Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 184/ШШ2024/03055

 

 

 

 

 

 

 

 

 

2024           05           31

                     184/ШШ2024/03055

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж, шүүгч Г.Нямсүрэн, Ч.Нямсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, ************ хороо, ********** дугаар гудамж ****** тоот хаягт оршин суух, ********овогт *********ийн ****************** /РД:*********/-ын нэхэмжлэлтэй,

 

 Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, **********угаар хороо, *********** дугаар гудамж, ********* тоот хаягт оршин суух, Гүжир овогт ******************ын ****************** /РД:*************/-д холбогдох,

 

 Гэм хорын хохиролд 12,081,300 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Шинэбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Лувсансампил, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Баасанжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.******************, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Шинэбаяр нараас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа:

...Би 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 17 цаг 40 минутын үед Lexus RX450 маркийн 28-57 УАА дугаартай суудлын автомашинаа ************ бариулан Дархан-Уул аймгаас Улаанбаатар орж ирээд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр 32-р хороо Баруун турууны тойргийн замд зүүн чиглэлд аюулгүйн тойргийн 1-р эгнээгээр явж байх үед Тоёото Приус маркийн ******************УАР дугаартай суудлын автомашины жолооч А.****************** нь зүүн талаас орж ирж миний машины зүүн хэсэг рүү мөргөсөн. Түүний буруутай үйлдлийн улмаас миний эзэмшлийн автомашинд ихээхэн хэмжээний хохирол учирсан. А.******************гийн буруутай үйлдэл нь замын цагдаагийн газрын хэргийн газарт үзлэг хийсэн актаар тогтоогдож байгаа. Хохирлын хэмжээ бага тул эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж энэ тухай прокурорын мэдэгдэл ирсэн. Миний машинд “Вендо” ХХКомпаний үнэлгээгээр 12,071,300 төгрөгний хохирол учирсан. Тухайн үед хариуцагч А.******************гийн приус-41 маркийн автомашин нь ББСБ-ын нэр дээр буюу хариуцагч зээлээр худалдан авсан байсан тул тээврийн хэрэгслийн даатгалтай байсан. А.****************** нь манай автомашины хохирлын үнэлгээ хийлгэсэн байгууллагад давхар өөрийн автомашиндаа хохирлын үнэлгээ хийлгээд 15,000,000 орчим төгрөгийг гаргуулж авсан. Хариуцагч тухайн мөнгөө өөртөө авахгүйгээр ББСБ-д машины зөрүүнд өгөөд өөрөө ББСБ-аас ямар ч хохиролгүй гарсан. Ингээд бид даатгал дээр очиход хариуцагч гэнэт би жолоочийн хариуцлагын даатгалгүй, тээврийн хэрэгслийн даатгал байна. Тиймээс танай хохирлыг гаргаж өгөхдөө албан журмын даатгагчдын холбоонд бичиг баримтаа бүрдүүлж өгвөл хариуцагчийн өмнөөс хохирогчид нөхөн төлбөр өгөх боломжтой гэж хэлсэн. Иймд бид бичиг баримтаа бүрдүүлээд албан журмын даатгагчдын холбоонд очсон. Гэтэл хариуцагч над руу залгаад би гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байна, дахин шинжээч томилуулах эсвэл шүүхэд хандана гэсэн. Би машинаа өөрөөсөө мөнгө гарган засаад бусдад худалдсан. Осол гарах үед манай машиныг дуудлагын жолооч унаж явсан байдаг. Иймд хариуцагч А.******************гаас машинд учруулсан хохирол болох 12,071,300 төгрөг, үнэлгээ хийлгэсэн төлбөр 10,000 төгрөг, нийт 12,081,300 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч А.****************** шүүхэд гаргасан тайлбартаа:

...****************** би гэм хорын хохирол гаргуулах тухай шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Осол болох үед дээрх машиныг мөргөөгүй. Харин миний машиныг ****************** УАА улсын дугаартай машины жолооч ирж мөргөсөн. Би дээрх өр төлбөрийг хариуцах үндэслэлгүй. Мөн ослын газарт хэмжилт хийж зураг гаргахдаа замын цагдаа нь буруу гаргасан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Хэрэгт авагдсан нотлох баримтууд:

3.1. Нэхэмжлэгч талаас шүүхэд ирүүлсэн нотлох баримт - Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, Вендо ХХК-ийн авто машины техникийн үнэлгээний тайлан, Фото зураг, “Вэндо” ХХК-ийн бэлэн мөнгөний орлогын баримт, Тээврийн цагдаагийн албаны Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, Эрх бүхий албан тушаалтны магадлагаа, Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, “Бичил глобус” ХХК-ийн албан бичиг, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Зээлийн гэрээний хуулбар, Барьцааны гэрээний хуулбар, Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ.

