Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 15

 

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Ганбат би

Нэхэмжлэгч: И.Амартүвшин

Хариуцагч: Архангай аймгийн Засаг дарга

Хамтран хариуцагч: Архангай аймгийн Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтны ёс зүйн хороо

Нэхэмжлэлийн шаардлага: “Архангай аймгийн Засаг даргын 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн “И.Амартүвшинд сахилгын шийтгэл ногдуулж, ажлаас халах тухай” Б/59 дүгээр захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгож, 2015 оны 10 дугаар сарын 01-ны өдрөөс шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх өдөр хүртэлх хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах мөн Архангай аймгийн Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтны ёс зүйн хорооны 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн дүгнэлтийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагуудтай хэргийн хариуцагч аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гэрэлчимэг, хамтран хариуцагч Архангай аймгийн Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтны ёс зүйн хорооны дарга М.Батжаргал нарын “Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тухай” тайлбарыг 2016 оны 6 дугаар сарын 21-ны өдрийн 11 цаг 23 минутанд хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагч Архангай аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гэрэлчимэг шүүхэд ирүүлсэн тайлбартаа: И.Амартүвшингээс “Архангай аймгийн Засаг даргын 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн Б/59 дүгээр захирамжаар ажлаас халсан захирамжийг хүлээн зөвшөөрөхгүй, хууль эрх зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа тул тус захирамжийг хүчингүй болгуулж урьд эрхэлж байсан албан тушаалд эргүүлэн томилуулах”, 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр “Засаг даргын 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн Б/59 дүгээр захирамжаар ажлаас үндэслэлгүй халагдсан тул цалинг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд тооцон гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах” тухай үндсэн болон нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагуудыг Архангай аймгийн Засаг дарга М.Бат-Эрдэний 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 01/573 дугаар албан бичгээр Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 20, 26, 27 дугаар зүйлд заасан эрх үүргийг эдлүүлэхээр заасан итгэмжлэлийн дагуу итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гэрэлчимэг миний бие нь бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч байна. Мөн 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн А/269 дүгээр Архангай аймгийн Засаг даргын захирамжаар 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн Б/59 дугаартай захирамжийг хүчингүй болгож, 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн А/269 дүгээр захирамжаар И.Амартүвшинд ажлыг нь хүлээлгэн өгөх шийдвэр гарсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хамтран хариуцагч Архангай аймгийн Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтны ёс зүйн хорооны дарга М.Батжаргал шүүхэд ирүүлсэн тайлбартаа: И.Амартүвшингээс 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтны ёс зүйн хорооны тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй Захиргааны хэрэгт хариуцагч М.Батжаргал миний бие нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч байх тул зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Удвал шүүхэд гаргасан хүсэлтдээ:

1. И.Амартүвшингийн нэхэмжлэлтэй Архангай аймгийн Засаг даргын 2015 оны 07 сарын 30-ны өдрийн Б/59 тоот захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Архангай аймгийн Хөгжимт драмын театрын даргын ажил албан тушаалд эгүүлэн томилуулах, Архангай аймгийн Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтны Ёс зүйн хорооны 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн дүгнэлтийг хүчингүй болгуулахыг хүссэн захиргааны хэргийг хэлэлцэх шүүх хурал 2016 оны 6 сарын 27-ны өдрийн 14 цаг 30 минутанд товлон зарлагдсан.

Нэхэмжпэгч И.Амартүвшин нь Архангай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшиж, нэр дэвшигчийн үнэмлэхээ авч сонгуулийн сурталчилгааны ажилтай Архангай аймгийн Булган суманд ажиллаж түүнтэй холбогдох боломжгүй байна.

Тус хэргийг сэргээж, 2016 оны 6 сарын 27-ны өдөр шүүх хурал товлон зарлагдсан талаар ямар нэгэн мэдээлэлгүй байгаа болно.

Нэхэмжлэгч И.Амартүвшин нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны ажилгүй байсан хугацааны цалин /нөхөн олговор/-г тооцон гаргуулахаар нэмэгдүүлсэн учир хариуцагч нар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд хүсэлтээ гаргасан байгаа хэдий ч нэгэнт нэхэмжлэгч И.Амартүвшингийн эрх ашиг хөндөгдсөн асуудал яригдаж байх тул 2016 оны 6 сарын 27-ны өдөр шүүх хурал зарлагдсан байгаа учраас талуудыг шүүх хурал дээр байлцуулан хэргийг шийдвэрлэх нь нэхэмжлэгчийн эрх ашиг хангагдах бололцоотой байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа ажилгүй байсан хугацааны цалин /нөхөн олговор/-г гаргуулахаар нэмэгдүүлсэн боловч урьд авч байсан цалингийн тодорхойлолтыг Хөгжимт драмын театр гаргаж өгөхгүй байснаас хичнээн төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нь тодорхойгүй, хэдийгээр хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа ч цалин /нөхөн олговрыг/ хууль бус тушаал шийдвэр гаргасан этгээд нөхөн төлөх үүрэгтэй учраас Архангай аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргаж өгөх юм уу үгүй юу гэдэг нь тодорхой бус байгаа нь нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөгдөх, шүүхийн шийдвэр ойлгомжтой, бүрэн дүүрэн хэрэгжих нөхцөл бүрхэг байх тул эдгээр нөхцөл байдлуудыг талуудыг байлцуулан тодорхой болгосны эцэст хэргийг шийдвэрлэж өгнө үү. Шүүх хурал нэгэнт товлон зарласан шүүгчийн захирамж хүчин төгөлдөр байгаа зэргийг харгалзан үзнэ үү.

