Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 102/ШШ2024/01934

 

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 12 өдөр                        Дугаар 102/ШШ2024/01934                           Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн ************,

Хариуцагч: Баянгол дүүргийн *************,

Нэхэмжлэлийн шаардлага: Дундын өмчлөлийн зүйлийн засвар, үйлчилгээний зардал 1,603,800 /нэг сая зургаан зуун гурван мянга найман зуун/ төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *********, хариуцагчийн төлөөлөгч **********, хариуцагчийн өмгөөлөгч *********** нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Амартуяа хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1. Нэхэмжлэлийн шаардлага.

1.1. Нэхэмжлэгч **********-ны төлөөлөгч .*************** шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Тус байрны үйлчилгээний хэсэгт *****************-ийн хүнсний дэлгүүр үйлчилгээ явуулдаг. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13.1, 16.4 дэх заалт, Иргэний хуулийн 147 дугаар зүйлийг үндэслэн дундын өмчлөлийн хуримтлалыг удаа дараа төлөхийг шаардсан шаардлагыг биелүүлээгүй тул 2022 оны 4 дүгээр сараас эхлэн 36 сарын хугацааны 1,603,800 төгрөгийг төлөөгүй тул хариуцагчаас гаргуулж өгнө үү...гэжээ.

1.2. Нэхэмжлэлийг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Хариуцагч нь Баянгол дүүргийн 5 дугаар хороо ***********дүгээр байрны үйлчилгээний хэсэгт хүнсний дэлгүүр ажиллуулдаг. Энэ дэлгүүр нь У.Золжаргалын эзэмшилд удаж байгаа боловч СӨХ-ны үйл ажиллагаанд огт оролцдоггүй, хуульд зааснаар дундын өмчлөлийн оногдох зардлыг төлдөггүй. Төлбөр төлөх мэдэгдлийг биечлэн хүргүүлж байсан. Оршин суугчдаас тус дэлгүүртэй холбоотой орон сууцны байшинд архи согтууруулах төрлийн зүйл худалдаалдаг талаар гомдлууд гардаг. Иргэний хуульд зааснаар сууц өмчлөгч нь заавал гишүүн байхаар хуульчилсан байдаг. Дундын өмчлөл гэдгээ ойлгоогүй яваад байдаг бололтой. Ус дулаанаа төлсөн гэж баримтаа өгч байна. Ингээд ус дулаанаа өгчихөж байгаа боловч СӨХ-ны төлбөрийг төлдөггүй. Монголын СӨХ-ны дээд зөвлөлөөс жишиг үнийг тогтоодог. СӨХ-ны бүх гишүүдийн хурлаараа ярилцаад энэ үнийг тогтоож, суугчдын төлбөрөөс арай өндрөөр тогтоож байгаа. Нэхэмжилж буй 1,603,800 төгрөг нь сард 39,600 төгрөг төлөхөөр 2020 оны 1 дүгээр сараас 2021 оны 4 дүгээр сар хүртэл тогтоож байсан. Харин 2023 оны 1 дүгээр сараас эхлээд м.кв-ийн үнэд өөрчлөлт орсон. Гэвч хариуцагч огт төлбөрөө төлдөггүй. Аж ахуйн нэгжээс зөвхөн засвар үйлчилгээний зардал шаардаж байгаа. СӨХ-ноос үзүүлж буй үйлчилгээ бол байрны шугам сүлжээ, халуун хүйтэн болон цэвэр бохир усны, цахилгааны шугам сүлжээг хэвийн байлгах үйлчилгээ үзүүлдэг.

