар прокурор нь эсэргүүцэл гаргаж байгаа үндэслэлээ тодорхой бичсэн байхыг шаарддаг. Гэтэл прокурор нь эсэргүүцлийн үндэслэлээ хэргийн бодит байдалд нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж байгаа боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6, 39.7 дугаар зүйлийн аль хэсэгт хамаарч байгаа тухай огт дурдаагүй бөгөөд гагцхүү Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1,5.1 дүгээр зүйлийн 1,6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг зөрчсөн гэж үзэж эсэргүүцлийн үндэслэлээ бичсэн байна. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Т.Б-д оногдуулсан ял нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээн дотор, шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэн шийдвэрлэсэн гэж үзэж байна. Монгол Улс эх газрын эрх зүйн тогтолцоотой. Харин жишгийн эрх зүйд шүүхийн прецедент буюу өмнөх ижил төстэй хэргийг хэрхэн, яаж шийдвэрлэснийг удирдлага болгодог. Шүүгч гагцхүү хуульд л захирагдаж шийдвэр гаргах ёстой болохоос биш прокурорын эсэргүүцэлд дурдсан шиг шүүхийн практикт захирагдан шийдвэр гаргахгүй. Монгол Улсын Үндсэн хуулийн дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Шүүхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т зааснаас үзвэл шүүгч шийдвэр гаргахдаа шүүхийн болон прокурорын байгууллагын жишигт нийцүүлэн шийдвэр гаргахыг хуулиар хориглосон болох нь тодорхой харагдаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт эрүүгийн хариуцлагын зорилгыг тодорхойлсон болохоос биш ялын бодлого гэх зүйлийг баримтлахыг хуулиар тогтоогоогүй ба мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүх хуульд заасан ял, албадлагын арга хэмжээний дотор оногдуулахаар заасан. Нөгөөтэйгүүр, Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 4 дэх хэсгийн С-д “хор уршиг багатай гэмт хэрэг үйлдэгсдийг шийтгэж яллахын оронд хүмүүжүүлэх, эмчлэх, эмнэлгийн дараах эмчилгээ хийх, нийгмийн амьдралд эргэн оруулахыг чухалчлах нь зүйтэй” гэж заасан. Шүүхээс уг конвенцид нийцүүлэн өөрийн дотоод итгэлээр үнэлэн шийдвэрлэсэн шийдвэрийг хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, эсхүл хэргийн бодит байдалд нийцээгүй гэж үзэх боломжгүй юм. Иймд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч А.Ч-ийн өмгөөлөгч Т.Дэлгэрбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцлийг үндэслэлгүй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйл, Олон улсын гэрээ, конвенцид эрүүгийн хариуцлагын зорилгыг заасан. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг ашиглах гэмт хэрэгт холбогдсон хүмүүст ял оногдуулахдаа хорьж цагдах ял оногдуулахаас илүүтэйгээр урьдчилан сэргийлэх, эмчлэх тал руу явж байна. Гэтэл прокуророос хорих ял оногдуулах нь зүйтэй гэж эсэргүүцэл бичсэн нь үндэслэлгүй. Шүүгдэгч А.Ч-ийн хувьд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор 1 жил 2 сарын хорих ял шийтгүүлэхээсээ өмнө 2017 онд тэнсэн харгалзах ял авч байсан. Үүний өмнө мэргэжлийн сэтгэцийн эмнэлгийн дүгнэлт гарсан. Энэ хүнийг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хамааралтай этгээд байна гэж дүгнэсэн. Энэ этгээд өнөөдөр 409 дүгээр хорих байгууллагад хоригдож байна. Сэтгэцийн байдлын хувьд түр сарнилтай байна. Биднийг очиж уулзахад “Аавыгаа санаж байна” гэж сэтгэц нь сарнилттай хариулсан. Сэтгэцийн үйл ажиллагаа нь хүний танин мэдэх үйл ажиллагааны дээд хэлбэр байдаг. Үүнд нөлөөлж байгаа олон улсын конвенцид хориглосон эм, сэтгэцэд нөлөөлөх бодисуудыг хэрэглэсэн хүмүүст хорих ял оногдуулж эмчилнэ гэж байхгүй. Олон улсын гэрээ, конвенц болон Монгол Улсын хууль тогтоомжийн гол агуулга, зорилго нь эмчлэх, урьдчилан сэргийлэх тал руугаа байгаа. Монгол Улсад энэхүү бодисыг зөвшөөрөөгүй ч гэсэн Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон олон улсад янз бүрийн байдлаар зөвшөөрөл олгосон. Тийм учраас шүүгдэгч А.Ч-ийн сэтгэцийн түр хямралтай байгаа нөхцөл байдлыг нь харгалзан үзэж хорих ялыг нь зорчих эрхийг нь хязгаарлах ялаар сольж өгнө үү. Шүүгдэгч А.Ч нь шүүхээр хэрэг нь шийдвэрлэгдэхээс өмнө мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын эсрэг сурталчилгаа хийж, төрийн бус байгууллага байгуулан ажилласан. Тэрээр нэгэнт сэтгэцэд нөлөөт бодисын хамааралтай байгаа учраас хорих ял оногдуулснаар эмчлэгдэнэ гэж байхгүй. Хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, эмнэлгийн байгууллагаар антиоксидант хэрэглэн эмчилж байж үр дүнд хүрнэ. Иймд хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү. ...”   гэв.

