Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 47

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Л.Одончимэг даргалж

Нарийн бичгийн дарга Э.Эрдэнэцэцэг

Улсын яллагч Д.Баянмөнх

Хохирогч Х.Пүрэвмаа

Шүүгдэгч С.Төгсжаргал нарыг оролцуулан, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх  хуралдаанаар

 

   Дундговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Содовын Төгсжаргалд холбогдох эрүүгийн 1722000120003 дугаартай хэргийг 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

    Шүүгдэгчийн биеийн байцаалт:

    Монгол Улсын иргэн, 1967 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдийн хамт Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын 3 дугаар баг, Хөх толгойн 4 дүгээр гудамжны 2 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Боржигон овогт Содовын Төгсжаргал /регистрийн дугаар ЗЕ67100619/

 

    Шүүгдэгч С.Төгсжаргал нь 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын 3 дугаар баг Хөх толгойн 4 дүгээр гудамжны 2 тоотод байх гэртээ эхнэр Х.Пүрэвмаагийн эрүүл мэндэд халдаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, биед нь тархи доргилт, зовхинд цус хурсан зөөлөн эдийн гэмтэл буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

ТОДОРХОЙЛОХ  нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч С.Төгсжаргал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдөр эхнэр маань “баярын юм” гэж нэг шил архи авч өгсөн. Түүнийг ганцаараа уугаад агсам тавьж, эхнэрийнхээ толгойд нь цохисон гэв.

 

Хохирогч Х.Пүрэвмаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдөр би С.Төгсжаргалд баяр болох гэж байна гээд нэг шил архи авч өгсөн. С.Төгсжаргал архиа ууж дуусахаар нь хамт дэлгүүр орж чихэр боов авчирсан. Тухайн үед манай нөхөр согтсон байсан. Гэнэт босож ирээд намайг цохисон, түүнээс хойш юу болсныг мэдээгүй. Бэр маань түргэн дуудаад би эмнэлэгт хүргэгдсэн байсан. Маргааш өглөө нь босоход нүд хөхөрсөн байсан. Би эмнэлэгт 10 хоног хэвтээд гарсан, одоо биеийн байдал зүгээр. Ер нь миний бие унаж татдаг юм. Нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэв.

 

Гэрч О.Балжиннямын хэрэг бүртгэлтийн  шатанд өгсөн  “...2017 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 19 цагийн орчим “Дэлгэрцогт сумын 3 дугаар баг Хөх толгойн 4 дүгээр гудамжны 2 тоотод хүн ухаан алдсан” гэх дуудлага ирсэний дагуу очиход Х.Пүрэвмаа гэрийн зүүн талын баганы хажууд ухаан санаа балартсан, эмх замбараагүй үйлдэл хийж тийчгэнэсэн, амьсгаадсан байдалтай байсан...зүүн нүдний доод талд хөхөрч цус хурсан байсан. Тухайн үед асуултад хариулах чадваргүй байсан, маргааш нь асуухад манай нөхөр зодсон гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8/

 

   Гэрч Э.Норовын хэрэг бүртгэлтийн  шатанд өгсөн   “...2017 оны 7 дугаар сарын 10-ны орой хадам аав С.Төгсжаргал хадам ээж Х.Пүрэвмаагийн нүүррүү нь цохитол Х.Пүрэвмаа унасан. Би “яаж байгаа юм бэ” гээд ээжийн толгойг бариад суутал хадам аав “зүгээр үү хөгшөөн” гээд ирэхээр нь өргөөд авах нь гэж бодсон чинь хадам ээжийн үснээс нь зулгаагаад татахад таталт өгөөд ухаан алдсан. С.Төгсжаргал нь байнга архи уудаг, уухаараа хэл амаар Х.Пүрэвмааг хардаад байдаг бололтой доромжлоод, муудалцаад байдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-11/

 

- Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017.07.16-ны өдрийн 170200208 дугаартай дүгнэлтэд

“1, 2. Х.Пүрэвмаагийн биед тархи доргилт, зовхинд цус хурсан зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.

3. Тархи доргилт нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цус хурсан зөөлөн эдийн гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй

4. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 13/

 

- Аюулын зэргийн үнэлгээний маягтад “эрсдлийн түвшин бага” гэжээ /хх-ийн 15-18/

- Гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 34/

- Хохирогч Х.Пүрэвмаагийн өвчний түүх /хх-ийн 35-47/

- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 32/ зэрэг болно.

 

   Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

    Шүүгдэгч С.Төгсжаргал нь 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдөр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, эхнэр Х.Пүрэвмаагийн биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

            Иймд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй, тус аймгийн прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Хохирогч Х.Пүрэвмаа шүүхийн хэлэлцүүлэгт “...нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэх тайлбар гаргаж байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч С.Төгсжаргал шүүх хуралдаанд “эрхэлсэн ажилгүй, хүнд тусалж мөнгө олдог, өөр орлогогүй” гэж, хохирогч Х.Пүрэвмаа мөн “өрхийн орлогоггүй, хувиараа ажил хийвэл мөнгөтэй байдаг” гэж тус тус мэдүүлж байх тул шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч С.Төгсжаргалд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч С.Төгсжаргал нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, битүүмжлүүлсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.  

 

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

           1. Шүүгдэгч Боржигон овогт Содовын Төгсжаргалыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч С.Төгсжаргалд 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

         3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Төгсжаргалд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялыг хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч С.Төгсжаргал нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлүүлсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай. 

 

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Төгсжаргалд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй. 

 

        

 

                                                                                                                                     

                              ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