Тухайн байрны нийт талбайд, иргэн **********ын байрны хэмжээнд хэдэн м.кв ногдож байгааг Иргэний хуулийн 147 дугаар зүйлд заасны дагуу хуувирласан бөгөөд сууц өмчлөгч бүгд засвар үйлчилгээний зардлыг төлөх ёстой. Аж ахуйн нэгж нь жишиг үнийн дагуу төлбөрийг төлөх үүрэгтэй. Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээр тухайн 5 тоот нь 70 м.кв гэж явдаг юм байна. Энэ хэмжээнд таарсан шугам сүлжээний хэмжээгээр төлбөр гарч байгаа. СӨХ бол дундын өмчлөл хариуцаж байгаа учраас мэргэжлийн байгууллагуудтай гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж, ажлын хөлс, материалыг НӨАТ-тай хамтрагч байгууллагуудад төлж явдаг юм. Тийм учраас оршин суугчид өөрсдийнхөө төлөө санаа тавиад мөнгөө төлөөд явж байвал тухайн байр өнгөтэй өөдтэй харагдана. Энэ байр бол цэвэрлэгээ сайтай, 58 айлын орон сууц бөгөөд барилга бариулж байсан хүн нь нас бараад дутуу орсон ч бүгдийг нь засаад орсон. Суугчдын зүгээс сэтгэл ханамжтай байдаг. Би багш хүн учраас “мэдэхгүй ээ хуулинд ингэж бичсэн байдаг” гэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Дундын өмчлөлд юу хамаарах вэ? Шугам сүлжээ бүгд орсон байгаа. Иймд төлөгдөх ёстой мөнгийг шаардаж байгаа. Цаашид СӨХ-ны үйл ажиллагаанд оролцож байгаарай гэж хэлмээр байна...гэв.

            2. Хариу тайлбар.

2.1. Хариуцагч ***********-ийн төлөөлөгч ************* шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбарт: ******** миний бие Баянгол дүүргийн ************** байрны өргөтгөлийн үйлчилгээний барилгын 5 болон 9 тоот үл хөдлөх эд хөрөнгийг 2018 оны 5 дугаар сард худалдан авч, өмнө явуулж байсан үйл ажиллагааг нь үргэлжлүүлэн, хүнсний дэлгүүрийн зориулалтаар ажиллуулж байгаа. Дэлгүүрийг анх худалдан авахад СӨХ-той өр төлбөр тооцоо байгаа юу гэж асуухад СӨХ-ны зүгээс тийм зүйл байхгүй гэж хэлж байсан боловч дэлгүүрийн үйл ажиллагаа жигдрээд ирэхэд гэнэт шүүхэд их хэмжээний мөнгө нэхэмжлэх, биднийг хэл амаар доромжлон дарамтлах зэрэг явдал удаа дараа гарч байна. Байрны оршин суугчдын дунд СӨХ-ны хурал хийдэг гэх боловч өргөтгөлийн барилгад үйл ажиллагаа явуулдаг хүмүүс, аж ахуйн нэгж байгууллагуудад мэдэгддэггүй, тухайн хурлаар үйлчилгээ явуулдаг хүмүүсээс үндэслэлгүйгээр их хэмжээний мөнгө авч, мөнгөөрөө байраа засна гэх мэтээр ярьсан байгаа нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийг зөрчсөн, хууль зүйн үндэслэлгүй, өмчлөгч нарын эрх ашгийг хохироосон үйлдэл юм. Нэхэмжлэгч *************-ны дарга нь нэхэмжлэлд дурдсан асуудлаараа бидэнтэй өөрийн биеэр ирж уулзаж ярилцаж байгаагүй ба шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ нэхэмжилсэн мөнгөний талаар тодруулж тайлбарлаагүй байна. Тус СӨХ нь манай үйлчилгээний газарт цэвэрлэгээ, хог тээвэрлэх, орчны тохижилт, сантехник, цахилгаан хангамжийн засвар үйлчилгээ зэрэг ямар нэгэн үйлчилгээ үзүүлдэггүй бөгөөд миний хувьд энэ ажлуудыг өөрийн зардлаар, холбогдох байгууллагуудтай байгуулсан тусдаа гэрээний дагуу төлбөр төлж ирсэн. Цаашид ч ************-ноос манайтай холбоотой үйлчигээ эрхлэх шаардлага гарахгүй байгаа юм. Манай үл хөдлөх эд хөрөнгө нь 119 дүгээр байрны залгаа өргөтгөлд байрладаг ба орон сууцны хэсгээс тусдаа, урд талаараа орж гардаг 2 хаалгатай. 119 дүгээр байрны оршин суугчид болон СӨХ-нд ямар нэгэн сөрөг нөлөөлөлгүй оршин, үйл ажиллагаа явуулдаг. Энэ дэлгүүрийн байрыг анх худалдаж авахад дээвэр дээрээсээ борооны ус гоождог, дотор хана тааз, багана зэрэг нь усанд идэгдэн цаашид хэвийн ашиглах боломжгүй, хүнсний дэлгүүрийн үйл ажиллагаа явуулахад эрүүл ахуй, аюулгүй байдлын хувьд боломжгүй байсан. Ингээд миний бие намар нь дээврийн хар цаасыг сольж, ус зайлуулах хоолойг шинээр суурилуулж засварласан ба ус гоожихгүй 3 жил болсны дараа 2023 оны зуны борооны үеэр ***************-ны хариуцсан барилгын хэсгийн дээврийн ус зайлуулах хоолой салснаас болж манай дэлгүүрийн дээвэр дээр их хэмжээний борооны ус асгарч, дэлгүүрийн дээврээр нэвтэрч, засвар хийсэн бидний өмнөх тохижилтын ажлыг үгүй хийж хохирол учруулсан. Уг асуудлаар СӨХ-ны даргад мэдэгдсэн боловч “би хоолойг засах гээд хүн олдохгүй байна” гээд засварлах арга хэмжээ аваагүй хэвээр байгаа. Дээвэр болон дотор заслыг нийт 14,000,000 төгрөгийн зардал гаргаж хийсэн байсан боловч одоо дээврээс ус гоождог, хана таазны будаг ховхорсон, зун бол борооны ус шууд гоождог байдалтай байна. Иймд нэхэмжлэгчийн гаргасан хууль зүйн үндэслэлгүй нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү...гэжээ.

