Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 136

 

“С...” ХХК-ний нэхэмжлэлтэй,

Архангай аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч

Ч.Б, Д.Э нарт холбогдох

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:                Ч.Тунгалаг

Шүүгчид:                   Л.Атарцэцэг

                                    Г.Банзрагч

                                    Х.Батсүрэн

Илтгэгч шүүгч:         Д.Мөнхтуяа

Нарийн бичгийн дарга: Б.Дүүрэнжаргал

Нэхэмжлэлийн шаардлага: “Архангай аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 010000640 дүгээр актыг хүчингүй болгуулах”

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 109/ШШ2017/0043 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 221/МА2018/0050 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгч: Д.Октябрь

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: З.Нандинцэцэг, З.Цэнгэнбаяр

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Баттогтох нар,

Нэхэмжлэгч “С...” ХХК-ний захирал Д.Октябрь болон түүний өмгөөлөгч З.Нандинцэцэг нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.          

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 109/ШШ2017/0043 дугаар шийдвэрээр: Татварын Ерөнхий хуулийн 231 дугаар зүйлийн 231.1, 30 дугаар зүйлийн 30.1.1, 30.1.4, 30.1.9, 34 дүгээр зүйлийн 34.1, 47 дугаар зүйлийн 47.5 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч “С...” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Ч.Б, Д.Э нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, татварын улсын байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 010000640 дүгээр актыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

  2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 221/МА2018/0050 дугаар магадлалаар: Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 109/ШШ2017/0043 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч “С...” ХХК-ийн “Архангай аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 010000640 дүгээр актыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол   

3. Нэхэмжлэгч “С...” ХХК-ний захирал Д.Октябрь гомдолдоо: ... Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журамд Татварын хяналт шалгалтыг “томилолтод заасан хугацаанд эхлэн гүйцэтгэнэ” гэж зохицуулжээ. 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн хяналт шалгалт хийх томилолтод хяналт шалгалт эхлэх зарцуулах хугацааг 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн 5 хоногийн хугацаанд гүйцэтгэхээр тусгасан байна.

4. Гэтэл Татварын улсын байцаагч Ч.Б, Д.Э нар анхны дүгнэлтээ 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдөр буюу хяналт шалгалт хийх томилолт гарсан өдөр гаргасан нь Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журмыг зөрчсөн байх ба 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн татварын байцаагчдын дүгнэлт нь хууль бус байх тул Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуульд заасны дагуу хуулийн үйлчлэлийн хүрээнд сайн дураараа “нуун дарагдуулсан гэх орлого”-оо мэдүүлсэн нь татвараас чөлөөлөгдөх бүрэн үндэслэлтэй юм.

5. Учир нь Татварын хяналт шалгалт хийх томилолтыг үндэслэж 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 010000032 дугаар дүгнэлтийг гаргаж байсан бөгөөд маргаан бүхий 010000640 дүгээр актыг гаргахдаа өмнө нь гаргаж байсан дүгнэлтийн удирдамж, томилолтыг үндэслэж засварлаж гаргасан нь Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.4 дэх “... Баримт бичиг, илтгэх хуудсыг засварлах, өөрчлөхийг... хориглоно гэснийг зөрчжээ.

6. Түүнчлэн 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 011500600077 дугаар татварын хяналт шалгалт хийх томилолтыг сунгаж байсан гэх нотлох баримт шүүхийн үзлэгээр тогтоогдоогүй, хариуцагч талаас уг нотлох баримтаа гаргаж өгөөгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байна.