 

3.2. Хариуцагч талаас шүүхэд ирүүлсэн нотлох баримт - Хариу тайлбар, итгэмжлэл.

 

3.3. Талуудын хүсэлтээр шүүхээс бүрдүүлсэн нотлох баримт - Хаан даатгал ХХК-ийн албан бичиг, “Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨТҮГ-ын албан бичиг,  “Бичил глобус финанс ББСБ” ХХК-ийн албан бичиг, Цагдаагийн Ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албаны албан бичгүүд.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.******************оос хариуцагч А.******************д холбогдуулан гаргасан гэм хорын хохиролд 12,081,300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-д заасны дагуу хангаж шийдвэрлэв.

 

2. Тэрээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... А.******************гийн хууль бус үйлдлийн улмаас миний автомашинд хохирол учирсан тул хохирлоо барагдуулахаар шаардлага гаргасан, түүний гэм буруутай болох нь эрх бүхий албан тушаалтны магадлагаа, ослын газрын зураг, үнэлгээгээр тогтоогдсон байдаг гэж нэхэмжлэгч тайлбарладаг бөгөөд хариуцагч талаас ...Би тухайн машиныг мөргөөгүй, замын цагдаа хэмжилт буруу хийсэн. Уг асуудалд гомдолтой. Харин миний машиныг нэхэмжлэгчийн ****************** УАА улсын дугаартай машин ирж мөргөсөн гэж татгалзсан тайлбар гарган мэтгэлцдэг.

 

3. Хариуцагч тал нь гэм буруугүй тул хохирлыг хариуцахгүй гэх тайлбар гаргадаг хэдий ч  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар дээрх татгалзсан тайлбарыг нотлох үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгчийн шаардлага, үндэслэлийг үгүйсгэсэн холбогдох баримтуудыг шүүхэд гаргаагүй тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэл бүхий байна.

 

4. Тодруулбал, хэрэгт авагдсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан нотлох баримтын хэлбэрийн шаардлага хангасан доорх баримтуудаас үзэхэд:

 

4.1. 2022 оны 12 сарын 19-ний өдрийн “...Toyota Prius загварын ****************** УАР улсын дугаартай автомашины жолооч ******************ын ****************** нь Замын хөдөлгөөний дүрмийн 15.8 Адил замын уулзварт жолооч баруун гар талаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Lexus RX450 загварын ****************** УАА улсын дугаартай автомашины жолооч Ширбазарын Эрдэнэдагва нь Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэг зүйл заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна, магадлагааг оролцогч нарт танилцуулж Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1, 3.2, 3.3 дугаар зүйлүүдэд заасан эрхийг тайлбарлав” гэх эрх бүхий албан тушаалтны магадлагаа /танилцсан А.******************, Ш.Эрдэнэдагва/, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг /танилцсан А.******************, Ш.Эрдэнэдагва/ баримтуудаар хариуцагч А.****************** Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн болох нь,

 

4.2. СХД-ийн ЗЦХ-ийн захиалгаар гаргасан Вендо хөрөнгийн үнэлгээний газрын 2022 оны 12 сарын 19-ний өдрийн 41973 дугаартай “...Уг автомашинд үзлэг хийхэд урд буфер зүүн хэсэгтээ хагарч бутарсан, зүүн тогтоогч хагарсан, зүүн зай мэдрэгч хагарсан, зүүн нэмэлт гэрэл хагарсан, урд панель зүүн хэсэгтээ чихэгдэж гулзайсан, дунд панелийн дээд хуванцар таг хагарсан, зүүн урд их гэрэл хагарсан, зүүн урд крыло хонхойж чихэгдэж хунирсан, зүүн урд под крыло урагдсан, зүүн хойд гэрэл хагарсан, зүүн хойд крыло хонхойж чихэгдэж хунирсан, зүүн хойд шанаа хонхойж чихэгдсэн, хойд буфер зүүн хэсэгтээ хагарч бутарсан, зүүн тогтоогч хагарсан, зүүн хойд под крыло урагдсан байдалтай байна, засварлах, солих шууд болон шууд бус зардлын нийт дүн 12,071,300 төгрөг” гэх үнэлгээний тайлан, Б.Шинэбаяраас авто үнэлгээний төлбөрт 10,000 төгрөг төлсөн бэлэн мөнгөний орлогын зэргээр Lexus RX450 загварын ****************** УАА улсын дугаартай автомашинд 12,081,300 төгрөгийн хохирол учирсан болох нь,

