Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 2111

 

Б.Х  нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Ш.Оюунханд, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 101/ШШ2019/02447 дугаар шийдвэртэй

Б.Х  нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч “Схп” ХХК, Б.Снарт холбогдох

Гэрээнээс татгалзаж, ажлын хөлсөнд илүү төлсөн 27 360 000 төгрөг, дутуу хийж гүйцэтгэсэн ажлын хөлс 50 000 000 төгрөг, алданги 16 508 800 төгрөг, гэрээнээс татгалзсаны хохирол 6 021 485 төгрөг, нийт 99 890 285 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй,

Ажил гүйцэтгэх гэрээний 8 дугаар зүйлийн 8.5 дахь хэсэгт заасны дагуу гүйцэтгэсэн ажил 107 000 000 төгрөгийн үнийн дүнгийн 10 хувь болох 10 700 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч “СХП” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Х, өмгөөлөгч О.Мягмарсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, өмгөөлөгч С.Энхбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Х  нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Х “СХП” ХХК-тай 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр X-17/019 дугаартай “Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж Өмнөговь аймгийн Ханбогд сумын 2 дугаар баг, хөөврийн 9-13 тоот хаягт байрлах өөрийн газарт 80 м.кв талбай бүхий зуслангийн 2 давхар барилгын ажлыг хийж гүйцэтгүүлэхээр түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр тохиролцсон. Гэрээг байгуулсны дараа ажил гүйцэтгэгч “СХП” ХХК-ийн захирал гэх Б.Э, Б.С нар нь өөрийн “Sodon house Properti” гэсэн Page хуудаснаас өөрийн компанийн барьж буй барилгын фото зургуудыг үзүүлэн та 102 м.кв талбайтай зуслангийн байшин зүгээр гэж надад санал болгосон, 102 м.кв талбайтай зуслангийн байшингийн фото зургийг үзээд тэдний саналыг хүлээн зөвшөөрч гэрээний үнийг нийт 107 200 000 төгрөг гэж болгосон. Бидний хооронд байгуулсан гэрээний 3 дугаар зүйлд зааснаар 80 м.кв талбай бүхий байшин 91 200 000 төгрөг болохоор байсан бөгөөд 102 м.кв болж байгаа талаар амаар тохиролцсон бөгөөд гэрээнд энэ талаар тусгаагүй болно. “СХП” ХХК нь гэрээний дагуу барилга угсралтын ажлыг 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн дотор 3 үе шаттайгаар хийх, хөлсийг мөн 3 хувааж төлөхөөр тохиролцсон. Б.Х гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ зохих ёсоор, шударгаар биелүүлж 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр эхний төлбөр болох 27 360 000 төгрөгийг бэлнээр төлж кассын орлогын ордер үйлдэн баталгаажуулж авсан.