7. Давж заалдах шатны шүүхийн магадлалд “Архангай аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нар 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 010000032 дугаар дүгнэлтээр 2012 онд “ТНЛ” ХХК, “Сод билэгт Эрдэнэ” ХХК, “Ирээдүй текстил” ХХК, “Гялалзах үйлсийн өргөө” ХХК зэрэг компаниудын нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг ашиглаж, нийт 447.741.445.4 төгрөгийн хий бичилт бүхий худалдан авалт хийсэн мэтээр худалдан авалтын хасалт хийж, 447.741.445.4 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулж, татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт хэрэгт гэм буруугаа “С...” ХХК-ийн захирал Д.Октябрь нь хүлээн зөвшөөрч, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу татварын тайлангаа тайлагнасан” гэж тогтоон Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын прокурорын 2016 оны 482 дугаар тогтоолоор шийдвэрлэж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон. /магадлалын 4 дүгээр хуудас/

8. Тодруулбал, “... Д.Октябрьт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг гэмт хэрэг болон захиргааны зөрчил нь ял шийтгүүлэхээс чөлөөлсөн гэж үзэхээр байна”, түүнээс “ ... Архангай аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нар 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 010000032 дугаар дүгнэлт хүчингүй болгоогүй, мөн тус улсын байцаагчийн дүгнэлтэд дурдсан хуулийн этгээдийн төсөвт төлөхөөс зайлсхийсэн гэх нөхөн татварыг өршөөн хэлтрүүлээгүй” /магадлалын 5 дугаар хуудас/

9. Түүнчлэн “Өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 10.1-д зааснаар зөвхөн татварт ногдох хүү, торгууль, алданги зэргийг энэ хуульд хамааруулан өршөөн хэлтрүүлэн зохицуулснаас бус нөхөн татварыг өршөөн хэлтрүүлнэ гэж заагаагүй” /магадлалын 7 дугаар хуудас/ гэснийг нэхэмжлэгчийн хувьд бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

10. “С...” ХХК-ийн зүгээс “ТНЛ” ХХК, “Сод билэгт Эрдэнэ” ХХК, “Ирээдүй текстил” ХХК, “Гялалзах үйлсийн өргөө” ХХК зэрэг компаниудтай бизнесийн харилцаатай явж, дээрх компаниудаас барилгын материал, бусад зүйлсийг худалдан авч хэрэглэдэг байсан нь анхан шатны баримтуудаар тодорхой байгаа юм. Архангай аймгийн татварын улсын байцаагчид манай компанийг урьд нь 2014.11.26-нд 2011-01-01-нээс 2013-12-31 хүртэл, 2015.03.12-нд 2010-01-01-нээс 2014-12-31 хүртэл хоёр удаа хяналт шалгалт хийхэд дээрх компаниудтай холбоотой ямар нэгэн зөрчил илрээгүй. Прокурорын тогтоолд намайг “гэм буруугаа хүлээсэн” гэж бичигдсэнийг дээр нэр дурдсан компаниудаас хий бичилт бүхий худалдан авалт хийсэн мэтээр татварын байцаагчид ойлгож, цагдаагийн бичгийн дагуу үнэн зөвийг тогтоогоогүй байж эхлээд дүгнэлт, дараа нь акт болгож байгаа нь үнэнд нийцэхгүй байгаа юм.

11. Архангай аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нар 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр манай компанид Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх заалтыг үндэслэн 447.741.445.4 төгрөгийн зөрчил илэрснийг тэмдэглээд 44.774.144.5 төгрөгийн нөхөн татвар төлүүлэхээр “татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” 010000640 дүгээр төлбөрийн актыг гаргасныг нэхэмжлэгчийн хувьд хүлээн зөвшөөрөхгүй, үндэслэл муутай гарсан гэж үзэж байгаа юм.

12. Учир нь Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт  ... Өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 4 дүгээр зүйлийн 4.3 дахь заалтын агуулгаас үзэхэд хууль тогтоомж зөрчиж, захиргааны зөрчил гаргасан этгээдийг өршөөн хэлтрүүлсэн /анхан шатны шүүхийн шийдвэрийн 8 дугаар хуудас/ гэж дүгнээд,

13. Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын прокурорын 2016 оны 482 дугаар тогтоолтой Октябрьт холбогдох хэргийг “Өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6-д “... Энэ хуулийн 7.1-д заасан гэмт хэргийн тухайд хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллагад шалгагдаж байгаа хэргийг” дээрх прокурорын тогтоолоор ... хэрэгсэхгүй болгосон байхад хариуцагч талын гаргасан 010000640 дүгээр актын 3 дугаар хавсралтад “Өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.7-д заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгохдоо сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байна” гэж хуулийн заалтыг буруу хэрэглэж, хууль бус захиргааны акт гаргажээ.