 

4.3. Осол гарах үед “Бичил глобус финанс ББСБ” ХХК-ийн эзэмшилд бүртгэлтэй байсан хэдий ч нэхэмжлэгч Б.******************оос Бичил глобус финанс ББСБ-тай байгуулсан 2022 оны 10 сарын 03-ний өдрийн зээлийн гэрээ, фидуцийн гэрээ, тухайн байгууллагын “...зээл 2023 оны 01 сарын 31-ны өдөр бүрэн төлөгдөж барьцаа хөрөнгийг өмчлөх эрхийг буцаан шилжүүлсэн” гэх албан бичгээр Lexus RX450 загварын ****************** УАА улсын дугаартай автомашины эзэмшигч нь Б.****************** болох нь тус тус тогтоогдож байна.

 

Нэгтгэвэл 2022 оны 12 сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр 32-р хороо, Баруун турууны тойргийн замд Toyota Prius загварын ****************** УАР улсын дугаартай автомашины жолооч, хариуцагч А.****************** нь Lexus RX450 загварын ****************** УАА улсын дугаартай автомашиныг мөргөж, нэхэмжлэгч Б.******************ын автомашинд 12,071,300 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нотлогдож байна гэж үзэв.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 510 дугаар зүйлийн 510-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заасны дагуу дээрх нотлогдсон үйл баримтаар нэхэмжлэгч Б.******************ын эд хөрөнгөнд хариуцагч А.****************** гэм хор учруулсан, уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй болно. Уг үүргээ гүйцэтгээгүй тул нэхэмжлэгч тал гэм хорын хохирлыг шаардах эрхтэй.

 

6. Хариуцагч А.****************** нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй, гэм буруу үгүй гэх тайлбараа баримтаар нотлоогүй бөгөөд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1-д заасан эрхийг түүнд танилцуулсан байдаг. Тухайн хуулийн 3.1-ийн 2-т “...өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, зөрчил шалгах тодорхой ажиллагаа явуулах хүсэлт гаргах, эрх бүхий албан тушаалтан, хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан, прокурорын үйл ажиллагаа, шийдвэр, шүүхийн шийдвэрт гомдол гаргах, өөрийн, эсхүл хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу хийгдэж байгаа зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцох, уг ажиллагааны тэмдэглэлтэй танилцах, түүнд засвар оруулах хүсэлт гаргах, нотлох баримт шалгуулах тухай хүсэлт гаргах, нотлох баримт гаргаж өгөх” гэж заасны дагуу өөрийн гэм буруу, зөрчлийг хүлээн зөвшөөрөөгүй талаар гомдол, санал, хүсэлт гаргах эрхийг хууль тогтоогч зааж өгсөн байна. Хариуцагч энэ эрхээ хэрэгжүүлсэн эсэх нь тодорхойгүй ба хэрэв хэрэгжүүлсэн бол тухайн үйл баримтаа холбогдох баримтаар нотолсноор түүний татгалзсан тайлбарын үндэслэл нотлогдох учиртай. 

 

7. Дээрх дүгнэлтүүдээс үзэхэд хариуцагч А.******************гийн гэм буруу тогтоогдсон, Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас нэхэмжлэгч Б.******************ын эд хөрөнгөнд хохирол учруулсан, үйлдэл болон хохирол шалтгаант холбоотой байх тул хариуцагч гэм хорыг хариуцан арилгах буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүргийн хүрээнд нэхэмжлэлээр шаардсан 12,081,300 төгрөгийг түүнд хариуцуулах нь зүйтэй.

 

8. Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитой, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулан үзэж хариуцагч А.****************** нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн, улмаар нэхэмжлэгч Б.******************ын эд хөрөнгөнд хохирол учруулсан үндэслэлээр түүнээс гэм хорын хохиролд 12,081,300 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.******************д олгож, нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 208,251 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 208,251 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

9. Шүүх хуралдааныг иргэдийн төлөөлөгчийн эзгүйд, хариуцагч талын эзгүйд үргэлжлүүлэх агуулга бүхий хүсэлтийг нэхэмжлэгч талаас гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 100.8-д заасантай нийцсэн үндэслэлээр тэдний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг тэмдэглэж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч А.******************гаас 12,081,300 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.******************д олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч А.******************гаас улсын тэмдэгтийн хураамжид 208,251 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.******************д олгож, нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 208,251 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Э.АМИН-ЭРДЭНЭ

 

                        ШҮҮГЧ                                   Г.НЯМСҮРЭН

 

                                                                        Ч.НЯМСҮРЭН