Бид 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 27 360 000 төгрөг, 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 11 000 000 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдөр 34 320 000 төгрөг 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 34 320 000 төгрөг нийт 134 360 000 төгрөгийг бэлнээр болон компанийн захирал Б.Эгийн “Хаан банк” ХХК-ийн дансанд зуслангийн байрны мөнгөнд бүрэн төлсөн. Гэрээний дагуу амаар тохиролцсоноор нийт 107 200 000 төгрөгийг төлөх үүргийг хүлээсэн боловч одоогийн байдлаар 27 360 000 төгрөгийг илүү төлж давхар хохирсон байна. Гэрээнд заасны дагуу 1 дүгээр үе шатны ажлыг барилгын зураг батлагдсан өдрөөс эхлэн 21 хоногийн дараа барилга угсралтын ажил 30%-д хүргэж шалгуулан өгнө, 1 дүгээр үе шатны ажил хийгдсэн гэж үзсэн өдрөөс эхлэн 21 хоног буюу барилга угсралтын ажил 60%-д хүргэж шалгуулан өгнө гэж тохиролцсон. “СХП” ХХК-ийн зүгээс түлхүүр гардуулах нөхцөлтэй гэрээт ажлыг тохирсон хугацаандаа хийж гүйцэтгээгүй бөгөөд захиалагчийн зүгээс удаа дараа ажлаа түргэн шуурхай хийж гүйцэтгэхийг шаардаж байсан боловч өнөөдрийг хүртэл барилгын ажлыг бүрэн хийж дуусган хүлээлгэн өгөлгүй чирэгдүүлсээр байгаад гомдолтой байна. Дээрх барилга угсралтын ажлыг 40 хувийн гүйцэтгэлтэй гэж үзэж байгаа бөгөөд ажил гүйцэтгэгч “СХП” ХХК нь цаашид барилга угсралтын ажлыг бүрэн хийж гүйцэтгэн хүлээлгэн өгч чадахгүй гэж үзэж байгаа тул нэг талын санаачилгаар гэрээнээс татгалзаж байгаа. Гэрээнээс татгалзаж байгаатай холбогдуулан ажлын хөлсөнд илүү шилжүүлсэн 27 360 000 төгрөг, дутуу хийж гүйцэтгэсэн ажлын хөлс 50 000 000 төгрөг, алданги 16 508 800 төгрөг, гэм хор хохирол 6 021 485 төгрөг, нийт 99 890 285 төгрөгийг хариуцагч нараас нэхэмжилж байна. Мөн дээрх хугацаанд “СХП” ХХК-д гэрээний төлбөрийг бүрэн шилжүүлэхдээ “Голомт банк” ХХК-аас өөрийнхөө нэр дээр болон эхнэрийнхээ нэр дээр тус тус 40 000 000 төгрөгийн зээл авч төлсөн бөгөөд энэ хугацаанд бид “Голомт банк” ХХК-д нийт 6 021 485 төгрөгийн зээлийн хүү төлж давхар хохирсоор байгаа болно. Хэрэв “СХП” ХХК нь гэрээгээр тохирсон барилга угсралтын ажлыг гэрээнд заасан хугацаанд зохих ёсоор, шударгаар барьж гүйцэтгэхээргүй байсан бол банкнаас зээл авах хэрэгцээ шаардлага надад байхгүй байсан бөгөөд өнөөдрийг хүртэл банканд хүү төлж хохирохгүй байсан. Бидний хооронд байгуулсан гэрээний 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар “...Ажил гүйцэтгэгч графикт ажлыг хүлээлгэн өгөх хугацааг хэтрүүлэн зөрчил бүрт гүйцэтгээгүй ажлын нийт үнийн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх алдангийг хоног тутамд төлнө...” гэж заасны дагуу гүйцэтгээгүй үүргийг нь 2018 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс хойш тооцвол өнөөдрийг хүртэл нийт 154 хоног болох бөгөөд 16 508 800 төгрөгийн алдангийг хууль болон гэрээнд заасны дагуу төлөх үүрэгтэй. Иймд барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, ажлын хөлсөнд илүү шилжүүлсэн 27 360 000 төгрөг, дутуу хийж гүйцэтгэсэн ажлын хөлс 50 000 000 төгрөг, алданги 16 508 800 төгрөг, нийт 99 890 285 төгрөгийг тус тус хариуцагч нараас гаргуулан надад олгож, хохиролгүй болгож өгнө үү гэжээ. 

