Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 48

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Л.Одончимэг даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Нямаа

Улсын яллагч Г.Хаш-Эрдэнэ

Шүүгдэгч Ч.Энхмандал нарыг оролцуулан, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх  хуралдаанаар

 

   Дундговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Хулд овогт Чимэдлхамын Энхмандалд холбогдох эрүүгийн 1722000410017 дугаартай хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

    Шүүгдэгчийн биеийн байцаалт:

    Монгол Улсын иргэн, 1978 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Дундговь аймгийн Луус суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, эхнэрийн хамт Дундговь аймгийн Луус сумын 2 дугаар баг, “Ухаа хошуу” гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, тус шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан гэх, Хулд овогт Чимэдлхамын Энхмандал /регистрийн дугаар ЗЗ78121211/

 

    Шүүгдэгч Ч.Энхмандал нь 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Дундговь аймгийн Луус суманд Ц.Бадрахын бие, эрх чөлөөнд халдаж, хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

ТОДОРХОЙЛОХ  нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүгдэгч Ч.Энхмандал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.

 

            Ч.Энхмандалын яллагдагчаар өгсөн мэдүүлэгт “...2017 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Дундговь аймгийн Луус сумын төвд нэг шил архи уучихаад хөдөө гэрлүүгээ харих гэхэд бензин хүрэхгүй юм шиг байхаар нь сумын төвийн зүүн урд байдаг шатахуун түгээх станц дээр өөрийн дүү болох 13 настай Баярбаатарыг сундлаад очсон...”Тэс Петролиум” шатахуун түгээх станц орж бензин зээлээч гэхэд өгөхгүй гэхээр нь чи хоёрхон литр бензин дээр юун сүртэй юм гэж хэлээд Ц.Бадрахыг заамдаад авсан. Ц.Бадрах намайг зөрүүлээд заамдсан. Би түүнийг нэг удаа мушгиад унагаахад Ц.Бадрах босож  ирээд надруу дайрахаар нь дахиад мушгиад унагаасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/

 

Хохирогч Ц.Бадрахын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “...2017 оны 8 дугаар сарын 18-ны оройн 22 цагийн үед Дундговь аймгийн Луус сумын төвд үйл ажиллагаа явуулах “Тэс петролиум” шатахуун түгээх станцад ээлжийн ажилтай байхад Ч.Энхмандал гэх хүн хүүхэд сундалдан мотоцикльтой ирж байсан ба Бадрахыг алнаа гэж хэлэхийг би сонссон. Ирээд 2 литр бензин зээлээч гэхээр нь би 2 литрийг зээлээр аваад яахав 5 литр бензин болгоод ав гэтэл авахгүй гэж хэлээд мотоциклиосоо бууж ирээд намайг зодох гээд дайраад байсан. Хажууд ирсэн С.Энхбат, Гансүх гэх хоёр залуу Ч.Энхмандалыг салгаад аваад явсан. Тэгтэл 30 орчим минутын дараа Ч.Энхмандал өмнө сундалж ирсэн хүүхдээ сундалдаад мотоцикльтой эргээд ирсэн. Тэгээд муу банди гараад ир, муу бандийг ална гараад ир гэж дуудахаар  нь би гараад очтол хоёр удаа намайг боож унагаасан. Тэгтэл би яаж унаснаа санахгүй байна хөл газар гишгэж болохгүй эвгүй байсан. Орой нь үзтэл хавдаад хөхөрсөн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7/

 

Хохирогч Ц.Бадрахын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “...Ч.Энхмандал намайг 2 удаа мушгиж унагаасан, мөн заамдаж байгаад хоолой боож унагасан, цохиж зодоогүй. Тэр шөнөдөө миний хөл эвгүй болж хавдаж хөхөрч хоносон...надад баримтаар 210030 төгрөгийн хохирол учирсан. Би сэтгэл санаа болон бие эрхтний хохирол хүлээсэн учир Ч.Энхмандалаас 3000000 төгрөг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 8/

 