2.2. Хариуцагчийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Дундын шугам СӨХ-ны өмч биш, орон сууцны конторын өмч байдаг. СӨХ-ны үйл ажиллагаанд манайх оролцож байгаагүй. СӨХ ямар нэгэн төлбөр тооцоо, хамтран үйл ажиллагаа явуулсан баримт байхгүй. Худалдаж авах үед л “СӨХ-ны өмч байсан, худалдаж авах ёсгүй байсан” гэх байдлаар зүй бус харьцаж эхэлсэн. Энэ нь хэвээрээ л байгаа. Дэлгүүр анхнаасаа барилгын өргөтгөл, үйлчилгээний зориулалтаар баригдсан учраас тэнд худалдаа үйлдвэрлэл, архи согтууруулах ундаа зарахыг зөвшөөрөл олгох эрхтэй газраас нь олгогдсон. Үйлчилгээний талбайтай холбоотой ямар нэгэн үйлчилгээ хийгдээгүй. Харин би өөрөө мод тарьж засвар хийдэг. Үйлчилгээ үзүүлдэг гэж байгаа нь үндэслэлгүй, гүтгэж байна. Бүх зүйлийг би өөрөө дааж хийдэг. Манай үйлчилгээний байгууллагууд бүгд өөрсдөө хийдэг юм. Орон сууцны контороос бүх зүйлийг хийдэг. Цэвэрлэгээ үйлчилгээ хийх ёстой байхад тэр ажлаа хийхгүйгээр конторын өмнөөс мөнгө шаардаж байгаа нь үндэслэлгүй.

            Энэ байшин нийтийн зориулалттай орон сууцны байшин биш, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө юм. Хуульд зааснаар дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээтэй холбоотой зөвхөн сууц өмчлөгчид холбоотой зохицуулалт юм. Гэтэл тэнд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжээс дундын өмчлөлийн засвар үйлчилгээний зардлыг шаардаж байгаа нь үндэслэлгүй юм. Иймд ************* нь энэ нэхэмжлэлийг хариуцах этгээд биш байна. “********** нь өөрийн үйл ажиллагаа явуулж буй хэсэгт орон сууцны контортой болон хогны компанитай гэрээ байгуулан, төлбөрөө төлөөд явж байгаа. Харуул хамгаалалтын асуудлын хувьд урдаасаа харсан харуул байхгүй. Хойшоо харсан орон сууцанд харуул хийж байгаа хүн байдаг бол урд талыг хамгаалдаггүй. Цэвэрлэгээ үйлчилгээний асуудлын хувьд дэлгүүр өөрсдөө цэвэрлэгээгээ хийж ирсэн. Ус дулаан, цахилгааны зардлын хувьд 2 давхрын цахилгааны төлбөрийг дэлгүүр төлдөг. Узель хамт байдаг боловч цахилгааны зардлыг тус тусдаа төлдөг, коридорын цахилгааныг дэлгүүр төлдөг. 2 давхрын хэсэгт ямар ч лифт байхгүй байхад лифтний төлбөр төлнө гэж байхгүй. Төлбөрийн задаргаа нь нотлогдохгүй байна. Юу юуны төлбөр орсон нь тодорхойгүй байгаа учраас хүлээн зөвшөөрөх боломжгүй...гэв.

