Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 2022/ДШМ/373

 

 

 

 

 

 

       2022          4            12                                        2022/ДШМ/373

 

 

                                                                                   Б.Э, У.Э нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Д.Мөнхөө, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Ууганцэцэг,

шүүгдэгч Б.Э,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дашдондов даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 2022/ШЦТ/273 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Э-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Б.Э, У.Э нарт холбогдох эрүүгийн 2108012441115 дугаартай хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Б овгийн Б-ын Э, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ............... мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ганцаараа, ................ дүүргийн .. дугаар хороо, ............. дугаар гудамжны ........ тоотод оршин суух, /РД: ............................/,

урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2004 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 319 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д зааснаар 7 жил 10 хоног хорих ял шийтгүүлж, 2006 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д зааснаар эдлээгүй үлдсэн 5 жил 15 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2007 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 258 дугаартай шийтгэх тоггоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1, 146 дугаар зүйлийн 146.2-т зааснаар нийт 6 сар баривчлах ял,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 359 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар 10 жил 10 хоног хорих ял,

Төв аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2012 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 84 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.2-т заасныг журамлан тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар 5 жил 6 сар хорих ял шийтгүүлж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 5 жил 7 сар 8 хоногийг нэмж нэгтгэн, нийт 11 жил 1 сар 8 хоног хорих ялаар тогтоож, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 173 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хууль шинэчлэгдсэнтэй холбогдуулан түүний өмнө шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 10 жил 10 хоногийн хорих ялыг тэгшитгэл оруулж, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 5 жил хорих ял болгон өөрчилж, биеэр 5 жил 9 сар 22 хоног эдэлсэн тул суллаж шийдвэрлэсэн,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 851 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 2 сар хорих ял шийтгүүлж, Өвөрхангай аймаг дахь Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 185 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 10 сар 25 хоногийн хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 392 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 10 сар 25 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт 1 жил 27 хоногийн хорих ял шийтгүүлж, 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан.

2. Б........ овгийн У-ын Э, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ................ мэргэжилтэй, ................. ажилтай, ам бүл .., ............... хамт ............... дүүргийн ... дугаар хороо, ................... дүгээр гудамжны .... тоотод оршин суух, /РД:...................../,

урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 362 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.5 дахь хэсэгт зааснаар 5 жил 10 хоног хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жил 6 сарын хугацаагаар хойшлуулсан,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 219 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 3 жил 6 сар хорих, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 4 жил хорих ял шийтгүүлж, хөнгөн ялыг хүндэд багтааж, нийт 4 жил хорих ялаар шийтгүүлсэн.

Б.Э нь 2021 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн У.Э-ыг зодож эрүүл мэндэд нь “дагз ясны шугаман хугарал, баруун зулай, дагзны хуйх, дух, зүүн нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, духанд шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт, баруун чамархайн хуйханд шарх, зулгаралт, зүүн хацарт зулгаралт, баруун чихний дэлбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун чихний дэлбэнд зулгаралт, нурууны зулгаралт” бүхий хүнд хохирол санаатай учруулсан,

У.Э нь 2021 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Э-ыг зодож эрүүл мэндэд нь “дээд уруулд шарх, баруун, зүүн дээд үүдэн 1 дүгээр шүдний сулрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: У.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Б.Э-ийн үйдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч У.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, шүүгдэгч Б. Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Э-ыг 460 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-ийг 4 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Э-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар шүүгдэгч У.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 460 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өршөөн хэлтрүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар Б.Э-ийн цагдан хоригдсон 125 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялын хугацааг 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн тоолж, хохирогч Б.Э, У.Э нар гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршигтай холбоотой зардлаа нотлох баримтаа тус тус бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч У.Э цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч У.Э, Б.Э нар энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч У.Э-т авсан хувийн баталгаа гаргах, шүүгдэгч Б.Э-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Э давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 273 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Миний бие уг гэмт хэргийг эхнээс нь үнэн зөвөөр мэдүүлж, цаашид гарах эмчилгээний зардал болон хохирол төлбөрийг төлөхөө илэрхийлж, мөн эрүүл мэндийг нь хохироосон үйлдэлдээ маш их харамсаж байна. Тухайн үед У.Э-ыг гэмтээх санаа зорилго агуулаагүй бөгөөд дүүгээ ухаангүй хэвтэж байхыг хараад, үхсэн юм биш байгаа гэж бодоод түр зуур ухаан балартаж ийм үйлдэл хийсэн байсан. Эыг “ахаа болиоч” гэж тэвэрхэд ухаан орсон. Миний ар гэрийн байдал хэцүү, аав Баярбатын нүд нь цус харваж, муудсан байнга хүний хараа хяналтанд байдаг, мөн төрсөн эгч авто осолд орж нас барсан, ажил явдлыг нь дуусгаж амжаагүй байтал хоригдож, улмаар шүүхээр таслагдсан. Аав, ээж хоёр минь маш хэцүү байгаа. 2 хүүхдийнх нь нэг нь хорих ял эдэлж, нэг нь нарс барж, бие болон сэтгэл санааны хямралтай байгаа тул Б.Э миний бие аль болох хурдан суллагдаж аав, ээж хоёроо асрах хэрэгтэй байна. Хэдийгээр шүүх бүрэн эрхийнхээ хүрээнд ял оноосон боловч шийтгэх тогтоол хоорондоо зөрүүтэй байгаа нь тохуурхаж байгаа мэт гомдоож байна.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 1093 дугаартай шийтгэх тогтоолоор 2 жил 6 сарын хорих ял оноож, 2 жилийн хорих ялыг 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулиар өршөөн хасаж, 6 сарын хорих ял оногдуулсан. Гэвч прокурор өршөөл үзүүлэх ёсгүй байсан гэх агуулгатай эсэргүүцэл бичиж, уг эсэргүүцлийг нь Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хүлээн авч 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2 дугаартай магадлалаар хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн 1093 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Үүний дагуу Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдөр хянан хэлэлцээд 4 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