Шүүгдэгч А.Ч-ийн өмгөөлөгч М.Одбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч А.Ч нь хувь хүн талаасаа олон төрлийн спортоор хичээллэдэг. Аливаа зүйлд тууштай ханддаг. Ирээдүйд энэхүү хорт бодисоос татгалзах чин хүсэлтэй. Бодсон санаснаа хэрэгжүүлэх боломжтой залуу хүн гэж харж байгаа болохоор өмгөөлөгчийн зүгээс ялыг хөнгөрүүлэх байр суурьтай шүүх хуралдаанд оролцож байна. А.Ч нь нийгмийн хөгжлийн ялгамжтай байдлын хохирогч гэж үзэж байгаа. Яагаад гэвэл, хамгийн анх Франц улсад амьдарч байх хугацаандаа бие нь өвдөөд эмийн сангаас өвчин намдаах эм авсан. Гэтэл өвчин намдаах эмийн найрлага дотор Си пи ди каннабинолын агууламжтай байсан. Франц улсад зөвшөөрөгдсөн хэмжээгээр донтуулах чадвартай сэтгэцэд нөлөөлөх бодисыг олж авч байсан. Монгол Улсад Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцоор зөвшөөрдөггүй гэдэг утгаараа энэ хүн нийгмийн ялгавартай байдлын хохирогч болсон гэж үзэж байна. Прокурор өвс нь нийгмийн хор аюулын шинжээрээ их хортой аюултай бодис, үндэсний аюулгүй байдалд нөлөөлж байгаа гэсэн агуулгаар эсэргүүцэл бичсэн байна. Гэтэл Монгол Улсад 2019 оноос Хэмп Монголиа ХХК-аас өвсийг нийгэмд ашиг тустай талаас нь судалж, анагаах чадвар өндөртэй буюу каннабал ойлыг гаргаж авч байгаа. Энэхүү тусгай зөвшөөрлийг авч хэрэгжүүлж, үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд Монгол Улсад байдаг. Нийгмийн хор аюул гэхээсээ илүүтэйгээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон олон улсын байгууллагаас ямар санал санаачилга гаргаж байгаа вэ гэхээр 0.2 процентоос бага “ти эйч си” агуулж байгааг мансууруулах бодис гэж үзэхгүй. Анагаах чадвартай, хүнийг тайвшруулах үйлчилгээтэй бодис гэсэн байр суурийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас баримталж байна. Шүүгдэгч А.Ч нь залуу хүн, ирээдүйд гэр бүлтэй болно. Тэрээр энэхүү бодисыг дахин хэрэглэхгүй гэж байгаа болохоор шүүхээс хувийн байдлыг нь харгалзан үзэж зорчих эрхийг нь хязгаарлаж, эмчилгээний арга хэмжээ авч өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэл, шүүгдэгчийн давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Прокуророос А.Ч, Т.Б нарыг мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлджээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч нарын Төв аймгийн Борнуур сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан хориглосон дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, гялгар уутны хамтаар 923.7 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, улмаар уг бодисыг Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт худалдаалах зорилгогүйгээр хх-хх ААА улсын дугаартай “Ниссан Дацун” загварын тээврийн хэрэгсэлд хадгалсан гэмт хэргийн үйл баримтыг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтууд, шүүх хуралдаанд оролцогчдын тайлбар, дүгнэлтүүдэд үндэслэн үндэслэлтэй, зөв тогтоосон байна.

Гэвч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ч-ийг 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Т.Б-ыг 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэсэн нь тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм бурууд тохироогүй, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцээгүй байна.

Учир нь, анхан шатны шүүх шүүгдэгч А.Ч-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн,  холбогдсон гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа, хувийн болон эрүүл мэндийн байдал, ахмад настай эцгийн хамт амьдардгийг харгалзсан байх боловч Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төвийн дүгнэлт /1хх 63-65/-ээр каннабинойдын шалтгаант хараат байдлын эмгэгтэй болсон нөхцөл байдал, түүнчлэн тэрээр өмнө энэ төрлийн гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж хянан харгалзсан байхад энэ байдалд нь дүгнэлт хийлгүйгээр тухайн зүйл хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулсан байна.

Түүнчлэн, шүүгдэгч Т.Б-ын байнгын асаргаа шаардлагатай эхийгээ асардаг гэх хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, энэ төрлийн гэмт хэрэгт анх удаа холбогдсоныг харгалзан дээрх зүйл хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэхдээ түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршгийн хэр хэмжээ, үр дагавар, гэм буруугийн талаар огт дүгнэлт хийлгүй орхигдуулж, зөвхөн гэм буруу, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан үзсэн мэтээр дүгнэсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журамд нийцээгүй бөгөөд Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болно.

Иймд, дээрх үндэслэлийг нэгэн адил дурдсан прокурор Г.Ууганбаатарын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолыг хүчингүй болгон, А.Ч, Т.Б нарт холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасантай холбогдуулан шүүгдэгч А.Ч-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Т.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 2022/ШЦТ/155 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, А.Ч, Т.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх хүртэл шүүгдэгч А.Ч-т урьд авсан цагдан хорих, шүүгдэгч Т.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Л.ДАРЬСҮРЭН

ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР

      ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