Хариуцагч “СХП” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагчийн зүгээс дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээх зөвшөөрөх боломжгүй байна. “СХП” ХХК нь барилга угсралтын үйл ажиллагаа явуулдаг компани. Б.Х нь “СХП” ХХК-н цахим хаяг дээр байсан зарын дагуу 2018 оны 4 дүгээр сарын дундуур утсаар холбогдож барилгын үнэ, м.кв талбайн талаар мэдээлэл авсан. Үүнээс хойш манай компанийн оффис дээр хэд хэдэн удаа өөрсдийн биеэр ирж уулзаж барьсан барилга болон барилгын талаарх мэдээллийг авч Б.Х нь 80 м.кв байшинг Өмнөговь аймгийн Ханбогд сумын төвд бариулах саналаа хэлж 1м.кв талбайг 990 000 төгрөг, гадна граж маягийн террасыг стандарт 24 м.кв-аар 1 м.кв-ыг нь 500 000 төгрөг байхаар харилцан тохиролцсон. Б.Х нь 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр утсаар холбогдож бид гэрээний саналыг хүлээн зөвшөөрч байна. Ханбогд суманд гэрээгээ бэлдээд хүрээд ир гэсний дагуу “СХП” ХХК-н гүйцэтгэх захирал 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Өмнөговь аймаг, Ханбогд суманд очиж 16 цагийн үед Б.Хтай №X-17/019 дугаартай Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулсан. Талууд гэрээний дагуу гүйцэтгэгч нь Өмнөговь аймаг, Ханбогд сумын 2-р баг хөөврийн 9-13 тоотод байрлах 80 м.кв талбайтай зуслангийн 2 давхар барилгын ажлыг 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүртэл нийт 3 сарын хугацаатай 3 үе шаттайгаар хийж дуусгах, захиалагчийн зүгээс 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр гэрээний эхний санхүүжилт болох 27 360 000 төгрөг, 2 дугаар ээлжийн санхүүжилтийг барилгын угсралтын ажил эхэлснээс 21 хоногийн дараа буюу 30%-ийн гүйцэтгэл хийгдсэний дараа 30 % болох 27 360 000 төгрөгийг хийх, 3 дугаар үеийн санхүүжилтийг барилга угсралтын ажил 60%-д хүрсэн гэж үзсэн тохиолдолд үлдэгдэл 40 хувийг буюу 36 480 000 төгрөгийг санхүүжилтийг төлөхөөр харилцан тохиролцсон. Барилгын ажил гүйцэтгэх гэрээний дагуу 1 дүгээр үеийн санхүүжилт 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр захиалагч тал эхний 30 хувийн урьдчилгаа болох 27 360 000 төгрөгийг урьдчилгаа хийгдсэн. Ц.Жаргал Б.Хтай утсаар ярьж нэг барьж байгаагийнх жаахан томруулахаар боллоо, гэж хэлээд Б.Стай Notebook нь дээр 22 м.кв-аар томруулж дахин өөрчлүүлсэн бөгөөд өөрчлүүлсэн 22 м.кв талбайгаа нийт 21 780 000 төгрөг байхаар амаар тохиролцож урьдчилгаа болгож 11 000 000 төгрөг авч, үлдэгдэл төлбөрийг дотор заслын ажил хийгдэхэд өгөхөөр талууд аман тохиролцоо хийсэн. Манай компанийн зүгээс 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдөр газар шорооны ажлыг эхлүүлж бидний зүгээс дээрх барилгын 1 дүгээр үе шатны ажлыг 2018 оны 5 дугаар сарын 26-ны өдөр дуусгавар болсон бөгөөд Б.Хтай ажлын явц болон гүйцэтгэлийн талаар бид байнга уулзаж тайлан тавьдаг байсан. Гэрээний дагуу 2 дугаар ээлжийн ажил эхлэхэд бид гэрээний дагуу тохиролцсон ажлын хөлс болох гэрээний 2 дугаар ээлжийн гүйцэтгэлийг шаардахад одоогоор мөнгөгүй байна, банкнаас зээл авч өгнө, та нар ажлаа хийж бай гэх хариуг Б.Х нь өгсөн учир бидний зүгээс өөрсдийн байгаа барилгын материалдаа тулгуурлаж ажлаа аль болохоор зогсоохгүйгээр ажлаа явуулж байсан. Хоёр дугаар ээлжийн санхүүжилт 1 дүгээр ээлжийн ажил дууссанаас хойш 12 хоногийн дараа буюу 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдөр санхүүжилт орж ирсэн. Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний 3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт заасны дагуу бол дээрх санхүүжилт 1 дүгээр үе шатны ажил эхэлсэн өдрөөс хойш 21 хоногийн дараа 30 хувийн гүйцэтгэл хийгдсэний дараа хоёр ээлжийн санхүүжилт болох 30 хувийн буюу 27 360 000 төгрөгийг санхүүжилтийг олгох ёстой байсан. Хоёрдугаар ээлжийн ажил явц дундаа явж байхад захиалагч зүгээс өөрт хамааралгүй асуудлаар үндэслэлгүй шаардлага тавьж дур мэдэн гражийн хэмжээг өөрчилснөөс болж дээвэр тавих аргагүй болж дахин нурааж шинээр барих болон ажил гүйцэтгэж байгаа ажилчдыг нас, хүйс, бүдүүн нарийнаар ялгаж ажиллаа хийж чадахгүй байна гэж ажил хийхэд хүндрэлтэй болгосон. 