Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2024/01950

 

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 15 өдөр                  Дугаар 102/ШШ2024/01950                            Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, Ерөнхий шүүгч Р.Алтантуяа, шүүгч А.Зүмбэрэл нарын бүрэлдэхүүнтэй, иргэдийн төлөөлөгч Б.Өлзийбаярыг оролцуулан, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн *************,

Хариуцагч: Баянгол дүүргийн **************,

            Нэхэмжлэлийн шаардлага: Гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 82,276,680 /наян хоёр сая хоёр зуун далан зургаан мянга зургаан зуун наян/ төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ***********, нэхэмжлэгчийн өмгөөлөгч **************, хариуцагч ****************, хариуцагчийн өмгөөлөгч ***************нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Намуун хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1. Нэхэмжлэлийн шаардлага.

1.1. ********** шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн Сонсголонгийн зам, Нисэхийн тойргийн хойд замд ***********ийн барьж явсан **************Лексус маркийн машинд мөргүүлсэн. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн *********** дугаар тогтоолоор *************ийг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт буруутайд тооцож шийдвэрлэсэн. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн ************* дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Эрүүл мэндэд учирсан хүнд хохирлын улмаас би ажил хөдөлмөрөө хэвийн үргэлжлүүлэх боломжгүй болсон бөгөөд Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрүүдээр хөдөлмөрийн чадвар алдалтыг 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 6 сар 70 хувиар, 2023 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөс 6 сар 60 хувиар, 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 12 сар 50 хувиар тогтоогдоод байна.

Би 2015 онд Монгол улсын Үндэсний техникийн дээд сургуулийг барилгын инженер мэргэжлээр төгссөн бөгөөд осолд өртөж эрүүл мэндээрээ хохирох хүртлээ мэргэжлээрээ ажиллаж гэр бүл, үр хүүхдээ тэжээн тэтгэж сайхан амьдарч байсан. Гэвч харамсалтайгаар бусдын буруутай үйлдлээс болж эрүүл мэндээрээ хохирч, хөдөлмөрийн чадвараа алдаж, ажил хөдөлмөрөө хэвийн үргэлжлүүлэх боломжгүй болж, одоогийн байдлаар нөхцөл байдал дээрдэхгүй, 2024 оны дуусах хүртэл хугацаанд үргэлжлэх нь эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүгнэлтээр тогтоогдоод байна. Барилгын салбарын ажлын гүйцэтгэлийн онцлог нь улирлын шинж чанартай байдаг нь манай орны байгаль цаг уурын нөхцөл байдалтай холбоотой, ажлын цалин орлого хийсэн ажлын гүйцэтгэлээр дүгнэгддэг онцлогтой салбар юм. Иймд би өөрийн орлогоо осолд орохоосоо өмнөх нэг жилийн хугацаагаар 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд авч байсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын нийт дүнг тооцон гаргаж, үүнийгээ 12 сард хуваан, нэг сарын дундаж орлогын хэмжээгээ тодорхойлон нэхэмжлэлийн хэмжээг тооцоолон гаргасан.

Цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал хугацаанд гэрээгээр гүйцэтгэсэн 13,500,000 төгрөг, бусад орлого 5,941,300 төгрөг, цалин хөлс 8,312,390 төгрөг, нийт 27,753,690 төгрөгөөр; 2022 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд гэрээгээр гүйцэтгэсэн 3,500,000 төгрөг, бусад орлого 4,747,500 төгрөг, нийт 8,247,500 төгрөгөөр тооцож, мэргэжлээрээ ажиллаж байсан хугацааны цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын нийт дүн 39,001,190 төгрөг болох ба нэг сарын дундаж цалин хөлс, түүнтэй адилтгах орлого 3,000,099 төгрөг болж байна. Зам тээврийн осолд орж хөдөлмөрийн чадвар алдсанаас  үүдэлтэй барилгын ажил хэвийн гүйцэтгэх боломжгүй болсон бөгөөд хөдөлмөрийн чадвар алдалтын группын мөнгө сар бүр 440,000 төгрөг авч байна. Иймд миний бие осолд өртөхөөс өмнөх үеийн 3,000,000 төгрөгийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос хөдөлмөрийн чадвар алдалтын группын мөнгө 440,000 төгрөгийн зөрүү 2,560,000 төгрөгийг осолд орсон хугацаанаас хойш хөдөлмөрийн чадвар алдалт одоогоор тогтоогдоод байгаа 2024 оныг дуустал хугацаагаар буюу 32 сараар тооцон 81,920,000 төгрөг, эмчилгээ үйлчилгээний зайлшгүй зардалд гаргасан 356,680 төгрөг, нийт 82,276,680 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү...гэжээ.