Гэрч Д.Цэцэгмаагийн хэрэг бүртгэлтийн  шатанд өгсөн  “...2017 оны 8 дугаар сарын 18-ны орой намайг Дундговь аймгийн Луус сумын төвд үйл ажиллагаа явуулдаг “Тэс петролиум” шатахуун түгээх станцад түгээгч ажилтай Ц.Бадрахын хамт ээлжинд гарч байхад 21 цаг 45 минутын үед тус сумын малчин Ч.Энхмандал гэх хүн мотоцикльтой нэг хүүхэд сундалж ирээд Ц.Бадрахтай маргалдаад байхаар нь гараад очтол С.Энхбат, Ганаа хоёр мотоцикльтой ирсэн ба Ч.Энхмандалыг салгасан...10-15 минутын дараа Ч.Энхмандал эргэж  ирээд Ц.Бадрахыг заамдаад “хүнд байх үе, байхгүй үе гэж байдаг юм, чи надад бензин зээлээр өгсөнгүй” гэж хэлсэн. Харин Ц.Бадрах Ч.Энхмандалд “би чамд өгөх үедээ өгсөн” гэж хэлсэн...Тэгтэл Ч.Энхмандал Ц.Бадрахыг мушгиад 2 удаа унагаасан. Дараа нь Ч.Энхмандал Ц.Бадрахаас уучлал гуйсан ба эвлэрээд тэр 2 тамхи татсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11/

 

Гэрч Д.Цэцэгмаагийн хэрэг бүртгэлтийн  шатанд өгсөн “Тэр өдөр Ч.Энхмандал, Ц.Бадрахыг 2 удаа мушгиад унагаасан. 2017 оны  8 дугаар сарын 19-ний 2 цагийн үед Ц.Бадрах миний хөл өвдөөд байна гэхэд нь үзэхэд хөл нь бага зэрэг хавдсан байсан. Тэрнээс хойш Ц.Бадрах акттай гээд ажилдаа ирэхгүй 10 гаруй хоносон. Маргаан болсноос хойш 2-3 хоногийн дараа Ц.Бадрахруу утасдаж биеийг нь асуухад миний хөл хүрэн эрээн болсон гэж хэлж байсан. Ц.Бадрах нь Ч.Энхмандалаас өөр хүнтэй маргалдаж, зодолдоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 12/

 

Гэрч С.Энхбатын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “...2017 оны 8 дугаар сарын 18-ны орой 22 цаг 30 минутын үед Луус сумын төвд үйл ажиллагаа явуулдаг “Тэс Петролиум” шатахуун түгээх станцын хажуугаар Гансүхийн хамт явж байтал Ц.Бадрах, Ч.Энхмандал хоёр маргалдаж байгаа харагдахаар нь очиж Ч.Энхмандалыг салгаад хөдөө гэрлүү нь явуулах гээд шороон замд оруулж өгөөд бид 2 буцсан. Ч.Энхмандал бага зэрэг архи уусан байдалтай байсан. Харин Ц.Бадрах архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13/

 

- Дундговь аймгийн Шүүхийн Шинжилгээний Албаны шинжээчийн 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 170200251 дугаартай дүгнэлтэд

“1. Ц.Бадрахын биед баруун гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй” гэжээ /хх-ийн 15/

 

- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38/ зэрэг болно.

 

   Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

    Шүүгдэгч Ч.Энхмандал нь 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Дундговь аймгийн Луус сумын төвд Ц.Бадрахын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, мөн шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс түүнийг гэм буруутайд тооцож торгох ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

           Хохирогч Ц.Бадрах нь хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэгтээ “баримтаар 210030 төгрөгийн хохирол учирсан сэтгэл санаа болон бие эрхтэний хохиролд 3000000 төгрөг нэхэмжилж байна” /хх-ийн 6-8/ гэсэн боловч шүүгдэгч Ч.Энхмандал нь хохиролд 250000 төгрөг хүлээлгэж өгсөн /хх-ийн 59/, хохирогч хэргийн материалтай танилцаад “санал гомдолгүй” /хх-ийн 55/ гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Ч.Энхмандалд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч Ч.Энхмандал нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, битүүмжлүүлсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.  

 

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

           1. Шүүгдэгч Хулд овогт Чимэдлхамын Энхмандалыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ч.Энхмандалыг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгож шийтгэсүгэй.

 

         3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ч.Энхмандалд оногдуулсан торгох ялыг 1 /нэг/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Ч.Энхмандал нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол  хорих ялаар солихыг тайлбарласугай. 

 

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Энхмандалд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Шүүгдэгч Ч.Энхмандал нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлүүлсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.  

 

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй. 

 

               

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                         Л.ОДОНЧИМЭГ