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 2 давхрын өнгө шаврын ажил цахилгааны далд монтаж, гражийн өрлөгийн ажлууд дууссанаар өрлөгийн бригад Улаанбаатар хотод ирж 6 дугаар сарын 24-ний өдөр мужаан болон заслын гэрээт бригад Ханбогд сумруу явуулсан. 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн орсон их хэмжээний бороо уснаас болж барилгын үйл явц удааширсан. Б.Хын зүгээс 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээнээс “СХП” ХХК-ийг татгалзсан мэтээр тайлбарлаж нэхэмжлэл гаргасан байна. “СХП” ХХК-ийн зүгээс 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотоос жолооч н.Мөнхтөр, мужаан н.Оюунтөгс нар барилгын ажил дуусгахад шаардлагатай цэвэр усны нөөцийн сав, цахилгаан ялтсан бойлуур хоёроос бусад бүх материалуудыг ачиж Ханбогдруу явуулсан. Захиалагч тал гэрээгээ цааш нь үргэлжлүүлэх сонирхолгүй байгаагаа саналаа тэр даруй буюу тэр дор нь мэдэгдсэн тул бидний зүгээс дээрх гэрээнээс татгалзсан зүйл байхгүй. Бидний барьж байсан барилга 90-ээд хувийн гүйцэтгэлтэй явагдаж байсан бөгөөд бид барилгыг 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн дотор хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэй ажиллаж шаардлагатай бүхий л материалыг Улаанбаатар хотоос татан авсан байсан бөгөөд захиалагчийн буруутай үйл ажиллагаанаас болж барилгыг цааш нь үргэлжлүүлэх боломжгүй болсон тул бидний зүгээс дээрх барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзсан холбогдуулж гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг биднээс нэхэмжилж байгаа үндэслэлгүй байх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч “СХП” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “СХП” ХХК нь иргэн Б.Хын хүсэлтээр түүний оршин суугаа газарт 80 м.кв талбай бүхий зуслангийн байшин барихаар болж, бид 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулсан. Нэмсэн 22 м.кв талбайн үнийг 21 780 000 төгрөг байхаар тохиролцсоныг гэрээнд оруулаагүй байна. Захиалагч Б.Хаас гэрээнд заасан нэгдүгээр ээлжийн санхүүжилтийг 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр манай компанид шилжүүлснээр барилга угсралтын ажлыг эхэлсэн. Гэвч захиалагч Б.Хын ааш авир хэрээс хэтэрч 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр манай компанид нярав ажилтай А.Туулсүрэнг зодож, хөнгөн хохирол санаатай учруулж Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 156 дугаартай тогтоол гарч, Б.Хыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон билээ. Дээрх нөхцөл байдлаас болж бидний хооронд байгуулагдсан гэрээ захиалагч Б.Хаас шалтгаалж цаашид хэрэгжих боломжгүй буюу ажил гүйцэтгэгч ажлаа гүйцэтгэх нөхцөл байдлыг захиалагч Б.Х нь бүрдүүлж, хангаж өгөөгүй болох нь нотлогдож байна. Захиалагч Б.Х нь манай компанитай байгуулсан барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг цуцалж шаардлагыг шүүхэд гаргасан бөгөөд гэрээг цуцлах болсон нөхцөл байдлыг захиалагч Б.Х нь өөрөө бүрдүүлж, гэрээний үүргээ зөрчиж, ийнхүү гэрээг цуцлах шаардлагыг гаргаж байгаа нь тодорхой байх тул манай компанийн зүгээс Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ-ний 8 дугаар зүйлийн 8.5 дахь хэсэгт заасныг үндэслэн манай компани гүйцэтгэсэн ажилд 107 000 000 төгрөгийн үнийн дүнгийн 10 хувь болох 10 700 000 төгрөгийг захиалагч Б.Хаас гаргуулах сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мягмарсүрэн сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Гэрээний 8.5-д гүйцэтгэгч тал үүргээ зөрчөөгүй тохиолдолд захиалагч дангаар гэрээг цуцалбал гүйцэтгэсэн ажлын 10 хувьтай тэнцэх төлбөрийг гүйцэтгэгч талд төлнө гэж заасан. Үүний дагуу 10 700 000 төгрөгийг нэхэмжилсэн гэж ойлгож байна. Хэрэгт Ханбогд сумын Эрүүгийн шүүхийн шийтгэх тогтоол авагдсан. Бид “СХП” ХХК-тай байгуулсан гэрээний үр дагавар шаардаж байгаа. н.Будсүрэн гэж хүнтэй Б.Х нь ямар нэгэн гэрээ байгуулаагүй. Б.