1.2. Нэхэмжлэгч шүүх хуралдаанд нэхэмжлэлээ дэмжиж гаргасан тайлбартаа: Би яг осолд орсноо мэдэхгүй эмнэлэгт цус харваад очсон байсан. Тархины том хагалгаанд ороод эмнэлгээс гарсан үгүйгээ ч мэдэхгүй явж байгаад, яагаад ийм юм болсныг ч мэдэхгүй, бүх юмаа мартаж санаад байсан. Тэгээд шүүх хурал болох гэж байна гэхэд сүүлд нь ойлгосон. Өмнө хийсэн ажлуудаа ч мэдэхгүй байсан. Өндөр дээр гарахад тархи толгой эргээд, өмнө нь хийсэн зургаа өөрөө уншиж чадахаа больсон. Сүүлдээ болохоо байгаад сэтгэцийн эмнэлэгт очиж хэвтсэн. Сэтгэцийн хувьд эрүүл биш байгаагаа мэдсэн. Одоо өндөр барилга дээр огт ажил хийхгүй байгаа. Одоо би ажил хөдөлмөр эрхлээгүй байгаа. Би дулаан, сантехникийн ажлын газрын гүнд болон өндөр барилга дээр юм хийж чадахаа больсон. Сантехникийн холбох хэрэгслүүдээ буруу тооцоолоод, ажил хөдөлмөр эрхлэхгүй байгаа. Хийе гээд урилгаар дуудагдаад очиход халамжаар явдаг юм байна, тэгэхээр хүн удирдаж ийм газар ажиллаж болохгүй гээд хөдөлмөр эрхлэхгүй байгаа...гэв.

1.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бусдын хууль зөрчсөн үйл ажиллагааны улмаас эрүүл мэндийн байдал хохирч, үүнээс болж хөдөлмөр эрхлэлтийн чадвар алдалт 2 жилийн хугацаанд тогтоогдоод байна. Энэ хугацаанд олох байсан орлогуудаа түүний олж байсан өмнөх 1 жилийн хугацааны дансны хуулгаар бид нотолж байгаа. Дээрээс нь хариуцагч талын хэлж байгаа орлогод тооцох боломжгүй нийгмийн даатгал болон албан татвар төлөгчийн хувиар шимтгэл төлөөгүй байгаа нь орлого олоогүй гэх үндэслэлд хамаарахгүй. Өөрөөр хэлбэл: нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй байгаа нь эхний дансны хуулгаар ажил олгогчийн гүйцэтгэвэл зохих үүрэгтэй холбоотой хэсэг байсан. Бидний хувьд өөрсдийнхөө гаргаж өгсөн дансны хуулгаар олж байсан орлогодоо татвар, хувь хүний орлогын албан татвар төлөөгүй гэдэг нь эрх зүйн зөрчил мөн боловч нөгөө талдаа орлого олж байсан гэдгийг няцаахгүй гэж үзэж байгаа. Эрүүл мэндийн байдал хохироогүй байсан бол энэ хэмжээний орлогыг олоод ар гэр бүлээ тэжээгээд явах бүрэн боломжтой байсан. Энэ нөхцөл байдал алдагдсан учраас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцож байгаа бөгөөд энэ нь хууль ёсонд нийцсэн, хохирогчийн зөрчигдсөн эрхийн дагуу тогтоолговол зохих хэмжээ мөн гэж дүгнэж байна...гэв.

