Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 102/ШШ2024/02267

 

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 01 өдөр                  Дугаар 102/ШШ2024/02267                            Улаанбаатар хот

 

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн ..................,

Хариуцагч: Баянгол дүүргийн ................,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 7,047,600 /долоон сая дөчин долоон мянга зургаан зуун/ төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ............... оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Намуун хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ..............ийг төлөөлөн түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч .............. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Миний охин .............. 2023 оны 5 дугаар сарын 23-нд иргэн ..............ны хүсэлтээр зээлийн гэрээ байгуулж, нотариатаар батлуулан 2023 оны 6 дугаар сарын 20-нд 29 хоногийн хугацаанд төлнө гэсэн гэрээгээр 4,200,000 төгрөгийг зээлдүүлсэн ба нотариатын дэргэд, өөрийн интернэт банкаар .........ны Хаан банкны ............ тоот дансанд шилжүүлсэн. Гэрээнд заасан хугацаанд зээлээ төлөөгүй учир утсаар удаа дараа залгахад түмэн шалтаг тоочиж, сүүлдээ утсаа ашиглалтанд байхгүй болгосон учир зээлээ хугацаанд нь төлөөгүй зээлдэгчээс үндсэн зээл 4,200,000 төгрөг, хүү 2,847,600 төгрөг, нийт 7,047,600 төгрөгийг шаардаж байна. Гэрээн дээр хүүгүй гэж бичсэн боловч зээл буцааж төлөх 6 дугаар сарын 20-ны өдрөөс хойш хоног тутамд 0,3 хувиар тооцохоор гэрээнд заасан байгаа. Энэ заалтын дагуу шаардаж байгаа...гэв.

2. Хариуцагч ............... нэхэмжлэлийн шаардлагыг 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдөр гардаж авсан боловч шүүхээс тогтоосон хугацаанд бичгээр хариу тайлбар гаргах үүргээ биелүүлээгүй байна.

3. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ нотлохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлага хангасан байдлаар: төлөөлөгчид олгосон итгэмжлэл /хх-4/, Зээлийн гэрээний эх хувь /хх-5/, гэрээний талуудын иргэний үнэмлэхийн хуулбар /хх-6/ зэргийг нотлох баримтаар гаргасан байна.

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх ...............ийн ...........д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

2. Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ “хариуцагчтай зээлийн гэрээ бичгээр байгуулан нотариатаар гэрчлүүлснээр 4,200,000 төгрөгийг 29 хоногийн хугацаатай зээлдүүлсэн, энэ хугацаа болоход зээлийг буцааж төлөөгүй бол хоног тутамд 0,3 хувиар хүү тооцохоор тохиролцсон. Хариуцагч зээлээс огт төлөлт хийгээгүй учир үндсэн зээл 4,200,000 төгрөг, зээлийн хүүд 2,847,600 төгрөг, нийт 7,047,600 төгрөгийг гаргуулна” гэж тодорхойлсон.

3. Хариуцагч ..............2024 оны 3 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэлийн шаардлага гардаж авсан боловч шүүхээс тогтоосон хугацаанд хариу тайлбараа гаргаагүй бөгөөд шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэн, хариуцагчийн эзгүйд хэрэгт цугларсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, зохигчийн тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

4.1. ............., ............... нар 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдөр зээлийн гэрээ бичгээр байгуулан, зээлдүүлэгч ............... нь 4,200,000 төгрөгийг зээлдэгч ..............д 29 хоногийн хугацаатай, хүүгүйгээр зээлдүүлэх, зээлдэгч нь төлбөрийг 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдөр бөөнөөр нь төлөх үүрэг тус тус хүлээж, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөх хариуцлага хүлээхээр тус тус гэрээнд тусгасан байна.

5. Талууд зээлийн гэрээг бичгээр байгуулсан байх бөгөөд гэрээнд зээлийн мөнгийг зээлдэгчийн Хаан банк дахь ............... тоот дансанд зээлдүүлэгч шилжүүлэхээр тусгасан ба нэхэмжлэгчээс хариуцагчид зээлийн мөнгө 4,200,000 төгрөгийг нотариатчийн хажууд зэээлийн мөнгийг шилжүүлсэн талаар тайлбарласан, зээлийг хүлээж аваагүй талаар хариуцагч тал маргаагүй учир талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт заасан хэлбэрийн шаардлага хангасан, хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагджээ.

6. Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ эс биелүүлж, зээлийн төлбөр 4,200,000 төгрөгийг зээлдүүлэгчид тогтоосон хугацаанд буцаан төлөөгүй байх тул нэхэмжлэгч .............. нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн төлбөр 4,200,000 төгрөгийг хариуцагч ...............аас шаардах эрхтэй.

7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн дараагийн шаардлага болох 2,847,600 төгрөгийг зээлийн гэрээний хүү гэж тайлбарлах боловч талууд гэрээнд хүү тооцохгүй байхаар тохиролцсон байна. Харин гэрээний 3.7 дахь хэсэгт “гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувиар алданги төлнө” гэж үүргийн гүйцэтгэлийг хангах аргын талаар тохиролцсон ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс уг шаардлагын тайлбарыг гэрээний энэ заалтыг үндэслэл болгон шаардаж байгаа гэж тодорхойлсон тул анзыг хүүгийн төлбөр гэж андуурч тайлбарласан гэж үзэх үндэслэлтэй байна.

8. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэг, Зээлийн гэрээний 3.7 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас алданги шаардах эрхтэй. Нэхэмжлэлийн уг шаардлагаар 0,3 хувийн алдангийг 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүртэл 226 хоногоор тооцоход нэг хоногийн алданги 12,600 төгрөг, нийт 2,847,600 төгрөг болсон байна.

9. Гэвч хариуцагчаас нэхэмжлэгчид зээлийн гэрээний дагуу төлвөл зохих гүйцэтгээгүй үүргийн дүн 4,200,000 төгрөг бөгөөд алдангийн нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй учир Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт нийцүүлэн, гүйцэтгээгүй үүрэг 4,200,000 төгрөгийн 50 хувь 2,100,000 төгрөгийн алдангийг нэхэмжлэгч нь хариуцагчаас шаардах эрхтэй ба илүү нэхэмжилсэн 747,600 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

10. Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн учир нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 127,712 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хангагдсан нэхэмжлэл 6,300,000 төгрөгт тооцогдох тэмдэгтийн хураамж 115,750 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ................аас 6,300,000 /зургаан сая гурван зуун мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч ...............д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 747,600 /долоон зуун дөчин долоон мянга зургаан зуун/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 127,712 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ..............аас 115,750 төгрөг гаргуулан нэхэмжлэгч .д олгосугай..............

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.САРАНТУЯА