2. И.Амартүвшинг 2015 оны 7 сарын 30-ны өдрийн Б/59 тоот захирамжаар Архангай аймгийн Хөгжимт драмын Театрын даргын ажлаас халж Ж.Нямсүрэнд түүний ажлыг хүлээлгэн өгөхөөр шийдвэрлэсэн байдаг бөгөөд 2015 оны 9 сар 16-ны өдрий Б/74 тоот захирамжаар Б/59 тоот захирамжинд өөрчлөлт оруулж Архангай аймгийн Хөгжимт драмын Театрын даргын ажлыг Ж.Нямсүрэнд хүлээлгэн өгч одоог хүртэл Архангай аймгийн Хөгжимт драмын Театрын даргын ажлыг Ж.Нямсүрэн нь хийж гүйцэтгэж байгаа тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд Ж.Нямсүрэнгийн эрх ашиг хөндөгдөхөөр байх тул Ж.Нямсүрэнг гуравдагч этгээдээр татан оролцуулж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэн И.Амартүвшингээс 2015 оны 10 дугаар сарын 29-нийн өдөр Архангай аймгийн Засаг даргад /цаашид аймгийн Засаг дарга гэх/ холбогдуулан “Архангай аймгийн Засаг даргын 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн “И.Амартүвшинд сахилгын шийтгэл ногдуулж, ажлаас халах тухай” Б/59 дүгээр захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох” тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасныг 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр захиргааны хэрэг үүсгэжээ.

Нэхэмжлэгч И.Амартүвшин 2015 оны 12 дугаар сарын 21-ны өдөр Архангай аймгийн Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтны ёс зүйн хороонд холбогдуулан “Архангай аймгийн Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтны ёс зүйн хорооны 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн дүгнэлтийг хүчингүй болгуулах”, 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр аймгийн Засаг даргад холбогдуулан “2015 оны 10 дугаар сарын 01-ны өдрөөс шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх өдөр хүртэлх хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах” гэж тус тус нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.

Хариуцагч аймгийн Засаг дарга нь 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 01/573 дугаар албан бичгээр Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүцэтгэгч Б.Гэрэлчимэгт Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 20, 26, 27 дугаар зүйлд заасан эрх, үүргийг эдлүүлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаар итгэмжлэл олгожээ .

Хамтран хариуцагч Архангай аймгийн Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтны ёс зүйн хорооны гишүүд нь хороог төлөөлж дарга М.Батжаргал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох талаар хүсэлтийг ирүүлжээ . 

Мөн Архангай аймгийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн “Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтны ёс зүйн хороог байгуулах тухай” А/683 дугаар захирамжаар ёс зүйн хорооны даргаар М.Батжаргалыг томилсон байна .

Иймд М.Батжаргал нь аймгийн Засаг даргын захирамжаар тус ёс зүйн хорооны даргаар томилогдсон мөн хамтын зарчмаар шийдвэр гаргасан ёс зүйн хорооны гишүүд нь ёс зүйн хороог төлөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дарга М.Батжаргал оролцох талаар хүсэлтээ ирүүлсэн байх тул дарга М.Батжаргалыг тухайн хороог шүүхэд төлөөлөх эрхтэй гэж үзэв.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хамтран хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагуудыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч байгаа талаарх тайлбараа 2016 оны 6 дугаар сарын 21-ны өдрийн 11 цаг 21 минутанд шүүхэд ирүүлсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь маргаан бүхий захиргааны акт болох Архангай аймгийн Засаг даргын 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн “И.Амартүвшинд сахилгын шийтгэл ногдуулж, ажлаас халах тухай” Б/59 дүгээр захирамжийг хүчингүй болгосон Архангай аймгийн Засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн А/269 дүгээр захирамжийг шүүхэд ирүүлсэн тайлбартаа хавсарган ирүүлсэн байна.

            Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.-д “Хариуцагч захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараах эрх эдэлнэ:”, 20.1.1.-д “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, ...”, 42 дугаар зүйлийн 42.1.–д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч, энэ нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүгч хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гаргана.” гэж заажээ.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа нэхэмжлэгч И.Амартүвшингийн “Архангай аймигийн Засаг даргын 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн Б/59 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалд эргүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх өдөр хүртэлх хугацаагаар гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах” тухай үндсэн болон нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч байгаа болно.