            2. Хариу тайлбар.

2.1. *********** шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Би нэхэмжлэгч Д.Батдалайд эмнэлэг эмчилгээ, үйлчилгээ болон бусад зардлуудыг гаргаж явсаар ирсэн. Шаардлагатай эм тариа, зардлуудыг нотлох баримтыг үндэслэн өгсөн. Эрүүгийн хэргийн шүүхээр надад холбогдох хэргийг шийдвэрлэх үед Иргэний хэргийн шүүхээр нэхэмжилж буй гэм хорын хохирлын талаарх нотлох баримт байхгүй байсан. Одоо ч нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Миний хэргийг шийдвэрлэсэн шүүх хуралдаан дээр бүх зүйл тодорхой байгаа...гэжээ.

2.2. Хариуцагч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Гарсан эмчилгээний зардлыг төлөхийг зөвшөөрч байгаа. Би өдөр бүр очиж эргэдэг байсан. Эхнэрт нь хэрэгтэй эмчилгээний зардлыг хэлж байгаарай гэж байнга илэрхийлж байсан. Энэ нэхэмжилж байгаа цалингийн нэхэмжлэлийг зөвшөөрөх боломжгүй. Баримтуудаас нь харахаар үнэхээр ийм их мөнгө олдог байсан гэдэг нь харагдахгүй байгаа. Хэрэгт гаргасан материалтай нь танилцахаар дансны хуулгаар долоо хоногтоо 1-2 удаа орлого олох ажил хийж байсан юм байна. Энэ нь нотлогдохгүй байгаа учраас хүлээн зөвшөөрөхгүй байна...гэв.

            2.3. Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хоёр шатны эрүүгийн шүүх хуралдаан болоход нотлох баримт байгаагүй. Тийм учраас шүүх иргэний журмаар шаардах эрхтэйг дурдсан. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй үндэслэлүүд: Ширчингийн ажлын гэрээ гээд хүснэгт гаргасан байгаа. Энэ нь осол болохоос өмнө хийсэн гэрээ байх шиг байна. Гэтэл ийм баримт хэрэгт байхгүй, гэрээ дүгнэсэн баримт байхгүй. Орлого олж байгаа л бол орлогын албан татвар төлдөг. Энэ хүний бүтэн нэг жилд олсон орлогыг тодорхойлох зорилготой байдаг юм. Ийм баримт байхгүй байгаа учир орлого олж байсан гэж үзэх үндэслэл болохгүй. Эрүүгийн хэрэгт энэ баримтыг харсан ч учрыг нь олоогүй. Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримт гэх тодорхойлолтоос харахаар 7 дугаар сард л төлсөн байдаг. Үнэхээр мөнгө нэхэж байгаа бол баримтаа гаргаад өгөөч гэж хүссэн. ***********ийн хувьд эмнэлэгт байхад нь бүх цай хоолыг нь хүргэж өгч, сэтгэл гаргаж байсан. Эмчилгээний зардлын хувьд баримт асуудалтай байгаа ч бид төлөхийг зөвшөөрнө. Олох байсан орлогод дундаж орлогоо яаж тодорхойлоод байгаа нь тодорхойгүй байна. ***********ийн эрүүл мэндийн байдлыг ойлгож байгаа. Хөдөлмөрийн чадвар нь багасаад 60,70 хүрэхтэй үгүй болж байгаа юм байна. Хурлаас өмнө би бас саналаа хэлсэн. Одоо бол хүлээн зөвшөөрөхгүй. 356,680 төгрөгийг гаргуулж, бусдыг нь хэрэгсэхгүй болгуулах саналтай байгаа. 2021, 2022 онд осол болохоос өмнө жилд дунджаар 30,000,000 төгрөг олдог байсан гэж байгаа ч энэ орлогынхоо татварыг тушаадаг байсан тухай баримт байхгүй байна. Иймд нэхэмжлэлээс цалин орлоготой холбоотой нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно уу...гэв.