Х нь 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлээд 2019 оны 6 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл 3 сарын хугацаанд энэ дуусаагүй барилгыг н.Нэмэхдорж гэдэг хүнээр ахлуулсан 8 хүнтэй бригадаар барьж дуусгасан ба бараа материалын зардалд 43 607 800 төгрөг, ажлын хөлсөнд 26 100 000 төгрөг төлсөн. Энэ нь “СХП” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлсэн бэ гэдэг нь харагдаж байна. Нийт дүнгээр нь авч үзэхэд 69 452 800 төгрөгийн нэмэлт зардал гаргаж барилгын ажлыг хийж дуусгасан. 107 000 000 төгрөгийн барилга гэж үзвэл тухайн барилга 53%-тай гэдэг нь харагдана. Бид нар 2019 оны 4-6 сарыг дуустал хугацаанд бараа материал авсан баримт, н.Нэмэхдоржтой байгуулсан гэрээ, ажлын хөлс төлсөн баримт зэргийг гарган өгсөн. Эдгээрээ “Содон хаус проперт”и ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлсэн нь харагдана. Хариуцагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн хир нь сөрөг нэхэмжлэл гаргаад 10 700 000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 343 дугаар зүйлийн 343.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч “СХП” ХХК-иас 81 926 148 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 17 964 137 төгрөг, хариуцагч Б.С, Б.Э нарт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар Б.Хаас 10 700 000 төгрөг гаргуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 657 410 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 186 150 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “СХП” ХХК-аас 567 580 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагч “СХП” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Шүүх нотлох баримтыг тухай хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй байна. "Содон хаус проиерти” ХХК нь иргэн Б.Хтай 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр “Барилга Угсралтын ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулсан. Өмнөговь аймаг, Ханбогд сумын 2 дугаар баг, хөөврийн 9-13 тоот хаягт байрлах баригдаж байгаа барилгын гүйцэтгэл хэдэн хувьтай болохыг тогтоолгох зорилгоор шинжээч томилуулах хүсэлтийг нэхэмжлэгч гаргасныг шүүх хангаж 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 00552 дугаартай захирамжаар хөрөнгийн үнэлгээг "Вендо" ХХК-ийг шинжээчээр томилсон байдаг. "'Вендо" ХХК-ийн зүгээс 00552 дугаар шүүгчийн захирамжид заасан хугацаанд шинжээчийн дүгнэлтийг ирүүлээгүй бөгөөд 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр "Хөрөнгө үнэлгээний тайланг”-г шүүхэд ирүүлсэн. Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт “хариуцагчийн зүгээс шинжээчийн дүгнэлтэд гомдол гаргаагүй”, хариуцагч “Содон хаус проперти”' ХХК-ийн гүйцэтгэсэн ажил 53.3 хувь байгаа бөгөөд 46.7% хувийн ажил гүйцэтгээгүй бөгөөд 49 969 000 төгрөгийг буцаан өгөх үүрэгтэй гэж үзэв” гэж шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт тодорхойлжээ. "Вендо" ХХК-ийн шүүхэд ирүүлсэн дээрх хөрөнгийн үнэлгээний тайлан нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 6 дугаар зүйл 6.1.5-д заасан шинжээчийн дүгнэлт байх ёстой байтал "Вендо" ХХК-ийн зүгээс "Хөрөнгө үнэлгээний тухай хуулийн 5 дугаар зүйлд 5.1.1-д заасны дагуу үйлчлүүлэгчийн хүсэлтээр тус хуулийн 9 дүгээр зүйлд заасан "Хөрөнгө үнэлгээний тайлан"-г ирүүлснийг шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэж шийдвэрийн үндэслэл болгосон нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна. Нэхэмжлэгч Б.