Урьд оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялаас 1 жил 6 сараар илүү хорих ял оногдуулсанд гомдолтой байна. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хоорондоо зөрүүтэй. Өмнө нь шүүгч Л.Баатар даргалж, дараа нь Б.Дашдондов даргалсан. Шүүгч яагаад солигдсоныг мэдээгүй. Энэ нь миний эрх зүйн байдлыг дордуулсан, хохироосон шийдвэр болсон гэж үзэж байна. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс прокурорын эсэргүүцлийг хүлээн авч буюу хууль буруу хэрэглэсэн гэж буцаасан ба гэм буруу, хариуцлагын талаар дурьдаагүй байтал Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх урьд оногдуулсан ялаас илүү ял оногдуулсанд гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэж, ялын хэмжээг урьд оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялаар сольж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Прокурор Д.Ууганцэцэг шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.Э нь хувийн таарамжгүй харилцааны улмаас буюу дүүгээ зодлоо гэх шалтгаанаар бусдыг зодож, хохирогч У.Э-ын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон. Анхан шатны шүүхээс хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан. Б.Э нь урьд 2004 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялдаа 2006 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байсан учраас дахин өршөөлд хамрагдах боломжгүй байсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаж гарсан, Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн зөрчилгүй гэж үзэж байна. Иймд шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Б.Э, У.Э нарт холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ шүүгдэгч Б.Э-ийн гаргасан давж заалдсан гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад, шүүгдэгч У.Э нь 2021 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Э-ыг зодож эрүүл мэндэд нь “дээд уруулд шарх, баруун, зүүн дээд үүдэн 1 дүгээр шүдний сулрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Б.Э нь 2021 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн У.Э-ыг зодож эрүүл мэндэд нь “дагз ясны шугаман хугарал, баруун зулай, дагзны хуйх, дух, зүүн нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, духанд шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт, баруун чамархайн хуйханд шарх, зулгаралт, зүүн хацарт зулгаралт, баруун чихний дэлбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун чихний дэлбэнд зулгаралт, нурууны зулгаралт” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

 

Хохирогч Б.Э-ын “...У.Э миний хажууд зогсож байгаад “чи муу миний ахыг урьд өмнө зодсон” гээд миний уруул хэсэг рүү цохитол би хойшоо унаж ухаан алдчихаад сэрээд хартал манай ах Э чи муу миний дүүг яаж байгаа юм бэ гэж хэлээд Эын дээр гараад суучихсан, гараараа цохиж байгаа харагдсан...” /хх 14-15/,

Хохирогч У.Э-ын “...Б.Э орж ирээд хувцасаа тайлж шидээд, цээжээ нүцгэлээд “чи яахаараа миний дүүг зоддог юм бэ” гээд газраас тал тоосго барьж ирээд, дух руу цохиж намайг газар унагаж дээрээс толгой руу балбаж, дагз, нүүр, хацар, чих, нуруу хэсэгт тоосгоороо нүдээд байхаар нь би “больё” гэж гуйгаад Б.Э-ийг тэвэрч тайвшруулсан...” гэх мэдүүлгүүд /хх 9/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 5610 дугаартай Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн дүгнэлтэд “...Б.Э-ын биед дээд уруулд шарх, баруун, зүүн дээд үүдэн 1-р шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” /хх 35-36/,

 Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 5210 дугаартай Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн дүгнэлтэд “...У.Э-ын биед дагз ясны шугаман хугарал, баруун зулай, дагзны хуйх, дух, зүүн нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, духанд шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт, баруун чамархайн хуйханд шарх, зулгаралт, зүүн хацарт зулгаралт, баруун чихний дэлбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун чихний дэлбэнд зулгаралт, нурууны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлтүүд /хх 28-30/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 59/, Б.Э, У.Э нарын яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлгүүд зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон, тогтоогдсон байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шалгаж, үнэлэх боломжтой гэж үзэв.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч У.Э-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Б.Э-ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хэргийн бодит байдалтай нийцсэн дүгнэлт хийж, шүүгдэгч У.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ял шийтгэл оногдуулж, оногдуулсан ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулиар өршөөн хэлтрүүлсэн, мөн шүүгдэгч Б.Э-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ял шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ. 

Харин давж заалдах шатны шүүх хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд шүүгдэгч Б.Э-ийн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатнаас гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хор хохирол болон хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг хөнгөрүүлж, Б.Э-т 3 жил хорих ял оногдуулахаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ. Энэ талаар шүүгдэгч Б.Э-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжтой гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч Б.Э-ийн 2022 оны 3 дугаар сарын 03ы өдрөөс хойш нийт 40 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

 

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 03ы өдрийн 2022/ШЦТ/273 дугаар шийтгэх тогтоолын:

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Э-ийг 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй...” гэснийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Э-ийг 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй...” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э нь нийт 40 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

               

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

                                                    ШҮҮГЧ                                                 Д.МӨНХӨӨ

 

                                                    ШҮҮГЧ                                                 Б.ЗОРИГ