14. Анхан   шатны   шүүхийн  дүгнэлтийг  нэхэмжлэгчийн  хувьд  бүрэн  дүүрэн  хүлээн зөвшөөрч байна.

15. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 4.1-д “Татварын ... тухай хуулийн хүрээнд 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх хугацаанд ... татварын тайлангаа гаргасан ... тайлагнаагүй боловч энэ хуульд заасан хугацаанд холбогдох байгууллагад сайн дурын үндсэн дээр ... тайлагнасан бол ... хүлээх хариуцлагаас нэг удаа чөлөөлнө”, 4.1.1-д “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль хамаарна” гэж тодорхойлон заажээ.

16. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс үйлчилсэн бөгөөд маргаж байгаа актад дурдсан 2012 оны 11, 12 сарын тайлангаа цаг хугацаандаа тайлагнасан мөн ил тодын хуулийн дагуу шинээр мэдүүлсэн тайланг цахимаар илгээхэд ямар нэгэн алдаатай гэж буцаагаагүй хүлээн зөвшөөрч авсан, ил тодын тайланг хүлээн авчаад хариуцагч талаас “нуун дарагдуулсан” гэж үзэж, акт тавьсан нь үндэслэл муутай байна.

17. Тодруулбал, нэхэмжлэгч “С...” ХХК нь 2012 оны 11 дүгээр сарын тайлангаа 2012 оны 12 дугаар сарын 10-нд, 2012 оны 12 дугаар сарын тайлангаа 2013 оны 01 дүгээр сарын 10-нд тус тус цахимаар тайлагнаж, уг тайланг хүлээн авсан нь Архангай аймгийн Татварын хэлтсийн даргын 2017 оны 10 дугаар сарын 06-ны 01/661 тоот албан бичгээр тогтоогдож байгаа бөгөөд Татварын ерөнхий хуульд заасны дагуу цахимаар тайлагнасан, энэ талаар ямар нэгэн зөрчил илрээгүй нь тогтоогддог.

18. Ийнхүү анхан шатны шүүхээс татварын улсын байцаагч нараас гаргасан 010000640 дүгээр актыг хүчингүй болгож шийдвэрлэснийг зөв, үндэслэлтэй болсон гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж дэмжиж байна.

19. Үүнтэй уялдуулан хэлэхэд, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 6.1, 6.2-т “... Хуулийн хариуцлагаас чөлөөлөгдөх ... хуулийн этгээдэд дахин хэрэг үүсгэх, хариуцлага хүлээлгэх, гүйцэтгэх ажиллагаа явуулахыг хориглоно”, “... Хуулийн этгээдэд холбогдох мэдээлэл, тэдний мэдүүлсэн ... тайлан,  ...  орлого, тэдгээрийн эх үүсвэр, хэмжээ, үнэ, өртгийг нууцлах бөгөөд нотлох баримт болгон ашиглахыг хориглно” гэснийг анхаарч, мөрдөх нь зүйтэй байна.

20. Ийнхүү нэхэмжлэгч тал давж заалдах шатны шүүх ... хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн ..., шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1, 123.2.2 дахь хэсэг заасны дагуу гомдлоо гаргалаа.

21. Иймд, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 221/МА2018/0050 дугаар магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 109/ШШ2017/0043 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгөхийг хүсье гэжээ.

22. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Нандинцэцэг гомдолдоо: ... Архангай аймгийн татварын хэлтэс нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд заасны дагуу “Захиргааны байгууллага”-д хамаарах бөгөөд татварын улсын байцаагч Ч.Б, Д.Э нар нь захиргааны албан тушаалтан юм. Захиргааны байгууллагаас шийдвэр гаргахад мөн хуулийн 26, 27 дугаар зүйлд заасны дагуу “Захиргааны шийдвэр /акт/ гаргах ажиллагаатай холбоотойгоор шууд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж буй оролцогч”-д захиргааны акт гаргахаас өмнө урьдчилан мэдэгдэх, саналыг нь сонсох талаарх зохицуулалт үйлчилнэ. Архангай аймгийн улсын байцаагч Ч.Б, Д.Э нарын 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 010000640 дугаар захиргааны акт нь хуулийн дээрх шаардлагыг хангаагүй, хууль бус захиргааны акт юм. Үүний талаар 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн анхан шатны шүүхийн шийдвэрт /ху-6/ тусгасан байдаг. Иймд 2016 оны маргаан бүхий захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 4.2 дугаар зүйлийн 4.2.6-д заасан зарчмыг зөрчсөн, хуулийн процессын шаардлагыг хангаагүй, захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцогчийн хуулиар олгосон мэдэх, сонсох, тайлбар гаргах эрхийг зөрчсөн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухайй хуулийн 106 дугаар зүйлиийн 106.3.1-д заасны дагуу хүчингүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна.

23. Давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэх хэсэгт “...хариуцагчийн гаргасан гэх процессын алдаа нь татвар ногдуулалт, татвар төлөлтөөс зайлсхийх нөхөн татвар төлөхгүй байгаа нэхэмжлэгч “С...” ХХК-ийн үйлдлийг зөвтгөх, татвар төлөхөөс чөлөөлөх үндэслэл бологүй” гэж дурдсан байна.

24. Гэвч энэ нь зөвхөн процессын шаардлага хангаагүй төдий бус, татварын үйл ажиллагаатай холбогдох хуулийн заалтуудыг зөрчсөн хууль бус захиргааны акт болохыг нотлож байгаа юм. Учир нь, татварын хяналт шалгалт хийх томилолтыг үндэслэж 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 010000032 дугаар дүгнэлтийг гаргаж байсан бөгөөд маргаан бүхий актыг гаргахдаа өмнө нь гаргаж байсан дүгнэлтийн удирдамж, томилолтыг үндэслэж, засварлаж гаргасан нь Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.4 дэх заалтад “...баримт бичиг, илтгэх хуудсыг засварлах, өөрчлөхийг хориглсон” заалтыг зөрчсөн байна. Түүнчлэн “2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 01150600077 дугаар татварын хяналт шалгалт хийх томилолтыг сунгаж байсан гэх нотлох баримт шүүхийн үзлэгээр тогтоогдоогүй, хариуцагч талаас уг нотлох баримтаа гаргаж өгөөгүй” гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн бүрэн үндэслэлтэй. Мөн Татварын ерөнхий хуулийн дээрх заалтыг зөрчсөнөөр Захиргааны ерөнхий хуулийн 4.2 дугаар зүйлийн 4.2.1-д заасан “Хуульд үндэслэх зарчим” болон Татварын ерөнхий хуулийн 231.1 дэх хэсэгт заасан хууль дээдлэх зарчмыг тус тус зөрчсөн гэж үзэж байна.

25. Давж заалдах шатны шүүхийн  магадлалын 7 дугаар нүүрт “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1.4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 10.1-д зааснаар зөвхөн татварт ногдох хүү, торгууль,    алданги    зэргийг    энэ    хуульд    хамааруулан    өршөөн    хэлтрүүлэн зохицуулснаас бус нөхөн татварыг өршөөн хэлтрүүлнэ гэж заагаагүй” гэж үзсэн нь дээрх хуулийн заалтуудыг буруу тайлбарласан байна.