Х нь Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж байгаа учир алданги 6 508 800 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг шүүх хангаж хариуцагч талаас 4 597 148 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Барилга Угсралтын ажил гүйцэтгэх гэрээний хугацаа 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр дуусгавар болсон бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс үндсэн гэрээний 7.1-д нэг удаа хугацаа зааж, гэрээний хугацааг сунгаж болно гэсний дагуу суналттайгаар зөвшилцөөд ажил үргэлжилж байсан бөгөөд гэрээ дуусгавар болоогүй байсан. Мөн гэрээний 8.5 дахь хэсэгтэй холбоотойгоор хүртэл хугацаанд аль нэг тал нь бичгээр явуулсан мэдэгдэл байхгүй тул тус хугацааг хүртэл гэрээний хугацаа сунгагдсанд тооцогдож ойлголцож явсан нь харагдаж байна. Шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн "Вендо" ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайланг үндэслэж хариуцагч "Содон хаус проперти" ХХК-аас 49 969 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн байдаг бөгөөд хөрөнгө үнэлгээний тайланд барилгын компаниас тээвэрлэж хүргэсэн, ашиглагдаагүй байгаа бараа материалын үнэлгээ нь зах зээлийн хандлагаар тооцсоныг 100% хувийн ач холбогдолтойд тооцон 4 930 670 төгрөгөөр үнэлсэн. Шүүх "'Вендо" ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайланг хууль ёсны гэж үзэж байгаа юм бол үнэлгээг огтоос шийдвэрт тусгаагүй байх бөгөөд нэхэмжлэгч нар гэрээнээс татгалзах шаардлага гаргасан боловч нэгэнт гэрээгээр олж авсан зүйлийг харилцан буцаах боломжгүй тул гэрээ цуцлах ойлголт хэрэгжин гэж шийдвэртээ тусгасан бөгөөд нотлох баримтыг бодитойгоор шинжлэн судлаагүй байна. "Содон хаус проперти" ХХК нь болон нэхэмжлэгч Б.Х нарын зүгээс 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр барилгын угсралтын ажил гүйцэтгэх гэрээнд гарын үсэг зурж байгуулсан. “СХП” ХХК-ийн зүгээс нэхэмжлэгч Б.Х гэрээнд гарын үсэг зурсан учир 27 360 000 төгрөгийн бэлэн мөнгө хүлээж авсан баримтыг урьдчилж бичиж өгсөн. Бизнесийн харилцаанд талуудаас түрүүнд тавигдах зүйл бол итгэлцэл байдаг шүүх нэхэмжлэгч нар бэлэн мөнгө өгөөгүй, харин уг мөнгийг 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр шилжүүлсэн гэх боловч энэ талаар нотлоогүй гэж тайлбарласан боловч хариуцагч талаас Б.Эгийн “Хаан банк” ХХК дахь дансаар барилгын гүйцэтгэлийн төлбөрийг хийж байсан тал дээр дүгнэлт хийгээгүй нь учир дутагдалтай болсон байна. Хариуцагчийн зүгээс барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний 8 дугаар зүйл 8.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс 10 000 000 сая төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх "Содон хаус проперти" ХХК нь нэгэнт гэрээний дагуу 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдөр ажлыг хүлээлгэж өгөөгүй, гэрээний үүргээ зөрчсөн байх тул уг гэрээний 8.5 дахь хэсэгт зааснаар 10 хувьтай тэнцэх алданги нэхэмжлэх эрхгүй гэж дүгнэсэн. Иймд Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйл 5.2, 40 дүгээр зүйл 40.1 дэх хэсэгт заасан хуулийн шаардлага хангахгүй байгаа тул анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгож Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйл 167.1.4 заасны дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэх заалтыг зөрчсөн байх тул шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Б.Х  нар нь хариуцагч “Схп” ХХК, Б.Снарт холбогдуулан 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан “Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ”-ээс татгалзаж, барилгын ажилд илүү төлсөн 27 360 000 төгрөг, хийж гүйцэтгээгүй ажлын хөлс 50 000 000 төгрөг, алданги 16 508 800 төгрөг, гэрээнээс татгалзсаны хохирол 6 021 485 төгрөг, нийт 99 890 285 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч нар эс зөвшөөрч гүйцэтгэсэн ажлын хөлс болох 107 000 000 төгрөгийн үнийн дүнгийн 10 хувь болох 10 700 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Зохигчид 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр “Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж, тус гэрээгээр Өмнөговь аймаг, Ханбогд сумын 2 дугаар баг, хөөврийн 9-13 тоотод байрлах 80 м.кв зуслангийн 2 давхар барилгын ажлыг түлхүүр гардуулан өгөх нөхцөлтэй байхаар харилцан тохиролцсон байна. Мөн талууд гэрээндээ өөрчлөлт оруулан талбайн хэмжээг 102 м.кв, ажлын хөлсийг 107 000 000 төгрөг байхаар амаар тохиролцсон байх бөгөөд энэ талаар хэн аль нь маргаагүй байна.