            3. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт: Би өөрөө уул уурхайн компанид ажилдаг байсан. Сантехникийн хүн ямар нарийн мэргэжлийн ажил хийдэг болохыг би бага сага мэднэ. Хөдөлмөрийн чадвар алдалтаа 70 хувиар тогтоогдож байна гэдэг нь ажил гүйцэтгэх чадвар ямар хэмжээгээр буурсан гэдэг нь харагдаж байна. Саяхныг хүртэл юу болж байгааг мэдэхгүй явсан гэхээр жилд 30,000,000 төгрөг олохгүй юм гэхэд хангалттай орлого олдог байсныгаа алдсан нь харагдаж байна. Цаашдаа яаж гэр бүлээ тэжээх вэ гэдэг нь харагдаж байна. Монголд өнөөдөр нийгмийн даатгалаа төлөөд ажил хийдэг хүн цөөхөн байдаг. Зөрчил байгаа ч гэсэн дансны хуулган дээр нь үндэслээд 2,500,000 төгрөгийн орлого олдог гэж нэхэмжилсэн гэж харж байна. Хариуцагч тал 10,000,000 төгрөг өгөөд салъя гэж хэлж байгаа нь маш их харамсалтай харагдаж байна. Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэж байна...гэв.

            4. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ нотлохоор: ***********н иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-5/, Бакалаврын дипломын хуулбар /хх-6-7/, ********н 2021 оны 5-12 сарын Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-8/, Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрүүдийн хуулбар /хх-13-15/, фото зураг /хх-16/, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн *********** дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-17-20/, тархины бичлэг хийлгэхэд төлсөн төлбөрийн баримт /хх-26/, эм тариа болон шинжилгээний төлбөр төлсөн баримтууд /хх-27/, *********н Голомт банк дахь харилцах дансны хуулга /хх-28-41/, ************н Хаан банк дахь харилцах дансны хуулга /хх-42-64, 141-155/ зэрэг баримтыг нотлох баримтаар гаргасан.

            5. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар, татгалзлаа нотлохоор: Эрүүгийн хэрэгт **********оос ************д зориулж хохиролд өгсөн баримтуудын жагсаалт /хх-76/, эрүүгийн хэрэгт нотлох баримтаар авагдсан эм тарианы зардал эмчилгээний төлбөрийн баримтууд /хх-77-86/, эрүүгийн хэрэгт нотлох баримтаар авагдсан ************ болон **********н эхнэр нарын харилцсан мессежний фото зургууд /хх-87-117/, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлийн хуулбар /хх-118-123/ зэрэг баримтыг нотлох баримтаар гаргасан байна.

ҮНДЭСЛЭХ нь

            1. Нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            2. Нэхэмжлэгч ********* нь хариуцагч ***********с эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол буюу эмчилгээний зардал 356,680 төгрөг, ослын улмаас ажилгүй байсан 32 сарын хугацааны цалинтай адилтгах орлого 81,920,000 төгрөг, нийт 82,276,680 төгрөг гаргуулахаар шаардсан.

3. Д.Батдалай нь нэхэмжлэлийн үндэслэлээ “Хариуцагчийн гэм буруугаас болж осолд орсон, шийтгэх тогтоолоор хариуцагчид ял шийтгэл оногдуулсан, уг ослоос хойш ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болсон. Осол гарахаас өмнө 2021 оны 5 дугаар сараас 2021 оны 12 дугаар сар хүртэлх хугацааны орлого, 2022 оны 1 дүгээр сараас 2022 оны 5 дугаар сар хүртэлх хугацааны хувиараа ажил хөдөлмөр эрхэлж, олж байсан орлогоос тооцож, нэхэмжлэл гаргах хүртэлх ажилгүй байсан 32 сарын хугацаагаар тооцож гаргуулахаар шаардана” гэж тодорхойлсон.