26. Тус хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “.... гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас, ялтныг ял эдлэхээс, зарим этгээдийг захиргааны шийтгэлээс чөлөөлөх...” 4 дүгээр зүйлийн 4.3-т “...захиргааны зөрчил гаргасан этгээдийг өршөөн хэлтрүүлэх”, 10 дугаар зүйлийн 10.1-д “...гэмт хэрэг үйлдсэн хүн гэдэгт 2017 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн болон ял шийтгүүлсэн, захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн хүн хамаарна” гэж заасан. Энэхүү заалтаас үзэхэд давж заалдах шатны шүүхийн үндэслэх хэсгийн хуулийн тайлбартай нийцэхгүй байх бөгөөд “гаргасан зөрчил хамаарагдах тул захиргааны актад дурдсан 44,741,445.5 төгрөгийг төлөхөөс чөлөөлөгдөх үндэслэлтэй байна.

27. Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журамд заасны дагуу “Татварын хяналт шалгалтыг томилолтод заагдсан хугацаанд эхлэн гүйцэтгэнэ” хэмээн зохицуулсан байна. 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн хяналт шалгалт хийх томилолтод хяналт шалгалт эхлэх, зарцуулах хугацааг 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн 5 хоногийн хугацаанд гүйцэтгэхээр тусгасан байна. Гэтэл Татварын улсын байцаагч Ч.Б, Д.Э нар анхны дүгнэлтээ 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдөр буюу хяналт, шалгалт хийх томилолт гарсан өдөр гаргасан буюу Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журмыг зөрчсөн байх тул 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн татварын байцаагчдын дүгнэлт нь хууль бус тул Эдийн засгийн ил тод байдлын тухай хуульд заасны дагуу хуулийн үйлчлэлийн хүрээнд сайн дураараа “нуун дарагдуулсан орлого”-оо мэдүүлсэн тул татвараас чөлөөлөгдөх бүрэн хууль зүйн үндэслэлтэй юм.

28. Иймд, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 221/МА2018/0050 дугаар магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 109/ШШ2017/0043 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            29. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй бөгөөд хэрэглэвэл зохих Татварын ерөнхий хууль болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулиудын холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

            30. Архангай аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ч.Б, Д.Э нар нь эрх бүхий этгээдээс баталсан удирдамж, томилолтын дагуу “С...” ХХК-ийн 2012-2014 оны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, татварын улсын байцаагчийн 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 010000032 дугаар “Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” дүгнэлтээр “...хяналт шалгалтаар нийт 447,741,445.4 төгрөгийн зөрчил илэрч ... татварын хууль тогтоомж ноцтой зөрчсөн, эсхүл их хэмжээний татвар ногдох орлогыг нуусан буюу бусад хэлбэрээр татвар төлөхөөс зайлсхийсэн” гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг бүртгэлт хийлгэхээр шийдвэрлэсэн, Цагдаагийн ерөнхий газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газраас нэр бүхий этгээдүүдэд холбогдох Нэмэгдсэн өртгийн албан татварын падаан хуурамчаар үйлдсэн, албан татвар төлөхөөс санаатай зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гэх үндэслэлээр, эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан, Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 482 дугаар тогтоолоор “... “С...” ХХК-ийн захирал Д.Октябрь нь 2012 онд “ТНЛ”, “Содбилэг эрдэнэ”, “Ирээдүй текстил”, “Гялалзах үйлсийн өргөө” гэсэн ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг ашиглаж, нийт 417,741,445.4 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулж, татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн...” гэх үндэслэлээр, “С...” ХХК-ийн захирал Д.Октябрьт холбогдох эрүүгийн хэргийг Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасны дагуу хэрэгсэхгүй болгожээ.