Зохигчдын хооронд байгуулагдсан дээрх гэрээний харилцааг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй болсон байна.

Талууд хийж гүйцэтгэсэн ажлын хэмжээний талаар маргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ажлын гүйцэтгэлийг тогтоохоор шүүхээс шинжээч томилж, 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн дүгнэлтээр дээрх маргаан бүхий амины сууцны гүйцэтгэлийг 55.3125 хувь гэж тогтоосон байна.

Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1-д “гэрээнд заасан хугацаанд, эсхүл ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх” үүрэг хүлээдэг тул хариуцагч “СХП” ХХК нь хийж гүйцэтгээгүй 46.7 хувийн ажлын хөлс буюу 49 969 000 төгрөгийг нэхэмжлэгчээс авсан байх тул нэхэмжлэгч дээрх хэмжээгээр хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж уг мөнгийг буцаан гаргуулахаар шаардсан нь хууль зүйн үндэслэлтэй болно. Анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

 Түүнчлэн, нэхэмжлэгч нар нь банкнаас авсан зээлийн хүү төлж хохирч байгаа тул гэрээнээс татгалзсаны хохирол 6 021 485 төгрөгийг хариуцагч нараас хувь тэнцүүлэн гаргуулна гэж шаардаж байх боловч нэхэмжлэгч нарын авсан зээлийн хүү уг ажил гүйцэтгэх гэрээний маргаантай хамааралгүй гэж шүүх дээрх мөнгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээ цуцлагдсан, алданги нь гэрээний үүргийг хангуулах нэг арга бөгөөд цуцлагдсан гэрээнд үүргийн гүйцэтгэлийг хангах арга хэрэглэх боломжгүй тул анхан шатны шүүх 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл нийт 92 хоногийн алдангид 4 597 148 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болсон байна.

 Нэхэмжлэгч нь 2019 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 27 360 000 төгрөгийг “СХП” ХХК-д илүү төлсөн тул хариуцагч нараас гаргуулахаар шаардсан бөгөөд хариуцагч “СХП” ХХК 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн компанийн кассын орлогын ордерын дагуу нэхэмжлэгч нар нь бэлэн мөнгө өгөөгүй, харин уг мөнгийг 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр шилжүүлсэн гэх боловч энэ талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар баримтаар нотлоогүй байна гэж шүүх дүгнэн, 27 360 000 төгрөгийг илүү авч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж хариуцагчаас гаргуулсан нь үндэслэлгүй байна.

Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний 8.5-д гүйцэтгэгч тал үүргээ зөрчөөгүй тохиолдолд захиалагч дангаар гэрээг цуцалсан тохиолдолд гүйцэтгэсэн ажлын 10 хувьтай тэнцэх төлбөрийг гүйцэтгэгч талд төлөхөөр тохиролцсон байх бөгөөд хариуцагч “СХП” ХХК нь гэрээгээр тогтоосон хугацаа буюу 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдөр ажлыг хүлээлгэж өгөөгүй, гэрээний үүргээ зөрчсөн байх тул уг гэрээний 8.5.-д зааснаар 10 хувьтай тэнцэх алданги нэхэмжлэх эрхгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч “СХП” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.