            3. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ нотлохоор: 2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр олгогдсон гэрчилгээний хуулбар /хх-3/, СӨХ-ны гүйцэтгэх захирал томилсон удирдах зөвлөлийн тогтоолын хуулбар /хх-5/, СӨХ-ны бүх гишүүдийн хурлын 2020 оны 01 тоот, 2023 оны №1 тоот тогтоолууд /хх-6-8/, Монголын сууц өмчлөгчдийн холбоодын дээд зөвлөлийн тэргүүлэгчдийн 2020 ооны 06 тоот тогтоолын хавсралтын хуулбар /хх-9/, Төлбөрийн нэхэмжлэх /хх-10/, СӨХ-ны 2022 онд хийсэн ажилд суугчдаас өгсөн үнэлгээ гэх хүснэгтийн хуулбар /хх-61-62/ зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргасан байна.

            4. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар татгалзлаа нотлохоор: Хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар /хх-22, 70/, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар /хх-71/, Орон сууц нийтийн аж ахуйн *********-ийн тодорхойлолт /хх-72/, ***********-тай байгуулсан гэрээний хуулбарууд /хх-73-78/, Баянгол ХҮТ-ийн *************-д гаргасан хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлан /хх-79-80/, фото зургууд /хх-81-82/, ************-тай байгуулсан гэрээний хуулбар /хх-83-86/ зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргасан.

            5. Шүүхээс бүрдүүлсэн нотлох баримтууд:

            5.1. Хариуцагч талын хүсэлтийн заримыг хангаж, шүүгчийн 2024 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 05263 дугаар захирамжаар нэхэмжлэгч талаас нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэж /хх-45/, захирамжийн дагуу **************-ноос тус холбооны дотоод дүрэм журам /хх-48-51/, СӨХ-ны бүх гишүүдийн хурлын 2020 оны №01 тоот тогтоол тэмдэглэлийн хамт /хх-52-56/, Бүх гишүүдийн хурлын 2023 оны №1 тоот тогтоол тэмдэглэлийн хамт /хх-57-60, 63-64/ зэргийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг шүүхэд ирүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

            1. Шүүх *************-ны *************-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

            2. Нэхэмжлэгч нь хариуцагчаас 2022 оны 4 дүгээр сараас эхлэн 36 сарын хугацааны засвар үйлчилгээний зардалд нийт 1,603,800 төгрөгийг гаргуулахаар шаардаж, нэхэмжлэлийн үндэслэлээ: “хариуцагч 119 дүгээр байрны 5 тоот хаягт хүнсний дэлгүүрийн үйл ажиллагаа явуулж байгаа, хуульд заасны дагуу дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээний зардлыг төлөх үүрэгтэй. Төлбөрийг 2020 оны 4 дүгээр сараас 2022 оны 12 дугаар сар хүртэл, сард 39,600 төгрөг, 2023 оны 1-3 сар хүртэл 99,000 төгрөг байхаар тус СӨХ-ны бүх гишүүдийн хурлаас тогтоосны дагуу шаардаж байна” гэж тодорхойлсон.

            3. Хариуцагч тал нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ ************ нь нэхэмжлэлд дурдсан хөрөнгийн өмчлөгч биш учир нэхэмжлэлийг хариуцахгүй. Мөн СӨХ-ны хариуцаж буй 58 айл бүхий 119 дүгээр байр нь өргөтгөл бүхий 2 давхар барилгатай залгаа боловч тусдаа барилга бөгөөд СӨХ-ны зүгээс харуул хамгаалалт, цэвэрлэгээ, хогны болон дундын өмчлөлийн ус дулаан, цахилгааны зардлыг гаргадаггүй, уг төлбөрийг **************** нь тухайн үйлчилгээнүүдээр хангадаг хуулийн этгээдүүдтэй тусдаа гэрээ байгуулан хангуулж, төлбөрийг төлдөг” гэж тайлбарлан маргаж байна.

            4. Хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдлоо. Үүнд:

            4.1. ************* нь Баянгол дүүргийн 5 дугаар хороо 119 дүгээр байрны дундын өмчлөлийн засвар үйлчилгээг хариуцаж ажиллахаар 2012 оноос хойш үйл ажиллагаа явуулдаг бөгөөд СӨХ-ны бүх гишүүдийн хурлаар 2020 оны 1 дүгээр сараас эхлэн аж ахуй нэгж, үйлчилгээний байгууллагуудаас авах үнийн тарифыг Монголын сууц өмчлөгчдийн холбоодын дээд зөвлөлийн жишиг үнийг баримтлан м.кв тутмыг 600 төгрөгөөр тооцож авахаар, 2023 оны 1 дүгээр сараас эхлэн хүнсний дэлгүүрээс 1,500 төгрөгийн засвар үйлчилгээний тариф тогтоож шийдвэрлэсэн байна.