            31. Үүний дараа, Архангай аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч  Ч.Б, Д.Э нар 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн татварын улсын байцаагчийн 010000640 дугаар актаар татварын улсын байцаагчийн 2015 оны дээрх дүгнэлт, хяналтын прокурорын 2016 оны 482 дугаар тогтоолыг дурдаж,  Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3, Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 10.7-д заасныг тус тус үндэслэн “... төсөвт төлөх татвараа бууруулсан зөрчилд ... 44,774,144.5 төгрөгийн нөхөн татвар ногдуулах”-аар шийдвэрлэсэн, нэхэмжлэгчээс уг актыг эс зөвшөөрч “...эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болсон, ... Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу залруулга хийж тайлагнасан байхад акт тавьсан нь үндэслэлгүй, ... татварын улсын байцаагч нар томилолт удирдамжгүй хяналт шалгалт хийсэн, ... урьдчилан мэдэгдээгүй” гэж, хариуцагч нараас “... өршөөл үзүүлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, Татварын ерөнхий хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-т заасны дагуу ... эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болсон ч нэмэгдсэн өртгийн албан татварыг нөхөн төлөхөөс чөлөөлөгдөхгүй” гэж маргасан, хэргийн оролцогчид уг актаар тогтоосон “44,774,144.5 төгрөгийн нөхөн татвар”-ын үнийн дүнд холбогдуулан маргаагүй байна.

            32. Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д зааснаар “татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх” нь татвар төлөгчийн үүрэг тул хугацаанд нь төлөөгүй татварыг нөхөн төлөх нь “захиргааны хариуцлага” биш, харин татвар төлөгч “татвар төлөх” үүргээ биелүүлээгүйн улмаас түүнд ногдуулсан татварын хүү, торгууль, алданги нь “захиргааны хариуцлага” болно. 

            33. Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “... гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас, ... зарим этгээдийг захиргааны шийтгэлээс чөлөөлөх...” –өөр, 8 дугаар зүйлийн 8.1-д “... өршөөн хэлтрүүлэх, ... эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох нь ... тухайн гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг нөхөн төлөхөөс чөлөөлөхгүй /байх/”-аар тус тус заасан байх тул уг хууль нь төлөөгүй татварыг нөхөн төлүүлэх харилцаанд үйлчлэхгүй, зөвхөн, үүний улмаас үүссэн эрүүгийн болон захиргааны хариуцлагаас чөлөөлөхөд хэрэглэгдэхээр байна.

            34. Архангай аймгийн татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн маргаан бүхий 010000640 дүгээр актаар нэхэмжлэгч “С...” ХХК-нд ямар нэг захиргааны хариуцлага хүлээлгээгүй, нөхөн татвар ногдуулахаар шийдвэрлэсэн нь нэхэмжлэгч “С...” ХХК-ийн эрх ,хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “... эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон байхад... акт тавьсан нь ... хууль зөрчсөн” гэх гомдол үндэслэлгүй, давж заалдах шатны шүүх дээрх хуулийн заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн, харин, анхан шатны шүүх Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн холбогдох заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

            35. Түүнчлэн,  Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.7-д “... /энэ хуульд/ заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгоход сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байна” гэж заасан, нэхэмжлэгчээс “... өршөөлийн хуульд хамрагдаж, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон” гэх атлаа “... уг татварыг нөхөн төлөх үндэслэлгүй, ...гэм бурууг хүлээн зөвшөөрсөн асуудал байхгүй” гэж, нөхөн татвар төлүүлэхээр тавьсан татварын улсын байцаагчийн актыг хүчингүй болгуулахаар маргаж байгаа нь үндэслэлгүй.

          36. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “...  хувь хүн, хуулийн этгээд ...  нуун дарагдуулсан ... хөрөнгө, олсон орлого ... /-оо/ ил тод болгон үнэн зөв, шударгаар санхүү, татварын болон нийгмийн даатгалын тайланд тусгаж, шинээр тайлагнасан ... нь хувь хүн, хуулийн этгээдийн зүгээс сайн дурын үндсэн дээр хийгдсэн тохиолдолд тэдгээрийг хуульд заасан хариуцлага болон албан татвараас нэг удаа чөлөөлөх...”-өөр заасан, тухайн тохиолдолд нэхэмжлэгч “С...” ХХК-ийн  “татвар ногдох орлогыг бууруулсан зөрчил” нь эрүүгийн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад илэрч, тогтоогдсон байх тул уг хуульд заасан “... хувь хүн, хуулийн этгээдийн зүгээс сайн дурын үндсэн дээр хийгдсэн байх” шаардлагыг хангаагүй тул актаар тогтоосон 447,741,445.4 төгрөгийн орлогод хамаарах зөрчлийг  “шинээр тайлагнасан” нь Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн үйлчлэлд хамаарах үндэслэлгүй, давж заалдах шатны шүүх уг хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, харин, анхан шатны шүүх “... уг орлогыг нуун дарагдуулсан гэж үзэхгүй” гэж илтэд үндэслэлгүй дүгнэлт хийжээ.