            4. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас эмчилгээний зардал 356,680 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, бусад шаардлагыг зөвшөөрөхгүй татгалзлын үндэслэлээ “олж байсан орлогын талаар нэхэмжлэгч хангалттай нотлоогүй, орлого олж байсан гэх баримт хэрэгт байхгүй учир энэ хэмжээний орлого олсон гэж үзэхгүй, хувь хүний орлогын албан татвар төлөөгүй, нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй байгаа учир зөвшөөрөхгүй” гэж тайлбарлаж байна.

            5. Хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд, зохигчдоос гаргасан тайлбар зэргээр дараах үйл баримтууд тогтоогдлоо. Үүнд:

            5.1. Нэхэмжлэгч ********* нь Үндэсний техникийн дээд сургуульд Сантехникийн инженер мэргэжлээр суралцан 2015 онд бакалаврын зэрэг авч төгссөн бөгөөд 2021 оны 5-12 дугаар сард *************, ****************-д тус тус ажиллаж, нийгмийн даатгалын санд бүртгэгдсэн байна.

5.2. Хариуцагч * нь 202*********2 оны 5 дугаар сарын 10-ны 21 цаг 25 минутын орчимд Хан-Уул дүүрэг, Сонсголонгийн зам, Нисэхийн тойргийн хойд замд Lexus RX-400 маркийн **********улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас явган хүний гарцаар зам гарч явсан нэхэмжлэгч ***********г мөргөсөн байна.

            5.3. Уг зам тээврийн ослын улмаас **********н биед “баруун зулай, чамархай, хөхлөг сэртэн, чихний сувгийн шугаман хугарал, баруун зулай, чамархай дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа, зүүн дух, чамархайн дэлбэнгийн цусархаг няцрал, зүүн дух, зулай, чамархай, баруун чамархайн дэлбэнгийн аалзан хальсан доорх цус харвалт, зүүн дээд, доод зовхи, хоёр нүдний алимны салстад цус хуралт, нуруунд зулгаралт” гэмтэл тогтоогдож, уг гэмтэл амь насанд аюултай, гэмтлийн хүнд зэрэгт хамаарах учир цаашид ерөнхий хөдөлмөрийн тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарах талаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 7138 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.

            5.4. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн *********** дугаар шийтгэх тогтоолоор **********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсэн байна.

            5.5. Дээрх шийтгэх тогтоолоор хохирогч **********г гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарлаж, тогтоолд “эрүүл мэндийн даатгалын байгууллагад 3,930,000 төгрөгийн хохирол учирсныг шүүгдэгч төлсөн болох нь “Хас банк”-ны төлбөрийн баримтаар тогтоогдсон” гэж, мөн “мөрдөн шалгах ажиллагаанд 1,516,900 төгрөгийн хохирлын баримт гаргаж өгснийг шүүгдэгч төлсөн гэж мэдүүлснийг хохирогч үгүйсгээгүй, ...хохирогч шүүх хуралдаанд эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбоотой шинжилгээний 171,000 төгрөг, шатахууны 180,000 төгрөгийн, хохирогчийн эхнэр Н.Онон 13 өдөр сахиж асарсан талаар холбогдох баримтууд гаргаж өгснийг шүүгдэгчээс 1,329,405 төгрөг гаргуулж, хохирогчид олгохоор шийдвэрлэснийг шүүх хуралдаан түр завсарлах хугацаанд төлсөн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй” гэж дүгнэсэн ба уг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон байна.