            Хамтран хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа  нэхэмжлэгч И.Амартүвшингийн Архангай аймгийн Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтны ёс зүйн хорооны 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн дүгнэлтийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч байгаа болно гэжээ.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хамтран хариуцагч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч байгаа нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байна гэж үзлээ.

            Учир нь тус хэрэгт гуравдагч этгээдээр татагдсан иргэн, хуулийн этгээд байхгүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хамтран хариуцагч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч байгаа шийдвэрийн улмаас бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөхөөргүй байна гэж үзэв.

Иймд хариуцагч Архангай аймгийн Засаг дарга, хамтран хариуцагч Архангай аймгийн Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтны ёс зүйн хороо нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрснийг баталж, иргэн И.Амартүвшингийн нэхэмжлэлтэй Архангай аймгийн Засаг дарга, Архангай аймгийн Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтны ёс зүйн хороонд холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

          Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүхэд ирүүлсэн хүсэлтүүдийн тухайд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Удвал нь 2016 оны 6 дугаар сарын 21-ны өдрийн 16 цаг 12 минутанд “... хэргийг шүүх хуралдаанаар шийдвэрлэх, гуравдагч этгээд татан оролцуулах” зэрэг хүсэлтүүдийг шүүхэд гаргажээ. Шүүх хүсэлтүүдийг судлаж үзээд хүлээн авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах шаардлагагүй гэж үзлээ.

            Учир нь Захиргааны хэргийн шүүх нь захиргааны байгууллага албан тушаалтны хууль бус захиргааны актын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн иргэн, хуулийн этгээдийн гаргасан нэхэмжлэлээр захигааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулдаг болно.

Тус шүүх иргэн И.Амартүвшингээс Архангай аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Архангай аймгийн Засаг даргын 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн “И.Амартүвшинд сахилгын шийтгэл ногдуулж, ажлаас халах тухай” Б/59 дүгээр захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагад 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.

Нэхэмжлэгч нь дээрх ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай аймгийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагатайгаа холбогдуулан Архангай аймгийн Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтны ёсны зүйн хорооны дүгнэлт хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах зэргээр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна.

Харин хариуцагч аймгийн Засаг дарга нь тус хэргийн маргаан бүхий захиргааны акт болох Архангай аймгийн Засаг даргын 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн “И.Амартүвшинд сахилгын шийтгэл ногдуулж, ажлаас халах тухай” Б/59 дүгээр захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч И.Амартүвшинг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд нь эргүүлэн ажиллуулахаар шийдвэрлэсэн Архангай аймгийн Засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн А/269 дүгээр захирамжийг шүүхэд ирүүлсэн байна.

Мөн үүнтэй холбогдуулан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хамтран хариуцагч нь нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагуудыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч байгаа талаарх тайлбараа шүүхэд ирүүлсэн байна.

Иймд тус хэргийн маргааны зүйл болох захиргааны актууд хүчингүй болсон мөн хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагуудыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч байгаа тул тус хэрэгт цаашид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах боломжгүй гэж үзлээ.

Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүхэд гарсан хүсэлтийн дагуу шүүх ажиллагаа явуулах боломжгүй гэж үзэв.

Харин хариуцагч, хамтран хариуцагч нарын нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрөхдөө гаргасан захиргааны актуудын улмаас иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзвэл тухайн актуудын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь  зөрчигдсөн иргэн, хуулийн этгээд нь зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр дээд шатны байгууллага, шүүхэд хандах эрхтэй болохыг дурьдвал зохино.

Нэхэмжлэгч И.Амартүвшин, түүний өмгөөлөгч В.Удвал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гэрэлчимэг, хамтран хариуцагч М.Батжаргал, тэдгээрийн өмгөөлөгч Б.Эрдэнэсувд нарт Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дүгээр зүйлийн 43.4 дэх заалтыг танилцуулж, шүүгчийн захирамжийн үр дагаврыг тайлбарлаж, баримт үйлдэх ажиллагааг шүүгчийн туслах хийж гүйцэтгэвэл зохихыг дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.2  дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.2.-т зааснаар хариуцагч Архангай аймгийн Засаг дарга “Архангай аймгийн Засаг даргын 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн “И.Амартүвшинд сахилгын шийтгэл ногдуулж, ажлаас халах тухай” Б/59 дүгээр захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгож, 2015 оны 10 дугаар сарын 01-ны өдрөөс шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх өдөр хүртэлх хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах” тухай, хамтран хариуцагч Архангай аймгийн Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтны ёс зүйн хороо “Архангай аймгийн Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтны ёс зүйн хорооны 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн дүгнэлтийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг тус бүрдээ бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрснийг баталж, иргэн И.Амартүвшингийн нэхэмжлэлтэй Архангай аймгийн Засаг дарга, Архангай аймгийн Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтны ёс зүйн хороонд холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Архангай аймгийн Засаг даргын Тамгын газраас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.4-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь энэ захирамжинд гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

     ШҮҮГЧ                                          С.ГАНБАТ