            37. Нэхэмжлэгчээс “... удирдамж, томилолтгүй татварын хяналт, шалгалт хийсэн, урьдчилан мэдэгдээгүй” гэж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “... захиргааны байгууллага ... сонсох ажиллагаа явуулаагүй, ... процессийн шаардлага хангаагүй” гэх үндэслэлээр хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээж авах боломжгүй.

            38. Учир нь, маргааны үйл баримтад холбогдох “С...” ХХК-ийн  447,741,445.4 төгрөгийн татварын зөрчил нь татварын улсын байцаагчийн 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 010000032 дугаар “Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” дүгнэлт, Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 482 дугаар тогтоолоор нэгэнт тогтоогдсон, нэхэмжлэгчээс “... татварын зөрчил гаргаагүй” гэж маргаагүй, дээрх татварын улсын байцаагчийн дүгнэлт, прокурорын тогтоолд хуульд заасан хугацаанд гомдол, нэхэмжлэл гаргаагүй байх тул  дээрх актуудаар уг зөрчил тогтоогдсон гэж үзнэ, нэгэнт тогтоогдсон зөрчилд татварын улсын байцаагч нөхөн татвар ногдуулахаар акт үйлдэхэд дахин удирдамж, томилолт үйлдэх, татварын хяналт шалгалт хийсэн байхыг шаардахгүй.

            39. Анхан шатны шүүх маргааны үйл баримтуудад буруу дүгнэлт хийж, хяналт шалгалтын “өөр” процессоор нэгэнт тогтоогдсон зөрчилд холбогдуулж, татварын улсын байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 010000640 дүгээр актаар “С...” ХХК-нд нөхөн татвар ногдуулсан байхад “зөрчил тогтоох” хяналт шалгалт хийсэн мэтээр дүгнэлт хийсэн нь буруу, нэгэнт тогтоогдсон зөрчилд холбогдуулж, нөхөн татвар ногдуулах нь татварын улсын байцаагчийн эрх хэмжээний асуудал гэхээс илүүтэй, “хууль ёсны”, “гарцаагүй” шаардлага тул ийнхүү нөхөн татвар ногдуулах эсэх талаар “С...” ХХК-ийн саналыг сонсох, “оролцогчийг сонссон”-оор нөхцөл байдал өөрчлөгдөх буюу нөхөн татвар ногдуулахгүй байх үр дагавар үүсэхгүй юм.

            40. Хариуцагч татварын улсын байцаагч нар маргаан бүхий  2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 010000640 дүгээр актаар өмнө нь татварын улсын байцаагчийн 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 010000032 дугаар “Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” дүгнэлт, хяналтын прокурорын 2016 оны 482 дугаар тогтоолоор тогтоогдсон зөрчилд нөхөн татвар ногдуулсан, татварын улсын байцаагчийн 2015 оны 010000032 дугаар “Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” дүгнэлтээ акт болгон “хувиргасан” атлаа “2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаанд” хяналт шалгалт бодитоор хийсэн мэтээр актад дурдсан нь буруу боловч, энэ нь маргаан бүхий актыг бүхэлд нь хүчингүй болгох үндэслэл болохооргүй байна.

            41. Эдгээр үндэслэлээр, нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 221/МА2018/0050 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “С...” ХХК-ийн захирал Д.Октябрь, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Нандинцэцэг нарын гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Ч.ТУНГАЛАГ

ШҮҮГЧ                                                                    Д.МӨНХТУЯА