            5.5. Нэхэмжлэгч ***********ослоос шалтгаалан Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 579461 дугаар шийдвэрээр хөдөлмөрийн чадвар алдалтыг 70 хувиар 6 сар, 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 605588 дугаар шийдвэрээр хөдөлмөрийн чадвар алдалтыг 60 хувиар 6 сар, 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 651719 дүгээр шийдвэрээр хөдөлмөрийн чадвар алдалтыг 50 хувиар 12 сар тус тус тогтоогдож, эрүүгийн журмаар хэрэг хянан шийдвэрлэгдсэнээс хойш эмчилгээ, шинжилгээнд 276,680 төгрөгийн зардал төлсөн төлбөрийн баримтыг шүүхэд гаргасан.

            6. Зохигчид зам тээврийн ослын улмаас *********н биед хүнд зэргийн гэмтэл учирсан, уг гэмтэл *************ийн замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэм буруугаас шалтгаалан үүссэн талаар, мөн эмчилгээ, шинжилгээний зардал нэмж гарсан талаар маргаагүй.

Харин нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацааны цалинтай адилтгах орлого 81,920,000 төгрөгийн хохирол учирсан эсэх, энэ хэмжээгээр шаардах эрхтэй эсэх, ослын өмнө тогтмол орлоготой байсан эсэх, нэг сарын дундаж 3,000,099 төгрөгийн орлого олдог байсан эсэх болон нэхэмжлэлийн уг шаардлага баримтаар нотлогдох эсэх талаар зохигчид өөр өөрийн үндэслэл зааж маргасан.

7. Талуудын маргаантай байгаа цалинтай адилтгах орлого ***********н дансны хуулгуудаар нотлогдоно гэж нэхэмжлэгч тал тайлбарласан бол хариуцагч талын зүгээс нэхэмжлэгчийг тухайн олсон гэх орлоготой холбоотой хувь хүний орлогын албан татвар төлсөн талаар нотлоогүй, дансны хуулгаар орсон орлого бүрийг цалинтай адилтгах боломжгүй гэх тайлбарыг тус тус гаргаж байна.

8. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж дүгнэн, дүгнэлтийн үндэслэлээ “хэргийн нөхцөл, нэхэмжлэгчийн эрүүл мэндэд учирсан хохирол нь хүнд бөгөөд ажил хөдөлмөрөө цаашид ч хэрхэн бүрэн гүйцэт явуулах боломжгүй” гэж тодорхойлжээ.

9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан байна.

10. Хариуцагчийн гэм буруугаас нэхэмжлэгчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, хөдөлмөрийн чадвар алдагдсан болох нь зохигчдын тайлбар, хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор тогтоогдсон учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн гэм буруугийн талаар шүүх дахин нотлохгүй.

11. Нэхэмжлэгч *********** эрүүл мэндэд учирсан хохирлын улмаас эмчилгээний зардалд зарцуулсан 356,680 төгрөг гаргуулахаар шаардсан. Нэхэмжлэлийн уг шаардлагатай холбогдуулан гаргасан бичмэл баримтуудаар нийт 276,680 төгрөгийг эмчилгээний зардалд зарцуулсан болох нь тогтоогдсон бөгөөд хариуцагч тал нэхэмжлэлээс эмчилгээний зардалд шаардсан 356,680 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн уг шаардлагыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            12. Нэхэмжлэлийн дараагийн шаардлага болох 32 сарын хугацааны цалин хөлс, түүнтэй адилтгах орлого 81,920,000 төгрөгийг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргасан. Нэхэмжлэгч уг шаардлагаа осолд өртөхөөс өмнөх үеийн сарын дундаж орлогыг өөрийн Голомт, Хаан банкууд дахь харилцах дансаар мэргэжлээрээ ажиллаж, гэрээгээр гүйцэтгэсэн ажлын хөлсийн нийт орлогоор тооцож, сарын дундаж 3,000,000 төгрөгөөс хөдөлмөрийн чадвар алдалтын группын мөнгийг хассанаар сард 2,560,000 төгрөгөөр тооцсон тухай тайлбарласан.