            4.2.* нь Төрийн ба***********нк ХК-иар дамжуулан 2020 оны 1 дүгээр сараас 2021 оны 4 дүгээр сар хүртэл сар бүр 39,600 төгрөгөөр, 2021 оны 7 дугаар сараас 2022 оны 12 дугаар сар хүртэл сар бүр 39,600 төгрөгөөр, 2023 оны 1 дүгээр сараас мөн оны 3 дугаар сар хүртэл 99,000 төгрөгөөр, нийт 1,881,120 төгрөгийн төлбөрийн хураамжийг Баянгол дүүргийн ************** тоот, ***********Хүнсний дэлгүүр гэх харилцагчаас нэхэмжилсэн нь бүртгэгджээ.

            4.3. Нэхэмжлэлд дурдсан ************тоот дахь үйлчилгээний зориулалттай 70 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг ***********2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн өмчилсөн, тус хөрөнгийн өмчлөгч болох нь Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээгээр тогтоогдож байна.

            4.4. Дээрх хаягт хариуцагч ******** байрладаг болох нь тус хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд бичигдсэн ба Орон сууцны **********-тай 2018 оноос Ус дулаанаар хангах гэрээ, цахилгаан эрчим хүчийг Баянгол ХҮТ-тэй байгуулсан гэрээний дагуу авч, *************-тай байгуулсан Хог хаягдал тээвэрлэх, хураамж төвлөрүүлэх гэрээний дагуу ахуйн хог хаягдлаа ачиж тээвэрлүүлж, төлбөр төлөх зэргээр эдгээр байгууллагуудаас үйлчилгээ авч, төлбөр төлдөг байна.

            5. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3 дахь хэсэгт тус тус зааснаар сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох үүрэгтэй.

            6.  Нэхэмжлэгч ********** нь Баянгол дүүргийн ***************дүгээр байрны сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, дундын өмчлөлийн эд хөрөнгийн дундаа өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, орон сууцны ашиглалтын хэвийн байдлыг хангах зорилгоор үйл ажиллагаа явуулдаг эрх бүхий субъект болох нь СӨХ-ны №205 дугаартай гэрчилгээгээр нотлогдож байх байна.

7. Харин хариуцагч ************** нь тус 119 дүгээр байрны 5 тоот сууцны өмчлөгч биш, тухайн сууцны өмчлөгч нь иргэн ************ байх тул нэхэмжлэгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой зардлыг өмчлөгч бус этгээд болох ************-иас нэхэмжилсэн нь хуулийн дээрх заалтыг зөрчсөн гэж үзэхээр байна.

            8. Дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг хуваарилах асуудлыг сууц өмчлөгч, бүх гишүүдийн хурлаар шийдвэрлэх бөгөөд тухайн сууцыг сууцны бус зориулалтаар ашиглаж байгаа бол сууц өмчлөгчдөөс илүү өндөр хэмжээгээр төлүүлж болохоор хуульд тусгайлан зохицуулсан. Энэ тохиолдолд СӨХ нь тухайн аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулсан байхыг шаардана.

9. Хариуцагч ************ нь тухайн хаягт байрладаг талаар хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд бичигдсэн байгаа боловч тус хөрөнгийн өмчлөгч бус, уг хөрөнгийн өмчлөгч нь У.Золжаргал болох нь Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээгээр тогтоогдсон. Иймд тухайн нэхэмжлэлийг хариуцах этгээд ********** биш бөгөөд нэхэмжлэгч нь СӨХ-ны засвар үйлчилгээний зардлыг оршин суугч бус этгээдээс шаардсан гэж үзээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

10. Нэхэмжлэгч нь оршин суугч ***********аас хуульд зааснаар СӨХ-ны засвар үйлчилгээний зардлыг нэхэмжлэхэд энэ шийдвэр саад болохгүй.

11. Шүүх*************-ны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 40,610 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээнэ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул*************-иас 1,603,800 /нэг сая зургаан зуун гурван мянга найман зуун/ төгрөг гаргуулах тухай ****************-ны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 40,610 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.САРАНТУЯА