            13. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг хохирогчид төлөх үүрэг хүлээнэ. Нэхэмжлэгч *****************нэхэмжлэлийн уг шаардлагаа нотлохоор нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт болон өөрийн Голомт, Хаан банкууд дахь дансны хуулгыг нотлох баримтаар гаргасан байна.

            14. Нотлох баримтаар гаргасан нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолтод ******* **********-д 2021 оны 5-12 дугаар саруудад, **********-д 2021 оны 5 дугаар сард тус тус ажиллан цалин авч, ажил олгогч ********* 2021 оны 7 дугаар сард шимтгэл төлж, “*********** шимтгэл төлөөгүй байх бөгөөд нэхэмжлэгч нь осол болсон 2022 оны 5 дугаар сард ажил хөдөлмөр эрхэлж байсан гэх байдал уг тодорхойлолтоор тогтоогдсонгүй.

            15. Нэхэмжлэгч уг нэхэмжлэлээ нотлохоор өөрийн Голомт банк, Хаан банк дахь харилцах дансны хуулгуудаа нотлох баримтаар гаргасан боловч эдгээр дансны хуулгаар нэхэмжлэгч тогмтол орлоготой байсан гэж дүгнэх боломжгүй, нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч *********г осол болох үед цалин хөлс, орлогогүй байсан гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

            16. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2 дахь хэсэгт “Гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс хөдөлмөрийн чадвар түр алдсанаас олгогдсон тэтгэмжийг хассаны зөрүүг хариуцагчаас шаардах эрхтэй байна. Иймд дээрх үндэслэлээр 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарыг хүртэлх хугацааны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 420,000 төгрөгөөр тооцож 2,940,000 төгрөг, 2023 оны 1-6 дугаар сарын зөрүү 900,000 төгрөг, 2023 оны 7-12 дугаар сарын зөрүү 660,000 төгрөг, 2023 оны 1-12 дугаар сарын зөрүү 1,560,000 төгрөг, 2024 оны 1-4 дүгээр сарын 220,000 төгрөг, нийт 4,720,000 төгрөгийг хариуцагч ******оос гаргуулан нэхэмжлэгч **********д олгож, нэхэмжлэлээс илүү шаардсан 77,200,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

            17. Иргэдийн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэсэн боловч хэрэгт цугларсан баримтаар осол болох үед нэхэмжлэгч Д.Батдалай ажил хөдөлмөр эрхэлж, орлого олж байсан гэх байдал тогтоогдохгүй байх тул зөвхөн түүний арилжааны банк дахь харилцах дансны хуулгыг үндэслэн энэ хэмжээний орлого олж байсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй, нийгмийн даатгалын шимтгэлийн тодорхойлолтоор нэхэмжлэгч 2021 оны 12 дугаар сар хүртэл хугацаанд нийгмийн даатгалын байгууллагад бүртгэгдэн хөдөлмөр эрхэлсэн байгааг дурдах нь зүйтэй.

            18. Шүүх нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагчаас 5,076,680 төгрөгт тооцогдох тэмдэгтийн хураамж 96,176 төгрөг гаргуулан улсын төсвийн орлогод оруулна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1, 505.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Батзоригоос 5,076,680 /таван сая далан зургаан мянга зургаан зуун наян/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч ************* олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 77,200,000 /далан долоон сая хоёр зуун мянган/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагчаас 96,176 төгрөг гаргуулан улсын төсвийн орлого /Баянгол дүүргийн татварын хэлтэс/-д оруулсугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.САРАНТУЯА

 

                        ЕРӨНХИЙ    ШҮҮГЧ                                   Р.АЛТАНТУЯА

 

                                                ШҮҮГЧ                                   А.ЗҮМБЭРЭЛ